| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0284/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/282 |
| Огноо | 2018-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндсэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эт холбогдох эрүүгийн 1838007310362 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2018 оны 08 дугаар сарын 24-ний орой Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвд Баянхошуу багийн нутагт байх өөрийн гэртээ иргэн Б.Л-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2018 оны 08 дугаар сарын 24-ний орой Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвд Баянхошуу багийн нутагт байх өөрийн гэртээ иргэн Б.Л-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 08 дугаар сарын 24-ний орой захиргааны манаач Баярмагнай гэдэг хүнтэй архи уугаад сууж байхад манай дэлгүүрт зүс таних Л орж ирсэн. Хэд хоногийн өмнө намайг Мөрөн рүү явах гэж байхад Б.Л бичиг баримт өгч явуулсныг мартаж явсандаа уучлалт гуйх гээд гэртээ оруулсан. Баярмагнай бид хоёрийн ууж байсан архийг Б.Лхувааж уугаад дуустал Баярмагнай нэлээд согтсон. Тэгэхээр нь Лхагва-Эрдэний хамт гэрт нь хүргэж өгсөн. Эргэж ирээд Б.Л манай дэлгүүрээс авсан архиа задлаад бид хоёр уусан. Би нэг шил архи гаргах гэж байгаад зодоон болсон юм шиг байсан ...би амь тэмцэхдээ Лхагва-Эрдэнийг нэг удаа нүүр лүү нь цохисноо бүдэг бадаг санаж байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Лмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хувийн ажлаар сумын төв рүү орж ирсэн. Орой 21 цагийн үед Д.Эын дэлгүүрээр ороод нэг шил архи аваад гарах гэхэд Д.Э нь манай эхнэр Мөрөн рүү семинарт явсан. Манайд ороод гараач гэсэн. Ороход захиргааны манаач Баярмагнай гэдэг хүнтэй Д.Э нь архи уугаад сууж байсан. Тэр архийг нь бид гурав хувааж уугаад Баярмагнай ах согтчихоор нь бид хоёр хүргэж өгсөн. Эргэж ирээд би дэлгүүрээс нь авсан байсан архиа гаргаж ирээд хувааж уусан ...Д.Э нь би төрд 20 гаран жил ажилласан хүн гээд байхаар нь чи битгий архин дээр дэмий юм ярь гэж хэлээд хоёулаа маргалдаж эхэлсэн. Тэгтэл Д.Э миний хамар луу гараа атгаад цохисон. Би цусаа гоожуулаад тонгойгоод суутал Д.Э шилтэй архиа бариад авахаар нь булааж авах гэж ноцолдож байгаад шалан дээр нь унагааж хагалсан ...ноцолдож байхад миний нэг шүд булгарсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-11 дүгээр хуудас/,
Гэрч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Л гэдэг хүн мотоцикльтойгоо ирээд тооромзны пидал гагнуулъя гэсэн. Нүүрлүү нь харахад уруул нь хавдсан, хамар нь овоож хавдсан байсан. Тэгэхээр би гэрт байсан нойтон салфетек авчирч өгөөд юу болсонг нь асуухад Баяраатай муудалцаад гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Ч.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед манай нөхөр болон Б.Л нар архи уусан байсан. Маргалдах болсон шалтгааныг нь дараа нь нөхрөөсөө сонсоход Б.Л манай нөхөрт Мөрөнгийн төв рүү бичиг баримт өгсөн байсныг нь мартаж явснаас болсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 453 дугаартай дүгнэлтэд:
1.2. Б.Лбиед 1 ширхэг шүдний булгаралт, хамар ясанд хугарал, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
З. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.
4. Б.Б.Лний биед учирсан гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, 2.4.2-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг бага хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт 5% тогтомол байдлааг алдагдана гэх дүгнэлт /ХХ-ийн 33 дугаар хуудас/,
Хохирогч Б.Лнь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 51 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838007310362 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.Э нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 47 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Б.Лнь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838007310362 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838007310362 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР