Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 203/МА2022/00029

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 29 өдөр Дугаар 203/МА2022/00029 Даланзадгад сум

 

 

 

Ц.*******ын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн

Хүрмэн сумын Засаг даргад холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2022/00225 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Хүрмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4, 449, 991.24 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага:

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Хүрмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4, 449, 991.24 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга:

Ц.******* би 2005 оноос эхлэн Хүрмэн сумын ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлний багшаар ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сард төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцээд тус сургуулийн захирлын албан тушаалд томилуулах тухай төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарсан боловч Сумын засаг дарга Б.******* нь Авлигатай тэмцэх газар руу миний ашиг сонирхлын зөрчилтэй эсэх тодорхойлолт гаргуулахаар хүсэлтээ явуулахгүй удааж, ажилд томилох захирамжаа гаргахгүй байсаар 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилсон.

Тухайн үед би яагаад 3 сарын хугацаатай томилж байгаа юм бэ гэхэд зөвшөөрөхгүй байгаа бол ажиллахгүй байж болно гэсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа байнгын ажлын байр учраас хугацаагүй байгуулах ёстой гэж бодоод гэрээгээ байгуулъя гэхэд байгуулахгүй гэж явсаар 2021 оны 09 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Ингээд гэрээ байгуулахдаа Засаг дарга 2021 оныг дуустал гэрээ байгуулна, 2022 он гарахаар шинэ Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхлэхээр гэрээ шинэчилнэ гэж хэлсэн. Ингээд ажлаа хийж байтал 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамж гарган ажлаас чөлөөлснийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгууллагын и-оффис программаар хүлээн авч мэдсэн. Тус захирамжид хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, хөдөлмөрийн гэрээний 5.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл дурдагдсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээний 5.10 дугаар зүйлд заасан зөрчлийг би гаргаагүй бөгөөд уг зөрчлийг гаргасан гэх шалтгаанаар надад өмнө нь 2 ч удаа буюу 2021 оны 12 дугаар сарын 14-ны А/170 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэл, 2021 оны 12 дугаар сарын 23-ны Б/19 дүгээр захирамжаар 1 сарын хугацаагаар цалингийн хэмжээг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан юм.

Гэтэл сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэх хуулийн заалтыг зөрчиж надад 3 удаа үйлдээгүй зөрчлийн улмаас сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халж буйд гомдолтой байна.

Мөн сумын Засаг дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж буй нь үндэслэлгүй учир хөдөлмөрийн гэрээг цаашид сунгагдахгүй болсон нөхцөл байдал үүсээгүй бөгөөд миний хувьд ердөө 7 сарын хугацаатай л захирлын албан тушаалд ажиллахаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оролцоогүй, цаашид сургуулийн захирлаараа ажиллах хүсэл зоригтой байсан. Цаашид хөдөлмөрийн гэрээг сунгахгүй талаар сумын Засаг даргатай харилцан тохиролцсон зүйл байхгүй. Би 2022 он гарснаас хойш ямар нэгэн цалин аваагүй, ажиллаагүй хугацааны цалин 1 015 759 төгрөг болно.

... Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамжаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан бөгөөд миний хувьд 2021 оны 12 дугаар сарын цалингаа авснаас хойш цалин хөлс аваагүй. Би сард 1 015 759 төгрөгийн цалин хөлс авдаг байсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-т зааснаар миний нэг ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлс 48 369.47 төгрөг, үүнийг нийт ажилгүй байсан хугацааны 92 өдөрт тооцоход /2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл тооцсон/ 4 449 991.24 төгрөг болж байгаа тул өмнө гаргасан 1 015 759 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 3 434 232 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

 

2. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын тайлбар, татгалзлын агуулга

Иргэн Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч байна.

Хүрмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын орон тоо суларч, сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 231.2, 23.2.2 дахь заалтыг үндэслэн Ц.*******тай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж тус сургуулийн захирлын албан тушаалд томилон ажиллуулсан. Энэхүү хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болохоор харилцан тохиролцсон тул Ц.*******ыг ажлаас чөлөөлсөн. Байнгын ажлын байран дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан байх тул дээрх хөдөлмөрийн гэрээг хуульд нийцэж байгуулагдсан гэж үзэж байна.

Ажил олгогчийн зүгээс Ц.*******ыг ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байсан байдалд дүгнэлт хийж, цаашид хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгаж ажиллуулах боломжгүй гэж үзжээ.

Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас аймгийн Засаг даргын 2021 онд баталсан 29 дугаартай удирдамжийн дагуу Хүрмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд баримтын шалгалтыг хийж гарсан зөрчлийг арилгах дахин гаргахгүй байхад анхаарч ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.*******т хариуцлага тооцох аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 70 дугаар албан бичгийг хүлээн авч холбогдох шийдвэрийг гаргасан.

Иймд Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 61 дүгээр зүйлийн 61.1.2, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт тус тус зааснаар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай Ц.*******ыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.*******ыг Хүрмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нийт 4,449,991.24 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгож, мөн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг *******д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,028 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т буцаан олгож, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хүрмэн сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Ц.*******ыг сургуулийн захирлын албан тушаалд томилохдоо Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ы 231.2, 23.2.2 дахь заалтыг үндэслэл болгож, түүнийг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага, тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа хэрэглэсэн байдаг.

Энэхүү үйл баримтыг шүүхээс дүгнэхдээ нэгэнт төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байхад туршилтын хугацаа хэрэглэхгүй байх агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хууль болон бусад эрх зүйн актад төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн бол туршилтын хугацаа хэрэглэхгүй гэсэн зохицуулалт байхгүй бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэхээс үл хамаарч туршилтын хугацаа хэрэглэх эсэх нь ажил олгогчид хуулиар олгосон сонголт бүхий эрх болно.

Ц.******* нь сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн болох нь Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтаар тогтоогдож, уг албанаас ирүүлсэн саналын дагуу сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/170 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэлийг, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн албан хаагчдад арга хэмжээ авхуулахаар хүргүүлсэн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 71 дүгээр албан бичгийн хэрэгжилтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзсан нь сахилгын шийтгэлтэй тооцогдох хугацаанд дахин сахилгын зөрчил гаргасан үндэслэл болж байгаа тул сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар цалингийн хэмжээг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус хүлээж, энэхүү сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн талаарх нотлох баримтыг гарган үндэслэл бүхий тайлбарыг хийсэн байдаг.

Түүнчлэн Сумын Засаг даргын зүгээс Ц.*******ыг Хүрмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажилласан байдал, гаргасан зөрчил зэргийг харгалзан Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан ёс зүйгээр бусдыг үлгэрлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд өөрөө үлгэрлэн манлайлах, хуульд нийцсэн оновчтой, үр дүнтэй шийдвэр гаргах, бүтээлч санаачилгатай байх, хамт олныг нэгтгэх санхүүгийн болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх зэрэг шаардлагыг хангахгүй байгаа тул цаашид тус албан тушаалд ажиллуулах боломжгүй гэж үзэн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн.

Тэрээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэлийг ногдуулах эрхтэй ч ажилтны дараагийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд нь нөлөөлөх эрх зүйн үр дагаврыг харгалзан үзэж хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн талаар дурдсан.

Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдал буюу Ц.******* нь 3 сарын хугацаанд сургуулийн захирлаар ажиллах хугацаандаа холбогдох хуулиуд зөрчсөн, албан тушаалын тодорхойлолтод заасан ёс зүйгээр бусдыг үлгэрлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд өөрөө үлгэрлэн манлайлах, хуульд нийцсэн оновчтой, үр дүнтэй шийдвэр гаргах, бүтээлч санаачилгатай байх, хамт олныг нэгтгэх, санхүүгийн болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх зэрэг шаардлагыг хангахгүй байгаа байдал, цаашид сургуулийн захирлаар ажиллуулахад байгууллагын болоод нийтийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлээгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Иймд дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг үнэлээгүй, үйл баримтыг нэг талд ашигтай байдлаар тайлбарлаж дүгнэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2022/00225 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй болно.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолдоо дурдаад байгаа хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий баримтуудыг үнэлээгүй, үйл баримтыг нэг талд ашигтай байдлаар тайлбарлаж дүгнэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх тайлбар үндэслэлгүй.

Ц.*******ыг ажилд томилохдоо туршилтын хугацаа тогтоосон нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг хариуцагч тал үндэслэлгүй гэж тайлбарладаг. Ц.******* шүүх хуралдаан дээр яагаад гурван сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж байгаа юм бэ гэж Засаг дарга *******оос асуухад захирамжийг зөвшөөрөхгүй, гомдолтой байвал ажиллахгүй байж болно гэж хэлдэг. Засаг дарга ******* гэх хүн зүй бус нөлөөллийг нэхэмжлэгчид байнга гаргадаг байсан.

