| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2022/02907/И |
| Дугаар | 210/МА2022/01603 |
| Огноо | 2022-08-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2022/01603
| 2022 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 210/МА2022/01603 |
Г ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г ХХК
Хариуцагч: Х ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 64,522,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Г ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж бусад аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах, тэдгээрт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэдэг. 2021 оны 05 дугаар сараас эхлэн Х ХХК-д гахайн махны өөх, гуя, цорой, хуйх зэрэг төрөлжсөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн бөгөөд уг нийлүүлэлтийг манай компанийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн гүйцэтгэсэн. Харин бүтээгдэхүүний нийт төлбөр болох 372,830,750 төгрөгийн төлбөрөөс 261,308,250 төгрөгийн төлбөрийг манайд шилжүүлж үлдэгдэл 111,790,450 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй үлдсэн тул хоёр тал тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. Түүнээс хойш Х ХХК-аас уван цуван төлбөр барагдуулж ирсэн бөгөөд сүүлийн байдлаар нийт 71,522,500 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрлээ. Бидний зүгээс Х ХХК-д үлдэгдэл төлбөрийг яаралтай барагдуулах тухай шаардаж ирсэн. Хариуцагч Х ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 10 сая төгрөг төлснийг хасаж, 61,522,500 төгрөгийг гаргуулна. Мөн өмгөөлөгч Б.Б-тай хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ авах гэрээг байгуулж, түүнд 3,000,000 төгрөг төлсөн. Хариуцагч бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрөө цаг тухайд нь бүрэн барагдуулаагүй учраас манай байгууллага нэмэгдэл зардал гаргасан. Иймд 3,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Тус компани нь 2021 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Хариуцагч байгууллагын хувьд төлбөрийг тогтмол график гарган төлж ирсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан мөнгөн дүнгээс 10 сая төгрөг төлснийг хасаж үлдэгдэл төлбөр 61,522,500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус зааснаар өмгөөлөгч авах нь оролцогчдын эрх байдаг тул түүнийг нэхэмжлэгчид учруулсан хохирол гэж үзэхгүй. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 228 дугаар зүйлийн 228.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 61,522,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578,513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 465,563 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагч компанийн тухайд нэхэмжлэгчтэй эвлэрэх талаар удаа дараа ярилцаж, шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүхээс эвлэрүүлэх ажиллагаа хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд уг шаардлагыг хариуцагч тал гардан авсан. Шүүхийн шийдвэрийг бичгээр гаргахдаа тайлбарыг зөрүүтэй хийж, шийдвэрийн тогтоох хэсэгт үндсэн нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагыг тусд нь ялгалгүй нэг нэхэмжлэл мэтээр бичсэн байна. Үүнээс гадна улсын тэмдэгтийн хураамжийн тооцооллыг мөн адил бодохдоо дээрхтэй ижил алдаа гаргасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Анх 61,522,500 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаан явагдахаас өмнө нэхэмжлэлийн шаардлагаа 3,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнд анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хэмжээг хангаагүй бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 61,522,500 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцоолсон гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж бодох аргачлалын дагуу бодож тэмдэгтийн хураамжийг тушаасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд тохирч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 61,522,500 төгрөг, хохирол 3,000,000 төгрөг, нийт 64,522,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, үндэслэлээ өмгөөлөгч авах нь оролцогчийн эрх байдаг тул өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэх үндэслэл заан маргажээ.
3.а. Талуудын хооронд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээний дагуу худалдагч Г ХХК нь гахайн махны төрөлжсөн нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч Х ХХК нь үнийг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтыг хэргийн баримт, талуудын тайлбар зэргийг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоож, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
Нэгэнт талуудын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн учир нэг тал нөгөө талаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
3.б. Г ХХК 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 7 удаагийн хүргэлтээр нийт 372,830,750 төгрөгийн үнэ бүхий гахайн махны төрөлжсөн нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлсэн, Х ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлд 311,308,250 төгрөгийг төлсөн, одоо 61,522,500 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь талуудын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн акт, хариуцагчийн зөвшөөрсөн тайлбар зэргээр тогтоогдсон байна.
3.в. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Х ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 61,522,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
4. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан үйлчилгээний хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх зөв дүгнэлт хийсэн боловч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй болжээ. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол болон гэм хор арилгуулах тухай шаардлага гаргаагүй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч, үйлчилгээний хөлсөнд 3,000,000 төгрөг төлсөн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол арилгуулах шаардах эрхэд хамаарахгүй юм.
Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хариуцагч компанийн тухайд нэхэмжлэгчтэй эвлэрэх талаар удаа дараа ярилцаж, шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүхээс эвлэрүүлэх ажиллагаа хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, шийдвэрийн тогтоох хэсэгт үндсэн нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагыг тусд нь ялгалгүй нэг нэхэмжлэл мэтээр бичсэн, улсын тэмдэгтийн хураамжийн тооцооллыг мөн адил бодохдоо дээрхтэй ижил алдаа гаргасан. гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эвлэрэн хэлэлцэх хүсэлтийг шүүх хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба зохигчид эвлэрэн хэлэлцээгүй байна.
Шийдвэрийн тогтоох хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасанд нийцсэн байх тул нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагыг нэгтгэж бичсэн гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй.
Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэмжээгээр хариуцагчид хариуцуулахаар шийдвэрлэсэн нь зөв.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/03028 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 227 дугаар зүйлийн 227.3, 228 дугаар зүйлийн 228.1 гэснийг хасч, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
С.ЭНХБАЯР