Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/63

 

О.Г*******, Д.Б******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Г.Тунгалаг /цахим/

Хохирогчийн өмгөөлөгч Д.Баттөмөр /цахим/

Шүүгдэгч О.Г*******,

Түүний өмгөөлөгч Д.Түвшинтамир, Ц.Галтаа, Д.Нямдорж

Шүүгдэгч Д.Б*******,

Түүний өмгөөлөгч С.Чинбат, Д.Мөнхгэрэл нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шүүгч Ч.Мөнгөнцэцэг, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор О.Г*******, Д.Б******* нарт холбогдох эрүүгийн 2431002080057 дугаартай, 149/2025/0136/Э/208/2026/0044 индекстэй, 3 хавтас хэргийг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт О******* Г*******, Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймаг М****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “******” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт У******* хот, Ч******* дүүргийн ** дүгээр хороо, Ш****** тоотод оршин суух хаягтай, урьд

-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн № 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, (РД:*******)

******* овогт Д******* Б*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймаг ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн******** сумын ** дугаар баг, ******** тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай (РД:************)

Шүүгдэгч О.Г******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 02 цаг 40 минутын үед Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М******** төвийн гадна хохирогч С.Э үл ялиг зүйлээр маргалдаж хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохих, түлхэж унагаах зэргээр бие эрх чөлөөнд нь халдсан мөн замын эсрэг талд байрлах Солонго төвийн гадна зогсоол орчимд харгис хэрцгий аргаар хохирогчийг цохиж, бэлэг эрхтнийг ир үзүүртэй зүйлээр зүсэх зэргээр зодсоны улмаас биед нь хуйхнагийн шарх, баруун төмсөгний няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн үед Д.Б******* тай бүлэглэн хохирогч С.Э байгаа газарт очиж буюу Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар баг, Нэгдсэн эмнэлгийн гадаа саад орчимд хохирогчийг эхнэр лүү чулуу шидсэн гэх үл ялиг шалтгаанаар дахин зодож биед нь хамар уруулын дотор салстын зулгаралт, баруун, зүүн дээд 1 дүгээр, баруун, зүүн, доод 1 дүгээр шүдний сулрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн үед Д.Б******* тай бүлэглэн Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй Нэгдсэн эмнэлгийн гадаа саад орчимд хохирогч С.Э гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэх үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч Д.Б******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Г******* тэй бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн үед хохирогч С.Э гийн байгаа газарт очиж буюу Сэлэнгэ аймаг сумын 2 дугаар баг, Нэгдсэн эмнэлгийн хашаан доторх саад орчимд хохирогчийг чулуу шидсэн гэх үл ялиг шалтгаанаар зодож биед нь хамар, уруулын дотор салстын зулгаралт, баруун, зүүн дээд 1 дүгээр, баруун, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн О.Г******* тэй бүлэглэн Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Нэгдсэн эмнэлгийн гадаа хашаан доторх саад орчимд хохирогч С.Э гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэх үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.       

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын Прокурорын газраас: О.Г*******, Д.Б******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт О******* Г******* г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч **** овогт Д******* Б******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон,

О.Г******* г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Д.Б******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 750 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 750,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан О.Г******* д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 01 хоногийг хорих ялын 01 хоногоор тооцон 06 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Б******* т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 750,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 01 хоногоор тооцон 01 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 07 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан О.Г*******  оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял, Д.Б******* т оногдуулсан 01 жил 07 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Г******* гийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцон,

Хохирогч С.Э нь эмчилгээний зардалд 2630800 төгрөгийг нэхэмжилснээс 2630800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан, хүний сэтгэцэд учирсан хор уршигт О.Г******* гээс 6001380 төгрөг, Д.Б******* аас 2572020 төгрөгийг хохирогч С.Э д төлсөн, О.Г******* нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд 806200 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурьдан,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн бэлтгэлийн ноосон өмд 1 ширхэг, хар өнгийн цагаан резинтэй дотуур өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг флаш дискийг хавтаст хэрэгт нь үлдээх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Г*******, Д.Б******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдан,

Хохирогч С.Э нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдан,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Г******* д өмнө авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Д.Б*******  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч, О.Г*******, Д.Б******* нарын эдлэх ялыг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолон, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Г******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Мөрдөгч болон прокурорын зүгээс хохирогч С.Э гийн гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг барьж, О.Г******* болон Д.Б******* биднийг буруутгах, яллах талын нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн байх ба цагаатгах талын баримтуудыг огт бүрдүүлээгүй байна.

Прокурорын зүгээс О.Г******* намайг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 02 цаг 40 минутын үед ***** төвийн гадна хохирогч С.Э ы төмсгийг иртэй зүйлээр зүссэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан атлаа уг гэмт хэргийг үйлдсэн, үйлдээгүйг эргэлзээгүй тогтоогоогүй, дан ганц хохирогчийн өгсөн удаа дараагийн зөрүүтэй мэдүүлэгт л үндэслэсэн байдаг. Хэргийг шалгаж буй мөрдөгч, прокурорын зүгээс хэрэг болсон гэх өдрөөс хойш цаг алдалгүй төвийн ойр байрлах Солонго төв, Хаан банк, Төрийн банк зэрэг байгууллагуудын камерын бичлэгийг хуулбарлан авч, үзлэг хийсэн байсан тохиолдолд дээрх үйл баримтыг эргэлзээгүй тогтоох боломжтой байсан. Гэтэл прокурор болон анхан шатны шүүхээс О.Г******* намайг камерын бичлэгт тусгагдаагүй газар хохирогчийн эмзэг эрхтнийг базаж, ир үзүүртэй зүйлээр зүсч, гэмтээсэн л байж таараа, тухайн ир үзүүртэй зүйлээ нууж, алга болгосон, өөрийн дор ажилладаг гэрчийг өөрийн эсрэг мэдүүлэг өгүүлээгүй гэх зэргээр таамаглан уг гэмт хэрэгт буруутгасанд туйлын гомдолтой байна.

Гэсэн хэдий ч хэрэгт авагдсан гэрч , , , , Т.Нямбаяр. Б.Болдсайхан, , нарын мэдүүлэг, гурван удаагийн шинжээч эмчийн дүгнэлт, камерын бичлэг зэрэг баримтуудаар О.Г******* миний бие хохирогч С.Э ы биед учирсан хуйхнагны шарх, баруун төмсгийн няцрал, хамар уруулын дотор салстын зулгаралт баруун, зүүн дээд 1-р, баруун, зүүн доод 1-р шүдний сулрал гэмтлийг учруулаагүй болох нь тогтоогдоно, шүүх энэ талаар үнэн зөв шийдвэрлэнэ гэдэгт итгэл найдвартай байсан.

Өөрөөр хэлбэл О.Г******* миний бие хэдийгээр хэрэг маргаан үүссэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 02 цаг 40 минутын үед Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг төвийн гадна хохирогч С.Э үл ялих зүйлийн улмаас маргалдаж, тухайн үед түүний толгой хэсэгт асаагуураар тонших, түүнийг заамдаж авах, түлхэж унагах, түнтэй ноцолдох зэрэг зүй зохисгүй үйлдлүүдийг гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэснээр ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэх гэмт хэргийг үйлдээгүй болно.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан төвийн гаднах хяналтын камерын бичлэгээр О.Г******* миний С.Э тай маргасан үеийн бичлэг бүрэн авагдсан ба тухайн бичлэгээр миний бие зүй зохисгүй үйлдлийг гаргаж хохирогчтой маргаан үүсгэсэн, улмаар С.Э газраас чулуу авч миний нүүр лүү шидэн надаас зугтахад би араас нь хөөж, хамтдаа газар өнхөрч унаж байгаа үйл баримтууд тодорхой тусгагдсан ба тухайн үед хохирогч С.Э ы хувьд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж, намайг эргүүлэн хэл амаар доромжлох, өдөөн хатгах үйлдлүүдийг гаргаж байсан болох нь тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл бичлэг дээр хохирогч С.Э нь тухайн үед бие удирдах, идэвхтэй эсэргүүцэл, хариу үйлдэл гаргаж байснаас дүгнэхэд миний бие түүнийг газар хөдөлгөөнгүй дарж хэвтүүлэн, өмд, дотуур хувцсыг нь тайлж, хурц үзүүртэй зүйлээр эмээг эрхтнийг зүсэх боломжгүй байсан нөхцөл байдал тогтоогдоно гэж үзэж байна. Мөн тухайн бичлэг дээр хохирогч бид хоёр бие биеэнээ хэл амаар өдөөн хатгах, доромжлох, заналхийлж байгаа нь тодорхой сонсогдох ба тухайн үед хохирогч нэг ч удаа О.Г******* намайг төмсгөөс базлаа, төмсгийг зүслээ, авраарай зэрэг зүйлсийг яриагүй болохыг давж заалдах шатны шүүхээс харгалзан үзэхийг хүсье.

Түүнчлэн камерын бичлэг дээр О.Г*******, С.Э бидний хооронд үүссэн маргааныг хоёр эрэгтэй хүн ойрын зайнаас харж ажиглаж байсан болох нь тогтоогддог. Бичлэг дээр гарч буй эхний эрэгтэй болох хохирогч С.Эы танил нь ... мэдүүлсэн байдаг. Харин бичлэгийн сүүл хэсэгт бичигдсэн тухайн үед хамгаалагчаар ажиллаж байсан Д.М нь мэдүүлэг өгөхөөс татгалзсан талаар би хэргийн материалтай танилцахдаа л олж мэдсэн. ... Д.М ийн хувьд маргааныг төгсгөл хэсгийг харж байсан бөгөөд О.Г******* миний бие С.Э ы эмзэг эрхтэнг базаж, ир үзүүртэй зүйлээр зүсээгүй болохыг хэлж мэдүүлэх учиртай байсан юм. Гэтэл анхан шатны шүүх ... намайг үндэслэлгүйгээр буруутгасанд гомдолтой байна.

Мөн хохирогч С.Э нь О.Г******* надад төмсгөө зүсүүлсэн гэх 02:40 цагаас хойш сумын нэгдсэн эмнэлэг, цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байр, цагдаагийн хэлтэс зэрэг газруудаар орсон үйл баримт тогтоогддог ба эдгээр байгууллагуудын хэд хэдэн алба хаагчидтай уулзахдаа нэг ч удаа эмзэг эрхтэндээ гэмтэл авсан, зүсүүлсэн талаар хэлээгүй байдаг. Түүнчлэн хохирогч С.Э шүүх хуралдаан дээр: “... Цагдаагийн энэ талд цагдаа руу явж байх замдаа бие зассан... Аймаар өвдөөд байхаар нь барьсан чинь нуль цус болчихсон байхаар нь сандарсан... гар цус болсон ба гараа угааж, арчаагүй... цустай гартайгаа эмнэлэгт орж үзүүлсэн...” гэх агуулгатай мэдүүлгийг өгсөн ба энэ үйл явдал болсон мөчөөс хойш хохирогч С.Э уулзаж түүнд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн сумын нэгдсэн эмнэлгийн сувилагч , бага эмч , гэмтлийн эмч Т.Нямбаяр, сумын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч Б.Болдсайхан, эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч , цагдаа нар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... С.Э нүүрэн тус газраа гэмтэлтэй байсан, төмсөгтөө гэмтэл авсан шинж тэмдэг байгаагүй, өөрөө тийм зүйл яриагүй” гэх агуулгатай мэдүүлсэн байдаг.

Улмаар хохирогч С.Э нь эмнэлгийн гадаа Д.Б*******  цохиулж зодуулсан даруйдаа би О.Г*******  зодуулчихлаа, би Д.Б*******  гомдолгүй, О.Г*******  л гомдолтой байна гэх зэргээр бусдад хэлж ярьсан байдлаас дүгнэхэд тухайн шөнө зориудаар намайг өдөөн хатгаж, улмаар хүнд гэмт хэрэгт буруутгах ашиг сонирхолтой байсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна.

Дээрх байдлаар О.Г******* миний бие хохирогч С.Э гийн эрүүл мэнд буюу түүний хуйхнагант учирсан гэмтлийг учруулаагүй болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүхээс намайг хохирогчийн эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна. ... Анхан шатны шүүхээс О.Г******* намайг Д.Балбаатар тай бүлэглэн ... хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Учир нь О.Г******* миний бие уг гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг мөчид сумын Нэгдсэн эмнэлэг рүү орж, С.Энхайван ыг асууж сураглаагүй болох нь шүүх хэлэлцүүлгийн үед тодорхой болсон. Миний бие тухайн үед төвөөс Нэгдсэн эмнэлэг рүү Д.Б*******ыг дагаж явсан ба Д.Б******* нь Нэгдсэн эмнэлэг дээр очоод дотогш орж, С.Э ирсэн эсэхийг сувилагч нараас асууж тодруулсан байдаг.

Улмаар миний бие Д.Балбаатар ыг дагаж эмнэлгийн саадны үүдэн хэсэгт очиход нь надтай ярилцаж, маргаан үүсгэсэн ба Д.Б******* нь үгийн зөрүүгүй С.Э г нүүрэн тус газарт нь хоёр удаа цохисон болох нь тухайн үед хамт байсан гэрч , , Д.Б******* нарын мэдүүлгээр тогтоогддог ба хохирогч С.Э нь анхны мэдүүлэгтээ сааданд Д.Б******* л намайг хоёр удаа цохьсон гэж мэдүүлсэн байдаг ба сүүлийн мэдүүлгүүд дээрээ уг тайлбараа өөрчлөн, сааданд эхлээд О.Г******* намайг цохьсон, араас Д.Б******* хоёр удаа цохьсон гэх зөрүүтэй мэдүүлгүүдийг өгсөн байдаг.

...Дээрх байдлаар миний бие сааданд очихдоо Д.Б******* ыг дагаж явсан ба Д.Б******* нь хохирогч С.Э г шууд цохиж зодно гэж мэдээгүй, бид энэ талаар үгсэн тохиролцоогүй, түүнчлэн миний бие Нэгдсэн эмнэлгийн сааданд хохирогч С.Э ы биед халдаагүй, зөвхөн тай өмнөх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргасан асуудлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2026/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Г******* намайг цагаатгаж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хэлэх гэж байсан зүйлийг өмгөөлөгч нар маань хэлчихлээ. С.Э муухай харьцсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Төмсөгний асуудлыг хийгээгүй. Эмнэлэг дээр С.Эы биед халдаагүй. Үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч О.Г******* гийн өмгөөлөгч Д.Түвшинтамир давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүх шүүгдэгч О.Г******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Д.Б******* тай бүлэглэн үйлдсэн гэж дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хүүлийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлогдоогүй буюу О.Г******* нь хохирогчийн бэлэг эрхтнийг ир үзүүртэй зүйлээр зүсэж хохирол учруулсан хэргийн газарт байсан 2 гэрчийн мэдүүлэг, камерын бичлэгээр тогтоогдоогүй атал зөвхөн хохирогчийн удаа дараагийн зөрүүтэй мэдүүлэг, хоорондоо найз нөхдийн холбоо хамаарал бүхий хэргийн газарт огт байгаагүй гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн таамаглах байдлаар шалтгаант холбоог дүгнэсэн, ийнхүү дүгнэхдээ хэргийн газарт байсан гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, мөн шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, ял оногдуулахад нөлөөлсөн үзэж байна. Үүнд:

1.1 Анхан шатны шүүх хуралдаан дээр 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн төвийн камерын бичлэгийг шинжлэн судласан цаг минут, хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн “Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн” цаг минутаас зөрсөн байдлаар шинжлэн судлагдаж, шүүхийн тогтоолд туссан бөгөөд энэ нь хохирогч С.Э ы өмдийг тайлж, хуйхнагийг 2 удаа ир үзүүртэй зүйлээр зүсэх боломжит хугацаа буюу гэмт хэргийг хэрхэн үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Мөрдөгчийн хийсэн үзлэгээр: ... гэрч Эрдэнэбат үйл явдлын эхнээс нь харж байгаад 18 минут 52 дахь секундэд машинд суугаад хөдөлж байхад О.Г******* түүнтэй цонхоор нь ярилцаж байгаа нь бичигдсэн буюу үүнээс өмнө бэлэг эрхтнийг ир үзүүртэй зүйлээр зүссэн үйл баримт байхгүй болох нь гэрч Эрдэнэбатын мэдүүлгээр тогтоогддог. Бичлэгийн 19 минут 56 дахь секундэд хохирогч “чамайг маргааш алнаа, зайлаа” гээд бичлэгт гарч ирнэ, О.Г******* тухайн хүн рүү алхаж очиход “одоо үзье” гээд, С.Э руу гүйхэд 20 минут 16 дахь секундээс харагдахгүй болоод, 20 минут 56 секундэд О.Г******* буцаж алхах /энэ хооронд 40 секунд болж байна/ ба 21 минут 30 дахь секундээс буцаад урд зүгт алхана. Энэ үед эхнэр Х.Э гарч ирээд араас нь алхах ба 23 минут 10 дахь секундэд хамт төв рүү орно.

Шүүхийн шинжлэн судалснаар: “... гэрч Альпард машинд суугаад хөдлөх үед О. Г******* ирж, ярилцаж байгаад бичлэгийн 19 минут 43 секундэд салсан, шүүгдэгч О. Г******* бичлэгийн 19 минут 59 секундэд С.Э дээр очоод орилолдоод байсан боловч хяналтын камерт дүрс үзэгдэхгүй 21 минут 27 секундэд эхнэр Э төвөөс гарч ирсэн, бичлэгийн 23 минут 07 секундэд О.Г******* эхнэрийн хамт буцаж ирсэн” гэсэн нь цаг хугацааны хувьд зөрүүтэй дүгнэгдсэн.

Шүүхээс шүүгдэгчийг камерын бичлэгт харагдахгүй байх үедээ С.Э д хохирол учруулсан, мөн хэргийн газарт байсан гэрч ыг үйл явдлын дундаас нь явсан учраас үйл баримтыг гэрчлэх боломжгүй мэтээр, хамгаалагч н.М шүүгдэгчийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан нь О.Г******* гийн удирдлага дор ажилладаг тул гэмт хэргийн талаарх мэдээллийг нуух зорилго агуулж байна гэх дүгнэлтүүдийг бодит байдалд үндэслэлгүй, хийсвэрлэн таамаглаж хийсэн. Гэтэл хэргийн бодит байдлыг мэдэж байгаа этгээд зөвхөн эх, эцэг, төрөл садангийнхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд бусад хэргийн газарт байсан гэрч нь заавал мэдүүлэг өгөх үүрэгтэй буюу гэмт хэргийг нуун дарагдуулсан тохиолдолд гэмт хэргийн хамжигч гэж үзэх хуулийн зохицуулалттай. Ийнхүү анхан шатны шүүх тухайн үед биеэ хянах чадваргүй, согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн /согтолтын 1,88%-ийн зэрэгтэй/ хохирогч С.Э ы шүүх хуралдаан дээр камерын бичлэгийг үзээд, “.. замын наана намайг унагаж байхдаа миний бэлэг эрхтнээс гараараа базаж дээш өргөж байсан, камерын бичлэгт зодож харагдахгүй үед ч энэ байдлаа үргэлжлүүлж миний төмсгөөс базаж, газраас хөндийрүүлж байхдаа ямар нэгэн зүйлээр зүссэн” гэж мэдүүлснийг, өмнөх мэдүүлгүүдээс зөрөөгүй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан гэж зөвхөн хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгчийг яллаж, нотлох баримтыг буруу үнэлсэн. Гэтэл хохирогч С.Э нь бичлэгийн 21 минут 27 секундэд гэрч Х.Э****** руу чулуу шидэж байгаа нь камерын бичлэгт харагддаг ба тэрээр энэ үедээ ямар нэгэн бие бялдрын өвдөлтийн байдалд ороогүй байсан нь бичлэгээс тодорхой харагдаж байхад хохирогч шүүх хуралдаан дээр “тухайн үед аймаар өвдөж, шокийн байдалд байсан” гэж илт зөрүүтэй мэдүүлсээр байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн бие бялдар, согтолтын хувьд ойролцоо О.Г*******, С.Э нарын маргаан 40 секунд, дараа нь 1 минут 27 секундийн хугацаанд камерын бичлэгт харагддаггүй бөгөөд нэг нь нөгөө этгээдийнхээ өмдийг нь тайлж, бэлэг эрхтнийг нь ир үзүүртэй зүйлээр, үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй орчинд 2 удаа зүсэх цаг хугацааны болон бодит боломж байхгүйг шүүх огт анхаарч үзээгүй нь нотлох баримтыг буруу үнэлэх үндэслэл болсон.

Анхан шатны шүүх хохирогчийн зүй бус өдөөн турхирсан үйлдэл болон хэргийн газар дээр байсан гэрч , Х.Э нарын мэдүүлгийг огт үнэлээгүй, зөвхөн хоорондоо найз нөхөд, гэр бүлийн холбоотой Б.Тамир, , Т.Н /ын эхнэр/, Д.Дүүрэнбаатар нарын мэдүүлгийг үнэлж, камерын бичлэгт харагдаагүй байх үедээ гэмт хэргийг үйлдсэн гэж өөрийн үзэмжээр таамаглах байдлаар шалтгаант холбоог тайлбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан болно.

1.2 Гэрч , нарын мэдүүлгээр С.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шөнийн 3 цаг орчимд сумын эмнэлэгт орж нүүрний цусаа цэвэрлүүлж байх үедээ бэлэг эрхтэн төмсгийг ир үзүүртэй зүйлээр зүсүүлсэн талаар үзлэг хийсэн эмч сувилагч нарт огт хэлээгүй, зөвхөн өмд нь норчихсон, шээсэн мэт байсан талаар мэдүүлсэн. /Хохирогч шүүх хуралдаан дээр эмнэлэг хүрэхээсээ өмнө цагдаагийн хажууд бие зассан гэж мэдүүлсэн/ Үүнээс хойших үйл баримтыг гэрчилсэн эрүүлжүүлэх байрны жижүүрт шөнийн 04 цагт гарч байсан цагдаагийн алба хаагч, эмч болох Б.Болдсайхан, нарт С.Э төмсөг зүсэгдсэн талаар огт хэлээгүй, түүнд өөр ямар нэгэн зовиур шаналгаа байгаа нь ажиглагдаагүй гэх мэдүүлгүүдийг анхан шатны шүүх хэрхэн үгүйсгэсэн нь шийтгэх тогтоолд тодорхойгүй, эдгээр мэдүүлгээс зөвхөн шүүгдэгч О.Г******* догшин авирласан гэх хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгах үндэслэл болгож, нотлох баримтаар үнэлсэн нь илт нэг талыг баримталсан дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдоо заасан дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж өгөхийг хүсч байна.

1.3 Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 11 цагт эмч Т.Нямбаярт хохирогч С.Э үзүүлж, өмнөх шөнийн 3 цагт үзүүлсэн эмнэлгийн хуудсан дээр төмсөгний гэмтлийг нөхөн бичүүлсэн болох нь эмчийн мэдүүлгээр тогтоогдсоныг эргэлзээгүй нотлох баримт гэх үзэж үнэлээгүй гэж дүгнэсэн. Гэтэл энэхүү үйл баримт нь С.Э нь О.Г******* тэй ноцолдож байх үедээ төмсөгний гэмтэл аваагүй, үүнээс хойш бүтэн 8 цагийн туршид /гэрчүүд ын д очиж, дахин 1 шил архи уугаад С.Э ыг унтаж байгаад гэртээ харьсан гэж мэдүүлдэг/ уг гэмтлийг авсан байж болзошгүй нөхцөл байдал байгааг шүүх огт анхаарч үзээгүй буюу гэмт хэргийг хаана, хэзээ, хэн, хэрхэн үйлдсэнийг хөдөлшгүй баримтаар тогтоосон байх хуулийн шаардлагыг хангаагүй атлаа шүүгдэгчийг гэмт хэрэгт буруутгасанд гомдолтой байна. /Шийтгэх тогтоолын 23-р хуудас/

1.4 Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд нөлөөлөх хүчин зүйл шүүх хуралдаан дээр үүссэнийг огт анхаарч үзээгүй. .... Хохирогчийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг нь өмнө өгсөн мэдүүлэг болон эмнэлгийн эмч, сувилагч нарын “...хохирогчийн гарыг цэвэрхэн байсан”, “өмдөн дээр цусны толбо ажиглагдаагүй” гэж мэдүүлснээс илт зөрүүтэй буюу хохирогч эмнэлэг дээр очих үедээ төмсөгний гэмтэл авсан байснаа мэдсэн мэтээр илт худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдож байгаагаас гадна эмнэлэгт үзүүлэх үедээ бие зассанаас үүдэн өмд нь норсон болох нь нотлогдож байгааг анхан шатны шүүх үл анхаарч, огт үнэлэлгүй орхигдуулсан.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлгийн зарим зүйл, хэсэг /16.3, 16.5/-ийг зөв хэрэглэх тухайд албан ёсоор тайлбарласан тайлбарын 5.1.6-д “Хохирогчийн хувьд мэдүүлэг өгөх нь эрх болон үүргийн нэгдмэл хэрэгжилт учир заавал хангах ба гэрчээс ялгаатай нь хэрэгт авагдсан нотлох баримтын талаар санал хэлэх эрхтэйгээс гадна хувийн сонирхолтой этгээд тул гэмт хэргийн хохирлын хэмжээ, шинж чанар, хүч хэрэглэсэн байдлын талаар хэтрүүлж мэдүүлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн өөрийн зүй бус ажиллагааг нууж мэдүүлэг өгч болзошгүйг анхаарвал зохино” гэж заасныг анхан шатны шүүх огт анхааралгүйгээр зөвхөн шүүгдэгч О.Г*******г яллах талыг илт баримталсанд гомдолтой байна.

2. Анхан шатны шүүх 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр “хохирогчид үүссэн гэмтэл нь гараар базах татах үед үүсэхгүй, ир үзүүртэй зүйлээр зүссэнээс үүссэн гэмтэл” гэж дүгнэсээр байхад ир үзүүртэй зүйл шүүгдэгчид байсан эсэхийг нь тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй гэж буруу дүгнэсэн бөгөөд хохирогчийн мэдүүлэг болон эмнэлгийн сааданд байсан гэх ын мэдүүлгээс шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байгаад дүгнэлт хийгээгүй.

2.1 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №ЕГО525/470 дугаар 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр “... С.Э ы биед үүссэн хуйхнагны шарх нь төмсгөөс гараар базах, татах үед үүсэх боломжгүй, дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлээр үүсэх боломжтой” гэж дүгнэсэн. Хохирогч С.Э нь “О.Г******* нь ноцолдож байхдаа миний төмсгөөс маш хүчтэй базаж татсан”, эсхүл “намайг хүнээр даруулж байгаад зүссэн” гэхчлэн хаана, хэрхэн үйлдсэн талаар маш тогтворгүй, удаа дараа зөрүүтэй мэдүүлсээр ирсэн бөгөөд шүүх хуралдаан дээр “миний гар цус болсон байсан” гэж илт худал мэдүүлгийг өгсөн. Анхан шатны шүүх дүгнэлтдээ “... шүүгдэгч О.Г******* нь хохирогч С.Э ы бэлэг эрхтний хуйхныг зүсэж, гэмтэл учруулахдаа ямар ир үзүүртэй зүйлээр зүссэнийг шалгаж тогтоох цаг хугацаа алдагдсан бөгөөд хурц үзүүртэй зүйлээ... хаясан, нуусан зэрэг үйлдлийг хийсний улмаас тогтоох боломжгүй болсон” гэж таамаглан дүгнэж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай хэмээн үзэж, О.Г*******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгий аргаар, хүний ёсноос гажууд байдлаар, тарчилган зовоосон нь сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж нотолбол зохих байдал нь бүрэн тогтоогдоогүй байхад дүгнэсэн болно.

“Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээд байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг ойлгохоор эрүүгийн эрх зүйн практикт хэрэглэж байгаа болно. Нотолгооны зүйлд хамаарах нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад чухал ач холбогдолтой. Иймд шүүгдэгч О.Г******* нь С.Эы биед хуйхнагны шарх, баруун төмсөгний няцралд хүргэсэн гэдгийг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоосны үндсэн дээр хүндрүүлэх нөхцөл байдлаар, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж яллах нь Эрүүгийн хуулийн зорилттой нийцнэ.

 3. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан “...О.Г*******г Д.Б******* тай бүлэглэн, С.Э ыг “Нэгдсэн эмнэлэг”-ийн гадаа саад орчимд зодож гэмтэл учруулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дахь зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн тухайд:

 Яллах дүгнэлтэд ... тухайн гэмт хэргийн шинжгүй байхад яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэхүү гэмт хэргийн объектив тал нь нийгмийн хэв журам зөрчиж, бусдад хүч хэрэглэсэн... идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд хүч хэрэглэсэн гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаасан байхыг ойлгодог атал О.Г******* нь “Нэгдсэн эмнэлэг”-ийн гадаа сааданд С.Эы биед хүч хэрэглэсэн гэх үйлдэл тогтоогдоогүй болно.

Түүнчлэн гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх ба нийтийн хэв журмыг зөрчих, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах сэдэлтэй байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч О. Г******* нь хэрэгт авагдсан баримтаар “Нэгдсэн эмнэлэг”-ийн гадаа гэх иргэнтэй хэрүүл маргаан үүсгэсэн болохоос бус С.Эы биед хүч хэрэглэсэн үйлдэл байхгүй болохыг гэрч Б.Тамир мэдүүлсээр атал зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэгт буруутгасанд гомдолтой байна. Хэрэв тай үүсгэсэн хэрүүл маргаан нь “Нэгдсэн эмнэлэг”-ээр үйлчлүүлж буй иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж дүгнэж байгаа нөхцөлд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй байх бөгөөд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг “... үр дагаврыг зориуд хүссэн, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдэл..” байхаар хуульчилсан.

Гэрч , нар С.Э нүүр ам цус болчихсон эмнэлэгт орж ирээд “... Эгчээ би Гончигоод зодуулчихлаа араас хөөж ирээд зодчихлоо” гэсэн. Гэтэл араас нь Балт гэдэг хүн орж ирээд С.Эд хандаад Гончигоо чамайг зодоогүй шүү дээ би чамайг зодсон шүү” гэсэн талаар мэдүүлсэн. Мөн гэрч Б.Тамир ... “Эмнэлгийн сааданд Эыг Б******* 2 алгадаад авсан. Эы хамраас цус гарсан бололтой байсан. Сааданд Эы биед халдаж, Б******* 2 удаа алгадсан өөр зодсон зүйл байхгүй байсан” гэх мэдүүлгээс дүгнэхэд О.Г******* нь эмнэлгийн гадаа саадан дотор С.Эг Д.Б*******тай бүлэглэн зодсон гэх үйлдэл нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 25-ны 429 дүгээр тогтоолд “..Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар дүгнэлт хийж, энэ талаар тогтоолдоо тусгана, ...хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоох нь чухал бөгөөд зорилгоороо нэгдсэн тохиолдолд тухайн хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж тайлбарласан байдаг.

Хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан шалгаж, үнэлэх замаар хэргийн бодит байдал буюу гэмт хэргийн объектив, субъектив шинжийг бодитой бөгөөд эргэлзээгүй тогтоосон байх шаардлагын хүрээнд яллах ба цагаатгах бүхий л нотлох баримтуудаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч О.Г******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа учир холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч О.Г******* гийн өмгөөлөгч Ц.Галтаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн тухайд:

4.1. Хохирогч С.Э 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ ... “ төв, Төрийн банк хоёрын голд Гончигоо миний өмдийг шувталж төмсгийг зүссэн. Тухай үед хар хувцастай хүн миний хажууд байсан тэр хүнийг би танихгүй.” гэж мэдүүлдэг. Харин 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Хохирогчоор өгсөн дахин мэдүүлэг ... илт зөрүүтэй мэдүүлгүүдийг өгснөөс гадна мөрдөн шалгах ажиллагааны журам ноцтой зөрчиж, мөрдөгч хохирогчид камерын бичлэгийг үзүүлж байгаад мэдүүлэг авсан нь хавтаст хэрэг авагдсан атал анхан шатны шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр хохирогчийн мэдүүлгийг эх сурвалжаа заасан гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн болно. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана” гэж заасныг зөрчсөн болно.

4.2. Хавтаст хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаартай “Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай” тогтоолын хэсэгт: “... зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хохирогч С.Эы мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны тогтоол, төвийн дотор болон гаднах камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй” гэж дурдаад тогтоох хэсгийн 4-т: “хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг Сиди-ийг шилжүүлсүгэй” гэж дурдсан байдаг.

Гэтэл хэрэгт төвийн дотор болон гадна камерын бичлэгийг агуулсан Сиди нь эд мөрийн баримтаар авагдаагүй, эсхүл алга болсон бөгөөд мөрдөгчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 16-нд төвийн гадна талын хяналтын камерын бичлэгийг флаш диск-д тусган хэрэгт хавсаргаж, 2025 оны 04 дүгээр сарын 29-нд тухайн хяналтын камерт үзлэг хийж хэрэгт ач холбогдолтой үйл баримтуудын талаар тэмдэглэл үйлдсэн байдаг. Дээрх байдлаар хяналтын прокурорын зүгээс дан ганц хохирогч С.Эы мэдүүлэгт үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр үйлдсэн гэх дүгнэлтийг үйлдэж, улмаар шүүгдэгч нарыг тус гэмт хэрэгт буруутгах өнцгөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй болно.

4.3. Сэлэнгэ аймгийн сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, хошууч О.А**** нь 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэн Д.М* гэрчийн эрх, үүрэг тайлбарлан, хууль сануулсан баталгааг танилцуулж, 2024 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө болсон асуудлын талаар ярина уу гэхэд Д. М нь: “Би тухайн өдөр болсон асуудлын талаар мэдүүлэг өгөхгүй” гэснээр дуусгасан гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл  хэрэгт авагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан ба иргэн Д.Мийн хувьд тодорхойгүй шалтгааны улмаас мэдүүлэг өгөхөөс татгалзсан байдаг. Өөрөөр хэлбэл Д.Мийн хувьд Үндсэн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй бөгөөд хэргийн талаар мэдүүлэг өгөх үүрэгтэй этгээд байсан. Гэтэл анхан шатны шүүхийн Тодорхойлох хэсэгтээ: “... Гэрч Д.М нь шүүгдэгч О.Г******* гийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гээд өгөөгүй нь О.Г******* ийн удирдлага дор ажилладаг тул гэмт хэргийн талаар О.Г******* г буруутгасан мэдээллийг өгөхгүй байх гэсэн зорилго агуулж байгаа нь харагдаж байна” гэх үндэслэлгүй дүгнэлтийг үйлдсэн. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Л.Б**** төвийн манаач, хамгаалагчаас гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргасныг прокурор нь мөн хангаагүй байна.

4.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан.

 Гэтэл мөрдөгч болон прокурорын зүгээс дээр үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй, шүүгдэгч О.Г*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган яллахдаа хэргийн бодит байдлыг, тэр тусмаа цагаатгах баримтуудыг цуглуулаагүй байдаг. Тодруулбал, хэрэг гарсан гэх төвийн замын эсрэг талд байрлах Хаан банк, Солонго төв, Төрийн банк зэрэг байгууллагууд нь хяналтын камертай байх бөгөөд эдгээр байгууллагуудын хяналтын камерын бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар авч, үзлэг хийсэн тохиолдолд О.Г******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр буюу онц хэрцгийгээр үйлдсэн эсэхийг хөдөлбөргүй нотлох боломжтой байсан.

Түүнчлэн шүүгдэгч О.Г*******гийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Б.Даваадорж нь 2024 оны 12 дугаар сарын 06-нд хэрэг гарсан гэх цаг үеийн Нэгдсэн эмнэлгийн хяналтын камер, цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны хяналтын камерын бичлэгүүдийг хуулбарлан авч, үзлэг хийлгэх хүсэлтийг мөрдөгчид гаргасан байх ба Сэлэнгэ аймгийн сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, хошууч О.Алтанцөгц нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор эрүүлжүүлэх байрны хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авах, үзлэг хийлгэх хэсгийг хангасан тогтоол үйлдсэн атлаа уг ажиллагааг хийгээгүй зөрчлийг гаргасан байна.

Дээрх бичлэгүүдийг хэрэгт хавсаргаж, үзлэг хийсэн байсан тохиолдолд хохирогч С.Э нь шүүгдэгч О.Г*******д төмсгөө ир үзүүртэй зүйлээр зүсүүлсэн гэх цагаас хойш биеийн хэлэмж хэвийн байсан эсэх, явж хөдлөхдөө биед нь ямар нэгэн зовиур үүссэн байсан эсэх буюу хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байсан болно.

Иймд 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эрүүгийн 2432002080057 дугаартай хэргийг хянан хэлэлцээд гаргасан Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүх хянан хэлэлцээд гаргасан 2026/ШЦТ/55 дугаар Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг баримтлан, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Г*******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч О.Г*******гийн өмгөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бодит байдлаас буюу миний хамтарч байгаа өмгөөлөгч нар маань Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байх гэсэн зарчмын хүрээнд гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 1.7 дахь заалтад юу заасан бэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд явагдана гэсэн заалт байгаа. Үүнийг анхан шатны шүүх хангаагүй юм шиг харагдаж байна. Учир нь Улсын дээд шүүхийн 16 дугаартай тогтоол байгаа. Уг тогтоол дээр юу илэрхийлэгддэг вэ гэхээр гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалж буюу анхдагч буюу хоёрдогч эх сурвалж байгаа. Нэг нь анхдагч буюу шууд гэмт хэрэг болсон үед үйл явцыг нүдээрээ харж байсан бол эхний гэрч. Үүнд эх сурвалжийг заах шаардлагагүй.  Хоёр дахь гэрч буюу эх сурвалжаа зааж байгаа хоёр дахь эх сурвалжийн гэрч нь өнөөдөр эх сурвалжаа заасан байх ёстой. Түүнийгээ заавал нотолсон байх ёстой гэдэг. Үүнд дүгнэлт хийгээгүй. Хэргийг гэрчилж байгаа 3 баримт байдаг. Нэгдүгээрт камерын бичлэг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн мөрдөгч болон прокурорын тогтоолоор бэхжүүлж авсан сиди буюу камер байгаа. Энэ дээр маргаан хийхгүй. Энэ бол эх сурвалжаа заачихсан нотлох баримт. Хоёр дох нь хохирогч С.Э. С.Э, М, Эрдэнэбат нар шууд хэрэг болох үед нүдээрээ харж байсан гэрч. 5 хүн харж байсан үйл процессыг яриад байгаа юм. Энэ 5 хүний дунд нотолгооны анхны хэрэг үйл процесс нотлогдож байна. Гэтэл шүүх энэ дээр үнэлэлт дүгнэлт өгөөгүй. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоол байгаа. 24 дүгээр тогтоолын хоёр үндэслэлийг анхан шатны шүүх хэрэглэсэнгүй гэж үзэж байна. Үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой нягт нямбай шалгаж эрх тэгш талуудын мэтгэлцээн шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнгээр тогтогдсон хэргийн үйл баримт шууд болон шууд бус нотлох баримтын эх сурвалж хүрэлцээтэй байдлыг хангалттай нэг бүрчлэн шалгаж тэдгээрт дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байвал зохино. Үүнийг огт хэрэглэсэнгүй. Уг заалттай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол тэр дундаа миний үйлчлүүлэгчийг С.Эд учруулж байгаа өөрөөр хэлбэл харгис, балмад үйлдэл нь нотлогдоогүй байхад хийсвэр дүгнэлт хийж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүгдийг нь нотолсон. Нотлох баримт үнэлэх зарчим нь алдагдсан байна.

Нотлох баримт шалгах, үнэлэх нь хийсвэр таамаглал субъектив үзэмжийн асуудал биш гэж байгаа. Үзэмжийн асуудал ярилцах гээд байгаа зүйл нь эрхэм шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Үзэмж нь юу байна гэхээр энэ хүн зүсчихээд тэрийгээ хаячихсан байх, алга болчихсон байх гэх хийсвэр дүгнэлт хийсэн. Хэн түүнийг нотолж байна вэ. Зэвсгийн чанартай зүйл ашигласан бол заавал нотолсон байхыг шаардана. Үзэмж гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан нөхцөл байдал дээр нотлох баримт эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал дээр огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Тэр бол ач холбогдолгүй гээд дүгнэчихсэн.

Нотлох баримтыг тал бүрээс нь нямбай шинжлэн судалсан гэж анхан шатны шүүх дүгнэж байгаа боловч хоёр зүйлийг орхигдуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө болсон гэмт хэргийн нотлох баримтууд буюу түүнийг нотолж байгаа үйл баримтыг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр прокурорын тогтоол зөвшөөрлөөр яригдаад байгаа өмд болон дотоожийг нотлох баримтаар үнэлж оруулж ирсэн. Гэтэл тэр нотлох баримт нь гэрчүүдийн мэдүүлгээс эрс зөрүүтэй байсан. Гэрч нарын мэдүүлгээр өмдөнд нь ямар ч толбо байгаагүй гэсэн чинь хавтаст хэрэг дотор цус болчихсон гадна талын өмдийг авчирч байгаад нотлох баримтаар өгсөн. Түүнийг анхан шатны шүүх үнэлээд дүгнэчихсэн. Тэгвэл нотлох баримтыг тэгж дүгнэж байгаа бол үнэхээр тэр цус болсон толбо хэзээ байсан бэ гэдгийг сэргээн дүрслэх зарчмаар авч үзвэл тийм үйл баримт болоогүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу миний үйлчлүүлэгч О.Г******* хохирогч С.Эы бэлэг эрхтнийг зүсээд, базсан үйл баримт нь гарцаагүй нотлогдоогүй. Энэ дээр шүүх хийсвэр дүгнэлт хийсэн гэж ойлгож байна гэв.

Шүүгдэгч Д.Б******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

“...Би өөрийн төрсөн дүүгээс ялгаагүй дүү болох С.Эд хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Тухайн үед О.Г*******гийн төрсөн өдөр болж байхад С.Э над руу залгаад ахаа та төвд байгаа юм уу дүү нь гадаа нь байна гэхэд нь би түүнийг тэгвэл ороод ирэхгүй юу, таниж мэддэг хүмүүс чинь л байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа удалгүй О.Г******* болон түүний эхнэр Э нь чи яах гэж миний төрсөн өдөр дээр С.Эг дуудсан юм бэ, хамаг баяр, найр хөтөлбөр тараагаад хаячихлаа, тэр согтуу дүү чинь манай эхнэр рүү гадаа чулуу шидээд гэдэс рүү нь оночихлоо гээд О.Г******* надад уурлаад, тэр дүүдээ хэлээрэй гэж хэлсэн. Тухайн үед би С.Э О.Г******* нарыг хоорондоо зодолдож маргалдсан талаар мэдээгүй байсан. Улмаар нөхцөл байдлыг буруугаар  ойлгоод би дуудсанаас болж энэ асуудал үүссэн юм байна гэж ойлгоод С.Э залгаад хаана байгаа бэ гэхэд ахаа би эмнэлгийн хашаанд байна гэхээр нь очоод, чи хүний эхнэр чулуугаар цохиж зодлоо гээд өөрийн төрсөн шахуу хуурай дүү С.Эг цохиж авсан. Тэнд цуг очсон О.Г******* болон С.Эг дуудсан нар хоорондоо маргалдаж байгаад салсан. Тухайн үед хуурай дүү болох С.Эгаас юунаас болж маргалдсан гэдгийг асууж тодруулахгүйгээр дүүдээ хүч хэрэглэсэнд маш ихээр харамсаж байна. Эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхэн өөрийн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгааг минь харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгөхийг хүсэж байна. Дахин хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй чин үнэнч шударгаар амьдрах болно гэв.

Шүүгдэгч Д.Б*******ын өмгөөлөгч С.Чинбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

“...1. Шүүгдэгч Д.Б******* нь хохирогч С.Эыг эмнэлгийн байгууллагын хашаанд байхад нь нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ өөрөө сайн дураар хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар маргадаггүй.

2. Гэтэл шүүх энэхүү шийтгэх тогтоолоороо аль нэг байгууллагын хашаанд ямар нэгэн шалтгаанаар зодолдсон хүн болгоныг тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үздэг жишиг тогтоож байгаад харамсаж байна.

3. Мөн хүндрүүлэн зүйлчилж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж буйг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4. Шүүхээс хохирогч С.Эы сэтгэцэд учирсан хохирол төлбөрт шүүгдэгч Д.Б*******аас 2,572,020 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг төлж барагдуулсан.

5. Шүүх улсын яллагчийн байр суурь болох шүүгдэгч Д.Б*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаарт зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэснийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг шүүх ямар үндэслэлээр 1 жил 6 сар болгож хүндрүүлсэн нь бүр ч ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Энэ шүүх хэт нэг талыг барьсан гэх үндэслэл бол мөн.

6. Мөн Сэлэнгэ аймгийн сумын Нэгдсэн эмнэлэг нь өөрийн албан тоотоор Д.Б******* нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө тус эмнэлгийн хүлээн авах яаралтай тасгаар үйлчлүүлээгүй, байгууллагын хэвийн үйл ажиллагаа болон эмч ажилчдын үйл ажиллагаанд чирэгдэл учруулаагүй болно гэснийг няцаах баримт хавтаст хэрэгт байхгүй. Тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх ганц хүн бол тухайн байгууллагын бүх үйл ажиллагааг хар толгойгоороо хариуцаж байгаа дарга гэж ойлгож байна.

7. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “... учруулсан хохирлыг төлсөн”, мөн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, 1.6-т заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” зэрэг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дөрвөн нөхцөл байдлын шүүх харгалзаж үзэлгүй 1 жил 7 сар 20 хоногийн хорих ялаар шүүгдэгч Д.Б*******ыг шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

8. Өмгөөлөгчийн хувьд хэлэхэд анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч, шүүгдэгч, гэрч нараас асуусан асуулт, авсан хариулт, шүүхэд хандаж хэлсэн үг, гаргасан дүгнэлтээ бүрэн дүүрэн дэмжиж байгаа бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдсан байгааг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авахыг хичээнгүйлэн хүсье.

Иймд шүүгдэгч Д.Б*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, харин 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Б*******ын Б.Мөнхгэрэл давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Д.Б******* нь гомдол мэдээллийн дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн цаг хугацаанаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд /мөрдөн байцаалт,прокурор,шүүхийн/ хохирогч С.Эы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хувьд маргаж мэтгэлцэх зүйлгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан. Гагцхүү өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын үндсэн шинжүүд хангагдсан эсэх, хэрэгт авагдсан нотлох баримт нь дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцоход хангалтгүй байгаа талаар мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцсон байна.

Улсын Дээд шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 30 дугаар тогтоолд гэмт хэргийн үндсэн шинжийг тайлбарлахдаа … олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг нь гэмт санаа сэдлийн хувьд эмх замбараагүй гэнэт үүссэн шинжтэй урьдчилан төлөвлөөгүй хүрэх үр дүн тодорхойгүй байдаг талаар тайлбарласан байна.

Мөн Улсын Дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 167 дугаар тогтоолд … Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг зөрчих” гэдэгт гэмт этгээд өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн нийгэмд тогтсон хамтын аж байдлын ёс горим, эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан санаатай үйлдлийг хамааруулан үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм. Энэхүү үйлдэл нь ямар ч шалтгаангүйгээр эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах зэргээр хохирогчид хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илрэн гардаг билээ.

Тэгвэл дээр дурьдсан шинж, хэлбэрийг агуулаагүй буюу нийтийн хэв журмыг зөрчөөгүй бөгөөд хүмүүс хоорондын зүй бус харьцаанаас үүдэн маргалдсан, зодолдсон, бие махбодид нь гэмтэл учруулсныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх боломжгүй ба Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ гэж тайлбарласан байна.

Уг тайлбараас харвал 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг бусад гэмт хэргээс ялган зүйчлэхдээ тухайн гэмт хэрэг үйлдэгдэх болсон нөхцөл байдал шалтгааныг эргэлзээгүй нэг мөр ойлгох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл хувийн таарамжгүй харилцаа байсан уу эсхүл бусдыг илтэд үл хүндэтгэж танхайрах шинж нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон уу гэдгийг тогтоох ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад ...мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс харахад төв дотор Э, Г******* нар маргалдаж хувийн таарамжгүй харьцаа үүсгэсэн байна. Улмаар уг маргаан нь үргэлжлээд МН караокегийн зүүн талд Э Г*******д зодуулсан нөхцөл байдал, эдгээр хүмүүсийн хооронд үүссэн хувийн таарамжгүй харилцаа нь цааш үргэлжилж Нэгдсэн эмнэлгийн хашаанд дахин очиж маргалдаж зодолдсоноор гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нөхцөл байдал тогтоогдож байна. Дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон хохирогч яллагдагч шүүгдэгч нарын мэдүүлгээс хувийн таарамжгүй харилцааны улмаас тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нь илэрхий байна.

Шүүгдэгч Д.Балбаатарын хувьд хохирогч С.Э төрөл садангийн биш боловч нэг газар өсөж төрсөн хүмүүсийн хувьд ах дүүс шиг харилцаатай бөгөөд О.Г*******гийн хэлсэн чиний дуудсан дүү чинь төрсөн өдөр бусниуллаа гэх үгэнд автаж нөхцөл байдлыг буруугаар төсөөлж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан.

Танхайрах гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Нэгдсэн эмнэлгийн байшин дотор биш харин хашаан дотор байрлах саравчинд /саад/  бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Эдгээр хүмүүсийн хооронд үүссэн маргаантай холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх обьектив талын үндсэн шинж хангагдахгүй байна. Өөрөөр хэлбэл Эмнэлгийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар тасалдаагүй тухайн эмнэлгээр үйлчлүүлж байсан хэн нэгний хуулиар хамгаалагдсан  эрх ашиг хөндөгдөөгүй зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хүлээн авч хэргийг бүхэлд нь хянаж үзэн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүйн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв шүүх боломжгүй гэж үзвэл Д.Б*******ын хувийн байдал хохирол төлбөрөө бүрэн төлсөн бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл дээрээ маргадаггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг сонслоо. Дараах тайлбарыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх нотлох баримтыг үйл явдал болон бусад нотлох баримттай харьцуулж дүгнэлтээ гаргасан гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэглээний болон ноцтой зөрчил байхгүй гэж миний зүгээс үзэж байна. ... С.Э шүүх хуралдаанд мэдүүлгээ тогтвортойгоор өгсөн. Түүний яриад байгаа асуудал дээр тодорхой хариултыг хэлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа. Юуны өмнө С.Э нь тухайн төвийн гадна болсон асуудлыг ярьсан. Ярьсан зүйлийг нь камерын бичлэг гэж яриад байгаа бичлэгээр тогтоогдоно.

О.Г*******гийн яриад байгаа зүйлийг нотлох үгүйсгэх зүйл харагдахгүй. Өөрөөр хэлбэл С.Эы хэлсэн мэдүүлэг яагаад үндэслэл бүхий байна гэхээр хохирогчид хууль сануулж байгаа. Хоёрдугаарт камерын бичлэгээс юу харагдаж байна гэхээр О.Г******* мэдүүлэгтээ миний эхнэрийг чулуугаар цохиж чулуугаар оносон гэсэн зүйлийг ярьдаг. Гэтэл камерын бичлэг дээр онож байгаа нь хэрэгт байхгүй. ... Ял шийтгэлийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, нотлох баримтын үндсэн дээр бусад байдлыг харгалзан үзэж миний хувьд тохирч байна гэж үзэж байна. Д.Б******* гэх хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. ... Ялыг хэвээр үлдээж өгнө үү гэх саналыг хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Г.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон. Шүүгдэгч О.Г*******, Д.Б******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх тухайн хэрэгт нотлох баримт дээр тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр О.Г*******, Д.Б******* нарт холбогдох эрүүгийн 2431002080057 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүгдэгч О.Г******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 02 цаг 40 минутын үед Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төвийн гадна хохирогч С.Э үл ялиг зүйлээр маргалдаж хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохих, түлхэж унагаах зэргээр бие эрх чөлөөнд нь халдсан мөн замын эсрэг талд байрлах Солонго төвийн гадна зогсоол орчимд харгис хэрцгий аргаар хохирогчийг цохиж, бэлэг эрхтнийг ир үзүүртэй зүйлээр зүсэх зэргээр зодсоны улмаас биед нь хуйхнагийн шарх, баруун төмсөгний няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн үед Д.Б*******тай бүлэглэн хохирогч С.Э байгаа газарт очиж буюу Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар баг, Нэгдсэн эмнэлгийн гадаа саад орчимд хохирогчийг эхнэр лүү чулуу шидсэн гэх үл ялиг шалтгаанаар дахин зодож биед нь хамар уруулын дотор салстын зулгаралт, баруун, зүүн дээд 1 дүгээр, баруун, зүүн, доод 1 дүгээр шүдний сулрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн үед Д.Б*******тай бүлэглэн Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй Нэгдсэн эмнэлгийн гадаа саад орчимд хохирогч С.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэх үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч Д.Б******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Г*******тэй бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн үед хохирогч С.Э байгаа газарт очиж буюу Сэлэнгэ аймаг сумын 2 дугаар баг, Нэгдсэн эмнэлгийн хашаан доторх саад орчимд хохирогчийг чулуу шидсэн гэх үл ялиг шалтгаанаар зодож биед нь хамар, уруулын дотор салстын зулгаралт, баруун, зүүн дээд 1 дүгээр, баруун, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн О.Г*******тэй бүлэглэн Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Нэгдсэн эмнэлгийн гадаа хашаан доторх саад орчимд хохирогч С.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэх үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3.Анхан шатны шүүх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цугларсан гэж шүүгдэгч нарыг яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн дээрх гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцсон байна.

Шүүгдэгч О.Г******* болон түүний өмгөөлөгчдийн зүгээс гаргасан “...хохирогч С.Э хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүнтэй харилцан зодолдсон нь үнэн, харин түүнийг төмсгийг зүсч гэмтэл учруулаагүй, мөн нэгдсэн эмнэлэг рүү Б*******ыг дагаж явсан түүнийг С.Э шууд зодож цохино гэдгийг мэдээгүй, ингэж үгсэн тохиролцоогүй тул сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэх

Шүүгдэгч Д.Б******* болон түүний өмгөөлөгчдийн зүгээс гаргасан “...С.Эы эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч маш их харамсаж, гэмшиж байна. Харин нэгдсэн эмнэлгийн хашаанд С.Эы араас очиж эрх чөлөөнд нь халдсан үйлдлийг хувийн сэдэлтээр үйлдсэн бөгөөд байгууллагын хувийн үйл ажиллагааг алдагдуулсан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болоогүй тул уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлуудыг хэргийн үйл баримтад тулгуурлан хянаж үзлээ.

4.Шүүгдэгч О.Г******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 02 цаг 40 минутын үед Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төвийн гадна хохирогч С.Э үл ялиг зүйлээр маргалдаж хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохих, түлхэж унагаах зэргээр бие эрх чөлөөнд нь халдсан мөн замын эсрэг талд байрлах Солонго төвийн гадна зогсоол орчимд харгис хэрцгий аргаар хохирогчийг цохиж, бэлэг эрхтнийг ир үзүүртэй зүйлээр зүсэх зэргээр зодсоны улмаас биед нь хуйхнагийн шарх, баруун төмсөгний няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг онц харгис хэрцгий аргаар санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Б******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Г*******тэй бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн үед хохирогч С.Э байгаа газарт очиж буюу Сэлэнгэ аймаг сумын 2 дугаар баг, Нэгдсэн эмнэлгийн хашаан доторх саад орчимд найз О.Г*******гийн төрсөн өдрийг бусниулсан, эхнэр рүү нь чулуу шидсэн гэх шалтгаанаар нүүрэн тус газарт алгадаж зодон биед нь хамар, уруулын дотор салстын зулгаралт, баруун, зүүн дээд 1 дүгээр, баруун, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэргүүдийг шүүгдэгч нар үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Э, гэрч Б.Тамир, , нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн 396, 68, ЕГ0525/470 тоот дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бичгийн чанартай бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч О.Г******* нь хохирогч С.Эг өөрийнх нь төрсөн өдөр дээр урилгагүй ирж хүмүүстэй зүй бус харьцсан, түүний араас өшиглөж зүй бус харьцсан, уригдсан дуучин н.Дэлгэрмөрөнтэй муудалцаж хочилж дуудсан зэрэг байдлаас үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Э эрүүл мэндэд хохирол учруулах зорилгоор түүнтэй барилцан авч ноцолдсон эмзэг эрхтнийг ир үзүүртэй зүйлээр зүсэж онц харгис хэрцгийгээр хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, шүүгдэгч Д.Б******* нь О.Г*******гээс авсан мэдээлэл буюу түүний төрсөн өдрийг бусниулсан, түүний эхнэрийг нь чулуугаар шидсэн гэх шалтгаанаар түүний байгаа газрыг лавлан Нэгдсэн эмнэлгийн хашаанд байхад нь араас нь О.Г*******гийн хамт очиж нүүрэн тус газарт нь цохиж алгадан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах үйлдлийг бүлэглэн тус тус үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн хийж буй хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учирч болохыг лавтай сайн мэдэж байсан атлаа уг үр дагаврыг буюу бусдын эрүүл мэндэд хохирол учруулахыг зориудаар хүсч үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч О.Г*******, Д.Б******* нарын хохирогч С.Э эрх чөлөөнд халдаж цохисон, эрхтнийг зүссэн үйлдэл нь хохирогч С.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой, гэм буруугийн бодит хамааралтай, шүүгдэгч нар энэ талаар маргаангүй байна.

5. Харин шүүгдэгч О.Г*******, Д.Б******* нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн үед хохирогч С.Э байгаа газарт очиж буюу Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар баг, Нэгдсэн эмнэлгийн гадаа саад орчимд хохирогчийг эхнэр рүү чулуу шидсэн гэх үл ялиг шалтгаанаар дахин зодож хохирогч С.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэх үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг нь бусдыг үл тоомсорлон басамжлах, доромжлох, өөрийн хүч чадалтай, зориг зүрхтэй, бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх сэдэлт зорилгоор нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, хүний халдашгүй чөлөөтэй байх, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл байдлыг бүрэн алдагдуулсан, орон байрандаа байх боломжгүй болгосон, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, бусдыг хүч хэрэглэн зодсон, айдас хүйдэс төрүүлсэн, тодорхой зорилгогүй, эмх замбараагүй, гэнэт үүссэн шинжийг агуулж байдаг.

Гэтэл шүүгдэгч нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу тодруулж хэлбэл урилгагүй зочин төрсөн өдөр дээр ирж зүй бус авирласан, эхнэр рүү нь чулуу шидсэн зэргээс бий болсон хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн хохирогчтой маргалдан, улмаар гадаа гарч харилцан зодолдох үедээ шүүгдэгч О.Г******* хохирогчийг зодож эмзэг эрхтнийг ир үзүүртэй зүйлээр зүсэж онц харгис аргаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Б******* хохирогчийг нэгдсэн эмнэлэг дээр байхад нь О.Г*******гийн хамт араас нь очиж мөн дээрх шалтгаанаар нүүрэн тус газарт нь алгадаж бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

Тиймээс шүүгдэгч нарын үйлдэлд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн субьектив шинж үгүйсгэгдэж байгаа буюу шүүгдэгч нар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилготой байсан болох нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл; Сэлэнгэ аймгийн сумын нэгдсэн эмнэлгийн хашаан доторх сааданд уг үйлдэл болсон боловч тухайн эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэд хэвийн үйлчилгээ авах боломжгүй болж хохирсон, эд зүйл, эд хогшил эвдэрч гэмтсэн байдал нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед тогтоогдоогүй, уг хэргийн талаар эмнэлгийн байгууллагаас Цагдаагийн байгууллагад хандаагүй, мөн хохирогчоор эрх бүхий этгээд тогтоогдоогүй болно.

Энэ нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

-Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн цаг хугацаанд сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн асрагчийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 11 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн орчим байх хөл хөдөлгөөн гайгүй болчихоор нь би сувилагч ийн хамт жаахан хэвтэж амаръя гээд гэрлээ унтраагаад удаагүй байтал цонхон доогуур хүн явах шиг болсон. Тэгээд бид хоёр хүн ирж байна гээд босоод суугаад харж байхад цонхон доогуур хүн яваад орж ирэлгүй үүдний довжоон дээр цааш харж суугаад өмд рүүгээ гараа хийгээд салтаагаа гараараа ухаад байсан. Бид хоёр түүнийг үүдэнд шээх гэж байгаа юм байх гэж бодоод гарч хэлье гэж бодтол цааш яваад төрөхийн хажуу талын цэцгийн мандлыг давж яваад доторх саравчинд ороод суучихсан. Цааш саравч руу явж байхдаа хүртэл өмд рүүгээ гараа хийгээд баацагнаад сонин яваад байсан. Тэгээд тэр залуу саравчинд суугаад удалгүй хоёр залуу ирж тэр залуутай юм яриад байх шиг байсан. Түүнээс хойш 103-руу хоёр хүн орж ирээд Э гэж хүн ирсэн үү гээд асуусан. Би мэдэхгүй, түрүүнд нэг хүн ирээд цаад сааданд чинь сууж байна гэхэд буцаад гараад явсан. Дараа нь би тэр хоёр хүнийг Гончигоо, Балт гэдэг хүмүүс гэдгийг нь сувилагчаасаа мэдсэн. Тэгээд Балт, Гончигоо гэх хүмүүс урд талын төрөхийн хажуу талын сааданд ороод л бөөн зодоон нүдээн болоод хашхиралдаад, орилолдоод байсан. Манай төрөх тасгийн сувилагч, асрагч хоёр хүртэл бид хоёр руу залгаад наана чинь юун зодоон нүдээн болоод хараал, ерөөл хэлээд хашхиралдаад, байгаа юм бэ гэж хэлж байсан. Удаагүй нэг хүн баруун зүгт гүйгээд явчихсан. Тэр нь Гончигоо нь л байсан юм байна билээ. Түүний дараа Э нүүр, ам нь цус болчихсон “эгчээ би Гончигоод зодуулчихлаа, араас хөөж ирээд зодчихлоо” орж ирсэн. Гэтэл араас нь Балт гэдэг хүн орж ирээд 103 дотор электрон тамхи татаад Эд хандаад “Гончигоо чамайг зодоогүй шүү дээ? би чамайг зодсон ш дээ” гээд байсан. Би түүнийг тамхи татлаа гэж уурлаад хөөгөөд гаргасан. Гэтэл тэрээр дахин орж ирээд Гончигоо чамайг зодоогүй, би чамайг зодсон ш дээ” гээд байсан. Эы нүүр аманд дахь цусыг нь цэвэрлэж байхад Эы өмдний салтаа хэсэг нь норчихсон байдалтай байхаар нь би “заваараад өмдөндөө шээчихсэн юм биш үү” гэхэд тэрээр “хүмүүс харвал намайг өмдөндөө шээсэн гэж хэлэхээр байна” гээд инээж хөхрөөд бид хоёртоо маазраад байсан. Түүний өмдний урд хэсгээр юм асгаад норчихсон юм шиг л байсан. Цус гэж мэдэгдэхээр толбо бол байгаагүй.Тухайн үед Эы биед ил харагдах гэмтэл шарх, цус нөж болсон зүйл байгаагүй. Харин сүүлд нь орж ирэхдээ нүүр ам нь цус болчихсон, хамрын нуруу хэсэг нь халцарчихсан байсан тул жижүүр эмч Нямбаярыг дуудаж үзүүлсэн. Дээрх хүмүүс архи уучихсан шинжтэй үнэртэж байсан. Гэхдээ бүүр ухаангүй болтол тасарчихсан хүн байгаагүй. Э ирж уулздаг хоёр залууг бол би хараагүй, тэднийг хэн гэдгийг, уусан байсан эсэхийг нь би мэдэхгүй. Тэр хоёр эмнэлгээр ч орж ирээгүй .... Тэр хоёр сүртэй орж ирээд эхлээд “хүн байна уу” гэж гэхээр нь би “яасан” гэхэд “Э гэх орж ирсэн үү” л гэж асуусан. Гадаа зодолдож байхад нь манай сувилагч эмнэлгийн хаалгаа нээгээд “та нар болиоч ээ, наана чинь төрөөд удаагүй ээж нар байгаа шүү дээ, эмнэлгийн орчинд та нар зодолдоод байхдаа яадаг юм бэ” гэж хэлээд орж ирсэн. Тэр үед тэр хүмүүс бие биенийгээ хараагаад хашхиралдаад байсан. Удалгүй Э, Гончигоод зодуулчихлаа гээд орж ирсэн. Харин Балт гаднаас орж ирээд байн, байн “ах нь зодоо биз дээ” гээд байсан. Тухайн үед Эы төмсгөнд гэмтэл учирсан эсэхийг нь мэдээгүй. Э ч төмсөг гэмтсэн талаар ямар нэгэн зүйл зовуурь байгаа талаар яриагүй. ... Гадаа харанхуй шөнө болчихсон, саадан дотор модтой, саравч дотор нь зодолдоод байсан тул хэн нь хэнийгээ цохисон зодсон нь огт харагдаагүй, харагдах боломжгүй үзэгдэх орчин харанхуй байсан. Ганцхан Э гэдэг нь Гончигоод зодуулчихлаа гээд нүүр ам нь цус болчихсон орж ирсэн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43-р тал/,

-Гэрч Д.Дүүрэнбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед эмнэлгийн хашаан дотор саадан дотор хүмүүс хоорондоо маргалдаж байгаа нь сонсогдсон. Алдар очоод “та хоёр яагаад хүн зоддог юм” гэж яриад байх шиг байсан. Түүний ярианаас хоёр хүн нэг хүнийг зодсон юм байна гэж бодож байсан. Би яг хэн нь хэнийгээ цохиж зодож байгааг нь хараагүй. Тэгээд би Бат-Эрдэнийг араас нь буулгасан юм. Тухайн үед Алдарын эхнэр ч ирээд араас нь орсон. Тэгээд удалгүй эмнэлгийн хашаанаас Балт, Гончигоо, Алдар, Э, Бат-Эрдэнэ, Алдарын эхнэр нар цуг гарч ирсэн. Ер нь тэд нар хоорондоо маргалдаад хэрэлдээд л гарч ирсэн. Эмнэлгийн хашаанаас гарч ирж машины хажууд ирчхээд Гончигоо нь Алдараатай хэрүүл өдөөд шарыг нь малтаад байсан. Алдар тухайн үед Гончигоод “чи хүний эмзэг эрхтэн гэмтээдэг хэн юм, адилхан эр хүн байж, чи хүнд гай болно” гэх утгатай зүйл хэлэхэд Гончигоо “Мөнгө байхад бүхнийг шийддэг юм, би Балтыг 15 сая төгрөгөөр худалдаад авсан” гэх утгатай зүйл яриад Алдараатай хэрэлдээд байсан. Би одоо бол үг бүрчлэн санахгүй байгаа ч тиймэрхүү утгатай зүйл ярьж байсныг санаж байна. Би тухайн үед архи дарс уугаагүй цоо эрүүл байсан.Гончигоо ер нь хүн хүн рүү үсчээд өдөөд байсан. Мөн Эд “чамайг би ингэх гэж дуудсан юм” гэх утгатай зүйл ярьсан. Тухайн үед Алдар уурлаад Гончигоог яг цохих гэж байсан. Гэхдээ цохиогүй. Алдар Гончигоод “чи хүнийг мөнгөөр худалдаж авдаг хэн бэ, хууль гэж байдаг юм шүү” гээд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд биднийг хөдлөх гэж байхад Гончигоо нь Бат-Эрдэнийн машинд орж ирээд Алдарыг өдөж шарыг нь малтаад байсан. Тэгээд Э цагдаа руу явсан байх, тэгээд л бид нар эмнэлгийн гаднаас хөдөлсөн. Сааданд хэдэн хүн байсныг би тэр талаар сайн мэдэхгүй байна. Би машинаас буугаагүй тул мэдэхгүй байна. Гадаа харанхуй байсан. Би Эыг сайн ажиглаж хараагүй болохоор түүний биед ил харагдах гэмтэл шарх байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн шөнөдөө би мэдээгүй. Харин маргааш нь хараад юу болсон талаар асуухад “ төвийн гадна тамхины цэгийн тэнд Гончигоо чамайг засна аа гэж хэлээд хүнээр даруулж байгаад төмсөг урчихсан” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46-р тал/,

-Гэрч Б.Болдсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цагаас 13-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд сумын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэсэн.Үүрэг гүйцэтгэх хугацаанд 13-ны 03 цагийн орчим “ сумын нэгдсэн эмнэлгийн гадна хүмүүс зодолдоод байна” гэх дуудлагын дагуу а/а Ж.Түмэндэмбэрэлийн хамт очсон. Намайг очиход Э гэх хүн 103 дээр эмчид үзүүлж байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад хажууд нь байсан Балт гэх хүн надад “би зодчихсон юм” гэж хэлсэн. Гэтэл Э, тэнд байсан сувилагч, асрагч нар “Баян Гончигоо гэдэг хүн зодсон” гэж ярьж байсан. Тэгээд би ажил дээр ирснийхээ дараа эргүүлийн цагдаа нарт “Баян Гончигоо гэдэг хүнийг авчирч саатуул” гэсэн. Удалгүй Э ажил дээр ирж эмчид үзүүлсэн тэмдэглэлээ өгөөд “би гомдолтой” гэж хэлээд гараад явсан. Тэгээд Гончигоо гэх хүнийг эргүүлийн цагдаа нар авч ирсэн. Гончигоо гэж дууддаг Г******* гэх хүнийг согтуурлыг шалгасны дараа Э согтуурлыг шалгасан. Түүний хамар нь халцарчихсан байсан. Нэг нүднийх нь доод шанаа хэсэг халцарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй тул зөрчлийн шинжтэй гомдол мэдээллээр хоногийн мэдээнд оруулсан. Э бэлэг эрхтэн орчимд ямар нэгэн гэмтэлтэй, зовуурьтай байгаа мэт зүйл ажиглагдаагүй, мэдэгдээгүй. Тэрээр өөрөө ч надад тийм зүйл яриагүй. Харин маргааш нь намайг ажлаасаа буугаад гэртээ байхад 12 цаг 31 минутад Э миний хувийн утас руу залгаад Гончигоо чинь их гаж пиздаа байна, миний өмд рүү гараа хийгээд төмсгөөс базаад татаад байсан. миний төмсөг аймаар өвчтэй байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-р тал/

-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн цаг хугацаанд сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн дуудлагын бага эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. 11 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн орчим хөл хөдөлгөөн гайгүй болчихоор нь би асрагч цуг хүлээн авахын өрөөнд хэвтэж байсан. Би цонхон талд нь хөшгөө хагас хаачхаад хэвтэж байхад цонхон доогуур улаан өнгийн цамцтай залуу орж ирээд хүлээн авахын хаалгыг онгойлгож харчхаад буцаад гарсан. Тэгээд би цонхоороо харахад дээрх залуу эмнэлгийн үүдний довжоон дээр цааш харж зогсчихоод өмд рүүгээ гараа хийгээд хоёр хөлөө алцайгаад байхаар нь би түүнийг үүдний довжоон дээр шээх гэж байна гэж бодоод гарч хэлье гэж бодож байтал цааш яваад төрөхийн хажуу талын цэцгийн мандлыг давж яваад доторх саравчинд ороод суучихсан. Цааш саравч руу явж байхдаа хүртэл өмд рүүгээ гараа хийгээд баацагнаад сонин яваад байсан. Тэгээд тэр залуу саравчинд суугаад 5 орчим минутын дараа хашааны үүдэнд машин ирээд хоёр залуу ирж тэр залуутай юм яриад байх шиг байсан. Түүнээс хойш ойролцоогоор 5 минутын дараа хүлээн авахын цонхон доогуур 3 залуу цуваад эмнэлэг рүү орж ирсэн. Тэдний эхэнд Баян Гончигоо гэж дууддаг залуу халаасандаа гараа хийчихсэн, араас нь хоёр залуу дагаж орж ирсэн. Тэр хоёр залуугийн нэг Балт гэж дууддаг залуу байсан байх. Гончигоо нь хүлээн авах руу орж ирээд “Э гэж хүн ирсэн үү” гэж асуухаар нь үгүй гэсэн. Гэтэл шууд гарч яваад урд талын саравчинд байсан хүмүүсийг харчих шиг болсон. Тэгээд шууд Гончигоо нь дагуулж явсан хоёр залуутай төрөхийн хажуу талын саравчинд байсан 3 залуу дээр очоод шууд зодолдоод эхэлсэн. Төрөхийн хажуу талын саад руу Гончигоо нь эхэлж ороод араас нь нөгөө хоёр залуу нь дагаж ороод зодолдоод эхэлсэн. Харанхуй байсан болохоор саад дотор саравч тойроод модтой тул хэн нь хэнийгээ цохиж байгаа нь харагдаагүй, гэхдээ тэд зодолдоод байгаа нь мэдэгдэж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсний дараа дээрх зодолдож байсан залуучуудаас нэг нь /эхэлж эмнэлгийн хүлээн авах нээж харчхаад гараад явсан улаан цамцтай залуу байсан/ нүүр ам нь бүхэлдээ цус болчихсон орж ирсэн. Тиймээс би шууд жижүүрийн эмч Нямбаярт хэлчихээд нөгөө залуугийн нүүрийг нь цэвэрлэсэн. Гэтэл тэр залуу миний таньдаг Э гэх залуу байсан. Э нь хүлээн авахад орж ирэх үед Гончигоо нь ганцаараа баруун тийшээ явганаар яваад өгсөн. Тэгээд үлдсэн дөрөв нь хашааны гадна зодолдоод, хашхиралдаад байсан.Тэгээд би Эы нүүрэн дэх цусыг нь цэвэрлээд эмчид үзүүлсэн. Эмч орж ирээд Эы биед үзлэг хийж байхад, цагдаа ч орж ирсэн. Түүний араас Гончигоотой цуг байсан хоёр залуу орж ирээд Балт гэдэг нь цагдаад “би наадахыг чинь зодчихсон, цохичихсон юм” гээд байн байн л хэлээд байсан. Эмч Эы биед үзлэг хийж дууссаны дараа үзлэгийн тэмдэглэлийг би цагдаад нь өгсөн. Э гарахдаа “түрүүнд ирж үзүүлэх гэснээ, төмсгөө базуулсан гэж хэлэхээсээ ичээд үзүүлэхгүй явъя гэж бодсон чинь дахин ирээд зодчихлоо” гэж хэлээд инээгээд босоод явчихсан. Би асрагчтайгаа “даанч түрүүнд байн байн салтаагаа ухаад байсан юм, төмсөг нь өвдөөд байсан юм байхдаа” гэж ярилцаад л өнгөрсөн. Э тухайн шөнө эмчид төмсгөө базуулсан талаар хэлээгүй, үзүүлээгүй. Э нүүрний хэсгээ л үзүүлсэн. Эмч түүнээс биед чинь өөр өвдөж хавдсан зүйл байгаа эсэх талаар асуухад тэрээр байхгүй гэж хэлсэн. Манай хүлээн авахаар шагайчхаад гарсан. Тухайн үед Эы биед ил харагдах гэмтэл шарх огт байхгүй, нүүр, хувцас, гар нь ямар ч бохирдолгүй цэвэрхэн байсан. Үүдээр шагайчхаад гадна үүдний довжоон дээр нааш цааш яваад утсаар яриад сууж босоод бас хэсэг хугацаа өнгөрсөн, Тэрээр байн байн л өмдөндөө гараа хийгээд, алцайж сууж байснаас өөр түүний биед гэмтэл шарх байгаагүй. Харин сүүлд нь орж ирэхдээ нүүр ам нь битүү цус болчихсон, хамрын нуруу хэсэг нь халцарчихсан, үүдэн хоёр шүдэнд хүрч үзэхэд эмзэглэл ихтэй байсан. Э үзүүлж сууж байхдаа “би одоо өмдөндөө шээчихсэн юм байхдаа” гэж хэлсэн. Тэгээд би харахад түүний өмдний зүүн гуя нь норчихсон байсан. Түүний өмд анх орж ирэхдээ норчихсон байсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Дээрх хүмүүс архи уучихсан шинжтэй үнэртэж байсан. Гэхдээ бүүр ухаангүй болтол тасарчихсан хүн байгаагүй. Э ирж уулздаг хоёр залууг бол би хараагүй, тэднийг хэн гэдгийг, уусан байсан эсэхийг нь би мэдэхгүй. Тэр хоёр эмнэлгээр ч орж ирээгүй. Гончигоо нь ’‘Э гэх хүн орж ирсэн үү” л гэж асуусан. Гадаа зодолдож байхдаа “алнаа пиздаа” гэх мэт хараал л хэлээд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51-р тал/

Сэлэнгэ аймаг сум Нэгдсэн эмнэлгийн дарга Е.Буяндэлгэрийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 69 тоот “...Д.Б******* нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр тус эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлээгүй, байгууллагын хэвийн үйл ажиллагаа болон эмч ажилчдын үйл ажиллагаанд чирэгдэл учруулаагүй болно” гэх албан бичиг болон бусад баримтуудаар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн үндсэн шинж байдал буюу нийтэд ноёрхлоо тогтоох шинжтэй гэнэт үүссэн санаа сэдэлт үгүйсгэгдсэн шүүгдэгч хохирогч нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн тэрээр үргэлжилсэн байдал тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон, Прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар тэдэнд оногдуулсан ял шийтгэл тохирсон эрх зүйн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Анхан шатны шүүх шүүгдэгч О.Г*******, Д.Б******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-д “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.   

7.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч О.Г*******, Д.Б******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2026/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолын

1 дэх заалтыг:

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт О******* Г*******, -****** овог Д******* Б******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* овогт О******* Г*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Монгол овог Д******* Б******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

2 дахь заалтыг:

“Шүүгдэгч О.Г******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Д.Б******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 750,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Г*******д оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээ хүрээг Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг зөрчвөл зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг өдрөөр тооцож солихыг анхааруулсугай” гэж,

4 дэх заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******т оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай” гэж өөрчлөлт оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч О.Г*******, Д.Б******* нарт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г*******гийн энэ гэмт хэргийн улмаас 2026 оны 02 дугаар сарын 02-ний өдрөөс 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 30 хоног, шүүгдэгч О.Г*******, Д.Б******* нарын 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 70 хоног, нийт шүүгдэгч О.Г*******гийн 100 хоногийг, шүүгдэгч Д.Б*******ын 70 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

4.Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                             

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ДАВААРЕНЧИН

 

                        ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