| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2335000920139 |
| Дугаар | 2026/ДШМ/32 |
| Огноо | 2026-07-09 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/32
Б.С-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанд:
Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Өсөхболд, яллагдагч Б.С-, түүний өмгөөлөгч Г.Алтанлхам, Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Г.Алтанлхам нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгдэгч Б.С-д холбогдох, 2335000920139 дугаартай, 5 хавтас хэргийг 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1*** оны ** дугаар сарын **-ны өдөр Увс аймаг Б суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, монгол, англи хэлний судлаач орчуулагч, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн Б сумын Засаг даргаар ажиллаж байсан, одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт Увс аймгийн Б сумын * дугаар багийн * тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *Б-ийн С
2. Хэргийн агуулга: Шүүгдэгч Б.С- нь Увс аймгийн Б сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Тамхины хяналтын тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 6.7.14-т заасан “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдах”-ыг хориглоно гэх хуулийн заалтыг зөрчиж, Б сумын ** багт байрладаг Х ерөнхий боловсролын сургуулиас 212 метрын зайд байрлах Х.Б-ын эзэмшлийн “М ” хүнсний дэлгүүрт 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаар захирамж гарган тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгож давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
3. Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяагаас шүүгдэгч Б.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор:
- Шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын нийтийн албанд ажиллах эрхийг 4 /дөрөв/ жил хасаж, 3 /гурав/ жил зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.С-д зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн байнга оршин суух Увс аймгийн Б сумын Байшинт багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.С- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолж,
- шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Г.Алтанлхам нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.С-ыг Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14-т заасан “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдах”-ыг хориглоно гэх заалтыг зөрчиж, тамхины зөвшөөрөл олгосон гэж буруу томъёоллоор санал гаргаж, гэм буруутайд тооцсон байна.
Дээрх хуулийн заалт нь тамхи худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдэд хамаарах заалт бөгөөд шүүгдэгч Б.С- нь энэхүү заалтыг зөрчөөгүй. Харин Х.Б- зөрчсөн байж болох юм.
Шүүгдэгч Б.С- нь Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.14 дэх заалтыг бус харин Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журам”-ын 5.1.4-д заасан ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн доторхи зайг тодорхойлсон зураглалыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраар баталгаажуулсан баримт гаргуулсан байх гэх шаардлагыг хангаагүй байхад зөвшөөрөл олгосон гэх томъёоллоор буруутгасан ба энэ нь хууль биш журам зөрчсөн асуудал яригдана. Шүүгдэгчийн хувьд дээрх журмын заалтыг зөрчиж шаардлага хангаагүй байхад зөвшөөрөл олгосон үйлдлийнхээ талаар М аггүй. Гагцхүү нийтийн албан тушаалтны хууль, журам зөрчсөн үйлдэл бүрийг гэмт хэрэг гэж үзэж болохгүй.
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрх зүйн зохицуулалтын зорилго нь нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдал, албаны нөлөөгөө хувийн ашиг сонирхолдоо зориулахтай тэмцэх явдал байдаг. Ийм ч учраас авлигатай тэмцэх, ашиг сонирхлыг зөрчлийг зохицуулах, урьдчилан сэргийлэхдээ албан тушаалтаны хувьдаа ашиг олох, өөртөө ашигтай байдал бий болгох, улмаар өөрийн хамаарал бүхий этгээдэд ашигтай буюу давуу байдал бий болгосон тохиолдолд гэмт хэрэг, зөрчилд тооцох, түүнээс урьдчилан сэргийлэх зохицуулалттай.
Б.С-, Х.Б- нар ямар нэгэн харилцаа хамааралгүй, нэгдмэл сонирхолгүй этгээдүүд болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог бөгөөд тэднийг ямар нэгэн холбоо хамааралтай талаар тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байдаг.
Бусдад давуу байдал олгох нь эцсийн дүндээ хувийн ашиг сонирхлыг хангах явдал байх ёстой бөгөөд хэрэв хэн нэгэн хамааралгүй этгээдэд давуу байдал олгосон тохиолдол бүрийг гэмт хэрэгт тооцвол ерөөс амьдралд нийтийн албан тушаалтан аливаа тендер, бусад хэлбэрийн өрсөлдөөн сонгон шалгаруулалт хийх тохиолдол бүртээ аль нэг оролцогчийг нь сонгож түүнд ямар нэг утгаараа давуу байдал олгож байдаг. Харин ингэж хэн нэгнийг сонгож шалгаруулсныхаа улмаас түүнээс шан харамж хээл хахуул бусад байдлаар өөртөө давуу байдал олж авч байвал энэ нь хээл хахууль авах гэх мэт өөр төрлийн гэмт хэрэгт тооцогдох учиртай.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан.
Түүнчлэн, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан байна.
Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субьект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.
Гэтэл Б.С-ын бусдад давуу байдал олгох шууд санаатай үйлдэл нь ямар нотлох баримтаар тогтоогдсон, түүнд анхнаасаа давуу байдал үүсгэх субъектив санаа зорилго байсан эсэх нь тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Бусдад давуу байдал олгож байгаа нь цаанаа хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилготой байдаг. Гэтэл тамхины зөвшөөрөл олгосноороо Б.С-ын хувьд хувийн ямар ашиг сонирхол гүйцэлдсэн эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг нь шунахайн сэдэлтээр үйлдэгддэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг биш, холбоо хамааралгүй хүнд давуу байдал олгосон гэх гэмт хэрэг учраас энэхүү нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоох нь энэ хэргийг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой байсан.
Түүнчлэн Б.С-ыг Х.Б-д давуу байдал олгохдоо эдийн давуу байдал олгоод байгаа юм уу? эдийн бус давуу байдал олгоод байгаа юу гэдгийг тодорхойлж дүгнээгүй. Хэрэв эдийн давуу байдал олгож байна гэж үзвэл тамхины зөвшөөрөл олгосноос болж Х.Б- дэлгүүртээ тамхи зарж хэдэн төгрөгийн ашиг олсон гэдгийг тогтоож, Х.Б-ыг эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэж үзэж иргэний хариуцагчаар татах ёстой байсан.
Дээрх үндэслэлүүдээр Б.С-д холбогдох хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, түүнчлэн түүнийг гэм буруутай эсэхэд эргэлзээ байгаа учир Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү” гэжээ.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа “... Тамхины хяналтын тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Үүнээс үзэхэд сургуулийн болон хичээлийн дотуур байр байх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үзэхэд сургууль болон дотуур байртай эсэхийг нь тогтоож чадаагүй.
Нэгдүгээр хавтаст хэргийн 118 дугаар талд Баян-Ө аймгийн ерөнхий боловсролын 8 дугаар сургууль гэх гэрчилгээ байгаа. Нутаг дэвсгэр нь Ө сумын 7 дугаар баг гэж заасан. Б сумын нутаг дэвсгэр гэж заагаагүй. 120 дугаар талд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар авагдсан бөгөөд 2007 онд олгосон гэрчилгээг олгосон. Үүнд Ө сумын Х багийн ерөнхий боловсролын 7 дугаар сургууль гэж заасан, хоорондоо зөрүүтэй. 1975 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 174 дүгээр тушаалыг үндэслэж, улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон гэж бичсэн байна. 1975 оноос хойш ардчилсан хувьсгал гарч, Боловсролын тухай хуулиуд шинэчлэгдээд, энэ тушаал зааварчилгаа өөрчлөгдсөн. Сургууль байгааг нотолж байгаа сургуулийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн гэрчилгээ нь хуулбар буюу нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна.
Сургууль байгааг сургуулийн захирал гэх хүний мэдүүлгээс л мэдэж байгаа боловч тухайн хүнийг захирлаар томилсон тушаал, баримт огт байхгүй учраас сургуулийн захирал мөн эсэхийг нь мэдэх боломжгүй байна. Иймд хуульд заасан эхний нөхцөл нь хангагдахгүй байна.
Хоёрдугаарт, 500 метрийн зай дотор зөвшөөрөл олгосон гэж байна. Хавтаст хэргийн 145-146 дугаар талд тухайн багийн Засаг даргын “500 метрээс хол зайтай байдаг” гэх албан тодорхойлолт авагдсан. Тус тодорхойлолтод Баян-Ө аймгийн Ө сумын ерөнхий боловсролын сургуулиас хэдэн метрийн зайтай талаар бичээгүй.
Хавтаст хэргийн 150 дугаар талд тухайн сургууль болон тамхи худалдаалж байсан дэлгүүрийн хоорондын зайд н.Хишигтогтох гэх цагдаагийн албан хаагч үзлэг хийсэн. Газрын мэргэжилтэн С.Э гэх хүнийг байлцуулсан боловч үзлэгт түүний гарын үсгийг зуруулаагүй, үзлэгт тавигдах хуулийн шаардлага хангагдаагүй.
Хавтаст хэргийн 154-155 дугаар талд сургууль, тамхины дэлгүүр хоорондын зайг гаргасан зураглал байгаа. Тухайн зураглалыг хаанаас, яаж гаргасан нь тодорхойгүй. Газрын албанд хэрэгжээд удаж байгаа “Лэнд Менежер (Land Manager, LM)” гэх программаас татаж авсан зураглал биш.
С.Э мэдүүлэгтээ AutoCAD гэх программ ашиглаж хийсэн гэдэг. Тус программ нь техникийн байгуулалтад ашиглагддаг болохоос газрын хэмжээс гаргадаг программ биш. Иймд хуульд заасан “сургууль” болон “500 метр зайтай” гэх нөхцөлийг хоёуланг нь нотолж чадаагүй.
Гуравдугаарт, Б.С- хууль зөрчиж, бусдад давуу байдал үүсгэж байгаагийн хувьд түүний сэдэл, зорилго, ямар ашиг сонирхол байсан гэдгийг тогтоох ёстой. Учир нь Авлигын эсрэг конвенц, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиудаас үзэхэд бусдад давуу байдал бий болгоход өөрт нь ямар нэгэн байдлаар ашиг сонирхол байснаар бусдад эдийн болон эдийн бус давуу байдал үүсгэж байна гэдгийг хуульчилсан.
Тус хэрэгт Б.С-ын хувьд Х.Б-д тамхины зөвшөөрөл олгосноор өөртөө ямар ашиг, орлого олсон, түүний сэдэл зорилгыг тогтоосон талаар ямар нэгэн баримт байхгүй.
Б сумын хэмжээнд тамхи худалдаалах нэг ч цэг байхгүй. 2800 хүн амтай, тал хувь нь насанд хүрсэн, тэдгээрийн тал нь гэж бодоход бараг 500-600 хүн тамхи татдаг байх. Гэтэл зөвхөн 2 дугаар баг буюу Хотгорын уурхай орчимд зөвшөөрөл олгосон.
Монгол Улсын хэмжээнд зөвхөн Увс аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Баян-Ө аймгийн Ө сумын 7 дугаар багийг байгуулсан. Тухайн баг байгуулахтай холбоотой шийдвэрийг би төрд ажиллаж байхдаа ч хайгаад олоогүй. Миний үйлчлүүлэгч сумын Засаг даргын хувьд захирамж шийдвэрээ гаргасан нь Баян-Ө аймгийн Ө сумын 7 дугаар багт нөлөөлөх эсэхийг анхаарч үзээсэй.
Тамхины хяналтын тухай хуулийн 6.7 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд дараах зүйлийг хориглоно” гэж заасан. Мөн зүйлийн 14-т ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор зайд тамхи худалдахыг хориглосон. Үүнээс харахад зөвшөөрөл олгохыг хориглоно гэх заалт байхгүй. Худалдахыг хориглоно гэдэг нь худалдаа эрхлэгч нарт хамаарах заалт.
Мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд “тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг Засгийн газар батална” гэж заасан. Үүний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 191 дүгээр тогтоолын хавсралтаар тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг баталсан.
Б.С-ын үйлдэл нь Тамхины хяналтын тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 14-т заасан биш харин дээрх журмын 5.1.4-т заасан зөвшөөрөл олгохдоо бүрдүүлэх бичиг баримтын бүрдлийг зөрчсөн.
Зөвшөөрлийн тухай хууль болон Тамхины хяналтын тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд яг ижилхэн буюу тамхи худалдаалах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга, чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч олгоно гэж заасан. Зөвшөөрөл олгож байгаа нь 6.7 дугаар зүйлийн 14-г зөрчиж байгаа эсэх нь гол асуудал болж байна. Журам зөрчсөн болгоныг гэмт хэрэг гэж үзэх үү?
Тамхины хяналтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн зорилтод заасан нийгмийн хор аюул бүхий үйлдлийг хийгээгүй, харин Төрийн албан хаагчийн хувьд журам зөрчсөн, тус журам нь эрүүгийн эрх зүйгээр шийдэгдэх асуудал биш гэж харж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанлхам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Б.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй гэж үзэж байгаагаа анхан шатны шүүх хуралдаанд ч, одоо ч илэрхийлж байна.
Шийтгэх тогтоолын 3-т томьёоллын асуудал байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно гэх заалтыг зөрчсөн гэж яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бичсэн. Энэ нь тамхи худалдан борлуулах худалдаа эрхлэгчийн хувьд хориглосон заалт юм.
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно гэх заалтыг зөрчсөн гэж яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бичсэн. Энэ нь тамхи худалдан борлуулах худалдаа эрхлэгчийн хувьд тус зайд худалдан борлуулахыг хориглоно гэх заалт юм.
Б.С-ыг “Тамхины хяналтын тухай хууль шинэчлэн найруулагдаж батлагдсаны дараа Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 191 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа үйлчилгээнд хяналт тавих журмын 5.1.4-д “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн доторх зайг тодорхойлсон зураглалыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраар баталгаажуулсан баримт гаргана” гэж заасныг хангаагүй байхад зөвшөөрөл олгосон гэж буруутгаж болох байсан.
Гэтэл хууль биш дээр дурдсан журмыг зөрчиж зөвшөөрөл олгосон. Тухайн зураглалыг сумын Засга даргын Тамгын газрын даамал хийх ёстой. Гэтэл энэ хэрэгт газрын даамал зураглал хийсэн талаар баримт байхгүй. Гэрч С.Э ын мэдүүлэгт зураглал хийсэн талаар байдаг, гэрч Б.М мэдүүлэгт Г.Б-гартаа тийм цаас барьсан байсан талаар дурдсан. Энэ нь нэг л өдөр болсон зүйлийн талаарх мэдүүлэг.
Увс аймгийн Б сумын 2 дугаар баг буюу Х алтат багийн нутаг дэвсгэрт Хотгорын уурхай байгуулагдаж, тухайн уурхайн тосгон нь Баян-Ө аймгийн Ө сумын 7 дугаар баг гэж явдаг. Ө сумын Засаг дарга тухайн зөвшөөрлийг олгох ёстой байсан.
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд бүх бүрэн эрхийг нь заасан байдаг. Ө сумын Хотгорын уурхай нь тухайн харьяалах нутаг дэвсгэрт орох эсэх асуудал байна.
Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан.
Өөрийн эрх хэмжээний хүрээнд нь Хотгорын уурхай орж байгаа эсэхэд тусгайлан дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэж харж байна.
Б.С-ын бусдад давуу байдал олгосон шууд санаатай үйлдэл нь ямар нотлох баримтаар тогтоогдсон бэ, түүнд анхнаасаа бусдад давуу байдал үүсгэх субъектив санаа зорилго байсан эсэх нь тогтоогдоогүй байхад хэргийг анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Бусдад давуу байдал олгох нь цаанаа хувийн ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх зорилготой байдаг. Тамхины зөвшөөрөл олгосноор Б.С-ын хувьд хувийн ямар ашиг сонирхлоо гүйцэлдсэнийг тогтоох зайлшгүй шаардлагатай.
Энэ гэмт хэрэг нь шунахайн сэдэлтээр үйлдэгддэг боловч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг биш. Холбоо хамаарал бүхий хүндээ давуу байдал олгосон гэх мэтээр үйлдэгддэг гэмт хэрэг учраас энэхүү нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоох нь энэ гэмт хэргийг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
... Б.С-ын хувьд Б сумын Засаг даргаар 4 жилийн хугацаанд ажиллахдаа нэг л удаа иргэнээс тамхины зөвшөөрөл олгох хүсэлт ирснийг шийдвэрлэсэн.
Ерөнхий боловсролын сургуультай 500 метрээс дотогш зайд байрладаг 2, 3 дэлгүүрээс хүсэлт ирэхэд нь зөвхөн Х.Б-д олгосон тохиолдол байхгүй. Хэрвээ тэгсэн бол давуу байдал бий болгосон гэж үзэхээр байна.
Б.С- нь анх Х.Б-ыг ирж уулзахад нь хуулийн мэргэжилтэн Г.Б-д итгэж, бүрдүүлэх материалуудыг нь хэлээд өг гэхэд, тэмдэгтийн хураамж буюу 100,000 төгрөгийн татвар төлөөгүй байна, нэхэмжлэх үүсгээд төлөөд ир гэсэн талаар анхан шатны шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлж ирсэн.
... Прокуророос тайлбар гаргахдаа гэм буруугийн санаа зорилго байсан, түүнийг нотолсон талаар няцаалтыг хийсэнгүй.
Д.Дамдинсүрэн өмгөөлөгчийн саналдаа дурдсан хэд хэдэн үндэслэлүүдийг дэмжиж байна.
Тухайн зөвшөөрөл нь захиргааны акт, харин захиргааны акт нь илт хууль бус байсан уу? анхнаасаа гарах ёсгүй байсан эсэх нь захиргааны эрх зүйн маргаан.
Хууль журмыг зөрчсөн үйлдэл бүрийг гэмт хэрэг гэж үзэж болохгүй. Гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байх ёстой. Гэтэл энэ хэрэгт гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрт болон Х.Б-д давуу байдал олгох ухамсраар хандаж тус зөвшөөрөл гаргасан эсэхийг 5 хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар огт тогтоогдоогүй. Үүнийг би анхан шатны шүүх хуралдаанд ч хэлж байсан, одоо ч хэлж байна. Гэмт хэрэг болохын хувьд субъектив талын гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн болохыг заавал нотлох ёстой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, яллаад байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх, прокурорын байгууллага нь хүний гэм буруутай эсэхийг баттай, маш сайн тогтоож байж тэр хүнд ял оногдуулах ёстой, чиг үүрэгтэй байгууллага.
Гэтэл нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцож, таамаг төдий байдлаар буруутгаад байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.
8. Прокурор Т.Өсөхболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ “... Өмгөөлөгч нарын зүгээс ойролцоо сургууль байсан эсэхийг шалгах ёстой байсан гэж ярьж байна.
Хэрэгт хамааралтай гэрч болгоныг тухайн албан тушаал эрхэлж байсан, мөн хувийн байдал болоод холбогдох бүх баримтыг нь шалгаж тогтоосны дараа гэрч гэж үзэх нөхцөл байдал байдаг уу гэдгийг хэлмээр байна.
Тухайн хүн сургуулийн захирлаар ажиллаж байсан талаар мэдүүлэг өгсөн, хувийн байдал болон биеийн байцаалтад нь сургуулийн захирал гэж тодорхой тусгасан. Сургуулийн захирал биш хүнийг сургуулийн захирлаар мэдүүлэг авах тухай ойлголт эрүүгийн хэрэгт гарахгүй байх гэж бодож байна.
Сургуулийн гэрчилгээний талаар болон цаг хугацааны асуудлыг хөндөж ярьж байна. Сургуулийн гэрчилгээ байна гэдэг нь сургуулийн үйл ажиллагаа явагдаж байгааг давХ нотолж байна.
Газарт хэмжилт хийсэн талаар болон тухайн зураглалыг хаанаас хэн гаргасан, хэзээ яаж хэрэгт орсон талаар мэдэхгүй гэж ярьж байна. Гэтэл яг үүний дараа гаргасан тайлбартаа С.Э гэрчээр мэдүүлэг өгөхдөө ийм программыг ашиглаж зураглал хийсэн гэсэн, тухайн программ нь ашиглагдаж байгаа юм уу? гэх зүйлийг ярьж байна.
С.Э гэх хүн тухайн хэмжилт, зураглал хийсэн талаар гэрчээр мэдүүлэг өгснийг өмгөөлөгч эш татаж байна. Тэгэхээр зураглалыг хэн, хэрхэн гаргаж ирсэн гэх асуулт нь няцаагдаж байна гэж харж байна.
Хэмжилт хийсэн талаар үйлдсэн тэмдэглэл нь хуулийн шаардлагыг хангасан буюу анхан шатны шүүхээс хуулийн шаардлага хангасан гэж үнэлсэн тул шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон. Хэмжилтдээ явганаар явахад хэдэн метр байх, шууд хэмжихэд хэдэн метр радиуст хамаарч байгааг дэлгэрэнгүй тусгасан байгаа.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол гэж заасан. Харин хувийн ашиг сонирхлын үүднээс буюу өөрийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдлаа ашигласан гэж тусгаагүй.
Б.С- нь нийтийн албан тушаалтан учир хуулиар түүнд тамхины зөвшөөрөл олгох эрх нь олгогдсон. Тийм учраас иргэнээс тухайн Засаг даргад хандаж зөвшөөрөл олгох тухай хүсэлт гаргасан. Энэ нь албан тушаалтай нь холбоо хамааралтай, олгогдсон эрхийнх нь дагуу зөвшөөрөл хүссэн харилцаа. Үүнийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоол ч байхгүй. Иймд харилцаа хамаарал болон хувийн ашиг сонирхол гэх үндэслэл байхгүй.
Тамхи татдаг олон хүн байгаа учраас тамхины зөвшөөрөл олгох нь зөв байсан юм гэж байна. Тамхины хяналтын тухай хуулиар ямар тохиолдолд тамхийг худалдан борлуулах талаар тодорхой зохицуулалтыг хийсэн.
Хуулиар хориглож байгаа гол асуудал нь ерөнхий боловсролын сургууль болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдан борлуулах зөвшөөрөл олгохгүй гэж хэмжээ заасан байгаа.
Энэ гэмт хэргийн авч үзэх ёстой нэг чухал асуудал нь баг байгуулсан асуудал гэж яриад байна. Баг байгуулсан эсэх асуудал нь энэ гэмт хэргийн үйл баримтад шууд хамааралтай ойлголт мөн эсэхэд бодитой дүгнэлт хийх хэрэгтэй.
Хууль бусаар шинээр баг байгуулсан асуудал байхгүй. Баян-Ө аймгийн баг нь тус аймгийн Ө суманд байгуулагдсан. Түүнээс Увс аймгийн Б сумын нутаг дэвсгэрт баг байгуулаагүй.
Тухайн байгуулсан багийн иргэд нь Б сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Хотгорын нүүрсний уурхайг түшиглэж амьдарч байгаа. Хотгорын нүүрсний уурхайд Баян-Ө аймгийнхан ирээд шинээр баг байгуулаад нэр өгөөд явсан зүйл байхгүй. Мөн хэргийн үйл баримттай хамааралтай эсэхийг хэлмээр байна.
Мөн хууль биш журам зөрчсөн гэж байна. Журам гэдэг нь хуульд түшиглэж гарч буй эрх зүйн үр дагавар бий болгодог хуульчлагдсан акт юм. Хуульд заасан харилцааг нарийвчлан зохицуулахаар хуульчилсан акт гаргадаг. Тухайн акт нь хуульд нийцэж гардаг.
Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно” гэж, мөн хэсгийн 11.6-д “Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тухайн сум, дүүргийн Засаг дарга эсхүл чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийг захирагч олгоно” гэж,
Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт “Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сум дүүргийн Засаг дарга, чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч олгоно” гэж,
Тамхины хяналтын тухай хуулийн 6.7 дахь хэсгийн 6.7.14-т “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглох”-оор тус тус хуульчилсан.
Харин тус зөвшөөрлийг авахын тулд журамд зааснаар материалаа бүрдүүлж, баримтаа хавсаргаад Засаг даргадаа уламжлах ёстой.
Х.Б- тамхи худалдсанаас Б.С- тамхи худалдаагүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.
Хуульд Засаг дарга тамхины зөвшөөрөл олгоно гэж заасан учраас иргэнээс хуулийн дагуу хүсэлтээ гаргасан, тухайн хүсэлтийг шийдвэрлэх эрх нь сумын Засаг дарга Б.С-д байсан. Хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ нягталж, шалгах үүрэгтэй. Харин энэ хүнд хуулиар эрх олгогдсон учир шийдвэр гаргах нь зүйтэй гэх байдлаар олгоод байвал үүрэг гэх зүйл нь орхигдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд энэ гэмт хэргийг хуульчлахдаа бодитой хохирол, хор уршиг учирсан байхыг шаардаагүй. Үүнээс үүсэх үр дагавар нь нийтийн албан тушаалтан албан тушаалын бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зохих ёсоор хийхгүй байх үйлдлээ хийж эсхүл хийх үйлдлээ хийхгүй байж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол гэмт хэрэгт тооцохоор заасан.
Хэдий хохирол, хор уршиг бодитоор учраагүй боловч Б суманд үйл ажиллагаа явуулдаг нийт 12 дэлгүүр нь сургуулиас 500 метрээс дотогш зайд багтдаг гэх асуудлыг өмнөх шүүх хуралдаанд шүүгдэгч мэдүүлэг өгөхдөө илэрхийлсэн. Тэгвэл үлдсэн 11 дэлгүүрт төрд итгэх итгэлгүй болно. Хууль тэгш үйлчлэх асуудал яригдана. Иймд энэ гэмт хэргийн улмаас бодитой хохирол, хор уршиг учраагүй тул иргэний хариуцагчаар Х.Б-ыг татан оролцуулах шаардлагагүй гэж үзсэн.
Худалдан борлуулж орлого олсон болох нь Г.Алтанлхам өмгөөлөгчийн шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байгаа. Энэ гэмт хэргийн улмаас орлого олсон эсэхийг тогтоохоор Х.Б- болон түүний эхнэрийн маш олон хуудас дансны хуулгыг авахад тамхи гэх гүйлгээ олон удаа орсон байгаа. Харин үүнийг иргэний хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзсэн тул тухайн орлогыг тусгайлан жагсаалтаар тооцож гаргаагүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй, хуульд нийцэж гарсан, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээтэй, ойлгомжгүй асуудал байхгүй, хоёрдмол утга бүхий агуулгагүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэв.
9. Шүүгдэгч Б.С- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2020-2024 онд Б сумын Засаг даргаар ажилласан. 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Б сумын Х алтат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ө сумын 5 дугаар багийн иргэн Х.Б-д тамхины зөвшөөрөл хүсэж уулзсан. Тухайн үед манай архив, бичиг хэргийн ажилтан түр гараад явсан байсан учир би ганцаараа байхад уулзсан бөгөөд тамхины зөвшөөрөл хүссэн өргөдөл болон бусад холбогдох материалуудыг авч ирсэн байсан.
Тухайн үед хууль эрх зүйн ажилтан Г.Б-ыг дуудаж, материалыг нь хянуулж, шалгуулахад “төрийн сангийн дансанд татвар төлсөн баримт дутуу байна, бусад баримт бүрэн байна” гээд Х.Б-ыг дагуулж яваад, татварын байцаагчтай уулзаж, цахим нэхэмжлэх үүсгүүлэн банкинд татвараа төлж, баримтаа авч ирсэн. Хууль эрх зүйн мэргэжилтэн баримт бүрдсэн гэж үзээд захирамжийн төслийг боловсруулж, архив бичиг хэргийн ажилтанд гаргах өгөөд, тухайн материалд үндэслээд тамхи худалдах зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон.
Сүүлд энэ асуудлаар Монгол Ардын намын дарга П.Б гомдол гаргасны дагуу Авлигатай тэмцэх газраас шалгахад гэрчээр мэдүүлэг өгсөн жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн болон П.Б-ны эхнэр Б.М, мөн П.Б-ны хүргэн болон газрын даамал С.Э , хууль эрх зүйн мэргэжилтэн нар бүгд нам дагаж эсрэг мэдүүлэг өгсөн.
Тухайн үед хууль эрх зүйн мэргэжилтэн Г.Б-бүрдүүлэх баримт нь бүрдсэн гэж үзээд захирамжийн төслийг гаргаж өгсөн боловч хэргээс бултаж, санаатайгаар худал мэдүүлэг өгсөн.
Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн болон газрын даамал нартай би тухайн үед тамхины зөвшөөрөл олгох талаар уулзаагүй.
Хууль эрх зүйн мэргэжилтэн Г.Б-“жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал эгч зөвшөөрөл өгч болохгүй гэж хэлсэн боловч Засаг дарга би мэдэж байна гээд олгосон” гэх мэдүүлгийг өгсөн.
Иргэн П.Баярсайхан намайг 2020-2024 оны хооронд 24 хэргээр намайг шалгуулж, түүнээс 23 хэрэг нь прокурорт хэрэгсэхгүй болж хаагдаад, харин өнөөдрийн тамхины зөвшөөрлийн хэргээр яллагдагчаар татагдсан.
Эсрэг сөрөг хүчний намын даргын эхнэр нь нөхөртөө очиж хэлж шалгуулах нь тодорхой зүйлийг би мэдсээр байж хууль зөрчиж, захирамж гаргахгүй нь тодорхой байсан.
Х.Б- материал бүрдүүлж ирэхдээ Ө сумын тус 7 дугаар багийн Засаг даргын албан бланк, гарын үсэгтэй, “Х.Б-ын дэлгүүр нь сургууль, цэцэрлэгээс 500 метрээс хол зайд үйл ажиллагаа явуулдаг, тамхины зөвшөөрөл олгоход татгалзах ямар нэгэн зүйлгүй” гэх тодорхойлолтыг авч ирсэн.
Төрийн ажлын уялдаа холбоогоор багийн Засаг даргын тодорхойлолт болон хууль эрх зүйн мэргэжилтний үгэнд итгээд тамхины зөвшөөрөл олгосон.
Б суманд үйл ажиллагаа явуулдаг 12 дэлгүүр бүгд сургууль, цэцэрлэгээс 500 метрээс дотогш зайд байрладагийг бүгд мэдэж байгаа. Харин Хотгорын уурхайд сургууль байдаг гэдгийг би тухайн үед мэддэггүй байсан. Ажлаар очиж байсан ч гэсэн “Сургууль” гэсэн хаяг олж хараагүй. Тийм учраас сургууль дэлгүүрээс хэр зайд байрладаг болохыг мэдэхгүй байсан.
Хууль эрх зүйн мэргэжилтэн нь газрын даамал С.Э аас газрын кадастрын зургийг авч Засаг даргад өгсөн гэж мэдүүлсэн байсан, надад ямар ч кадастрын зураг авч ирж өгөөгүй. Газрын даамлаас авсан байхыг үгүйсгэхгүй.
Б сумын төвд манай аав, ээж хоёр насаараа дэлгүүр ажиллуулж байгаа. Би бусдад давуу байдал олгож, эрх мэдлээ урвуулан ашиглах санаа сэдэлтэй байсан бол өөрийнхөө аав, ээжид болон нутгийнхаа ард иргэдэд л олгох байсан. Гэтэл хууль, эрх зүйн мэдлэггүй, хариуцлагагүй байдлаас болж танихгүй газар, Б сумаас 60 км хол зайтай Хотгорын уурхайд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн 50 гаруй настай хүнд зөвшөөрөл олгож алдаа гаргасан. Үүнийгээ би ухамсарлаж байгаа.
Анхан шатны шүүхээс надад төрийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасаж, зорчих эрхийг 3 жилээр хязгаарлах ял оноосон нь залуу хүний хувьд маш хэцүү байна.
Би 2010 онд Монгол Улсын Их сургуулийг Монгол, Англи хэлний судлаач, орчуулагчаар төгсөж ирээд 2015 онд гэр бүл болж, 2016 онд Б сумын төвийн Байшинт багийн Засаг даргаар сонгогдоод, 2020 оны сонгуулиар ард түмний итгэл хүлээж, сумын Засаг даргаар томилогдож, 4 жил хүнд хэцүү цаг үеийг даван туулсан.
Ковид-19 цар тахал болон Б сумын 100 жилийн ойтой холбоотой хандив, мөнгө, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон бусад аймгуудаар олон удаа явж ажиллаж байхдаа нэг ч төгрөгийн томилолтын зардал авч үзээгүй.
Сум орон нутгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, ард иргэдийн төлөө явж байгаад энэ гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна.
Анхан шатны шүүхээс хугацаа тогтоож ял оногдуулсан боловч Төрийн албаны тухай хууль болон бусад хуулиар бүх насаараа төрийн албанд ажиллах, сонгуульд нэр дэвших, улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон байгаа. Энэ нь залуу хүнд маш хатуу шийдвэр гэж үзэж байгаа.
Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр цалингийн зээлтэй, хугацаа нь тулчихсан, өөрөө малчны 20,000,000 төгрөгийн зээлтэй, одоо ажилгүй болохоор миний зээлийг хэн төлөх вэ. Эхнэр, хүүхэд, ар гэрийг маань хэн тэжээх вэ гэх асуудлууд байгаа учраас эдгээр байдлыг хүндэтгэн үзэж, эрхэм шүүгч нар минь нааштай талаас нь шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Г.Алтанлхам нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.С-д холбогдох, 2335000920*** дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
3. Шүүгдэгч Б.С- нь Увс аймгийн Б сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Тамхины хяналтын тухай хуульд заасан шаардлага, журмыг албаны үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхгүйгээр, тус хуулийн 6.7 дугаар зүйлийн 6.7.14-т заасан “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдах”-ыг хориглоно гэх заалтыг зөрчиж, Б сумын ** багт байрлах Баян-Ө аймгийн Ө сумын “Хотгор” ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрнаас 500 метрээс дотогш буюу 212 м метрийн зайд байрлах Х.Б-ын эзэмшлийн “М ” хүнсний дэлгүүрт 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаартай захирамжаар тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- гэрч Э.Н /Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Увс аймгийн Б сумын 2 дугаар баг буюу Х алтат баг нь тус сумын газар нутаг юм. Зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т зааснаар тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тухайн сум, дүүргийн Засаг дарга олгох хуулийн зохицуулалтай. Харин ингэж олгохдоо Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.14-т “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдах”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчихгүйгээр олгох ёстой” гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 105 дахь тал/,
- гэрч Г.Б-/Увс аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүй сургалт, сурталчилгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн/- ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Засаг дарга Б.С- надад Х.Б-ын хүнсний дэлгүүрт тамхи худалдах зөвшөөрөл олгомоор байна, зөвшөөрлийн бичгийг боловсруулаад ир гэхээр нь би Тамхины хяналтын тухай хуулиар манай сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрүүд нь сургуультай ойрхон тул олгогдох боломжгүй, хориотой гэж хэлэхэд Засаг дарга Б.С- “би мэдэж байна, захирамжийн төсөл бэлдээд, улсын тэмдэгтийн хураамж 100,000 төгрөгийн нэхэмжлэлийг нь үүсгэж өг, бусдын би мэднэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандан “би захирамж дээр ямар нэгэн байдлаар боловсруулсан, хянасан дээр гарын үсэг зурахгүй, энэ захирамж дээр хариуцлага хүлээхгүй шүү” гэж хэлэхэд тэр “чамд хамаагүй, би мэднэ” гэж хэлсэн. Ингээд би Тамгын газрын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.М-д хандаж, Засаг дарга Хотгорын Бекений дэлгүүрт тамхи худалдах зөвшөөрөлолгоно гэж байна гэж хэлэхэд тэрээр “би бас мэдэж байна, энэ захирамжийг гаргах боломжгүй гэдгийг хэлсэн” гэсэн утгатай зүйл надад хэлсэн. Би Б.М-тай уулзахаас өмнө сумын газрын даамал С.Э тай уулзахад тэрээр Х.Б-ын дэлгүүртэй ойрхон байгаа сургууль нь 200 гаруй метр буюу Тамхины тухай хуулиар заасан 500 метр дотор багтаж байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэмжилт хийсэн зургийг нь аваад Засаг даргад энэ захирамж гаргах боломжгүй юм байна, мөн хариуцсан мэргэжилтэн Б.М- бас зөвшөөрөхгүй байна гэж хэлэхэд энэ захирамжийг чи мэдэж гаргадаг юм биш, би мэдэж байна, чи улсын тэмдэгтийн хураамжийн нэхэмжлэлийн кодыг нь үүсгэ гэж хэлэхээр нь би гараад явсан. Тэр захирамжийг сумын Засаг дарга өөрөө хянуулахгүйгээр албажуулан гаргасан” гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 71-72 дахь тал/,
- гэрч Б.Х /Увс аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.С- 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр А/20 дугаартай “Тамхины тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжаар ** багт байрладаг Хотгорын уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөн М ” ХХК-ийн “М ” хүнсний дэлгүүрт тамхи худалдаалах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон. Уг захирамжийг миний бие засаг дарга Б.С-ын хэлснээр боловсруулж гаргасан. Тухайн өдөр Х.Б- нь Засаг даргатай уулзсан ба Б.С- дарга намайг өрөөндөө дуудахаар нь ороход Х.Б- хамт байсан. Дарга надад “энэ хүний дэлгүүрт тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгох захирамж гаргаад аваад ир” гэж хэлсэн ба надад захирамж дээр бичих дэлгүүрийн нэр, байршил, аж ахуй нэгж, зөвшөөрлийн хугацаа зэргийг хэлж өгөхөөр нь би түүнд тамхины тусгай зөвшөөрөл олгох захирамжийг боловсруулан гаргаж өгсөн. Х.Б- болон Дөрвөн М ХХК-аас манай тамгын газарт ямар нэгэн өргөдөл, хүсэлтийг ирүүлээгүй. Би сумын Засаг даргаас энэ захирамжийг гаргуулахаар өргөдөл, хүсэлт ирүүлсэн талаар нь асуугаагүй ба Засаг даргын 2023 оны А/20 дугаартай захирамжийн хяналтын дагалдах хуудас гарч байгаагүй. Дагалдах хуудсыг 2024 оноос захирамжуудад гаргаж байгаа. Манай тамгын газрын архивд уг захирамжийн нэг хувь байгаа ба захирамжийн нэг хувийг Х.Б-д өгсөн юм. Мөн Х.Б надад нэг гэрчилгээний загвар бүхий зургийг гар утаснаасаа үзүүлээд тамхи худалдах зөвшөөрөлтэй дэлгүүрүүд ийм гэрчилгээтэй байдаг юм байна хэлж, надаар таны үзүүлж байгаа гэрчилгээг бичүүлэн авсан ба уг гэрчилгээнд Засаг даргаар гарын үсэг зуруулж, тамга даруулж аваад явсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 81-82, 84, 86-87 дахь тал/,
- гэрч С.Э /Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Б сум хариуцсан газрын мэргэжилтэн/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хэдэн сарын өмнө хэсгийн төлөөлөгчийн хамтаар С.Б-ын “М ” хүнсний дэлгүүр болон хашаанд нь байсан амбаааас сургуулийн хооронд хэмжилт хийж байсан. Харин Б сумын Засаг дарга Б.С-ын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр А/20 дугаартай захирамж гарахаас өмнө уг газарт очиж хэмжилт хийж байсан удаа байхгүй. Манай сумын тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн Г.Б-нь 2023 оны 4 дүгээр сарын эхээр санагдаж байна, өдрийн санахгүй байна, миний өрөөнд орж ирээд чи надад Хотгорт байгаа Х.Б-ын “М ” нэртэй дэлгүүр нь Хотгорын бага сургуулиас хэдэн метрийн зайд байгааг гаргаад өг гэхээр нь би Авто кад нэртэй манай газрын мэргэжилтэн нарын ашигладаг программ ашиглаад уг дэлгүүр, сургууль хоорондын зайн хэмжээг гаргаж өгөхөд 200 гаруй метр болж байсан. Түүнийг цаасаар хэвлээд Г.Б-д өгөөд явуулсан ба тэр надад уг хэмжилтийг юунд ашиглах талаараа хэлэхгүйгээр аваад явсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 132 дахь тал/,
- гэрч Б.М /Увс аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтэн/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай Б сумын төвд 12 хүнсний дэлгүүр байдаг ба таны асууж байгаа Хотгорын уурхайд нийт хүнсний 7 дэлгүүр байдаг юм. Тамхины тухай хууль батлагдсанаар сумын төв болон Хотгорын уурхайд байх хүнсний дэлгүүрүүд тамхи худалдах боломжгүй болсон. Учир нь уг дэлгүүрүүд нь сургуультай ойрхон тул зөвшөөрөл олгох боломжгүй юм. 2023 оны 4 дүгээр сарын эхээр захирамж гарахын өмнө эсхүл тэр өдөр ч байж мэднэ би ажил дээр байхад манай өрөөнд Х.Б- ганцаараа орж ирээд би Хотгорын уурхайд байгаа “М ” хүнсний дэлгүүрт тамхи зарах зөвшөөрөл авахаар сумын Засаг дарга Б.С-тай уулзсан гэж хэлээд “надад захирамжийн төсөл боловсруулаад өг” гэхээр нь би “танай дэлгүүр сургуультай ойр байрлалтай тул зөвшөөрөл олгох боломжгүй” гэж хэлсэн. Тэгэхэд тэр би “Дөрвөн М ” ХХК нь байгуулсан гээд надад уг компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ харуулчхаад гараад явсан. Түүний дараа сумын Тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн Г.Б-орж ирсэн ба тэр гартаа нэг кадастрын зураг барьчихсан байсан. Уг зураг нь “М ” дэлгүүрийг тухайн багт байрлах сургуулиас 200 гаруй метрийн орчим зайд байгааг харуулсан зураг байсан. Тэр хэлэхдээ “М ” дэлгүүр нь сургуультай ойрхон байна гэхээр нь би “манай суманд энэ зөвшөөрлийг авах дэлгүүр байхгүй, бүгд сургуультай ойрхон” гэж хэлсэн. Тэгэхэд Г.Б-Засаг дарга Б.С- энэ захирамжийн төслийг бэлдээд аваад ир гээд байна болох юм уу гэхээр нь би түүнд болохгүй гэж хэлсэн. Тэгэхэд тэр надад “энэ захирамжийн төслийг та боловсруулаач та хийх ёстой юм биш үү” гэхээр нь би хууль зөрчсөн зүйлийг би яагаад хийх ёстой юм гэж хэлэхэд тэр надад уурлаад гараад явсан. Тэгээд сүүлд уг дэлгүүрт захирамж гаргаж өгсөн талаар сонссон ба тухайн дэлгүүрт захирамжийн дагуу А5 хэмжээтэй тамхи худалдаалах зөвшөөрлийн гэрчилгээ бас гаргаж өгсөн байнлээ. Би уг захирамжийн төслийг ямар нэгэн байдлаар боловсруулаагүй ба Г.Б-уг захирамжийн талаар асуухаар нь би гаргах боломжгүй захирамж гэдгийг хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 122-123 дахь тал/, /Баян-Ө аймгийн Ө сумын 7-р баг, Х багийн ерөнхий боловсролын сургуулийн захирал/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Увс аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг, Х гэх газарт, Баян-Ө аймгийн Ө сумын 7 дугаар багийн хүүхдүүд суралцдаг, Х багийн ерөнхий боловсролын сургууль байдаг. Тус сургууль урьд нь Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургууль гэх нэршилтэй байж байгаад нэршил нь өөрчлөгдөж “Хотгор” ерөнхий боловсролын сургууль нэртэй болсон. Манай сургууль 1-5 дугаар анги хүртэл 5 бүлэгтэй, 56 хүүхэдтэй, багш, ажилчид нийт 17 хүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг юм. Уг сургуулиас иргэн Х.Б-ын М нэртэй хүнсний дэлгүүр нь 300 орчим метрийн зайтай, иргэн Х.Б-ын гэр нь 700-800 орчим метрийн зайтай байдаг, гэхдээ би яг нарийн хэмжиж үзээгүй. Х.Б-ын гэрийн гадна нэг том саарал өнгийн контейнер байдаг. Түүнээс өөр агуулах сав гэж мэдэхгүй. Х.Б-ын “М ” нэртэй хүнсний дэлгүүрээс хүмүүс тамхи худалдаж авч байсныг би харж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 116-117 дахь тал/,
- гэрч М /Баян-Ө аймгийн Ө сумын 7-р багийн засаг дарга/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Х.Б-ын “М ” нэртэй хүнсний дэлгүүр нь Ө сумын 7 дугаар баг Хотгорын төв гудамжинд байрлалтай ба тэдний дэлгүүрийн ард талд нь Х ерөнхий боловсролын бага сургууль ойролцоогоор 200-300 метрийн зайд, түүний баруун талд эрүүл мэндийн төв 200 орчим метрийн зайд байдаг. Х.Б-д “М ” нэртэй худалдаа үйлчилгээний цэг байхгүй. Таны надад үзүүлсэн зураг нь Х.Б-ын Ө сумын 7 дугаар багт байрлах хашаанд нь байдаг авто машины тэвшний зураг байна. Уг авто машины бүхээгтэй тэвш нь Х.Б-ын хашаанд олон жил болж байгаа ба уг бүхээгтэй тэвшийг Х.Б- нь худалдаа үйлчилгээний цэгийн зориулалтаар ашиглаж байгаагүй. Зургийн харахад дэлгүүрийн бараагаа хураасан амбаар шиг байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 143-144 дэх тал/,
- гэрч Д.Га-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийнхөө дээрх данснаас 2023.07.22-ны өдөр Х.Б-ын 5193022787 тоот данс руу “Тамхи” гэх утгаар гүйлгээ хийсэн байна. Учир нь уг гүйлгээгээр Хотгорын уурхайд байх М нэртэй дэлгүүрээс ВОШ эсхүл Улаан шонхор нэртэй тамхинаас аль нэгийг нь авсан байх гэж бодож байна. Тухайн дэлгүүрийн худалдагч эрэгтэй ах надад ширээн доороосоо тамхийг авч өгч байсан юм” гэх мэдүүлэг /5 дахь хавтас хэргийн 59 дэх тал/,
- гэрч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийн данснаас 2024.09.27-ны өдөр Х.Б-ын 519302**** тоот данс руу “Тамхи” гэх утгаар гүйлгээ хийж байсан. Тухайн үед Улаанбаатар хотын нэг компаниар дамжиж ирсэн гадаадын жуулчдыг аяллаар 10 гаруй хоног авч явж байсан. Тэр үед жуулчдын хоол хүнс нь дууссан тул морин хөтчөөр ажиллаж байсан хоёр залуугийн хамтаар Хотгорын уурхайд байх М нэртэй Бекений дэлгүүрээс хүнсний зүйл авч байсан. Тэр үед өөрийнхөө данснаас 33,000 төгрөгөөр нэг шил жижиг 0,5 литрийн ногоон өнгийн Экс архи аваад үлдсэн мөнгөнд нь Х өнгийн эссэ тамхинаас 2 хайрцгийг авч байсан. Тэр үед Б-н эхнэртэйгээ байсан ба цонхны хажуугийн ширээний доороос тамхи гаргаж өгч байсан” гэх мэдүүлэг /5 дахь хавтас хэргийн 61 дэх тал/,
- гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийн данснаас 2024.07.08-ны өдөр Х.Б-ын 519302***** тоот данс руу “Тамхи” гэх утгаар гүйлгээ хийж байсан. Тухайн үед тэдний М нэртэй дэлгүүрээс Вонд нэртэй тамхийг хайрцгаар нь авч байсан. Тэр өдөр дэлгүүрийн худалдагчаар Х.Б эхнэрийн хамтаар байсан. Би тамхи аваад мөнгийг нь мобайл банкаар шилжүүлж байсан. Тамхийг надад Бекен сууж байсан ширээнийхээ доороос гаргаж өгсөн ба тэдний дэлгүүрт тамхи ил тавиагүй байсан. Мөн тэдний дэлгүүрээс энэ жил бараа авч байхдаа бэлэн мөнгөөр тамхи авч байсан” гэх мэдүүлэг /5 дахь хавтас хэргийн 63 дахь тал/,
- мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн иргэн Х.Б-ын “М ” нэртэй дэлгүүр нь Баян-Ө аймгийн Ө сумын 7-р багт байрлах ерөнхий боловсролын сургуулиас хэдэн метрийн зайд байгааг тогтоох зорилгоор хийсэн үзлгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 150-155 дахь тал/,
- Увс аймгийн Б сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаартай “Тамхины тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтас хэргийн 161, 217 дахь тал/,
- Увс аймгийн Б сумын Засаг дарга Б.С-ын 01 дугаартай Х.Б-д Тамхи худалдах зөвшөөрөл олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /1 дэх хавтас хэргийн 109, 218 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж, хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.С-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан “нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Г.Алтанлхам нарын хамтран гаргасан: “Б.С-д холбогдох хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, түүний гэм буруутай эсэхэд эргэлзээ байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
6.1. Шүүгдэгч Б.С- нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Б сумын Засаг даргаар ажиллахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг”-ийг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, энэ талаар буюу хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар анхан шатны шүүх тодорхой, үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.
6.2. Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-т: Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгчийн бүрдүүлэх баримт бичгийн талаар нэрлэн заасан байх бөгөөд уг хүсэлтэд тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг /оноосон нэр, байрлах хаяг, харилцах утсыг тодорхой дурдах/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас тухайн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагааг эрхлэх талаар гаргасан улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартын шаардлагыг дүгнэсэн стандартын хуудасны хуулбар, тухайн үйл ажиллагааг эрхлэх байранд хийгдсэн онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын галын дүгнэлт зэргийг хавсаргахаар заасан байна.
Мөн Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9-д “Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу батлагдсан Монгол Усын Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 191 дүгээр тогтоолын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.1.4-д “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн доторх зайг тодорхойлсон зураглалыг сум, дүүргийн тамгын газраар баталгаажуулсан баримт гаргуулсан байх гэж тус тус заасан тул тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохдоо дээрх хууль, журамд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянасны үндсэн дээр зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхээр байна.
