2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2026/03632

 

                                         2026           04           02

                 192/ШШ2026/03632

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 1***************** хаягт байрлах “*****” ХХК /регистрийн дугаар: 515****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *********************хаягт байрлах “****” ХХК /регистрийн дугаар: 26**** /-д холбогдох,

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 14,004,825 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “*****” ХХК нь хариуцагч “****” ХХК-д холбогдуулан 14,004,825 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “2024 оны 05 дугаар сарын 24-ны өдөр “*****" ХХК нь “****” ХХК-тай 1 жилийн хугацаатай авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр манай эхнэр нь даатгал хийлгэсэн машиныг барьж ажилдаа явсан бөгөөд бусдын машиныг хааж зогсоолд тавьсан тул өөрийн ажлын газрын охиноор зогсоолоо солиулахаар түлхүүрээ өгсөн ба ийнхүү зогсоолыг өөрчлөх явцад нь Гэрэлт хотхоны 17/4-р байрны хашааг мөргөсөн осол гарсан. Тухайн өдөр “Гранд Ассэт Валью" ХХК-ийн үнэлгээний тайлангаар автомашинд 21,804,825 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Ийнхүү гэрээний 2.1-д заасан жолоо шилжүүлэх үеийн эрсдэлийг даатгагчаас 100 хувиар тооцон нөхөн олговор олгоно хэмээн надад тайлбарласны дагуу учирсан хохирлыг барагдуулах талаар “****" ХХК-д хандахад хохирлын үнэлгээний дүнгийн ердөө гуравны нэг буюу 7,800,000 төгрөгийг л олгож, үлдэгдэл төлбөрийг олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж байгаа болно. Тодруулбал, “****” ХХК-аас гэрээний 4.18.1 буюу надад огт танилцуулаагүй гэрээний өөр нөхцөлийг гарган тайлбарлаж, “Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-д заасныг зөрчсөний улмаас учирсан хохирол" гэж нөхөн олговрыг олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй тул үлдэгдэл нөхөн олговор болох 14,004,825 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.” гэж тодорхойлсон

2. Хариуцагч “****” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ: “Хариуцагч “****” ХХК нь нэхэмжлэгч “*****” ХХК-тай түүний өмчлөлийн Mercedes Benz, Е-350 маркийн тээврийн хэрэгслийг даатгаж, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг Түвшин нөхцөлөөр байгуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дээрх тээврийн хэрэгслийг А.Хулан гэх хүн зогсоолд байршуулах үедээ хашаа мөргөснөөр тээврийн хэрэгсэлд 21,804,825 төгрөгийн хохирол учирсан. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч М.Нарангэрэл дээрх тохиолдлыг шалгаж, жолооч А.Хуланг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болохыг тогтоосон. Улмаар "****" ХХК нь “*****” ХХК-тай байгуулсан "Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ"-ний 5.18.1-т заасны дагуу нөхөн төлбөрийг хасаж олгосон. Иймд “*****” ХХК-ийн нэхэмжлэлтэй “****” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэж тайлбарласан.

3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн итгэмжлэл, 0000113576 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 3/41 дугаар Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг, **** УАО улсын дугаартай Mercedes Benz маркийн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтын хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Тэгш 4” тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, “Гранд Ассэт Валью” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 144 дугаар авто машин техникийн үнэлгээний тайлан, хавсралтын хамт, “Бул капитал” ББСБ ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 25/130-46 дугаар албан бичиг.

4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 4-2/83 дугаар итгэмжлэл, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хариу тайлбар, 000167308 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ТЗ201/11 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4-2/657 дугаар итгэмжлэл, Хаан банк ХК-ийн 5037786812 тоот дансны хуулга.

5. Шүүхээс дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсийн 1100.006.24.0034519 дугаартай гомдол мэдээлэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл ногдуулсан материал.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч “*****” ХХК хариуцагч “****” ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ““Тэгш 4” тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний дагуу даатгалын нөхөн төлбөрт 14,004,825 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж, 9,004,825 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ, хариуцагч компанитай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан, даатгуулагчийн зөвшөөрсөн этгээд тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулах явцдаа эд хөрөнгөд гэмтэл учруулсан. Даатгалын гэрээг байгуулахдаа зогсоолд байрлуулах үеийн эрсдэлийг даатгагч хариуцах юм байна гэж ойлгож гэрээ байгуулсан тул тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгагч бүрэн барагдуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ, зогсоолд тавих үеийн эрсдэлээс учирсан хохирлын 80 хувийг даатгагч хариуцахаар, жолооч буруутай бол жолооч өөрөө хохирлын үнэлгээний 10 хувийг хариуцахаар, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дугаар зүйлийг зөрчсөн бол 50 хувийг даатгагч олгохоор гэрээний 4.18, 4.18.1-д харилцан тохиролцсон. Эдгээр хувь хэмжээг хасаж тооцвол /80-10-50=20%/ даатгагчийн зүгээс нийт хохирлын 20 хувийг төлөх үндэслэлтэй. Даатгагчийн зүгээс нийт 7,849,737 төгрөг төлсөн. Жолооч буюу даатгуулагч буруутай байсан, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-г зөрчсөн болох нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон гэж тайлбарласан.

4. Талууд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ““Тэгш 4” тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г бичгээр үйлдэж, нэхэмжлэгч нь даатгалын хураамж төлөх, хариуцагч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гэрээнд заагдсан даатгалын эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр төлөх үүрэг харилцан хүлээсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ, мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2-т заасан эд хөрөнгийн даатгалын төрөлд хамаарч байна.

5. Зохигчид 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн даатгалын гэрээний баталгаажилт, хураамж төлөлт, даатгуулагчид учирсан хохирлын хэмжээ /21,804,825 төгрөг/-ний талаар маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.

6. Зохигчид 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн даатгалын гэрээний агуулга буюу тохиролцооны талаар маргасан. Тухайлбал, нэхэмжлэгч нь даатгалын гэрээний 2.1-д заасан “Зориулалтын талбайд тээврийн хэрэгслийг оруулах, байрлуулах, хөдөлгөх үед учирсан эрсдэл”-ийн хэмжээгээр нөхөн төлбөр авах үндэслэлтэй гэж үзсэн бол хариуцагч тал мөн гэрээний 2.1 дүгээр зүйлд заасан “Зориулалтын талбайд тээврийн хэрэгслийг оруулах, байрлуулах, хөдөлгөх үед учирсан эрсдэл”, “Буруутай тохиолдолд хариуцах хувь”, гэрээний 4.18.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг зөрчсөний улмаас учирсан хохирол”-ын үеийн хувь хэмжээгээр төлөх ёстой гэж маргажээ.

7. Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ““Тэгш 4” тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” нь талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоох боломжгүй, нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон шинжийг агуулсан Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна.

8. Дээрх гэрээний 2.1-д: “Даатгуулагч авто тээврийн хэрэгслийн даатгалын хамгаалалтын аль багцыг сонгосноос хамааран дараах төрлийн эрсдэлүүдээс хамгаална.” гэж заажээ. Гэрээний энэ хэсэгт 4 төрлийн даатгалын багц бүтээгдэхүүнийг даатгагч санал болгосон байх ба “Түвшин” багцыг даатгуулагч сонгосон талаар зохигчид маргаагүй. Гэрээний энэ зүйлийн гарчгийг “Даатгалын эрсдэл, үйлчилгээ” гэж тодорхойлжээ.

8.1 Гэрээний 2.1-д: “Буруутай тохиолдолд хариуцах хувь-10%” гэж бичсэн байна. Энэ бичвэрээс үзвэл хэн буруутай тохиолдлыг хэлсэн нь ойлгомжгүй байна. /даатгуулагч эсхүл гуравдагч этгээд/

Гэрээний 4.18-д: “Дараах үндэслэл тогтоогдсон тохиолдолд олговол зохих нөхөн төлбөрийг 50% хязгаарлах буюу хасаж олгоно”, 4.18.1-д: “Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг зөрчсөний улмаас учирсан хохирол” гэжээ. Энэ бичвэрт мөн хэний гэм бурууг хэлсэн нь тодорхойгүйгээс гадна гэрээний 2.1-д заасан даатгуулагч замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлүүдийг даатгагч 100 хариуцах тохиролцоотой зөрчилдөж байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч “****” ХХК нь өөрийн санал болгосон стандарт нөхцөл бүхий гэрээний 2.1-д даатгуулагч замын хөдөлгөөнд оролцох болон оролцоогүй үеийн эрсдэлүүдийг 80-100% хариуцна гэж ерөнхий байдлаар бичсэн атлаа 4.18.1-д замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг зөрчсөний улмаас учирсан хохирлын 50%-ийг хасаж олгохоор бичсэн нь харилцан бие биеэ үгүйсгэсэн шинжтэй, ойлгомжгүй байна.

Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д: “Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана.” гэж заажээ. Иймд гэрээний санал хүлээж авсан даатгуулагч талд ашигтай байдлаар буюу талууд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний 2.1-д даатгалын нөхөн төлбөр олгох тохиолдлуудыг харилцан тохиролцсон гэж үзнэ.

8.2 Түүнчлэн, шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг тайлбарлахдаа Иргэний хуулийн 198.1-д: “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.”, 198.2-т: “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.” 198.4-т: “Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана” гэж заасан хуулийн зохицуулалтыг харгалзан үзсэн болно.

Дээр дурдсанаар гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу тайлбарлах боломжгүй байна. Иймд мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2, 198.4-т зааснаар тайлбарлах нь зүйтэй гэж үзсэн.

Эд хөрөнгийн даатгалын зорилго нь болзошгүй эрсдэлийн үед даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг даатгагч нөхөн төлөх буюу даатгуулагчид учирч болох эрсдэлийг санхүүгийн хувьд даатгагч өөртөө шилжүүлэн авах зорилготой байдаг. Болзошгүй эрсдэл гэдэгт даатгуулагчийн шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээс бусдаар үүссэн эрсдэлийг ойлгодог.  

Даатгуулагч зогсоолд тээврийн хэрэгслийг байршуулах явцад үүссэн эрсдэл нь даатгалын эрсдэлийг бий болгоход хүргэсэн шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлийн аль алинд хамаарахгүйгээс гадна даатгуулагч энэ үйлдлээрээ даатгалын эрсдэлийг зориудаар нэмэгдүүлээгүй байна.

Дээрх тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.18.1 дэх хэсгийн хязгаарлалт, эсхүл тохиролцоо нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-т заасан хүчин төгөлдөр бус тохиролцоонд хамаарна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2, 202.2.4-т: “Гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан бол уг тохиролцоо хүчин төгөлдөр бус байна” гэж заажээ.

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5-д: “Гэрээний стандарт нөхцөлд хамаарах хэсгүүдийн аль нэг нь хүчин төгөлдөр бус байх, эсхүл гэрээний гол бус нөхцөл болсон тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна.” гэж заасан тул гэрээний бусад зохицуулалтыг үндэслэн маргааныг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн.

9. Хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсийн 1100.006.24.0034519 дугаартай гомдол мэдээлэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл ногдуулсан материал нотлох баримтаар авагджээ. Энэ баримтаас үзвэл А.Хулан /даатгуулагч тал/-г “замын хөдөлгөөнд оролцох явцдаа” зам тээврийн осол гаргасан гэж дүгнэжээ. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ““Тэгш 4” тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 2.1 дэх хэсэгт заасан “даатгуулагч жолоо барих үеийн зам тээврийн осол” гэх эхний тохиолдол буюу даатгагч эрсдэлийг 100 хувь нөхөн төлөх тохиолдолд хамаарахаар байна.

Гэвч шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ баримтыг үндэслэл болгож даатгалын нөхөн төлбөрийг 100 хувиар биш гэрээний 2.1-ийн хоёр дахь хэсэгт “зориулалтын талбайд тээврийн хэрэгслийг оруулах, байрлуулах, хөдөлгөх үед учирч болзошгүй эрсдэл”-ийн тохиолдолд заасан 80 хувиар тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн зөрчлийг шийдвэрлэх явцад гаргасан эрх бүхий этгээдийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан бичмэл нотлох баримтын нэг төрөл юм. Энэ утгаараа шүүх энэ “бичмэл баримт”-ыг бусад баримтуудтай харьцуулах, мөн аль баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох талаар харьцуулан дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар талуудын тайлбар мөн нэг төрлийн нотлох баримтад тооцогддог. Шүүх хэрэгт цугларсан эдгээр баримтууд /тайлбар, шийтгэвэр/-ыг харьцуулан үзсэний үндсэн дээр талуудын тайлбар, нэхэмжлэлд дурдсан үндэслэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзсэн.   

9.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлох эрхтэй байдаг. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “тээврийн хэрэгслийн зогсоолыг өөрчлөх явцад осол гаргасан” гэж шаардлагаа тодорхойлсон, мөн талууд 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд тээврийн хэрэгслийн зогсоолыг өөрчлөх явцад эрсдэл бий босон талаар тайлбарласан байна.

9.2 Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.1-д хэргийн оролцогчид шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй талаар хуульчилжээ. Хуулийн энэ зохицуулалт буюу хэргийн оролцогчийн үнэн зөв тайлбар гаргах үүрэг нь Эрүүгийн хуулиар хамгаалагддаггүй боловч “өөрийнх нь эсрэг” буюу эсрэг талд ашигтай тохиолдолд хэрэглэгдэх ёстой.

Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн зогсоолыг өөрчлөх явцад осол гаргасан гэж тайлбарласан ба энэ үндэслэлээр нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгчийн энэ тайлбарыг үнэн зөв гэж үзнэ. Нэхэмжлэгчийн энэ тайлбарыг гэрээний 2.1-ийн 2 дахь хэсгийн нөхцөлийн эхний тохиролцоо /даатгагч нөхөн төлбөрийг 100% хариуцах/-той харьцуулбал “нэхэмжлэгчийн тайлбарласан нөхцөл нь” хариуцагчид ашигтай хувилбар байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр даатгуулагч буюу нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлын 80 хувьтай тэнцэх нөхөн төлбөрийг даатгагч буюу хариуцагч төлөх үүрэгтэй гэж шүүх үзсэн болно.

10. Нэхэмжлэгч нь тухайн үед өөрийнх нь зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг жолоодсон А.Хулангаас нийт 5,917,000 төгрөг авсан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд даатгуулагчид учирсан 80%-ийн хохирол болох 17,443,860 төгрөгөөс 5,917,000 төгрөгийг хасаж тооцвол 11,526,860 төгрөг болж байна. /хавтаст хэргийн 141 дүгээр тал/

Даатгагч буюу хариуцагчийн зүгээс хохирлын нөхөн төлбөрт 7,849,737 төгрөг төлсөн гэх боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй. Харин нэхэмжлэгч нь даатгагчаас нийт 7,800,000 төгрөг авсан хэмээн тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар даатгагч даатгуулагчид 7,800,000 төгрөг төлсөн гэж үзнэ. Үлдэх дүн болох 11.526.860 төгрөгөөс 7.800.000 төгрөгийг хасаж тооцвол 3,726,860 төгрөг болж байна.

11. Дээр дурдсанаар даатгуулагчид учирсан бодит хохирол болох 21,804,825 төгрөгийн 80 хувийг төлөхөөр талууд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний 2.1-ийн хоёр дахь хэсэгт: “Зориулалтын талбайд тээврийн хэрэгслийг оруулах, байрлуулах, хөдөлгөх үед учирч болзошгүй эрсдэлийн 80%-ийг даатгагч хариуцна” гэж тохирсон тул хариуцагч “****” ХХК-иас 3,726,860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*****” ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

12. Нэхэмжлэгч буюу даатгуулагч “*****” ХХК нь тээврийн хэрэгслийн жолоог бусдад /А.Хуланд/ шилжүүлсэн гэх үндэслэлээр хариуцагч буюу даатгагч “****” ХХК даатгалын нөхөн төлбөр төлөхөөс татгалзаагүй болно.

13. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 227,987 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 74,579 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар “****” ХХК-аас 3,726,860 төгрөгийг гаргуулан “*****” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,277,965 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “****” ХХК-аас 74,579 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*****” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ХИШИГБААТАР