Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 263

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж С.Э-т холбогдох 1834005430277 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны  өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймаг Рашаант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засварчин мэргэжилтэй, ам бүл 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо, 65-21 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт С.Э /РД:РЗ79103011/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн нутаг “Тайсын хөтөл” гэх газар өөрийн эзэмшлийн Х.Соната-6 маркийн 07-12 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дугаар заалт буюу “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Б.Энхтайваны жолоодож явсан Хюндай Портер маркийн 58-15 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж хөрөнгөнд 3840000 төгрөг, зорчигч Г.Буяннэмэхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч С.Э нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн нутаг “Тайсын хөтөл” гэх газар өөрийн эзэмшлийн Х.Соната-6 маркийн 07-12 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дугаар заалт буюу “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Б.Энхтайваны жолоодож явсан Хюндай Портер маркийн 58-15 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж хөрөнгөнд 3840000 төгрөг, зорчигч Г.Буяннэмэхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Буяннэмэх мэдүүлсэн: “.... 2018 оны 07 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум руу Х.Портер маркийн 58-15 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй нөхөр Энхтайваны хамт Төв аймгийн Борнуур сумын нутаг Тайсын хөтөл гэх газар явж байтал урдаас Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд орж ирэхээр нь би замаа шахаад зогссон чинь урдаас ирээд мөргөсөн. Баруун шууны хугарал, зүүн нүд хөхөрсөн, хөл битүү хавагнасан байсан. Хоёр машин дараалан явж байгаад эхнийх нь машин өөрийнхөө урсгалд орсон чинь тэр Сонота гэнэт гарч ирсэн. Тэр машины жолооч тоормос гишгэсэн боловч зогсоож амжаагүй.Би замаа шахаад зогссон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нөгөө машины жолооч надад эмчилгээний зардал 400.000 төгрөг төлсөн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. . .2018 оны 07 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос 15 цагийн үед портер маркийн 58-45 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр жолоодоод гарсан. 18 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын нутаг Тайстын хөтөл гэдэг газар явж байтал өөдөөс нэг машин миний талаар орж ирээд мөргөлдсөн. Ил шарх сорви байхгүй ээ. Харин баруун гарын бугалга, сарвуунууд янгинаад өвдөөд байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-22-23, 32 тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Энхтайван мэдүүлсэн: “Тээврийн хэрэгсэл М.Гантулга гэх хүний нэр дээр байдаг боловч миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би Гантулга гэдэг  хүнээс 2017 оны 08 сард худалдаж аваад нэрээ шилжүүлж амжаагүй байгаа юм. 3.840.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Би тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо барагдуулж авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 2018 оны 07 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос 58-15 СЭА улсын дугаартай портер маркийн машинтай эхнэр Г.Буяннэмэхийн хамтаар 15 цаг 30 минутанд Улаанбаатар хотоос Сэлэнгэ Зүүнбүрэн сум орохоор гарсан. 18 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Тайсын хөтөл гэх газар явж байтал өөдөөс нэг машин урсгал сөрөөд гүйцэж түрүүлээд орж ирж байсан. Тэгээд тэр машинтай мөргөлдсөн ” гэх мэдүүлэг /хх-25, 27 тал/,

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Энхмаа мэдүүлсэн: “...2018 оны 07 сарын 18нд Хөвсгөлөөс Соната-6 маркийн 07-12 УНР Тээврийн хэрэгсэлтэй манай нөхөр С.Э жолоодоод 5 хүний хамт гарсан.2018 оны 07 сарын 18-ны өдөр 18 цагийн үед Борнуур сумын нутаг Тайсын хөтөлийн тэнд явж байтал урьд явж байсан машин зүүн гар талруугаа дохио өгөөд гүйцэж түрүүлээд үйлдэл хийсэн. Тэгэхээр  нь мана нөхөр буюу жолооч С.Э нь мөн адил зүүн гар тийшээ дохио өгч гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Тэгтэл урд явсан машин баруун гар талруугаа дохио өгөөд орсон. Манайх харин баруун гар талруу орох гэтэл баруун гар тал уу  машин байсан. Тэгтэл урдаас машин их ойрхон байсан. Тэгээд манай нөхөр зүүн дараад портерд зам тавьж өгөх гээд амжаагүй мөргөлдсөн. Надад өвдсөн зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хх- 26 тал/,

