Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 264

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Н. М-д холбогдох 1834006990283 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг Галтай Булнай гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х.овогт Н.М гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Дэлийн цохио” гэх газраас 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хохирогч С.Ганбатын алдагдсан 4 тооны адууг завшиж 5000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

 

Шүүгдэгч Н.М нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Дэлийн цохио” гэх газраас 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хохирогч С.Ганбатын алдагдсан 4 тооны адууг завшиж 5000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Ганбатын: “....2018 оны 03 сарын 26-ны орчин Бор азаргатай 12 тооны адуу мөн Бор азаргатай адуутай хамт явж байсан 4 тооны морь алга болсон байсан. Бор азаргатай адуугаа Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Галтай булнай гэх газраас олсон ба үлдсэн дөрвөн морио олоогүй. Тэгээд Төв аймгийн Эрдэнэ Баяндэлгэр сумын цагдаа нарт захиж байна. Тэгтэл 2018 оны 09 сарын 06-ны өдөр цагдаа над руу залгаад таны алга болсон дөрвөн морийг авсан хүмүүсийг оллоо гэж утсаар ярьсан. Хул морь, Хонгор морь, Хонгор халзан морь, шар хээр үрээ нийт дөрвөн адуу байсан. Миний алдсан 4 тооны адуу шар хээр үрээ нь цагаан үсэн тамгатай, Харин нөгөө 3 тооны адуу нь сартай дөл тамгатай байсан. Би 4 сараас эхлээд одоог хүртэл Төв аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан Архуст, Эрдэнэ, Баян сумын нутгаар Улаанбаатар хотын Багануур, Налайх дүүргийн нутгаар тус тус хайсан. Би дөрвөн адууныхаа үнэ болох 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулчихвал надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...  ” гэх мэдүүлэг /хх-04-05, 06 тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч М.Алдарпүрэв мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын дундуур байх би яг он сар өдрийг нь сайн санахгүй байна. Надруу нэг залуу залгаж чи мал, мах ач байгаа юу би чамд 3 тооны адуу зарах гэсэн юм гэж хэлэхээр нь авна гэсэн чинь гэвэл Төв аймгийн Эрдэнэ сум өнгөрөөд Баяндэлгэр сумын урд тал руу манай хөдөө гэрт хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь хадам аав Нямжавын цагаан өнгийн 94-82 УНК улсын дугаартай портер машиныг унаад очсон юм. Гэтэл өөрийгөө Мөөжиг гэж танилцуулаад гэрийнхээ хойд талд адуугаа бөөгнүүлсэн байсан. Би өдрийн 16 цагийн үед очиход надад 3 тооны адуу барьж өгсөн. Тэгээд би 3 тооны адууг нь нийтэд нь 1.400.000  төгрөгөөр худалдан авсан. Төлбөрийг 400.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдсэн 1.000.000 төгрөгийг нь дансаар өгсөн. Тэгээд би ачаад Төв аймгийн Эрдэнэ сум ороод надад Мөөжиг гэх хүн мал эмнэлгээс малын гарал үүслийн бичиг авч өгсөн. Түүнийг нь аваад Налайх дүүрэг явсан. Уг өдрөөс хойш 6 хоногийн дараа Мөөжиг гэх хүн надруу дахин залгаж 4 тооны адуу байна авах уу гэсэн тэгэхээр нь би авна гэсэн чинь дээр ирж байсан газар хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Налайх дүүргээс 18 цагийн үед 19 цаг өнгөрөөд очиход гэрийнхээ урд талын хашаанд адуунууд хашсан байсан. Уг адуунууд дундаас 4 тооны адуу барьж өгсөн. Уг 4 тооны адууг нийтэд нь 2.000.000 төгрөгөөр худалдан авсан ба 200.000 төгрөгөөр бэлнээр авч 1.800.000 төгрөгийг дансаар өгсөн. Тэгээд намайг явахад Мөөжиг машинаасаа гарал үүслийн тамгатай бичиг гаргаж өгсөн..” гэх мэдүүлэг /хх-08 тал/,

                мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Уламбадрах мэдүүлсэн: “... 2018 оны 04 дүгээр сарын эхээр манай адуунд хул морь, хонгор халзан морь, хонгор морь, шар хээр үрээ гэсэн 4 тооны адуу нийлсэн. Уг адуунууд айлын адуу малаар яваад байдаг байсан. Сүүлдээ манай адуутай ижилсээд тэгээд яваад байсан. Манай гэрийн ойролцоо би ганцаараа адуу малдаа явдаг. Тэгсэн 2018 оны 07 дугаар сарын сүүлээр уг адуунууд гэнэт алга болчихсон. Би тухайн үед аймаг адуунд нийлсэн байх гэж бодоод нээх тоогоогүй. М ах манай 2018 оны 06 сарын 20-н үеэр ирсэн. Манайд ирэхдээ хээр азаргатай 40 тооны адуутай ирсэн. Манай адуунд адуунд байсан 4 тооны адууны тамгыг харсан сартай дөл тамга харагдаж байсан. Одоо бол бараг мартсан байна.” гэх мэдүүлэг /хх- 10 тал/,

                мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Лхагвасүрэн мэдүүлсэн: “Би Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ сум, Архуст сумын зааг дээр хаваржсан. 2018 оны 04 дүгээр сарын үеэр би яг он сар өдрийг нь сайн мэдэхгүй байсан. Нэг өглөө босоод адуугаа хураатал манай адуутай хамт 4 тооны адуу байсан. Тухайн үед худгаас ус уугаад гарч байсан. Би нээх анзааралгүй хэний адуу юм бол гэж бодоод тоохгүй явсан. Гэтэл уг адууг эзэн нь ирж авахгүй. Манай ойр хавийн айлуудын адуу малаар нийлээд яваад байсан. Тэгээд уг адуу бараг манай нутгаар 4 сар гаруй болсон тэгж байгаад 2017 оны 07 дугаар сар өнгөрөөд гэнэт алга болсон. Энэ зүйлээс өөрийг би мэдэхгүй. Морь, хонгор халзан морь, шар хээр үрээ байсан. Тамгын нь анзаарч хараагүй ээ бүдэгхэн тамгатай байсан. Би 2018 оны 06 дугаар сарын 10 гаргаад мөнгөний хэрэг болоод манай нутгаар мал, мах аван гэж явсан махны ченж залууд хээр морь, хонгор гүү хоёрыг зарж байсан юм. Тэгээд надад утас нь хадгалаастай байсан чинь М аавын бие муудлаа гээд гээд өөрийнхөө адуунаас 3 тооны адуу зарна гээд надаас ченжийн утас авч байсан. уг адуунуудыг сураглаж манай нутгаар ямар ч хүн яваагүй. Уг адуунууд байж байгаад гэнэт алга болсон” гэх мэдүүлэг /хх-11 тал/,

                мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Сүндэрмаагийн: “..М нь надаас 2018 оны 07 сард хоёр удаа ирж авсан. Эхлээд 3 тооны адууны бичиг дараа нь 4 тооны адууны бичиг авсан. Он сарыг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Гэрэл үүслийн гэрчилгээн дээр он сар өдөр нь байгаа. Би эхний 3 тооны адууг нь нүд үзэн харсан. Сүүлийн 4 тооны адууг нь нүдээр хараагүй өгсөн. М гэх залуу олон адуутай бас томоотой залуу учраас итгээд хараагүй бичгийг өгч явуулсан..” гэх мэдүүлэг /хх-12 тал/,

                мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн: “...2018 оны 04 сараас хойш байгаад байсан 4 тооны адууг өмнө нь 3 тооны адуу зарж байсан ченж залууд зарсан юм. Уг 4 тооны адууг өмнө 3 тооны адуу зарж байсан. Уг 4 тооны адууг  нийт 2.000.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед миний өөрийн адуунд зарчхаар адуу мал байхгүй байсан юм. Би тухайн үед бодохдоо адууны эзэн гарч ирвэл төлөөд өгнө гэж бодож байсан. Миний зарсан гэх 4 тооны адуу шар хээр үрээ, хонгор халзан морь, хонгор морь, хүрэн морь зэрэг байсан. Би тамгыг нь сайн санахгүй байсан. Би Төв аймгийн Эрдэнэ сумын малын эмч М гэх хүнээс өөрийнхөө малыг зарж байгаа мэтээр авсан. Би гэмшиж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээгээд хохирогчид 4 тооны үнэ болох 5.000.000 төгрөгийг өгч хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-19-21, 09 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Н.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан торгох ял оногдуулж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.М-д сануулав.

 

            Шүүгдэгч Н.Мд холбогдох  хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овгийн Н.М-г бусдын алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-г 450 /дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