Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/283

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ххолбогдох эрүүгийн 1838007740365 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-нийөдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б.Гвиза картнаас 500.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б.Гвиза картнаас 500.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Хын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... Би тухайн үед карт авч яваад мөнгө авсан гэдгээ огт санахгүй байсан болохоор нэг их зүйл ярилгүй буцаад гэртээ хариад орны гудсан доогуур үзтэл, гудсан доор мөнгө байхаар нь тоолж үзэхэд 490.000 орчим төгрөг байсан. Тэгээд би тэр мөнгийг үрээд дуусгасан. Тухайн үед буцаагаад өгчихсөн бол ийм байдалд хүрэхгүй байсан байх буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би дэлгүүр явж сүү болон бусад шаардлагатай зүйлүүдийг аваад дэлгүүрт нөхрийнхөө Хас банкны картыг уншуулж тооцоогоо хийсэн юм. Карт уншуулахад дэлгүүрийн худалдагч пин кодоо гэхэд нь манай охин Өсөх-Эрдэнэ картын нууц дугаарыг хэлэхэд Хонгороо гэх эмэгтэй гар утсан дээрээ тэмдэглэж авч байсан гэсэн. Манай гэрт очоод Хонгороо гэх эмэгтэй авчирсан архиараа нөхөр бид хоёрыг шахаад нөхөр бид хоёр хийж өгсөн архийг нь уусаар байгаад тасраад унтчихсан байсан. Тэр хойгуур тэр эмэгтэй миний түрүүвчийг уудлаад дэлгүүрт уншуулсан карт байхгүй болохоор нь манай охин Өсөх-Эрдэнээс ээжийн чинь бариад байсан карт хаана байгаа юм бол гэхэд манай охин миний авч явсан түрийвчнээс картыг гаргаж өгсөн байсан...маргааш нь босоод байж байхад нөхөр гар утсаа үзэж байснаа миний данснаас 500.000 төгрөг гарчихсан байна, мессеж ирсэн байна гэсэн. Тэгээд хүүе яав ийв гэхэд манай охин дээрх болсон явдлыг нөхөр бид хоёрт хэлсэн. Надад 600.000 төгрөгний хохирол учирсныг Хонгороо барагдуулчихсан...Одоо надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжпэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 5-7 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Н.Ө-ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хонгороо эгч түрүүн ээжийн чинь дэлгүүрт уншуулсан карт хаана байна гэхээр нь би ээжийн цүнх, түрүүвчинд үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд ээжийн куртикны халаасыг ухаж үзсэн чинь аавын Хас банкны карт байхаар нь Хонгороо эгчид авч өгсөн. Тэгээд маргааш өглөө нь аав, ээж хоёр картнаас 500.000 төгрөг гарчихсан байна гэхээр нь би Хонгороо эгчийг карт аваад явсныг хэлсэн юм. Бид гурав манай гэрт ойрхон байдаг Наяд дэлгүүр ороод картаар тооцоо хийсэн. Тооцоо хийхдээ би картаар тооцоог хийж картын нууц үгийг дэлгүүрийн худалдагчид хэлсэн. Тэгэхэд Хонгороо эгч хажууд зогсож байснаа гар утсаа оролдоод байсан. Тэгэхэд картны нууц үгийг сонсоод гар утсан дээрээ тэмдэглэж авсан байх...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны орчим манай гэрт Хонгороо гэх эмэгтэй ирсэн бөгөөд ирэхдээ 2 шил архитай ирээд манай эхнэр бид гурав уусан. Би архи уугаад согтоод унтчихсан хойгуур миний цалингийн картыг авч яваад картнаас 500.000 төгрөг авчихсан байсан. Тэрнээс хойш авсан мөнгөө өгөхгүй болохоор нь эхнэр бид хоёр цагдаад өргөдөл гаргасан юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/,

Хохирогч Б.Г нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 32 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838007740365 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч М.Х нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 30 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838007740365 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хавчин М.Хыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч М.Хыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч М.Ход хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 1838007740365 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

      6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.ХҮРЭЛБААТАР