Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 00287

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Э.Эт холбогдох эрүүгийн 1838004390221 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-20-12 тоот хашаанаас бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан бусдад  3.860.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-20-12 тоот хашаанаас иргэн Ж.П эд хөрөнгийг хулгайлж 3.860.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 06 дугаар сарын 09-ний өглөө Мөрөн сумын 11-р хорооны 20-р гудамжинд явж байгаад нэг айлын хашааны үзүүрээр харсан чинь шар өнгийн мотоцикль байхаар нь хашаан дотор нь орж харсан чинь мотоциклийн түлхүүр зоолттой байхаар нь хашаанаас сэмээрхэн түрж гаргаад гудамны үзүүрт очоод асаагаад унаад явсан... Мотоциклийн ачаан дээр хар хөх өнгийн дээлэнд боосон том жийп машины бололтой 2 ширхэг апаратур, 1 ширхэг жанам, 2 ширхэг сэнсний ремэн, 1 ширхэг паарфүлүүжир байсныг зах дээр аваачаад танихгүй хөдөөний хүнд 10.000 төгрөгөөр өгчихсөн. Тэгээд дэлгүүр орж нэг шил архи авч уугаад Арбулаг сум руу гарч явсан. Замдаа мотоцикль зогсоод асахгүй болохоор нь замын нэг танихгүй хүнд үзүүлсэн чинь катушиг нь эвдэрсэн байхаар нь тэр чигт нь хаячаад ирсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-6 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/,

Мотоцикль хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 9 дүгээр хуудас/,

Хохирогч Ж.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Мөрөн сумын 11-20-12 тоотод оршин суух Шарков гэх найзындаа хөдөөнөөс ирж хоносон. Би унаж ирсэн мотоциклио тэдний хашаанд оруулж гэрийнх нь гадаа тавиад хоносон. Өглөө 06 цаг 10 минутын хооронд алга болсон байна. Мөрийг нь харахад хашаанаас түрж гаргаад гудамжнаас баруун чиглэлд асааж унаад явсан байсан. Мотоциклийн түлхүүр нь өөр дээрээ зоолттой байсан юм. Ачаан дээр нь хар хөх өнгийн дээлэнд боосон байсан. Ланд-80 маркын машины шинэ жанам 1 ширхэг, сэнсний ирмэне 2 ширхэг, паарфүлүүжир 1 ширхэг, апоратур 2 ширхэг байсан алга болсон байсан...Мотоциклио бол хүлээж авсан. Машины эд ангиудаа төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-15 дугаар хуудас/,

       Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 08-ны орой Пүрэвжий найз маань шар мотоцикль унасаар манайд ирсэн. Мотоциклио манай гэрийн хажууд тавиад манайд хоносон чинь өглөө нь мотоцикль алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23дугаар хуудас/,

       Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 08-ны орой Пүрэвжий ах шар мотоцикль унасаар манайд ирсэн. Тэгээд манай гэрийн хажуу талд мотоциклио тавиад хоносон чинь өглөө нь мотоцикль алга болчихсон байсан. Тэр мотоциклийн ачаан дээр байсан машины сэлбэг бас алга болчихсон байсан. Тэгээд Пүрэвжий ах мотоциклио хайгаад цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,

      Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 28 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838004390221 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Э.Э нь урьд 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 247 дугаар зүйлийн 247.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нийт 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 43, 45-56 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Эаас хохирол 2.860.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Пүрэвжийд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838004390221 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 22 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Э хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ын цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

     5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Э.Э-аас 2.860.000 /хоёр сая найман зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багт оршин суух Жадамбын Пүрэвжийд олгосугай.

     6. Эрүүгийн 1838004390221 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

     7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.ХҮРЭЛБААТАР