| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2635000000068 |
| Дугаар | 2026/ДШМ/36 |
| Огноо | 2026-09-22 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Баасанхүү |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2026/ДШМ/36
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:
Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баасанхүү, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Г.Алтанлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Б.Б-д холбогдох, *** дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 14-нд Увс аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Х-сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
1. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б- нь 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд Увс аймгийн Х-сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүйтний ар” гэх газраас хохирогч Д.Д-ын эзэмшлийн хар халтар зүсмийн 1 тооны даагыг машин механизм ашиглаж буюу ** улсын дугаартай “Toyota succeed” загварын тээврийн хэрэгслээр нууцаар тээвэрлэн, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баасанхүүгээс шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б-д 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
- шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашиглаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Б-ын өмчлөлийн 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийн үнэ бүхий ** улсын дугаартай “Toyota succeed” загварын тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр хэрэглэж,
- шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Б.Б- нь өдрийн цагаар тухайн 5 адууг тууж А.Г-ын хотонд очсон байх бөгөөд улмаар нэг тооны даага барьж авч явсан. Тэгэхдээ А.Г-ад “би өөрөө мэдээд авах ёстой юмаа авчихъя” гэсэн нь авах ёстой юм буюу урьдын өглөг, авлагын тооцоотой байсны үлдэгдлээ авч байгаагаа хэлээд авсан. Хэдийгээр А.Г- уг адууны өмчлөгч, эзэмшигч биш боловч тухайн үед болсон явдлыг нүдээр үзсэн гэрч юм.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох нууц далд аргаар, сэмээр авах гэдэгтэй нийцэхгүй байна. Хэрэв үнэхээр хулгайлах байсан бол гэгээ тасарч байхад айлын гадаа тууж ирж бусдын дэргэд авах уу. Жаахан хүлээж байгаад харанхуй болохоор бэлчээрээс нь барьж аваад явах боломжтой байсан.
Энэ нь Б.Б-ыг хулгай хийгээгүй, харин өөрийн авах ёстой байсан 400,000 төгрөгийн оронд тухайн даагыг авсан гэдгийг баталж байна. Хэрэгт нэг даага гээд байгаа боловч тэр нь үнэндээ даага биш унага байсан. Яагаад гэвэл 2025 оны хавар төрсөн унага, тухайн үед 6-7 сартай төл мал юм.
Тиймээс үнийн хувьд 400,000 төгрөг буюу тухайн үед худалдаж авахаар тохирсон 5 ямааны үнэтэй дүйхүйц байна. Мөн хулгайлах гэмт хэргийн шинжийн “бусдын өмч хөрөнгийг хариу төлбөргүй авах” гэдэгтэй зөрчилдөж байна.
Гэмт хэргийн бүхий л шинжийг бүрэн хангаж байж гэмт хэрэгт тооцож ял оноож болох ба энэ хэрэгт мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй байна. Сэдэлт, санаа зорилго, үйлдлийн арга, хариу төлбөр зэргээс авч үзвэл энэ нь гэмт хэрэг биш болох нь тодорхой байна.
Үйл явдал болсны дараа хадам дүү нь болох С.Б-ид хэлсэн байдаг, тэгвэл шүүхээс гэрч С.Б-ийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн, яаж няцаасан нь тодорхойгүй байна.
Түүнчлэн энэ хэрэгт Д.Д-ыг хохирогчоор тооцон шүүх хуралд оруулсан боловч түүний аав болох Б.Д- нь шүүх хуралдаанд гэрчээр орж мэдүүлэг өгөхдөө “тухайн даага миний өмч ба хүүгийн өмч биш” гэснийг шүүх буруу тайлбарлаж дүгнэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Б.Б-ын хувьд урьдын хийсэн худалдаа арилжааны явцад үүссэн авлага байсан учраас тухайн даагыг авах эрхтэй гэж ойлгож авсан байдаг.
Өөрөөр хэлбэл, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж даагыг авсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан” гэдэгтэй нийцэж байгаа.
400,000 төгрөгийг аав нь Б.Д-гээс авсан болохыг Б.Б- мэдээгүй.
Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 679 дүгээр тогтоолд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авах” гэж тодорхойлсон.
Гэтэл энэ хэргийн хувьд 400,000 төгрөгийн төлбөртөө тус даагыг авсан байдаг. Мөн нууц далд аргаар, сэмээр, хүнд мэдэгдэхгүйгээр авдаг жишиг болсон хулгайн арга барилтай нийцэхгүй. Гэрчийн хажууд ил аргаар хулгайлах гэх ойлголт Эрүүгийн хуульд байхгүй.
С.Б- нь хохирогчийн эхнэрийнх нь төрсөн дүү бөгөөд түүний мэдүүлэг хавтаст хэргийн 29 дүгээр талд авагдсан. С.Б- эгчтэйгээ буюу Б.Д-гийн эхнэртэй утсаар ярихад эгч нь утсаа чанга яригч дээр тавьж ярьсныг Б.Д- сонсож байсан бөгөөд “танай даагыг Б.Б- авсан шүү” гэхэд “за ойлголоо” гэж хэлсэн гэдэг. Энэ нь 01 дүгээр сарын 10-ны үеэр болсон үйл явдал.
Анхан шатны шүүх С.Б-ийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн, хэрхэн няцааж байгаа талаар шийтгэх тогтоолдоо тайлбарлаж бичээгүй. Агуулгын зөрчил бүхий нотлох баримтуудын аль нэгийг үнэлсэн бол бусдыг нь яагаад үнэлээгүй талаар шүүх заавал тайлбарлах ёстой. Ийм учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангаагүй.
Д.Д-ыг энэ хэрэгт хохирогчоор тогтоосон боловч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон Б.Д- “энэ даага миний өмч” гэж хэлдэг. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд ч тусгагдсан.
Б.Б-ын хариу төлбөрт өгсөн 1,600,000 төгрөгийг хохирогчоор тооцогдсон Д.Д- биш Б.Д- захиран зарцуулсан нь даага Б.Д-гийн өмч болох нь тодорхой байгаа. Гэтэл хүн бүр хуулийн этгээд байх, хүн бүр үндсэн эрхтэй байх зарчмыг алдагдуулж шүүх тайлбарлахдаа хүүхдэдээ өгснийг буруутгах аргагүй гэх агуулгаар тайлбарлаж, хохирогчоор малын эзнийг нь биш Д.Д-ыг оруулж, байцааж хэргийг шийдвэрлэсэн нь хохирогчийн эрхэд давхар халдсан байгаа.
... Энэ хэрэгт эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн. Прокурор болон шүүхээс мал хулгайлах гэмт хэрэг гэж дүгнэсэн боловч миний хувьд илээр хулгайлах ойлголт байхгүй гэж харж байгаа.
Дээрэмдэх гэмт хэргийн хувьд, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол” гэж заасан нөхцөл байдлууд нь Б.Б-ын үйлдсэн хэрэгтэй маш ойролцоо юм.
Ойролцоо төрлийн гэмт хэргийг ялган зүйлчлэхдээ шүүх болон прокуророос яагаад дээрэмдэх гэмт хэргийн үндсэн гэмт хэргийн бүрэлдэхүүн биш малын хулгай гэж үзэж байгаа гэдгийг ялгах ёстой.
Прокурор “бусдын нүдэн дээр авсан ч Б.Д-д хэлэхгүйгээр авсан учраас даагыг машинд ачиж явснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн” учраас маргааш, нөгөөдөр нь хүргэнд нь очиж хэлсэн нь тухайн гэмт хэргийг зөвтгөхгүй гэж тайлбарласан. Харин шүүгдэгч нь өөрийн авах ёстой зүйлээ авсан гэх агуулгаар тайлбарлаад байна.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн бүрдэл хангагдсан гэж үзсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч болон Б.Д- нар оролцсон бөгөөд “би хоёр даагатай байсан, гэхдээ хар халтар даагыг хүүхдэдээ өгнө гэж зүслээгүй, хоёр дааганыхаа нэгийг нь өгнө гэж хэлсэн, үнэндээ миний даага шүү” гэж Б.Д- хэлсэн. Үүнийг прокурор худал хэлж байна гэдэг.
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанлхам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан. Тухайн хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудын аль нь үндэслэлтэй бөгөөд зөрүүгүй болохыг шүүгч шийдвэртээ дүгнэж бичээд магадгүй хөнгөрүүлэх, цагаатгах талаас шинжлэн судалсан, шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэхдээ ашигласан нотлох баримтыг няцаах ёстой байсан гэх өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн дүгнэлтийг дэмжиж оролцож байна.
Анхан шатны шүүхийн тэмдэглэл болон шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан шинжлэн судалсан нотлох баримтуудаас авч үзвэл 400,000 төгрөгийг өгөөгүй тул өмчлөгчийн зөвшөөрөлгүй авсныг хулгай гэж үзсэн хэрнээ өмнөх хуудаст бичигдсэн “энэхүү гэмт хэрэг нь зөвхөн шунахайн сэдэлтээр бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж, өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм” гэж дүгнэсэн байдаг.
Б.Б- даага авахдаа 400,000 төгрөгт тооцож авсан, ингэхдээ аав Б.Д- болон хохирогч Д.Д- нарт мэдэгдэлгүйгээр очиж авсан байдаг. Адууг авахдаа, хамт байсан гэрчид хандаж, авах ёстой авлагадаа тооцож авч байна гэж хэлсэн. Үүнийг улсын яллагч болон шүүхийн зүгээс хулгайн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзсэн. Гэтэл яагаад шунахайн сэдэлтэй, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж байгаа нь ойлгомжгүй.
Түүнчлэн хулгайлагдсан гэх хар зүсмийн даагыг зарж борлуулж ашиг олсон эсвэл эзэнд нь өгсөн эсэх нь тодорхойгүй байдаг. Д.Д-ыг даагаа ав гэхэд “би даага авахгүй, мөнгө авна” гээд 1,500,000 төгрөг авсан. Шинжээчийн дүгнэлтээр дааганы үнийг 500,000 төгрөг гэж тогтоосон байхад хохирлын хэмжээг нэмэгдүүлээд байгаа юм уу, эрж хайх зардал нэхэмжлээд байгаа юм уу. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасныг хэрэглэх шаардлагатай.
Энэ хэрэгт өөр этгээдийн оролцоо байгаа эсэх, өөр төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар эцэслэн шалгана. Хулгайн даага нь хулгайлсан этгээддээ байдаг, тэгсэн мөртлөө мөнгийг нь төлчихсөн асуудал байж болохгүй гэж үзэж байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг шунахайн сэдэлтээр үйлдэгддэг. Хулгайн гэмт хэрэг нь нууц, далд аргаар үйлдэгддэгээрээ дээрэмдэх гэмт хэргээс ялгах онцлогтой.
Зөвхөн хохирогчийн нүднээс далд аргаар авсан боловч өдрийн цагаар А.Г-ыг харж байхад ачиж авсан байдаг. Шүүгдэгч нь Х-сумын хойд хэсгээр, хохирогч нь Өндөрхангай сумын урд хэсгээр хил залгаа нутагладаг, нэг нэгнээ таньж мэддэг хүмүүс. Гэтэл нэгнээ таньж мэддэг, нэгнийхээ малыг мэддэг хүмүүс өдрийн цагаар, шунахайн сэдэлтээр малыг нь авна гэдэг байж болохгүй.
Б.Б- даагыг авснаас хойш хэд хоногийн дараа яриа гараад баригдана гэдгээ хамгийн сайн мэдэж байгаа хүн яагаад энэ хэргийг үйлдэх вэ гэдэг логик ойлголт гарч байна.
Иймд өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн саналыг үндэслэж, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.
7. Шүүгдэгч Б.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Б.Д-гийн ав гэсэн даагыг очиж авсан. Манайд аав, ээжээс өөр мал харах хүн байхгүй. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.
8. Прокурор Б.Баасанхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Б-ын 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд Увс аймгийн Х-сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүйтний ар” гэх газраас хохирогч Д.Д-ын эзэмшлийн хар халтар зүсмийн 1 тооны даагыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 1 сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байгаа.
Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс, уг адууг хэн нэгэн хүний дэргэд авсан бөгөөд нууц, далд аргаар үйлдэгдээгүй учраас хулгайн гэмт хэрэг биш гэх гомдол, тайлбар гаргаж байна. Мөн Д.Д- нь тухайн хэргийн хохирогч биш, Б.Д- хохирогч байна гэж ярьдаг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан А дансны баримтаар тухайн даага Б.Д-гийн нэр дээр бүртгэлтэй байгаа боловч Б.Д- өөрийнхөө даагыг хүүдээ зүсэлж өгсөн гэдгээ мэдүүлсэн учраас дааганы өмчлөгч өөрийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийн хүрээнд хүүдээ өгсөн гэж үзэж Д.Д-ыг мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоож, оролцуулсан.
Шүүгдэгч нь тухайн дааганы өмчлөгч, эзэмшигч нарт мэдэгдэхгүйгээр хууль бусаар авсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, өөрөөр хэлбэл, А.Г-ын гэрийн гаднаас даагыг ачаад явснаар гэмт хэрэг төгссөн гэж үзсэн.
Хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа мэдэгдсэн болохыг гэрч С.Б-ийн мэдүүлэгт дурдсан байдаг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгчийн аав, ээж нь Д.Д- болон түүний аавтай очиж уулзаад “танай даагыг манай хүүхэд авсан, буруу зүйл хийсэн учраас бид хохирлыг барагдуулж байна” гэж хэлээд Б.Б-ын данснаас 1,500,000 төгрөг шилжүүлсэн.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн болох нь нотлогдсон. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын давж заалдах гомдлыг үндэслэн, эрүүгийн *** дугаартай хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна. Тодруулбал:
3.1. Шүүгдэгч Б.Б- нь 2026 оны 01 дүгээр сарын 10-ны үед Увс аймгийн Х-сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүйтний ар” гэх газар бэлчээрлэж байсан 5 тооны адуунаас хохирогч Д.Д-ын эзэмшлийн, хар халтар зүсмийн, имгүй, тамгагүй 1 тооны эм даагыг барьж авч, ** улсын дугаартай “Toyota succeed” загварын тээврийн хэрэгслээр ачиж тээвэрлэн хууль бус эзэмшилдээ авсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдсон байна. Үүнд:
- Увс аймгийн Өндөрхангай сумын иргэн Д.Д-аас мал хулгайлах гэмт хэргийн талаар буюу 2026 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр хар халтар зүсмийн, имгүй, тамгагүй, нэг тооны эм даага алдсан талаарх гомдол, мэдээлэл ирүүлснийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1, 2 дахь тал/;
- нэг тооны даага алдсан гэх гомдол мэдээллийг шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газарт Б.Б- /шүүгдэгч/, А.Г- /гэрч/ нарыг оролцуулан мөрдөгч 2026 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нөхөн үзлэг хийсэн байх ба үзлэгийн тэмдэглэлд: Б.Б- тухайн даагыг бэлчээрээс нь машинаар тууж, Дөрвөлжингийн суу гэх газар байрлах модон хашаанд хашиж байгаад бугуйлдаж барьж аваад машиндаа ачиж явсан талаар ярьсан тухай тусгасан байх ба үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-07 дахь тал/;
- хохирогч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “Би 2026 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр өөрийн эзэмшлийн 5 тооны адууг Х-сумын 1 дүгээр баг “Хүйтний ар” гэх газар хайж яваад үзэхэд тухайн 5 тооны адуунд байсан 1 тооны хар халтар зүсмийн, им тамгагүй охин даага байхгүй байсан, тэгээд би тухайн адуу байсан газрын ойр орчмын хүмүүсээс асууж сураглаад явахад мэдэхгүй байсан ба сураг гараагүй юм. Тэгээд байж байтал Х-сумын Улаанаа гэх хүн манай аавтай утсаар ярьж, танай алга болсон даагыг Болдын Б гэх залуу ачаад явсан байж магадгүй юм шиг байна гэж хэлсэн байсан. Түүний дараа 2026 оны 03 дугаар сарын 03-ны үеэр Бын аав Болд гэдэг хүн манайд ирж аавтай уулзаад, “манай залуу танай даагыг авсан юм шиг байна, цагдаа асуувал адуу харсан хөлсөндөө авсан гэж хэлээд өгөөрэй, танай даагыг төлж өгнө” гэж хэлсэн байсан. Би Б.Б-аар адуу малаа хариулгаж, харуулж байсан удаа байхгүй, мөн түүнд адуу өгөхөөр тохирсон зүйл байхгүй. Би өөрөө адуу малаа харж хариулдаг юм.
- хохирогч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин буюу 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “ Миний алдсан даагыг авсан байсан Х-сумын иргэн Б.Б- гэх залуу надтай холбогдоод уучлалт гуйсан. Тэгээд манай ээж болох Б- Хаан банкны *** тоот дансанд 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Batnym-s aduni mong” гэсэн утгаар 1,500,000 төгрөг шилжүүлсэн юм. Одоо надад Б.Б-аас ямар нэг байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд гомдол санал байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-20 дахь тал/;
- гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “Манай хүү Д.Д- 1 тооны хар халтар зүсмийн, им тамгагүй охин даагаа 2026 оны 01 дүгээр сард алдсан, хайгаад сураг гараагүй байсан юм. Тэгтэл 2026 оны 02 дугаар сарын 28-ны үеэр шиг санагдаж байна, Х-сумын Улаанаа гэх залуу над руу утсаар холбогдоод “танай хайгаад байгаа даагыг машинд ачаад явсан байна” гэж хэлсэн. Тэгж байтал Б.Б-ын аав Болд 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай гэрт ирж надтай уулзахдаа “Б.Б- танай даагыг авсан байна, хохирлыг чинь төлж өгнө, цагдаа асуувал адуу харж өгсний хөлс гэж хэлээд өгөөч гэж гуйсан. Тэгэхэд нь би “хууль нарийн болсон, би мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тухайн үед манайд эхнэр бид 2 байсан юм. Би болон манай хүү Б.Б-аар адуу малаа харуулж, хөлс мөнгө өгнө гэж хэлж тохирсон асуудал байхгүй. Манай хүү өөрөө адуугаа хариулдаг. Манай нэг тооны даагыг аваад хэнд өгсөн, яасан талаараа надад хэлээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/;
- гэрч Н.Ба-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Б.Д-тэй 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шиг санаж байна, утсаар холбогдоод “танай алдсан 1 тооны дааганы сураг гараад байх шиг байна, энэ талаар сураг дуулсан уу гэж хэлэхэд мэдсэн” гэж хэлсэн бөгөөд тухайн Дамбасүрэн ахын алдсан 1 тооны даагыг Б.Б- гэх залуу машинаараа ачаад явчихсан гэх яриаг А.Г- гэх залуу ярьсан байсныг би сонсоод Д ахад утсаар хэлсэн юм. Б.Б- гэх залуу тухайн даагыг машинаар тууж ирээд барьж аваад өөрийн машинд ачаад явсан талаар Ганбат гэх залуу хүмүүст ярьсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/;
- гэрч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Х-сумын 1-р багт мал маллаж амьдардаг. 2026 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр манай урд “Жимбэгэр” гэх газар байсан 5 тооны адууг манай гэр байх “Дөрвөлжингийн суу” гэх газар орой 18 цагийн үед Б овогтой Б гэх залуу өөрийн цагаан өнгийн пробокс загварын машинаар туугаад ирсэн. Тэгээд тэр залуу өөрийнхөө машин дотроос бугуйл гаргаж ирээд тухайн 5 адуун дотроос 1 тооны хар халтар зүсмийн охин даагыг хашаанд шахаж байгаад бугуйлдаж барьж авсан. Би яах гэж байгаа юм бэ гэж түүнд хэлэхэд өөрийнхөө авах ёстой юмыг авч байна гэж хэлсэн бөгөөд тухайн 1 тооны даагыг дөрвөн хөлийг нь боогоод өөрийнхөө машинд ачаад явчихсан, намайг өргөөд өг гэхээр нь би өргөлцөж ачиж өгсөн, 4 хөлийг өөрөө боосон байсан. Хаашаа явахаа надад хэлээгүй юм. Тухайн үед Б ганцаараа ирсэн. Тухайн 5 тооны адуу 2026 оны 01 дүгээр сарын 07-ны үеэр ирсэн байсан бөгөөд Өндөрхангай сумын хүний адуу гэж хүмүүс ярилцаж байсан, эзнийх нь нэрийг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
3.2. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутай талаар дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.3. Хохирогч Д.Д-ын хулгайд алдсан нэг тооны даага буюу 2 настай эм адуу 500,000 төгрөгийн үнэлгээтэй болох нь хэргийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас 500,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх бөгөөд шүүгдэгч Б.Б- хохиролд 1,500,000 төгрөг төлсөн байна.
4. Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ бага, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, хоёр жил нэг сар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцжээ.
5. Шүүхээс, шүүгдэгч Б.Б-ын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ** улсын дугаартай, “Toyota succeed” загварын 16,000,000.0 төгрөгийн үнэлгээ бүхий суудлын автомашиныг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл, журамд нийцсэн байна.
6. Шүүгдэгч Б.Б- болон түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын давж заалдах журмаар гаргасан “...Бын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох нууц далд аргаар, сэмээр авах гэсэн шинжийг хангаагүй. Б нь даагыг хулгайлж аваагүй, харин өөрийн авах ёстой байсан 400,000 төгрөгийн өрөнд авсан гэдгийг баталж байгаа гэрч байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдол, тайлбар,
- мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанлхамын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “ ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий тайлбар, саналыг тус тус хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
6.1. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон.
Тодруулбал: - 2026 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр Х-сумын 1 дүгээр баг “Хүйтний ар” гэх газар нутгаар бэлчээрлэж байсан 5 тооны адуунаас хохирогч Д.Д-ын эзэмшлийн хар халтар зүсмийн, имгүй, тамгагүй нэг тооны эм даага алга болсон,
- хохирогч Д.Д- нэг тооны даагаа алдсан талаараа Увс аймгийн Цагдаагийн газарт өөрөө гомдол гаргасан /хх-ийн 1, 2 дугаар тал/,
- тус даагыг бэлчээрт байхад нь Б.Б- автомашинаар тууж айлын өвөлжөөн дээр авч ирж, хашаанд шахаж байгаад бугуйлаар барьж авч, өөрийн унаж явсан автомашиндаа ачаад авч явсан зэрэг үйл баримтууд хэргийн баримтуудаар эргэлзээгүйгээр тогтоогдсон байна.
6.2. Хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Б- хохирогчийн нэг тооны даагыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч, өөрийн эзэмшилд хууль бусаар оруулж, бусдын өмчлөх эрхэд санаатайгаар халдсан нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
6.3. Өмгөөлөгч нарын зүгээс, шүүгдэгч уг даагыг барьж авах үед А.Г- гэгч хажууд нь харж байсан тул шүүгдэгчийн үйлдэл хулгайлах гэмт хэргийн “нууцаар” гэх шинжийг хангаагүй гэж маргасан нь үндэслэлгүй.
Хулгайлах гэмт хэргийн “нууцаар” гэх шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, далд хэлбэрээр өөрийн мэдэлд оруулсан байхыг ойлгоно. Тодруулбал, хохирогч тухайн цаг хугацаанд өөрийн эд хөрөнгөө бусдад хууль бусаар алдаж байгаагаа огт мэдээгүй байдаг онцлогтой.
Хэргийн баримтаар, А.Г- нь шүүгдэгчийн тухайн даагыг барьж авч, тээврийн хэрэгсэлдээ ачиж буй үйл явцыг харж мэдсэн, даагыг ачилцаж өгсөн нь нотлогдож байх боловч тэрээр уг адууны өмчлөгч, эзэмшигч биш, мөн харж хамгаалах, хадгалах үүрэг хүлээсэн этгээд биш юм. Түүнчлэн, А.Г- нь шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй.
Хохирогч Д.Д- нь тухайн цаг хугацаанд өөрийн адууг бусдын буюу шүүгдэгч Б.Б-ын эзэмшилд хууль бусаар шилжиж байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан байх тул шүүгдэгчийн үйлдэл хулгайлах гэмт хэргийн “нууцаар” гэх шинжийг хангасан гэж үзнэ.
6.4. Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хохирогч Д эцэг Б.Д- нь 2023 оны 01 дүгээр сард миний эцэг Б.Б400,000 төгрөг авч, оронд нь 5 тооны ишиг өгөхөөр тохиролцсон байсан боловч ишгээ өгөөгүй байсан учраас уг даагыг өрөндөө авсан” гэх мэдүүлэг, мөн түүний эцэг Б.Болдын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...би хүүгийн мөнгөнөөс 400,000 төгрөгийг ойролцоо өвөлждөг байсан Өндөрхангай сумын иргэн Дамбасүрэнд өгсөн байсан. Гэтэл 2025 оны намар Б нь өөрөө утсаар холбогдож ярихад нь даага ав гэж хэлсэн байсан. Мөн 2025 оны өвөл Дамбасүрэн нь надад мөнгөө бэлнээр буцаагаад өгчихсөн. Б нь мөнгөндөө даага авна гэдгээ ч надад хэлээгүй, би мөнгөө буцааж авсан талаар Бд ч хэлээгүй” гэх нэг утга агуулга бүхий мэдүүлгүүдийг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, үнэн зөв гэж үнэлэх боломжгүй гэж дүгнэв.
Гэрч нь нотолгооны эх сурвалж, гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болох тул хууль зүйн хувьд гэрч тухайн хэрэгт ашиг сонирхолгүй байхыг шаарддаг. Гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ, тухайн этгээд нь хэргийн оролцогчидтой садан төрөл, найз нөхөд гэх мэтээр хувийн харилцаатай эсэх, хэрэгт хувийн болон нэгдмэл сонирхолтой байж болзошгүй байдлыг сайтар нягталж, хэргийн бусад нотлох баримтуудтай харьцуулан, тухайн гэрчийн мэдүүлгийн нотолгооны хүчин чадалд үнэлэлт өгөх учиртай.
Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Б.Болд нь шүүгдэгч Б.Б-ын төрсөн эцэг байх бөгөөд тэрээр хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогч Д.Д-ын эцэг Б.Д-гийн гэрт ирж уулзахдаа, “ манай залуу танай даагыг авсан юм шиг байна, цагдаа асуувал адуу харсан хөлсөндөө авсан гэж хэлээд өгөөрэй, танай даагыг төлж өгнө” гэж хэлж гуйсан талаар гэрч Б.Д-, хохирогч Д.Д- нар мэдүүлсэн. Б.Болд нь өөрийн хүү Б.Б-д ашигтай байдлаар мэдүүлэг өгөхийг хохирогчийн эцэг Б.Д-д хэлж, гуйсан байдал нь түүнийг шүүгдэгчтэй нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгч болон гэрч Б.Болдын мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэж, цагаатгах үндэслэлгүй болно.
6.5. Нөгөөтэйгөөр, тэдний хооронд мал худалдан авахаар мөнгө шилжүүлсэн, улмаар өр, авлага үүсэж, нэхэж байсан гэх үйл баримт хэргийн бусад баримтаар тогтоогдоогүй.
Шүүгдэгч, хохирогч нарын гэр бүлийн хүрээнд өр, авлагын асуудал үүссэн байсан бол шүүгдэгч нь тухайн даагыг өөрийн эзэмшилд хууль бусаар, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр оруулахаасаа өмнө “өр төлбөр”-ийн талаар өөрийн эцэг болон Б.Д- нараас тодруулах, түүнчлэн өр төлбөрөө хуульд заасан арга, хэлбэрээр нэхэмжлэх боломжтой байсан. Гэтэл шүүгдэгч нь хохирогчийн бэлчээрт байсан адуунаас нэг тооны даагыг хохирогч болон түүний гэр бүлийнхэнд мэдэгдэхгүйгээр нууцаар авсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
7. Гомдолд дурдсан үндэслэлүүдээр, шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох, болон түүний гэм буруутай үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
8. Шүүгдэгч Б.Б-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 118 /нэг зуун арван найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 118 /нэг зуун арван найм/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.