Нэхэмжлэлд дурдсанаар 2021 оны 09 дүгээр сард энэ захирамж гарснаас хойш нийтдээ дөрвөн сарын дараа хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж огноогоо 05 дугаар сарын 03-ны өдөр гэж тавьсан байдаг. Ажил олгогч юуг хэрхэн, яаж шалгах зорилгоор туршилтын хугацааг тогтоосон нь тодорхойгүй гэдэг нь үндэслэлтэй.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Гэхдээ талууд тохиролцсоноор хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Мөн давж заалдах гомдолд дурдагдаагүй ч гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж байгаа бол ажил олгогч болон ажилтан хоорондоо харилцан тохиролцоод хөдөлмөрийн гэрээг цаашид үйлчлэхгүй болгох болсон гэх урьдач нөхцөл байдал үүссэн байх ёстой. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэрэг нөхцөл байдалд байхгүй байгаа нь илэрхий харагддаг. Ийм учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад давж заалдах гомдол үндэслэлтэй байна гэж үзэн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

 

2. Анхан шатны шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 61 дүгээр зүйлийн 61.1.2, 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаар Ц.*******ыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Ц.*******ыг Хүрмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нийт 4,449,991.24 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг *******д даалгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг үнэлээгүй, үйл баримтыг нэг талд ашигтай байдлаар тайлбарлаж дүгнэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж, шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс хэргийн бодит байдлыг бүрэн зөв тогтоогоогүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна гэж дүгнэв.

 

4. Нэхэмжлэгч Ц.******* нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны а/191 дүгээр тушаал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.10 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан, гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч ажлаас буруу халсан, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах зэрэг шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацаанд гаргуулах цалингийн хэмжээг ихэсгэсэн байна.

 

5. Ц.*******ын гомдол нь Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байх бөгөөд тэрээр гомдлоо мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтад заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байна.

 

6. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн үндэслэлээ ажил олгогч нь 3 сарын туршилтын хугацаа тогтоож, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь үндэслэлгүй гэснийг хариуцагч талаас байнгын ажлын байранд талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулж болно гэсэн хуулийн заалтын дагуу тохиролцож хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан..., ... Өмнөговь аймгийн санхүүгийн аудитын албанаас зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар ирүүлсэн саналд шаардлагагүй гэсэн хариуг өгч биелүүлээгүйгээс тухайн газраас Ц.*******т хариуцлага тооцох саналыг Засаг даргад ирүүлсэн, ...хоёр удаа тус тусдаа гаргасан зөрчилдөө 2 удаа арга хэмжээ авагдсан, өөрөө зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг... гэсэн үндэслэлээр маргасан байна.

 

7. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7.1. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн б/05 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 231.2, 23.2.2-д заасныг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаагаар Ц.*******ыг тус сумын Ерөнхий боловсролын захирлын албан тушаалд томилж, мөн өдрөө байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.3-д Хөдөлмөрийн гэрээний хугацаа: 2021оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31 гэж зааж, гэрээнд ажил олгогч: Засаг дарга *******, ажилтан ******* гэж гарын үсэг зурсан байна.

7.2. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар "байнгын ажлын байр" гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгоно. Талууд Ц.*******ыг байнгын ажлын байранд ажиллаж байсан гэдэгт маргаагүй.

Хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хууль тогтоомж болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан тухай ажилтны нэхэмжлэл нь шүүхээр хянан шийдвэрлүүлэх маргаан болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.8-т заажээ.

Талууд харилцан тохиролцоогүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан бол ажилтанд хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг дордуулсан гэж Хөдөлмөрийн хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.8-т зааснаар шүүхэд гомдол гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрх үүсэх байсан.

Нэхэмжлэгч тал хуульд зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах байтал хугацаатай байгуулсан гэж маргаж байх боловч тухайн хөдөлмөрийн гэрээг байгуулах тухайн үед хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар маргаан үүсгэж байсан тухайгаа тайлбарлаж мэтгэлцээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ерөнхий боловсролын захирлын ажилд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагч Өмнөговь аймгийн Хүрмэн сумын даргад даалгах, үүрэг болгох тухай шаардлагыг шүүхэд гаргаж байгаагүй байна.

Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл тул уг гэрээний талууд нь Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Ажилтан нь ажил олгогчийн дарамт, шаардлага байсан гэх үйл баримтын талаар тайлбар гаргаагүй тул ажилтан Ц.*******, ажил олгогч ******* нарыг хүсэл зоригоо харилцан илэрхийлж хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, улмаар ажил олгогч нь Ц.*******ыг ажилд томилсон шийдвэр гаргасан гэх үндэслэл тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Гэрээнд гэрээ дуусгавар болох хугацааг 12 дугаар сарын 31 гэж бичсэн бөгөөд 31-нийг хүртэл, эсхүл 31-нийг дуустал буюу өдрийг тухайлан заагаагүй ч талууд гэрээ дуусгавар болох өдрийг 31 гэж мэтгэлцсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт Энэ хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж хууль хүчин төгөлдөр болох хугацааг заасан байна.

Иймд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нь баасан гариг байх ба уг хугацаа өнгөрснөөр 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг баримталж шийдвэрээ гаргасныг хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

7.3. Шүүхийг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 231дүгээр зүйлийн Туршилтын хугацаа-ны зохицуулалтыг буруу тайлбарлаж дүгнэлт хийсэн байна гэж үзэв.

