2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2026/03380

 

 

 

 

2026  03  06  191/ШШ2026/03380

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:тоотод оршин суух, ******* овогт ******* ******* -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод байрлах, ******* ******* ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 12,718,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Гэрч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 12,718,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Э.******* би 2020.06.11-ний өдөр хувийн зусландаа хаус бариулах зорилгоор ******* ажил гүйцэтгэгчээр ажиллуулах үед Гүррагчаа барилгын газрууд керамзитаар дулаалга хийдэг, тийм учраас керамзит бетон гулдмай үйлдвэрлэдэг газраас блокоо авсан нь дээр гээд ******* север ХХК-иас ав гэсэн учир очиж үзэлгүй шууд авахаар болсон. Тухайн үед барилгын газрууд керамзитаар дулаалга хийдэг гэж сонссон учир их дулаахан болох байх гэж бодоод ******* север ХХК-ийн тооцоолж өгснөөр 84 м3 блокыг ачлагын төлбөртэй хамт 12,718,500 төгрөг болсон. Үүнд блок 10,920,000 төгрөгт, 13 м.куб керамзит 1,072,500 төгрөг, 6 м.куб перлит 726,000 төгрөгөөр худалдан авсан.

Гэтэл ******* север ХХК-ийн өгсөн блок чанарын шаардлага хангаагүй, иргэн миний хурууны үзүүрээр үйрч, бутарч байсан ба үүнийг би зуслангийн байшин удаад байхаар нь очиж үзтэл санамсаргүй байдлаар мэдсэн. Ингээд миний зуслангийн байшин 2020 оноос хойш чанаргүй блокоор барьсны улмаас 30 хувийн гүйцэтгэлтэйгээр гацсан. 2020 оны 08 дугаар сард мэдсэн даруйд хариуцагч байгууллагад мэдэгдэхэд ******* север ХХК-ийн захирал болон Хуулийн зөвлөх нар ирж чанаргүй блокоо хараад захирал нь ийм чанаргүй блок хэд хэдэн удаа гарсан, солиод өгье гэтэл хуульч нь тийм юм байхгүй, явдаг газраараа яв гээд захирлынхаа урдуур орж надтай хэрэлдээд явсан. Ингээд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Барилга Архитектур корпораци ХХК-д өргөдөл гарган шинжилгээ хийлгэж 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөөх газраас хариуцагчид Шийтгэлийн хуудас бичүүлж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл би байшингаа ч барьж дуусгаж чадахгүй энэ асуудлыг нэг тийш нь шийдвэрлэж өгөх юм бол уу гэж харсаар зогсонги байдалд ороод 2 жил 7 сарын хугацаа өнгөрөөд байна. Уг асуудлыг мэдсэнээс хойш, олон удаа цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагчаар дүгнэлт гаргуулсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдэлгүй Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд мэргэжлийн хяналтын байцаагчийн гаргасан торгуулийн акттай холбоотойгоор маргалдаад явж байна.

Мөн блоктой хамт авсан перлит, керамзит гэх 2 материалыг чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар хариуцагч талаас баримт гаргуулсан боловч 2020 оны 10 дугаар сарын огноотой тохирлын гэрчилгээ байсан буюу биднийг худалдан авах үед чанарын шаардлага хангаагүй байсан байна. Хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч зохих чанарын шаардлага хангасан биет байдлын чанартай зүйл шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд, иргэн Э.******* би Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар 2020 оны 06 сарын 11-ний өдрийн хариуцагч ******* север ХХК-тай байгуулсан блок, керамзит, перлит худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагчаас 12,718,500 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

2.    Хариуцагч ******* север ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* овогтой ******* *******ын нэхэмжлэлтэй ******* север ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч доорхи тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Э.******* нэхэмжлэлдээ ...Э.******* би 2020.06.11-ний өдөр зусландаа хаус бариулах зорилгоор *******г ажил гүйцэтгэгчээр ажиллуулах үед ******* барилгын гзарууд керамзитаар дулаалга хийдэг, тийм учраас керамзит бетон гулдмай үйлдвэрлэдэг газраас блокоо авсан нь дээр гээд ******* север ХХК-иас ав гэсэн учир очиж үзэлгүй шууд авахаар болсон... гэсэн худал, Иргэний хуулийн 254.1, 254.6, 255.1, 255.1.1, 255.1.3-т заалтуудыг зөрчсөнөө зориуд нуух гэсэн санаархал байна.

Зарын дагуу Э.******* Баянгол дүүргийн 20-р хороо буюу 4-р ДЦС-ын ард байрлах манай хүрмэн чулуугаар блок үйлдвэрлэх үйлдвэрт ирж, үйлдвэрийн инженер, борлуулагч нартай уулзан урьдчилгаа төлбөрөө өгөөд дансаар төлбөрөө хийсний дараа түүний хувийн орон сууцыг барих Гүйцэтгэгч тал нь болох ******* гэдэг хүн үйлдвэрээс өөрийнхөө тээврийн хэрэгслээр хүрмэн чулуун блок ачин явсан.

Тэрээр Хан-Уул дүүргийн Цагдаад мэдүүлэг өгөхдөө Захиалагч Э.******* ******* север ХХК-ийн менежер Дарханбаатартай үйлдвэр дээр нь бүтээгдэхүүнийг өөрийн биеэр хэрхэн үзэж танилцсан, Баянзүрх дүүргийн 10-р хороо, Шар хоолойн ам хэмээх 40 гаруй км газарт хэрхэн хүргэх талаар зааварласан бөгөөд барилга барьж байхад өдөр бүр ажлын явц чанарыг шалгаж байсан... гэж тодорхой мэдүүлэг өгсөн байдаг.

Э.*******, *******д ч гэсэн гүйцэтгэсэн ажлыг хөлсийг өгөөгүй хохироосноор энэ 2 хүн цагдаа шүүхээр жил гаруй маргасан тул Гүйцэтгэгч болон манай үйлдвэрийн ажилчид Э.*******ыг үйлдвэр дээр ирж блокны чанарыг шалгаж хүлээн авсан блокны чанарын талаар хуульд заасан хугацаанд гомдол гаргах боломжтой байсныг гэрчлэх бөгөөд бичлэг, фото зураг нь ч бий.

Э.*******ын зуслангийн байшин барьсан блок манай үйлдвэрийн блок биш Баянгол дүүргийн 20-р хороо, 4-р ДЦС-аас Баянзүрх дүүргийн Гацуурт тосгоны Шар хоолойн ам хүртлэх 40 км замд тээвэрлэх үед солигдсон байх бүрэн боломжтой. Учир нь манай үйлдвэрлэсэн блокийг дуурайлган хийдэг Гурвалжингийн гүүрний хавьд хэд хэдэн хувиараа зөвшөөрөлгүй блок үйлдвэрлэдэг хүмүүс бий, хууль хяналтын байгууллагад бид удаа дараа гомдол гаргадаг боловч тэдний үйл ажиллагааг зогсоож чаддаггүй. Урьд өмнө ийм тохиолдол нэг биш удаа тохиолдож байсан.

Мөн нэхэмжлэгч өөрийн байшинг 30 хувьтай барьж, блокны чанаргүйгээс үүдэж барилгын ажлыг зогсоосон гэж байгаа нь худал бөгөөд барилгыг 100 хувь гүйцэтгэж дуусгасан. Гэрээнд аливаа барааны чанарын талаар заагаагүй бол хэрэглэх боломжтой гэж үзнэ, манай блокоор байшингаа бүтэн барьж дуусгаад, үлдсэн блокоор нь байшингийнхаа хажууд гараж барьсан байгаа юм. Нэхэмжлэгч худалдан авсан блокныхоо чанар байдлын талаар маргаантай байгаа бол барааг чанартай бараагаар солиулах болон гэрээг цуцлах хүсэлт гаргах боломжтой байхад хуулийн хугацаандаа энэ шаардлагаа гаргаагүй. Манай блокоор ханаа өрж дуусгаад, перлитээр дээврээ хийж, керамзитаар шалаа хийсэн. Мөн блокыг шалгаад аваад явсан байж, шалгаагүй гэж худал хэлсэн. Гэрээ хэрэгжсэн хэсгээр хэвээр үлдэхийг цуцлах гэнэ, харин татгалзах үед өгсөн авснаа буцаана. Энэ бол гэрээнээс татгалзаж байгаа. Тэгвэл бид хөрөнгөө эргүүлээд авна шүү дээ. Үүрч унадаг байлаа ч гэсэн манай хөрөнгө шүү дээ. Манай материалаар байшин барьчихаад цуцлах гэж юу яриад байгаа юм.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3х/, 2023.01.13-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-ийн 4х/, итгэмжлэл /хх-ийн 5х, 32х/, 2021.08.09-ний өдрийн 278 дугаартай Нийслэлийн прокурорын газрын Прокурорын тогтоол /хх-ийн 6-8х/, 2021.08.23-ны өдрийн 1/75 Хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 9х/, лабораторын шинжилгээний дүн /хх-ийн 11х/, 2020.10.02-ны өдрийн 01-07-102/384 тоот Монгол улсын мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн дүгнэлт /хх-ийн 12х/, дансны хуулга /хх-ийн 58х/, тохирлын гэрчилгээний баримт /хх-ийн 149-152х/ зэрэг баримтуудыг,

 

Хариуцагч итгэмжлэл /хх-ийн 14х, 35х, 55х, /, хариу тайлбар /хх-ийн 19х/, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-ийн 59-69х/ зэрэг баримтуудыг тус тус гарган өгсөн бөгөөд

 

Шүүхийн журмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс баримт /хх-ийн 27-31х/, тус шүүхийн 2025.09.30-ны өдрийн 191/ШЗ2025/40712 дугаар захирамжид заасан үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 146-147х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч ******* ******* ХХК-иас худалдан авсан барилгын материал болох блок, керамзит, перлит нь гэрчилгээгүй, чанарын шаардлага хангахгүй байснаас манай барилгын ажил 30 хувьтай зогссон. Хариуцагч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч зохих чанарын шаардлага хангасан, биет байдлын чанартай зүйл шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар 2020 оны 06 сарын 11-ний өдрийн хариуцагч ******* север ХХК-тай байгуулсан блок, керамзит, перлит худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагчаас 12,718,500 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч тухайн бүтээгдэхүүнийг шалган авч явсан, манай бүтээгдэхүүн чанарын шаардлагад нийцдэг бөгөөд өөр газрын чанар муу блокоор сольсон байх боломжтой. Мөн нэхэмжлэгч нь байшингаа 30 хувийн гүйцэтгэлтэй барьсан нь худал, 100 хувь барьж ашиглалтанд оруулсан буюу манай блокоор ханаа өрж дуусгаад, перлитээр дээврээ хийж, керамзитаар шалаа хийсэн. Хэрэв бараа бүтээгдэхүүний чанар байдлын талаар маргаантай бол барааг чанартай бараагаар солиулах болон гэрээг цуцлах хүсэлт гаргах боломжтой байхад нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан үүргээ хэрэгжүүлж, хуулийн хугацаандаа шаардлага гаргаагүй. Нэгэнт гэрээнээс татгалзаж байгаа бол өгсөн авснаа буцаах буюу манай бүтээгдэхүүнийг буцаан өгөх ёстой. Гэтэл байшин бариад дуусгасан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.    Талууд маргааны зүйл болсон барилгын материал болох блок, перлит, керамзитыг чанарын шаардлага хангаж байсан эсэхэд, тухайн барилгын материалаар байшинг бүрэн барьж дуусгасан эсэхэд, нэхэмжлэгч нь тухайн барааг худалдан авахдаа чанар байдлын талаар шалгаж авсан эсэх мөн чанарын шаардлага гаргах эрхээ алдсан эсэхэд маргаж байна.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ******* ХХК-иас 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нийт 12,718,500 төгрөгийн үнэ бүхий 84 м.куб блок 10,920,000 төгрөгт, 13 м.куб керамзит 1,072,500 төгрөгт, 6 м.куб перлитыг 726,000 төгрөгөөр худалдан авсан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

-       Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульд заасан бөгөөд хариуцагч нь гэрээгээр тохирсон тоо хэмжээгээр барилгын материалыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь хариуцагчийн барааны үнэ болох 12,718,500 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

-       Хэрэгт авагдсан 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 014/20БДЛ дугаар Барилга архитектур, корпораци сорилтын лабораторын шинжилгээний дүн, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020.10.02-ны өдрийн 01-07-102/384 дугаар дүгнэлт, Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2021.08.09-ны өдрийн 278 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Шинжээч Барилгын материал үйлдвэрлэлийн технологич инженер Д.Ундрамын 2021.11.03-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.11-ний өдрийн 508 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.10.29-ний өдрийн 221/МА2024/0685 дугаар магадлал зэрэг баримтаар хариуцагч ******* север ХХК-ийн нэхэмжлэгч Э.*******од худалдсан карамзит дүүргэгчтэй бетон гулдмай нь барилгын материалын чанар, стандартын шаардлагыг хангаагүй, мөн ******* север ХХК-ийн карамзитан бетон гулдмайн үйлдвэр нь барилгын материалын түүхий эд бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ аваагүй болох нь тогтоогдсон байна.

-       Мөн түүнчлэн, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхээс хийсэн үзлэгээр блок, перлит, керамзит гэх материалууд нь өөр өөр бүтэцтэй, өөр зорилгоор барилгад хэрэглэгддэг материал болох талаар үзлэг хийж, баримтжуулсан бөгөөд талууд эдгээр 3 төрлийн материалыг худалдаж, хүлээн авсан, барилгад ашигласан гэж тайлбарладаг. Харин хөөсөн перлитийн элс болон керамзит хайрганы тохирлын гэрчилгээг 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр олгосон болох нь хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн 52/20, 53/20 дугаартай тохирлын гэрчилгээнүүдээр тогтоогдож байна.

-       Хэдийгээр гэрч ******* нь перлит худалдан аваагүй, керамзит болон блок худалдан авсан гэж мэдүүлдэг боловч талууд эдгээр 3 төрлийн бүтээгдэхүүнийг шилжүүлж авсан, өгсөн гэдэгт маргадаггүй бөгөөд керамзит болон перлит материалууд нь тухайн байшинд дагалдах байдлаар ашиглагдсан барилгын материал байна. Гэвч эдгээр дагалдах материалд тохирлын гэрчилгээг 2020 оны 10 сарын 29-ны өдөр олгосон байгаагаас нэхэмжлэгчийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эдгээрийг худалдан авах үед зохих ёсны шалгалтаар орж, шаардлага хангуулаагүй байсан болох нь тогтоогдож байх ба тухайн үед шаардлага хангуулсан болохоо нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Иймээс талуудын хооронд худалдсан нийт материал болох блок буюу керамзитан бетон гулдмай, перлит, керамзит нь чанарын шаардлагыг хангаагүй, биет байдлын доголдолтой бараа материал байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах үндэслэл бүрдсэн байна.

-       Гэрч ******* өгсөн мэдүүлэгтээ тухайн байшинг хариуцагчаас худалдан авсан блок болон керамзитаараа дулаалж барьж дуусган, үлдсэн блокоор байшингийн хажууд гараж барьсан гэж мэдүүлэг өгсөн бөгөөд хариуцагч талын мөн ингэж тайлбарласан тайлбар зэргээр хариуцагч компанийн гурван төрлийн барилгын материалыг нэхэмжлэгч байшин барихдаа ашиглаж дууссан болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн байшинг 30 хувь хүртэл бариад, байшинг барих ажлыг зогсоосон гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

6.    Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.3-т Гол эд хөрөнгө доголдолтой бол бүхэлд нь, дагалдах эд хөрөнгө нь доголдолтой бол гагцхүү тэр хэсгээр нь гэрээг цуцалж болно гэж заасан бөгөөд тухайн байшинг барьсан гол материал болох блок, дагалдах материал болох дулаалгад ашиглагддаг гэх перлит, керамзит нь бүхэлдээ чанарын шаардлага хангаагүй байсан учир нэхэмжлэгч Э.******* нь гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн байна.

 

7.    Нэхэмжлэгчийн зүгээс блок чанарын шаардлага хангахгүй байгаа талаар хариуцагч талд мэдэгдэн, холбогдох байгууллагуудад хандаж, чанар байдлыг шалгуулсан болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээг цуцлах шаардлагыг хуульд заасны дагуу мөн хөөн хэлэлцэх хугацаандаа гаргасан байна гэж үзнэ. Тиймээс нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхээ алдаагүй байна.

 

8.    Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд худалдах худалдан авах гэрээнд талууд гэрээнээс татгалзах зохицуулалттай. Талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгчийн төлсөн төлбөр болох 12,718,500 төгрөгийг буцаан олгох, харин нэхэмжлэгч Э.******* нь маргаан бүхий барилгын материалыг хариуцагчид эргүүлэн буцааж өгөх үүрэгтэй байна.

 

9.    Гэвч хэргийн үйл баримтаар тухайн гурван төрлийн барилгын материалыг ашиглан нэхэмжлэгч нь барилгаа бүтэн барьж дуусган, үлдсэн барилгын материалаар нэмэлтээр гараж барьсан болох нь талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд хариуцагчид блок, перлит, керамзитыг буцаан өгөх боломжгүй буюу худалдан авсан эд хөрөнгийг биет байдлаар нь буцаан өгөх боломжүй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө: гээд 205 дугаар зүйлийн 205.2.1-т гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй гэж заасны дагуу мөнгөн дүнгээр тооцож, хүлээн авсан бараагаа буцаах нь зүйтэй байна.

 

10. Иймээс нэхэмжлэгчийн хариуцагчаас буцаан гаргуулахаар нэхэмжилж буй 12,718,500 төгрөгт түүний буцаан олгох долголдолтой эд хөрөнгийн үнийг дүйцүүлэн тооцох замаар шийдвэрлэх нь зүйтэй байх ба ингэж тооцоход талуудын шилжүүлсэн гурван төрлийн барилгын материалыг бүхэлд нь нэхэмжлэгч ашигласан буюу эргүүлэн буцааж хариуцагчид өгсөн доголдолтой эд хөрөнгө байхгүй байх тул нийт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын дүн 12,718,500 төгрөгтэй түүний буцаан хариуцагчид олгох доголдолтой барааны үнэ дүйцэж байна.

 

11. Иймээс нэхэмжлэгч Э.******* хариуцагчаас доголдолтой эд хөрөнгийн үнийг бүхэлд нь шаардаж гаргуулах үндэслэлгүй байх тул түүний худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 12,718,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 288,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