| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0275/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/286 |
| Огноо | 2018-10-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд,
Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Мд холбогдох эрүүгийн 1838000720062 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х.М нь 2018 оны 01 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-20-14 тоот хашаанд байх иргэн Л.Ламбаарын цоожийг эвдэн орж 8 ширхэг ямааны арьс хулгайлж 152.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.М нь 2018 оны 01 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-20-14 тоот хашаанд байх иргэн Л.Ламбаарын цоожийг эвдэн орж 8 ширхэг ямааны арьс хулгайлж 152.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би хашаа руу давж ороод амбаарынх нь орос төмөр цоож түгжээгүй өлгөөтэй байхаар нь цоожийн аваад дотогшоо орсон. Амбаарлуу ороход дүүрэн арьс хураалттай байхаар нь хавсраад нийлүүлсэн гурван хэсэг ямааны арьс авсан. Би ямааны арьснуудаа зах дээр нэг ченжид нэгийг нь 25.000 төгрөгөөр бодоод 150.000 төгрөгөөр зарсан. Би архи уух гэж л хулгай хийсэн....Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 15-17 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сараас хойш иргэдийн гар дээрээс ямааны арьс худалдан аваад үнэ нь өсөхөөр нь эргүүлэн зарах санаатай хашаандаа байх амбаартаа хурааж байсан юм. Тэгтэл 2018 оны 01 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө хашаанд байх амбаарын хаалганы цоожийг эвдээд хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай амбаараас ямааны 8 ширхэг арьс алга болсон байсан. Амбаарын цоожийн эвдээд алга болгосон байсан тэр цоожийг 8000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…2018 оны 01 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө би гэртээ унтаж байхад шөнийн 02 цаг өнгөрч байхад хашааны хаалга хүн нүдээд байхаар нь гараад очтол тахир хочтой Х.М ганцаараа хоёр ширхэг ямааны арьс, нэг ширхэг үхрийн шир барьсан зогсож байсан. Х.М энэ арьснуудыг амбаартаа хийчих өглөө ирээд авъяа гэхээр нь би за гээд тэд нарыг нь амбаартаа байх хашаандаа оруулж хийсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 36 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838000720062 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Х.М нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Х.М нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Х.М нь урьд 1990 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 1991 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйл, 155 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг өршөөсөн, 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд зааснаар 3 сар 10 хоногоор баривчлах ялаар, 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 216 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 48-71 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 20 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.М хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мгийн цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 1838000720062 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР