Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/33

 

 

 

 

            2026       07          09                                      2026/ДШМ/33

 

Д.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанд:

прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Д.Д-, өмгөөлөгч Э.Т  /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2026 оны 03 сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах гомдлуудыг тус тус үндэслэн, Д.Д-д холбогдох, 2335000000231 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-нд Увс аймгийн Ц суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын * дугаар баг, *** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдсан,  ял шийтгүүлж байгаагүй,

1. Холбогдсон хэргийн талаар:

 

  Шүүгдэгч Д.Д- нь эрүүгийн *** дугаартай хэргийн оролцогч Ч.О-тэй өмгөөлөл хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгчөөр ажиллахдаа, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Бор толгой гэх газрын зам дагуу байрлах “Ундарга Увс” ХХК-ийн шатахуун түгээх станцын замын эсрэг талд, саарал өнгийн “Митсубиши Пикап” загварын ****  УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор эрүүгийн *** дугаартай хэргийн гэрч Г.Т-г зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,

  - мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, Тобу төвийн нэг давхарт өөрийн ажлын өрөөнд эрүүгийн **** дугаартай хэргийн хохирогч Н.О-ийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолоор:

- шүүгдэгч Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасан “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, зорилгоор ятгах гэмт хэргийг өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа үйлдсэн” гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

- шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 2 /хоёр/ ширхэг CD диск, 1 /нэг/ ширхэг флаш дискийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,

- шүүгдэгч Д.Д- нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

4. Шүүгдэгч Д.Д- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Надад холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалт нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж нягтлахдаа ятгах үйл баримтыг үгүйсгэж байгаа болон нотлож байгаа нотлох баримтуудын ач холбогдол, эрэмбэ дараа зэргийг бүрэн харьцуулан дүгнэж шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

- Шүүхээс хийсэн дүгнэлт хэсгийн 3.1 хэсэгт ... Эрүүгийн **** дугаартай хэргийн шүүгдэгч Ч.О-д хууль бусаар ашигтай байдал бий болгох буюу мөрдөн байцаалтанд зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор...ятгасан... гэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад миний бие Ч.О-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалт дуусаж хавтаст хэргийн материал танилцуулсны дараа гэрч, хохирогч нартай уулзсан. Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэсэн шиг хэрэг мөрдөн байцаалтад байх үед мэдүүлгийг нь өөрчилж худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан зүйл байхгүй. Хэрэг прокурорын шатанд байхад мэдүүлэг авдаггүй, шүүх хуралдааны шатанд гэрч, хохирогчийг оролцуулах шийдвэр гарсан тохиолдолд тэдгээр нь мэдүүлэг өгөх боломжтой. Миний тохиолдолд хэрэг буцах эсэх нь тодорхойгүй үед буюу прокурорын хяналтын үед болсон үйл явдлыг мөрдөн байцаалтын үе шаттай хольж дүгнэж байгаа нь буруу гэж үзэж байна.

- Гэрч, хохирогчтой уулзах үед хамт байсан Ч.О- нь өөрийнхөө хэрэгт хувийн сонирхол бүхий этгээд буюу яллагдагч, харин миний хэрэгт гэрч бөгөөд бидний харилцаа нь үйлчлүүлэгч, өмгөөлөгчөөс өөр зүйл байхгүй. Ч.О-ийг миний холбогдсон хэрэгт гэрчээр байцаахаас прокурор эрс татгалзаж байсан боловч шүүх хүсэлтийг хангаж шийдсэн учир түүнийг 2025.02.13-ны өдөр /3хх-28х/ буюу хэрэг нь давж заалдах шатны шүүхээр шийдэгдэж хорих анги руу ачигдах гэж байхад байцаасан.

Ч.О- нь миний гэрч, хохирогч нартай уулзах болсон шалтгаан, тухайн үед болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд энэ мэдүүлгийг няцаах баримт, үнэлэхгүй байх ямар үндэслэл байна вэ. Миний бие Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн (е)-д заасан “өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчийг байцаалгах буюу байцаалгуулах, эсрэг гэрчтэй адил нөхцөлөөр өөрийн өмнөөс гэрч оролцуулах болон шалгуулах эрхтэй” гэснийг үндэслэн Ч.О-ийг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх Ч.О- энэ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, Д.Д-г цагаатгах талын гэрч гэж дүгнэж 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 445 дугаартай захирамжаар хэргийг нэмэлт ажиллагаанд буцааж шийдвэрлэсэн.

Гэтэл шүүх шийтгэх тогтоолдоо, Ч.О-ийн мэдүүлгийг дурдсан мөртлөө энэ мэдүүлгийг өөр ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа талаар болон намайг яллаж байгаа Н.О-э, Г.Т- нарын мэдүүлгийг Ч.О-ийн мэдүүлэг няцаах эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

Би гэрч Г.Т-г машин дотроо, хохирогч Н.О-ийг Тобу төвийн албан өрөөн дотроо уулзах үед хамт байсан Ч.О- надтай хамтарч өөрийн эрх ашгийн төлөө зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаагүй мөртлөө миний машинаас буугаад явахдаа гэрч Т-г, өрөөнөөс гараад гадаа шатан дээр хохирогч Н.О-ийг ятгах уу, Ч.О- бид хоёрын хэрэг гарсан гэж байгаа цаг хугацаа, байршлийн хувьд нэг өдөр, нэг цаг, нэг газарт гэрч, хохирогчийн мэдүүлгийг өөрчлөх гэж ятгаж байгаа бол Ч.О- бид 2 хамтарч ятгаж үр дүнд хүрэх гэж хичээнэ. Гэтэл гэрч, хохирогч нар яагаад бид хоёрыг хамт биш тус тусдаа ятгасан гэж мэдүүлж, прокурор хэргийг тэгж тодорхойлов.

- Прокуророос Ч.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн.

Анхан шатны шүүх Ч.О-д холбогдох хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт гэм буруутайд тооцсон боловч давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 тоот магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан хэргийг нь хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 275 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн.

Гэтэл надад холбогдох хэргийн шийтгэх тогтоолын 9 дүгээр нүүрт, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал ижил байсан, өөрөөр хэлбэл Ч.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт ял шийтгэгдсэн мэтээр бичсэн нь худал болжээ.

- Миний эрхийг зөрчсөн талаар: Энэ хэрэгт анх Н.О-э, Г.Т- нарын хэн нь ч гомдол, мэдээлэл гаргаагүй байхад намайг энэ хүмүүстэй уулзсан гэдгийг хэн яаж мэдсэн байх вэ, над дээр хууль бусаар гүйцэтгэх ажил явуулсныг яаж нотлох бэ.

Намайг шалгуулах тухай Увс аймгийн Прокурорын газрын 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 454 тоот албан бичиг /1-р хх 1 х/, дахин 8 дугаар сарын 24-нд /1-p xx 4 x/ явуулсан байна. Анхны бичигт Галмандах шалга гэж 8 дугаар сарын 25-нд цохилт хийж, 29-нд бүртгэлд оруулсан байна.

1-р хавтаст хэргийн 09-р хуудаст бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл нь 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр буюу 25-наас шалгаж эхэлсэн гэж үзвэл 23 хоногийн өмнө, 1-р хх-ийн 11 хуудаст мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрч Н.О-ийг оролцуулан хийсэн бөгөөд энэ нь 25-ны өдрөөс 4 хоногийн өмнө. Тэгвэл 69-р хуудаст байгаа Н.О-ийн хэрэгт анх удаа гэрчээр өгсөн мэдүүлэгийн огноо нь 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 40 минут.

Өөрөөр хэлбэл, гэрчийн мэдүүлэг авахаас 7 хоногийн өмнө түүний мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан. 1-р хх-ийн 14 хуудаст камерт үзлэг хийсэн тэмдэглэлийг 2023 оны 8 дугаар сарын 31-нд хийж хүчинтэйд тооцуулахаар 9 дүгээр сарын 01-нд ирүүлсэнийг мөн өдөр нь хянаад 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №1 тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн байх тул уг ажиллагааг хүчинтэйд тооцох боломжгүй байна, иймд дахин явуулах нь зүйтэй гэж үзнэ гээд уг ажиллагааг хүчингүй болгосон. /1-р хх-ийн 20 х/

Энэ ажиллагааг дахин 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хийхдээ /1 хх-ийн 33 х/ мөн прокурорын зөвшөөрөлгүй явуулаад энэ ажилгаагаа хүчинтэйд тооцуулах талаар саналаа гаргаагүй мөн прокурор хүчинтэйд тооцох тогтоол гаргаагүй болно.

2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэрч Г.Т-г байцаахдаа эрх үүргийг нь танилцуулахад “би өмгөөлөгч сонгож авч байж мэдүүлэг өгнө” гээд гарын үсэг зурсан байхад өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. /1 хх-ийн 71 х/

Гэрч Г.Т- нь бичиг үсэг мэддэггүй болох нь Ч.О-д холбогдох 2335000000188 тоот эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад тогтоогдсон бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэгдэлд тусгагдсан /2 xx-ийн 247 х/.

Түүнчлэн гэрчээр Г.Т-г байцаахаас 1 хоногийн өмнө Г.Т- бид хоёр уулзсан газар болох Ундарга Увс ХХК-ийн ШТС-ын камерын бичлэгт үзлэг хийсэн байдаг. Н.О-э, Г.Т- нарыг байцаагаагүй байхдаа юу гэж мэдүүлэг өгөхийг нь яаж урьдчилан мэдэж ажиллагаа хийсэн бэ, энэ бүхэн цаанаасаа даалгавартай зохион байгуулалттай, эзэнтэй гэж боддог.

Тиймээс шүүхэд хандаж хүсэлт гаргаснаар 1 хх-ийн 8-10, 1 xx-ийн 11-13, 1 хх-ийн 33-37 хуудаст байгаа бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар тооцохгүй байх шийдвэр гаргасан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил, миний эрхийг зөрчсөн гэдгийг шүүх хүлээн зөвшөөрсөн хэлбэр юм.

- Шүүхээс миний гэм бурууг шийдэхдээ, Н.О-э, Г.Т-, Д.Ш, Ж.Ө нарын мэдүүлгийг үнэлжээ. Үүнээс Ж.Өх, Д.Ш нар нь намайг Г.Т-тай уулзсаныг нотлох гэрчүүд болохоос биш уулзалтад хамт байж юу ярилцсаныг сонссон гэрчүүд биш юм.

Харин Н.О-э, Г.Т- нар надтай уулзсан бөгөөд хэргийн бодит байдлыг мэдэх гэрч. Гэвч Н.О-э, Г.Т- нарын мэдүүлгийг бусад ямар нотлох баримтаар шууд болон дамжмал байдлаар нотлож миний болон Ч.О-ийн мэдүүлгийг няцааж байгаа талаар тодорхой тайлбарлаагүй байна. Н.О-этэй уулзсан уулзалтын дараа түүнийг шинжээч эмчтэй төрөл гэдгийг мэдсэн тул Ч.О- “ах чинь бас ажилгүй болох юм байна” гэдгийг хэлсэн гэдгийг Н.О-э, Ч.О- нар 2-лаа хэлдэг. Үүнээс болж уурласан хохирогч миний эсрэг мэдүүлэг өгсөн. Мөн тухайн хэрэгт Ч.О- нь хохирогчид хохирол төлөөгүй байсан, харин хохирогч түүнээс хохирол нэхэж байсан нь надтай уулзах шалтгаан болсон. Хохирогч хохирлоо төлүүлж авах зорилготой байсан.

Хэрэв би түүнийг ятгасан бол нэхсэн мөнгийг нь шүүгдэгчээр өгүүлэх байсан нь тодорхой, ингэж байж ятгасны үр дүнд хүрнэ. Мөнгө өгөөгүй гэдэг нь ятгаагүй гэдгийг нотолж байна. Хохирлоо авч чадаагүй, мөн шинжээчээр ажилладаг, тухайн хэрэгт дүгнэлт гаргасан ахаа эвгүй байдалд оруулсан зэрэг нь хохирогч намайг үзэн ядах хангалттай шалтгаан болсон.

Г.Т- нь бичиг үсэг мэддэггүй талаар болон надтай уулзсан талаар өөрөө гомдол, мэдээлэл гаргаагүй байхад цагдаа нар олж мэдэж байцаасан. Нэмэлт ажиллагааны хүрээнд Сагил суманд 9 дүгээр анги төгссөн талаар баримт гарч ирсэн хэдий ч миний бие энэ талаар нь АТГ-т хандан гомдол гаргаснаар одоо шалгаж байгаа зэргээс харахад Н.О-э, Г.Т- нарын мэдүүлгийг үнэлэхэд эргэлзээ гарч ирнэ.

Түүнчлэн миний бие тэр хоёрыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Н.О-э, Г.Т- нарын мэдүүлсэн шиг хүсэлт, гомдолдоо тэдгээрийг дахин байцаалгах талаар бичих байсан.

Нэг цаг хугацаанд нэг байршилд хамт байсан 3 хүний 2 нь ятгаагүй гэхэд үлдсэн нэг нь ятгасан гэж байна, эргэлзээ мэдээж үүснэ. Тэгвэл эргэлзээ бүхий байдалд шүүх дүгнэлт хийхдээ үндэслэлээ тодорхой тайлбарлах ёстой. Харамсалтай нь миний хэрэгт энэ талаар огт тайлбар хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тайлбарласан Улсын дээд шүүхийг тайлбар зэргийг шүүх анхаарч үзээгүй болно.

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн бүрэлдэхүүний “Ятгасан” гэж тодорхойлсон хэсэг нь хэт хийсвэр байдлаар хуульчилсан бөгөөд хүний эрхийг зөрчиж болохуйц байна.

Хүнийг гэмт хэрэгт буруутгах, ял оноох нь үйл баримт, хууль хэрэглээ, учруулсан хохирол, хор уршгийн хувьд бодит байх ёстой. Тийм ч учраас эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглодог. Ятгасан нь яаж тогтоогдох вэ, хэн нэгэн санаатайгаар тийм явдал болсон мэтээр гэрчийн мэдүүлэг өгсөн тохиолдолд хүнийг хилсээр шийтгэх үү, үүнээс хамгаалсан ямар хамгаалалт урьдач нөхцөл, механизм байна вэ, мэдүүлгээ өөрчлөөд өг гэдэг үг хэлсэн гэсэн ганц нөхцлөөр гэм буруутайд тооцож болох уу, ятгасан гэдэг ганц үгээр хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлж болох уу. Магадгүй шан харамж амлах, эсхүл өгөх ямар нэгэн байдлаар мэдүүлэг өгөгч нь өөртөө ашигтай байх тохиолдолд худал мэдүүлэг өгнө.

Учир нь өөрийн мэдэж байгаа бодит зүйлийг өөрийгөө эрсдэлд орж байгааг мэдсээр байж хууль зөрчин өөрчлөхийн тулд ямар нэгэн түлхэц байх ёстой. Тийм учраас энэ бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо “.... өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн бол...” гэж нөлөөлж болох үйлдэлийн арга хэрэгслийг тодруулан хуулчилсан.

Эдгээрээс ганцхан “Ятгасан” гэдэг нь хууль хэрэглээний хувьд тодорхой бус дур зоргоороо тайлбарлаж, хэрэглэж болох нөхцөл бүрдүүлж байна. Өөрт нь ашигтай бус, мөн дарамт шахалт учраагүй байхад ятгалгад орох бараг боломжгүй бөгөөд урт хугацаанд үргэлжилсэн ятгалгад орох магадлалтай ч миний хувьд тус бүр ганц удаа уулзсанаар үгэндээ оруулж чадах уу?. Энэ зүйл ангийг гэмт хэрэгт тооцож хуулчилж байгаа зорилго бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гадны нөлөөнөөс хамгаалах, хурдан шуурхай явуулахад саад учруулахаас хамгаалахад оршиж байна. Тэгвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бодитой саад учирсан уу, хохирол, хор уршиг байна уу гэдэг нь эргэлзээтэй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” хэсэг нь хэтэрхий товч бөгөөд зөвхөн хохирогч Н.О-э, гэрч Г.Т- нарыг шүүгдэгч “мэдүүлгээ өөрчлөөд өгөөч” гэж ятгасан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангажээ гэсэн байдаг. Гэтэл гэм буруугийн талаар маргаж байгаа миний цагаатгуулах үндэслэлүүдэд няцаалт хийгээгүй байдаг.

Хэргийг шийдвэрлэсэн шүүгч нь урьд энэ хэргийг шийдвэрлэхдээ намайг цагаатгаж шийдвэрлэсэн бөгөөд дахин шийдвэрлэхдээ ял шийтгэх ямар ямар үндэслэл шүүх хуралдаан шинээр тогтоогдсон талаар дүгнэж бичээгүй.

Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Улсын дээд шүүхийн тогтоолоор намайг гэм буруутай гэж огт дүгнээгүй бөгөөд өмгөөлөгч Д.Д- миний үйлдэл нь өмгөөлөгчийн хууль ёсны хүрээнээс хальж, гэрч хохирогчийн үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны шударга явагдах харилцаанд нөлөөлсөн эсэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт нь анхан болон давж заалдах шатны шуухийн шийдвэрт хангалттай бичигдээгүй гэх үндэслэл гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Улсын дээд шүүхийн тогтоолд Ч.О-д холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэх, хэрэв шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд тухайн хэргийн хохирогч Н.О-э, гэрч Г.Т- нарын мэдүүлгийг шүүхээс хэрхэн үнэлсэн болохыг тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүхээс Ч.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэсэн боловч давж заалдах шатны шүүхээс энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 2 зүйл ангид зааснаар ял шийтгэсэн. Харин улсын дээд шүүх хэргийг хэргийг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь Ч.О- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт цагаатгагдсан гэсэн үг юм.

Би Н.О-э, Г.Т- нарыг танихгүй учир тэдэнтэй уулзах шаардлага байхгүй, харин Н.О-ийн хүсэлтээр болон Г.Т-гийн талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал байсан учраас өмгөөллийн үйл ажиллагааны явцад уулзсан.

Шүүхээс дүгнэсэнчлэн миний үйл ажиллагаа Ч.О-д давуу байдал олгох зорилготой байсан. Намайг гэрч, хохирогч нарт нөлөөлсөн гэх үйл явдлууд нэг цаг хугацаанд, нэг байршилд гарсан байхад прокуророос тус тусад нь гарсан гэж дүгнэсэн.

Ч.О- бид хоёрын хэрэг нь нэг хэрэг гэдэг нь ойлгомжтой байгаа. Үүний нотолгоо нь өмнөх шүүх хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний шүүгч Б.Мөнхзаяагийн “Би Ч.О-д холбогдох хэргийг өмнө шийдвэрлэсэн, эдгээр хэргүүд нэг хэрэг учир Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс татгалзан гарч байна” гэх хүсэлтээс тодорхой харагдаж байна.

Ч.О-д холбогдох хэргийг миний хэргээс тусгаарласан боловч шүүх эцсийн байдлаар шийдвэрээ гаргасан. Миний хэрэг өмнө нь улсын дээд шүүхэд хянагдах үед Ч.О-ийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлал, улсын дээд шүүхийн хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоол зэрэг нь хэрэгт авагдаагүй байсан, сүүлд нөхөж хийсэн.

... Миний хэрэгт Н.О-э болон Г.Т- нараас байцаалт аваагүй байхдаа мэдүүлгийг нь газар дээр нь шалгах ажиллагаа .явуулсан байсан.

Намайг ятгасан талаар Н.О-э болон Г.Т- нараас гомдол гаргаагүй, мөн намайг өмгөөлөгчийн ёс зүй зөрчсөн талаар өмгөөлөгчдийн холбооноос гаргасан шийдвэр, арга хэмжээ авсан баримт байхгүй.

... Н.О-эд хохирол, хор уршиг учирсан учраас тухайн асуудлаар уулзсан. Гэхдээ би өөрийн санаачлагаар уулзаагүй. Харин Г.Т- бичиг үсэг мэддэггүй байхад мэдүүлэг авсан эргэлзээ бүхий нөхцөл байдал байсан учраас би уулзаж бичиг үсэг мэддэг эсэх, дарамт шахалтад орж мэдүүлэг өгсөн эсэхийг асуусан.

... Эрүүгийн хуулийн тусгай ангийн эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн бүрэлдэхүүний шинжийг өөрийн хэмжээнд тайлбарлахыг зорьсон. Учир нь бусад өмгөөлөгч, хуульч нар над шиг асуудалд орох магадлалтай юм. Өмгөөлөгч нар гудамжинд хэн нэгэнтэй таарахад маргааш нь уулзсан талаар баримтаа гаргаж “намайг ятгасан” гэвэл энэ үндэслэлээр хүнийг шийтгэх нь зөв эсэхийг анхаарах ёстой.

Мөн улсын дээд шүүх цагаатгагдсан этгээд Д.Д-гийн үйлдэл өмгөөлөгчийн хууль ёсны үйл ажиллагааны хүрээнээс хальж, гэрч хохирогчийн үнэн зөв мэдүүлэг өгөх, хуулиар хүлээсэн үүрэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны шударга явагдах харилцаанд нөлөөлсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой болно гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүхээс үүнд огт анхаараагүй.

Би Ч.О-ийн хэрэгт хүсэлт гаргаж байсан боловч Н.О-э, Г.Т- нарыг байцаалгах талаар нэг ч удаа хүсэлт гаргаж байгаагүй, зөвхөн шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор гаргаж байсан. Үүгээр Н.О-э, Г.Т- нарын мэдүүлэг няцаагдаж байна.

Анхан шатны шүүхээс өмнө нь намайг цагаатгаж байхад хавтаст хэрэгт авагдсан баримтууд одоо ч хэвээр байгаа. Гэтэл сүүлд ямар баримтууд хэрэгт авагдаж яагаад намайг гэм буруутайд тооцсон талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тусгаагүй.

 Урьд нь миний хэрэг 2 удаа цагаатгагдаж, Улсын дээд шүүхээс буцаж ирсэн. Улсын дээд шүүх тогтоолдоо, шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлээ таамаглаж болохгүй, харин цагаатгаж байгаа бол цагаатгах үндэслэлээ тайлбарлах ёстой гэж дүгнэсэн.

Гэтэл анхан шатны шүүх өмнө гаргасан шийдвэрийнхээ эсрэг шийдвэр гаргасан нь миний болон ард иргэдийн шүүхэд итгэх итгэлд нөлөөлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

... Улсын яллагч уулзалт болох үед Ч.О- хамт байгаагүй гэж худал тайлбар гаргаж байна. Хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгсөн Ч.О-ийн мэдүүлэгт уулзалт хэзээ, хаана, хэний санаачлагаар, хэрхэн явагдсан талаар маш дэлгэрэнгүй бичигдсэн.

Өөрөөр хэлбэл, Ч.О- нь Н.О-э, Г.Т- нартай намайг уулзахад хамт байсан, тухайн үед юу болсныг мэдэж байсан гэрч юм. Ч.О-ийн мэдүүлэгт ятгасан зүйл байхгүй гэдгийг хэлсэн байдаг.

Улсын дээд шүүхээс тохиолдол тайлбарлах замаар хууль хэрэглээний нэгдсэн байдлыг хангаж байгаа. Улсын дээд шүүхийн 2026 оны 22 дугаартай тогтоолд шүүхийн шийдвэрийн талаар дурдахдаа “Монгол улсын нэрийн өмнөөс гаргаж байгаа шүүхийн шийдвэр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлсэн, хууль зүйн дүгнэлтэд тулгуурласан, хууль хэрэглээний жишиг болохуйц баримт бичиг юм. Шүүхийн шийдвэр нь хуульд заасан бүх шаардлагыг хангаж байж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж дүгнэгдэх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт нь хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотолж чадаж буй эсэхийг бүрэн бодитойгоор харьцуулж, шинжлэн судалсны эцэст хэргийн бодит байдал тогтоогдсон эсэхэд хууль зүйн дүгнэлтийг хийх учиртай” гэж дурдсан.

Анхан шатны шүүх намайг заавал цагаатгах ёстой гэж би хэлээгүй, гэм буруутайд тооцож болно. Харин яагаад өмнө нь цагаатгасан боловч одоо гэм  буруутайд тооцсон талаар дүгнэлтээ ойлгомжтойгоор тайлбарлаж, хууль зүйн дүгнэлтээ хийх байтал “Д.Д- нь Н.О-э, Г.Т- нартай уулзсан нь тогтоогдож байгаа тул Н.О-э, Г.Т- нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов” гэж дүгнэсэн.

Уулзсан зорилгын талаараа би хэлсэн. Гэхдээ уулзах болон ятгах нь хоёр өөр агуулгатай. Уулзсан бүхнийг ятгасан гэж дүгнэж болохгүй гэх агуулгаар гомдол гаргасан.

Ч.О-ийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул дахин нотлох шаардлагагүй, шүүхээр эцэслэн тогтоогдсон үйл баримт гэж үзэж байгаа гэв.

5. Шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

- Миний үйлчлүүлэгчид холбогдох хэрэг өмнө нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж байсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр” хэргийг хэрэгсэхгүй болгож Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаартай тогтоолоор цагаатгаж шийдвэрлэж байсан.

Гэтэл 2026 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 2026/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Д.Д-г Ч.О-д холбогдох эрүүгийн хэрэгт түүний өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа ... гэж үзэн гэм буруутайд тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нэг нотлох баримтад 2 өөр дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байх ба миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

- Өмгөөлөгч Д.Д-гээс эрх зүйн туслалцаа авч байсан П.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр гэрч Г.Т-, хохирогч Н.О-э нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 2025/ДШМ/06 дугаар магадлалаар Ч.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Өмгөөлөгч Д.Д- нь П.О-ийн хүсэлтийн дагуу гэрч, хохирогч нартай уулзсан байх ба гэрч, хохирогч нарыг П.О- нь өмгөөлөгч дээрээ дагуулж очсон байна. Өөрөөр хэлбэл П.О-ийн эрх ашгийн үүднээс гэрч, хохирогч нартай уулзсан байх ба тухайн уулзалтаар зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаагүй гэдгийг П.О- гэрчээр мэдүүлэг өгөхдөө нотолдог.

Нэг цаг хугацаанд хамт байсан П.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдсон байхад миний үйлчлүүлэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

- Ч.О-, хохирогч Н.О-э нарын хоорондоо харьцсан Фэйсбүүк чатанд өмгөөлөгч Д.Д-гийн мэдүүлгийн эх сурвалж агуулагддаг. Өөрөөр хэлбэл хохирогч Н.О-э нь Ч.О-ээс тухайн чатаар дамжуулж удаа дараа хохирол төлбөр нэхэмжилж байсан байна. Эндээс хохирогч Н.О-этэй уулзсан уулзалтын агуулга тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч Д.Д- нь Ч.О-ийн хүсэлтээр Н.О-этэй хохиролын асуудлаар уулзсан болох нь бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Харин Н.О-ийн “хохирол авах гэж уулзаагүй, намайг мэдүүлгээ өөрчлөхийг ятгасан” гэх агуулга бүхий мэдүүлэг нь үгүйсгэгддэг.

Нэг үйл явдлын талаар харилцан зөрүүтэй мэдүүлж байгаа гэрч нарын мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдож байгаа тохиолдолд тухайн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэх ёстой гэж үзэж байна.

- Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь хуульд заасан хууль бус үйлдлийг хийснээр төгсдөг боловч гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.

Тухайн хэргийн обьект нь хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа байх ба Д.Д- өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагааг хэрхэн алдагдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

- Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн хэрэгт холбогдсон этгээдэд ашигтайгаар шийдвэрлэхээр хуульчилсан.

Тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв гэж үзэж тэдгээрийг хооронд нь харьцуулан шинжлэн судалсан боловч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн хуулийн заалтыг хэрэглэх талаар Улсын дээд шүүх тайлбарласан байна.

Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах гэм буруутайг нотлох баримт хүрэлцэхгүй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

6. Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мөрдөн байцаалтын явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Д.Д-г үргэлжилсэн үйлдлээр хэргийн хохирогч, гэрч нартай уулзаж худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон.

Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч Н.О-ийн өгсөн “Д.Д- өмгөөлөгч надад хандаж прокурор дээр өргөдөл гаргаад мэдүүлгээсээ буцаж болно, чи мэдүүлэг дээрээ тухайн үед би ууртай байсан, уурандаа худал мэдүүлэг өгсөн гэж болно гэж хэлж ятгасан” гэх мэдүүлэг,

- гэрч Г.Т-н “Д.Д- өмгөөлөгч намайг мэдүүлгээ өөрчлөөд өгчих гэж ятгасан, шан харамж өгөхөөр тохирсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлын 1 дэх хэсгийн нөхцөл байдал няцаагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, Өмгөөлөгч Д.Д- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өөрчлүүлэхээр ятгасан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Үүнээс дүгнэхэд прокурорт хүсэлт гаргаж, хэргийг буцаалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгийг өөрчлүүлэхээр ятгасан үйл баримт нотлох баримтаар тогтоогдож байна.

- Гомдлын 2 дахь агуулгын хүрээнд хэлэхэд Ч.О-ийн мэдүүлэг нь гэрч нартай өмгөөлөгч уулзсан цаг хугацааг тодорхойлохоос биш тухайн үед ярьсан зүйлийг буюу ятгасан талаар нотлохгүй тул шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн. 

Өөрөөр хэлбэл өмгөөлөгч хохирогч, гэрч нартай ярилцсан цаг хугацаанд Ч.О- хамт байгаагүй нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байгаа.

- 3 дахь агуулгын хүрээнд: Шүүхээс нотлох баримт хассан зүйл байхгүй. Харин нотлох баримтаар тооцохгүй шийдвэр гаргаж, тухайн нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын хууль зүйн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Өмгөөлөгч Д.Д-гийн талаарх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг прокурорын байгууллагаас ERP цахим системээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Тухайн шилжүүлсэн цаг хугацаанд цагдаагийн байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, өмгөөлөгч Д.Д-гийн үйл ажиллагаа явуулдаг өрөөний камерын бичлэгт үзлэг хийсэн. Үүний дараа дахин прокурорын байгууллагаас гомдол мэдээлэлд оруулахаар шалгуулах албан бичгийг Цагдаагийн газарт хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан. Хэдийгээр хяналтын камерын бичлэгийг нотлох баримтаар тооцоогүй боловч бусад нотлох баримт, камерын бичлэг, гэрч хохирогч нарын мэдүүлгээр тухайн цаг хугацаанд уулзсан нь давхар тогтоогдож байгаа. Мөн гэрч, хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж нь камерын бичлэгээр батлагдаж байна.

- Д.Д-тэй холбоотой хууль бус мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй. Тухайн цаг хугацаанд прокурорын байгууллагаас албан бичиг хүргэгдэж, гомдол мэдээллээр шалгагдсан.

- Хохирол төлөхөөр уулзсан гэдэг. Хэргийн үйл баримтаар гэрч Г.Т-тай 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр уулзсан, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хохирогчтой уулзсан. Үүнээс ятгах зорилгоор уулзсан гэж дүгнэх боломжтой бөгөөд хохирол нөхөн төлөхөөр уулзсан гэдэг нь үгүйсгэгдэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

           7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүх хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтуудад хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийгээгүй байна. 

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын зүгээс гэм буруугийн талаар маргаж, шинжлэн судалсан цагаатгах талын нотлох баримтуудыг үгүйсгэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх огт хийгээгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгаа нэг үндэслэл.

Хоёрдугаарт, Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Д.Д- нь гэрч Г.Т-, хохирогч Н.О-э нартай уулзсан үйл баримт тогтоогдож байгаа боловч гэрч, хохирогч нарт нөлөөлсөн, ятгасан үйл баримт тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг гаргагч мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотолж чадаагүй бол нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй” гэж тодорхой заасан. Н.О-э болон Г.Т- нарын мэдүүлгийг нотолж байгаа нотолгооны эх сурвалж буюу бусад нотлох баримтууд хэрэгт авагдаагүй.

Хавтаст хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь шүүгдэгч Д.Д- болон Н.О-э, Д.Д- болон Г.Т- нарыг уулзсаныг нотолж байгаа болохоос тухайн хүмүүс хоорондоо юу ярьсаныг нотлох баримт болохгүй байна.

Харин шүүх танхимд шүүгдэгч гээд сууж байгаа Д.Д-гийн мэдүүлгийг нотолж байгаа хэд хэдэн баримт, эх сурвалжууд байна.

- 2-р хх-ийн 214-220 дугаар талд авагдсан Ч.О-, Н.О-э нарын хоорондоо файсбүүкээр харилцсан чат,

- 2-р хх-ийн 231 дүгээр талд авагдсан Ч.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлд Ч.О-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлтэй холбогдуулан гаргасан мэдүүлэг,

- 3-р хх-ийн 28-30-р талд Ч.О-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг,

- 3-р хх-ийн 213-224-р талд авагдсан хүчин төгөлдөр шүүхийн магадлал зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгчдэгч Д.Д-гийн мэдүүлэг давхар нотлогдож байна.

            Гуравдугаарт, хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг харьцуулж үзвэл Г.Т- болон Н.О-э нартай цаг хугацааны хувьд тус тусдаа уулзсан. Г.Т-тай уулзсан үйл баримтыг эсэргүүцсэн буюу үгүйсгэж байгаа нотлох баримт нь шүүгдэгч Д.Д-гийн мэдүүлэг.

Гэрч Ч.О-ийн мэдүүлэг нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар хүчин төгөлдөр шүүхийн магадлалаар баталгаажсан. Нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг бид дахин нотлох гэж тайлбарлах нь утгагүй.  

Анхан шатны шүүх өмнө нь хүчин төгөлдөр магадлалаар тогтоогдсон үйл баримтын эсрэг дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой.

Дөрөвдүгээрт, анхан шатны шүүхээс улсын дээд шүүхийн тогтоолд Д.Д-г заавал гэм буруутайд тооцохоор дүгнэсэн мэт агуулгаар шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл хяналтын шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолын 7 дахь догол мөрөнд тодорхой бичсэнийг Д.Д- сая өмгөөлөгч тайлбарласан. 

Ч.О-д холбогдох хэргийг шат шатны шүүхүүд хэрхэн шийдвэрлэсэн үйл баримтыг тодруулаагүй байж хэргийг шийдвэрлээд явж байгаа нь буруу байна гэж үзсэн байна.

Улсын дээд шүүхийн тогтоолын агуулга нь Ч.О-ийг 3 зүйл ангиар ялласан шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйл, 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

Нэг цаг хугацаа, нэг орон зайд хамт байсан хоёр хүний үйлдлийг прокурорын байгууллагын зүгээс хоёр тусад нь салгасан. Магадгүй Ч.О-ийг гэм буруутайд тооцсон тохиолдолд Д.Д-гийн гэм буруутай нь тогтоогдож, маргах шаардлагагүй үйл баримт бий болох байсан. Харин ийм үйл баримт тогтоогдоогүй, дээрх гэмт хэрэг гараагүй нөхцөл байдал тогтоогдсон тул Д.Д-д холбогдох гэмт хэрэг үйлдэгдээгүй гэх хангалттай нотлох баримт бий болж байна.

            Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлага байхгүй. Энэ агуулгаар анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоож чадаагүй учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Д-г цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

            1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/** дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах гомдлыг үндэслэн Д.Д-д холбогдох, **** дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

2. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс, шүүгдэгч Д.Д-г 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн *** дугаартай хэргийн холбогдогч Ч.О-тэй өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа уг хэргийн гэрч Г.Т-г зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,

- мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн 2335000000188 дугаартай хэргийн хохирогч Н.О-ийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлсэн.

            3. Анхан шатны шүүх Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн, түүнийг “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгах гэмт хэргийг өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.

            4. Шүүгдэгч Д.Д- болон түүний өмгөөлөгч Батгэрэл нар нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг хангах үндэслэлтэй байна.

5. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д-г “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгах гэмт хэргийг өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэв.   

6. Хэргийн баримтаар шүүгдэгч Д.Д- нь эрүүгийн *** дугаартай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан гэмт хэргийн яллагдагч Ч.О-тэй өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, тухайн хэрэгт өмгөөлөгчөөр ажилласан болох тогтоогдсон байна.

            Тодруулбал, Увс аймгийн Прокурорын газрын 2023 оны 07 сарын 05-ны өдрийн *** дугаар прокурорын тогтоолоор, Ч.О-ийг “2023 оны 06 сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Улаангом сумын нутагт байрлах 134 тоот хашаанд, өөрийн жижиг гэртээ хохирогч Н.О-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар яллагдагчаар татсан / 1-р хх-ийн 53, 54-р тал/ байх ба тэрээр тус хэрэгтээ өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авахаар Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Д-тэй 2023 оны 7 сарын 24-ний өдөр гэрээ байгуулжээ / 1-р хх-ийн 57, 58-р тал/. 

            Ч.О- нь дээрх гэмт хэрэгт буюу эрүүгийн *** дугаартай хэрэгт гомдол, мэдээллийн шатанд сэжиглэгдэн шалгагдаж байхдаа, 2023 оны 6 дугаар сард өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн экологийн асуудал хариуцсан мөрдөгч С.П-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1 тооны эм хонийг хахууль болгон өгсөн гэх үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар,

            - мөн *** дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа,  2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Г.Т-г зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,

            - мөн эрүүгийн *** дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.О-ийг 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх үйлдлүүддээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус яллагдагчаар татагдсан байх ба прокуророос Ч.О-ийн дээрх үйлдлүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Ч.О-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэж, Ч.О-ийн 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө хохирогч Н.О-ийг хүчиндсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар гэм буруутайд,

- мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т заасан “гэрч, хохирогчийг худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсоныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Дээрх давж заалдах гомдлыг үндэслэн Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Ч.О-д холбогдох, эрүүгийн **** дугаартай, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолтой хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, 2025 оны 01сарын 30-ны өдрийн 2025/ДШМ/** дугаар магадлалаар Ч.О-д холбогдох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т заасан “гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгах” гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн бусад зүйл, хэсгээр гэм буруутайд тооцсон шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба уг магадлал хуулийн төгөлдөр болсон байна. 

            7. Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Д- нь эрүүгийн **** дугаартай хэргийн холбогдогч Ч.О-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа түүний хүсэлтээр тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.О-этэй 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлын өрөөнд, мөн тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Г.Т-тай 2023 оны 08 сарын 02-ны өдөр Улаангом сумын 2-р багийн нутаг дэвсгэр, Бор толгой гэх газар тус тус Ч.О-ийн хамт нэг нэг удаа уулзсан үйл баримт хэрэгт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Д.Д- энэ талаар маргаагүй байна.

            Дээрх уулзалтаар шүүгдэгч Д.Д- нь гэрч Г.Т-, хохирогч Н.О-э нарыг “зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан” гэх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг “хэлбэрийн төдий агуулсан байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            7.1. Өмгөөлөгч Д.Д- нь  гэрч Г.Т-, хохирогч Н.О-э нартай тус бүр нэг удаа уулзахдаа өөрийн үйлчлүүлэгч Ч.О-ийн хүсэлтээр буюу түүний санал санаачлагаар уулзсан байна.

           7.2. Ч.О-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хянан шийдвэрлэх явцад “хохирогч Н.О-э, гэрч Г.Т- нар нь бусдын ятгалгад орж урьд өгсөн мэдүүлгээ өөрчилсөн, улмаар шүүх тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэх талаас нь үнэлэхэд эргэлзэх үндэслэл бий болсон” гэх нөхцөл байдал байхгүй байна.

           Тодруулбал, Ч.О-д холбогдох, *** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд, хохирогч Н.О-ийг хүчиндсэн шүүгдэгчийн үйлдлийн талаар тус хэргийн хохирогч Н.О-э, гэрч Г.Т-, Д.* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг хэрэгт ач холбогдол бүхий, хэргийн үйл баримтыг нотолж чадсан гэж үнэлсэн, өөрөөр хэлбэл хохирогч, гэрчүүд нь хүчиндэх гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлсэн, тэдгээрийн мэдүүлгүүдэд тусгагдсан мэдээлэл нь хоорондоо агуулгын зөрүүгүй тул шүүгдэгчийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон талаар дүгнэсэн байна.

Эндээс үзэхэд, шүүгдэгч Ч.О-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хянан шийдвэрлэх явцад “гэрч, хохирогч нь бусдын ятгалгад орж зориуд худал мэдүүлэг өгсөн, улмаар хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

           7.3. Гэрч Г.Т-, хохирогч Н.О-э нартай өмгөөлөгчийг уулзуулах санаа, сэдлийг түүний үйлчлүүлэгч Ч.О- гаргасан, энэ тохиолдолд өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ уг хүсэлтийг хүлээн авахгүй татгалзах ёстой байсан гэх хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр хэргийн гэрч, хохирогч нартай уулзахыг хориглосон, эсхүл зөвшөөрсөн эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байна.

            Мөн өмгөөлөгч нь гэрч хохирогчтой уулзах санаа сэдлийг өөрөө гаргаагүй, үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр тэдэнтэй тус бүр нэг удаа уулзахдаа “тухайн хүнээ сайн судалсан, сул талыг нь ашиглаж өөрийн санаа бодлоо тулгасан, ямар нэг ашиг сонирхол, шан харамж амалсан, айлгаж дарамталсан” зэрэг хууль бус идэвхтэй үйлдэл гаргаагүй байна.

            “Ятгах” гэдэг үйл үг нь “өөрийн санаа бодлоо бусдад зөвшөөрүүлэх зорилготой хийсэн үйлдлийг ойлгох” тул ятгаж байгаа хүнээс багагүй чармайлт шаарддаг бөгөөд үр дүнд нь “ярилцсан хүнтэйгээ өөрийн санаа бодлоо нэгтгэж, нэгдмэл шийдвэрт хүрсэн байдаг”.

            Өөрөөр хэлбэл нэг уулзаад өнгөрсөн, өөрийн санаа бодлоо хэлсэн болгоныг “ятгасан” гэж үзэхгүй бөгөөд шүүгдэгч Д.Д- нь гэрч Г.Т-, хохирогч Н.О-э нартай тус бүр нэг удаа уулзаж “мэдүүлгээ өөрчлөөд өгөөч” гэж хэлсэн үйл баримтыг “тэдгээрийг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан” гэж дүгнэх боломжгүй юм.

            8. Хууль зүйн дүгнэлт:

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан “Гэрч, хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг” нь Эрүүгийн хуулийн Хорин нэгдүгээр бүлэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах ба тухайн гэмт хэргийн үндсэн объект нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа байдаг.

           Гэмт хэргийг илрүүлэх, нотлох ажиллагаанд нотолгооны гол хэрэгсэл болох гэрч, хохирогчийн мэдүүлгийг бодит байдлаас өөрчлүүлэх зорилгоор тэдгээрт хууль бусаар нөлөөлөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, удаашруулах, бодит үр дүнд сөргөөр нөлөөлөх төдийгүй шударга ёсыг тогтооход саад учруулдаг үр дагавартай.

            Харин шүүгдэгч Д.Д-гийн, үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр Ч.О-д холбогдох эрүүгийн хэргийн хохирогч болон гэрчтэй нэг нэг удаа уулзсан үйлдлийн улмаас хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хянан хэлэлцэх ажиллагаанд саад учруулсан, хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үр дагавар бий болоогүй байна.

Тодруулбал,  шүүгдэгчийн хохирогч, гэрчтэй уулзсан үйлдэл нь тухайн хэргийн оролцогчийн  хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолд хохирол, хор уршиг учруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан, саад учруулсан, хэргийн үйл баримтыг бодит байдлаас гуйвуулсан гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.Д-гийн гэрч, хохирогчтой уулзсан гэх үйлдлийн улмаас бодитой хор уршиг /хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд саад/ учраагүй, шалтгаант холбоо байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив шинж тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч Д.Д- нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санаа зорилго байсан, түүндээ хүрэхийн тулд хууль бус идэвхи чармайлт гаргасан, түүнийг нь өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хуульд заасан эрх хэмжээ, хязгаараас хальсан үйлдэл хийсэн” гэж дүгнэхээр нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан.

            Тус зохицуулалтын зорилго нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал бүр ялгаатай учир хэлбэрийн хувьд гэмт хэргийн шинжийг агуулсан тохиолдол бүрийг гэмт хэрэгт тооцох нь учир дутагдалтай тул Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн тухайн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй тохиолдолд гэмт хэрэгт тооцохгүй байх агуулгатай байна.

   Иймд шүүгдэгч Д.Д-гийн, эрүүгийн *** дугаартай хэргийн шүүгдэгч Ч.О-д өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж, өмгөөлөгчөөр ажиллахдаа тус хэргийн хохирогч Н.О-э, гэрч Г.Т- нартай нэг удаа уулзаж,  “мэдүүлгээ өөрчлөөд өгөөч” гэж хэлсэн үйлдлийн  нийгмийн аюулын хэр хэмжээ нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учруулаагүй  байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос шүүгдэгч Д.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.      

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/**  дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, *** дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Д-г цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, мөн зүйлийн 2.4-т зааснаар цагаатгагдсан этгээд өөрт хохирол учирсан гэж үзвэл хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.МӨНХЖАРГАЛ

                  ШҮҮГЧ                              М.НЯМБАЯР         

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.АЛТАН