Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2018/0256/З |
Дугаар | 221/МА2018/0598 |
Огноо | 2018-11-21 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2018/0598
2018 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 221/МА2018/0598 | Улаанбаатар хот |
“И Э Ж А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, У.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0571 дүгээр шийдвэртэй, “И Э Ж А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0571 дүгээр шийдвэрээр: “...1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах” тухай 123 дугаар шийдвэрийн “2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, XY-016691 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 693 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч “И Э Ж А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн энэ шийдвэрийг биелүүлэхдээ нэхэмжлэгч “И Э Ж А” ХХК-ийн XY-016691 дүгээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасан “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр”-өөс үргэлжлүүлэн тооцвол зохихыг дурдаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3-т заасныг зөрчиж шүүхийн шийдвэрийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр буюу 34 өдрийн дараа албажуулж баталгаажуулсан болохыг дурдаж байна. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал сунгаж, улмаар энэ талаар 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6/1053 дугаар мэдэгдэл, тусгай зөвшөөрлийн эх хувийн хамт 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ц.Түмэн гэж иргэн гарын үсэг зурж хүлээн авсан байдаг. Нэхэмжлэгч Ц.Түмэн гэх хүнийг танихгүй, манай компанид ажилладаггүй хэмээн шүүх хуралдаанд тайлбарласан атлаа нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мөнхдэлгэр нь манай компанид ажиллаж байсан Ц.Түмэн гэж хүнийг танина мэднэ гэж тайлбар хийсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зөрүүтэй тайлбарыг анхаарч үзээгүй хэт нэг талын байр суурийг баримталсан.
Хариуцагчаас Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” 123 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал тооцож сунгасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасан заалтад нийцэж шийдвэрлэсэн гэж тайлбарласаар байтал анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг дээр дурдсан үндэслэлээр хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тухай тайлбарлаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3/36589 дүгээр албан бичгээр “И Э Ж А” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XY-016691 дүгээр тусгай зөвшөөрлийн зөвхөн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх хязгаарлалт хийхийг мэдэгдсэн байдаг бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 7/2269 дүгээр албан мэдэгдлээр хязгаарлалтад бүртгэсэн тухай хариуг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж байсан. Уг хоёр албан бичгээр нэхэмжлэгчийн ээлжит жилийн төлбөрийг төлөхийг хязгаарлаагүй зөвхөн захиран зарцуулах эрхийг хязгаарласан байдаг.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0571 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “И Э Ж А” ХХК-д Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Хонгор овоо нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XY-016691 дүгээр тусгай зөвшөөрлийг 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар хариуцагчаас олгож шийдвэрлэсэн[1] бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 739 дүгээр шийдвэрээр[2] “И Э Ж А” ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, XY-016691 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.
Уг шийдвэрийн дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1147 дугаар шийдвэрээр[3] “И Э Ж А” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхээр болж, улмаар хариуцагч 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай” 123 дугаар шийдвэрээр[4] “И Э Ж А” ХХК-ийн XV-016691 дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцож, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад[5] тэмдэглэгээ хийжээ.
Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаар шийдвэрийн хугацаа заасан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэх үндэслэлд хамаарч байх тул илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй гэж дүгнэн, уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан үндэслэл байгаа тохиолдолд захиргааны акт илт хууль бус болж, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхаар хуульчилжээ.
Захиргааны ерөнхий хууль 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн ба уг хууль хэрэгжихээсээ өмнөх харилцаанд үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаар шийдвэрийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох шинжүүдийг агуулж байгаа эсэхийг шүүх хянах учиртай.
Шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгч хариуцагчийн 123 дугаар шийдвэр нь захиргааны акт илт хууль бус болох шинжийн чухам алинаар нь маргаж байна түүнд дүгнэлт өгч, шийдвэрлэх бөгөөд “И Э Ж А” ХХК нь тухайн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ашигт малтмалын тухай хуулийн 56, 58 дугаар зүйлүүдийг буруугаар тайлбарлан илт хууль бус шийдвэр гаргасан” гэж тайлбарлаж байхад түүнийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэх үндэслэлд хамаарч байна гэж үзсэн нь үндэслэлгүй төдийгүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “...манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй байсан бол хугацаа сунгасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх байсан” гэх тайлбараас үзвэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын дзэрх 123 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг илт хууль бус гэж үзэхээргүй байна.
Хариуцагч 2016 оны 123 дугаар шийдвэрээрээ нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн сунгасан талаар нэхэмжлэгчид 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6/1053 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлснийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ц.Түмэн гэж иргэн гарын үсэг зурж хүлээн авсан гэж тайлбарлах боловч Ц.Түмэн нь “И Э Ж А” ХХК-д ажилдаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 693 дугаар шийдвэрээр[6] Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит /7 дахь/ жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр 5 аж ахуй нэгжийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор нэхэмжлэгч “И Э Ж А” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Хонгор овоо гэх газарт байрлах ашигт малтмалын хайгуулын XY-016691 дугаартай тусгай зөвшөөрөл багтсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “... заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл ... тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан хариуцагчийн 2016 оны 123 дугаар шийдвэр, XV-016691 дүгээр тусгай зөвшөөрлийн хавсралтаас үзвэл нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй, уг хугацааг хэтэрсэнээр 30 хүртэл хоногийн дотор алданги төлсний үндсэн дээр 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Ашигт малтмалын тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй.
Хариуцагчаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл хүргүүлэх үүрэгтэй төдийгүй түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой тусгахыг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т хуульчилж өгсөн бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/1685 /7/1886/ дугаар мэдэгдэлд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хэзээнээс өмнө төлөх ёстой байсан талаар тодорхой тусгаагүй, анх олгосон огноо 2018.12.01 өдөр гэж тэмдэглэсэн төдийгүй, нэхэмжлэгчээс 7 дахь жилийн төлбөрийг, алдангийн хамт 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлөх үед Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах болсон талаар мэдэгдэл, шийдвэрийг гаргаагүй, хожим Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7/8046 дугаар мэдэгдлийн дагуу “И Э Ж А” ХХК нь тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг, алдангийн хамт 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсний дараа мөн оны 12 дугаар сарын 14-ний өдөр 693 дугаар шийдвэрийг гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
Тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцох талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д зохицуулсан байх тул анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад энэ талаар дурдах шаардлагагүй байсан төдийгүй хариуцагчийн 2016 оны 123 дугаар шийдвэрийн холбогдох хэсэг илт хууль бус болох үндэслэлгүй гэж үзэж хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангасан ч 2017 оны 693 дугаар шийдвэрийг зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 128/2015/0223/З индекстэй хавтаст хэргийн 46 хуудас
[2] 128/2015/0223/З индекстэй хавтаст хэргийн 197 хуудас
[3] Хавтаст хэргийн 1-47 хуудас
[4] Хавтаст хэргийн 1-53 хуудас
[5] Хавтаст хэргийн 1-52 хуудас
[6] Хавтаст хэргийн 1-48 хуудас