Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

хохирогч Э.Пагмадулам, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох 1834003100195 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Хялгант тосгонд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эх баригч эмч мэргэжилтэй, Төв аймгийн Дэлгэрхаан сумын эрүүл мэндийн төвд Тарган 1 дүгээр багийн эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг Дэлгэрхаан сум Дуут хуримт 2 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, Т овогт Г.Б гэв.

           Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн үед Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хуримт 2 дугаар багийн нутагт 60-46 ТӨА улсын дугаартай Toyoto Prius-10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дах заалтыг зөрчсөний улмаас Э.Пагмадуламыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

        

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:

шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ:  “2018 оны 05 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цаг 10, 20 минутын үед эмээгийн бие муу байна гээд надад дуудлага ирсэн. Би машинаа унаад явж байх замдаа Пагмадулам эгчийг мөргөсөн. Пагмадулам эгчийг  мөргөсөн нь миний буруу” гэв.

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Пагмадулам мэдүүлэхдээ: “2018 оны 05 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 11, 12 цаг  болж байхад ажлаасаа гарсан. Орой болж байсан. Утасныхаа гэрлийг асаагаад гарсан. Манай гэр хойшоо 200 метрийн зайд том цамхаган гэрэл байдаг. Тэр гэрлийг өнгөрөөд  гудамжны тэр үзүүрт очоод утасныхаа гэрлийг асаасан. Араас машин ирэх шиг болсон эргээд харсан намайг мөргөсөн. 12 цаг 37 минутанд Б намайг гэр лүү оруулж өгсөн байсан. Гэрт ороход Бгээс архи үнэртэж байсан. Манай нөхөр та хоёр ажил дээрээ архи уусан юм уу гэхэд үгүй гэж хэлсэн байсан. Би гэрлүүгээ орсноо мэдэхгүй байгаа. Гэрт ороход Б намайг түшээд орсон байсан. Гэрийн үүдэнд сандал дээр суулгачихаад явсан байдаг. Тэгээд Засаг даргыг дуудаад эмнэлэг дээр очоод үзсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэгт ор байхгүй кордорт хэвтэнэ гэсэн. Эгэм хугарч хагалгаанд орох байсан учир Мөнгөн гүүр эмнэлэгт очиж хагалгаанд орсон” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Асарсайхан:  “Орой 00 цагийн үед манай эхнэрийг манай сумын эмч Б оруулж ирсэн юм. Манай эхнэр яасан юм гэхэд гадаа хашааны үүдэнд ойчсон хэвтэж байхаар нь би оруулаад ирлээ гэсэн. Тэгэхээр нь би эхнэрээ чи ажил гээд явсан архи уучихсан юм уу гэж загнасан чинь Б гараад явсан. Тэгээд сумын засаг дарга, хурлын дарга нарыг дуудсан. Тэгээд та нар эд нарыг архи уулгалаа гэсэн чинь тийм асуудал байхгүй гээд бид нар эмчид очиж үзүүлсэн. Тэгээд хашааны үүдэнд гартал манай эхнэр ухаан ороод би нээрээ гэртээ ирж байсан гэж байгаад эмнэлгийн үүдэнд очоод машинд мөргүүлснээ санаад бид нарт хэлсэн. Тэгээд эмнэлгээс ГСҮТөвд хүргэгдэж ирсэн. Манай эхнэр ухаан санаа нь орон гаран, хувцас нь шороо болчихсон, тохой чигчий хуруунаас нь цус гарчихсан Б болохоор их түгшсэн байдалтай байсан. Сандарсан байсан. Би эхнэрээ эмнэлэгт оруулж өгчөөд явж байтал манай эмнэлгийн жолооч Барамсай танай эхнэрийг Б мөргөсөн байна. Тэгээд өөрөөс чинь айгаад хэлээгүй гэсэн. Приус 10 маркийн 60-46 ТӨА машинтай. Би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/, ... 2015 оны 05 дугаар сарын 11-ний орой гэртээ хоёр хүүхэдтэйгээ байж байхад 00 цаг 30 минутын орчим байшингийн цонхыг Б цохихоор нь хартал манай эхнэрийг тэвэрчихсэн эхнэр хажуу талд нь сөхөрч унаад байхаар нь би хаалга тавьж өгөхөд Б манай эхнэрийг оруулж иртэл үүдэнд сөхөрөөд унасан тэгэхээр нь би архи уучихсан байна гээд хоёуланг нь загнасан тэгтэл Б архи уугаагүй гэж хэлээд гадаа уначихсан байхаар нь оруулж ирлээ гэж хэлээд гараад явчихсан юм. Тэгэхээр нь уурлаад засаг дарга Жаргалмаа руу утсаар яриад ажил хийлгэж байгаа хүнээ архи уулгалаа гэж хэлээд дуудсан чинь засаг дарга, хурлын дарга хоёр манайд удалгүй 5 минут болоод ирээд архи уулгаагүй гэж хэлээд Пагмадуламыг үнэртэж үзээд архи уугаагүй нь мэдээд Пагмадуламаас өөрөөс нь яасан талаар асуусан чинь ерөөсөө мэдэхгүй байхаар нь хаана унасан юм бол гар утсыг нь олъё гээд гартал гэрээс бид нар Пагмадуламыг түшээд хашааны гадаа хартал Пагмадулам өө би нээрээ хашааныхаа энд ирж явсан шүү дээ гэж хэлсэн тэгтэл үснийхэн боолт барьж явсан куртик хоёр нь хашааны хаалганаас зүүн тал руу унасан байхаар нь аваад тэгээд сумын эмнэлэг дээр очиж саяхан шинээр ирсэн эмчид нь үзүүлсэн чинь зүүн талын эгэм нь хугарсан байна. Хот руу аваад яв гэж хэлэхээр нь би эмнэлэг дээр эхнэрээ үлдээчихээд Б эмчийг мөргөсөн байна гэж бодоод хашааныхан гадаа иртэл Б эмчийн машин хашааныхаа гадаа салхины шилний зүүн тал нь баруун урд талын дугуй нь хагарсан. Урд талын гупер нь зүүн урд талынхаа булан дээр хонхойсон байхаар нь Б эмчийг мөргөсөн байна гэдгийг нь мэдчихээд жолооч олж хот руу явахаар уурын зуухны гадаа иртэл хүн эмнэлгийн жолооч Барамсай ах надад Б эмч танай эхнэрийг мөргөчихсөн байна гэж хэлчихээд явсан. Тэгээд би уурын зууханд ажилладаг Бүрэнбат гэх залууг гуйж машин бариулаад эхнэрээ аваад Улаанбаатар хот гэмтлийн эмнэлэгт иртэл ор байхгүй гэхээр нь Мөнгөнгүүр эмнэлэгт хэвтүүлж зүүн эгэмийг нь хадуулсан юм. Тухайн орой манай эхнэр ажил дээрээ нилээд орой болтол суусан юм. Оруулаад ирэхээр нь архи үнэртэхээр нь би архи уучихлаа гэж ойлгоод загнасан чинь архи уугаагүй гэж хэлчихээд Б эхнэр чинь гадаа хэвтэж байна гээд гараад явчихсан юм. Болсүрэнгээс тухайн орой архи үнэртэж байсан. Цаг агаар хэвийн үзэгдэх орчин харанхуй байсан” гэх мэдүүлэг /хх-26 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Энхтуяа: “2018 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай ээж Лхамаагийн Шархүүхэний бие нь өвдөж би Б эмч рүү өөрийнхөө 94246256 дугаарын утаснаас Б эмчийн 99552473 дугаарын утас руу залгаж ээжийн бие өвдөөд байна ирээд үзээд өгөөч гэж хэлсэн юм. Тэгсэн манайд ирэх гэж яваад манай зүүн талын айлын хүн болох Пагмадуламыг хашааныхан үүдэнд мөргөж осол гаргаад манай ээжийг үзээгүй юм. Би Бгийн эхнэр Оюунбат руу шууд залгаж Б эмч Пагмадуламын хашааны үүдэнд манайх руу ирж яваад Пагмадуламыг мөргөчихсөн байна гэж хэлсэн. Тэгсэн Оюунбат сумын эмнэлэг дээр ирж Пагмадуламыг үзээд буцаагаад над руу хариу хэлж би эмнэлэг дээр ирчихсэн байна. Пагмадуламын бие нь гайгүй үүрээр хот руу явах юм шиг байна гэж хэлсэн. Б өөрөө хашааны гаднаас намайг дуудахаар нь гараад иртэл Энхтуяа эгчээ би Пагмадулам эгчийн мөргөсөн гэж хэлээд явсан би гайхаад үлдсэн юм. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл явсан ерөнхийдөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй юм. Төлөв даруу, томоотой, ажилсаг, шудрага зантай хүнтэй их эвтэйхэн байдаг хүүхэд юм” гэх мэдүүлэг /хх-23 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Оюунбатын: “ 2018 оны 05 дугаар сарын 11-ний шөнө бид нар унтаж байхад 00 цагийн орчим манай сувилагч Энхтуяа эгч Б рүү залгаад манай эмээгийн бие өвдөөд байна ирж үзээдэх гэхээр нь Б ганцаараа өөрийнхөө 60-46 ТӨА улсын дугаартай Тоёото Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан юм. Тэгээд унтаж байхад Б гэртээ орж ирээд би эмээг үзэх гэж яваад Пагмадулам эгчийг машинаараа дайрчихлаа одоо цагдаа руу явлаа гээд орж ирээд гараад явсан. Тэгэхээр нь би хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээгээд хамт байсан 9 дүгээр ангид сурдаг өөрийнхөө дүү Оюун-Эрдэнийн хамт сумынхаа эмнэлэг дээр ирэхэд Пагмадулам эгчийг түүний нөхөр Асарсайхан аваад ирчихсэн их эмч Ариунтуяа үзээд боолт хийгээд эгэм хугарсан шинжтэй байна гэж ярьж байсан. Тэгээд би эмнэлэг дээр байж байгаад үүрээр 04 цагийн орчим Асарсайхан өөрийнхөө машинтай Пагмадуламыг Цэцэгдалай эмчийн хамт аваад Улаанбаатар хот руу явсан би хот руу явуулчихаад гэртээ ирсэн тэгэхэд Б гэртээ ирчихсэн байсан. Надад цагдаа дээр ирж хэргийн талаар хэлэх гэсэн боловч сумын цагдаа байхгүй байсан гэж ярьсан. Маргааш өглөө нь Б унаа хайж байгаад замын унаагаар Улаанбаатар хот руу Пагмадуламын араас нь явсан. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл явсан. Угаасаа архи уудаггүй юм. Хүмүүстэй эвсэг найрсаг, нийгмийн идэвхи сайн, гэр бүлдээ хайр халамжтай. Дуу цөөнтэй даруухан, элдэв ааш араншин гаргадаггүй. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг / хх-25 тал/,

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04 тал/,

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-05-06 тал/,

-осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-07 тал/,

-2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Төв аймаг Дэлгэрхаан сум Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-08-09 тал/,

-Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №279 дугаар бүхий шинжээчийн

1.2. Э.Пагмадуламын биед зүүн эгэм ясанд, цээжний хэнхэрцэгийн зүүн талд 3-р хавирганд хугарал, цээжний хөндийд бага хэмжээний шингэн, зүүн эгэм, хэлэнд шарх, зүүн чамархайн хуйх, хуйхан дор, баруун, зүүн бугалга, баруун тохой, зүүн түнх, шилбэ, баруун гуя, шилбэнд цус  хуралт, зүүн чамархайн хуйх, баруун тохой, хэвлийн ар хэсэг, баруун өвдөгөнд зулгаралт, зүүн чамархайн хуйх, баруун тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Баруун талын эгэм ясанд хуучин бороолсон хугарал гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт / хх-28-30 тал/,

-2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №00000058 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

1.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 60-46ТӨА улсын дугаартай “Т.Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв.

2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 60-46 ТӨА улсын дугаартай 60-46 ТӨА улсын дугаартай “Т.Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г.Б нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “ жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.

3.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд осол хэрэг болоход цаг агаар болон замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв.

4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Э.Пагмадулам нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэв.

5. 4-р хариултаар хариулсан болно.

6. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэж үзэв” гэжээ /хх-35 тал/,

-хохирогчоос гаргаж хавтаст хэрэгт хавсрагсан хохирлын баримтууд,

Шүүгдэгч Г.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа болон түүний мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, Г.Б-д холбогдох хэргийн хянан шийдвэрлэх боломжтой байна.

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

Гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн үед Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хуримт 2 дугаар багийн нутагт 60-46 ТӨА улсын дугаартай Toyoto Prius-10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дах заалтыг зөрчсөний улмаас Э.Пагмадуламыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Асарсайханы:  “2015 оны 05 дугаар сарын 11-ний орой гэртээ хоёр хүүхэдтэйгээ байж байхад 00 цаг 30 минутын орчим байшингийн цонхыг Б цохихоор нь хартал манай эхнэрийг тэвэрчихсэн эхнэр хажуу талд нь сөхөрч унаад байхаар нь би хаалга тавьж өгөхөд Б манай эхнэрийг оруулж иртэл үүдэнд сөхөрөөд унасан тэгэхээр нь би архи уучихсан байна гээд хоёуланг нь заганасан тэгтэл Б архи уугаагүй гэж хэлээд гарсан.  ..... Пагмадуламыг түшээд хашааны гадаа хартал Пагмадулам өө би нээрээ хашааныхаа энд ирж явсан шүү дээ гэж хэлсэн тэгтэл үснийхэн боолт барьж явсан куртик хоёр нь хашааны хаалганаас зүүн тал руу унасан байхаар нь аваад тэгээд сумын эмнэлэг дээр очиж саяхан шинээр ирсэн эмчид нь үзүүлсэн чинь зүүн талын эгэм нь хугарсан байна гэсэн. ... Барамсай ах надад Б эмч танай эхнэрийг мөргөчихсөн байна гэж хэлчихээд явсан” гэх мэдүүлэг /хх-26 тал/,

гэрч Ж.Энхтуяагийн: “..Тэгсэн манайд ирэх гэж яваад манай зүүн талын айлын хүн болох Пагмадуламыг хашааныхан үүдэнд мөргөж осол гаргаад манай ээжийг үзээгүй юм. Би Бгийн эхнэр Оюунбат руу шууд залгаж Б эмч Пагмадуламын хашааны үүдэнд манайх руу ирж яваад Пагмадуламыг мөргөчихсөн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-23 тал/,

гэрч М.Оюунбатын: “..Тэгээд унтаж байхад Б гэртээ орж ирээд би эмээг үзэх гэж яваад Пагмадулам эгчийг машинаараа дайрчихлаа одоо цагдаа руу явлаа гээд орж ирээд гараад явсан” гэх мэдүүлэг / хх-25 тал/,

 хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-05-06 тал/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-07 тал/, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Төв аймаг Дэлгэрхаан сум Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-08-09 тал/,

хохирогч Э.Пагмадуламын биед учирсан гэмтлийг тогтоосон Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №279 дугаар бүхий шинжээчийн дүгнэлтэд: “зүүн эгэм ясанд, цээжний хэнхэрцэгийн зүүн талд 3-р хавирганд хугарал, цээжний хөндийд бага хэмжээний шингэн, зүүн эгэм, хэлэнд шарх, зүүн чамархайн хуйх, хуйхан дор, баруун, зүүн бугалга, баруун тохой, зүүн түнх, шилбэ, баруун гуя, шилбэнд цус  хуралт, зүүн чамархайн хуйх, баруун тохой, хэвлийн ар хэсэг, баруун өвдөгөнд зулгаралт, зүүн чамархайн хуйх, баруун тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна” “ / хх-28-30 тал/ гэснээр,

 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №00000058 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “60-46ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г.Б нь МУ-ын ЗХД-ийн 9.2-т заасныг зөрчсөн” /хх-35 тал/гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгйин хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ч.Б-г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт ххэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

            Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.

           

          Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         

Шүүгдэгч Г.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэйг сануулав.

Дөрөв: Бусад зүйлийн талаар.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Б нь хохирогч Э.Пагмадуламыг “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орсон зардал, эм тарианы, шинжилгээ, оношлогооны зардлыг /дөрвөн сая гаран төгрөг / төлсөн бөгөөд талууд маргаж мэтгэлцээгүй болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Пагмасүрэн нь гэмт хэргийн  улмаас учирсан хохирол, түүнээс үүссэн гэм хорын хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин 846299x3 сар=2538000 төгрөг, шатахууны зардал 274000 төгрөг, хадаас авах хагалгааны зардал 1775000 төгрөг, гадуур эмчилгээ хийлгэсний зардал 197850 төгрөг, жилийн дараа “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гаргах зардал 2536000 төгрөг нийт 7320850 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч Г.Болдсайханаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

          Үүнд:        

Төв аймгийн Дэлгэрхаан сумын засаг даргын 2018 оны 6 сарын 6-ны өдрийн тодорхойлолтод “Э.Пагмадулам нь сарын 695502 төгрөгийн цалин авдаг” гэж/хх-55 тал/гэсэн байхад хохирогч нэг сарын 846299 төгрөгийн цалинтай гэж 5,6,7 сарын цалин нэхэмжилсэн нь үндэслэлгүй, хэрэг учрал 2018 оны 5 сарын 12-ны өдөр гарсан байхад 5 сарын цалинг бүтэн нэхэмжилсэн, хохирогч ямар учир шалгааны улмаас ажилдаа 3 сар очоогүй болох ажилдаа очихгүй байх ямар хүндэтгэн үзэх шалгаантай байсан эсэх, түүнийг ажилдаа очоогүй гэх хугацаанд түүнд ажил олгогчоос цалинтай болон цалингүй чөлөө олгосон эсэх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх тул Э.Пагмадулам нь ажилгүй байсан хугацааны цалин 846299x3 сар=2538000 төгрөг,

-хохирогч Э.Пагмадуламын хадаас авах хагалгааны зардал 1775000 төгрөг, жилийн дараа “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гаргах зардал 2536000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ирээдгүйд гарах зардал бөгөөд бодит байдлаар эмчилгээ хийлгээгүй, эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй байх тул тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэлийг хангах боломжгүй байх тул тус тус нийт нэхэмжлэлийн шаардлагаас  хохирогч Э.Пагмадуламын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас нийт 6849000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Харин гадуур эмчигээ хийлгэсний зардал 197850 төгрөг, шатахууны зардал 274000 төгрөг, 471850 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Э.Пагмадуламд олгохоор хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Т овогт Г.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлж барагдуулахаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Г.Б нь энэ тогтоолын 3 дах хэсэгт заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-гээс 471850 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Пагмадуламд олгож, шүүгдэгч Г.Б нь хохирогч Э.Пагмадуламд Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон болон бусад зардал /дөрвөн сая гаран төгрөг/ төлсөн, хохирогч Э.Пагмадулам нь ажилгүй байсан хугацааны цалин 846299x3 сар=2538000 төгрөг, хадаас авах хагалгааны зардал 1775000 төгрөг, жилийн дараа “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гаргах зардал 2536000 төгрөг нийт 6849000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх  эрхтэйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ц.ОТГОНЖАРГАЛ