Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 251

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

хохирогчийн өмгөөлөгч Д.Цэцэгчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох 1834004110218 дугаартай эрүүгийн хэргийг ирүүлснийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймаг Дэлгэрцогт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын малчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар баг Хөх худаг гэх газарт оршин суух хаягтай, урьд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 104 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 982800 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт Г.Г гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь согтуугаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг “Гашуун” гэх газарт 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Д.Түвшинбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “...Түвшинбаттай муудалцсан хоёулаа согтуу байсан. Хөнгөн ял оногдуулж өгөөч. Би мал дээр байдаг хүн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хоёр:Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Түвшинбатын: “Би 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 16 цагаас 17 цагийн үед Төв аймгийн Баян-Өнжүүл сумын “Гашуун” гэх газарт найз Эрдэнэтөгсийнд Шийтэрбаатарын хамт буугаад орох гэтэл хүн байхгүй гадаа нь Г.Г, Жагаа, Г.Гийн эхнэр байсан. Тэгээд Г.Г айлын гадаа нэг шил архины нэрийг нь мэдэхгүй байна. 0.5 литрийн архи гаргаж ирээд Шийтэрбаатар, Г.Г, Жагаа бид 4 хувааж уусан. Тэгээд би Сүхээд чи намар мал их хөөсөн шүү тэрнээс чинь болж адуу мал их үхсэн шүү гэж хэлсэн хүний нутагт нүүгээд ирчихсэн адилхан байгаа биз дээ гэж хэлтэл чиний газар юм уу гээд намайг бариад авсан тэгээд намайг цохиод авахаар нь би барилцаад авсан тэгсэн намайг газар дарж унагаад гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байсан тэгээд босоод ирсэн яг юу болсноо сайн мэдэхгүй байгаа юм ухаан балартсан байсан тэгээд тэр айлын гадаа нүүр гараа угаагаад мотоцикльтойгоо Г.Гийнд очсон намайг яагаад ингэж зодож байгаа юм бэ гэтэл би хүн зоддог хүн гээд байсан тэгээд яваад өгсөн. Чи манай малыг их хөөсөн тэрнээс чинь болж адуу мал их үхсэн шүү гэж хэлсэн тэгээд л намайг зодсон. Жагаа, Г.Гийн эхнэр, Шийтэрбаатар, тэгээд Г.Гийн хүүхэд өөр хүн байгаагүй. Надтай уулзаад нэг шил архи уусан тэрнээс өмнө уусан байсан хаана хэр их уусан байсныг нь мэдэхгүй байна. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэхдээ мотоцикль унаж чадах чадвартай байсан. Бид хоёрын хооронд өш хонзон өр авлагын асуудал байхгүй. Миний толгой руу аль хөлийг нь мэдэхгүй маш олон удаа өшиглөсөн. Баруун гараараа миний нүүр лүү нэг удаа цохисон. Би гомдолтой байна гарсан бүх зардлаа төлүүлмээр байна. Урьд өмнө нь маргалдаж зодолдож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-11 тал/,

            мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Өлзийжаргалын: “Тэр өдөр Дундговь аймгийн Дэлгэрцог сумаас Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багийн нутаг Гашуун гэдэг газар өдөр 15 цагийн үед Эрдэнэтөгс гэдэг айлын гадаа ирэхэд тэр айл эзэнгүй байсан тэгээд гадаа нь байж байхад Шийтэрбаатар, Түвшинбат нар мотоцикльтой ирсэн тэгээд тэр согтуу байсан манай хүн болох Г.Гийг тэр айлын гадаа дайрах шахаад зогссон тэгээд манай хүн дайрлаа ш дээ гэхэд Түвшинбат дайрсан ч яадаг юм гэсэн. Тэгээд Түвшинбат энэ айлын хүмүүс байна уу архи уунаа гэхэд манай хүн айл эзэнгүй байна гээд намайг машинаас нэг юм аваад ир гэсэн тэгэхээр нь би машинаас Алтантүрүү нэртэй 0,5 литрийн нэг шил архи аваачиж өгсөн тэгээд тэр архийг ууж байгаад Түвшинбат энэ өвөл манай хамаг адуу үхсэн чамаас болж үхсэн чи хойш хөөж байж ийм зүйл болсон гэсэн тэгээд маргалдаад барилцаж аваад дээр доороо ороод байсан тэгээд манай нөхөр Г.Г Түвшинбатыг цохиод баруун хөмсөгнөөс нь цус гаргасан 1-2 удаа цохисон байх. Тэгээд манай нөхөр Г.Гийг Түвшинбат бас нэг удаа цохиод баруун нүдний хажууд жаахан хавдсан байсан. Тэгээд Жагаа машинаас гарч ирээд салгаад бид нар гэрлүүгээ явцгаасан. Тэр хоёр тэр айлын гадаа үлдэцгээсэн. Тэгээд гэртээ ирээд байж байтал араас Түвшинбат, Шийтэрбаатар нар ирээд архи нэхээд байсан тэгээд би уурлаад загнатал яваад өгсөн. Бэлчээр мал хуйгаас болж маргалдсан. Тухайн үед манай нөхөр Г.Г, Түвшинбатын баруун нүдний дээд талд гараараа хоёр удаа цохисон. Тухайн үед Түвшинбат, Г.Г хоёр хоёулаа согтуу байсан. Түвшинбат Г.Гийг гараараа баруун нүдний шанаанд нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-16 тал/,

                мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Батжаргалын: “...Тэр өдөр би Дэлгэрцогт суман дээрээс Г.Г бас эхнэр нь тэгээд бид гурав цагаа мэдэхгүй байна Эрдэнэтөгсийн гэрт ирсэн тухайн үед би их согтуу байсан тэгээд Г.Гийн машинд нь унтчихсан байсан тэгээд нэг сэрэхэд гадаа хүмүүс шуугилдаад байсан тэгээд би машинаас гартал Г.Г, Түвшинбат нар барилцаад газар дээр доороо өнхрөлдөөд Түвшинбатын хөмсөгнөөс цус гарч байсан би салгасан. Тэгэхэд Түвшинбат би адуугаа урагшаа гарахаар чи хөөсөөр байгаад намайг адуугүй болголоо гэж ярьж байсан. Тэгээд салцгаасан өөр зүйл болоогүй. Хэн хэн хэнийгээ зодож цохисон талаар сайн мэдэхгүй гэхдээ Г.Г Түвшинбатыг хөлөөрөө нэг удаа өшиглөх шиг болсон яг хаана нь өшиглөсөн талаар би санахгүй байна. Ямар ч байсан өшиглөсөн. Би сайн мэдэхгүй байна тухайн үед би машинд унтаж байгаад сэрсэн. Шийтэрбаатар, Г.Г, Г.Гийн эхнэр, Түвшинбат тэгээд би байсан өөр хүн байгаагүй. Тэр талаар би сайн мэдэхгүй байна. Тэр хоёр архи уусан байсан Г.Г их гайгүй байсан. Харин Түвшинбат жаахан согтуу байсан. Би уг нь танина. Зан аашийг нь сайн мэдэхгүй, би хэрэлдэж маргалдаж үзээгүй. Надад тэр Амаржаргалд зодуулсан талаар мэдэх зүйл алга байна” гэх мэдүүлэг /хх-18 тал/,

                мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч И.Шийтэрбаатарын: “Тэр өдөр Түвшинбаттай хамт мал зарж байсан Доржоо гэдэг айлд очоод 2 шил архи тэнд байсан хүмүүстэй хувааж уугаад тэндээсээ Түвшинбат бид хоёр гараад Эрдэнэтөгс гэдэг айлд очтол гадаа нь Г.Г, Жагаа байсан тэгээд би нилээн согтуу байсан тэгтэл Түвшинбат Г.Г нар маргалдаад байх шиг байсан. Тэгээд унтаад өгсөн байсан босоод ирэхэд нүүрнээс нь цус гарч байсан. Тэгээд Түвшинбат манайд ирээд хоносон өөр надад мэдэх зүйл алга байна би их согтуу байсан. Тэр хоёр адуу мал хөөлөө барилаа гээд л маргалдаад байсан. Түвшинбат, Г.Г, Жагаа тэгээд би байсан өөр хэн байсныг нь сайн санахгүй байна. Тэрийг би мэдэхгүй байна унтаад босоод ирэхэд Түвшинбатын нүүр амнаас нь цус гарч байсан. Тэр хоёр архи уусан байсан Түвшинбат гайгүй байсан байх. Би Г.Гийг танина Г.Г ер нь их овилгогүй согтуу хүнийг л зодчихоод байдаг юм” гэх мэдүүлэг /хх-20 тал/,

                мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Э.Дэлгэрхүүгийн: “Би 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр бусдад зодуулсан гэх иргэн Д.Түвшинбатын биед үзлэг хийж багажийг шинжилгээ болон анхны эмчийн үзлэг хийсэн тэмдэглэлийг тусгасан ба Д.Түвшинбатын биед тархи доргилт, баруун зовхины гадна, баруун тохойнд шарх, баруун зовхины гадна зүүн, баруун зовхи баруун хацарын төвгөр эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхи, баруун алимны салст, баруун хөхөнд цус хуралт, хамар, эрүү, баруун тохой, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдсон ба энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Д.Түвшинбатын биед үүссэн тархи доргилт гэмтлийн улмаас хөших толгой өвдөх шинж илрэх боловч дээрхи зовиур нь 14-21 хоногийн дотор бүрэн эдгэрнэ. Мартаж санах нь дээр гэмтлийн улмаас үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Медтраума эмнэлгийн компьютер томографи шинжилгээнд зүүн талын нүдний ухархайн дотор хана дотогш самалдагын хөндий рүү цөмөрсөн хуучин хугарал гэмтэл тогтоогдсон. Ухархайн хананы хугарал гэмтлийн улмаас мартаж санах, ой ухаан бүдгэрэх шинж тэмдэг илэрэх эсэхийг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг /хх-52 тал/,

               

                -Хохирогч Д.Түвшинбатын Төв аймгийн Баян-Өнжүүл сумын цагдаад гаргасан гомдол /хх-02 тал/,

                -“Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай” мөрдөгчийн тогтоол /хх-05 тал/,

                - Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-06 тал/,

 

                -Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №352 тоот шинжээчийн дүгнэлтэд

                1.Д.Түвшинбатын биед тархи доргилт, баруун зовхины гадна, баруун тохойнд шарх, баруун зовхины гадна, зүүн баруун зовхи, баруун хацрын төвгөр, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхи, баруун алимны салст, баруун, зүүн хөхөнд цус хуралт, хамар, эрүү, баруун тохой, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                3.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл. Шинэ гэмтэл гэх ойлголтонд долоо хоног доторх хугацааг хамааруулна.

                4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                5.Дээрх гэмтэл нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үүссэн байх боломжтой” гэжээ /хх-23-24 тал/,

                -Шүүгдэгч Г.Г-ийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 104 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 982800 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн” гэх тэмдэглэл /хх-36 тал/,

                         

    -Шүүгдэгч Г.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон бусад баримт зэргийг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Г-эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

 

            Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Г-эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь согтуугаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг “Гашуун” гэх газарт 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Д.Түвшинбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Түвшинбатын: “...намайг цохиод авахаар нь би барилцаад авсан тэгсэн намайг газар дарж унагаад гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байсан тэгээд босоод ирсэн яг юу болсноо сайн мэдэхгүй байгаа юм ухаан балартсан байсан тэгээд тэр айлын гадаа нүүр гараа угаагаад мотоцикльтойгоо Г.Гийнд очсон намайг яагаад ингэж зодож байгаа юм бэ гэтэл би хүн зоддог хүн гээд байсан тэгээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-11 тал/, гэрч Н.Өлзийжаргалын: “...үхсэн чи хойш хөөж байж ийм зүйл болсон гэсэн тэгээд маргалдаад барилцаж аваад дээр доороо ороод байсан тэгээд манай нөхөр Г.Г Түвшинбатыг цохиод баруун хөмсөгнөөс нь цус гаргасан 1-2 удаа цохисон байх. Тэгээд манай нөхөр Г.Гийг Түвшинбат бас нэг удаа цохиод баруун нүдний хажууд жаахан хавдсан байсан. Түвшинбатын баруун нүдний дээд талд гараараа хоёр удаа цохисон. Тухайн үед Түвшинбат, Г.Г хоёр хоёулаа согтуу байсан. Түвшинбат Г.Гийг гараараа баруун нүдний шанаанд нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-16 тал/, гэрч Д.Батжаргалын: “....тэгээд нэг сэрэхэд гадаа хүмүүс шуугилдаад байсан тэгээд би машинаас гартал Г.Г, Түвшинбат нар барилцаад газар дээр доороо өнхрөлдөөд Түвшинбатын хөмсөгнөөс цус гарч байсан би салгасан.” гэх мэдүүлэг /хх-18 тал/, гэрч И.Шийтэрбаатарын мэдүүлсэн: “Түвшинбат Г.Г нар маргалдаад байх шиг байсан.  ...унтаад босоод ирэхэд Түвшинбатын нүүр амнаас нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-20 тал/, Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №352 тоот дүгнэлтэд “Д.Түвшинбатын биед тархи доргилт, баруун зовхины гадна, баруун тохойнд шарх, баруун зовхины гадна, зүүн баруун зовхи, баруун хацрын төвгөр, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхи, баруун алимны салст, баруун, зүүн хөхөнд цус хуралт, хамар, эрүү, баруун тохой, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-23-24 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

          

            Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон байна.

           

          Шүүх шүүгдэгч Г.Г-ийг “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэв.

         Шүүгдэгч Г.Г-эд  Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 1.2-т “хохирол нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, торгох ял оногдуулж хянан шийдвэрлэв.

 

           Торгох ялыг шүүгдэгч Г.Г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлж барагдуулах үүрэгтэйг сануулж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд  шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг 1 /нэг/ хоног хорих ялаар тооцож солихыг сануулав.

 

           Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

             

Тав: Бусад зүйлийн талаар.

           Хохирогч Д.Түвшинбат нь эмчилгээний зардалд 656579 төгрөгийн гэм хорын нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 500000 төгрөг, 2018 оны 8 сарын 17-ны өдөр үлдэх 156579 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага нэмж гаргаагүй болно.

 

Эрүүгийн 1834004110218 тоот хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт н Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Г-эд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоног хорих ялаар тооцож, солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Г нь хохирогч Д.Түвшинбатад 656579 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г-эд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