6.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Б.С- нь Увс аймгийн Б сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа дээрхи хууль, журмыг албаны үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхгүйгээр Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-т заасан баримтыг бүрдүүлээгүй, мөн өөрийн үйл ажиллагаа явуулах дэлгүүрээс ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн доторхи зайг тодорхойлсон зураглалыг сум, дүүргийн тамгын газраар баталгаажуулсан баримт гаргуулаагүй зэргээр зөвшөөрөл олгоход шаардах холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлээгүй иргэн Х.Б-ын эзэмшлийн, Б сумын ** багт байрладаг, Х ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрнаас 212 м зайд байрлах “М ” хүнсний дэлгүүрт тамхи худалдаалах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон үйл баримт тогтоогдсон байна.
6.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт Авлигын гэмт хэргийг, 22.1 дүгээр зүйлд Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байхаар заасан байна.
Сумын засаг даргын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан төрийн улс төрийн удирдах албан тушаалтанд хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүгдэгч Б.С- нь Увс аймгийн Б сумын Засаг даргаар ажиллаж байсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн “нийтийн албан тушаалтан” гэх субъектэд хамаарч буй талаар анхан шатны шүүх тодорхой, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
6.5. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн хуульчилсан тайлбарт: Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж, “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Б.С- нь сумын Засаг даргын хувьд тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Тамхины хяналтын тухай хуульд заасан шаардлага, журмыг албаны үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхгүйгээр Тамхины хяналтын тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 6.7.14-т заасан “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно” гэснийг зөрчиж, хуулиар олгосон албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаар захирамж гарган Б сумын ** багт байрладаг Х ерөнхий боловсролын сургуулиас 212 метр зайд /кадастрын зургаар 212м; хүний явах замаар нь хэмжилт хийхэд 240 метр зайд/ үйл ажиллагаа явуулдаг, Х.Б-ын эзэмшлийн “М ” хүнсний дэлгүүрт тамхины тусгай зөвшөөрөл олгож, тамхи худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
7. Хэрэгт авагдсан, иргэн Х.Б-ын “М ” нэртэй дэлгүүр нь “Хотгор” ерөнхий боловсролын сургуулиас хэдэн метрийн зайд байгааг тогтоох зорилгоор мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Б сум хариуцсан мэргэжилтэн С.Э ын мэдүүлэг зэрэг баримтуудаар Х.Б-ын эзэмшлийн “М ” хүнсний дэлгүүр нь Х ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрнаас 500 метрээс дотогш буюу 212 м зайд худалдаа эрхэлдэг болох нь тогтоогдсон байх тул Тамхины хяналтын тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 6.7.14-т заасан “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн гэж үзнэ.
8. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт: “давуу байдал” гэдгийг “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор заасан. Тодруулбал, энэ гэмт хэргийн шинжийг, нийтийн албан тушаалтан өөртөө эсхүл бусдад давуу байдал олгосон байхаар тодорхойлсон ба зөвхөн өөртөө давуу байдал бий болгосон байхыг шаардаагүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь өөртөө давуу байдал бий болгосон гэх үйл баримт тогтоогдоогүй боловч тэрээр албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, иргэн Х.Б-д тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгосноор түүнд эдийн ашигтай байдлыг бий болгосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бусдад давуу байдал олгосон гэх шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” агуулга бүхий давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С-д оногдуулсан ялын хэмжээг хөнгөрүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
9.1. Шүүгдэгч Б.С-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Увс аймгийн Б сумын Байшинт багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн байна.
9.2. Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үздэг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, “шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны, хууль ёсны, гэм буруугийн зарчмууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хувийн байдал зэрэгт тус бүрт нь үнэлэлт дүгнэлт өгч,...ял оногдуулав” гэж хэт ерөнхий байдлаар дүгнэсэн байна.
Тодруулбал, шүүх дүгнэлтдээ, Эрүүгийн хуульд заасан ерөнхий зарчмуудыг нэрлэн заасан боловч шүүгдэгчид ял шийтгэхэд харгалзан үзэх хэргийн баримтаар тогтоогдсон нөхцөл байдлуудтай холбон тайлбарлаагүй, мөн шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээг хэрхэн тогтоосон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.
Түүнчлэн, анхан шатны шүүх тогтоолдоо “ ....шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд түүний үйлдлийн улмаас шууд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх материаллаг хохирол учраагүй ч гэмт хэргийн улмаас 2023 оны 4 сарын 05-ны өдрийн А/20 дугаар захирамжаар иргэн А.Б-ын эзэмшлийн “М ” хүнсний дэлгүүрт тамхи худалдах үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож, түүнд давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдсоныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанарт хамааруулж үзнэ” гэж дүгнэсэн /шийтгэх тогтоолын 17-р тал/ нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, шүүгдэгчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн Х.Б-ын эзэмшлийн “М ” хүнсний дэлгүүрт 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаартай захирамжаар тамхи худалдаалах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, түүнд давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд шүүхээс гэмт хэргийн энэ шинжээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул гэмт хэргийн энэ шинжийг нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцэхгүй болно.
9.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэдэгт, гэмт хэрэг гарах болсон нөхцөл, шалтгаан, гэмт санаагаа хэрэгжүүлсэн арга, давтамжийн байдал, хамтран оролцсон байдал зэрэг хүчин зүйлүүдийг,
гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал гэдэгт, тухайн хүний зан төлөв, дадал зуршил, амьдралд хандах хандлага, гэр бүлийн байдал, нас, эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого, ял шийтгэл хүлээж байсан, шагнал урамшуулал авч байсан эсэх зэрэг тухайн этгээдийн хувийн шинжтэй нөхцөл байдлуудыг тус тус хамааруулж ойлгоно.
Гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд оногдуулах ялын төрөл, хэр хэмжээг дээрх хуульд заасан нөхцөл байдлууд болон тухайн гэмт хэргийн ангилал буюу хүнд, хөнгөн, гэм буруугийн хэлбэрийг харгалзан тогтоох бөгөөд шүүгдэгч Б.С-д ял шийтгэхэд харгалзан үзэх дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон гэж дүгнэв.
9.3.1. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
9.3.2. Шүүгдэгч өмнө нь гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэрэгт авагдсан ял шалгах хуудас /3-р хх-ийн 177-р тал/-аар нотлогдсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
9.3.3. Шүүгдэгчид ял оногдуулахад хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
9.4. Хэрэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар ял шийтгэлийг хүндрүүлэх үндэслэл болохоор хувийн байдал тогтоогдоогүй болон шүүгдэгч Б.С-ын хувийн амьдралын нөхцөл байдал буюу бага насны 3 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Б.С-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хэмжээг тус тус хөнгөрүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчихгүй гэж дүгнэж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Б.С-ын нийтийн албанд ажиллах эрхийг 4 /дөрөв/ жил хасаж, 3 /гурав/ жил зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй” гэснийг “шүүгдэгч Б.С-ын нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй гэж,
- 5 дугаар заалтын: 4 /дөрөв/ жилийн хугацаагаар гэснийг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Г.Алтанлхам нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