| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0265/Э |
| Дугаар | 253 |
| Огноо | 2018-09-24 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Ц.Батбямба,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бадамчимэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох 1834004880242 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэв баригч мэргэжилтэй, Алтан ширэм ХХК-д хэв баригч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Жанжаны 1-2 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б. овогт Г.Г гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутаг Улаан цав гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 10.00-11.00 цагийн орчимд 30-42УНЯ улсын дугаартай Тоёото Истима маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг 9.1-т “жолооч нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж 30-42 УНЯ улсын дугаартай Тоёото Истима маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Ариунболорын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Г “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их харамсаж байна.” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бадамчимэг: “Би нөхөр 3 хүүхдийн хамтаар гэр бүлээрээ Хөвсгөл рүү амрах гээд явж байсан. Төв аймгийн Баянчандмань сум өнгөрөөд нэг мэдсэн машин замаас гараад унасан Ослын улмаас миний охин нас барсан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөрт минь хөнгөн ял оногдуулж өгнө үү?” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд
Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Бадамчимэгийн: “Би нөхөр Г болон 4 хүүхдийн хамт 2018 оны 07 дугаар сарын 15-ны өглөө Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу саарал өнгийн 30-42 УНЯ улсын дугаартай “Тоёото Эстима”маркийн тээврийн хэрэгсэлтэй зугаалахаар явсан. Тэгээд нөхөр маань машинаа бариад Улаанбаатараас өглөөний 07 цагийн үед гараад 08 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сум өнгөрөөд явж байсан чинь гэнэт машин дайвалзаад замын хажуу руу онхолдсон. Тэгэхэд би урд суудалд охин Ариунболорыгоо тэвэрчихсэн арын суудалд 11 настай Өсөхжаргал, 7 настай Ганжаргал, 5 настай Номинболор нар маань суучихсан явж байсан чинь миний өвөр дээр явсан охин Ариунболор маань нас барсан байгаа. Би хүүхдээ тэврээд явж байсан болохоор хэдэн км цагийн хурдтай явсныг нь сайн хараагүй. Осол гарах үед үзэгдэх орчин чөлөөтэй, замын нөхцөл байдал жаахан чийгтэй, халтиргаатай байсан. Г, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний биед толгой хагарсан, баруун бугалга нидрэгдсэн өөр гэмтэл байхгүй юм. Манай хүү Ганжаргал, охин Номинболор нар биедээ гэмтэл бараг аваагүй. Би 2010 онд нөхөртэйгээ танилцаж байсан, нөхөр маань надтай танилцахдаа одоо ажиллаж байгаа “Алтан ширэм” ХХК-даа ажилладаг байсан ба зан төлөвийн хувьд төлөв даруу архи, тамхи хэрэглэдэггүй, гэр бүлдээ халамжтай сайн хүн байгаа юм. Ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.Өсөхжаргалын: “Манай гэр бүл 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотос Хөвсгөл аймаг руу зугаалгаар явсан. Тухайн үед аав маань Эстима маркийн машинаа бариад ээж маань урд суудалд бага дүүг тэвэрч суугаад би жолоочийн эсрэг талын арын суудалд хажууд маань 5 настай Номинболор, түүний цаана 7 настай Ганжаргал нар сууцгаагаад явж байсан ба би унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь машин унаад осол болсон юм. Миний сууж явсан машин хэдэн км цагийн хурдтай явсныг би мэдэхгүй байна. Унтаж байхад нэг мэдэхэд л осол болсон байсан. Манай аав архи болон бусад зүйл ууж хэрэглээгүй байсан. Миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл үгүй байна” гэх мэдүүлэг / хх-33 тал/,
-гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-04-06 тал/,
-осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-07 тал/,
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-08-10 тал/,
-Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг Улаан цав гэх газар УБ-Дархан чиглэлийн 83 дахь км заасан шонгийн ойролцоо Тоёото Эстима маркийн 30-42 УБЯ дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож 2нас/эм Г.Ариунболор нас барсан гэх хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-19 тал/,
-Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11, 13 тал/,
-Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг Улаан цав гэх газар УБ-Дархан чиглэлийн 83 дахь км заасан шонгийн ойролцоо Тоёото Эстима маркийн 30-42 УБЯ дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож 2нас/эм Г.Ариунболор нас барсан гэх хэргийн цогцост хийгдсэн ШЭЗШ-ний гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-22 тал/,
-хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-23 тал/,
-эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /хх-24 тал/,
-Г.Ариунболорын төрсөний болон нас барсны гэрчилгээний хуулбар /хх-26 тал/,
-эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай” мөрдөгчийн тогтоол /хх-27 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №8827 дугаартай шинжээчийн
1. Номинболорын биед баруун хацар, эрүү, баруун шуу, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-36 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №8829 дугаартай шинжээчийн
1. Ганжаргалын биед нурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-38 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №8831 дугаартай шинжээчийн
1.Бадамчимэгийн биед зулайн хуйхны язарсан шарх, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-40 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №8828 дугаартай шинжээчийн
1. Өсөхжаргалын биед баруун тохой, нурууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-42 тал/,
-Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №466 дугаартай шинжээчийн
1.Г.Г биед цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.4.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-44-45 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №7757 дугаартай шинжээчийн
1.Ганхуягын Г гэж хаягласан цус нь O/I/ бүлгийн харъяалалтай байна” гэх дүгнэлт /хх-47 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №7756 дугаартай шинжээчийн
1.2.Шинжилгээнд ирүүлсэн “Г.Г 30/эр” гэж хаягласан цусанд спиртын агууламж илрээгүй” гэх дүгнэлт /хх-48 тал/,
-Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №105 дугаартай шинжээчийн
1.Талийгаач Г.Ариунболорын биед гавал тархины битүү гэмтэл: дух яс, орой ясанд хугарал, хатуу хальсанд урагдал, их тархины суурь болон орой хэсгээр зөөлөн бүрхүүл доор цус харвалт, баруун тал бөмбөлөг орой хэсэг, духны дэлбэн, чамархайн дэлбэн суурь хэсгээр эдийн няцрал, суурь яс зүүн бага далавч, ховил дагасан хэсгээр шугаман хугарал баруун урд бага далавч зүүн баруун тийш хөндлөн хугаралтай, духанд шарх, баруун дал, нуруу, баруун шанаанд зулгаралт, нүүр, чамархай, баруун, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбээ, баруун, зүүн зовхи, нүүр, баруун тохойн хонхор суга, баруун бугалга, хуйх, баруун чамархайн булчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Талийгаачийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна.
