Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/64

 

Д.Г******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж

Прокурор Б.Содномиший

Шүүгдэгч Д.Г*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Есүхэйбаярхүү нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Д.Г******* холбогдох эрүүгийн 2531002180345 дугаартай, 316/2026/0035/Э/208/2026/0041 индекстэй, 1 хавтас хэргийг 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С******* овогт Д******* Г*******, Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн З******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн З******* сумын **дүгээр баг, * дугаар хэсэг **** тоотод оршин суух хаягтай, урьд

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр Байгуулагдсаны 2030 жил, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 41 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас шүүгдэгч Д. Г өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2030 жил, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г******* оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар Сэлэнгэ аймгийн З******* сумаас гарах зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж байсан, хэрэг хариуцах чадвартай (РД: )

Шүүгдэгч Д.Г******* нь согтуурсан үедээ 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр З******* сумын хэсгийн төлөөлөгч ажилтай цагдаагийн ахмад П.Б******* ажил үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан эсэргүүцэл үзүүлж хүч хэрэглэн эрүүл мэндэд нь зүүн мөр зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалгад цус хуралт, зүүн гарын алганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Д.Г*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч С******* овогт Д******* Г******* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г******* т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэн,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Д.Г******* т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг хорих ялын нэг 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 7 сарын хугацаагаар тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г******* т оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г******* т энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 25 хоногийг эдлэх ялд оруулан тооцон,

Шүүгдэгч Д.Г******* т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шүүгдэгч Д.Г******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдан ... шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Э******* болон Б******* хоёр намайг хэлс хэрэгт гүтгэж байгааг дахин шалгуулах хүсэлтэй байна. Надад хууль сахиулах албан хаагчид хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүний биед гэмтэл учруулсан үйлдэл байхгүй тул уг хэргийг дахин шалгаж өгнө үү. Цагдаа Б******* т Э******* ын талаар 2024 онд гомдол гаргачихсан байсан. Гэтэл Б******* Э******* тай очиж уулзсан гэсэн. Яваад очтол Э******* нь байгаагүй. Гэтэл сейфээсээ буу болон гав гаргаж ирээд намайг гавлаж хажуу талынхаа өрөө рүү оруулан гэж дайрсан. Би эсэргүүцээд гавыг нь булааж аваад зугтаачихсан...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Есүхэйбаярхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Д.Г******* ийн хувьд гомдол болон байр суурьтаа бат зогссон учир түүний гомдлыг шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Нэгт хохирогч П.Б******* ийн зөвшөөрснөөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан. Газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийн зөвшөөрснөөр эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулна гэж хуульчилсан. Энэхүү зохицуулалтаас харахад хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийх талаар хуульчилж зохицуулаагүй. Зөвхөн яллагдагчийн газар дээр нь зохицуулах ажиллагаа хийх ёстой байсан. ...

Хавтаст хэргийн 23-24 дүгээр талд гэрч М мэдүүлэг байгаа. М гэрчийн мэдүүлгийн гарын үсгийг нягталж харж үзэхээр хэрэг тус бүр дээр зурсан гарын үсэг нь өөр өөр байсан. Гарын үсэг дээр ямар нэгэн байдлаар засвар орсон байх боломжтой гэж харж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт өмгөөлөгчийн санал, үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бичих үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Ү****** зүгээс шүүгдэгч бичиг үсэггүй учраас яллах дүгнэлт гардуулахдаа өмгөөлөгчийг байлцуулалгүйгээр гардуулсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна гэж мэтгэлцсээр байтал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн дээрх шаардлагыг хангалгүйгээр өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн тайлбар тавилгүйгээр шийтгэх тогтоол гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж харж байна.  

...шүүгдэгч цагдаагийн алба хаагчийн хууль бус шаардлагыг ухамсарлаж улмаар эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинж үүсгэгдэнэ. Хууль сахиулагчийн албан үүрэг нь хууль ёсны байх ёстой. Хууль бус шаардлага тавьж байгаа бол түүнд нь эсэргүүцэл үзүүлэх боломжтой. Мөрдөгчийн үйл ажиллагаа нь хууль бус тохиолдолд энэ гэмт хэргийн субьектив шинж үгүйсгэгдэж байгаа. ... Цагдаагийн байгууллага дээр очиход шууд гавлах үндэслэл байхгүй. Гэтэл энэ нөхцөл байдлыг анхаарч харалгүйгээр хууль ёсны албан шаардлага хэрэглэх үндэслэл үүсээгүй байхад хуулийг хэтрүүлэн хууль бус шаардлага тавьсан нь уг гэмт хэргийн субьектив тал үүсэх нөхцөл байдал гэж харж байна.

Энэ гэмт хэрэгт нотлох баримт хангалттай авагдаагүй гэж үзэж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх зааврыг Засгийн газрын гишүүн, Улсын Ерөнхий прокурор хамтран батална гэж заасан. Нэг бүрийн хэрэглэх заавар байгаа. Уг заавар, журам хэрэгт байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс уг зааврыг цахимаар хайхад гарч ирэхгүй байсан. Тийм учраас өмгөөлөгчийн зүгээс олж авах боломжгүй байх тул хэрэгт зайлшгүй байх ёстой байсан гэж харж байна. Мөн хэргийн үйл баримтаас харахад галт зэвсэг хэрэглэсэн болох нь тогтоогдож байна. Галт зэвсэг нь Цагдаагийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан байсан санагдаж байна. Нэг бүрийн тусгай хэрэгслийг цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр олгоно гэж байсан. Энэ шийдвэр хэрэгт зайлшгүй авагдсан байх шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Б.Содномиший шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...шүүгдэгч Д.Г******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э*******тай маргалдаж амгалан тайван байдлыг алдагдуулсан. Үүнийг гэрчилдэг. хэсгийн төлөөлөгч цагдаа П.Б******* т дуудлага мэдээлэл өгсөн нь гэрчийн мэдүүлэгт тодорхой байдаг. Шүүгдэгч Д.Г******* нь буцаж ирээд ална гэж заналхийлж явсан. Ингэх үедээ өөрөө алх бариад явж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Цаашид гарч болзошгүй үйл явдлыг таслан зогсоохын тулд цагдаагийн албан хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл бүхий гавыг ашигласан. Энэ үед шүүгдэгч Д.Г******* нь цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж гавтай гараараа цохисон. Энэ нь хохирогчийн гэм буруутай этгээдийг шууд нэрлэн заасан нотлох баримтуудаар тогтоогдож байна. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагчийн зөвшөөрснөөр эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгах эрхтэй байдаг. Мэдүүлэг өгсөн хүний мэдүүлгийг шалгана гэсэн болохоос зөвхөн яллагдагчийн мэдүүлгийг шалгана гэж тусгайлан заагаагүй. Мэдүүлэг өгч байгаа хүн чөлөөтэй ярьж үйлдлээр үзүүлсний дараа асуулт тавьж болно, энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааны үед мэдүүлгээ шалгуулж байгаа хүн хэрэгт ач холбогдол бүхий тухайлсан зүйлийг ярьж болно гэх байдлаар зөвхөн яллагдагчийн мэдүүлгийг шалгана хэмээн хуульчлаагүй.

Гэрч М нь сумын цагдаа болон Д.Г******* ийн талаар мэдүүлэг өсөн байдаг. Энэ хүний гарын үсгийг зөрүүтэй гэх байдлаар гомдол санал гаргасан зүйл байхгүй. Маргасан зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд  яллагдагчийн зүгээс маргасан гэх асуудал үүсээгүй. ... Д.Г******* нь бичиг үсэг мэдэхгүй гэсэн үндэслэлээр өмгөөлөгч бүх тохиолдолд оролцоод явж байсан. Өмгөөлөгчтэй байх эрхийг нь хангаад явж байсан. ... Хууль ёсны буюу зөрчил үйлдсэн этгээдийг таслан зогсоох шаардлагын дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа нэг бүрийн хэрэгсэл гавыг ашигласан. Гав ашиглах талаар хэлж хууль ёсны шаардлага тавихад Д.Г******* ийн зүгээс эсэргүүцсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Д.Г******* т холбогдох эрүүгийн 2531002180345 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгчийн зүгээс гаргасан “...Э******* болон Б******* хоёр намайг хилс хэрэгт гүтгэж байгааг дахин шалгуулах хүсэлтэй байна. Надад хууль сахиулах албан хаагчид хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүний биед гэмтэл учруулсан үйлдэл байхгүй тул уг хэргийг дахин шалгаж өгнө үү...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.Анхан шатны шүүх нь прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Г******* ийн гэм бурууг хэлэлцэж, түүнийг согтуурсан үедээ 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр З******* сумын хэсгийн төлөөлөгч ажилтай цагдаагийн ахмад П.Б******* ийг ажил үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан эсэргүүцэл үзүүлж хүч хэрэглэн эрүүл мэндэд нь зүүн мөр зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалгад цус хуралт, зүүн гарын алганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Үүнд:

-Хохирогч П.Б******* ийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би Сэлэнгэ аймгийн З******* суманд Хэсгийн төлөөлөгчийн үүрэгт ажлаа хийгээд байж байхад 22 цаг 27 минутад орчим Д. гэх иргэнээс ******* дугаарын утсаар “Манай дүү Г******* архины мөнгө нэхээд гэр бүлээр чинь алхаар цохиж ална гээд гэр лүгээ явсан, Настай ээждээ бид нарыг алхаар цохиж ална гэж айлгасан байна. Бид нар гэрээсээ гараад явчихсан байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн. Дуудлагын дагуу Э******* ын гэрт очиход Э******* гэртээ байсан. Г******* намайг алхаар цохиж ална гээд гэр рүүгээ явсан гэж байсан. Тэгэхээр нь би Г*******ийн гэр лүү явж байтал Г******* гартаа алх барьчихсан өөдөөс алхаад ирж байсан. Г******* той уулзаад “Алхаа надад өг” гэж хэлэхэд Г******* надад “Манай хүргэн Хэнтий Жагаа хүүхэдтэйгээ нийлээд намайг зодсон Би Жагааг очиж ална” гэж хэлсэн. Би алхыг нь аваад Г*******ийг Сэлэнгэ аймгийн З******* сумын цагдаагийн хэсгийн кабинд авч очиход нүүр нь цус болсон байдалтай байсан. Г******* согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн мөн бусдын амгалан тайван байдал алдагдуулаад улмаар гартаа алх бариад явж байсан учраас дахин зөрчил гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын саатуулах байранд хүргэж өгөхөөр болж цагдаагийн хэсгийн кабинаас гарч цагдаагийн үүдэнд Г******* т хандан “танд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэнэ гэж хэлээд гав гаргаж ирээд гараа нааш нь болго ингэх ёстой байдаг юм” гэхэд гараа өгөхгүй байхаар нь би зүүн гараараа баруун гарыг нь татаад гавлах гэхэд баруун гараараа миний гавнаас бариуд улмаар 2 гараараа гавнаас татаж бид 2 гавны наана цаанаас татаж байгаад Г******* миний гавыг булааж авсан. Би гаваа авахаар Г******* ийн энгэрийн барьцнаас барихад Г******* зүүн гартаа гав бариад баруун гараараа намайг түлхэж баруун гараараа миний гарыг дээрээс доош нь цохиж тавиулсан. Би дахиж барих гэхэд Г******* хойшлоод зүүн гартаа байсан гавтай гараараа намайг цохихоор далайж 2-3 удаа савсан тэгэхэд нь би хойшлоод 2-3 удаа бултсан. Тэгсэн гараараа савчуулж надаас зай бариад байхаар нь би “Г*******оо гавыг өг. Гав өгөхгүй шаардлага биелүүлэхгүй бол би дараагийн шатны арга хэмжээ авна” гэж сануулсан. Тэр үед Г******* цаашаагаа хашаанаас гараад ертөнцийн зүгээр зүүн зүг рүү гүйсэн би араас нь гүйхэд Наран маркет дэлгүүрийн наагуур хойшоо гүйхээр нь би андаад мал эмнэлгийн байрны ар руу машинтайгаа явсан. Тэгсэн Г******* газраас юм авч байгаа бололтой харагдсан ойртоод очиход чулуу шидэх гээд гараа далайхаар нь би машинаасаа буугаад “Чи яагаад шаардлага биелүүлэхгүй гав булааж авч зугтаад байгаа юм чиний зөв юм уу” гэхэд над руу миний гавыг шидсэн Би гаваа аваад “Чи өөрөө нааш ир” гэж хэлэхэд энгэртээ 2-3 чулуу тэвэрсэн байснаасаа нэг томыг бариад далайсан. Би “за цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлэхгүй биед нь халдвал хуультай байдаг шүү наад чулуугаа хая гэж хэлээд удаанаар ойртож байхад гэнэт чулуугаа над руу шидсэн. Миний толгойг онох гэж байсан учраас би зүүн гараар хаахад миний гарын алгыг оноод ойсон чулуу миний мөрийг цохиод газар унасан. Г******* дахиад гараа далайхаар нь би албанаас тавьж олгосон тусгай хэрэгслийн төрөлд багтдаг “Retay Xtreme” маркийн хийн буугаар 2 удаа Г******* руу 4-5 метрийн зайнаас хий буудсан. Тэгсэн Г******* цаашаа Наран маркет дэлгүүрийн баруун талын хашааг дагаад хойшоо гүйхээр нь би араас нь гүйгээд Наран маркет дэлгүүрийн баруун урд булан эргэхэд Г******* буланд зогсож байсан. Тэгэхээр нь Г*******ийг аваад сумын эмнэлэг ороод Г*******ийн нүүр, өөрийнхөө гартай хамт цэвэрлүүлсэн. ...Сэлэнгэ аймгийн төв рүү явсан. Явах замдаа Г******* байнга хэл амаар доромжилж явсан. ...Ц.Э******* тай муудалцсан гэсэн хамраас нь цус гарсан байсан. Миний биед учирсан гэмтлийг Г******* том чулуу шидэж учруулсан. ... Би тухайн үед энгэрийн камераа машиндаа үлдээсэн байсан. Тийм учраас энгэрийн камераа ашиглаж чадаагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй…” гэх /хх-ийн 24-25-р тал/,

