Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 242

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

-улсын яллагч Г.Энхмаа,

-хохирогч Б.Мөнгөнбаяр,

-хохирогчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн,

-шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа,

-шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-д холбогдох эрүүгийн 1734005490029 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар баг Дэнжийн 2-41 тоотод оршин суух, урьд Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 2 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2012 оны 03 дугаар сарыны 29-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгг зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх Б овгийн Д. А

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А нь согтуугаар 2018 оны 11 дүгээр 22-ны өдрийн 19 цагийн үед Төв аймгийн Цээл сумын 3 дугаар баг Паркийн хашаанд Б.Мөнгөнбаярыг “хутга нуулаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт.

шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ:”Надад мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

 

хохирогч Д.Мөнгөнбаяр мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр О.Батболд намайг Агийнд цуг очъё гэж хэлсэн. Бид хоёрыг очиход Д.А, Н.Отгонтуул хоёр бярууны талыг нь өвччихсөн нэг талыг нь хуулаад нэг талыг нь хуулаагүй байсан. Тэгээд бид хоёрыг хоёр дүү хаа хүрч яваа юм гэхэд О.Батболд Н.Отгонтуулыг энэ нэг юмтай уулзах гэж ирсэн юм гэхэд А “чи хүн амины хэрэгтэй хулгайчийг энэ нэг юм гэлээ” гээд О.Батболдыг нэг цохиод алгадсан, тэгээд хоёр дүү энийг өвччих гэхэд нь би нэг хутгыг нь барьж байсан болохоор энэ ер нь эвгүйтэх юм байна гээд өвчсөн талынх нь арьсны дор хутгыг нь хийчхээд хашаанаас гарсан чинь араас зуураад цохилцож аваад гэрлүүгээ заазуурдаж ална гээд чирэх гээд байсан. Би хашааных нь үүд рүү зүтгэсээр байгаад гарсан. Хашааны үүдэнд очиход Н.Отгонтуул намайг хавсарч тэвэрхэд нь би хальтраад унасан Тэгтэл Д.А намайг нүүр лүү хэд хэд өшиглөсөн, миний нүд харанхуйлаад байсан. Эмчилгээний зардал, нааш цааш явсан зардалд нийт 1.500.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Мөнгөнбаярын мэдүүлсэн: “2017 оны 11 дугаар сарын 24 орой Цээл сумын төвд гэртээ байхад манай найз О.Болдоо хамт Амараагийнд очьё гээд бид 2 миний машинаар очход хашаан  дотор А, Туул нар үхэр нядлаж байсан ба үхэр өвчөөд өг гэхээр нэг талыг нь өвчих гэсэн чинь нэг хутга нь олдохгүй байсан. Тэгтэл нь Амараа Болдоо руу уурлаад чи хутга нуучихлаа гээд түүний бөгсрүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд авсан. Дараа нь гараараа шилэн хүзүүрүү нь цохиод авсан. Тэд нарыг зодолдох гээд байхаар нь за за больё гээд би үхрийн арьс өвчиж байсан хутгаа үхрийн нь арьсан доогуур нь хийчихээд хашааны хаалгаар гараад явж байтал Амараа миний араас ирээд шилэн хүзүү рүү  гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би эргэж хараад Амарааг гараараа нүүр лүү нь 2-3 удаа цохиод авсан. Тэгтэл намайг Амараа гэрлүүгээ чирээд заазуураар цавчиж ' ална гээд чирээд байсан. Тэгэхээр нь би зүтгэсээр байгаад хашааны хаалгаар нь гарсан. Энэ үед надтай Амараа зууралдаад байсан. Тэгтэл бидний дэргэд байсан Туул гэдэг  залуу ирээд миний зүүн талын гарыг хумиад тэврээд авсан. Би гараа тавиулах гээд  зууралдаж байх үедээ хашааны хаалганы гадаа цасан дээр хальтраад унасан. Намайг газар унах үед Амараа миний нүүрлүү өшиглөсөн. Өшиглүүлэх үед нүд бүрэлзээд юм харж болохгүй нүүрэнд гэрэл бутрах шиг болсон. Тэр үед Амараа