| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2333000900129 |
| Дугаар | 2026/ДШМ/60 |
| Огноо | 2026-06-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/60
О.О******* холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Хохирогч Л.С******* /цахим/
Хохирогчийн өмгөөлөгч Т.Д******* /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О*******, Ц.Э******* нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, шийдвэрлэн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор О.О******* холбогдох эрүүгийн 2333000900129 дугаартай, 150/2024/0086/Э индекстэй, 4 хавтас хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт О******* О*******, Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ м п” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, аймгийн Б сумын баг *-**-** тоотод оршин суух, урьд
- аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 04 сарын 26-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, (РД: **********)
Шүүгдэгч О.О******* нь Сэлэнгэ аймгийн Б сумын Б * дугаар багийн нутаг Д төв асфальтан замын 126-127 дахь км-т 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн орчимд улсын дугаартай Toyota маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж 1 тооны адуу мөргөж эсрэг урсгалд Л.С******* ын жолоодож явсан улсын дугаартай “Тоёота ” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Д.М, С.Т, Л.Н, Л.С******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: О.О******* ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт О******* О******* ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулахгүйгээр 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О******* ад оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэн,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч О.О******* аас 12,962,007 төгрөг гаргуулж хохирогч Л.С******* т, 3,712,226 төгрөг гаргуулж хохирогч Л.Н ад олгож, бусад хохирогч болох насанд хүрээгүй хохирогч С.Т, хохирогч Д.М нарын хохирлыг барагдуулсан болохыг тус тус дурдан,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт дагалдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж үлдээхээр тус тус шийдвэрлэн, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо:
“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 3 дах заалт, 36.7-р зүйлийн 2.3, 2.4 дэх заалтуудыг “Шийтгэх тогтоол” гаргахдаа ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-р зүйлийн 7-д “Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэд хэдэн баримт хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх ба “Г И авто” сургуулийн дүрмийн багш Ч.Ү 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13 тоот шинжээчийн дүгнэлт хууль нийцээгүй гэж үзэж дахин шинжээчийн дүгнэлт гаргасан болно. Гэтэл шүүхээс дээрх нотлох баримтыг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй нь мөн хууль зөрчсөн. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/54 тоот захирамжид “Шүүх шинжилгээний тухай хуулийн 11-р зүйлийн 11.1-т заасан шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл байхгүй байгааг дурдаж, бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлээгүй байна” гэх үндэслэлийг прокурор хүлээн авч, дахин шинжээч томилсон ба “Г И авто” сургуулийн дүрмийн багш Ч.Ү 2023 оны 10 дугаар сарын 05-ны 13 тоот шинжээчийн дүгнэлт “хууль ёсны шаардлага хангаагүй” гэж шүүхээс үзсэн нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-т заасан шаардлагыг хангасан гэж үзэж, нотлох баримтаар тооцон хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл-д хамаарч байна. Нэг нотлох баримтад хоёрдмол агуулгаар дүгнэлт хийж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах заалтыг зөрчсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагаар хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 9-р зүйлийг баримтална”. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дэх заалтад “Шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагаар хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 10-р зүйлийг баримтална” гэх заалтад нийцсэн эсэхийг анхаарч хэргийг шийдвэрлээгүй. Шүүх шинжилгээний тухай хууль-д Шинжээч эрх бүхий этгээд байх шаардлагыг хангахыг чухалчлан хуульчилсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан шинжээчид эрх үүргийг тайлбарлан өгч худал дүгнэлт гаргасан тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулна” гэх заалтыг хэрэгжүүлээгүй.
