Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 224/МА2022/00018

 

Ц.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 152/ШШ2022/00283 дугаар шийдвэртэй,

Ц.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймаг Мэргэжлийн хяналтын газарт холбогдох, тус газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, 10 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ээлжийн амралтын цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Увс аймаг Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: хариуцагч Увс аймаг М-ийн х-ын газрын дарга Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжлэлийн шаардлага: Увс аймаг М-ийн х-ын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, арван сартай тэнцэх хэмжээний тэтгэмж, ээлжийн амралтын цалинг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн үндэслэл:

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Увс аймаг М-ийн х-ын газарт жолоочоор ажилд томилогдсоноос хойш 11 дэх жилдээ ажиллаж байсан. Гэтэл манай байгууллагын дарга намын үзэл гаргаж ардчилсан намыг дэмжиж байна гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлнө гэж дарамталдаг болсон.

Намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудас өгсөн гэх заалт бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би огт мэдэгдэх хуудас хүлээн аваагүй, орон тооны цомхотгол хийгдсэн гэдэг нь үндэслэлгүй. Намайг өөрөө өргөдлөө өгөөд ажлаас гар гэж байнга дарамталж байсан.

Би ажлаа хуулийн дагуу гүйцэтгэж ирсэн. Надад ажлаас чөлөөлөгдөх ямар нэг үндэслэл байхгүй байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Улаангом сумын Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл гаргаж хариу авсан. Ер нь намайг намын үзлээр ялгаварлаж дарамталж байгаад ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Миний бие гэнэт муудаад 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад яаралтай Улаанбаатар хот яв гэсний дагуу Улаанбаатар хот эмчилгээнд явсны дараа намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байсан. Би өөрөө нягтлантай утсаар ярихад таныг ажлаас чөлөөлсөн гэж хэлсэн. Ингээд би өөрийн дүү Ц.С-гаар тушаалаа 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр авахуулсан. Намайг байхгүй байхад ажлаас чөлөөлсөн тул шүүхэд өргөдөл гаргахаар эмчилгээгээ орхиод ирсэн. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал: Увс аймаг Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 тушаал хууль зүйн үндэслэлтэй, уг тушаалын 4дүгээрт заасны дагуу ээлжийн амралтын цалинг бодож олгосон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах.

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл:

Хариуцагч Увс аймаг Мэргэжлийн газрын дарга Ц.М анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...2014 онд Увс аймаг Мэргэжлийн хяналтын газар үйлчилгээний 9 ажилчинтай ажиллаж байсан боловч 2015 онд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 208 тоот тушаалаар үйлчилгээний ажилчдын орон тоо найм болж нэг орон тоо хасагдсан. Урд ажиллаж байсан дарга нар нэг орон тоогоо хасаж чадаагүй сул орон тооны цалингийн санд багтаан ажиллуулж байсан ба илүү орон тоогоо хасах тухайгаа албан хаагчдын хурал дээр танилцуулж байсан байдаг.

Миний бие Увс аймаг Мэргэжлийн хяналтын газрын даргаар 2016 онд томилогдсон. Тухайн үед ажил авч байхад тус газар нь үйлчлэгч 3, жолооч 3, харуул 3, нийт 9 ажилтантай, орон тооны илүүдэлтэй байсан. Ажиллах хугацаанд тус газрын бусад хэлтсүүд Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс, Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтэс, Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтэст сул орон тоотой байсан учраас цалингийн сандаа багтаан нэг үйлчилгээний албан хаагчийг цалинжуулан ажиллуулж байсан.

Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс Гаалийн байгууллагад шилжиж, бусад хэлтсүүд Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтэс, байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтэс, лабораторт сул орон тоо байхгүй болсон. Увс аймаг Мэргэжлийн хяналтын газрын жолооч Ц.М-ын хувьд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар албаны УВА 7803 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон, зөрчил гаргаж жолоодох эрхээ хасуулсан.

Энэ талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 44-6/22 албан бичгээр мэдэгдсэн. Энэ тухай ТЗЭУХ-ийн дарга болон миний бие жолооч Ц.М-д өөрт нь мэдэгдсэн. Тус газрын даргын зөвлөл дээрх асуудлаар хуралдаж, Ц.М-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй гэдэг шийдвэрт хүрсэн. Жолооч Ц.М-д Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсэг орон тоо цөөрсөн, 80.1.2 дахь хэсэг ажилтны мэргэжил, мэргэшлийн түвшин гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх хоёр үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн.

Мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгөх гэсэн боловч аваагүй тул яагаад авахгүй тухайгаа тайлбар бич гэхэд бас бичээгүй тул хүний нөөцийн ажилтан мэдэгдэл дээр тэмдэглэгээ хийсэн. Мэдэгдлийг танилцуулснаас эхлэн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Ц.М ажилд ирээгүй. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажил дээр эхнэрийн хамт ирж Улаанбаатар хот орж МХЕГ-н албан тушаалтнуудтай уулзах хувийн ажил байна гэж чөлөө хүсэж өргөдөл гаргасан.

Мэдэгдэл авсан хугацаанд ажиллахгүй байж болно гэдгийг өргөдөл өгөх үед өөрт нь хэлсэн. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас танай байгууллагад жолооч ажилтай Ц.Мас өргөдөл гаргасан тул яагаад ажлаас чөлөөлж буй тухай тайлбар ирүүлэхийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга М.Наранмандах утсаар шаардсан тул 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тайлбарыг албан тоотоор бичиж хүргүүлсэн.

2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдлийн хугацаа дууссан тул  тушаалаа гардан авч, ажлаа хүлээлцэх талаар Мөнгөнтулгад мэдэгдэж дуудсан боловч өөрөө ирээгүй. 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Ц.М-ын дүү гэх эмэгтэй ирж, тушаалыг гардаж авсан. Хөдөлмөрийн тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийн  82 дугаар зүйлийн 82.1.4-т: “ тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасны дагуу 4 сарын тэтгэмжийг бодож олгосон.

Мөн Увс аймаг Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 тушаалын 4 дүгээрт заасны дагуу ээлжийн амралтын цалинг бодож олгосон. Нэхэмжлэгчийн тайлбарт бичсэнээр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн уулзалтад очсон тухай болон аль нам эвсэлийг дэмждэгийг би огт мэдэхгүй, дарга болсноосоо хойш намын шугамаар ажлаас чөлөөлөх гэж дарамталсан, мэдэгдэх хуудас огт өгөөгүй, өргөдөл өгөхөөр эмчилгээгээ орхиод ирсэн гэх зэргээр худлаа зүйл бичиж, гүтгэж байгаад харамсаж байна”  гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Увс аймаг Мэргэжлийн хяналтын газрын ТЗЭУХ-ийн жолооч Ц.М-ын хувьд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар албаны УВА 7803 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргаж жолоодох эрхээ хасуулсан. Энэ талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 44-6/22 албан бичгээр мэдэгдсэн. Энэ тухай ТЗЭУХ-ийн дарга болон миний бие жолооч Ц.Мд өөрт нь мэдэгдсэн. Тус газрын даргын зөвлөл дээрх асуудлаар хуралдаж, Ц.М-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй гэдэг шийдвэрт хүрсэн. Жолооч Ц.Мд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсэг орон тоо цөөрсөн, 80.1.2 дахь хэсэг ажилтны мэргэжил, мэргэшлийн түвшин гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх хоёр үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн.

Мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн боловч аваагүй тул яагаад авахгүй тухайгаа тайлбар бич гэхэд бас бичээгүй учраас хүний нөөцийн ажилтан мэдэгдэл дээр тэмдэглэгээ хийсэн. Мэдэгдлийг танилцуулснаас эхлэн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Ц.М ажилд ирээгүй. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажил дээр эхнэрийн хамт ирж Улаанбаатар хот орж МХЕГ-н албан тушаалтнуудтай уулзах хувийн ажил байна гэж чөлөө хүсэж өргөдөл гаргасан. Мэдэгдэл авсан хугацаанд ажиллахгүй байж болно гэдгийг өргөдөл өгөх үед өөрт нь хэлсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 82 дугаар зүйлийн 82.1.4- т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх гэж заасны дагуу 4 сарын тэтгэмжийг бодож олгосон. Нэмэгдүүлж тэтгэмж олгох боломжгүй байсан. Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 тушаалын 4 дүгээрт заасны дагуу ээлжийн амралтын цалинг бодож олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 152/ШШ2022/00283 дугаар шийдвэрээр:

-Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар Увс аймаг Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Ц.Мөнгөнтулгыг Увс аймаг Мэргэжлийн хяналтын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэгчийн 10 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ээлжийн амралтын цалинг гаргуулах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Ц.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймаг Мэргэжлийн хяналтын газраас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

7. Хариуцагч Увс аймаг Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо  : “...Жолооч Ц.М нь өөрөө байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн тул ажлаас чөлөөлсөн. Ц.М нь дээрх зөрчил гаргаснаар удирдлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэх хуудас бичиж, өөрт нь гардуул гэж хуулийн зөвлөхөд үүрэг өгсөн. Мэдэгдэх хуудсыг гардуулах гэхэд Ц.М нь авахгүй байснаас тайлбар бичиж баримтжуулсан байсан.

Мэдэгдэх хуудас гарснаас хойш Ц.М нь байгууллагаар байнга орж гараад явж байсныг манай байгууллагын ажилчид бүгд мэдэж байгаа. 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг ирж ав гэж 99456518 утсаар мэдэгдэхэд авахгүй гэсэн тухай яриаг бичиж бэхжүүлсэн бичлэг нь байдаг. Жолооч Ц.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2-т: дараах зөрчлүүдийг гаргасан тохиолдолд “ноцтой зөрчилд тооцож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцална.

Үүнд: Ажлын байранд болон ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн, удирдлагын шийдвэргүйгээр автомашиныг гражаас гаргах, зориулалтын бус ажилд явах, хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн хөдөлмөрийн гэрээг дангаар цуцалж болох бусад ноцтой зөрчлүүд гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан.

Жолооч Ц.М нь согтуугаар албаны автомашиныг жолоодож яваад Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар 400 мянган төгрөгөөр торгуулан, 1 жилээр эрхээ хасуулсан тул цаашид албаны автомашин барьж хөдөлгөөнд оролцох боломжгүй гэж үзсэн. Тэгтэл анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1; 80.1.2-т заасан үндэслэлүүд тогтоогдоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 6 сарын 08-ны өдрийн 152/ШШ2022/00283 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

8. Увс аймаг Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “Жолооч Ц.М нь согтуугаар албаны машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож жолоодох эрхээ хасуулсан. Ийм нөхцөл байдал байхад анхан шатны шүүх нь нэг талыг барьж буруу шийдвэрийг гаргасан гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргасан.

Шүүх шийдвэр гаргахдаа хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтыг харгалзан үзээгүй байна. Ажлаас халах тухай мэдэгдэх хуудсыг өгсөн байхад шүүхээс өгөөгүй гэж үзсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж зөрчил гаргасан тухай Цагдаагийн газрын албан бичиг ирэхэд мэдэгдэх хуудсыг өг гэж захиргаа удирдлагын хэлтсийн даргадаа 2-3 удаа мэдэгдсэн.

2022 оны 02 дугаар сарын 14-нд мэдэгдэх хуудсыг 2 хувь үйлдэж тухайн үед ажиллаж байсан Хүний нөөц хариуцсан ажилтан өгсөн. Байгууллагын хурал болж байхад жолооч Ц.М нь орж ирээд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэх хуудсаа үзүүлсэн. Тэгэхэд би тайлбараа бичээд холбогдох газруудад хандаж болно гэж хэлсэн. Ц.М нь 2022 оны 02 дугаар сарын 18-нд дахиж ирээд нэгэнт ажлаас чөлөөлж байгаа юм чинь тушаалынхаа үндэслэлийг өөрчилж өгнө үү гэхэд нь өөрчлөх боломжгүй гэдгээ хэлсэн. Жолооч Ц.М нь албан тушаал бууруулж өгнө үү гэсэн хүсэлтээ надад хэлсэн. Албан тушаал бууруулаад авч болох боловч манай байгууллагад орон тоо байхгүй гэдгийг чи мэдэж байгаа гэдгийг хэлсэн. Би өөрөө яваад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргатай уулзаж орон тоо нэмүүлэх арга хэмжээ авъя гээд надад бичгээр өргөдөл гаргаж өгсөн. Улаанбаатар хот уруу 14-15 хоног явж ирээд надтай уулзаагүй, ямар нэгэн тайлбар гаргаагүй. Хуулийн хугацаа 30 хоног дуусаад тушаал гарсны дараа тушаалаа ав гэхэд аваагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т: ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж буй ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж заасан. Шүүх хөдөлмөрийн магадлах комисс ажиллуулаагүй байна гэж үзсэн. Жолооч гэдэг нь мэргэжил юм. Тусгай мэргэжлээр суралцсаны үндсэн дээр цагдаагийн байгууллагаас олгодог. Энэ тусгай эрхийг нь тухайн олгосон байгууллагаас нь жолоодох эрхээ хасуулсан гэсэн албан тоот ирүүлсэн учраас энэ заалтыг удирдлага болгосон. Иймээс нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзсэн” гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж гомдол гаргасан. Ц.М нь  тухайн байгууллагын жолооч ажилтай.

Гэтэл өөрөө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ албаны машин жолоодож 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан байсан. Эрхээ хасуулсан тухай баримтыг нь Цагдаагийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 30-нд манай байгууллагад ирүүлсэн. Үүний дагуу байгууллагын ёс зүйн зөвлөл хуралдаад Ц.М-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй байна гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон” гэв.

10. Нэхэмжлэгч Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд: “1991 оноос 2021 он хүртэл төрийн байгууллагад 30 жил хоёргүй сэтгэлээр ажиллаж ирлээ. Ц.М дарга 2016 оноос хойш ажиллах хугацаандаа намайг хурал цуглаан дээр, утсаар болон ямар нэгэн байдлаар шахалт дарамтыг үзүүлж байсан. Би 2016 онд О.Цогтгэрэлийн сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаанд, 2017 онд ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаанд тус тус явсан. Үүнээс хойш надад байнгын дарамт ирдэг болсон. Хамт олны хурал дээр олон нийтийн сүлжээнд бичээд байгаа зүйлээ боль гэж байнга дарамт шахалт үзүүлж байсан.

2021 оны 12 дугаар сарын 26-нд амралтын өдрөөр хилийн хэлтсийнхэн гааль руу шилжихтэй холбогдуулан хүмүүс гаргаж өгөх далимаар манай байгууллагынхан зугаалсан. Өглөө эрт машинаа гражнаас гаргаад бэлэн болгоод ажил руу ороход манайхны хүмүүс ганц нэг шил архи задлаад амсаж байсан ба би түүнээс амссан. Ажилчдын цүнх, дээл авахаар явж байтал намайг цагдаа дуудаад өгчихсөн байсан. Ц.М дарга цагдаад дуудлага өгсөн гэж хардаж байгаа. Энэ талаар цагдаагийн байгууллагаас асуухад мэдээлэл өгөөгүй.

Намайг ажлаас халах гэж шалтаг хайж байсан. 2015 оноос хойш мэргэжлийн хяналтын газар нь үйлчилгээний нэг ажилтны орон тоо дутуу явж байсан. 2015 онд орон тоо хасагдаж ирсэн бол өмнөх дарга нар хасаагүй. Ц.М дарга ажлаа хүлээж аваад орон тоогоо батлагдсан бүтэц орон тоондоо нийцүүлж батлах ажлыг нэг ч удаа хийгээгүй.

Би Ц.М даргыг “та өөрөө явж орон тоо нэмэгдүүлэх ажлаа хөөцөлдөхгүй бол би өөрөө явъя, надтай хамт 2-3 хүн хамт явуулж өгнө үү” гэхэд ганцаараа яв гэж хэлсэн. Би Улаанбаатар хот уруу яваад шадар сайд С.Амарсайхан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Баасандоржтой тус тус уулзсан. Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Баасандорж руу энэ хүмүүсийн асуудлыг шийдэж өг, иргэнийг хохироож болохгүй гэсэн үүргийг өгсөн. Ингээд Баасандорж даргатай тэр өдрөө очиж уулзахад хүлээж авлаа гэсэн.

Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Н нь Увс аймаг М-ийн х-ын газрын бүтэц орон тооны талаар өнөөдөр хүртэл яагаад бид нарт мэдэгдээгүй юм, үүнийг шийдэх боломж байсан. М-ийн х-ын ерөнхий газрын дарга Б-д өргөдлөө бичээд өгчих гэсэн ба би өргөдөл бичиж өгсөн. Мөн аймагтаа очоод 9 орон тоогоор баталж өгнө үү гэсэн утгатай албан тоотыг мэргэжлийн хяналтын газрын даргын албан тоотоор явуул гэж хэлсэн. Буцаж ирээд Ц.М даргад 3 сарын дундуур аймгуудын Мэргэжлийн хяналтын газруудын бүтэц орон тоо батлагдах юм байна, саналаа албан тоотоор явуул гэж байна гэж хэлсэн.

Тэгэхэд Ц.М дарга албан тоот явуулж өгөөгүй ба чамайг ажиллуулахгүй гэж хэлсэн. Энэ нь нам улс төрийн шалтгаантай байна гэж үзэж байна. 2020 оны орон нутгийн сонгуульд манай дүүгийн нөхөр Г.О-д Улаангом сумын 1-р багт сонгуульд нэр дэвшсэн. Би тэр баг руу шилжиж санал өгөхөд надад улс төрийн дарамт шахалт үзүүлсэн. Ц.М дарга нь зугаалга зохион байгуулж  архи өгөөд, цагдаа дуудсан байсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч Увс аймаг Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.Мын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 152/ШШ2022/00283 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Ц.М Увс аймаг Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан тус газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, 10 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ээлжийн амралтын олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Увс аймаг Мэргэжлийн хяналтын газар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлан маргажээ.

4. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн  158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Мөнгөнтулгыг Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэгчийн 10 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ээлжийн амралтын олговор гаргуулах тухай  шаардлагыг хүлээн авахаас татгалзаж  тус тус шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагч  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

5.1. Увс аймаг Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.М тус газрын жолооч Ц.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулгын/ 80.1 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2-т заасан  буюу үйлчилгээний ажилчдын орон тоо цөөрсөн болон жолоодох эрхээ хасуулсан гэх үндэслэлүүдийг зааж цуцалсан байх ба дээрх үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байна.

Ажил олгогч нь ажилтанг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл буюу татгалзлаа шүүхээс нотолж чадаагүй гэж үзлээ.  

5.2. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд ийнхүү ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.4-т тус тус нэрчлэн заасан байна.

Хариуцагч тал өөрийн санаачилгаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн  80.1.1-т заасан “ орон тоо цөөрсөн” , 80.1.2-т заасан “ ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон” гэх үндэслэлүүдийг баримталсан байх боловч энэхүү үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа урьдчилан мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.  

          Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т: Ажил олгогч энэ хуулийн 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд нотлох үүрэгтэй” гэж заасан ба ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Мд түүнтэй  байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа дээрх хуульд заасан хугацааны дотор бичгээр мэдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

6. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “ Жолооч Ц.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг заасан байгаа. Үүнд : ажлын байранд болон ажил үүрэг гүйцэтгэх үедээ ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирсэн, удирдлагын шийдвэргүйгээр автомашиныг гражаас гаргах, зориулалтын бус ажилд явахыг тус тус ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор заасан ба Ц.М нь согтуугаар албаны машин жолоодож яваад Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар  зүйлд зааснаар 400.000 төгрөгөөр торгуулан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулж, цаашид авто машин жолоодож хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон болохоор ажлаас чөлөөлсөн” гэж тус тус тайлбарлаж    байх боловч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний ямар зүйл, хэсэгт заасан ямар ноцтой зөрчил гаргасан талаар хэрэгт нотлоогүй байна.

Ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлж буй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан “ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх  заалтыг ажлаас чөлөөлсөн шийдвэртээ баримтлах нь хуулийн шаардлагад нийцнэ.

Учир нь, ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлсөн /халсан/ тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байх, түүнчлэн ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх тул энэ шаардлагыг хангасан тохиолдолд уг эрх зүйн акт буюу тушаалыг хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж дүгнэх нөхцөл болно.

Хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.        

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг үндэслэлтэй зөв тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 152/ШШ2022/00283 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Увс аймаг Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.М-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН