Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Н.А

Улсын яллагч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Г, Ч овогт Б.С нарт холбогдох эрүүгийн 1820001550088 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, улс хооронд хувиараа зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд нь 1992 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн УБТЗ-ын тусгай шүүхийн 72 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, бие эрүүл Б овогт Б.Г,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, машин механизмийн ашиглалтын инженер мэргэжилтэй, Замын-Үүд Төмөр замын Шилжүүлэн ачих ангид ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  урд нь 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Дорноговь аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн, бие эрүүл Ч овогт Б.С.

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өглөө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн бүрдүүлэлтийн хашааны үүдэнд ачааны автомашины бүрдүүлэлт хийлгэхээр машинтайгаа дугаарлаж зогсож байхдаа иргэн Б.С-н машины урдуур орж дугаар дайрсны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний толгой болон гарыг өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь санаатай хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өглөө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн бүрдүүлэлтийн хашааны үүдэнд ачааны автомашины бүрдүүлэлт хийлгэхээр машинтайгаа дугаарлаж зогсож байхдаа Б.Г-г дугаарын урдуур дайрлаа гэсний улмаас хоорондоо маргалдаж түүний гарыг төмрөөр цохиж эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б овогт Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын гаалийн бүрдүүлэлтийн хашааны үүдэнд очоод өөрийн унаж явсан машинаа уг хашаа руу оруулахад тэнд бүрдүүлэлт хийх гэж байгаа машинууд ямар нэг дараалалгүй, энд тэндээсээ дайрсан маягтай шахаж машиныхаа толгойн хэсгийг оруулсан байдалтай байсан. Би тухайн үед очёроо алдчихгүй хашаа руу орох гэж байтал миний машин руу юм шидэх шиг болохоор нь эргээд хартал Б.С гээд залуу баруун гараа зангидан алнаа гээд дохио өгсөн. Тэгэхээр нь би чамд алуулна гэж юу байхав гэсэн чинь С машинаасаа бууж ирээд миний машины хаалгыг онгойлгоод миний машин болохгүй байхад урдуур дайрлаа гээд миний өмднөөс татахаар нь би санаандгүй хөлөөрөө духанд нь хүрчихсэн. Тэгээд бид ноцолдоод байж байтал С миний машины шалан дээр байсан ачаа чангалдаг төмрийг аваад над руу цохих гэхээр нь би гараараа хаатал миний алга хэсэг таарч язарч урагдсан. Ингээд бид өөрсдөө маргаанаа төгсгөж эмнэлэг орж оёдол тавиулсан. Надад одоо ямар нэг гомдол саналгүй байхгүй. Тухайн үед хэн хэн маань хүлээцтэй хандсан бол ийм хэрэг болохгүй байсан. Би эд мөрийн баримтаар хураалгасан ачаа чангалдаг төмрөө буцааж авах хүсэлтэй байна гэв.

Шүүгдэгч Ч овогт Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн ачааны машинтайгаа Эрээн орж гаалийн хашааны үүдэнд бүрдүүлэлт хийхээр очёрлоод явж байтал миний машины урдуур очер дайран нэг машин орж ирсэн. Миний машины кроп гацаад араандаа орохгүй конс бас гачаатай байж байтал миний машины урдуур очёр дайраад нэг машин орж ирсэн. Би тухайн үед яаж байгаа юм бэ гэсэн маягтай зүйлийг дохиогоор ойлгуулж хэлтэл миний өөдөөс бас янз бүрийн дохио өгөөд байсан. Тэгэхээр нь би машинаасаа бууж тэр машины залуу дээр очин адилхан очёрлоод явж байж яаж байгаа юм бэ гээд машины хаалгыг нь нээтэл миний гарыг цохиод байсан. Би машиных нь хаалгыг нээх гээд ноцолдоод байж байтал Б.Г миний урдаас хөлөөрөө тийрсэн. Энэ үед миний гарын ядам хуруу таг гээд дуугараад аймаар их өвдсөн. Тэгэхээр нь би уурлаад машины шалан дээр байсан ачаа чангалдаг төмрийг нь авч гуя руу нь цохъё гэж бодтол Б.Г гараараа хаагаад алгаа урсан. Ингээд бид маргаанаа дуусгаж эмнэлэг явсан. Одоо надад ямар нэг санал гомдол байхгүй гэв.

Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг: “2018 оны 06 дугаар сарын 07-ны өглөө би өөрийнхөө эзэмшлийн ачаа ачдаг улсын дугаартай Норд-Бенз маркийн авто машинтайгаа БНХАУ-ын Эрээн хотод Гаалийн бүрдүүлэлтийн хашааны үүдэнд бүрдүүлэлт хийлгэхээр очерлоод бага багаар урагшлаад машинуудын ард явж байтал миний машины кроп гацаад араанд орохгүй конс бас гацаатай гэлдрээд дөнгөж хөдөлөөд явтал зүүн талаас гэнэт ачаатай машин хурдтай давхиад шахаад урдуур ороод ирэхээр нь би сигнал өгөөд машин болохгүй байна чи байжээ гээд тэр машины жолооч руу дохиогоор ойлгуулахад надруу харчихаад гараараа янз бүрийн хөдөлгөөн хийгээд миний урдуур дайраад ороод ирсэн. Тэгээд би дахиад холдуулах гээд хоёр, гурав сигналаадсан. Тэгтэл тэр машины жолооч улам зүтгээд машин шахаад дайраад зогсчихоор нь би машинаасаа бууж тэр машин жолоодож явж байсан залуу дээр очоод машиныхан нь доор зогсоод миний машин асуудалтай байхад адилхан бүгд очерилоод явж байхад нэг нэгийгээ хүндлэхгүй очер дайраад байхдаа яадаг юм бэ гэж хэлээд машины кабины хаалгыг онгойлгох гэсэн чинь миний гарыг дээрээс гараараа цохиод байсан. Тэгээд хаалганы бариултай нь ноцолдож байгаад хаалгыг онгойлготол урдаас хөлөөрөө надруу тийрээд өшиглөөд байсан. Тэгээд гэнэт миний зүүн гарын ядам хуруу таг гээд дугараад явчихсан тэгээд аймаар өвдөөд янгинаад эхлэхээр нь би уурлаад машиний кабен дотор хөл доор нь байсан ачааны татлага чангалдаг богино цагаан өнгөтэй төмрийг аваад гуяруу нь цохъё гэж бодсон чинь тэр залуу өөрөө гараараа хаахад гарын алганы хэсгийг тэр төмрөөр урчихсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад дараа нь тэр залуу болох Г нь за чи очердоо ор гээд зай тавьж өгөхөөр нь би очердоо ороод машинаа тэр гаалийн бүрдүүлэлтийн хашаанд оруулж зогсоочихоод бүрдүүлэлтийн хятад хүндээ бичиг баримтаа өгөөд тэгээд байж байтал Г араас машинтайгаа ороод ирэхээр нь уулзаад Г-г аваад эмнэлэг дээр очиод гарынхан нь зургийг авахуулж оёдол тавиулаад төлбөр тооцоог нь би хийгээд салсан. Тухайн үед бас миний гар өвдөөд хавтаад янгинаад байсан тэгэхээр нь чи бас миний гарыг гэмтээчихлээ гэж хэлэхэд чиний гар яадаг юм тулаал биз гэж хэлээд за за хоёулаа гар бариад бие биенээсээ уучилал гуйгаад салцгаасан. Ийм л асуудал болсон… Надад бол  гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тухайн үед бие биенийгээ хүндлээд явсан бол ийм зүйл болохгүй байсан. Нэхэмжлэх эмчилгээний зардал мөнгө төгрөг бол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/

Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41/

Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 45/

Гэрч Н.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47/

2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 04/087 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Г-н зүүн гарын алганд шарх,зүүн бугуйд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдийн зүүн гарын алга дах шарх гэмтэл нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба, зүүн бугуй дах зулгаралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 49/

2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 04/088 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.С-н биед зүүн гарын ядам хурууны 2-р үений хугарал, баруун хөмсөгний дээд талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдийн зүүн гарын ядам хурууны 2-р үений хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарах ба, баруун Хөмсөгний дээд талд зулгаралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй болно.

4. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 53/

Эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 56-58/

Шүүгдэгч Б.Г-н иргэний үнэмэхний лавлагаа, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-60/

1992 оны 07дугаар сарын 17-ны өдрийн УБТЗ-ын тусгай шүүхийн 72 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-64/

Шүүгдэгч Б.С-н иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-66/

2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Дорноговь аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхийн 16 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-73/

Шүүгдэгч Б.Г-н гар гэмтсэн байдлыг тусгасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 76-78/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өглөө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн бүрдүүлэлтийн хашааны үүдэнд ачааны автомашины бүрдүүлэлт хийлгэхээр машинтайгаа дугаарлаж зогсож байхдаа иргэн Б.С-н машины урдуур орж дугаар дайрсны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний толгой болон гарыг өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь санаатай хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.С нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өглөө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн бүрдүүлэлтийн хашааны үүдэнд ачааны автомашины бүрдүүлэлт хийлгэхээр машинтайгаа дугаарлаж зогсож байхдаа Б.Г-г дугаарын урдуур дайрлаа гэсний улмаас хоорондоо маргалдаж түүний гарыг төмрөөр цохиж эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 04/087,  2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 04/088 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Г, Б.С нар нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, шүүгдэгч Б.Г нь хүний биед хүндэвтэр хохирол, шүүгдэгч Б.С нь хүний биед хөнгөн хохирол тус тус учруулсан, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Г-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, шүүгдэгч Б.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд  ирээгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 48 см урттай 1,4 см өргөнтэй хавтгай хэлбэрийн лоом төмөр 1 ширхгийг шүүгдэгч Б.Г буцаан авах хүсэлт гаргасан тул буцааж олгохоор шийдвэрлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Г, Б.С нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг санал болгосон ба шүүгдэгч  Б.Г, Б.С нар нь уг торгуулийн ялыг төлөх санхүүгийн боломжтой гэж шүүх үзлээ

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Г-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр, шүүгдэгч Ч овогт Б.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б овогт Б.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч овогт Б.С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Г, Б.С нар нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Г, Б.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 48 см урттай 1,4 см өргөнтэй хавтгай хэлбэрийн лоом төмөр 1 ширхгийг шүүгдэгч Б.Г-д буцаан олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Б.С нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Д.Ц