Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01636

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01636

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02124 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Н ХХК

Хариуцагч: Ш ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.У, түүний өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Н ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ш ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулж, Богдхан уулын дархан цаазат газрын Номтын ам-ны 10 га талбайд Аялал жуулчлалын бааз байгуулах төслийн Байгаль орчны үнэлгээний ажлыг гэрээнд заасан шаардлагад нийцүүлэн 7 хоногийн дотор гүйцэтгэх, Н ХХК ажлын хөлс 8,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээхээр тохиролцсон. Захиалагч нь үүргээ бүрэн биелүүлж 8,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр захирал Ц.От бэлнээр хүлээлгэж өгч, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Төсөл хэрэгжүүлэх Номтын ам гэх газар нь Богд уулын тусгай хамгаалалттай газар нутагт харьяалагддаггүй, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг болохыг олж мэдсэн учир цаашид Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх, тайлан гаргуулах шаардлагагүй болсон тухай мэдэгдсэн боловч хариуцагч нь 8,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэхгүй. Иймд гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 8,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ш ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Ш ХХК нь Байгаль орчны үнэлгээний ажлуудыг хийж гүйцэтгэхээр Н ХХК-тай гэрээ байгуулсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын тайланг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хийж гүйцэтгэн 2 хоногийн дараа Б.Алтангэрэл гэдэг хүн хүлээж авсан. Н ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж дээрх хүсэлтийг гаргаагүй. Н ХХК нь гэрээнээс татгалзах талаар мэдэгдэж байгаагүй бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний хүрээнд талууд хүлээсэн үүргээ хийж гүйцэтгэн гэрээ дуусгавар болсон тул гэрээнээс татгалзаж, гэрээний нийт үнэ болох 8,000,000 төгрөгийг шаардах эрхгүй. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ш ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх гэрч М.Эын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэж илт хариуцагч талд ашигтайгаар, буруу дүгнэсэнд гомдолтой байна. Хариуцагч тал ажлын үр дүнг Б.А гэж хүнд хүлээлгэж өгсөн учир ажлын хөлсийг буцаан төлөх үндэслэлгүй гэх тайлбар гаргадаг боловч үүнийгээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Гэтэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2, 6. дугаар зүйлийн 6.6, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2-т тус тус заасан үүргээ биелүүлээгүй. Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: н.Э нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэзээ гэрээнээс татгалзсан талаар мэдээгүй, үндэслэл бүхий тайлбар гаргаагүй. Талууд гэрээ байгуулахад хариуцагч байгууллагаас Б.А гэрээг байгуулсан. Энэ талаар гэрч н.Э тайлбарласан. Б.Атэй тухайн үед уулзаж гэрээнд оролцох талаар илэрхийлсэн тул хариуцагч байгууллагаас холбогдох хээрийн судалгаа хийсний дараа тухайн хөрснөөс дээж авч Газар зүйн, геоэкологийн хүрээлэнд хүлээлгэж өгснөөр дүгнэлт гаргуулсан. Тухайн гэрээ дуусгавар болсон буюу тухайн ажил хэрэгжиж дууссан тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах тухай ойлголт байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр Б.А оролцох байсан боловч оролцож чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Н ХХК нь гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ш ХХК нь үүргээ гүйцэтгэсэн гэж эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хамтран ажиллах гэх нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Ш ХХК нь Богдхан уулсын дархан цаазат газрын Номтын амны 10.0 га талбайд Аялал жуулчлалын бааз байгуулах төслийн Байгаль орчны үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулж, батлуулах ажлыг 7 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, Н ХХК нь ажлын хөлс 8,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгснийг нотлуулах зорилгоор Б.Аээс гэрчийн мэдүүлэг авхуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 182/ШЗ2022/07980 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэж, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг гэрч Б.А, М.Э нарыг оролцуулах шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэж хойшлуулжээ. /хх, х 115, 121-123/

Хариуцагч тал Б.Аээс гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтээсээ татгалзаагүй байхад захирамжийг биелэлтийг хангаж, Б.Аээс гэрчийн мэдүүлэг авалгүй хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Шүүх гэрчийн мэдүүлэг аваагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан зохигчийн нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасанд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02124 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР