| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2532000410054 |
| Дугаар | 2026/ДШМ/62 |
| Огноо | 2026-06-09 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/62
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Г.Тунгалаг /цахим/
Шүүгдэгч Э.Э*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж шийдвэрлэсэн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Э.Э*******ад холбогдох эрүүгийн 2532000410054 дугаартай, 149/2026/0036/Э/208/2026/0042 индекстэй, 2 хавтас хэргийг 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч******* овгийн Э******* Э*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ******* аймгийн Б******* суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, М******* хувь нийлүүлсэн нийгэмлэг У******* ******* ******* харьяа б ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн сумын * дугаар баг Б ** дүгээр гудамж ** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, (РД: )
Шүүгдэгч Э.Э******* нь М******* хувь нийлүүлсэн нийгэмлэг У******* ******* ******* Зүүнхараа зангилаа дахь б Ерөнхий нягтлан бодогчоор томилогдсон Нийтийн албан тушаалтан буюу төрийн үйлчилгээний албаны ерөнхий нягтлан бодогч албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл зүйлийн 7.1.6, 7.1.7 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1 албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина, 11.1 Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У******* ******* даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/236 дугаартай тушаалаар батлагдсан журмын 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт УБТЗХНН-н салбар нэгжүүд өөрсдийн аж ахуйн үйл ажиллагаанд шаардлагатай нэг жилийн хэрэгцээ нь 5 000 000 төгрөгөөс хэтрэхгүй үнийн дүнтэй бараа материал, ажил үйлчилгээг бичгээр гэрээ байгуулахгүйгээр өөрийн салбар нэгжийн бараа, ажил, үйлчилгээ сонгон шалгаруулах комиссын шийдвэрээр худалдан авч болно.
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У******* ******* даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/359 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын Худалдан авах журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан Худалдан авах ажиллагаанд үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай, ил тод, өрсөлдөх, тэгш боломжтой байх зарчмыг баримтална.
Мөн журмын 3.10 дугаар зүйлд энэхүү журмын 3.9-д заасан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг НХ алба холбогдох журмын дагуу баталгаажуулан www.tender.gov.mn болон www.ubtz.mn цахим хуудас зэрэгт зарлан мэдээлнэ, журмын 5.11 дүгээр зүйлийн 5.11.4 дэх хэсэгт гишүүд нь хэмнэлттэй, хариуцлагатай, зах зээлийн дундаас дээгүүр үнээр бараа ажил үйлчилгээ худалдан, авахгүй, хувийн ашиг сонирхлоос ангид байх бөгөөд сонгон шалгаруулалтыг явуулахдаа хараат бус, ил тод явуулж УБТЗ ХНН-н эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байгууллагад ашигтай байх зарчмыг удирдлага болгох гэж заасныг тус тус зөрчиж, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж М******* хувь нийлүүлсэн нийгэмлэг У******* ******* ******* Зүүнхараа Зангилаа дахь б үйлдвэр буюу өөрийн салбар нэгжийн бараа, ажил, үйлчилгээ сонгон шалгаруулах комиссын шийдвэр гараагүй, хуралдаагүй байхад 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн төрсөн эх А нийт 2,750,000 төгрөгийн үнэ бүхий ажлын бээлий худалдан авч төсөвт 2,750,000 төгрөгийн хохирол учруулж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын Прокурорын газраас: Э.Э*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч Чингүүнжав ургийн овогтой Э******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Э.Э*******ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилж мэдэгдэх үүрэг хүлээлгэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулан,
Шүүгдэгч Э.Э******* ад өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн,
Шүүгдэгч Э.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдан, ... шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Анхан шатны шүүхийн шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхээс Э.Э******* ад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, 1.3-д заасан онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна. Үүнд:
1.1. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн субъектийг тодорхойлоход Авлигын эсрэг НҮБ-ийн конвенц, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 5 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтыг тус тус хууль зүйн үндэслэл болгодог.
Шүүгдэгч Э.Э******* ын эрхэлж буй ажил албан тушаалын хувьд дээрх хууль тогтоомжид заасан нийтийн албан тушаалтанд хамаарах хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч”-д хамааруулж үзэх боломжгүй юм.
Гэтэл шийтгэх тогтоолд Э.Э******* ыг “нийтийн албан тушаалтан буюу төрийн үйлчилгээний албаны ерөнхий нягтлан бодогч”-оор ажиллаж байхдаа гэж албан тушаалын байдлыг нь тодорхойлсон байна. Гэвч ямар үндэслэлээр түүнийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д заасан албан тушаалтанд хамааруулж байгаа талаар заагаагүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д “Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал”, 14.1.3-д “Яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал нь Төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна” гэж заасан байна.
Харин шүүгдэгч Э.Э******* ын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа б үйлдвэр нь “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг У******* ******* зам” ГХОХХК-ийн салбар нэгж юм. Өөрөөр хэлбэл, төсвөөс санхүүжилт авдаггүй, төрийн үйлчилгээний албанд хамаарахгүй, өөрийн үйл ажиллагааны орлогоороо санхүүждэг ашгийн төлөө хуулийн этгээд буюу гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.
1.2. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг болохын тухайд объектив, субъектив шинжийн аль аль нь хангагдсан буюу үйлдэл, гэмт санаа зорилго харилцан нөхцөлдсөн тохиолдолд гэмт хэргийн шинж хангагдана гэж үздэг.
Тэгвэл Э.Э******* ад холбогдох хэрэгт гэмт хэргийн объектив талын шинж хангагдаж байгаа эсэхийг эрх зүйн хэм хэмжээний бүтцийн хувьд авч үзвэл Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хувьд “Албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл, түүний үр дүнд өөртөө эсхүл бусдад бий болсон эдийн болон эдийн бус давуу байдал буюу ашиг хонжоо олсон байх нь объектив талын заавал байх шинж юм.
Э.Э*******ын хувьд У******* ******* ******* даргын 2023 оны А/236 дугаартай тушаалаар батлагдсан “Гэрээ байгуулах, бүртгэх, хэрэгжүүлэх журам”, 2022 оны А/359 дугаартай тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны журам”-ын буюу байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулсан журмыг зөрчсөн үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байгаа хэдий ч уг үйлдлийн улмаас У.А ашиг хонжоо олсон буюу бусдад давуу байдал бий болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар У.А нь б захиалсан үнийн дүнд тохирох тоо хэмжээтэй ажлын бээлийг хугацаанд нь нийлүүлж, хүлээлгэн өгсөн байдаг. Тийм ч учраас хохирогчоор тогтоогдсон байгууллагаас ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй.
Гэтэл Яллах дүгнэлтээр Э.Э******* ын үйлдлийн улмаас төсөвт 2,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэж гэмт хэргийн хохирлын хэмжээг тодорхойлсон.
Харин анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр Э.Э*******ыг бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, прокурорын гэмт хэргийн улмаас төсөвт учирсан 2,750,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй гэсэн саналыг ямар нэгэн баримтаар үгүйсгээгүй байна.
1.3. Шүүгдэгч Э.Э*******ыг буруутгаж буй хоёр журам нь нийтээр дагаж мөрдөх шинжтэй захиргааны хэм хэмжээний акт биш бөгөөд дотогш чиглэсэн зөвхөн компанийн дотоод үйл ажиллагааг зохицуулах зорилгоор захирлын тушаалаар батлагдсан дотоод журамд хамаарна. Компанийн буюу байгууллагын дотоод журмыг зөрчих нь өөрөө гэмт хэрэгт тооцогдохгүй бөгөөд ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хууль болон тухайн байгууллагын дотоод журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалттай.
Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ”, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж тус тус заасныг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй, мөн үүнийг үгүйсгэж, няцаагаагүй байна.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх бүхий этгээдээс гаргах аливаа шийдвэр нь эрх зүйн легитим чанарыг хангахын тулд зайлшгүй нотолгоонд суурилсан, хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагатай. Шийдвэрийн суурь болох нотлох баримт нь зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн тохиолдолд эрх зүйн хүчин төгөлдөр байдлыг бүрдүүлнэ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд тодорхойлсон хууль ёсны зарчмын агуулга бөгөөд эрх зүйн системийн түвшинд хууль ёсны байдлыг хангах суурь баталгаа, процессын шударга ёсны илэрхийлэл юм.
2.1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэж заасан.
Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Э.Э*******ад холбогдох хэргийн хувьд хавтаст хэрэг цугларсан болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудын хүрээнд:
1-рт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьект биш,
2-рт Нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт биш компанийн захирлын тушаалаар батлагдсан байгууллагын дотоод журмыг зөрчсөн үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй,
3-рт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын шинж үгүйсгэгдэж байгаа,
4-рт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийн талаар тус тус санал дүгнэлтээ гаргаж, өөрийн үйлчлүүлэгчийг цагаатгах байр суурьтай мэтгэлцэж оролцсон.
Гэтэл анхан шатны шүүхээс дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй орхигдуулж, гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа онцгой ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үгүйсгэсэн, өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг няцаасан үндэслэлээ тогтоолд тусгаагүй байна.
2.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан шаардлагыг хангаагүй байна. 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор Э.Э*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон байдаг.
Гэтэл 2025 оны 8 дугаар сарын 01-ний 169 дугаартай Яллах дүгнэлтээр хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг орхигдуулж зөвхөн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хэргийг зүйлчилсэн байна.
Мөн Яллах дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд дурьдаад байгаа “М******* хувь нийлүүлсэн нийгэмлэг У******* ******* ******* Зүүнхараа зангилаа дахь б үйлдвэр” гэсэн нэршилтэй аж ахуйн нэгж Хуулийн этгээдийн улсын бүртгэлд огт байхгүй. 2076675 регистрийн дугаартай аж ахуйн нэгжээр “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг У******* ******* зам” ГХОХХК гэсэн хуулийн этгээд бүртгэгдсэн байна. Шүүгдэгч Э.Э******* энэ үндэслэлээр иргэн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Дээрх хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж цуглуулсан баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй гэж үзэж байна.
Иймд Сэлэнгэ аймгийн сум дахь Сум дундын шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Э*******ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.
Прокурор Г.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“...Шүүгдэгч Э.Э******* ын хувьд тухайн Авлигын эсрэг хууль болон нийтийн албан тушаалтан мөн зэрэг үндэслэлээр ерөнхий нягтлан бодогч хамаарч байгаа учраас тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. У******* ******* ******* даргын тушаал 2024 оны тушаалд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг хөтлөх албан тушаалтныг баталсан байдаг. Тухайн тушаалд 9 субъектийг нэрлэн заасан. Салбар нэгжийн ерөнхий нягтлан бодогч нар хамаардаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Э.Э******* ад холбогдох эрүүгийн 2532000410054 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2. Шүүгдэгч Э.Э******* нь М******* хувь нийлүүлсэн нийгэмлэг У******* ******* ******* Зүүнхараа зангилаа дахь б Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн салбар нэгжийн бараа, ажил, үйлчилгээ сонгон шалгаруулах комиссын шийдвэр гараагүй, комисс хуралдаагүй байхад 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус тус өөрийн төрсөн эх А нийт 2 750 000 төгрөгийн үнэ бүхий ажлын бээлий худалдан авч өөрийн хамаарал бүхий хүнд давуу байдал бий болгосон болох нь
-Гэрч Б.М 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Худалдан авалт борлуулалтын мэргэжилтнээр ажиллаж байсан Э.Э гадна зах зээлээс судалгаа хийж харьцуулалтын материал бэлдэж үнийн комиссын хурлын товлон зарлаж үнийн комисс хуралдаж шийдвэр гаргаж хамгийн бага үнийн дүнтэй бараа материалыг худалдаж авч комиссын шийдвэр гаргадаг...” “...ерөнхий нягтлан бодогч Э.Э******* ын асуудлыг би цагдаагаас хүмүүс ирж шалгахад л мэдсэн бусдаар бол энэ асуудлыг мэдэхгүй байна. Яагаад үнийн комиссын шийдвэргүйгээр худалдан авалт хийсэн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
-Гэрч Ж.Д 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Э.Э******* ыг би ээжээсээ бээлий худалдан авалт хийсэн талаар мэдээгүй сүүлд л Цагдаагаас хүмүүс ирээд тэр үед л мэдсэн...” гэх мэдүүлэг,
-Гэрч Ю.Г 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Үнийн комисст ерөнхий инженер Э.Энхтуяа, ерөнхий нягтлан бодогч Э.Э*******, худалдан авалт борлуулалтын мэргэжилтэн Х.Э, эдийн засагч Д, инженер механикч М нар байгууллагын үнийн комисст миний тушаалын дагуу томилогдон ажилладаг. Тэгсэн сүүлд Төмөр ******* цагдаагаас цагдаа нар ирж шалгалт явуулахад Э.Э******* ээжээсээ тухайн үед бээлий шууд худалдан авалт хийж дээрх худалдан авалтыг үнийн комиссын шийдвэргүйгээр худалдан авалт хийсэн гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг,
-Гэрч Х.Эын 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр үед бээлий худалдаж авах ажиллагаанд оролцоогүй. Э.Э******* ерөнхий нягтлан бодогчийн өөрийн төрсөн ээжээс худалдан авалт хийсэн талаар тэр үедээ мэдээгүй. Сүүлд намайг Дархан-Уул аймаг руу шилжих гэж байх үед Ганхуяг дарга Э******* ээжээсээ бээлий худалдаж авсан байна гэдэг зүйлийг хэлж тэр талаар мэдсэн байсан бөгөөд надад хэлсэн юм. Тэр үед нь би болохгүй зүйл хийсэн байна гэдэг зүйлийг хэлсэн. 2024 оны 12 дугаар сард бээлий худалдаж авах үнийн комисс хуралдаж шийдвэр гаргасан зүйл байхгүй. Тухайн үед Э.Э******* ерөнхий нягтлан бодогч өөрийн төрсөн ээжээс худалдан авалт хийлээ гэж хэлсэн зүйл байхгүй энэ асуудлыг сүүлд л мэдсэн...” гэх мэдүүлэг,
-Гэрч Э.Э 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ерөнхий нягтлан бодогч Э.Э******* ын гаргасан асуудлыг сайн мэдэхгүй байна. Худалдан авалт борлуулалтын албаны мэргэжилтэн Х.Э л үнийн санал болон бусад зүйлийг судалж материалыг бүрдүүлж байгаад худалдан авалт хийгдсэн байсныг сүүлд нь би сонссон тухайн үед би Э.Э******* ерөнхий нягтлан бодогч өөрийн төрсөн ээжээс худалдан авалт хийсэн талаар мэдээгүй. ...Үнийн комиссын шийдвэр гарч Э.Э******* ерөнхий нягтлан бодогчийн ээжээс ажлын бээлий худалдан авах шийдвэр шууд гаргасан зүйл байхгүй учир энэ асуудлыг би сайн мэдэхгүй байна. Цагдаа нар шалгалтаар ирээд Э.Э******* ерөнхий нягтлан бодогч төрсөн ээжээсээ ажлын бээлий үнийн комиссын шийдвэргүйгээр худалдан авалт хийсэн байсан...” гэх мэдүүлэг
-Гэрч У.А ийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сард манай охин Э.Э******* надад хандаж манай байгууллагад бээлий нийлүүлж худалдан борлуулдаг хүн маань бээлийгүй болчихсон байна. Манай байгууллагын уулын бригад ууланд гарч ажиллах шаардлага гарсан учир даруй ажлын бээлий худалдан авах шаардлагатай болсон. Тэр үед нь би хүүхдийнхээ ажилд тус болох гээд ээжид нь ажлын бээлий байгаа хэд хэрэгтэй юм бэ гэж асуусан. Тэгтэл манай охин яаралтай ажлын бээлий авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би нийт 2 750 000 төгрөгийн ажлын бээлийг Зүүнхараа зангилаа дахь бэлтгэлийн үйлдвэрт 3 удаа хувааж ажлын бээлийг өгсөн...” гэх мэдүүлэг, зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У******* ******* даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/236 дугаартай тушаалаар батлагдсан журмын 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт УБТЗ ХНН-н салбар нэгжүүд өөрсдийн аж ахуйн үйл ажиллагаанд шаардлагатай нэг жилийн хэрэгцээ нь 5,000,000 төгрөгөөс хэтрэхгүй үнийн дүнтэй бараа материал, ажил үйлчилгээг бичгээр гэрээ байгуулахгүйгээр өөрийн салбар нэгжийн бараа, ажил, үйлчилгээ сонгон шалгаруулах комиссын шийдвэрээр худалдан авч болно.
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У******* ******* даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/359 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын Худалдан авах журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан Худалдан авах ажиллагаанд үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай, ил тод, өрсөлдөх, тэгш боломжтой байх зарчмыг баримтална.
Мөн журмын 3.10 дугаар зүйлд энэхүү журмын 3.9-д заасан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг НХ алба холбогдох журмын дагуу баталгаажуулан www.tender.gov.mn болон www.ubtz.mn цахим хуудас зэрэгт зарлан мэдээлнэ.
Журмын 5.11 дүгээр зүйлийн 5.11.4 дэх хэсэгт гишүүд нь хэмнэлттэй, хариуцлагатай, зах зээлийн дундаас дээгүүр үнээр бараа ажил үйлчилгээ худалдан, авахгүй, хувийн ашиг сонирхлоос ангид байх бөгөөд сонгон шалгаруулалтыг явуулахдаа хараат бус, ил тод явуулж УБТЗ ХНН-н эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байгууллагад ашигтай байх зарчмыг удирдлага болгохоор тус тус заажээ.
Гэтэл шүүгдэгч Э.Э******* нь дээрхи хууль болон журмын заалтуудыг зөрчин өөрийн салбар нэгжийн бараа, ажил, үйлчилгээ сонгон шалгаруулах комиссын шийдвэр гараагүй, хуралдаагүй байхад шууд худалдан авалтыг хийсэн нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл зүйлийн 7.1.6, 7.1.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1-д албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина. 11.1-д Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэснийг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
4. Шүүх шүүгдэгч Э.Э******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь ял оногдуулах нийтлэг зарчмыг хангасан байна.
5.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Шүүгдэгч Э.Э*******ын эрхэлж буй ажил албан тушаал нь тухайн хэргийн субъект болохгүй өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч”-д хамааруулж үзэх боломжгүй, мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
6.“Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” үйлдэл байхаар, Авлигын эсрэг хуульд “Нийтийн албан тушаалтан” гэж яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалтныг хамааруулахаар тус тус хуульчилжээ.
Шүүх шүүгдэгч Э.Э******* нь М******* хувь нийлүүлсэн нийгэмлэг У******* ******* ******* Зүүнхараа зангилаа дахь б ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд албан тушаалын ангиллаараа нийтийн албан тушаалд хамаарна.
Мөн хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Б.Баттуулын “...манайх Монгол, Оросын хөрөнгө оруулалттай хувь нийлүүлсэн нийгэмлэг буюу Монгол Улсын Засгийн газраас 50%, Оросын холбооны улсаас 50%-ийг эзэмшдэг учраас нийтийн албан тушаалд орж байгаа юм. Энэ нь яг юугаар холбогдох юм бол Компанийн тухай хуулийн 84.1-д заасан Авлигын эсрэг хуулийн 4.3.1-д заасан албан тушаалтнуудад манай салбар нэгжийн дарга, ерөнхий нягтлан эдгээр албан шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан бүгд нийтийн албан тушаалтанд ордог. Эдгээр хүмүүсийг томилохдоо Авлигатай тэмцэх газар луу бид нар ХАСХОМ буюу хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг бид нар бөглүүлсний үндсэн дээр зөвшөөрөл авсны дараагаар бид нар томилдог гэсэн үг. Тэгэхээр Э******* гэдэг хүн маань энэ шалгуурыг давсан нийтийн албан тушаалтан гэсэн үг...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар тогтоогдож байх тул түүнийг тухайн хэргийг субъект болохгүй гэсэн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
Мөн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар тодорхой дурьдаагүй боловч шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьект талаар тодорхой дүгнэлтийг хийсэн байна.
7.Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг У******* ******* зам” ГХОХХК-ийн даргын 2022 оны А/359 дугаартай “Худалдан авах ажиллагааны журам” нь нийтээр дагаж мөрдөх Захиргааны хэм хэмжээний акт биш гэж тайлбарлаж байгаа боловч албан тушаалтан өөрийн хувийн ашиг сонирхлыг нийтийн, байгууллагын эсвэл албан үүргийн ашиг сонирхлоос дээгүүр тавих нөхцөл байдал ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ашиг сонирхлын зөрчил хэмээн хуулиар тодорхойлсон байдаг.
Төсвийн шууд захирагч нь холбогдох журмаа зөрчин бараа худалдан авах үнийн комиссын шийдвэр гаргаагүй байхад шууд худалдан хийсэн шүүгдэгч Э.Э*******ын үйлдэл бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан шууд санаатай гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН