Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01618

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01618

 

А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02125 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Эд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 2,365,857.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ш.Э нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2107026 тоот зээлийн гэрээгээр 1,849,900 төгрөгийг, сарын 3.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр С ХХК-иас UE50TU7002UXCE загварын зурагт худалдан авсан. Зээлийг С ХХК-ийн Хаан банкин дахь ********** тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, эргэн төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,849,900 төгрөг, төлөх ёстой хүү 498,104.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,852.47 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг нийт 2,365,857.35 төгрөгийг гаргуулна. Зээлдэгч нь зээлээ төлөхгүй байсан тул түүнтэй холбогдоход зурагт эвдрэлтэй байсныг буцааж өгсөн гэж хэлсэн. Ингээд манай компани зурагтыг С ХХК-иас аваад 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Техникийн тодорхойлолт гаргуулахад дэлгэц хагархай гэж бичсэн байсан гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч Ш.Э шүүхэд болон төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сайн электроникс гэх газраас 50 инчийн зурагт хүлээн авч 2021 оны 07 дугаар сарын 09-ний орой гэртээ асааж үзсэн. Гэтэл асаах үед дэлгэцийн нүүрний зүүн буланд ягаан хоёр тод зураас гарсан байхыг хараад Сайн электроникс руу 21 цагийн үед холбогдсон. Гэтэл бид маргааш хүн явуулж шалгана гэж хэлсэн. Ингээд маргааш буюу 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ирэхгүй болохоор нь дахин Сайн электроникс руу холбогдож зурагтаа ав эсвэл янзлаад өг, өөрөө очих боломжгүй, өвчтэй хүн сахиж байгаа тухай хэлэхэд наадмын амралт таараад амарчихсан байна, та 07 дугаар сарын 16-ны өдөр холбогдоорой гэж хэлсэн. Тэгээд 07 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн үед уг газарт зурагтыг буцаан өгсөн. Гэтэл 2021 оны 12 дугаар сард А ББСБ ХХК-ийн захирал Сайн электроникс дэлгүүрээс зохион байгуулагчийг дуудаж уулзаад болсон явдлыг ойлголоо, явж болно гэсэн. Түүнээс хойш А ББСБ ХХК нь бид нартай холбогдохоо больсон. Би дахин Сайн электроникс дэлгүүр дээр очиж уулзахад өмнө нь хэлсэн шиг хариу өгч, уулзахаас татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ш.Эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,365,857.35 төгрөг гаргуулах нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2107026 тоот Зээлийн гэрээ байгуулагдсан ба тус гэрээгээр 1,849,900 төгрөгийг 1 сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Тухайн зээлээр хариуцагч нь Сайн Интернэйшнл ХХК-аас телевизор худалдан авахаар болж 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр телевизороо хүлээн авсан ба зээлийн мөнгийг худалдагч компанийн дансанд шилжүүлсэн талаар хариуцагч маргаагүй. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. А ББСБ ХХК болон Сайн Интернэйшнл ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу хамтран ажилладаг хэдий ч хариуцагчтай тусдаа гэрээний харилцаанд орсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал оролцоогүй, давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.а. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Ш.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,849,900 төгрөг, зээлийн хүү 498,104.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,852.47 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 2,365,857.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

2.б. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж 1,849,900 төгрөгийг хэрэглээний зориулалтаар зээлдүүлсэн, зээлдэгч зээлийн эргэн төлөлт хийх үүргээ биелүүлээгүй... гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...зээлийн мөнгөн хөрөнгөөр С ХХК-аас зурагт худалдан авсан боловч биет байдлын доголдолтой байсан, доголдлын талаар мэдэгдсэн боловч арга хэмжээ аваагүй... гэж тайлбарласан.

3.а. Хэрэгт А ББСБ ХХК, Ш.Э нарын хооронд байгуулагдсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ авагдсан. Уг гэрээгээр зээлдүүлэгч нь 1,849,900 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 36 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна.

3.б. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж буруу дүгнэж, улмаар хариуцагч Ш.Эгийн С ХХК-аас худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбоотой дүгнэлт хийхдээ талуудын хоорондын гэрээний агуулгыг буруу тодорхойлж, хуулийг зөв хэрэглээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А ББСБ ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх худалдагч С ХХК, худалдан авагч Ш.Э нарын хооронд үүссэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн хүрээнд дүгнэж, маргааныг хянан шийдвэрлэсэн нь буруу.

4.а. Талууд Зээлийн гэрээ-ний 3.1.2-д худалдан авч буй барааны үнийг худалдагч руу бэлэн бусаар шилжүүлэх, 3.1.7-д хэрэглээний зориулалтаар бараа бүтээгдэхүүн худалдан авах гэж зээлийн зориулалтыг тусгасны дагуу нэхэмжлэгч А ББСБ ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө 1,849,900 төгрөгийг С ХХК-д шилжүүлж, гэрээний дагуу зээл олгох үүргээ биелүүлсэн. Дээрх байдлаар худалдан авсан зүйлийн үнэ төлөгдсөнөөр хариуцагч Ш.Э нь 1,849,900 төгрөгийн үнэ бүхий телевизорыг өмчлөлдөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон.

5.а. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

5.б. Хэрэгт авагдсан зээл төлөлтийн дансны хуулга, С ХХК-ийн нэхэмжлэх, зээл олголтын мэдээ зэрэг баримтаас үзэхэд зээлдэгч Ш.Э нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хойш биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 5.1.12, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй. Энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй.

5.в. Талууд гэрээг цуцалсантай холбоотой нэхэмжлэгчээс нэмэлт зардал гарсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нотариатын хураамжид төлсөн гэх 6,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

5.г. Иймд гэрээний үүргийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндсэн зээл 1,849,900 төгрөг, зээлийн хүү 498,104 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,852 төгрөг, хохирол 6,000 төгрөг нийт 2,365,857 төгрөгийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулав.

6.а. Хариуцагч Ш.Эгийн татгалзалдаа дурдаж буй худалдан авсан телевизорын биет байдлын доголдол нь худалдагчид холбогдуулан гаргах гомдлын шаардлагатай холбоотой асуудал бөгөөд зээлдүүлэгчийн хүлээх үүрэгт хамаарахгүй тул авсан зээлийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

6.б. Хариуцагч Ш.Э нь зохих этгээдэд холбогдуулан эд хөрөнгийн доголдолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэ магадлал саад болохгүй болно.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02125 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ш.Эгээс 2,365,857 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтад үлдээсүгэй гэснийг үлдээж гэж, хариуцагч Ш.Эгээс улсын тэмдэгтийн хураамжид 52,804 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д буцаан олгосугай гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 52,804 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоноги_йн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР