Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 762

 

Б.Цогжавхлан, Б.Хасбаатар нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Дэлгэрмөнх,

Яллагдагч Б.Хасбаатар,

Яллагдагч Б.Цогжавхлан,

Яллагдагч нарын өмгөөлөгч Ж.Жавзандулам,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн  гаргасан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 277 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Дэлгэрмөнхийн бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаар эсэргүүцлээр Б.Цогжавхлан, Б.Хасбаатар нарт холбогдох 201625021561 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бөхчүүд овогт Болдын Цогжавхлан, 1987 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Сан комфорд” ХХК-д дулааны байцаагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхэд, эцэгийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 16-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ХЙ87082202/,

2. Бэхээ овогт Батмөнхийн Хасбаатар, 1986 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, хадам эцэгийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 16-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: АЕ86091179/;

Б.Цогжавхлан, Б.Хасбаатар нар нь бүлэглэн, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зусланд байрлах иргэн Б.Хишигбатын гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Болор-Одтой маргалдан, улмаар зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Хасбаатар, Б.Цогжавхлан нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Яллагдагч Б.Хасбаатар, Б.Цогжавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 219 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Яллагдагч Б.Цогжавхлангаас 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хохирогчоор мэдүүлэг авахдаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн хавтаст хэргийн 71 дүгээр талд яллагдагч Б.Цогжавхлан, Б.Хасбаатар нарын гэр бүлийн баталгаа байх бөгөөд сэжигтнээр 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр, яллагдагчаар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус тус мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 “...Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан ...өөрийн болон гэр бүлийн гишүүд,  ...хэрэглэхийг хориглоно”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11 дэх хэсэгт заасан “гэр бүлийн гишүүн” гэж сэжигтэн, яллагдагч, ...эхнэр, нөхөр...” гэснийг тус тус зөрчиж байна гэж шүүх үзлээ.

Мөн хохирогч Т.Болор-Одыг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хохирогчоор тогтоосон байх бөгөөд “2016 оны 16 дугаар сарын 16-ны өдөр” мэдүүлэг авсан нь цаг хугацааны хувьд ойлгомжгүй байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасан “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл болохгүй” гэснийг зөрчжээ.

Хавтаст хэргийн 25 дугаар талд шинжээч эмч Г.Ханхүүгийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлт байх бөгөөд шинжээчээс 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байцаалт авчээ. Гэтэл шинжээчийн дүгнэлт дэх шинжээч эмч Г.Ханхүүгийн гарын үсэг, мэдүүлэг өгсөн шинжээч эмчийн гарын үсэг хоорондоо зөрүүтэй байгааг тодруулах шаардлагатай гэж үзэж байна.

Мөн Т.Болор-Одод сэжигтнээр тооцох тогтоолыг танилцуулаагүй байх бөгөөд сэжигтнийг байцаасан тэмдэглэлд Т.Болор-Одоор гарын үсэг зуруулаагүй нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иймд дээрх ажиллагааг хийсний эцэст хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Б.Хасбаатар, Б.Цогжавхлан нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор А.Дэлгэрмөнх бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт “...гэрч, хохирогч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах тухай сануулна...” гэж заасан тул сэжигтэн, яллагдагч нарт энэ эрхийг тайлбарлан өгөх шаардлагагүй юм. Б.Цогжавхлан, Б.Хасбаатар нар нь хоёулаа гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан тул дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Б.Цогжавхланг хохирогчоор тогтоон шалгасан үйлдлийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 346 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул хохирогчоор байцаасан байцаалт нь нотолгооны ач холбогдолгүй болсон. Мөн Т.Болор-Одыг сэжигтнээр байцаахдаа, өмгөөлөгч Д.Дашдоржийг байлцуулан байцаагаад гарын үсэг зуруулсан болох нь хавтаст хэргийн 52 дугаар хуудасны ар талд байгаа нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж байна. Тэгээд ч Т.Болор-Одод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно. Шинжээч эмч Г.Ханхүүгийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлт, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байцаалт авсан тэмдэглэлд зурсан гарын үсэг нь зөрүүтэй байгааг тодруулах гэсэн нь хэрэгт ач холбогдолгүй, гарын үсгийг ямар ч хэлбэрээр зурах эрх нь уг хүнд байгаа ба гарсан дүгнэлттэй холбоотой үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд дээрх ажиллагаануудыг хийх шаардлагагүй ба хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 277 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү” гэв.  

Яллагдагч нарын өмгөөлөгч Ж.Жавзандулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Хавтаст хэргээс үзэхэд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, зөвхөн хохирогчийн мэдүүлгээр хэргийг нотлох гэж оролдсон нь харагддаг. Мөн хохирогч Т.Болор-Одоос мэдүүлэг авахдаа хууль сануулаагүй. Шинжээч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг тал бүрээс нь харж, бодитой дүгнэсний эцэст ял оногдуулах нь зүйтэй. Өмгөөлөгчийн хувьд хавтаст хэргийн хүрээнд миний үйлчлүүлэгч нарын гэм буруу нотлогдоогүй гэж үзэж байна. Хохирогч Т.Болор-Одын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч Т.Болор-Од худал мэдүүлэг өгдөг нь харагдаж байна. Хохирогч “намайг махны модоор цохисон” гэж удаа дараа мэдүүлдэг боловч махны модоор цохисныг харсан хүн байдаггүй. Хэрвээ мах хөшиглөж байхад махны модоор цохисон бол мах нь газарт унасан байх ёстой. Мөн хохирогч “А.Сосорбарам миний хөл рүү 2 удаа өшиглөсөн” гэдэг боловч А.Сосорбарамд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ мэтээр хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой дүгнэх хэрэгтэй. Өмгөөлөгчийн зүгээс хохирогч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.5.2 дахь хэсэгт заасан хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх эдгээр байдлыг үндэслээд шүүгчийн захирамж гаргаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Яллагдагч Б.Цогжавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогч Т.Болор-Одтой төрсөн эхээс нь болж маргалдсан. Намайг өвөө, эмээгийнхээ гэрт очиход эмнэлэгт өвчтэй хэвтэж байгаа эхийгээ сахих гэж үлдсэн Т.Болор-Од ирчихсэн байсан. Би “чи энд юу хийж байгаа юм бэ, яагаад эхийгээ асрахгүй эмнэлгээс гараад ирсэн юм бэ” гэж хэлснээс маргаан үүссэн. Би хохирогч Т.Болор-Одыг ямар нэг байдлаар санаатай цохисон зүйл байхгүй” гэв.

Яллагдагч Б.Хасбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Т.Болор-Од болсон хэргийн талаар хэтрүүлж мэдүүлэг өгч, биднийг гэмт хэрэгт гүтгэсэнд гомдолтой байна. Хохирогч “намайг махны модоор цохисон” гэж мэдүүлж байгаа нь худал. Хэрвээ мах хөшиглөж байхад нь махны модоор цохисон бол дээр нь байсан мах газарт унах байсан” гэв.

ХЯНАВАЛ:

Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд “хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр” дараах үндэслэлийг заажээ. 

Нэг. а/ Яллагдагч Б.Цогжавхлангаас 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хохирогчоор мэдүүлэг авахдаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасан заалтыг,

б/ Мөн яллагдагч Б.Цогжавхлан, Б.Хасбаатар нарыг сэжигтэн, яллагдагчаар татаж, улмаар мэдүүлэг авахдаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан заалтыг тус тус зөрчсөн гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “… өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, … Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. …” гэж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт “Гэрч, хохирогч нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг тэдний байдлыг хүндрүүлж болох тухай мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлан өгөх бөгөөд энэ эрхээ эдлэхгүй гэвэл мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх тухай сануулна” гэж тус тус заажээ.

Яллагдагч Б.Цогжавхлан, Б.Хасбаатар нар нь нөхөр, эхнэрийн холбоотой хууль ёсны гэр бүл, Б.Цогжавхлан нь хохирогч Т.Болор-Одтой төрөл садны буюу үеэлийн холбоотой болох нь тогтоогдсон байна.

Иймд дурдсан үндэслэлүүдээр мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Болор-Одыг  байцаахдаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Б.Цогжавхлан, Б.Хасбаатар нар нь бүлэглэсэн үйлдэлдээ бие биенийхээ эсрэг гэрчийн байр суурьнаас мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг буюу Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.6-д заасан эрхийг шүүгдэгч нарт тайлбарлан өгч, хэргийг шийдвэрлэх боломжтой. 

Хоёр: “Шүүхээс шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Г.Ханхүүгийн гарын үсэг, уг шинжээчийн мэдүүлэгт зурсан гарын үсэг хоорондоо зөрүүтэй байна” гэжээ.

Анхан шатны шүүх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмч Г.Ханхүүг оролцуулан гарын үсгийн зөрүүтэй байдлыг тодруулах боломжтой.

Гурав: “Хохирогч Т.Болор-Одыг сэжигтнээр татах тогтоолыг танилцуулаагүй, гарын  үсэг зуруулаагүй байна” гэжээ.

Хохирогч Т.Болор-Одыг сэжигтнээр байцаасан тэмдэглэлийн эрх, үүрэг тайлбарласан болон мэдүүлэг өгсөн хуудасны эхний нүүрэн дээр түүний гарын үсэг зурсан, мэдүүлгийн арын хуудсанд байцаалтанд байлцсан түүний өмгөөлөгч нь гарын үсэг зурсан зэргээр Т.Болор-Эрдэнэ нь ямар хэрэгт сэжиглэгдэж байгаагаа мэдсэн, мэдүүлэг өгсөн гэж үзэх боломжтой. Мөн Прокурор тогтоол гарган Т.Болор-Одод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Прокурорын хуульд заасан эрх хэмжээний асуудал байна.

Иймээс Анхан шатны шүүх яллагдагч Б.Цогжавхлан, Б.Хасбаатар нарыг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Цогжавхлан, Б.Хасбаатар нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.