| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2635000000066 |
| Дугаар | 2026/ДШМ/34 |
| Огноо | 2026-09-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2026/ДШМ/34
Л.Б-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан хуралдаанд
Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч М.Мөнхөө /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр явуулсан шүүх хуралдааны 2026/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Л.Б-ад холбогдох Л2635000000**дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2007 оны 06 дугаар сарын **-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл *, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын * дугаар багийн ** тоотод оршин суух хаягтай, урьд:
- Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар;
- Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 210 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;
- Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 26 хоног хорих ял оногдуулсныг 2 дахин багасгаж, эдлэх хорих ялыг 1 жил 13 хоногоор тогтоож шийдвэрлэсэн,
2. Холбогдсон хэргийн агуулга: Шүүгдэгч Л.Б- нь 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Х-худалдааны төв”-д худалдааны үйл ажиллагаа явуулдаг Ц.Б-гийн эзэмшлийн А4 дугаар бүхий гар утасны лангуун дотроос 100,000 төгрөгийн үнэ бүхий LG-5 загварын гар утас 1 ширхэг, мөн зэргэлдээ байрладаг Б.Б-гийн эзэмшлийн А5 дугаар бүхий гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл худалдаалдаг лангуун дотор байрлах шүүгээнээс бэлэн 280,000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч нарт нийт 380,000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн тэрээр 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн 504 тоотод байрлах хохирогч Г.Б-ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэр дотор байрлах авдар дотроос бэлэн 3,600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
3. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй шүүгдэгч Л.Б-ын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Б-ад 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож;
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол гарсан өдрөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлж;
- шүүгдэгч Л.Б-аас 280,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д, 615,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Б-эд тус тус олгож;
- шүүгдэгч Л.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100,000 төгрөгийн үнэ бүхий LG-5 загварын гар утсыг хохиролд тооцон хохирогч Ц.Б-д буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нар давж заалдах шатны шүүхэд “...Л.Б- би олон удаа хулгайн хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан боловч цэргийн алба хаасан 35 хоногийн хугацаанд их зүйл ойлгож, ухаарсан.
Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж хөдөлмөр хийж, энгийн сайхан амьдарч чадна.
Миний ар гэрээс үлдэгдэл хохирлыг нөхөн барагдуулсан. Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тул надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
6. Шүүгдэгч Л.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд: “Би анх мэдүүлэг өгөхдөө мөнгө авсан гэж хэлсэн, харин гэрээс орж мөнгө авсан гэж хэлээгүй.
Намайг Г.Б-ийн гэрийн түлхүүрийг нь аваад гэрт нь орж 3,600,000 төгрөг авсан гэж дүгнэсэн.
Тухайн үед найранд хүмүүс ирж мөнгө өгсөн байхад нь найрын үеэр тухайн мөнгийг авч гарсан. Тиймээс энэ хэргийг мөрдөн байцаалтад буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтэй байна” гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүх хуралдаанд: “Л.Б-ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж буй “Г.Б-ийн гэрээс мөнгө хулгайлахдаа тухайн найр хийсэн өдөр буюу найранд оролцох явцдаа 3,600,000 төгрөгийг хулгайлсан” гэх мэдүүлэг, тайлбарыг өмгөөлөгчийн хувьд шинээр сонсож байна. Л.Б- өмнө нь саяны байдлаар мэдүүлж байгаагүй.
Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдлыг гаргахдаа, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн агуулгаар гаргасан.
Өмгөөлөгч миний хувьд, Л.Б-ыг төлбөрийн чадваргүй гэх үндэслэлээр олон удаа шүүх хуралдаанд өмгөөлж оролцож байгаа. Л.Б- нь гэмт хэрэг үйлдэх явцдаа цэргийн албанд татагдаж, 2 сар гаруй хугацаанд цэргийн алба хаасан бөгөөд тухайн 2 сарын хугацаанд зан харилцааны болон сургалт хүмүүжлийн төлөвшил бүрэн тогтсон гэж үзэж байгаа.
Давж заалдах гомдол гаргаснаас хойш Л.Б-ын ар гэрийн зүгээс Ц.Б-д гар утасны 100,000 төгрөг, Б.Б-гийн лангуунаас хулгайлсан 280,000 төгрөгийг бүрэн төлсөн. Хохирогч Г.Б-ийн хувьд үеэл ах дүү нар учраас эмээ нь хохирлыг төлнө гэх байр суурийг илэрхийлж байсан.
Л.Б- нь Г.Б-ийн гэрээс 3,600,000 төгрөг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хохирлыг төлсөн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, ялыг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэх санал, дүгнэлтээ дэмжиж оролцож байна.
Л.Б- нь давж заалдах шатны шүүхэд тайлбар гаргахдаа, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 01 дүгээр сарын 20-ны өдөр биш, 01 дүгээр сарын 14-ний өдөр буюу Г.Б-ийн хурим найр хийж байсан өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж хэлж байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч өгнө үү” гэв.
8. Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү, мөн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол, тайлбар гаргасантай танилцлаа.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б- нь 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Х-худалдааны төв дотроос хохирогч Ц.Б-гийн эзэмшлийн 100,000 төгрөгийн LG-5 загварын гар утас 1 ширхэг, хохирогч Б.Б-гийн эзэмшлийн А5 дугаартай лангууны шүүгээнээс 280,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирогч нарт нийт 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
мөн шүүгдэгч нь 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Г.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, авдраас нь 3,600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдсон.
Шүүхээс хохирогч Г.Б-эд 615,000 төгрөг, хохирогч Б.Б-д 280,000 төгрөг олгож, Ц.Б-д гар утсыг нь буцаан олгохоор шийдвэрлэсэн.
Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхэд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад нөхөн төлөөгүй байсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй нөхцөл байдалтай байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.
Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2-8 жилийн хорих ялтай гэмт хэрэгт холбогдсон. Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөөгүй нөхцөл байдал, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдал, энэ төрлийн гэмт хэрэгт урьд нь холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд хуульд заасан хамгийн бага хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн хохирол нөхөн төлсөн, мөн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгдэгч Л.Б-ад холбогдох, Л2635000000**дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Хэргийг мөрдөн шалгах явцад хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээг авч, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
3. Шүүгдэгч Л.Б-ын хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байна.
3.1. Шүүгдэгч Л.Б- нь 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Х-худалдааны төв”-д худалдааны үйл ажиллагаа явуулдаг Ц.Б-гийн эзэмшлийн А4 дугаар бүхий гар утасны лангуун дотроос 100,000 төгрөгийн үнэ бүхий LG-5 загварын гар утас 1 ширхэг, мөн зэргэлдээ байрладаг Б.Б-гийн эзэмшлийн А5 дугаар бүхий гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл худалдаалдаг лангуун дотор байрлах шүүгээнээс бэлэн 280,000 төгрөгийг тус тус нууцаар, хууль бусаар авч, хохирогч нарт нийт 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:
- хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие “Х-худалдааны төв”-д А5, А6 лангууг түрээсэлж ажиллуулдаг. Тухайн лангуундаа гар утас засварчин болон худалдагч гэсэн хоёр хүн ажиллуулдаг. Би 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А5, А6 лангуундаа ажиллахаар өдөр 11 цагийн орчим очсон. Тэгээд манай лангуунд зогсдог А-д хандаж, өмнөх өдрийн орлого хаана байгаа вэ? гэж асуухад лангуун доор байгаа, та авчих гэж хэлсэн. Тэгээд би лангуун доор байрлах бэлэн мөнгө тавьдаг газарт харахад бэлэн мөнгө байгаагүй. Тэгэхээр нь бэлэн мөнгө байгаа гэх газарт нь хайж үзээд байхгүй болохоор нь гар утас засварчин Д.Н-оос асуухад надад мэдэх зүйл байхгүй гэж хэлсэн. Д.Н- нь өглөө лангуугаа нээхэд хаалга жоохон зайтай байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Х-агуулах худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд хар өнгийн куртиктэй, 20 орчим насны эрэгтэй хүн орж байгаа бичлэг байсан юм. Тухайн бичлэгийг үзээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2026 оны 01 дүгээр сарын 21, 22-ны өдрийн орлого болох 280,000 төгрөг бэлнээр хийсэн байсан, тухайн мөнгө алга болсон байсан. Өөр алга болсон ямар нэгэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45,47 дахь тал);
- хохирогч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Улаангом сумын 12-р багийн нутаг дэвсгэрт байрлах Х-агуулах худалдааны төвийн нэг давхарт хаалганы хоёр талд А4 тоот дугаартай лангуунд бүх төрлийн гар утас, дагалдах хэрэгслүүд худалдан борлуулдаг. 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 9 цагийн үед ажилдаа ирсэн. Тэгээд лангуугаа нээгээд худалдаагаа хийж байтал хажуу талын лангуу түрээсэлдэг Б.Б- миний ажиллуулдаг А5, А6 тоот лангуунд хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд камерын бичлэг шүүж үзэхэд таны лангуу руу бас давж ороод эд зүйл авсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд Б- Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаа нар ирэх үед би лангуун дээрх бараагаа бүртгэж үзэхэд LG-5 загварын гар утас алга болсон байсан. Тухайн гар утас нь хэрэглэж байсан,Солонгос улсаас оруулж ирээд зардаг, энд 100,000-120,000 төгрөгийн үнэтэйгээр зарж борлуулдаг байсан. Би зарж байгаа бараандаа ямар нэгэн данс тооцоо бүртгэл хөтөлдөггүй. Камерын бичлэг харж байхад миний лангуу руу ороод лангуун дотор байсан хямд үнэтэй гар утас хийдэг хайрцгаас нэг гар утас аваад халаасандаа хийж байсан бичлэг байсныг харсан тул нэг гар утас хулгайлагдсан гэж үзэж байна. Гар утсыг хулгайлж авсан Л.Б- нь надтай ирж уулзаад уучлалт гуйсан, гар утасны үнийг энэ сарын сүүлээр төлж өгнө гэж тохиролцсон. Гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52, 54-55, 57 дахь тал);
- гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өглөө би хамгийн түрүүлж лангуун дээрээ ирсэн. Лангуугаа нээх гээд очиход хаалгыг нь дутуу хаачихсан байсан. Тэгээд би юм бодолгүй лангуугаа нээгээд ажлаа хийж эхэлсэн. Өдөр ажил дээр байхад миний бие өвдөөд байхаар нь 12 цагийн үед ажлаас чөлөө аваад гэртээ харьсан байхад манай лангууны эзэн Б.Б- над руу залгаж, лангуун доор байсан мөнгө авсан уу гэж асуухад нь би аваагүй гэж хариулсан. Тэр надад, лангуун доор байсан мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд миний бие гайгүй болохоор нь 15 цагийн үед ажил дээр ирэхэд цагдаа нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал);
- гэрч Б.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хүү Л.Б- цагдаа дээр хулгайн хэргээр ирсэн байсан. Л.Б-аас юу болсон талаар асуухад, 2026 оны 01дүгээр сарын 22-ны орой 20 цагийн үед Улаангом сумын 12 дугаар багт байрлах Х-худалдааны төвийн дотор хаагаад явчихсан байсан лангуу руу орж гар утас, бэлэн мөнгө хулгайлсан гэж надад хэлсэн. Надад хэлэхдээ ганцаараа явж байгаад хулгай хийсэн гэж хэлсэн. Х-худалдааны төв дотор байх лангуунаас 1 ширхэг гар утас, 365,000 төгрөг бэлнээр хулгайлсан гэж хэлсэн. Мөнгөөрөө хоолонд орж, дэлгүүрээс чихэр, идэх зүйл аваад идчихсэн гэж хэлсэн. Яг ямар дэлгүүрээс ямар төрлийн зүйл авсныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал);
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл утсаар хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-8 дахь тал);
- гэмт хэрэг гарсан гэх Х-худалдааны төвийн камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 32 минутын дүрс бичлэг бүхий камерын бичлэгийг хойшлуулшгүйгээр хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хойшлуулшгүй ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тайлбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-20 дахь тал);
- Л.Б-аас LG-5 загварын гар утас хураан авсан болон эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-25-р тал);
- Шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаартай “...LG-5 загварын гар утасны үнэлгээ 100,000 төгрөг болно...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.
3.2. Шүүгдэгч Л.Б- нь 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2-р багийн нутаг дэвсгэр 504 тоотод байрлах хохирогч Г.Б-ийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэр дотор байх авдраас бэлэн 3,600,000 төгрөг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдсон байна. Үүнд:
- хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эхнэр Үүрцайх бид 2 гэр бүл болж, бидний хөшиг тайлах ёслол болсон юм. Бидний найраар хоёр талын ах дүү нараас бэлэн мөнгө, эд зүйлс бэлгэнд ирсэн. Тухайн найраар цугларсан 3,600,000 төгрөгийг бид өөрийн гэртээ байх авдартаа хийж үлдээгээд 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10 цагийн үед гэрээсээ яваад 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 00 цагийн үед гэртээ буцаж ирсэн. Өглөө нь босоод авдарт хийсэн мөнгөө үзэхэд алга болсон байсан. Тэгээд хажуу талд байх аавын гэр лүү ороод манай гэр лүү ямар нэгэн хүн орсон эсэх талаар асуухад ээж О.Х “намайг байхгүй үед эгчийн чинь хүүхэд А.А-гээс Л.Б- танай гэрийн түлхүүр асууж аваад танай гэр лүү орсон гэсэн” гэж хэлсэн. Тэгээд Л.Б- уруу утсаар ярьж, “манай гэрт байсан 3,600,000 төгрөг яасан бэ, манай гэр лүү чамаас өөр хүн ороогүй гэнэ, би чамайг цагдаад мэдэгдэнэ” гэхэд Л.Б- “ахаа би одоо талбай дээр байна, та хүрээд ирэх үү, би авсан мөнгөө буцааж өгнө” гэж хэлсэн.
Тэгээд 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед байх, Ю.Цэдэнбалын талбайн урд зогсоол дээр эхнэр Ү-ын хамт очиход Л.Б- үлдсэн байгаа мөнгө энэ гээд 1,500,000 төгрөг бэлнээр надад өгсөн. Үлдсэн мөнгө нь яасан бэ гэхэд өөртөө хувцас авсан, гар утас авсан гэж хэлээд манай эхнэрийн Хаан банкны 5819619287 дугаарын данс руу 535,000 төгрөг шилжүүлж, бэлнээр 50,000 төгрөг өгсөн. Тэр надад “ таны мөнгөнөөс Х-худалдааны төвөөс 700,000 төгрөгөөр iPhone 11 загварын гар утас худалдаж авсан” гэж хэлээд утсаа харуулсан. Гар утас авсан лангуугаа зааж өг гэж хэлээд Н-гийн гар утас худалдан борлуулдаг лангуун дээр дагуулж очоод энэ утсыг хулгайн мөнгөөр авсан байна, би энэ утсыг буцааж өгөөд 700,000 төгрөгөө авч болох уу гэхэд худалдагч эмэгтэй зарагдсан барааг буцаадаггүй гэсэн. Л.Б- гуйгаад байхаар нь 700,000 төгрөгөөр бодож гар утсыг авсан. 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 23 цагийн үед Л.Б- нь 200,000 төгрөг бэлнээр авч ирж өгсөн. Надад 3,600,000 төгрөг өгөх ёстойгоос 2,985,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 615,000 төгрөгийг буцааж өгөөгүй байна.
Л.Б- нь манай ээж Х-ийн дүүгийн хүүхэд бөгөөд бид хоёр үеэлүүд юм. Хамаатан садны холбоотой болохоор би цагдаагийн газарт мэдэгдээгүй юм. Л.Б- нь зөвшөөрөлгүй манай гэрт орж байгаагүй ба бид нарыг байх үед хааяа нэг орж ирдэг. Байнга орж ирээд байдаггүй. Бидний зүгээс Л.Б-ыг гэрийн түлхүүр аваад гэрээс мөнгө ав гэж хэлсэн зүйл байхгүй. Тэр биднийг эзгүйд манай гэр лүү зөвшөөрөлгүй орж, миний 3,600,000 төгрөгийг хулгайлсан. Үлдэгдэл 615,000 төгрөгөө буцааж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 141-143, 145 дахь тал);
- гэрч Ц.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Авдарт хадгалсан байсан мөнгөө хартал алга болсон байсан. Нөхөр Г.Б- хажууд байх аавын гэрт ороод гарч ирэхдээ “ манай мөнгийг Л.Б- авсан юм байна” гэж хэлсэн.Тэгээд өдөр 16 цагийн үед байх, Цэдэнбалын талбайн урд зогсоол дээр нөхрийн хамт очиж, Л.Б-тай уулзахад, үлдсэн мөнгө энэ гээд 1,500,000 төгрөг бэлнээр, мөн миний Хаан банкны 5819619287 дугаарын данс руу 535,000 төгрөг шилжүүлж, бэлнээр 50,000 төгрөг өгсөн. Мөн 700,000 төгрөгөөр Х-төвөөс гар утас худалдаж авсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 148-149 дэх тал);
- гэрч О.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай хүү Г.Б-, бэр Ц.Ү- нар 2026 оны 01 сарын 14-ний өдөр гэр бүл болж хурим найраа хийсэн. Хүү, бэр 2 маань айлчин хийхээр 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10цагийн үед Ховд сум уруу яваад 21-ний шөнө 00 цагийн үед гэртээ ирцгээсэн. Тэгээд маргааш өглөө нь хүү Б манай гэрт орж ирээд “ манай авдарт байсан мөнгө алга болсон байна” гэж хэлсэн. 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр намайг гэртээ байхгүй үед Л.Б- ирээд манай гэрт байсан А.А-ээс хүүгийн гэрийн түлхүүрийг авч гараад гэрт нь орсон байсан, энэ талаар би хүү Б-д хэлсэн юм. Манай 2 гэр хамт нэг хашаанд байдаг, тухайн өдрүүдэд Л.Б-аас өөр хүн хүүгийн гэр лүү ороогүй. Л.Б- нь миний төрсөн дүүгийн хүүхэд юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 152-153 дахь тал);
- насанд хүрээгүй /9 настай, эрэгтэй/ гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр О.Х- эгчийн гэрт намайг ганцаараа байхад Л.Б- орж ирээд Г.Б- ахын гэрийн түлхүүрийг асуусан тул би түлхүүрийг түүнд өгсөн. Тэр гараад хэсэг хугацааны дараа гэр лүү орж ирээд уг түлхүүрийг тавьчхаад гараад явсан. Гэрийн түлхүүр авч яах гэж байгааг түүнээс асуугаагүй. Л.Б- ганцаараа гэрт орсон ба 5-10 минут болсон байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 155-156 дахь тал);
- гэрч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 13 цагийн үед манай гар утасны лангуун дээр хар хувцастай залуу ирж, iPhone 11 загварын гар утсыг бэлэн 750,000 төгрөгөөр худалдаж аваад явсан. Маргааш нь буюу 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гар утас худалдаж авсан хар куртиктэй залуу нь хажуудаа эрэгтэй, эмэгтэй 2 хүн дагуулж орж ирсэн ба тухайн хүмүүс надад хандаж “ энэ залуу манай гэрээс хулгайлсан мөнгөөр танайхаас гар утас худалдаж авсан юм байна, та гар утсаа буцааж аваад мөнгийг нь өгч болох уу” гэж асуусан. Би “манайх зарагдсан барааг буцаадаггүй, мөнгө өгөх боломжгүй” гэж хэлээд явуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 159-160 дахь тал);
- хохирогч Г.Б-ээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 131-132 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
4. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн үйл баримтыг тус тус нотолж чадсан байна.
5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн:
- шүүгдэгч Л.Б-ын, хохирогч Ц.Б-гийн эзэмшлийн А4 дугаар бүхий гар утасны лангуун дотроос 100,000 төгрөгийн үнэ бүхий LG-5 загварын гар утас 1 ширхэг, Б.Б-гийн эзэмшлийн А5 дугаар лангуунаас бэлэн 280,000 төгрөгийг тус тус нууцаар, хууль бусаар авч, нийт 380,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
- хохирогч Г.Б-ийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, авдарт хадгалсан байсан бэлэн мөнгө буюу 3,600,000 төгрөг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.
Харин шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад бичвэрийн алдаа гаргасан байна. Тодруулбал, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Л.Б-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж зөв дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалтад “тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж буруу бичжээ. Иймд уг заалтын холбогдох хэсгийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж залруулах нь зүйтэй.
6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хулгайлах үйлдэл тус бүрийг үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тус бүрээр нь гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулахдаа зөвхөн хүнд ялтай зүйл хэсгийг баримтлан ял оногдуулсан нь хууль хэрэглээний тогтсон ойлголт, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зарчимд нийцсэн боловч зүйлчлэлийг нэгтгээгүй нь хууль хэрэглээний алдаа болсон бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулснаар шүүгдэгчийн гэм буруу, оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээнд сөргөөр нөлөөлөхгүй тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулав.
7. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “ 2 / хоёр/ жил ” гэсний дараа “хугацаагаар” гэх үгийг орхигдуулсан байх тул нэмэлт оруулах нь зүйтэй.
8. Шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан “...оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгатай гомдол,
- өмгөөлөгч М.Мөнхөөгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан : Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх санал,
- шүүгдэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...намайг Г.Б-ийн гэрийн түлхүүрийг аваад гэрт нь орж 3,600,000 төгрөг авсан гэж дүгнэсэн нь буруу. Би тухайн мөнгийг найр болж байх үед авч гэрээс гарсан. Гэрт хууль бусаар нэвтрээгүй, тиймээс энэ хэргийг мөрдөн байцаалтад буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтэй байна” гэх тайлбарыг тус тус хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв.
8.1. Шүүгдэгч Л.Б- нь 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Г.Б-ийн амьдардаг монгол гэрт хууль бусаар нэвтэрч, авдарт нь байсан 3,600,000 төгрөгийг хулгайлан авсан үйл баримт хохирогч Г.Б-, гэрч Ц.Ү-, О.Х, насанд хүрээгүй гэрч А.А- нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон. Хохирогч болон түүний эхнэр Ц.Ү- нар “ 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10 цагийн үед Ховд сум уруу айлчин хийхээр гэрээсээ явж, 21-ний шөнийн 00 цагт гэртээ ирсэн, 22-ны өглөө босоод авдартаа хийсэн мөнгөө үзэхэд алга болсон байсан” талаар тодорхой мэдүүлсэн ба гэмт хэрэг гарсан цаг хугацаа болон бусад үйл баримтын талаарх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрөөгүй, хэргийн үйл баримтыг эргэлзээгүйгээр нотолсон байна.
Нөгөөтэйгүүр, Г.Б-, Ц.Ү- нарын хурим болсон өдөр буюу 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тэдний гэрээс мөнгө алга болсон /хулгайлагдсан/ гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.
8.2. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлж буй санаатай үйлдэл байдаг.
Хохирогч Г.Б-ийн гэрээс 3,600,000 төгрөгийг хууль бусаар авсан шүүгдэгчийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Л.Б- нь хохирогчийн монгол гэрт нэвтрэхдээ хаалганы цоожийг түлхүүрээр нь онгойлгож орсон үйл баримт тогтоогдож байх боловч түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилгоор хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ. Учир нь, хохирогч Г.Б-ийн гэрийн түлхүүрийг Л.Б-ад өгсөн гэх А.А- нь бага насны буюу 2016 оны 01 сарын 31-ний өдөр төрсөн, 9 настай хүүхэд байх ба шүүгдэгч нь бага насны хүүхдийн, тухайн болж буй үйл явдлын нарийн учрыг ойлгож ухамсарлах чадвар сул, анхаарал, сэрэмжгүй байдлыг далимдуулан, түүнээс гэрийн түлхүүрийг авч эд хөрөнгө хулгайлах зорилгоор гэрт нэвтэрсэн байна. Тодруулбал, бага насны хүүхэд шүүгдэгчийн үйлдлийг хууль ёсны болон хууль бус болохын алиныг ялгаж ойлгохгүй, түүнчлэн хууль бус үйлдлийг таслан зогсоох, илчлэх чадваргүй байдлыг нь ашиглаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн мэдэлд шилжүүлэн авсан байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэв.
8.3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ болох хоёр жил хорих ял оногдуулсан нь түүний хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдсэн байдал, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-эд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байх ба тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх шаардлагыг хангаагүй. Түүнчлэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар зааснаас доогуур хорих ял оногдуулах зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг болгосон зохицуулалт биш болохыг дурдах нь зүйтэй.
9. Шүүгдэгч Л.Б-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 106 /нэг зуун зургаа/ хоногийг эдлэх хорих ялын хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Шүүгдэгч Л.Б-ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “шүүгдэгч Х овогтой Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж,
- шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “2 /хоёр/ жил” гэсний дараа “ хугацаагаар” гэх нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 106 /нэг зуун зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дур