Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 37

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, нарийн бичгийн дарга А.Г , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А , О.Г , М.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У , З.А , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З , Д.О , өмгөөлөгч Г.М нарыг оролцуулан “О ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны ******* тоот сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “О ” ХХК

Хариуцагч: Харилцаа холбооны зохицуулах хороо, 

Хариуцагч: Харилцаа холбооны зохицуулах хорооны ******* тоот сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт

Гуравдагч этгээд: “Э Б С” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох ******* тоот сонгон шалгаруулалт”-ын ажлын хэсгийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн санал, дүгнэлт болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2016 оны 7 дугаар сард “Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах

тусгай зөвшөөрөл олгох ******* тоот сонгон шалгаруулалт” зарласан бөгөөд уг сонгон шалгаруулалтад “О ” ХХК оролцсон билээ. Харилцаа холбооны зохицуулах хороо нь сонгон шалгаруулалтын материалыг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээж аваад 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 03/1635 тоот “Сонгон шалгаруулалтын мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “О ” ХХК-ийг уг сонгон шалгаруулалтад шалгараагүй болохыг мэдэгдсэн. Бидний зүгээс 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 01/20 тоот албан бичгээр Харилцаа холбооны зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд уг гомдлын хариуг 2016 орны 9 дүгээр сарын 13-ны 01/1766 тоот албан бичгээр ирүүлснийг бид 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээж авсан. Уг тоотод бичсэнээр сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтын баримт бичгийн 2.24.1 заалтын дагуу сонгон шалгаруулалтын төслийн үндсэн 3 үзүүлэлтийг 10 дэд үзүүлэлтүүдэд ангилж ач холбогдлоор нь 100 хүртэл оноогоор нарийвчлан үнэлсэн бөгөөд “О ” ХХК-ийн ирүүлсэн төсөл техник, технологийн шаардлага хангах үнэлгээнд нийт 40 оноо авахаас 29.8 оноо, үйлчилгээний шаардлага хангах үнэлгээнд нийт 40 онооноос 34.2 оноо, санхүүгийн шаардлагын үнэлгээнд нийт 20 оноо авахаас 17.8 оноо буюу нийт 81.8 оноо авсан болохыг мэдэгдсэн байна. Ингээд сонгон шалгаруулалтад оролцсон “Э Б С” ХХК-ийг шалгарсанд тооцож Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 48 тоот “Сонгон шалгаруулалтын дүнгийн тухай” тогтоол гаргажээ. 

Бидний зүгээс энэхүү сонгон шалгаруулалтад өндөр ач холбогдол өгч ажлын хэсэг гарган материал бэлтгэсэн бөгөөд бидэнтэй өрсөлдсөн “Э Б С” ХХК-тай харьцуулахад бид техник, технологи, үйлчилгээний шаардлага болон санхүүгийн шаардлагын үнэлгээнд нийт 9,6 оноогоор дутуу үнэлэгдсэнийг эс зөвшөөрч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Харилцаа холбооны зохицуулах хорооны “Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернэтийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох, ******* тоот сонгон шалгаруулалт”-ын ажлын хэсгийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн санал, дүгнэлт болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны ******* тоот сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус хороо, сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У би “О ” ХХК нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос ******* тоот “Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зарлаж, сонгон шалгаруулалтын урилгыг “Өдрийн сонин”-ны №156 дугаарт болон тус Хорооны www.crc.gov.mn вэб сайтаар олон нийтэд мэдээлсэн. Энэхүү сонгон шалгаруулалтын урилгад сонгон шалгаруулалтын төслийг 2016 оны 8 дугаар 15-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө тус хороонд ирүүлэхээр заасан.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа болоход “Э Б С” ХХК, “К” ХХК, “О ” ХХК гэсэн 3 оролцогч сонгон шалгаруулалтын төслөө үнэлгээний хороонд ирүүлсэн.

Үнэлгээний хороо нь сонгон шалгаруулалтын төслийг сонгон шалгаруулалтын баримт бичиг /цаашид СШББ гэх/-ийн 2.17 заалтын дагуу хүлээн авч, 2.20.1 заалтын дагуу сонгон шалгаруулалтад оролцогчдын төлөөллийг байлцуулан сонгон шалгаруулалтын нээлтийг хийсэн. Сонгон шалгаруулалтын нээлтийг хийхэд “К” ХХК-ийн ирүүлсэн төслийн гаднах хайрцгийн бичиглэл битүүмжлэл бүрэн боловч төслийн доторх “эх хувь”, “хуулбар хувь” гэсэн материал нь тус бүр битүүмжлэл хийгдээгүй байгаа нь СШББ-ийн 2.14.1 заалтыг хангаагүй тул СШББ-ийн 2.18.1, 2.20.3 заалтуудын дагуу ирүүлсэн төслийн материалыг хүлээж авахаас татгалзсан.

Харин бичиглэл, битүүмжлэл бүрэн хийгдсэн “Э Б С” ХХК, “О ” ХХК-уудын ирүүлсэн төслийг хүлээн авч, үнэлгээнд оруулахаар үнэлгээний хороо шийдвэрлэсэн.

Сонгон шалгаруулалтын үнэлгээний ажлын хэсэг нь 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр СШББ-ийн 2.12 заалт буюу сонгон шалгаруулалтын төслийн хүчинтэй хугацаанд хуралдаж, СШББ-ийн 2.23; 2.24 заалтуудын дагуу сонгон шалгаруулалтын үнэлгээг 2 шатлалтайгаар явуулахаар шийдвэрлэсэн. Үүнд:

Нэг: СШББ-ийн 2.23 заалтын дагуу оролцогчдын ирүүлсэн сонгон шалгаруулалтын төслийг нарийвчлан үнэлэхээс өмнө төслийн иж бүрдлийн бүх болзлыг хангасан эсэхийг СШББ-ийн тавдугаар бүлгийн хавсралт 1-ийн дагуу хянаж үзэх;

Хоёр: Иж бүрдлийг бүрэн хангасан сонгон шалгаруулалтын төслүүдийг СШББ-ийн “Сонгон шалгаруулалтын төслийг үнэлэх, харьцуулах” гэсэн 2.24 заалтын дагуу 100 хүртэл оноогоор үнэлж, авсан оноогоор харьцуулалт хийж байр эзлүүлэх.

Иймд үнэлгээний ажлын хэсгийн гишүүд СШББ-ийн 2.23.1 заалтын дагуу оролцогчдын ирүүлсэн төсөлд СШББ-ийн 5 дугаар бүлгийн хавсралт 1-д тодорхойлогдсоноор нийт 30 иж бүрдэл (хууль эрх зүй-6, эдийн засаг санхүү маркетинг-4, үйлчилгээ-4, танилцуулга-8, техник-8)-ийн шаардлагыг оролцогч тус бүрээр хянан үзэхэд “Э Б С” ХХК, “О ” ХХК-уудын ирүүлсэн төсөл нь сонгон шалгаруулалтын иж бүрдлийн шаардлагыг бүрэн хангасан байсан тул СШББ-ийн 2.24 заалтын дагуу нарийвчилсан үнэлгээнд оруулахаар үнэлгээний ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй тогтсон.

Үнэлгээний ажлын хэсгийн гишүүд СШББ-ийн Сонгон шалгаруулалтын баримт бичгийг үнэлэх, харьцуулах тухай 2.24.1 заалтын дагуу сонгон шалгаруулалтын төслийн үндсэн 3 үзүүлэлтийг 10 дэд үзүүлэлтүүдэд ангилж ач холбогдлоор нь оноо өгөх, дүгнэх үнэлгээний хүснэгтийг хэлэлцэн тогтсон.

СШББ-ийн иж бүрдлийг хангасан “Э Б С” ХХК, “О ” ХХК-уудын ирүүлсэн сонгон шалгаруулалтын төслийг СШББ-ийн “Сонгон шалгаруулалтыг үнэлэх, харьцуулах” гэсэн 2.24.2 заалтын дагуу боловсруулсан үнэлгээний хүснэгтээр үнэлгээний ажлын хэсгийн гишүүн бүр 100 хүртэл оноогоор нарийвчлан үнэлсэн.

Үнэлгээний ажлын хэсгийн гишүүн тус бүрийн өгсөн онооны арифметик дунджаар ерөнхий үнэлгээг 2.24.2 заалтын дагуу боловсруулахад “Э Б С” ХХК-ийн ирүүлсэн сонгон шалгаруулалтын төсөл нь 91.6 оноо, “О ” ХХК-ийн ирүүлсэн сонгон шалгаруулалтын төсөл нь 81.8 оноо тус тус авсан.

Үнэлгээний ажлын хэсгийн гишүүд СШББ-ын 2.24.2 заалтын дагуу сонгон шалгаруулалтын төслийг 100 хүртэл оноогоор үнэлж, авсан оноогоор харьцуулалт хийж байр эзлүүлэхэд “Э Б С” ХХК-ийн ирүүлсэн сонгон төслийг үнэлсэн оноо “О ” ХХК-ийн төслийг үнэлсэн онооноос 9.8 оноогоор илүү тул СШББ-ын 2.24.3 заалтын дагуу “Э Б С” ХХК-ийн ирүүлсэн сонгон шалгаруулалтын төслийг эхний нэг оролцогч гэж үзсэн тул Үнэлгээний ажлын хэсгийн бүх гишүүд санал нэгтэйгээр “Э Б С” ХХК-ийн ирүүлсэн сонгон шалгаруулалтын төслийг “ШАЛГАРСАН” гэж дүгнэсэн.

“О ” компанийн хувьд:

• СШББ-ийн 2.8 “Сонгон шалгаруулалтын иж бүрдэл”-д зааснаар “сонгон шалгаруулалтын шалгах хуудас”-д сонгон шалгаруулалтад оролцогч тухайн материалыг бүрдүүлсэн бол тэмдэглэгээ хийж, хуудасны дугаарыг тэмдэглэх шаардлагатай. Гэтэл “О ” ХХК-ийн ирүүлсэн төслийн шалгах хуудасны тоо, бүрдүүлэлт хийсэн тэмдэглэгээ доорх заалтуудын тэмдэглэх хэсэгт байхгүй.

/Үүнд: 3.2.4, 3.2.5, 3.2.6, 3.2.7, 3.2.8/

• О ХХК-ийн ирүүлсэн төслийн шалгах хуудасны тоо доорх заалтуудад тодорхой хуудас зааж өгөөгүй. Бүгд нэг ижил (82-132), (159-412), (601) гэсэн хуудасны дугаарлалттай. /Үүнд: 2.9.7, 2.9.8, 2.9.10, 2.9.11, 3.1.2, 3.1.4, 3.1.5, 3.1.6, 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.4, 3.2.5, 3.2.6, 3.2.7, 3.2.8, 3.2.9/

Сонгон шалгаруулалтын төслийн материалыг СШББ-т заасан жишиг маягтын дагуу хийгээгүй. Үүнд:

1) Хавсралт 3 “Тухайн ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах ажиллах хүчний тухай мэдээлэл”,

2) Хавсралт 6 “Өргөдлийн маягт”-уудыг жишиг маягтын дагуу бүрдүүлэлт хийгээгүй тул зарим мэдээлэл байхгүй.

• Шалгуур үзүүлэлтийн дагуу бүрдүүлсэн материал нь ойлгомжгүй тул хангалтгүй гэж үзсэн. Үүнд: 3.2.1. “Ашиглах техник, тоног төхөөрөмж, сүлжээний танилцуулга, техникийн үндсэн үзүүлэлтүүдийг жагсаалтаар ирүүлэх ба тоног төхөөрөмж тус бүрийн зориулалт, үзүүлэлт, холболтын схем, зураглал, тайлбарыг хавсаргасан байх”, 3.1.6. “Хамрах хүрээ нь Улаанбаатар хотоор хязгаарлагдах (Багануур, Багахангай, Налайх дүүргүүд орохгүй) ба хамрах хүрээний зураглал ба тооцооллыг хийж ирүүлнэ.”

• Шалгуур үзүүлэлт 1.2. Байгуулахаар төлөвлөж буй сүлжээний бүтэц, тухайн бүсийг бүрэн хамрах оновчтой зохион байгуулалт, хамрах хүрээний тооцоолол

• СШББ-ын 3.1.6 “Хамрах хүрээ нь Улаанбаатар хотоор хязгаарлагдах (Багануур, Багахангай, Налайх дүүргүүд орохгүй) ба хамрах хүрээний зураглал ба тооцооллыг хийж ирүүлнэ” гэсэн заалтын дагуу Сүлжээний хамрах хүрээний зураглал хийснийг хангалтгүй гэж үзсэн. Учир нь бааз станцуудыг хаана, ямар цэгт байрлуулах байршлын мэдээллийг оруулж өгөөгүй байгаа нь Улаанбаатар хотыг радио сүлжээгээр хэрхэн хамрах, бааз станцын байршлыг хэрхэн оновчтой байрлуулсан эсэх нь тодорхойгүй байна. /Хуудас 111/ Мөн хаалтан дотор Буяанаа графикаар харуулах гэж улаан өнгөөр бичиж үлдээсэн бөгөөд график байхгүй/

• “О ” ХХК-ийн ирүүлсэн төслийн “Төсөл хэрэгжүүлэх техник шийдэл, төлөвлөгөө, баримт бичиг” гэсэн 2 дугаар бүлэгт хэд хэдэн тоног төхөөрөмжийн мэдээлэл оруулсан. Тухайн төхөөрөмжийг хаана, ямар зориулалтаар ашиглах нь ойлгомжгүй. Сүлжээний диаграмм хангалтгүй, ирүүлсэн тоног төхөөрөмжүүд нь байхгүй. Тухайн төхөөрөмжүүд нь сүлжээний топологи зурагт тусгагдаж өгөөгүй” гэжээ. 

Гуравдагч этгээд “Э Б С” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд гаргасан “О ” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна.

Манай компани Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2016 оны 7 дугаар сард зарласан “Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл” олгох Сонгон шалгаруулалтад оролцсон юм.

Ингэж оролцохдоо Сонгон шалгаруулалтын болзол шаардлагын дагуу бүх бичиг баримтыг бүрдүүлж, хуульд заасан хугацаанд хүргүүлсэн.

Сонгон шалгаруулалт явагдаж дууссаны дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооноос 03/1631 тоот албан бичгээр манай компанийг Сонгон шалгаруулалтын хамгийн дээд оноог авч шалгарсан учраас Сонгон шалгаруулалтын баримт бичгийн 2.27-д зааснаар эрхийн төлбөрийг төлж, гэрээ

байгуулахыг мэдэгдсэний дагуу зохих төлбөрийг төлж, тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулсан. Бид Харилцаа холбооны зохицуулах хороотой гэрээ байгуулсан цагаас хойш өнөөдрийг хүртэл үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээ хэлэлцээрүүдээ хийж, тендерийн нөхцөл шаардлагын дагуу техник тоног төхөөрөмжтэй холбоотой ажиллагаанууд болох бааз станцууд суурилуулах байршилд гэрээ байгуулах, шилэн кабел татах, холбогдох техникийн нөхцөл авах, боловсон хүчнийг сургах зэрэг олон ажлуудыг гүйцэтгэж, олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна.

Бид Сонгон шалгаруулалтад хуулийн дагуу шударгаар оролцож, шалгарсан бөгөөд эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа цаг хугацаанд нь эхлүүлэхээр ихээхэн хэмжээний банкны зээл авч, дээрх хөрөнгө оруулалтыг хийж байгаа билээ. Үүнээс гадна Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгон шалгаруулалтыг хууль журмын дагуу явуулсан гэж үзэж байгаа тул “О ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “О ” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2016 оны 7 дугаар сард зарласан “Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох ******* тоот сонгон шалгаруулалт”-ын ажлын хэсгийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн санал, дүгнэлт болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. 

Нэхэмжлэгч нь “...“Э Б С” ХХК-тай харьцуулахад бид техник, технологи, үйлчилгээний шаардлага болон санхүүгийн шаардлагын үнэлгээнд нийт 9,6 оноогоор дутуу үнэлэгдсэнийг эс зөвшөөрч байгаа тул ... нэхэмжлэл гаргаж байна” гэжээ. 

“Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох ******* тоот сонгон шалгаруулалт”-ын ажлын хэсгийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн санал, дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд. 

Сонгон шалгаруулалтын үнэлгээний ажлын хэсэг нь оролцогч 3 компаниас “Э Б С” ХХК, “О ” ХХК-уудын ирүүлсэн төслийг шаардлага хангасан гэж үзэж, сонгон шалгаруулалтын үнэлгээг 2 шатлалтайгаар, төслийн иж бүрдлийн бүх болзлыг хангасан эсэхийг хянаж, Сонгон шалгаруулалтын баримт бичгийн /СШББ/ “Сонгон шалгаруулалтыг үнэлэх, харьцуулах” гэсэн 2.24.2 дахь заалтын дагуу төслүүдийг 100 хүртэл оноогоор үнэлж, авсан оноогоор нь харьцуулж, төслийн үндсэн 3 үзүүлэлтийг 10 дэд үзүүлэлтүүдэд ангилж ач холбогдлоор нь оноо өгч, дүгнэжээ. 

Үнэлгээний ажлын хэсгийн гишүүн тус бүрийн өгсөн онооны арифметик дунджаар ерөнхий үнэлгээг дээр дурдсан 2.24.2 заалтын дагуу хийхэд “Э Б С” ХХК-ийн ирүүлсэн сонгон шалгаруулалтын төсөл нь 91.6 оноо харин “О ” ХХК-ийн төсөл нь 81.8 оноо тус тус авч, 9.8 оноогоор илүү оноо авсан гуравдагч этгээдийг СШББ-ын 2.24.3 заалтын дагуу шалгарсанд тооцож, нэхэмжлэгчид хамгийн дээд оноо аваагүй тул сонгон шалгаруулалтад шалгараагүй тухай 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 03/1635 тоот мэдэгдлийг хариуцагчаас хүргүүлсэн байна. 

Нэхэмжлэгч “О ” компани нь СШББ-ийн 2.8 “Сонгон шалгаруулалтын иж бүрдэл”-д заасны дагуу төслийн шалгах хуудасны тоо, бүрдүүлэлт хийсэн тэмдэглэгээ 3.2.4, 3.2.5, 3.2.6, 3.2.7, 3.2.8 дахь заалтуудын тэмдэглэх хэсэгт байхгүй, зарим заалтуудад тодорхой бус, нэг ижил хуудасны дугаарлалттай, төслийн материалыг СШББ-т заасан жишиг маягтын дагуу хийгээгүй, шалгуур үзүүлэлтийн дагуу бүрдүүлсэн материал нь ойлгомжгүй, сүлжээний хамрах хүрээний зураглал нь хангалтгүй, бааз станцуудыг хаана, ямар цэгт байрлуулах байршлын мэдээллийг оруулж өгөөгүй, Улаанбаатар хотыг радио сүлжээгээр хэрхэн хамрах, бааз станцын байршлыг хэрхэн оновчтой байрлуулсан эсэх нь тодорхойгүй, график зураглал дутуу, төсөлд оруулсан тоног төхөөрөмжийг хаана, ямар зориулалтаар ашиглах нь ойлгомжгүй, сүлжээний диаграмм хангалтгүй, ирүүлсэн тоног төхөөрөмжүүд нь байхгүй, мөн сүлжээний топологи зурагт тусгагдаагүй зэрэг шалтгаанаар тухайн сонгон шалгаруулалтад шалгараагүй гэх хариуцагч Сонгон шалгаруулалтын үнэлгээний ажлын хэсгийн үндэслэлийг хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргээр үгүйсгэх боломжгүй байна. 

Мөн “О ” ХХК 150 бааз станцийг суурилуулахаар давуу талтай байхад 45 бааз станцтай “Э Б С” ХХК-ийг шалгаруулсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайд. Тооны хувьд олон станци суурилуулж байгаа боловч хамгийн гол нь тэдгээр бааз станциуд нь тухайн үйлчилгээг хүргэх зорилтот бүлэгт хүртээмжтэй, радио давтамжийн хувьд бүрэн хамарч чадах эсэх нь чухал байдаг байна. Нэхэмжлэгч “О ” ХХК нь 2021 он гэхэд 194 мянга орчим хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэхээр бизнес төлөвлөгөөндөө заасан бол гуравдагч этгээд “Э Б С” ХХК нь 20 мянга орчим хэрэглэгч байхаар тооцсон байх ба хэрэглэгчийн тооноос шалтгаалж бааз станцийн тоо ялгаатай байжээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн тоо буюу хамрах хүрээнээс шалтгаалж түүнд хүрэх радио давтамж, бааз станцийн тоо тодорхойлогддог байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “...үүрэн холбоо нь 1800 МГц, 2100 МГц, интернет нь 3500 МГц давтамжтай байдаг ба үүнээс шалтгаалж хамрах хүрээ, сүлжээний тооцоолол өөр байх юм. Гуравдагч этгээд “Э Б С” ХХК нь техникийн тооцоолол, сүлжээний асуудлыг 3500 МГц давтамж дээр тодорхой гаргасан бол нэхэмжлэгч “О ” ХХК-ийн хувьд “Ю” ХХК-ийн одоо байгаа үүрэн холбооны антенууд дээр суурилж, сүлжээний асуудлаа шийдэхээр байсан...” гэсэн нь үндэслэлтэй байна. 

Түүнчлэн хэдийгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн сонгосон технологи, тоног төхөөрөмж нь ижил боловч тухайн зарласан тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт нь 50 МГц-ийн зурвасын өргөнтэй гэж заасан байх ба “Э Б С” ХХК-ийн RRU32.. станци нь 20+20+10 буюу 80 МГц хүртэл ажиллах боломжтой бол “О ” ХХК-ийн RRU32.. станцийн техникийн өгөгдлийн хувьд дээд тал нь 40 МГц-ийн хүчин чадалтай ажиллах боломжтой байна. Энэ талаар “О ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа “...RRU32.. станцийн хувь 40 МГц-ийн зурвасын өргөн антенн нь 4 оролттой байх шаардлагатай, бидний хувьд 2 төхөөрөмж зэрэгцүүлж байрлуулахаар 8 оролттой болох бөгөөд нийтдээ 80 МГц болох бөгөөд 50 МГц шаардлагыг хангана...” гэсэн боловч нэхэмжлэгч энэ талаар сонгон шалгаруулалтын материалдаа тусгаагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У “...энэ утгаар нь үнэлгээний хороо ойлгох боломжгүй байсан...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй юм. 

Мөн “...“О ” ХХК нь үйлчилгээний төлбөр тооцооны буюу биллингийн системийн хувьд “Ю”-ийн биллингийг ашиглаад явах боломжтой, “Э Б С” ХХК нь төлбөр тооцооны биллинг систем байхгүй байсан...” гэх гомдлын тухайд. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З шүүх хуралдаан дээр “...Биллингийн системийн өртөг өндөр, бидний хувьд хялбарчилсан системийг дагалдуулж өгөхөөр төлөвлөсөн...” гэх тайлбарыг хийсэн бөгөөд “Э Б С” ХХК-ийн СШББ-ийн 299 дүгээр хуудаст Үндсэн суурь сүлжээний төхөөрөмжүүдийн гүйцэтгэх үүргийг тусгайлан зааснаас Хэрэглэгчийн төлбөр тооцооны систем болох CG9812 /charging gateway/ нь хэрэглэгчийн төлбөрийн мэдээллийг цуглуулж, урьдчилан боловсруулж, төгсгөлийн хувилбарыг биллинг рүү явуулах ба USN9810-тай хамт байрлуулахаар СШББ-ийн 302 дугаар хуудаст заажээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А ын шүүх хуралдаан дээр хийсэн “...Уг төслийг цогцоор нь шийдвэрлэхэд манайх нийт 20 сая долларын тооцоо гаргасан, ялсан компани 4.5 тэрбум төгрөгөөр хийхээр тооцоолсон, ...үнэлгээний ажлын хэсэг гуравдагч этгээдэд илүү оноо өгснийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх тайлбарт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У “...Сонгон шалгаруулалтын зорилго нь бага зардлаар чанартай үйлчилгээг үзүүлэхэд оршиж байгаа, түүнээс их мөнгө төсөвлөсөн компани чанартай үйлчилгээ үзүүлнэ гэж ойлгох боломжгүй, бага зардлаар хийх боломжтой төслийг өндөр зардлаар хийгээд эцэст нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаагийнхаа хувьд хэрэглэгчдэд үнийн дарамт үүсгэж болно...” гэх тайлбар хийсэн үндэслэлтэй байна. Учир нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос зарласан “Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох ******* тоот сонгон шалгаруулалт”-ын гол зорилго нь нийслэл хотын алслагдсан айл өрхөд интернетийн үйлчилгээг түргэн шуурхай, хямд үнээр хүргэх, өөрөөр хэлбэл СШББ-т заасан хамрах хүрээ болон радио давтамжийн хувьд бүрэн хангаж чадах эсэх нь чухал ач холбогдолтой байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр “...ажлын хэсгийн 3, 6 дугаартай гишүүд болох Б.А , Б.Алтангэрэл нар нь бусад гишүүдийн дундаж үнэлгээнээс доогуур оноог манай компанид өгсөн тул ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэлтэй...” гэх тайлбарын тухайд. Сонгон шалгаруулалтын үнэлгээний ажлын хэсэг нь Харилцаа, холбооны зохицуулах хорооны 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах журмын 2.1.7-д зааснаар Зохицуулах хорооны даргын тушаалаар байгуулагддаг бөгөөд журмын 4.2.3-д “Сонгон шалгаруулалтын үнэлгээний ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон албан тушаалтан нь сонгон шалгаруулалтад оролцогчидтой сонирхлын зөрчилтэй бол энэ тухай Үнэлгээний ажлын хэсгийн ахлагчид мэдэгдэж, үнэлгээний ажлын хэсгийн гишүүнээс өөрийн саналаар татгалзах үүрэгтэй”, 4.2.4-д “...Ашиг сонирхлын зөрчил үүссэн учир гишүүн өөрөө татгалзсан тохиолдолд Хорооны дарга ажлын хэсгийн гишүүн эсвэл зарим гишүүдийг өөрчилж, чөлөөлж, нөхөн томилно” гэж заажээ. Нэхэмжлэгчийн зүгээс Сонгон шалгаруулалтын үнэлгээний ажлын хэсгийн дээр дурдсан хоёр гишүүний талаар, тухайлбал сонгон шалгаруулалтад шударга өрсөлдөх боломжийг хязгаарласан болон ашиг сонирхлын зөрчилтэй байсан эсэх асуудлаар гомдлоо харьяаллын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар, Авилгатай тэмцэх газарт хандаж тогтоогдсон үйл баримт байхгүй бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн энэхүү эрхийг хязгаарлаагүй болно. 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар нийтийн ашиг сонирхол, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.16-д “Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр”, 15.16.1-д “радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах” гэж зааснаар дээрх тусгай зөвшөөрлүүдийг мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгодог бөгөөд харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохтой холбоотой харилцааг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 41 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах журам”-аар нарийвчлан зохицуулсан. Тус журмаар Сонгон шалгаруулалтын үнэлгээний ажлын хэсгийн үйл ажиллагааг, тухайлбал сонгон шалгаруулалтын төслийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах чиг үүргийг заасан бөгөөд журмын 4.1.4-д заасан үнэлгээний ажлын хэсгийн дүгнэлтийг зөрчилтэйд тооцох тохиолдол тогтоогдохгүй байх тул “Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох ******* тоот сонгон шалгаруулалт”-ын ажлын хэсгийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн санал, дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

Түүнчлэн дээрх журмын 4.1.1-д “Сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрийг Зохицуулах хорооны хуралдаанаас гаргана”, 4.1.3-д “Зохицуулах хороо нь үнэлгээний ажлын хэсгийн үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт нь энэхүү журам, холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах эрхтэй” болохыг дурдах нь зүйтэй байна. 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухайд.

Тус тогтоол нь Монгол Улсын Харилцаа холбооны хууль, Радио долгионы тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох зүйл заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм, Сонгон шалгаруулалтын Үнэлгээний ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэсэн бөгөөд захиргааны актад тавигдах формаль болон материаллаг эрх зүйн шаардлагыг хангасан байна. 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна” гэж заасан ба Радио долгионы тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн эрх бүхий байгууллагаас радио холбоо зохион байгуулах, түүнийг ашиглан үйлчилгээ эрхлэх, нийтийн үйлчилгээний зориулалтаар радио төхөөрөмж ажиллуулахын тулд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах эрх олгосон баримт бичгийг тусгай зөвшөөрөл гэнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, ... Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл, ... авч, бүртгүүлж ашиглана”, 11.4-д “Ижил радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд өрсөлдүүлэн шалгаруулах журмаар тусгай зөвшөөрөл олгож болно”, мөн Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “харилцаа холбооны талаар баримталж буй бодлогын хүрээнд хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, гэрээ байгуулах”, 14 дүгээр зүйлийн 14.3-д “Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд дээрх 48 дугаар тогтоолыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. 

Мөн хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1766 тоот албан бичигт “...радио давтамжийн 3400-3500 МГц-ийн зурваст дараа үеийн утасгүй холболтын системд ашиглах радио давтамжийн нөөц байгаа тул тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад дахин оролцох боломжтой болохыг мэдэгдэж байна” гэснийг дурдах нь зүйтэй юм. 

 Түүнчлэн нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч “О ” ХХК, “Э Б С” ХХК-аас тухайн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалтай харилцан танилцаж, 2 талынхаа зөрчилтэй баримт, зүйлүүдэд шүүмжлэлтэй хандаж, өөр өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг өгсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас “...“Э Б С” ХХК-ийн сонгон шалгаруулалтын материалын 140-өөд хуудас нь СШББ-ийн 2.7.1-д заасан сонгон шалгаруулалтын төсөл нь Монгол хэл дээр байна гэсэн шаардлагыг хангаагүй, төслийг хэрэгжүүлэхэд 4,474,676,342 төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн атлаа Г банкнаас авсан 6,5 тэрбум төгрөгийн зээлийг тухайн төслийг санхүүжүүлэхэд авсан гэсэн нь зөрүүтэй, инженер техникийн ажилтан, боловсон хүчин дутмаг, үйлчилгээний биллинг буюу төлбөр тооцооны үйлчилгээг тусгаагүй, 45 бааз станцийг суурилуулах нь хангалтгүй, манайх 150 бааз станцийг суурьлуулж, нийт 194 мянган хэрэглэгчдэд үйлчлэх илүү давуу талтай байсан, маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэхэд нотлох баримтаар өгсөн худалдааны гэрээ нь телевизийн сувгийн антенн худалдах авахтай холбоотой байсан” зэрэг тайлбарыг хийсэн. 

СШББ-ийн 2.7.1-д “...сонгон шалгаруулалтын төсөл нь монгол хэл дээр байна. Жич: Зөвхөн техникийн холбогдолтой үг хэллэг, хавсралт материалууд англи хэл дээр байж болно. Бусад хэл дээрх материалыг монгол хэл дээр орчуулан эх хувийг хавсаргасан байна” гэсэн нь техникийн холбогдолтой хавсралт материалын хуудасны хязгаарыг тогтоогоогүй байна. Иймд “Э Б С” ХХК нь төслийн материалыг монгол хэл дээр гаргаж, техникийн холбогдолтой хавсралт материалыг англи хэл дээр өгснийг буруутгах боломжгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...үнэлгээний ажлын хэсгийн гишүүд 2-оос бусад нь бүгд АНУ-д сурч, ажиллаж байсан, тухайн англи хэл дээрх материалыг бүрэн ойлгож, судлах боломжтой...” гэсэн тайлбар өгснийг дурдах нь зүйтэй байна. Мөн банкнаас хэдий хэмжээний зээл авч, хэдийг нь тухайн төсөлд зарцуулах нь гуравдагч этгээдийн эрхийн асуудлаас гадна нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй бөгөөд актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч дээрх асуудлаар маргаагүй, “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10161 дугаар шүүгчийн захирамжид хууль заасан хугацаанд нэхэмжлэгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан. Харин инженер, техникийн болон боловсон хүчний асуудал, тухайн төслийг хэрэгжүүлэхэд хичнээн бааз станц суурилуулж, хэрхэн хамрах хүрээний зураглал, тооцоолол хийсэн зэрэгт Сонгон шалгаруулалтын үнэлгээний ажлын хэсэг холбогдох хууль, журмаар өөрт олгогдсон чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд “Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох ******* тоот сонгон шалгаруулалт”-ын баримт бичгийн хүрээнд мэргэжлийн үнэлгээ, дүгнэлтийг хийжээ гэж шүүх дүгнэв. 

Түүнчлэн “Э Б С” ХХК-ийн сонгон шалгаруулалтын материалын 2 дугаар хавтасны 31 дүгээр хуудас дахь “Утасгүй интернетийн сүлжээ байгуулж, үйлчилгээ нэвтрүүлэх хугацааны хуваарь”-ийн дагуу гуравдагч этгээд төсөл хэрэгжүүлснээс хойш 8 дахь сард гэр хороололд өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээг нэвтрүүлсэн байхаар төлөвлөсөн байх ба энэхүү хуваарийнхаа дагуу эхний 4 сар гаруй хугацааны ажил нь хийгдсэн байхаар байгааг дурдах нь зүйтэй байна. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.16, 15.16.1, Радио долгионы тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.4, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О ” ХХК-ийн “Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох ******* тоот сонгон шалгаруулалт”-ын ажлын хэсгийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн санал, дүгнэлт болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.ДОЛГОРСҮРЭН