А. Ц.*******ыг ажилд томилсон ажил олгогчийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 231дүгээр зүйлийг баримталсан боловч хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй байгаа нь хуулийн мөн зүйлийн 231.3.Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно гэсэн хуулийн зохицуулалт хэрэгжих үндэслэл бий болохыг буюу харилцан тохиролцсон хөдөлмөрийн гэрээ нь шийдвэр гаргах үндэслэл болохыг шүүх анхаараагүй байна.

Б. Шүүхийг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 23 дугаар зүйлийн 23.2.2.энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг мөн хуулийн зүйлийн 231дүгээр зүйлийн Туршилтын хугацаа гэж ойлгож хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Ажилтан ажил олгогч нар тодорхой үндэслэл, шаардлага, харилцан тохиролцсон хүсэл зоригийн үндсэн дээр хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаатай байгуулж болохыг хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний хугацааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 23 дугаар зүйл нь 23.2.1.байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй;

23.2.2.энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай;

23.2.3.ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар. Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна гэсэн 3 заалттай байгааг, үүнээс хөдөлмөрийн дотоод журамд тусгасан тохиолдолд хуулийн 23.2.3 заалтыг хэрэглэх боломжтой байхад уг шаардлагыг 23.2.2 заалтад хамааруулж дүгнэлт хийжээ.

В. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд /шинэчилсэн найруулга/ Сумын Засаг даргын харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх бүрэн эрхийг нэрлэн заасан бөгөөд уг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.23-т хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх гэдэгт Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх эрх хамаарч байх тул хариуцагч Сумын Засаг даргын гаргасан шийдвэр дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн.

Г. Хөдөлмөрийн дотоод журам гэдэг бол ажил олгогчоос өөрийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдож үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулах баримт бичиг юм. Сумын Засаг дарга нь хуульд заасан буюу бүрэн эрхээ хэрэгжүүлсэн бусад шийдвэртэйгээ холбогдуулж өөрийн байгууллагын дотоодод хэрэгжих хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтаар шүүхэд ирүүлэх нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай гэхэд эргэлзээтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн ажил олгогч өөрийн байгууллагын дотоод журмыг шүүхэд ирүүлээгүй, тодорхой үндэслэл, шаардлагын улмаас туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй үндэслэлээр гэрээг цуцалж дуусгавар болгосон ажил олгогчийн захирамж Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй дүгнэлт гэж үзэв.

8. Хөдөлмөрийн гэрээний 5.10-т Төсвийн тухай хууль болон хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 заалт, 6 дугаар зүйлийн 6.4.1 заалтууд болон бусад хууль дүрэм мөрдөж ажиллах, хандив тусламж өөрийн орлогыг төсөвт бүрэн төвлөрүүлж зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах бөгөөд холбогдох хяналтын байгууллага, улсын байцаагчаар хяналт дүгнэлт зөвлөмжийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах үндэслэл болно. гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь Хүрмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байх үедээ Өмнөговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас хийсэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагааны баримтад хийгдсэн хяналт шалгалтаар Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 51.1.3, 5.1.5, 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1 дэх заалтууд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.4 дэх заалтууд, Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоол, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.2.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн алдаа дутагдал гаргасан гэх үндэслэлээр Сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/170 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэл,

Өмнөговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас хийсэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагааны баримтад хийгдсэн хяналт шалгалтаар Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6 дахь заалтууд, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалт, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Дотоод аудитын дүрэм-ийн 10.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/19 дугаар Хариуцлага тооцох тухай захирамжаар цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус хүлээсэн байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь дээрх 2 удаагийн зөрчил гаргаж, уг үйлдэлдээ сахилгын шийтгэл хүлээж байснаа хүлээн зөвшөөрч байх ба тухайн шийтгэл оногдуулсан Засаг даргын захирамжуудын хууль зүйн үндэслэлийн талаар маргахгүй байна.

Иймд Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаар Ц.*******ыг ажлаас чөлөөлөх тухай захирамжид Хөдөлмөрийн гэрээний 5.10 дахь заалтыг үндэслэсэн нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.

9. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч Ц.*******ыг ажлаас чөлөөлөх тухай Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй зөвхөн нэхэмжлэгч талын Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн учраас энэ албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой гэж үзнэ гэсэн тайлбарыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж, шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,128 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогод үлдээх нь зүйтэй.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Засаг даргын тамгын газар нь төсвийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлтийг үндэслэн Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагчийн давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн байгааг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2022/00225 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******д холбогдуулж Ц.*******ын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,128 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

2. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 143/ШЗ2022/01136 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч ******* нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Л.НЯМДОРЖ