5.Талийгаач нь В/III/ бүлгийн харъяалалтай байна” гэх дүгнэлт /хх-50- 52 тал/,
-“Арвижих-Эстимейт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-55 тал/,
-Төв аймаг дахь цагдаагийн газар замын цагдаагийн тасаг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №00000079 дугаартай шинжээчийн
1. Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад Тоёото истима маркийн 30-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г овогтой Г нь Монгол Улсынз замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэв. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.
2.Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад Тоёото Истима маркийн 30-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г овогтой Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болоход нөлөөлсөн байна гэж үзэв.
3.Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад зам тээврийн ослын зам орчны байдал нь асфальт, бага зэрэг уруу, хуурай, суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ, явган хүний замгүй, хашлага, хайсгүй гэжээ. Иймд ЗТО болоход замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв.
4.Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад Тоёото Истима маркийн 30-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ганхуяг овогтой Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болсон гэж үзэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй байна гэж үзэв” гэх дүгнэлт /хх-57 тал/,
-Шүүгдэгч Г.Г ял шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-76 тал/,
Шүүгдэгч Г.Г иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутаг Улаан цав гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 10.00-11.00 цагийн орчимд зам тээврийн осол гарч ослын улмаас 1 хүний амь нас хохирсон үйл явдал болсон байна.
шүүгдэгч Г.Г нь Тоёото Истима маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг 9.1-т “жолооч нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсний улмаас осол гарч тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Ариунболорын амь насыг хохироосон гэм буруутай болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бадамчимэгийн: “Нөхөр маань машинаа бариад Улаанбаатараас өглөөний 07 цагийн үед гараад 08 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сум өнгөрөөд явж байсан чинь гэнэт машин дайвалзаад замын хажуу руу онхолдсон. Тэгэхэд би урд суудалд охин Ариунболорыгоо тэвэрчихсэн арын суудалд 11 настай Өсөхжаргал, 7 настай Ганжаргал, 5 настай Номинболор нар маань суучихсан явж байсан чинь миний өвөр дээр явсан охин Ариунболор маань нас барсан байгаа” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,
насанд хүрээгүй гэрч Б.Өсөхжаргалын “ Тухайн үед аав маань Эстима маркийн машинаа бариад ээж маань урд суудалд бага дүүг тэвэрч суугаад би жолоочийн эсрэг талын арын суудалд хажууд маань 5 настай Номинболор, түүний цаана 7 настай Ганжаргал нар сууцгаагаад явж байсан ба би унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь машин унаад осол болсон юм” гэх мэдүүлэг / хх-33 тал/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-04-06 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-07 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-08-10 тал/,Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг Улаан цав гэх газар УБ-Дархан чиглэлийн 83 дахь км заасан шонгийн ойролцоо Тоёото Эстима маркийн 30-42 УБЯ дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож 2нас/эм Г.Ариунболор нас барсан гэх хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-19 тал/,
Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11, 13 тал/, Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг Улаан цав гэх газар УБ-Дархан чиглэлийн 83 дахь км заасан шонгийн ойролцоо Тоёото Эстима маркийн 30-42 УБЯ дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож 2нас/эм Г.Ариунболор нас барсан гэх хэргийн цогцост хийгдсэн ШЭЗШ-ний гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-22 тал/,
Г.Ариунболорын төрсөний болон нас барсны гэрчилгээний хуулбар /хх-26 тал/,
Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №105 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-50- 52 тал/,
“Арвижих-Эстимейт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-55 тал/,
Зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон Төв аймаг дахь цагдаагийн газар замын цагдаагийн тасаг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №00000079 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-57 тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг, заалт тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Г.Г-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж 1 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Г.Г-г “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж 1 хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.
Түүнчлэн Г.Г нь анх удаа тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал /гэмт хэргийн улмаас өөрийнх нь төрсөн охин нас барсан/, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзлаа.
Харин шүүх эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2-т “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэсний дагуу тухайн зүйл, хэсэг заалтад “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилаас таван жил хүртэл хугацаагаар хасаж” гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Г.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд нэмж оногдуулсан эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолохыг дурдах нь зүйтэй болно.
Тав: Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Г бичгийн баримтаар хураагдан ирсэн №1898715 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгаж,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөглөгч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б. овогт Г.Г-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Г. Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Г.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шйитгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Г №1898715 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