Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2018/0600

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 21 өдөр   

  Дугаар 221/МА2018/0600

Улаанбаатар хот

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0512 дугаар шийдвэртэй, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0512 дугаар шийдвэрээр: “1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 100 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгаж, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан “...ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх...” шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан ажилгүй байсан 4 сарын хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 3.761.423 төгрөгөөс холбогдох татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З-т давж заалдах гомдолдоо: “...Маргаан бүхий Б/100 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/17 дугаартай тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалаар тус тус батлагдсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын бүтэц, орон тоог Засгийн газрын 2017 оны 344 дүгээр тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/25 дугаар тушаал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаартай тушаалаар байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалт, орон тоог тус тус өөрчилсөн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0512 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч Б.Б нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар[1] тус газрын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/100 дугаар тушаалаар[2] Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын чиг үүрэгт өөрчлөлт орсон, Нийгмийн даатгалын ерөнхий газар болж бүтэц орон тоо шинэчлэн батлагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг тухайн албан тушаалаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б-ийн ажиллаж байсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын албан тушаалын ажлын байрны чиг үүрэг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хэвээр хадгалагдан үлдсэн байхад хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй нь буруу талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 344 дүгээр тушаалаар[3] өөрчлөгдөж, Нийгмийн даатгалын ерөнхий газар болсон ч тус газрын Тамгын газрын даргын орон тоо, албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэдэг нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны А/03[4], Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны А/22[5] дугаар тушаалууд, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар[6], Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтуудаар[7] тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн “...байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалт, орон тоо тус тус өөрчлөгдсөн...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Хариуцагч  маргаан бүхий тушаалыг гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу “биечлэн уулзах сонсох ажиллагааг” 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр явуулсан ч уг хуульд зааснаар сонсох ажиллагааны зорилго нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох тул сонсох ажиллагаа явуулсан нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн хариуцагч нэхэмжлэгчийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан гэж үзэн томилж, 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 89 буюу “В” гэж дүгнэсэн зэргээс үзвэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод “...Төрийн удирдах албан тушаалд 3 ба түүнээс дээш жил ажилласан байх” шаардлагыг хангахгүй гэж үзэн Б.Б-ийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхгүй гэж дүгнэх боломжгүй, мөн хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.  

Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулж болох бөгөөд уг төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т дурдсан эрхийг төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд эдлэхээр хуульчилжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Н.Б-ыг төлөөлөгчөөр оролцуулахаар 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр итгэмжлэл олгож, эдлэх эрхэд нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн буюу хэсэгчлэн татгалзах эрхийг олгоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ын тус шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасны дагуу “...нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх...” шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаас үзвэл ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнийг ажилсантай адилтган үзэж ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны цалингаас хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийг хасаж, төлөх, ийнхүү төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй төдийгүй анхан шатны шүүх шийдвэрийн 3 дахь заалтаар ...дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 3.761.423 төгрөгөөс холбогдох татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн “...нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх...” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлах шаардлагагүй юм.

Иймд энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй хэдий ч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэхдээ гаргасан зөрчлийг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0512 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3, 4 дэх заалтын дугаарыг “2”, “3” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

         ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг-1-44 хуудас

[2] Хавтаст хэрэг-1-8 хуудас

[3] Хавтаст хэрэг-1-56 хуудас

[4] Хавтаст хэрэг-1-49 хуудас

[5] Хавтаст хэрэг-1-61 хуудас

[6] Хавтаст хэрэг-2-9 хуудас

[7] Хавтаст хэрэг-1-71 хуудас