миний нүүрлүү дахиад хэд хэдэн удаа өшиглөөд авсан. Тэгтэл Амараагийн эхнэр, ээж 2 нь ирээд Амарааг надаас салгаад гэрлүү нь аваад орсон. Би хашааных нь гаднаас гэрлүүгээ явсан. Гэртээ ирсэн чинь бие салгалаад чичрээд байсан. Тэгэхээр нь манай эхнэр түргэн дуудаж намайг үзүүлсэн. Эмч ирж үзээд 2 тариа хийгээд эмнэлэг дээр хоно гээд аваад явсан. Эмнэлэгт  очих үед миний зүүн талын эрүүний хэсэг хавдсан байсан. Би маргааш нь эмнэлэгээс  гарсан. Хацарны хавдар буухгүй гэртээ 4 хоносон. Хавдар буусны дараа миний эрүү хөдөлгөхөөр шажигнаад байхаар нь Улаанбаатарт ирж Гэмтлийн эмнэлэгт очиж зургийг нь авахуулсан чинь эрүү маань зүүн талдаа нэг хугарсан байна гэсэн. Гэмтлийн эмнэлэг манай эмнэлэг эмчлэхгүй гэхээр нь 1-р эмнэлэгт очиж үзүүлсэн чинь зураг авах хэрэгтэй гэхээр нь дахиад зураг авахуулсан. 1-р эмнэлэг маргааш ирж хэвт гэхээр нь маргааш нь очиж 1-р эмнэлэгт хэвтсэн. Хэвтсэнийхээ маргааш өглөө нь 10 цагийн үед хагалгаанд орсон. Хагалгаанд ороод гараад ирсэн чинь миний 3 шүдийг авсан байсан. Эмч хэлэхдээ эрүүг чинь хадахад заавал шүдийг чинь авах хэрэгтэй байсан гэж хэлсэн. Миний эрүүнд 4 шруп тавьсан байсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 5-6,39-40,221-222 хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Агийн: 2017 оны 10 дугаар сарын 22-ны шөнө Төв аймгийн Цээл сумын төвд ээж Төмөрдолгорын хашаанд хоёр үхэр төхөөрөх гээд  нэгийг нь төхөөрчхөөд байж байтал Мөнгөөнөө Болдоо гэх хоёр залуу согтуу машинтай хүрээд ирэхээр нь үхэр өвчилцөөд өгөөч гэхэд Мөнгөөнөө гэдэг залуу нь за гэсэн боловч чи хэзээ ийм байсан юм бэ гээд миний үхэр өвчиж байсан хутгыг нуучхаад байхад нь Туул боль гэж хэлэхэд Болдоо гэх залуу нь таньд ямар хамаатай юм бэ гэхээр нь би тэр хоёрыг яв гэж хэлсэн. Тэгтэл Мөнгөөнөө Туул бид хоёр луу дайраад байхаар нь хашааны үүдэнд очиж байгаад чи хутга өгчих, энд бид хоёр юм хийж байна гэхэд пизда минь зүгээр байгаарай гээд баруун нүдний дээд талд цохиод авсан. Тэгээд Мөнгөөнөө бид хоёрыг барилцаад байж байхад Туул ах салгасан. Тэгтэл манай эхнэр Мөнгөнцэцэг чи согтуу машин бариад гэж хэлээд цагдаад дуудлага өгөөд бариулсан. Надад Мөнгөөнөөг зодож цохисон зүйл байхгүй.Мөнгөөнөө ирээд хутгаа нуучихаад томроод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 33-35 хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Батболдын: “Би төрсөн ах Туулыг Агийнд байгааг сонсоод Мөнгөнбаярыг дагуулаад Агийнд дагуулж очсон.Тэднийд очиход А, Туул хоёр үхэр өвчиж байсан ба бид хоёрыг туслаад өгөөч гэхэд нь  нэг талаас нь өвчих гээд хутга хайтал олдоогүй. Гэтэл А намайг хутга аваад нуучихлаа. Та муу хоёр ер нь яах гээд байгаа юм бэ гээд цохиж аваад байхаар нь Мөнгөнбаяр явъя гээд гараад явсан. Тэгтэл А араас зуураад та нар муусайн пацаанууд хутга яасан гээд орилоод байхаар нь Мөнгөнбаяр нэг удаа Амрааг цохих шиг болсон. Тэгээд зууралдаад хашааны гадаа гарсан. Тэгтэл Мөнгөнбаярын хамраас нь цус гарчихсан. Намайг хоёул шууд явъя гэхээр нь бид хоёр явсан. Тэр үед А нилээн согтуу, төхөөрсөн үхрийнхээ дэргэд 0,5 литрийн архи тавьчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.