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Оюунчимэг мэдүүлсэн: “ 2018 оын 07 сарын 17-ны өдрийн орой бид нар Хөвсгөл аймгаас гарсан. Замдаа хоночихоод Улаанбаатар хот руу явж байгаад Төв аймгийн Борнуур сум руу Урьхан зоогийн газар уруу дөхөж явсан. Би тухайн үед осол болоход юу болсныг хараагүй. Би замын хажуу уруу хараад явж байсан. Сонота-6 маркийн 07-12 УНР дугаарт автомашинтай явсан. Машинд явсан хүмүүсээс бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Би жолоочийн арын суудалд суугаад явж байсан. Миний хажууд жолоочийн хүү, цаана нь манай нөхөр сууж явж байсан. Урьд суудалд Э-ын эхнэр Энхмаа сууж явсан” гэх мэдүүлэг /хх-29 тал/,

                мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Дашдондог мэдүүлсэн: “2018 оны 07 сарын 17-ны өдрийн орой Хөвсгөл аймгаас гараад замдаа хоносон. Цааш яваад Төв аймгийн Борнуур сум уруу ороод явж байсан. Би хөлийнхөө голд нь байсан 5 литрийн айргийг унахаар нь босгох санаатай хөдлөхөд урдаас нэг суудлын машин ирээд портер хоёр зэрэгцээд ороод ирсэн. Тэгээд л тус тас хийгээд явчихсан. Тэгээд цагдаа дуудсан. Манай соната-6 маркийн автомашинд сууж явсан хүмүүсээс бэртэж гэмтсэн хүн байхгүй. Харин портер машинд сууж явсан нэг эмэгтэйн гар нь жаахан эвгүй болчихсон байсан. Кордон цаасаар чиг тавьж өгөөд явуулсан. ” гэх мэдүүлэг /хх-30 тал/,

                мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Гантулга мэдүүлсэн: “Портер маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 08 дугаар сарын сүүлээр Солонгос улсаас худалдан аваад Монгол руу ачуулсан юм. Монголд ирээд манай эгч машиныг тосож аваад миний машиныг манай ах унаж хэрэглэж байгаад 2017 оны 09 дүгээр сарын эхээр хүнд худалдахаар болсон юм. Монголд Портер машиныг бараг 20 хонохгүй шинээр унаж байгаад хүнд зарчихсан гэж манай ах хэлсэн юм. Би өөрөө Солонгос улсад байж байгаад 2017 оны 09 сарын 05-ны өдөр ирсэн. Монголд ирсэн юм. Тухайн үедээ машиныг зарсан боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээнд дээрх нэрийг нь солиулж  амжаагүй. Тэгсэн миний машиныг худалдаж авсан хүн надтай холбогдоод машиныхаа бичиг баримтыг албан ёсоор шилжүүлэхгүй бол замын хөдөлгөөний оролцоход төвөгтэй хэцүү байна гэж хэлж байсан. Тэгээд 2017 оны 09 сарын дундуур нь тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх талаар машин худалдаж авсан хүнд итгэмжлэл хийж өгөөд буцаад Солонгос улс руу яваад өгсөн. Маний худалдсан машин Солонгос улсад оношилгоонд орж байсан. Тээврийн хэрэгслийн хувьд бүрэн бүтэн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Надаас Энхтайван гэдэг хүн худалдаж аваад саяхан осолд холбогдсон гэж сонссон гэж сонссон. 58-15 СЭА улсын дугаартай хөх цэнхэр өнгийн Портер машиныг Энхтайван гэх хүнд худалдсан болохоор уг тээврийн хэрэгсэл одоо надад ямар ч хамаагүй. Энхтайванд би жилийн өмнө нь машины бичиг баримт  солиулах талаар итгэмжлэл хийж өгсөн. Энхтайван өөрөө машины бичиг баримтаа албан ёсоор солиулж нэр дээрээ шилжүүлж аваагүй өдий цаг хугацаа хүрсэн байна. Миний хувьд иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлага байхгүй. Би тээврийн хэрэгслийг худалдсан Энхтайванд машин эзэмшлийн нэрийн шилжүүлэх талаар итгэмжлэл хийж өгсөн байгаа. Одоо энэ тээврийн хэрэгсэл Энхтайван гэдэг нь хүний автомашин байгаа юм. Би энэ хэрэгт ямар ч хамаагүй. Надад гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй байна ” гэх мэдүүлэг /хх-35 тал/,

 

                мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Э мэдүүлсэн: “ Би 2018 оны 07 сарын 17-ны өдрийн орой Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу орох гээд өөрийн эзэмшлийн 07-12 УНР улсын дугаартай Х.Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Төв аймгийн Борнуур сумын нутаг Тайсын хөтөл гэх газар явж байхад миний урд явсан машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гээд эсрэг урсгалд орохоор нь би дагаад эсрэг урсгалд орсон, тэгсэн урд явсан машин маань гүйцэж түрүүлэх үйлдлээ хийгээд өөрийнхөө эгнээнд орсон. Тэгтэл өөдөөс нэг цэнхэр өнгийн портер явж байсан. Би өөрийн урсгалд ороход гэсэн боловч хажууд нэг машин зэрэгцэн явж байхаар нь портерийн буруу талаар нь зөрөөд гарчих санаатай эсрэг урсгалын хөвөө рүү гарах гээд зүйн гар тийшээ дарсан. Тэгсэн нөгөө портерт явж байсан. Би өөрийн урсгалд орох гэсэн боловч хажууд нэг машин зэрэгцэн явж байхаар ню портерын буруу талаар нь дарсан. Тэгсэн нөгөө портерын жолооч мөн баруун гар тал руугаа хөвөө рүүгээ шахаад зогсох гэж байсан. Тэгээд би очоод портерийн урдаас мөргөсөн. Миний машинд надаас гадна 3 том хүн, нэг хүүхэд сууж явсан. Хүүхэд нь бол миний хүүхэд гурван том хүн нь болохоороо манай хамтран амьдрагч, нөгөө хоёр нь манай цуг ажилладаг хүмүүс байсан” гэх мэдүүлэг /хх-45 тал/,

                Сэлэнгэ аймаг шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 сарын 23-ны өдрийн 304 дугаартай дүгнэлт: “ Г.Буяннэмэхийн биед баруун тахилзуур ясны хугарал, зүүн нүдний доод зовхи, баруун зүү өвдөг, зүүн шагайнд цус хуралт, баруун шуу, зүүн шагайнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 38-тал/,

                Төв аймаг дахь замын цагдаагийн газар замын цагдаагийн тасаг шинжээчийн 2018 оны 08 сарын 18-ны өдрийн №0000091 дугаартай дүгнэлт: “Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Хюндай Сонота маркийн 07-12 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан. С.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж үзэв. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8-р бүлгийн 8.2-т Эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Хюньдай Портер маркийн 58-15 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Энхтайван нь Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Хюньдай Сонота маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.Э, Хюньдай Портер маркийн 58-15 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Энхтайван нарыг тухайн үед хэдэн километр цагийн хурдтай явсан эсэхийг тогтоох боломжгүй байна гэж үзэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Хьюндай  Сонота маркийн 07-12 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж үзэв. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болсон байна гэж үзэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэж үзэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй байна гэж үзэв” гэх дүгнэлт /хх-40 тал/  зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч С.Эт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч, улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан торгох ял оногдуулж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Э-т сануулав.

            Шүүгдэгч С.Эт холбогдох  эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Эын №507387 дугаарын В ангиллын жолооны үнэмлэх, №01890851 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нь хураагдан ирсэн байх тул жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овгийн С.Э-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ыг 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Э-т оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан №507387 дугаартай жолоочийн үнэмлэх, №01890851 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг С.Э-д буцаан олгосугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Э-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