-Гэрч Ц.Э******* ын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймаг З******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед гэрийнхээ хашаанд үхэр малаа хашчихаад байж байхад миний эхнэр Д. гийн төрсөн дүү Г******* согтуу орж ирсэн. Тэгээд надаас нэг шил архи аваад өгчих гэж асуухаар нь тухайн үед би архи авч чадахгүй гэж хэлэхэд үгийн зөрөө байхгүй миний баруун шанаа руу Г******* баруун гараараа 2 удаа цохисон тэгээд бид 2 барилцаад хэсэг ноцолдсон тэр хугацаанд биеэ хамгаалах зорилгоор ганц нэг удаа цохисон. Тэгээд зууралдаад байж байхад манай дүү Амгаланбаатар гэрээсээ гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд салчхаад байж байхад намайг цохих юм хайгаад мод, чулуу бариад дайрах гээд байсан. Удалгүй би та нарыг эргэж ирж байгаад бүгдийг чинь ална гээд явсан. Тэгээд Г*******ийг явсан байхад шөнө эхнэр ирээд цагдаа дуудчихсан байсан. Тэгээд манай сумын цагдаа Буянаа ирээд болсон явдлын талаар асууж тодруулж байгаад арга хэмжээ авна гээд Г*******ийг хайхаар явсан...” гэх /хх-ийн 27-28-р тал/,

-Гэрч Д. гийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Манай дүү Д.Г******* ... архи уучихаараа тавитваргүй архи уугаагүй үедээ гэрийнхээ ажлыг хийгээд байж байдаг. Архи уучихаараа хүн биш болчихдог. Ер нь их дуу муутай. Хэр баргийн хүмүүстэй яриад байдаггүй. Сүүлийн үед их ууртай, ааштай болоод байгаа. Архи олдвол шууд ууна. Архи уухаараа хэдэн өдөр дамнаж уудаг. Тэгээд хэсэг архи уухгүй байж байгаад дахиад архи хэдэн өдөр уугаад хэсэг архи уухгүй байдаг. Би 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчим ажил дээрээ байж байхад манай нөхөр Ц.Э******* залгаад “танай дүү Г******* агсан тавиад байна” гэж хэлсэн. Би ажлаасаа гараад гэртээ ирэхэд манай дүү Г******* манайд байхгүй манай нөхөртэй муудалцаад зодолдсон гэх байдалтай байсан. Г******* гарахдаа “алхаар та нарыг цохиж ална” гээд гэрээс гарсан байсан. Би сумын цагдаа Б******* рүү залгаад “манай дүү Г******* ирээд бид нарт агсан тавиад алхаар цохиж ална” гэж хэлээд гарсан байна” гэж хэлсэн. Манайд цагдаа Б******* ирээд юу болсон талаар сонсоод манай гэрээс гарсан. Манайд дахиж ирээгүй. Б******* орой залгаад Г******* над руу дайраад намайг гэмтээчихлээ гэж хэлсэн. Манай нөхрийн өмсөж байсан фудволкыг зууралдаж байгаад урсан, нүүр нь жаахан улайсан байсан. Манай нөхөрт ямар нэгэн гэмтэл байхгүй. ...Урд өмнө бас цагдааг цохиж байсан. Манайд ирээд агсан тавиад байхаар нь дуудлага өгөхөд дуудлагаар ирсэн цагдааг мөргөсөн билүү нэг юм болсон…” гэх /хх-ийн 30-31-р тал/

-Гэрч Д.М ийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ажилтай ажил дээрээ байхад 23:00 өнгөрсөн байхад байна уу гаднаас манай сумын Г******* гэх залуу сумын цагдаа Б******* нар цус болсон байдалтай гаднаас орж ирсэн. Би тэр хоёрын цусыг нь цэвэрлээд боолт хийж өгсөн. Намайг боолт хийж байхад Г*******оос согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба хадам ах Э******* намайг зодсон болохоос би тэд нарыг зодоогүй, тэд нар дандаа намайг зодож дээрэлхэж байдаг, би агсам согтуу тавих гэж очоогүй, хоол идэх санаатай очсон гэх зэргээр энэ хэдэн үгийг давтах маягтай ярьж байсан. Сумын цагдаагийн боолтыг цэвэрлэж, боолт хийж байхад Г******* чулуу шидсэн юм шиг хоорондоо ярьж байсан. Сумын цагдаа Б*******, Г******* нар хоорондоо ярихдаа гараараа чулууг чинь хаагаагүй толгойдоо цохиулсан бол илүү гэмтээд үхчих байлаа гэх зэргээр яриад гараад явсан. Тэр 2 удаагүй шархаа цэвэрлүүлж боолгоод гарсан. Г******* толгойны шарх цэвэрлүүлсэн. Цагдаа Б******* гараа цэвэрлүүлсэн яг аль гар гэдгийг санахгүй гарын сарвууг цэвэрлүүлж боолгосон...” гэх /хх-ийн 33-34-р тал/ мэдүүлгүүд

-Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №СЭЛ0725/271 дугаартай: “…П.Б******* ийн биед зүүн мөр зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт, зүүн гарын алганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1.-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй…” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39-р тал/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн тухай шийтгэл тогтоолын хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн чанартай нотлох баримтууд зэрэг болно.

3.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Шүүх шүүгдэгч Д.Г******* ийн үйлдлийг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргүүдийн шинжийг хангасан гэж дүгнэж, тухайн зүйл хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх болох хорих ялуудыг сонгон оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасны дагуу ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 7 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4.Шүүгдэгч Д.Г******* нь өөрт нь холбогдуулан гаргасан дуудлага мэдээллийн дагуу очсон цагдаагийн алба хаагч буюу Сэлэнгэ аймгийн З******* сумын хэсгийн төлөөлөгчийн хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэж гавыг нь булаан авч зугтсан, чулуу авч шидэн хэсгийн төлөөлөгчийн биед халдаж улмаар биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн гэж үзнэ.

5.Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд шүүгдэгч Д.Г******* ийн зүгээс “....Би ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй, намайг гүтгэж байна” гэсэн гомдол, тайлбар гаргаж байгаа боловч анхан шатны шүүх түүнд нийтэд тустай ажил хийлгэх болон хорих ял сонгож оногдуулан улмаар ялуудыг нэмж 07 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон байх ба түүнийг хилс хэрэгт гүтгэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй, харин түүний гэм буруу бүрэн нотлогдсон байна.

6.Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.  

2.Шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ДАВААРЕНЧИН                         

       

                         ШҮҮГЧ                               З.ТӨМӨРХҮҮ                                                                                                                                                                                                                               

                        ШҮҮГЧ                                Б.ЭРДЭНЭХИШИГ