Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Ц.А

Улсын яллагч  Н.А

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Б-т холбогдох эрүүгийн 1820002260108 тоот хэргийг 2018 оны 10 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй, Г ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 15 дугаар хороонд оршин суух хаягтай, одоо Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг байрлах Б зочид буудлын ... тоотод оршин сууж байгаа, Х овогт Б.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах Б зочид буудалд Б.Ч-тай зоогийн газрын түрээсийн төлбөрийг төлсөнгүй гэж маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Ч гэх эмэгтэй манай Д нэртэй зоогийн газрыг нэг сарын 1.000.000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ хийсэн. Тухайн үед би гэрээг 3 сараар хийсэн. Зоогийн газар ажиллуулахаар манай зочид буудалд хоолны үнэр үнэртээд, бохирын хоолой тосоор бохирлогдсоноос болж бөглөрөөд байсан тул би 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ч-тай уулзаж “Гэрээний хугацаа дууссан тул би чамайг гаргана. Мөн манай зочид буудалд хоолны үнэр үнэртээд байна. Зарим үйлчлүүлэгчид болон түрээслэгч нар хувцсанд хоолны үнэр үнэртлээ гэж дургүйцдэг” гэж хэлсэн. Тэгтэл Ч нь “Би одоохондоо гармааргүй байна. Та яах гэж намайг анхнаасаа оруулсан юм бэ? Би таныг хохироогоогүй ш дээ” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад би түүнд 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллах хугацаа өгсөн. Энэ хугацаанд би Ч-д дараагийн түрээслэх байраа олоорой гэж хэлсэн. Түүнээс хойш буюу 07 дугаар сарын 01-ний өдөр би Замын-Үүд суманд байгаагүй. Улаанбаатар хот руу явсан байсан. Харин манай эхнэр П нь Замын-Үүд суманд ирчихсэн байсан. Энэ хугацаанд Ч манай эхнэртэй уулзаж түрээсийн хугацаагаа 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгуулсан байсан. Ингэхдээ ямар нэг бичиг гэрээ үйлдээгүй, амаар тохиролцсон байсан. 09 дүгээр сарын 01-ний өдөр манай ресейпшин Ч надтай уулзаад “Та Д зоогийн газрынхаа түрээсийн хугацааг 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж өгөөч. Ч нь 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Та энэ хүнийг нэг харж үзээч. Түрээсийн байр олдохгүй байна гэнэ 10 дугаар сарын 01-ний өдөр хэл амгүй гаръя гэж байна” гэж надаас гуйхад нь би манай ажилтан надаас гуйж байгаа юм чинь яаж үгүй гэхэв дээ гэж бодоод зөвшөөрсөн. Ингээд би тэр өдөртөө Ч-г дуудаж дэвтрийн цаасан дээр “10 дугаар сарын 01-ний өдөр ажлын байраа чөлөөлж өгнө” гэсэн бичгийг хийж гарын үсэг зуруулсан. Ч нь 09 дүгээр сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 275.000, цахилгааны мөнгө 138.000, усны 49.000 төгрөг, нийт 462.000 төгрөгийг төлөх ёстой байсан. Би Ч-с дээрх мөнгийг 09 дүгээр сарын 20-ний өдрөөс нэхэж эхэлсэн. Бүр арга ядахдаа нэг өдрийн 50.000 төгрөгөөр авъя гэсэн боловч Ч нь “Би банкны өртэй. Та битгий санаа зов. Би 09 дүгээр сарын 30-ний өдөр гарахдаа төлбөрийг чинь бүгдийг нь өгнө” гэж хэлж байсан. Ингэж явсаар би 09 дүгээр сарын 30-ний өдрийн орой 21 цагийн орчимд би Д зоогийн газарт ороход Ч нь бүх зүйлээ боогоод зөөчихсөн байсан. Мөнгөө нэхэхэд “Надад мөнгө байхгүй. Маргааш та намайг нэг өдөр ажиллуулчих. Тэгээд мөнгийг чинь гаргаад өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Чи бид хоёр 10 дугаар сарын 01-ний өдөр байраа суллаж өгнө гэж тохирсон ш дээ. Би дараагийн байгууллагыг 10 дугаар сарын 01-ний өдөр ор гээд хэлчихсэн. Тэр хүмүүс засвар энэ тэрээ хийнэ гээд байна” гэж хэлсэн. Тэгтэл Ч нь “Тэгвэл би өгч чадахгүй, чи муу дандаа өөрийгөө боддог хөгшин төгцөг” гэх мэт үгийг хэлж уурласан. Үүнээс болж бид хоёр дуугаа өндөрсгөж хоорондоо маргалдаж босож ирсэн. Би уурандаа биеэ барьж чадалгүй түүнийг гараараа нэг удаа цохисон. Тухайн үед би маш их уурласан байсан тул түүний биеийн аль хэсэгт цохисноо санахгүй байна. Би түүнийг нийт 2 удаа цохисон байх. Энэ үед Ч намайг заамдаад зууралдаад тавихгүй байж байгаад миний цамцны энгэрийг урсан. Тэгж байтал манай ресейпшин Ч, үйлчлэгч Ө нар орж ирж бид хоёрыг салгасан. Бид хоёрыг маргалдаж байх хугацаанд зоогийн газрын ажилтан 2 охин хажууд байсан. Бид хоёр урьд нь маргалдаж муудалцаж байсан удаа байхгүй. Тухайн үед түрээсийн болон хэрэглээний мөнгөнөөс болж маргалдсан. Чинтуяа нь мөнгөө өгнө гэсэн хугацаандаа өгөөгүй тул би уурлаж, үүнээс болж бид хоёр хоорондоо маргалдаж, улмаар түүнийг цохисон. Бид хоёрын хооронд байгуулсан гэрээ 2018 оны 04 дүгээр сард дууссан. Зүгээр амаараа ярилцаж тохиролцоод л байсан. Харин сүүлд бичсэн цаасан дээр 10 дугаар сарын 01-ний өдөр байрыг суллаж өгнө гээд Ч гарын үсэг зурсан байгаа. Зуучилсан гээд Ч гарын үсэг зурсан. Бид хоёрын хооронд л маргаан, зодоон болсон. Ч нь намайг цохиогүй. Надтай зууралдаж байгаад миний цамцыг л урсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Орой цаг хэтрүүлж ажилладаг, хоолны үнэр их гардаг тул зочид буудалд буусан хүмүүс болон бусад түрээслэгч нар дургүйцдэг, мөн тосны үлдэгдэл бохирын шугамыг бөглөдөг. Тиймээс тухайн байрандаа зоогийн газар ажиллуулахгүй, банк бус санхүүгийн байгууллага оруулахаар нэг хүнтэй тохирчихсон байгаа. Тиймээ би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Ч нь цаг тухайд нь мөнгөө төлчихсөн, өөрөө асуудал үүсгээгүй бол ийм зүйл болохгүй байх байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ял шийтгэл хүлээхэд бэлэн байна гэжээ. /хх-ийн 35-37/

- Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв бичигдсэн байх тул нэмж ярих зүйл байхгүй гэв. 

- Хохирогч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд кафе ажиллуулдаг байсан юм. Тэгээд Замын-Үүд суманд зоогийн газар ажиллуулъя гэж бодоод Замын-Үүд суманд шилжин ирсэн. Ингээд 2017 оны 03 дугаар сард өөрийн танил Ө гэх охиноор дамжуулж Б зочид буудлын захирал Б гэх хүний утсыг олж авсан. Тухайн үед Б зочид буудлын хажуу талд байрлах Д зоогийн газрыг түрээслүүлнэ гэсэн сургийг сонссон байсан юм. Ингээд би Б-тай утсаар холбогдоод “Зоогийн газраа түрээслүүлэх үү?” гэж асуухад Б нь “Та 3 дугаар сарын сүүлээр ирэхэд болно” гэж 2017 оны 03 дугаар сарын сүүлээр ирж цэвэрлэгээ хийгээд, 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Д нэртэй зоогийн газрыг түрээслэн ажиллуулж эхэлсэн. Би уг зоогийн газрыг нэг сарын 1.000.000 төгрөгөөр түрээсэлж, үүнээс гадна ус, тог, халаалтын мөнгийг тусад нь өгдөг байсан. Ер нь нэг сарын хэрэглээнд нийт 1.500.000 төгрөгийг Б-т цаг тухайд нь бэлнээр өгдөг байсан. 2017 оны 12 дугаар сард би Т зочид буудлын доод талд байрлах рестораныг ажиллуулахаар засвар хийсэн юм. Тухайн үед би засварын ажилд их хэмжээний мөнгийг зарцуулсан тул 2017 оны 12, 2018 оны 1, 2 дугаар саруудад түрээсийн мөнгийг 10-14 хоногоор хоцроож өгсөн. Бусад үед түрээсийн болон хэрэглээний мөнгийг цаг тухайд нь өгч байсан. 2018 оны 08 дугаар сард Б надтай уулзахдаа “Манайх энэ байрандаа зоогийн газар ажиллуулахаа болилоо. Банк бус санхүүгийн байгууллага оруулна. Зоогийн газар ажиллуулахад манай сантехникийн хоолойнууд бөглөрөөд байна гэж хэлэхэд нь би “Та ямар сонин хүн бэ? Та анх надад энэ зоогийн газраа түрээслэхдээ дөрөв таван жилээр ч түрээсэлж болно гэж хэлж байсан ш дээ. Би тэр холоос гэр орноо нүүлгээд, хүүхдийнхээ хичээл сургуулийг шилжүүлээд ирсэн ш дээ” гэж хэлсэн. Тэгтэл Б “Тэр хамаагүй. Би ямар ч байсан байраа авна. Зоогийн газар ажиллуулахгүй” гэж дарамталж эхэлсэн. Тэгэхээр нь би “Би одоо гарч чадахгүй. Өөр түрээслэх газар олох хүртэл энд ажиллана. Та хүнийг дуртай цагтаа ор гээд, дургүй цагтаа гар гэж болохгүй ш дээ. Би 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллая” гэж гуйж байгаад зөвшөөрүүлсэн. Намайг Д зоогийн газрыг түрээслэх хугацаанд Б нь байнга архи ууна, согтуугаар зоогийн газрын ард талын хаалгаар орж ирээд хоол хийж байхад бөгс барих, бие эрхтэнд зөвшөөрөлгүй хүрэх гэх мэт үйлдлүүдийг хийнэ. Тэгээд “Нэг унтчихъя. Нэг сарын түрээсийг чинь чөлөөлье” гэх мэт үгийг хэлж дарамтална. Мөн ажлын газрын зөөгч, тогооч жаахан охидуудыг оролдоно. Жаахан дургүйцэх юм бол байрнаас гар гэж хөөнө. Ер нь түрээслэгч нараа маш их дарамталдаг. Миний хувьд 20 орчим жил зоогийн газрыг ажиллуулсан туршлагатай хүн. Ийм түрээслүүлэгчийг огт харж байгаагүй. Миний хувьд Д зоогийн газрыг ажиллуулаад хүмүүсийг их татсан. Манай зоогийн газарт үйлчлүүлэгч ихээр орж ирдэг. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 21 цагийн орчимд би зөөгч С, угаагч С /Бүтэн нэрийг нь санахгүй байна гэх/ нарын хамт ажлаа дуусгаад хувцсаа өмсөөд зогсож байтал гаднаас Б орж ирсэн. Би 09 дүгээр сарын түрээсийн мөнгө болох 1.000.000 төгрөгийг өгчихсөн, тог, усны мөнгө болох 467.000 төгрөгийг өгч амжаагүй байсан. Тухайн үед Б “Хэрэглээнийхээ мөнгийг авъя” гэж орж ирсэн. Тэгэхээр нь би “Б ахаа би ажилчдынхаа цалинг өнөөдөр өгчихлөө. Би маргааш ажиллана гэж бодож байсан ш дээ. Маргааш буюу 10 дугаар сарын 01-ний өдөр та намайг ажиллуулаад тог усныхаа мөнгийг авчих тэгэх үү. Дараагийн байгууллага чинь маргаашдаа орохгүй ш дээ. Би танд өгөхгүй гээгүй. Өгнө ш дээ” гэж хэлсэн. Тэгтэл Б “Чи юу яриад байгаа пизда вэ? Бүтэн нэг сар чамайг ажиллуулахаас илүү би яах юм бэ? Чи бүтэн сарын хугацаанд ажиллаад өгөөгүй юм байж маргааш ганц өдөр ажиллаад өгөх үү” гэхээр нь би “Ганц маргааш ажиллаад гардаггүй юм аа гэхэд 2 өдөр ажиллахад хэрэглээний мөнгөө олчихно ш дээ” гэж хэлсэн. Энэ үед Б гал тогооны өрөө рүү орж гэрлийг нь асаагаад “Өө муу пизда чинь хамаг юмаа аваад явчихсан байна ш дээ. Барьцааны юм ч байхгүй байна” гэж хэлсэн. Би нүүнэ гээд ойр зуурын зүйлүүдээ боож баглаад Т ресторан руугаа зөөчихсөн байсан юм. Тухайн үед би текний хажуу талын ширээн дээр сууж байсан чинь Б гал тогооноос заал руу гарч ирээд сууж байсан намайг заамдаж босгоод, куртикний захаар миний хоолойг боож, гараараа миний зүүн талын хацар руу нэг удаа цохисон. Энэ үед нь миний зүүж байсан харааны шил хагарч, шил нь миний нүдний доод талыг зүсэж, арьсанд зоогдсон. Тэгэхээр нь би зөөгч, угаагч хоёрт цагдаа дуудаарай гэж хэлэхэд тэр хоёр гарсан. Дараа нь Б нэг гараараа зангидаж байгаад миний толгойны 2 тал руу ээлжилж 2-3 удаа цохисон. Энэ үед би хашхиртал гаднаас зөөгч, угаагч хоёр орж ирсэн. Мөн Б зочид буудлын үйлчлэгч Ө, жижүүр Ч нар орж ирсэн. Ч орж ирээд Б-г надаас салгах үед Б гараараа дахин миний нүд нүүр рүү хүчтэй нэг удаа цохисон. Ингээд Ч нь Б-г надаас салгахаар нь би өөрийн төрсөн дүү Б.Б-н утас руу залгаж “Б намайг зодоод аллаа. Цагдаа аваад ир” гэж уйлсан. Удалгүй Б цагдаа дагуулаад орж ирсэн. Энэ хооронд Б нь гарах гээд байхаар нь би “Та наана сууж бай. Хүн зодчихоод хаачих гээд байгаа юм бэ?” гэтэл Б сандал аваад “чамайг алчихъя л даа” гээд дайраад байсан. Тухайн үед хажууд Ө, Ч, С, С нар байсан. С, С нар жаахан охидууд тул юу ч хийж чадахгүй айгаад уйлаад зогсоод байсан. Харин Ч Б-г хориглосон. Тэр өдөр Б нь эрүүл байсан. Урьд нь намайг зодож гар хүрч байсан удаа байхгүй. Миний толгой өвддөг болсон. Нүдний доод хэсгийн ясны хэлбэр алдагдсан. Тиймээс нүдээ томографт харуулах шаардлагатай байна. Мөн нүүрэнд маань шил зоогдсоноос болж сорвитой болсон. Би маш их гомдолтой байна. Би Улаанбаатар хот руу явж нүд бүрэлзээд байсан тул үзүүлсэн. Тархи толгойгоо үзүүлж амжаагүй байтал ар гэрт маань гачигдал гараад Бор өндөр сум руу явсан. Б нь 10 дугаар сарын 10-ний өдөр буюу уржигдар надтай утсаар холбогдож уучлалт гуйгаад 500.000 төгрөг шилжүүлсэн. Би өөрөө Т зочид буудлын рестораныг дүүгийнхээ хамт ажиллуулдаг байсан. Энэ ажилдаа орж чадалгүй олон хоногийн орлого алдсан. Дүү маань тусдаа Г гэсэн зоогийн газрыг ажиллуулж байгаа. Мөн үүнээс болж би өөрийн хүүхдээ буцааж Бор өндөр сум руу шилжүүлсэн. Анх намайг энэ зоогийн газрыг түрээсэлж байхад 3 сараар гэрээ хийсэн. Тухайн үед Б нь надад “Чи 4-5 жилээр энэ зоогийн газрыг түрээсэлж болно. Гэхдээ манайх түрээсээ 3 сараар хийдэг” гэж хэлээд хийж байсан. Тэгээд түүнийгээ нэг ч удаа сунгаагүй. 2018 оны 04 дүгээр сард Г хадгаламж зээлийн хоршооноос би зээл авах гэтэл түрээсийн гэрээ хэрэгтэй гэсэн тул Б-т хэлж байгаад нэг удаа сунгуулсан. Түүнээс хойш сунгаагүй. 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллана гэсэн гэрээ бид хоёрын дунд байхгүй. 8 дугаар сард намайг байраа чөлөөлж өг гэхэд нь 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллая гэж амаар л тохирсон. Гэхдээ Б нь өөрөө дэвтрийн тал цаасан дээр “10 дугаар сарын 01-ний өдөр ажлын байраа чөлөөлж өгнө” гэж бичээд надаар гарын үсэг зуруулсан. Тэгэхээр нь би 10 дугаар сарын 01-ний өдөр ажиллаад гарна гэж ойлгосон. Би 1 жилийн өмнө Улаанбаатар хотод байрлах Б дэлгүүрээс Солонгос рамтай шилийг 180.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хамелеон шил байсан. Би энэ мөнгөө Б-с нэхэмжилнэ. Мөн толгой болон нүдний томографын зураг авахуулмаар байгаа боловч надад ар гэрийн гачигдал гарсан тул мөнгө төгрөгийн боломж алга. Тиймээс энэ мөнгийг нэхэмжилж байна. Би сая Улаанбаатар хот руу явахдаа 500.000-600.000 төгрөгийн зардал гаргасан. Үүнийг Б миний данс руу шилжүүлсэн. Би урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй тул эмчилгээний болон зардлын баримтыг цуглуулдаг гэдгийг мэдсэнгүй. Надад одоо С нүдний эмчид үзүүлсэн баримт, карт байгаа. Өөр ямар нэг баримт байхгүй байна. Б-т хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна гэжээ. /хх-ийн 29-31/

- Гэрч П.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б зочид буудалд үйлчлэгчээр ажиллаад 2 сар болж байна. 2018 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр намайг ажил дээрээ байж байтал менежер Б намайг “Цайны газраас 10 ширхэг хуушуур аваад ир” гэж хэлээд гаргасан. Би хуушуурыг нь авчхаад буцаж ирэхдээ Д зоогийн газарт орж нэг аяга цай авч уусан. Тэгээд ажил уруугаа ороод Б-т хуушуурыг нь өгөхдөө ресейпшин Ч бид хоёр Б-т хандан “Та өнөөдөр Ч-тай битгий уулзаарай. Түрээсийн хугацаа дуусаж байгаа гээд их ууртай байна” гэж хэлсэн. Ч надад хэлэхдээ “Ч өнөөдөр их ууртай байна” гэж хэлж байсан. Оройны 18 цаг өнгөрч байхад намайг гэр лүүгээ явах гээд байж байтал Б хажуу талын Д зоогийн газар руу орж байгаа харагдсан, хэсэг хугацааны дараа Ч-н “Намайг аллаа ш дээ” гэж хашхирах чимээ гарсан. Тэгээд би Д зоогийн газарт ортол Б нь Ч-г заамдчихсан зогсож байсан. Би очоод салгах гэсэн боловч Б дийлдэхгүй байсан. Миний араас ресейпшин Ч орж ирээд бид хоёр нийлж байгаад Б-г Ч-с салгасан. Энэ үед Б нь Ч-г 2 удаа цохисон. Яг хаана нь цохисныг би анзаараагүй. Тухайн үед Ч-н нүдний шил хагарч, шил нь түүний нүдний доод хэсэгт зоогдсон байсан. Би түүний нүүрнээс шилийг салгах гэтэл шилний үйрмэг миний гарт зоогдсон. Гэхдээ миний биед гэмтэл учраагүй. Салгасны дараа Б нь Ч-г ална гэж сандал барьсан. Энэ үед нь хэн нэг нь сандлыг булааж авсан. Одоо хэн сандал авсныг би санахгүй байна. Ингээд байж байтал Ч-н төрсөн дүү нь цагдаа дагуулж орж ирсэн. Дүү нь ирээд “Яаж байгаа юм бэ? Хүн амьтан аллаа ш дээ. Нүүр царайг нь хараач” гэж Б-т хандаж хэлж байсан. Тэгээд цагдаа Ч, Б нарыг авч явсан. Тухайн үед Ч бид хоёроос гадна зоогийн газрын ажилтан болох 2 охин байсан. Б, Ч нарын аль аль нь түргэн ууртай юм шиг санагдсан. Зоогийн газар түрээсэлсэн хэрэглээний мөнгөнөөс болж маргалдсан. Тэр хоёрыг урьд нь маргалдаж байсан эсэхийг би мэдэхгүй байна. Б өмнө нь хэлэхдээ “Энэ зоогийн газрыг гаргахгүй бол крант бөглөрөөд байна” гэж хэлж байсан. Анх намайг ажилд орсны дараа Б нь нэг удаа миний бөгс бөөрнөөс барьж байсан удаатай. Тухайн үед нь би “Та эмэгтэй хүний биед битгий хүрээд бай, болохгүй ш дээ” гэж хэлж байсан. Б нь халамцуу байсан ба маргааш нь надаас уучлалт гуйж байсан. Түүнээс хойш ийм үйлдэл гаргаагүй. Намайг дарамталж, дээрэлхүү харьцаж байсан удаа байхгүй. Би Ч- сайн танихгүй тул мэдэхгүй байна. Ер нь би түрээслэгч нарыг сайн танихгүй гэжээ. /хх-ийн 07-08/

- Гэрч Г.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Б зочид буудалд 3 жил гаруй өмнөөс ажиллаж байна. Манай байгууллагын захирлыг Г.П гэдэг. Түүний нөхөр Б.Б нь менежерээр ажилладаг. Манай аж ахуйн нэгжийн нэрийг Г гэдэг. 2018 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр намайг ээлжийн ажилтай байж байтал Д зоогийн газрыг ажиллуулдаг Б.Ч-н хашхирах чимээ гарсан. Тэгэхээр нь би гүйгээд зоогийн газарт нь ороход Б.Б, Б.Ч нар хоорондоо зууралдчихсан, Б.Ч-н нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Би ороод Б.Б, Б.Ч нарыг салгасан. Энэ үед Б нь гараа миний дээгүүр давуулж байгаад Ч-г нэг удаа цохисон. Ингэхдээ Ч-н аль хэсэгт цохисныг би хараагүй. Тухайн үед надаас гадна зоогийн газрын ажилтан С, С, зочид буудлын үйлчлэгч Ө нар байсан. Намайг салгаснаас хойш Б юм яриагүй, харин Ч нь уурлаад хашхираад байсан. Би тэр хоёрыг салгачхаад гарсан. Хэсэг хугацааны дараа буцаж орж ирэхэд Б.Ч-н төрсөн дүү нь цагдаатай хамт ирчихсэн байсан гэжээ. /хх-ийн 09-10/

- Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 1 сарын хугацаанд Д зоогийн газарт угаагчаар ажилласан. Энэ хугацаанд Ч-г таньдаг болсон. Ч нь Д зоогийн газрыг түрээсэлж ажиллуулдаг байсан. Харин Б нь түрээслүүлэгч тул түүнийг зүс мэднэ. Тэр өдөр бид ажлаа дуусгаад гарах гэж байтал гаднаас Б орж ирээд Ч-с мөнгө нэхсэн. Тухайн үед би нэхэж байгаа мөнгө нь түрээсийн биш, тог усны хэрэглээний мөнгөө нэхэж байна гэж ойлгосон. Тэгтэл Ч “Надад өнөөдөр таны мөнгийг өгөх боломжгүй байна. Би ажилчдынхаа цалинг өгөх гээд байна. Таны мөнгө хүрэхгүй байна” гэж хэлээд тэрнээс болж маргалдсан. Энэ үед тэр хоёр текний урд талын ширээн дээр өөд өөдөөсөө хараад сууж байсан. Харин зөөгч С-д бид хоёр текний хажууд талд байрлах хөргөгчид байгаа ундаануудыг уутанд хийж байсан юм. Тэр хоёр мөнгөний талаар ярилцаж байгаад хоорондоо маргалдаж улмаар барьцалдаж авсан. Маргалдаад байхаар нь хартал Б нь Ч-г цохичихсон, Ч-н нүдний шил нь хагарсан байсан. Харин Б-н цамцны энгэр хэсэг урагдсан байсан. Тухайн үед Ч цагдаа дууд гэсэн тул С-д бид хоёр гадагш гарч Цагдаагийн хэлтэс рүү гүйж дуудлага өгчхөөд буцаж очсон. Цагдаа араас ирээгүй тул С-д дахин цагдаа руу гүйсэн. Харин би зоогийн газарт орсон. Намайг дотогш ороход ресейпшин Ч, үйлчлэгч Ө нар ороод ирчихсэн Б, Ч нарыг салгачихсан байсан. Удалгүй цагдаа нар ирж тэр хоёрыг авч явсан. Зоогийн газрыг Ч түрээсэлж байсан юм гэжээ. /хх-ийн 11-12/

- Гэмт хэргийн талаарх гомдол,  мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/

- Шинжээчийн 02/0320 дугаартай дүгнэлт: 1.2018.09.30-ний яаралтай тусламжийн хуудсыг үзэхэд Б.Ч-н биед тархи доргилт, зүүн шанааны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Б.Ч-н биед учирсан гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Эдгэрэх боломжтой гэмтэл байна. /хх-ийн 15-16/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17-18/

- А ХХК-ний үнэлгээний дүгнэлт /хх-ийн 22-25/

- Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 06/

- Шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-45/

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авч хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-53/

- Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 60-61/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах Б зочид буудалд Б.Ч-тай зоогийн газрын түрээсийн төлбөрийг төлсөнгүй гэж маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж тархи доргилт, зүүн шанааны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Ч “....Тухайн үед би текний хажуу талын ширээн дээр сууж байсан чинь Б гал тогооноос заал руу гарч ирээд сууж байсан намайг заамдаж босгоод, куртикний захаар миний хоолойг боож, гараараа миний зүүн талын хацар руу нэг удаа цохисон. Энэ үед нь миний зүүж байсан харааны шил хагарч, шил нь миний нүдний доод талыг зүсэж, арьсанд зоогдсон. Тэгэхээр нь би зөөгч, угаагч хоёрт цагдаа дуудаарай гэж хэлэхэд тэр хоёр гарсан. Дараа нь Б нэг гараараа зангидаж байгаад миний толгойн 2 тал руу ээлжилж 2-3 удаа цохисон. Энэ үед би хаширтал гаднаас зөөгч, угаагч хоёр орж ирсэн. Мөн Б зочид буудлын үйлчлэгч Ө, жижүүр Ч нар орж ирсэн. Ч орж ирээд Б-г надаас салгах үед Б гараараа дахин миний нүд нүүр рүү хүчтэй нэг удаа цохисон. Ингээд Ч нь Б-г надаас салгахаар нь би өөрийн төрсөн дүү Б.Б-н утас руу залгаж “Б намайг зодоод аллаа. Цагдаа аваад ир” гэж уйлсан. Удалгүй Б цагдаа дагуулаад орж ирсэн” гэх мэдүүлэг, гэрч П.Ө “...Оройны 18 цаг өнгөрч байхад намайг гэр лүүгээ явах гээд байж байтал Б хажуу талын Д зоогийн газар руу орж байгаа харагдсан хэсэг хугацааны дараа Ч-н “Намайг аллаа ш дээ” гэж хашхирах чимээ гарсан. Тэгээд би Д зоогийн газарт ортол Б нь Ч-г заамдчихсан зогсож байсан. Би очоод салгах гэсэн боловч Б дийлдэхгүй байсан. Миний араас ресейпшин Ч орж ирээд бид хоёр нийлж байгаад Б-г Ч-с салгасан. Энэ үед Б нь Ч-г 2 удаа цохисон. Яг хаана нь цохисныг би анзаараагүй. Тухайн үед Ч-н нүдний шил хагарч, шил нь түүний нүдний доод хэсэгт зоогдсон байсан. Би түүний нүүрнээс шилийг салгах гэтэл шилний үйрмэг миний гарт зоогдсон.” гэх мэдүүлэг, гэрч Г.Ч “...2018 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр намайг ээлжийн ажилтай байж байтал Д зоогийн газрыг ажиллуулдаг Б.Ч-н хашхирах чимээ гарсан. Тэгэхээр нь би гүйгээд зоогийн газарт нь ороход Б.Б, Б.Ч нар хоорондоо зууралдчихсан, Б.Ч-н нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Би ороод Б.Б, Б.Ч нарыг салгасан. Энэ үед Б нь гараа миний дээгүүр давуулж байгаад Ч-г нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг, гэрч Э.С “... Тэр хоёр мөнгөний талаар ярилцаж байгаад хоорондоо маргалдаж улмаар барьцалдаж авсан. Маргалдаад байхаар нь хартал Б нь Ч-г цохичихсон, Ч-н нүдний шил нь хагарсан байсан. Харин Б-н цамцны энгэр хэсэг урагдсан байсан.” гэх мэдүүлэг,  хохирогч Б.Ч-н биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 02/0320 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.Б-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн болно. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолийг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        Э.Б