Даваанямын: “2017 оны 11 дүгээр сарын 22-ны орой 23 цагийн Мөнгөнбаярын эхнэр Банзаа нь хүн үхэх гээд байна гэж дуудлага өгсөн. Дуудлагын дагуу гэрт очиход Мөнгөнбаяр согтуу сандал дээр сууж байсан. Гэрт нь даралт буулгах тариа хийж эмнэлэг дээр авчран хордлого тайлах дусал болон өвчин намдаах тариа хийсэн. Анхны үзлэгээр даралт, зүрхний цохилт ихсэж зүүн талын шанаа хавдаж, зүүн доод эрүү хугарсан байж болзошгүй тул яаралтай гэмтэл согог судлалын төв явж зураг авахуулах талаар хэлсэн. Мөн зүүн чихний омог хэсэг дээр халцарсан цээжний баруун дээд хэсэгт улайсан, хамраас нь цус гарсан байсан. Өөрөөс юу болсон талаар асуухад Атай муудалцаад зодуүлсан гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Ариунцэцэгийн: “2017 оны 11 дүгээр сарын 23-ны орой манай нөхөр Мөнгөнбаяр нилээн архи уугаад амарсан. Дараа нь 20 цагийн орчимд Батболдтой гэрээсээ гарч яваад 30 орчим минутын дараа Батболд А Мөнгөнбаярыг зодоод байна та цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгээд бид сумын хэсгийн төлөөлөгчид утсаар ярьж мэдэгдчихээд Агийнд очиход Мөнгөнбаяр байхгүй байсан бөгөөд А заазуур барьчихсан танай нөхөр чинь хаана байна. Ална аа гээд байсан. Тэгж байтал Мөнгөнбаяр надруу залгаад би гэртээ ирчихсэн байна гэхээр нь яваад очиход Мөнгөнбаярын зүүн шанаа хавдаад баруун нүд нь улайсан, хамар чихнээс нь цус гарсан байдалтай, гадуур хувцсыг нь тайлахад цээжний урд хэсэгт нь өшиглүүлсэн бололтой халцарсан байсан ба зүүн талын эрүү нь хавдчихсан байсан. Мөнгөнбаярын бие нь салгалаад байхаар нь түргэн дуудаад сумын эмч ирж үзээд  яаралтай хот яв гэсэн ч цас зуд ихтэй байсан болохоор хэд хоног ажиглаад үзье гэж бид хоёр яриад хоёр гурав хонотол хацар эрүү нь хавдаад шажигнаж өвдөөд байна гэхээр нь сумын эмчид дахин үзүүлэхэд яаралтай хот яв гээд 13 А маягт бичиж өгсөн. Тэгээд хотод ирээд хагалгаанд орсон” гэх мэдүүлэг хх-ийн 11-12,223-224 хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Отгонтуулын: “2017.11.22-ны шөнө Төв аймгийн Цээл суманд Төмөрдолгорын хашаанд 2 үхэр янзлах гээд 1 үхрээ янзалж дуусгаад нөгөө үхрээ янзлах гэж байхад Мөнгөөнөө, Болдоо гэдэг 2 залуу согтуу машинтай хүрээд ирэхээр нь миний 2 дүү энэ үхэр янзалж өгөөч гэж гуйсан чинь Мөнгөөнөө гэдэг залуу нь чи хэзээ ийм байсан юм бэ? гэж агсраад байхаар нь би та нар яв гэж хэлсэн. Мөнгөөнөө Болдоо нар үхэр янзалж байсан 2 хутгыг нэг нэгээр нь авч нуугаад өгөхгүй байхаар нь хутга өг гэтэл хэзээ ийм болсон банди нар вэ? Хэзээ үхэр алдаг болсон юм бэ гэж агсан тавиад байсан юм. Тэгээд би хутга өгчих энд юм хийж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Мөнгөөнөө нь Амарбаяр бид 2 луу дайраад байхаар нь үүдрүү дагуулж яваад машины хажууд хашааны хаалганы үүдэнд очоод чи хутга өгчих энд юм хийж байна гэтэл пизда минь зүгээр байгаарай гэж хэлээд Амарбаярыг баруун нүдний дээд талруу буюу дух орчимд нь 1 удаа цохиод авсан юм. Тэгээд барилцаж аваад байж байхад нь би очоод салгасан. Тэгэхэд Амарбаярын эхнэр Мөнхцэцэг ирээд Мөнгөөнөөг согтуу машин бариад яваад байна гээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Мөнхцэцэгийн: “2017.11.22-ны шөнө Төв аймгийн Цээл суманд хадам ээж Төмөрдолгорын хашаанд 2 үхэр янзлах гээд 1 үхрээ янзалж дуусгаад нөгөө үхрээ янзлах гэж байхад Мөнгөөнөө Болдоо гэдэг 2 залуу согтуу машинтай хүрч ирэхэд нь А миний 2 дүү энэ үхэр янзалж өгөөч гэж гуйсан чинь Мөнгөөнөө гэдэг залуу нь чи хэзээ ийм байсан юм бэ? гэж агсраад байхаар нь А та нар яв гэж хэлсэн. Болдоо нь Мөнгөөнөөгийн хүүхдийг аваад гарчихсан. Мөнгөөнөө хэзээ үхэр алдаг болсон юм бэ гэж агсам тавиад хутга авч нуугаад Мөнгөөнөө нь Аыг зодох гэж дайраад байхаар нь үүдрүү дагуулж яваад машины хажууд хашааны хаалганы үүдэнд очоод гаргах гэтэл Аыг баруун нүдний дээд талруу буюу дух орчимд нь 1 удаа цохиод авсан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15,225-226 хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 234 тоот:

-Б.Мөнгөнбаярын биед эрүү ясны далд хугарал, зүүн талын доод 6,7.8-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, баруун дээд 1-р шүдний цуурал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл -мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хедөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна гэх дүгнэлт /хх-ийн 23 хуудас/,

Хохирогч Б.Мөнгөнбаярын биед үзлэг хийсэн эмч Т.Зүчийн тодорхойлолт /хх-ийн 24 хуудас/,

Хохирогч Б.Мөнгөнбаярын шүдний рентген дэлгэмэл зургууд /хх-ийн 25-26 хуудас/,

Түргэн тусламжийн дуудлагын хуудас/хх-ийн 27-28 хуудас/,

 

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Т.Чимэд-Очирын: “Б.Мөнгөнбаяр гэх хүний биед 2017 оны 12 дугаар сарын 1 ний өдөр үзлэг хийхэд зүүн талын доод 6, 7, 8-р шүднүүд нь шинээр авсан байдалтай. Буланд мэс заслын шархтай, дээд үүдэн зүүн, баруун 1 дүгээр шүдэнд эмтрс гэмтлүүд байсан. Эмнэлгийн материалаас үзэхэд тухайн хүний биед эрүү ясны хугарлыг хадах мэс засал хийгдсэн байсан. Тухайн шүднүүдийг хагалгааны явцад уу аль эсхүл өмнө нь унасан байсан болохоор авсан эсэхийг тухайн хүнд мэс засал хийсэн эмч нь мэднэ. Ихэвчлэн хагалгааны явцад эрүүний ясны хугарлын мэс заслыг засах явцад тухайн хугарлыг дайрсан шүднүүдийг авах тохиолдол байдаг. Эрүү хугарсан асуудлаас болоод тухайн хүний шүднүүд нь авагдаж унаж байгаа болохоор дээрхи гэмтлүүдийг салгаж ярих боломжгүй. Учир нь эрүүнээсээ болоод шүд унаж байгаа болно. Дээрхи гэмтэл нь эрүүний хугарлаасаа болоод хүндэвтэр гэмтэл гарч байгаа болно. Харин хүний эрүү яс хугараагүй зөвхөн 3 ширхэг шүд нь гэмт хэргийн улмаас унасан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”гэх мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Содбаярын: “2017 оны 11 дүгээр сарын 22-ны орой Мөнгөнбаярын эхнэр Ариунцэцэг 22 цагийн үед залгаад манай нөхөрийг А зодчихлоо гэж байсан. Би дуудлага өгсний дараа 20 гаруй минутын дараа Агийнд очиход нэг үхэр гаргаад талыг нь өвчсөн. Хажууд нь Ерөөл нэртэй нэг шил архины шил байсан. А, Туул хоёр нилээн согтуу байж байсан. Би юу болсоныг асуухад Туул нь бид хоёрыг үхэр гаргаж байхад Болдоо Мөнгөнбаяр хоёр ирээд үхэр өвчилцөөд өг гэхэд за гэсэн. Тэгтэл хутга алга болчихсон. Тэгээд тэрнээс болж маргалдаад гээд харин А нь би Мөнгөнбаярыг нэг удаа нүүрлүү нь өшиглөчихсөн, зүгээр байж чадахгүй юм гэж байсан. Тэгээд тэднийхээс гараад Мөнгөнбаярынд очиход Мөнгөнбаяр нүүр нь хавдаж амнаас нь бага зэргийн цус гарсан. Өөрөө гайгүй байлгүй дээ гээд Болдоо бид хоёр Туулыг хайж Агийнд очиход тэр хоёр үхэр гаргаж байсан. Бид хоёрыг үхэр шулалцаад өгчих гэхээр нь за гэж шулалцаад байж байтал хутга нь алга болоод тэрнээс болж муудалцаад А намайг хутга гаргаж өг гээд араас чаргууцалдаад байхаар нь би нэг цохиод автал Туул ах  намайг салгаад бариад авсан. Тэр үед нь би газар унатал А миний нүүр лүү өшиглөсөн гэж Мөнгөнбаяр хэлж байсан. Мөнгөнбаяр тэр оройгоо Цээл сумын эмнэлэг орж хот яваад эрүүний хагалгаанд орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Хишигдуламын: “2017 оны 1 дугаар сарын 23-ны өдөр манай дүү Б.Мөнгөнбаяр надруу утсаар яриад өчигдөр орой хүнд зодуулаад эрүү сонин болчихлоо сумын эмч Улаанбаатар хотруу яв гэж байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үедээ би хурдан хотруу ирж үзүүлээ гэж хэлсэн боловч тухайн үед цас их ороод хүйтэрч зам хаагдсан байсан тул 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой хотод манай гэрт ирсэн. Тэгээд гэрт ирэнгүүт нь би дагуулаад ГССҮТ-д аваачиж үзүүлэхэд эрүүний хугаралтай байна. Яаралтай хагалгаанд ор. Шүдээ дайраад их эвгүй хугарсан байна. Маргааш өглөө эрт ир гэсэн. Тэгээд маргааш нь очиход хагалгааны эмч манай эмнэлэг хагалгаа ихтэй хүлээгдэж таарах юм шиг байна тиймээс та нар яаралтай 1 дүгээр эмнэлэг рүү очсон дээр байх гэж хэлсэн болохоор бид нар улсын нэгдүгээр эмнэлэг очиж үзүүлэхэд тэр өдрөө хагалгааны өмнөх яаралтай шинжилгээнүүдийг өгөөд маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хагалгаанд орсон. Тухайн хагалгаа хийсэн эмчийнх нь нэрийг нь санахгүй байна 40 гаруй насны эрэгтэй эмч байсан. Б.Мөнгөнбаяр нь манайд анх ирэхдээ эрүүгээ дээш нь алчууруур сойгоод боочихсон юм идэх битгий хэл сайн ярьж чадахгүй байсан. Халуун ихтэй байсан бөгөөд толгой хүчтэй өвдөж байна гэж хэлж байсан. Хагалгаа дууссаны дараа эмч нь суларсан шүднүүдийг хагалгааны явцад авахаас өөр аргагүй байлаа гэж хэлээд надад 3 ширхэг шүдийг өгсөн. Одоо манай дүү Төв аймгийн Цээл суманд байгаа болно. Тухайн хэрэг болсоны дараахан Б.Мөнгөнбаярыг зодсон Д.А гэх хүн нь уулзаад цагдаад битгий өргөдөл өгөөч ээ дансныхаа дугаарыг өгчих би чамд 200.000 төгрөг өгье гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь манай дүү би мэдэхгүй. Манай ах эгч  нар мэднэ гэж хэлсэн гэсэн. Тэгтэл өөдөөс нь чи тэгвэл хэлээд болиулчихаж болно биздээ. Эс бол хоёулаа хөтлөлцөөд цагдаагаараа яваад байж гэж хэлсэн гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

 

-Эд мөрийн баримтаар 3 ширхэг шүдийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 48 хуудас/,

-Шүүгдэгч Д.Агийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 54 хуудас/,

-Хохирогч Б.Мөнгөнбаярын эрүүл мэндийн дэвтэр дэх эмчийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 107-114 хуудас/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

            Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

            Гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.А нь согтуугаар 2018 оны 11 дүгээр 22-ны өдрийн 19 цагийн үед Төв аймгийн Цээл сумын 3 дугаар баг Паркийн хашаанд Б.Мөнгөнбаярыг “хутга нуулаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, зүүн талын доод 6, 7, 8-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, баруун дээд 1-р шүдний цуурал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Мөнгөнбаярын ”Намайг газар унах үед А миний нүүр лүү өшиглөсөн. Өшиглүүлэх үед нүд бүрэлзээд юм харж болохгүй нүүрэнд гэрэл бутрах шиг болсон. Тэр үед Амараа миний нүүр лүү дахиад хэд хэдэн удаа өшиглөөд авсан. Эмнэлэгт очих үед миний зүүн талын эрүүний хэсэг хавдсан байсан. Миний эрүү хөдөлгөхөөр шажигнаад байхаар нь Гэмтлийн эмнэлэгт очиж зургийг нь авахуулсан чинь эрүү маань зүүн талдаа нэг хугарсан байсан. Хагалгаанд ороод миний 3 шүдийг авч миний эрүүнд 4 шруп тавьсан байсан. Миний биед учирсан гэмтлийг А учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6,39-40,221-222 хуудас/,

 гэрч О.Батболдын “А, Мөнгөнбаяр хоёр зууралдаад хашааны гадаа гарсан. Тэгтэл Мөнгөнбаярын хамраас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/,

гэрч Р.Даваанямын”Дуудлагын дагуу очиход Мөнгөнбаярын зүрхний цохилт ихсэж зүүн талын шанаа хавдаж, зүүн доод эрүү хугарсан байж болзошгүй тул яаралтай гэмтэл согог судлалын төв явж зураг авахуулах талаар хэлсэн. Өөрөөс нь юу болсон талаар асуухад Атай муудалцаад зодуулсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/,

 гэрч Н.Ариунцэцэгийн “Намайг гэртээ ирэхэд нөхөр Мөнгөнбаярын зүүн шанаа хавдаад баруун нүд нь улайсан, хамар чихнээс нь цус гарсан байдалтай, зүүн талын эрүү нь хавдчихсан байсан. Хоёр гурав хонотол хацар эрүү нь хавдаад шажигнаж өвдөөд хотод ирээд хагалгаанд орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12,223-224 хуудас/,

шинжээч Т.Чимэд-Очирын “Б.Мөнгөнбаяр гэх хүний биед 2017 оны 12 дугаар сарын 1 ний өдөр үзлэг хийхэд зүүн талын доод 6, 7, 8-р шүднүүд нь шинээр авсан байдалтай. Буланд мэс заслын шархтай, дээд үүдэн зүүн, баруун 1 дүгээр шүдэнд эмтэрсэн гэмтлүүд байсан. Эмнэлгийн материалаас үзэхэд тухайн хүний биед эрүү ясны хугарлыг хадах мэс засал хийгдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/,

 гэрч Л.Содбаярын “А надад би Мөнгөнбаярыг нэг удаа нүүрлүү нь өшиглөчихсөн юм гэж байсан. Мөнгөнбаярынд очиход Мөнгөнбаяр нүүр нь хавдаж амнаас нь бага зэргийн цус гарсан байдалтай намайг газар унатал А миний нүүр лүү өшиглөсөн гэж Мөнгөнбаяр хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

гэрч Б.Хишигдуламын “манай дүү Б.Мөнгөнбаяр надруу утсаар яриад өчигдөр орой хүнд зодуулаад эрүү сонин болчихлоо гэж хэлсэн. ГССҮТ-д аваачиж үзүүлэхэд эрүүний хугаралтай байна. Яаралтай хагалгаанд ор. Шүдээ дайраад их эвгүй хугарсан байна гэсэн. Б.Мөнгөнбаяр нь манайд анх ирэхдээ эрүүгээ дээш нь алчууруур сойгоод боочихсон юм идэх битгий хэл сайн ярьж чадахгүй байсан. Хагалгаа дууссаны дараа эмч нь суларсан шүднүүдийг хагалгааны явцад авахаас өөр аргагүй байлаа гэж хэлээд надад 3 ширхэг шүдийг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

Гэмт хэргийн улмаас Б.Мөнгөнбаярын биед учирсан гэмтлийг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн:

Б.Мөнгөнбаярын биед эрүү ясны далд хугарал, зүүн талын доод 6,7.8-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, баруун дээд 1-р шүдний цуурал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл -мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 23 хуудас/,

хохирогч Б.Мөнгөнбаярын биед үзлэг хийсэн эмч Т.Зүчийн тодорхойлолт /хх-ийн 24 хуудас/, хохирогч Б.Мөнгөнбаярын шүдний рентген дэлгэмэл зургууд /хх-ийн 25-26 хуудас/, түргэн тусламжийн дуудлагын хуудас/хх-ийн 27-28 хуудас/, эд мөрийн баримтаар 3 ширхэг шүдийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 48 хуудас/, хохирогч Б.Мөнгөнбаярын эрүүл мэндийн дэвтэр дэх эмчийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 107-114 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

 

Шүүгдэгч Д.А нь “Мөнгөнбаярыг зодож цохисон зүйл байхгүй” гэж, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нь “А Мөнгөнбаярыг цохиж гэмтэл учруулсан эсэх нь эргэлзээтэй” гэж тус тус мэтгэлцэж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар Д.А нь хохирогч Мөнгөнбаярыг зодож хүндэвтэр учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн хохирол учруулаагүй, эргэлзээтэй гэх үндэслэл баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй бөгөөд түүний гэм буруутайг нотлосон гэрч хохирогч нарын мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Шүүгдэгч Д.А-д холбогдох хэргийн 14, 15 талд авагдсан Төв аймгийн ЗСДСДЦХ-ийн жижүүрийн офицер ажилтай д/ч Б.Жаргалангийн 2018 оны 1 сарын 17-ны өдөр Н.Отгонтуул, Д.Мөнгөнцэцэг нарыг гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлүүд нь /мөрдөгчийн эрхгүй этгээд мэдүүлэг авсан нь/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл Н.Отгонтуул, Д.Мөнгөнцэцэг нарын мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн баримт байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах байна.

                     

            Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч Д.А-гийн үйлдсэн гэмт хэрэгт Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон, шүүх шүүгдэгч Д.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд байдал тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.А-гийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 72 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон 72 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар дүйцүүлэн тооцоход нийт 576 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцэж, байх тул түүнд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 576 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, түүний биечлэн эдлэх ялыг 144 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоолоо.

 

Д.Ад эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Тав: Бусад зүйлийн талаар.

 

 Хохирлын талаар:

 Хохирогч Б.Мөнгөнбаяр нь гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршигт шүүгдэгч Д.Агаас 1426980 төгрөгийг нэхэмжилсэн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч Д.Агаас 1426980 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Мөнгөнбаярт олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн 1734005490029 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг шүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Д. А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г 720 / долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д шүүхээс оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажлыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-гийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-гийн шүүхийн шатанд цагдан хоригдсон 72 хоногийн  1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар дүйцүүлэн тооцож, /72 хоног x 8 цаг= 576 цаг болох бөгөөд түүнд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 576 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасахад 144 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болно./ түүний биечлэн эдлэх ялыг 144 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.А-гаас 1.426.980/ Нэг сая, дөрвөн зуун хорин зургаан мянга есөн зуун ная/ төгрөгийг гаргуулан Төв аймгийн Цээл сумын 1 дүгээр багт оршин суух Б.М-д РД/НЩ:88021278/ олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 21.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг шүдийг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгчдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.А-д авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.ОТГОНЖАРГАЛ