Хэрвээ шүүх шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэсэн гэж үзэж байгаа бол... Шүүх шинжилгээний тухай хуулийн 10-р зүйлийн 10.2-т заалтыг хэрэгжүүлэх, улмаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 8-р зүйлийн 8.2 заалтыг хангасан этгээд байхыг шаардана. Шинжээчийн дүгнэлтийн агуулга-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 18-р зүйлийн 18 1.4-т шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн талаарх “мэдээлэл”, 18-р зүйлийн 18.1.5-р заалтад мэргэжил ажилласан жил эрдмийн зэрэг, цол албан тушаалын талаарх “мэдээлэл” заана гэснийг зөрчсөн. Энэ нь Шинжилгээ хийх эрх бүхий этгээд “мөн” эсэх буюу Шүүх шинжилгээний тухай хуулийн 8-р зүйлийн 8.2-т заасан шаардлагыг хангаагүй этгээд дүгнэлт гаргасан нь тогтоогдож дахин дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн Харин дахин дүгнэлт гаргахдаа буюу Хяналтын прокурорын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай “дахин шинжилгээ хийлгэх тогтоол” -оор 14 асуултад асуулт хариулт авахаар шийдвэрлэсэн байх ба уг тогтоолын дагуу 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 166 тоот Шинжээчдийн дүгнэлт харахад тогтоолоор тавьсан асуултад шинжээчээр томилогдсон гэх этгээд хариулт өгөөгүй буюу зөвхөн 7 асуултад хариулт өгсөн нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 18-р зүйлийн 18.1.9 дэх заалтыг зөрчсөн. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6-р зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн. Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзэж, дахин 5 хүний бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахаар томилсон. Гэтэл уг дүгнэлтийн 1 шинжээч гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр үнэлэх боломжгүй гэж үзсэн Нотлох баримтын бүрдүүлэхдээ, Удаа дараагийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн баримтуудыг нотлох баримтаар тооцож, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-р зүйлийн 7 дах заалтыг зөрчсөн байна.
2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн хэргийн “үйл баримтад” бодит дүгнэлт хийгээгүй. Хэрэг учрал болсон ослын шалтгаан нөхцөл бүрэн тогтоогдоогүй, осол болох шалтгааны нөхцөл хэний буруутай үйлдлийн, улмаас болсон талаарх бодит дүгнэлтийг шүүхээс хийгээгүй гэж үзэж байна. Осол болохын өмнө замын хөдөлгөөний дүрмийг мал буюу адуу, мөн “приүс” маркийн дугаартай тээврийн хэрэгслийн жолооч зөрчин хөдөлгөөнд оролцож явж байсан нь хэрэгт нотлогдсон. “Приүс” маркийн дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 86-87 км хурдтай буюу Замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.4-т заасан “суурин газрын гадна цагт 80 км хурдтай явна” гэх заалтыг зөрчиж явсан талаар жолооч С******* өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Мөн түүнчлэн холын гэй явсан, уг холын гэрлээ шилжүүлээгүй талаарх гэрч Д.М, /1 хавтас 197 хх/, гэрч Д.Бат-дэлгэр/1-р хавтас 204 хх/ нарын мэдүүлэг хэрэгт авагдсан. Энэхүү үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалтыг зөрчсөн. Энэхүү зөрчил нь өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэлд нөлөөлж байгаа талаар “Toyoto Наггеir” маркийн дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.О******* нь гэрэл шилжүүлэх дохиог өгсөн болох нь мөн хэрэгт нотлогдсон. Энэхүү зөрчил нь осолд нөлөөлсөн эсэх, ялангуяа осол гарах шалтгаан мөн эсэхийг тогтоох ажиллагаа хийгдээгүй. О.О******* нь гэрэл шилжүүлэх дохиог хэрэглэсэн шалтгаан нь замын нөхцөл үзэгдэлт хязгаарлагдмал болж, холын гэрэл үзэгдэх орчинд нөлөөлж болзошгүй байгаа талаар анхааруулахад “Приүс” маркийн дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С******* хэрэгжүүлээгүй байна О.О******* нь харанхуй үед осол гаргаагүй, мөн үзэгдэлт хангалтгүй үед осол гаргаагүй, эдгээр байдал түүнд нөлөөлөөгүй, харин Замын хөдөлгөөний дүрмийн Үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөлд /Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.42/ осолд өртсөнөө мэдүүлгээр тайлбарласныг шүүх анхаараагүй байна. Тухайн өдөр байгалийн үзэгдлийн хүнд нөхцөл байдалд ороогүй, ийм үйл баримт хэрэгт тогтоогдоогүй, харанхуй үе байсан гэх боловч осол болох цаг хугацаанд өөдөөс “хурц гэй” авто тээврийн хэрэгслийн үйлдлийн нөлөөлөлд анхаарч түүнд анхааруулах дохио өгч байх явцад адуу гарч зам дээр орж ирэн, осол гарсныг, өөрийн автомашины гүүлэгт адуу мөргөж байгааг харсан гэх С******* хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдсон. Өөрөөр хэлбэл О.О******* нь тухайн үед харанхуй үе, үзэгдэлт хангалтгүй үе гэх хуульд заасан нөхцөл, үйл баримттай тулгараагүй, харин хурц гэй автомашин нөлөөлж, энэхүү осол болсон талаар гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байгааг шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй болно.
