Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00658

 

 

           Б.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоожнарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/06101 дүгээр шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 607 дугаар магадлалтай,

Б.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй,

Улаанбаатар Төмөр замын аялал жуулчлалын товчоо, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдох,

Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Мөнхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Д.Цэдэн-Иш, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар Төмөр замын Замын-Үүд дэх “Жинчин” зочид буудлын даргаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байсан. Аялал жуулчлалын товчооны захирал н.Алтан-Од болон дээд байгууллагад зочид буудлын ажлыг сайжруулах орлого нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардлагатай санхүүгийн төсөв хөрөнгийг гаргаж явуулан удаа дараа биечлэн уулзаж, санал хүсэлтээ тавьж байсан боловч тодорхой арга хэмжээ авч өгөөгүй атлаа надаас шалтгаалаагүй асуудлаар арга хэмжээ авч ажлаас халсныг зөвшөөрөхгүй байна.Намайг захиргааны чөлөөтэй байх үед надад хамааралгүй асуудлаар сахилгын арга хэмжээ авсан байсан.2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хурал гэж дуудаад Замын-Үүдээс ирэхэд шууд ажлаас хална гээд тушаал гаргасан.

Иймд ажлаас үндэслэлгүй халсныг зөвшөөрөхгүй байгаа тул ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин 1.014.287 төгрөгийг гаргуулжөгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж: 2016 оны 06 сарын 20-ны өдрийн 103 дугаар тушаалаар Тээврийн хяналтын албаны хамтарсан шалгалтаар хангалтгүй үнэлэгдэж, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан нь 2016 оны 03 сарын 31-ний өдрийн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын улсын байцаагчийн шаардлагад дурдсан зөрчлүүдэд хэн нэгэн албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой гэсэн байдлаар хандсан. Дээрх улсын байцаагчийн шаардлагад Б.Мөнхтуяаг хангалтгүй ажилласан гэх дүгнэлт байхгүй байгаа гэх мэтчилэн хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчил дээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах талаар ажилтантай харилцан тохироогүй байж удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж байгаа нь Б.Мөнхтуяаг анхнаасаа ажлаас халах зорилго агуулж, хандаж байсныг илэрхийлж байна.

Иймд УБТЗ-ын Аялал Жуулчлалын Товчооны даргын 2015 оны 04 сарын 28-ны өдрийн 71 дүгээр тушаал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй байх тул тушаалыг хүчингүй болгож, Б.Мөнхтуяаг урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо шүүхэд гаргасан тайлбартаа: Аялал жуулчлалын товчоо нь бие даасан хуулийн этгээд биш бөгөөд “УБТЗ"-ын нэг салбар ба хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлгүй юм. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д: “Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно”, 29.6-д: «Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж тус тус заасны дагуу энэхүү иргэний хэрэгт УБТЗ-ын салбар нэгж болох Аялал жуучлалын товчоо хариуцагч болох хууль зүйн үндэслэлгүй. Иргэн Б.Мөнхтуяад УБТЗ-ын Аялал жуулчлалын товчооны даргын 2016 оны 08-р сарын 05-ний өдрийн 118 тоот тушаалаар 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтээр орлогын төлөвлөгөөг 126,5 сая төгрөгөөр, ашгийн төлөвлөгөөг 69,9 сая төгрөгөөр тасалдуулж алдагдалтай ажиллахад хяналт тавиагүй, орлого ашгийг нэмэгдүүлэхэд шуурхай удирдлагаар хангаж, тодорхой ажил зохион байгуулж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шуурхай хурал тасалсан, сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. 2016 оны 05-р сард Хяналтын албанаас Б.Мөнхтуяагийн удирдаж байсан Жинчин зочид буудал, зоогийн газарт хийсэн хяналт шалгалтаар Эрүүл ахуйн тухай хууль, Хүнсний тухай хууль болон Хоолны газрын нийтлэгжурам болон холбогдох стандартыг зөрчсөн зөрчил их байсан тул хариуцлага тооцож 2016 оны 06-р сарын 20-ны 103 тоот тушаалаар 1 сарын 20 хувь цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан.Б.Мөнхтуяаг удирдаж байх хугацаанд байгууллага нь байнга алдагдалтай ажиллаж байсан.Мөн 2016 оны хагас жилийн тайлан балансаар алдагдал нь өмнөх оноос нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан ба 2016 оны 08-р сарын 02-ны өдөр болсон хагас жилийн байгууллагын тайлан баланс хэлэлцэх хуралд оролцохоос санаатайгаар зайлсхийсэн зэрэг нь Б.Мөнхтуяа нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, ашиг орлогыг нэмэгдүүлэх болон алдагдлыг бууруулах талаар ямар ч үйл ажиллагаа хэрэгжүүлдэггүй, байгууллагыг удирдах чадваргүй болохыг харуулж байсан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.Иймд Б.Мөнхтуяаг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/06101 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын Аялал Жуулчлалын Товчооны даргын 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 118 дугаар тушаалыг хүчингүй болгож, Батжаргалын Мөнхтуяаг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын Аялал Жуулчлалын Товчооны харъяа Жинчин зочид буудлын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Улаанбаатар Төмөр Замын Аялал Жуулчлалын Товчоонд холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замаас 3.696.600 /гурван сая зургаан зуун ерэн зургаан мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан Б.Мөнхтуяад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Б.Мөнхтуяагийн нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 607 дугаар магадлалаар:Баянгол дүүргийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/06101дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагчМонгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замд холбогдох УБТЗ-ын товчооны даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 71 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.014.287 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Б.Мөнхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын Аялал жуулчлалын товчооны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжидтөлсөн 74.100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх дээр хариуцагч тал 2016 оны 01 сарын 26-ны өдрийн 15 дугаар тушаалаар надад үндэслэлгүй арга хэмжээ авснаа хүлээн зөвшөөрч энэ талаармаргахгүй гэсэн байна.Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа 2016 оны 10 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа: “хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаасхалсан УБТЗ-ын Аялал Жуулчлалын Товчооны даргын 2016 оны 08 сарын 05-ны өдрийн 118 дугаар тушаалыг 2015 оны 04 сарын 28-ны өдрийн 71 дугаартай тушаал” гэж бичсэн байна. Харин шүүх хурлын явцад энэхүү алдааг засаж 2016 оны 08 сарын 05-ны өдрийн 118 дугаар тушаал гэж зөвтгөсөн болох нь шүүх хурлын тэмдэглэл, анхан шатны шүүхийншийдвэрт тусгагдсан зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхдутуу үнэлснээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнгэж үзэж байна. Намайг ар гэрийн гачигдлын улмаас захиргааны чөлөөтэй байхад хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үндэслэлгүй тушаал гаргасан болохоо хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй. Үүнийг хариуцагч тал сахилгын шийтгэл оногдуулсан гэж үзээгүй болохоо тайлбарласан. Энэ талаарх нотлох баримт хэрэгт байгаа. Тийм ч учраас хариуцагч анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд 2016 оны 06 сарын 20-ны өдрийн 103, 2016 оны 08 сарын 05-ны өдрийн 118 дугаар тушаалыг үндэслэн хариу тайлбар, давж заалдах гомдлоо гаргасан. 2016 оны 06 сарын 20-ны өдөр 103 дугаар тушаалын хувьд: надад хариуцсан ажилдаа хайнга хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр арга хэмжээ авсан тухай надад мэдэгдээгүй, арга хэмжээ авсан тушаалыг гардуулж өгөөгүй, миний цалин хөлснөөс 20 хувийн суутгал хийсэн болохыг 2016 оны 07 сарын 30-ны өдөр цалингийн картанд цалинг шилжүүлэхэд мэдсэн бөгөөд гомдол гаргах хугацаа өгөлгүй, 2016 оны 08 сарын 05-ны өдрийн 118 дугаартай тушаалаар ажлаас халсан.УБТЗ-ын Аялал Жуулчлалын Товчооны даргын 2016 оны 06 сарын 20-ны өдөр 103 дугаар тушаалаар надад хөдөлмөрийн сахилга батын арга хэмжээ авахдаа Хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан замын даргын 2016 оны 06 сарын 02-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрийг үндэслэсэн ба тушаах хэсгийн нэг дэх заалтаар “Тээврийн хяналтын албаны хамтарсан шалгалтаар хангалтгүй үнэлэгдэж, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан гэж хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заагаагүй үндэслэлээр арга хэмжээ авсан.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийнсанаачлагаар цуцлах хууль зүйн үндэслэлийг заасан байна. Хариуцагч Монгол-Оросынхувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Аялал Жуулчлалын Товчооны даргын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 118 дугаар тушаалын үндэслэх хэсэгт: Хөдөлмөрийн тухай хуулийн40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1. дэх заалтуудыг баримталсан байна.Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан сахилгынзөрчил давтан гаргасан гэж үзэж байна гэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 1 тушаал гаргасан. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 29-д “сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх...” гэжээ. Миний УБТЗ-ын Аялал жуучлалын Товчоотой хийсэн Хөдөлмөрийн гэрээний 4.2-д “Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрэм, хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдөж, хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллана” гэсэн байгаа. Хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцох талаар дурдаагүй. УБТЗ-ын Аялал Жуучлалын товчооны даргын 2016 оны 08 сарын 05-ны өдрийн 118 дугаар тушаал нь намайг захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа эсвэл хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулаад байгаа нь ойлгомжгүй байхад хуульд заасан журмыг баримталсан тушаал гарсан байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.Намайг ажлаас халсан тушаал нь Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15-д “ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал/ гаргана” гэсэнтэй нийцэхгүй байгаа юм.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 03 сарын 03-ны өдрийн 607 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/06101 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцээгүй байна.

           Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа нь хариуцагч Улаанбаатар Төмөр замын Аялал жуулчлалын товчоо, Монгол-оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д холбогдуулан“...тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” тухай шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...сахилгын давтан зөрчил гаргасан” гэсэн тайлбар гаргаж маргажээ.

            Улаанбаатар Төмөр замын Аялал жуулчлалын товчооны даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 118 дугаар тушаалаар Жинчин зочид буудлын эрхлэгч  Б.Мөнхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халахдаа 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтээр орлогын төлөвлөгөөг 126.5 сая, ашгийн төлөвлөгөөг 69.9 сая төгрөгөөр тасалдуулж, орлого, ашгийг нэмэгдүүлэхэд шуурхай удирдлагаар хангаагүй, шуурхай хурал тасалсан, сахилгын давтан зөрчил гаргасан гэж дурдан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэл болгожээ /хэргийн 3 дугаар тал/.

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ажил олгогч нь 2016 оны 01 дүгээр сард Б.Мөнхтуяаг захиргааны чөлөөтэй байх хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан хэдий ч энэхүү арга хэмжээг давтан зөрчилд тооцоогүй талаар хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбар гаргаснаас гадна энэ зөрчлийн талаар ажлаас халсан тушаалд дурдагдаагүй байна /хэргийн 170-173 дугаар тал/.

            Улаанбаатар Төмөр замын Аялал жуулчлалын товчооны даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 103 дугаар тушаалаар Б.Мөнхтуяад үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй байна.

            Давж заалдах шатны шүүх Жинчин зочид буудал 2016 онд орлого, зарлагын алдагдалтай ажилласан нь 2016 оны эхний хагас жилийн тайлангаар нотлогддог, Б.Мөнхтуяа нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрхэн биелүүлсэн нь тодорхой биш, шуурхай хуралд ирээгүй ажил тасалж давтан зөрчил гаргасан тул ажилолгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь зөв гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд ньхэрэгсэхгүй болгожээ.

            УБТЗ-ын Аялал жуулчлалын товчооны дүрмийн 2.13-т “...зохион байгуулалтын бүтэц, жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, зардлын төсвийн хязгаар, орон тоо, цалингийн санг УБТЗ тогтоож батална” гэж заасан ба Жинчин зочид буудлын 2016 оны төлөвлөгөө, зардлыг хэрхэн тогтоосон нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

            Нэхэмжлэгч нь Жинчин зочид буудлын эрхлэгчээр 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ажилласан байх бөгөөд үүнээс өмнө тус буудал алдагдалгүй, ашигтай ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй байна.

            Түүнчлэн Б.Мөнхтуяа ажлын байрны тодорхойлолтод заасан ямар үүргээ биелүүлээгүйгээс зочид буудал алдагдалтай ажилласан болохыг хариуцагч нотолж чадаагүйгээс гадна шуурхай хурал тасалсныг сахилгын шийтгэлд тооцох тухай баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүх ажилтныг давтан зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдээгүй байна.

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ ажил олгогчийн тушаалын үндэслэл, ажилтны гаргасан зөрчлийн талаарХөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийсэн боловч хариуцагчийг зөв тогтоож чадаагүй байна.

            Монгол-оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын 2015 оны А-280 дугаар тушаалаар баталсан Аялал жуулчлалын товчооны дүрмийн 2.1-т “тус товчоо нь аж ахуйн тооцоотой салбар нэгжийн хувьд эргэлтийн хөрөнгө, бие даасан баланс, харилцах данс, тэмдэгтэй байх”, 2.6-т “...Жинчин зочид буудлын даргыг Улаанбаатар Төмөр замын Аялал жуулчлалын товчооны захирал томилох...”-оор заасан ба Улаанбаатар Төмөр замын Аялал жуулчлалын товчоо нь өөрийн эрхэлсэн үйл ажиллагааныхаа хүрээнд бие дааж шийдвэр гаргах эрхтэй байна /хэргийн дугаар 42-45 тал/. Үүнээс үзвэл, хариуцагч нь Улаанбаатар Төмөр замын Аялал жуулчлалын товчоо байна.

            Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анханшатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 607 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/06101 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Мөнхтуяаг Улаанбаатар Төмөр замын Аялал жуулчлалын товчооны харьяа Жинчин зочид буудлын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж, 2 дах заалтын “Монгол оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас...” гэснийг “Улаанбаатар Төмөр замын Аялал жуулчлалын товчооноос” гэж, 3 дах заалтын  “Монгол оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд” гэснийг “Улаанбаатар Төмөр замын Аялал жуулчлалын товчоонд” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 74.100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