Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 248

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-д холбогдох эрүүгийн 1803006550319 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,  29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Эрчим хүч ус хангамжийн 1 дүгээр анги Амгалан хэсгийн монтёр, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Дархан өргөө 1013-601 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ж.Б гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед Төв аймаг Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын Баян, Хайрхан зөрлөгийн дунд төмөр замын цахилгааны утас шонд өлгөх ажил хийж байхдаа хамт ажилладаг Б.Г-тэй маргалдан биед нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б мэдүүлэхдээ: “ ..Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэг зүйлд гомдолтой байгаа. Гансүх бид хоёр харилцан зодолдсон. Тэгтэл намайг ганцаараа зодсон юм шиг ялласан” гэв.

Хоёр:Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Гансүхийн: “....2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 20 цаг 00 минутын үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын “Хайрхан” зөрлөгт цахилгааны шугам сүлжээ татах ажилд монтёр Б, Өсөхбаяр, Ууганбаатар нарын хамт ажиллаж байхдаа би цахилгааны хуйлаатай дамартай утас харж утсыг машинаар татаж байхад утасны дамар хурдан эргэж утас зогсоож чадахгүй байтал Б ирж дамартай утсыг зогсоож намайг ажил хийж чадахгүй бол зайл гээд би битгий хуцаараа гэж хэлж бид 2 маргалдаад өнгөрсөн. Ингээд дамартай утсаа шон дагуулж татсаны дараа цахилгааны утсыг Бгийн хөлний хажууд тавьтал гарт бариулж өгсөнгүй гээд хэмээн над руу агсарч уурлаад байхаар нь би чи муу бацаан  юу гээд орилоод байгаа юм бэ гэж хэлээд дөхөөд очтол хөлнийхөө дөрөөг тайлж над руу мөн өөдөөс гүйж ирээд зүүн талын хөмсгөнд гараараа 1 удаа цохиж би газар унаад босч иртэл уруул руу цохиж энэ үед Ууганбаатар ирэн салгаж дахин бид 2 маргалдаагүй би цааш Өсөхбаяр дээр очиж хамт ажлаад ажил тарсан. Ингээд цагдаад би мэдэгдэж өргөдөл гаргасан. Б миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж зүүн нүдний дээд зовхи, эрүүнд зулгаралт үүсгэсэн. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн бөгөөд Бгээс 400000 төгрөг хохирол эмчилгээний зардалд авахаар тохиролцсон. Би нэхэмжилж байгаа 400000 төгрөгөө Б  2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгч барагдуулсан гэсэн ба мөнгийг маань өгчихвөл надад гомдол санал байхгүй ” гэх мэдүүлэг /хх-07-08 тал/,

            мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Өсөхбаярын: “2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах УБТЗ-ын “Баян” , “Хайрхан” зөрлөгийн дунд цахилгааны ажил хийхээр монтёр Гансүх, Б, Ууганбаатар, Б нарын хамт цахилгааны шугам татах ажил гүйцэтгэж дамартай цахилгааны хуульсан утсыг дамарнаас зөөлөн суллаж байтал Гансүх, Б 2 намайг  гар утсаараа ярьж байх хооронд нэг мэдсэн хоорондоо хэрэлдээд би боль гэж хэлж больцгоосон. Ингээд би цааш цахилгааны утсыг доош тарааж татаад тэр 3-с нилээд холдож 2 км шахуу газар утсаа татаад холдоод байж байтал Гансүх араас ирээд Б намайг зодчихлоо гэж хэлж зүүн хөмсөг орчимоос нь цус гарсан байдалтай ирсэн. Би Гансүхийг дээшээ явсаны хэрэггүй гээд хажуудаа авч ажлаа хийж орой харанхуй болтол ажлаад дуусч цаг хараагүй буцаж дээш Б, Ууганбаатар 2-г машинтай очиж аваад хот руу буцаж гэртээ харьцгаасан. Би хараагүй 2 км холдоод явсан байсан. Юу болсныг асуухад надад хоёулаа юу ч хэлээгүй би ч дахиж асуугаагүй өнгөрсөн. Би өөрөө ахалж ажил гүйцэтгэж байсан. Б нь 2017 оны 12 сард манай байгууллагад цахилгаанчин, монтёрын ажилд орсон, зан байдлын талаар гайгүй, дээд боловсролтой гэж сонссон. Ажилдаа идэвхи зүтгэлтэй даалгасан ажлыг цаг тухайд нь гүйцэтгэдэг, сайн залуу, архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй томоотой хүү гэж бодож байна. Гансүх нь 2018 оны 03 сард цахилгаанчин, монтёрын ажилд манайд орсон бөгөөд зан байдлын талаар гайгүй л хүү шиг санагдаж байна. Ажилдаа сайн, даалгасан үүрэг даалгаварыг сайн гүйцэтгэдэг. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй томоотой хүү гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-14 тал/,

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ууганбаатарын: “...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах УБТЗ-ын “Баян” , “Хайрхан” зөрлөгийн дунд цахилгааны шугам татах ажил хийхээр Бгийн хамт явж очиж ажлаа хийж байтал араас аж ахуйн ажилтан Гансүх хүрч ирэн дарга хамт ажлаарай гэж хэлсэн гээд ирсэн. Ингээд шонгийн цахилгааны утсыг шонд тогтоох ажил хийж байтал Б, Гансүх хоёр дамартай цахилгааны утас тараах үед хоорондоо маргалдаад хэрэлдэж байсан. Би ажлаа хийгээд цааш яваад эргээд хартал тэр хоёр хоорондоо хэрэлдэхээ больсон байсан. Ингээд орой 20 цагийн үед цахилгааны утсаа шонд тохох ажил эхлээд би шон руу гарч цахилгааны утсыг олсоор дээш татаж аваад эргүүлэн олсоо доош шидэж Гансүх ахад өгч Бд аваачиж өгөө гэж хэлээд би цахилгааны утсыг шонд бэхлээд байж байтал цаад шонгийн дэргэд Гансүх, Б 2 дахин маргалдаад хэрэлдээд хоорондоо зодолдох гээд би шон дээрээс хараад доош буугаад очтол Гансүх ахын зүүн талын нүд орчим хамарнаас нь мөн цус гарсан байдалтай байсан. Би очиж тэр хоёрыг больцгоо гээд болиулж эртхэн ажлаа дуусгахаа бодоцгоо гэж хэлтэл Гансүх ах цааш яваад өгсөн. Ингээд төд удалгүй дарга Гансүх машинтайгаа ирээд Гансүх ахыг машиндаа суулгачихсан Б юу болоод хоорондоо зодолдоод байгаа юм бэ гээд машиндаа суугаад яваад өгсөн. Өөр зүйл болоогүй. Б нь гараараа Гансүх ахын нүүр лүү цохьсон байх би хэн нь түрүүлж цохьсоныг хараагүй яагаад гэвэл би шонгоос доош буухын тулд дөрөө рүүгээ харж буудаг ба буугаад Б, Гансүх нар луу очиход 100 метр газрын зайтай бөгөөд намайг ирэхэд Гансүх ахын нүүрнээс цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-16 тал/,

                мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Пүрэвбаатарын: “2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр найз Б хамт ажилладаг залуутай үл ойлголцож маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохьчихсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-18 тал/,

                                 -Төмөр замын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-03 тал/,

                                 -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №9504 тоот шинжээчийн дүгнэлтэд

                1.Б.Гансүхийн биед зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

                3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

                4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-20 тал/,

               

    -Шүүгдэгч Бгийн “ял шийтгэл үгүй” гэх ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримт  зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

 

            Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

         Гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Б нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед Төв аймаг Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын Баян, Хайрхан зөрлөгийн дунд төмөр замын цахилгааны утас шонд өлгөх ажил хийж байхдаа хамт ажилладаг Б.Гансүхтэй маргалдан биед нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Гансүхийн: “....над руу мөн өөдөөс гүйж ирээд зүүн талын хөмсгөнд гараараа 1 удаа цохиж би газар унаад босч иртэл уруул руу цохиж энэ үед Ууганбаатар ирэн салгаж дахин бид 2 маргалдаагүй би цааш Өсөхбаяр дээр очиж хамт ажлаад ажил тарсан. Б миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж зүүн нүдний дээд зовхи, эрүүнд зулгаралт үүсгэсэн” гэх мэдүүлэг /хх-07-08 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Өсөхбаярын: “Гансүх араас ирээд Б намайг зодчихлоо гэж хэлж зүүн хөмсөг орчимоос нь цус гарсан байдалтай ирсэн” гэх мэдүүлэг /хх-14 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ууганбаатарын: “Гансүх, Б 2 дахин маргалдаад хэрэлдээд хоорондоо зодолдох гээд би шон дээрээс хараад доош буугаад очтол Гансүх ахын зүүн талын нүд орчим хамарнаас нь мөн цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-16 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Пүрэвбаатарын: “2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр найз Б хамт ажилладаг залуутай үл ойлголцож маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохьчихсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-18 тал/,

Хохирогч Б.Гансүхийн биед учирсан гэмтлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №9504 тоот шинжээчийн дүгнэлтэд “ Б.Гансүхийн биед зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг  тогтоох журамын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-20 тал/ гэснээр нотлогдсон байна.

            

          Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүх шүүгдэгч Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзлээ.

 

         Шүүгдэгч Б-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар торгох ял сонгон оногдууллаа.

 

         Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /3 сарын/ хугацаанд төлж барагдуулах үүрэгтэйг сануулж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд  шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг 1 /нэг/ хоног хорих ялаар тооцож, солихыг сануулав.

 

              Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

             

Тав: Бусад зүйлийн талаар.

Хохирогч Б.Гансүх нь эмчилгээний зардалд 400000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Б нь төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч Б.Гансүх одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

Эрүүгийн 1803006550319 тоот хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурор, шүүхийн шатанд шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй болно

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Ж.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 451 /дөрвөн зуун тавин нэгэн/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 451000 /дөрвөн зуун тавин нэг мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б-д оногдуулсан 451 /дөрвөн зуун тавин нэгэн/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 451000 /дөрвөн зуун тавин нэг мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг 01 /нэг/ хоног хорих ялаар тооцож, солихыг сануулсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