3. Жолооч О.О******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.11-т зааснаар давуу эрхээр замын хөдөлгөөнд оролцож байсан, замын хөдөлгөөнд оролцож явахдаа ямар нэгэн зөрчил гаргаагүй явж байсан талаар гэрчүүд мэдүүлэх ба тухайн замд хөдөлгөөнөө урьтаж хийх эрхтэй этгээд байсан байдаг. Холын гэрлээ шилжүүлээгүй, хурд ихтэй явж байсан тээврийн хэрэгсэл болон зам дээр хараа хяналтгүй, эзэнгүй орхисон адуу зэрэг замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн этгээдүүдийн үйлдлээс болж, зам ослын шалтгаан болсноос замын хөдөлгөөнд хэвийн оролцож байсан үйлдэлд нөлөөлсөн үйл баримтад, Шинжээч нарын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09/57 дугаартай дүгнэлтээр нотлогдсон боловч, түүний хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт эсэхэд хоёрдмол агуулгатай дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 3-т заалтыг зөрчсөн.
4. Хэрэгт “Ашид билгүүн” ХХК-ийг үнэлгээ хийлгэх шинжилгээний байгууллагаар сонгосон нь Хавтаст хэргийн /1-р хавтасны 94-115 xx/ баримтад авагдсан. Уг баримтын 100 хх-т “Ашид билгүүн” ХХК нь дүгнэлт гаргах эрхгүй буюу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 17-н гэх хугацаагаар тусгай зөвшөөрлийг олгосон хугацаа дууссан байхад дүгнэлт гаргасан байна. Жамьян гэх этгээд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй гэж шүүхээс тайлбарлах боловч, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж байгааг анхаарч хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8-р зүйлийн 8.2.4. мэргэжлийн байгууллага гэдгийг хуульд Тайлбарлахдаа: Энэ хуулийн 8.2.4-т заасан “мэргэжлийн байгууллага” гэж тухайн хэрэг, маргаанд хамааралгүй салбар яам, агентлаг, тусгай чиг үүрэг бүхий байгууллага, эсхүл эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээдийг ойлгоно гэж заасныг хангаагүй хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулсан нь хуулийг зөрчсөн.
Хууль зөрчсөн баримтыг хууль ёсны гэж үзэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлийн 7-гийн Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэх заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Нотлох баримтын хууль ёсны эсэхэд мөрдөгч, прокурор шүүх анхаарч анхаарч хуулийн дагуу бүрдүүлэх үүрэгтэй байсан бөгөөд уг үүргээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж, О.О*******ыг гэм буруутайд тооцохдоо нотлох баримт хууль ёсны эсэхэд шүүх анхаарч, хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/44 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга дэмжиж байна. Мөн гомдлыг гаргах үед 4 дүгээр сарын 01-ний өдөр шийтгэх тогтоолыг гардан авсан. Уг гардан авсан шийтгэх тогтоолын 2,4,6 дахь хуудаст манай үйлчлүүлэгч О.О******* ад хамааралгүй н.Ш гэх хүнд холбогдох хэргийн үйл баримтыг дурдсан. Тийм учраас техникийн алдаа байж магадгүй гэж залруулга хийх хүсэлтийг тухайн шүүх рүү утсаар холбогдсон. Залруулга явуулъя гэх товыг одоо болтол ирүүлээгүй. Ингээд 10-ны өдөр гомдлын хугацаа дуусаж байгаа учир гомдлоо гаргасан. Шийтгэх тогтоол өнөөдрийг хүртэл залруулга явуулсан эсэхийг мэдэхгүй байна. Залруулга хийсэн бол залруулга хийсэн эх хувь нь бид нарт ирээгүй байдалтай байгаа. Гардагдсан шийтгэх тогтоол нь 2, 4, 6 дахь хэсэг манай хэрэгт хамааралгүй байгаа учраас гардаж авсан шийтгэх тогтоолын хүрээнд тухайн гомдлыг авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Х.О******* өмгөөлөгчтэй санал нэг байна. ...Хэний буруутай үйлдлийн улмаас О.О*******ын эрх зүйн байдал дордоод байна вэ. 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт 5 шинжээчийн гарын үсэгтэйгээ ирсэн бол өнөөдөр энэ хүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцогдохгүй үндэслэл гарч ирж байна. Илтэд эрх зүйн байдал нь дордсон үндэслэлээр шийтгэх тогтоол нь гарсан. Өмгөөлөгч нарын хувьд залруулж болохгүй алдаа гарсан учир гомдол гаргахаас өөр арга байгаагүй. Прокурор, мөрдөгчийн хяналт сул байна. Иймд гомдлоо дэмжиж оролцож байна гэв.
Хохирогч Л.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд хурд хэтрүүлсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүх үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байгаа учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Т.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдлыг зөв дүрслэн тогтоож шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан зөрүүтэй шинжээчийн дүгнэлтийг хэргийн үйл баримттай зөв тогтоосон шийтгэх тогтоол болсон гэж харж байна. ...давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдаагүй техникийн шинжээчийн дүгнэлтийг дахиж гаргуулж 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж гэм буруугийн шүүх хуралдаанаар 60 хүртэл хоногоор хойшлуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд 3 шинжээчийн дүгнэлт гарсан. Үүний талаар мэтгэлцэж оролцсон байдаг. Анхан шатны шүүх хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үнэлж шийдвэрлэсэн. Энэ нь хамгийн анхны шинжээчийн дүгнэлт байгаа. ...Харилцан зөрүүтэй нотлох баримт байхад алийг нь хангаж шийдвэрлэж байгааг шүүгч тодорхой дурдах ёстой. Бид хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү гэж маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр О.О******* холбогдох эрүүгийн 2333000900129 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Прокуророос шүүгдэгч О.О******* нь Сэлэнгэ аймгийн Б сумын Б 2 дугаар багийн нутаг Д төв асфальтан замын 126-127 дахь км-т 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн орчимд улсын дугаартай “Toyota ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж 1 тооны адуу мөргөж эсрэг урсгалд Л.С*******ын жолоодож явсан улсын дугаартай “Тоёота ” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Д.М, С.Т, Л.Н, Л.С******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.О******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан торгох ялыг оногдуулж шийдвэрлэсэн байна.
3.Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдлыг хянан хэлэлцээд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.О******* ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасан байх ба уг тогтоол хэргийн оролцогчдод тараагдсан шийтгэх тогтоолд шүүгдэгч О.О******* ад холбогдох хэргийн үйл баримтаас өөр буюу Ш гэх хүн хохирогч Б.С цохиж зодсон талаар бичигдсэн байгаа нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж ирүүлсэн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/44 тоот шийтгэх тогтоолын хувиар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.О******* ад холбогдох хэрэгт авагдсан 2025/ШЦТ/44 тоот 15 нүүр бүхий тогтоолд Шод холбогдох хэргийн үйл баримт бичигдээгүй байх ба хэрэгт авагдсан болон оролцогчид тараагдсан шийтгэх тогтоолын хувь хоорондоо зөрүүтэй байгаа байдал нь давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тогтоогдов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 1.8-д “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэж заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.
4.Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, шийдвэрлэсэн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
5.Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг буцааж байгаа тул хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6, 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Шүүгдэгч түүний өмгөөлөгчдийн гомдлыг хангасугай.
3.Шүүгдэгч О.О******* ад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