Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01643

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01643

 

2022 09 02 210/МА2022/01643

 

 

У ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2022/02117 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У ХХК-ийн хариуцагч М ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 90,260,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний торгууль, хохиролд нийт 130,310,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: М ХХК нь төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд У ХХК-тай 2 төрлийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Сэлбэ хүүхдийн зуслангийн гал зуухны барилгын дотор талын 400 м.кв талбайд хөөс цацах ажлыг гүйцэтгэх, хөлс 17,160,000 төгрөгийг М ХХК төлөхөөр болсон. Мөн У ХХК нь 140 сая төгрөгийн өртөг бүхий гадна фасадын төмөр хийцийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр М ХХК-д нийлүүлэх, М ХХК нь нийлүүлсэн хөрөнгийн үнийг 28 хувийн өгөөжтэйгөөр нийлүүлэгч У ХХК-д төлөх үүрэг гүйцэтгэж, үүрэг гүйцэтгэгч үүргийн хугацааг 7 хоногийн хугацаагаар хоцорсон нөхцөлд үүрэг гүйцэтгүүлэгч тал дангаар гэрээг цуцалж, буруутай талаас гэрээний үнийн дүнгээс тооцож, 20 хувийн торгууль шаардах бичгийн хэлцлийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус тус байгуулсан. Дээрх гэрээний үндсэн дээр У ХХК нь Сэлбэ зуслангийн гал зуухны барилгын дотор талын 400 м.кв талбайд шингэн хөөсөнцөр цацах ажлыг өөрийн хөрөнгөөр 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 27-ны өдрийн хооронд гүйцэтгэж, гүйцэтгэлийг захиалагч М ХХК-д хүлээлгэж өгсөн. Мөн 73,100,000 төгрөгийн үнэ бүхий гэрээнд заасан 5 нэр төрлийн гадна фасадын хөнгөн цагаан хийцүүдийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр М ХХК-д хүлээлгэн өгсөн. Иймд 400 м.кв талбайд хөөсөнцрийн ажил гүйцэтгэсэн ажлын хөлс 17,160,000 төгрөг, нийлүүлсэн 5 нэр төрлийн бараа материалын үнэ 73,100,000 төгрөг, нийт 90,260,000 төгрөгийг М ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: У ХХК-тай анх дулаалгын хөөс 800м.кв, 1 м.кв талбайг 28,000 төгрөгөөр шүршихээр харилцан тохиролцсон боловч У ХХК-ийн захирал Д.Б хөөс дууссан гэсэн шалтгаанаар ажлыг хүлээлгэж өгөөгүй. Уг ажлыг бид Илт байшинг ХХК-аар хийлгэж, тооцоог хийсэн. У ХХК нь тухайн үед 400 м.кв талбайд хөөс шүршсэн тул тохирсон үнийн дүнгээр 11 сая орчим төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Бид 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 11/05 тоот хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ажлыг эхлүүлсэн. Нийт 140,000,000 төгрөгийн үнийн дүнтэйгээр гэрээнд тусгасан 9 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр тохиролцсон боловч цаг хугацаандаа бараа материалыг нийлүүлж чадаагүй. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс манай захиалагч компанитай байгуулсан 934 сая төгрөгийн гэрээ цуцлагдсан. Бид нэхэмжлэгч талын анхлан гаргаж өгсөн үнийн санал дээр нь тулгуурлаж, хэдэн хувь нь т профильд ногдож, хэдэн хувь нь нийлүүлсэн хөнгөн цагаанд ногдсон гэдгийг шударгаар тооцож гаргасан. Цар тахлын үед Замын-Үүд боомтоор бараа, материалыг чөлөөтэй нэвтрүүлж байсан. Тиймээс үүнийг давагдашгүй хүчин зүйл гэж үзэхгүй. 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч тал тодорхой хэмжээний материал нийлүүлсэн боловч гол хэрэгслүүдийг нийлүүлээгүй. Иймд манай талын хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн үнийн дүнгээр нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: У ХХК-тай 296,352,000 төгрөгийн материал нийлүүлэх гэрээ байгуулсан. У ХХК нь 11/05 тоот гэрээний 2.2, 2.3 дахь заалтын үүргийг удаа дараа зөрчсөн тул 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 01/08 тоот мэдэгдэл, албан шаардлага хүргүүлж, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 04/08 гэрээний гол нөхцөлийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэж, мэдэгдэл хүргүүлж, гэрээг цуцалсан. Бид захиалагчтай хийсэн 20 тоот гэрээний үүргийг биелүүлж, гэрээнд заасан материал нийлүүлэхэд нийт 57,682,821 төгрөг зарцуулж, гэрээнд заасан 146,352,000 төгрөгийг авах байсан. Мөн 05/11 тоот гэрээний 7 дугаар зүйлд гэрээг цуцлахад хүргэсэн буруутай тал нөгөө талд гэрээний үнийн дүнг үл маргах журмаар төлнө гэж заасан. Гэрээний 8 дугаар зүйлийг үндэслэн нийт 111 сая төгрөгийг У ХХК-аас гаргуулж өгнө үү. 6 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нийлээд T профилийн сет болох ёстой байсан. Z профилийн үнийг гаргаж өгсөн. Квадратууд, гагнадаг кронштейн зэргийг нийлүүлчихсэн. Бид нар зайлшгүй олох ёстой байсан орлогыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжилж байна. 05/11 тоот гэрээний торгууль төлбөр болох 21,007,000 төгрөг, нийт 109,676,179 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. 05/11 тоот гэрээний үүргийг биелүүлээгүйгээс болж, манай 20 тоот гэрээ дуусгавар болсон. 20 тоот гэрээний 4.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үнэ 633,864,000 төгрөгөөс хамгийн багадаа 5 хувийн ашиг олох боломжтой байсан. 5 хувь нь 31,000,000 төгрөг, нийт 130,310,000 төгрөгийг У ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: 05/11 тоот гэрээний хүрээнд энэ асуудал яригдах ёстой. Үүрэг гүйцэтгүүлэгч захиалга буюу хөрөнгө оруулсан мөнгөө урьдчилж өгсөн бол хохирлоо шаардах эрхтэй. Хариуцагчийн З ХХК-тай байгуулсан гэрээ энэ асуудалд хамааралгүй. Бидний хооронд байгуулсан гэрээгээр хугацаа хэтрүүлбэл 20 хувийн торгууль төлөхөөр тохирсон. Хугацаа хэтрүүлсэн асуудал нь цар тахлаас үүдэлтэй, тээвэрлэлтийн үйл ажиллагааг гацаатай, удаашралтай байснаас болсон. Энэхүү нийтэд илэрхий байдлыг нотлох шаардлагагүй. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дах хэсэгт зааснаар 20 хувийн торгууль төлөх үүргээс чөлөөлөгдөнө. 20 тоот гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч өөрөө хариуцах ёстой. Нэхэмжлэгч тал 133 сая төгрөгийн хохирлыг хариуцахгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.4, 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 84,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгож, нэхэмжлэгч У ХХК-иас 61,808,189 төгрөгийг гаргуулах хариуцагч М ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх 5,960,000 төгрөгийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 68,501,811 төргрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 609,250 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 814,500 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 579,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч У ХХК-иас 466,990 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч М ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 61,808,189 төгрөгийн дүнгээр хангаж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. М ХХК нь 20 тоот гэрээний үүргээ тухайн компанийн өмнө өөрөө хариуцах ёстой. 11/05 тоот гэрээний хүрээнд талуудын хариуцлага яригдана. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа олон удаа өөрчилсөн. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл 61,808,189 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Мөн шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.4, 232 дугаар зүйлийн 232.5 дах заалтуудыг буруу хэрэглэсэн, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ гэрээний эрх зүйн төөрөгдөлд орсон гэж үзэж байна. Түүнчлэн, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас У ХХК пасадны төмөр хийцүүдийг бүрэн хэмжээгээр нийлүүлэх хугацааг хэтрүүлсэн байдаг. Иймээс үүрэг гүйцэтгэгчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 355 дугаар зүйлийн 355.4 дэх хэсэгт зааснаар үүргийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан баримтад хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Бүх бараа материалыг 140,000,000 төгрөгт багтаан авахаар тохиролцсон нь гол зүйл юм. Шүүхээс талуудад биш нэхэмжлэгч талд санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх даалгавар өгч шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан. Хариуцагчийн хувьд шүүгчийн хэрэгт байхгүй гээд байгаа татгалзлыг шууд нотолсон төлбөр төлсөн баримт, гүйлгээ хийсэн баримт, санхүүгийн анхан шатны бүхий л баримтыг гаргаж өгсөн. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Монгол банкны ханшаар 1юань-455.55 төгрөг байсан нэхэмжлэл гаргасан өдрийн албан ханш 439.72 төгрөг байсан болохыг Монгол банкны албан сайт гэрчилнэ. 217900 юань нь 99,264,345 төгрөг 28% өгөөж нь 27,794,016 төгрөг нийт 127,058,316 төгрөг болж байна. 52,632,000 төгрөг 99,264,345 төгрөг хоёр нь 46,632,345 төгрөгийн илт зөрүүтэй байна. Шүүгчийн шийдвэрээс тооцвол хэрэгт авагдсан санхүүгийн баримтаар нотлогдох 84,252,000+127,058,316=211,310,316 төгрөг болж биднийг илт хохироохоор байна.Үнэлгээг илэрхий алдаатай нэг талын ашиг сонирхолыг хангахаар тооцсон тул зөв тооцож өгнө үү.

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлд заасан шүүхээр хамгаалуулах зарчмыг зөрчиж, 73,100,000 төгрөгийг тооцохдоо нэхэмжлэгчийн төлөөлөгч н.Тгийн гаргаж өгсөн үнийн санал илт зөрүү байхгүй 217900 юань 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн монгол банкны ханшаар 52,632,000 төгрөг болж байх бөгөөд уг үнэлгээн дээр 28 хувийн ашиг нэмж тооцон нийт 73,100,000 төгрөг болж байна гэж илэрхий алдаатай тооцоолол хийж хүчээр тохируулга хийж нэхэмжлэгчийн эрх ашгийг илтэд хангаж шийдвэрлэсэн байна. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Монгол банкны ханшаар 217 900 юань нь 99,264,345 төгрөг 28 хувийн өгөөж нь 27,794,016 төгрөг нийт 127,058,316 төгрөг болж байна. Бараа материалын падааныг харвал гагнадаг кронштейн 3 өөр хэжээтэй 3 өөр үнэтэй байгааг ижил нэр төрлийн бараа өөр үнэтэй байна гэж төөрөгдүүлж шийдвэрлэжээ. Бусад төмрийн хувьд хэрэгт авагдсан хариуцагчийн дансны хуулгаас З өөр газраас нэр төрлийг бичиж шилжүүлсэн гүйлгээ, санхүүгийн баримтаар нотлогдоно. Үнэлгээг тооцохдоо бодит санхүүгийн баримт,11/05 тоот гэрээний гол нөхцлийн 6 дугаар зүйлд заасныг үндэслэн үлдэгдэл хэсгийг хэрэгт авагдсан н.Тунгалагийн явуулсан үнэлгээнд харьцуулж гаргасныг тайлбарлаж өгсөн. Мөн нэхэмжлэгч уг тайлбараа нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй. Энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргаж чадахгүй байх тул энэхүү тайлбар татгалзал нь бодитой гэж үзэх боломжгүй байна гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлийг бидэнд нялзааж илтэд ашиг сонирхол үйлчилж байна гэж хардах үндэслэл болж байна. Тиймээс тус хэсгийг өөрчлөн шийдвэрлэж, шударга шүүж шүүхээр хамгаалуулах эрхээр хангаж өгнө үү.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой байсан орлого 88,669,179 төгрөгийн шаардлагын 50 хувиар тооцон 44,334,589 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй үндэслэлгүй байна. Иймд 44,334,589 төгрөгийг У ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Шүүх бараа материалын тусгагдсан нэртэй шилжүүлгийг 34,000,000 төгрөг гэж тооцсон. Үүнээс хүлээн зөвшөөрөх нь материалын мөнгө 5,670,000 төгрөг, ачааны төлбөр 2,275,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс бусад нь хүлээн зөвшөөрөх боломжгүй санхүүгийн баримт байна. Тухайн үед төмрийн хомсдолтой байсан тул өөр өөр хүмүүс рүү тус тусад нь гүйлгээг шилжүүлсэн. Гэтэл шүүх яагаад өөр өөр үнээр авсан юм бэ, тийм болохоор нотлох боломжгүй гэж дүгнэсэн. Тухайн үед бид нэр зоож дансны баримтаа дансны хуулгын хамт өгсөн. 140,000,000 төгрөгөөр энэ бүтээгдэхүүнийг авна гэж гэрээ хийсэн. Хэрэв үүнийг нийлүүлж чадах юм бол 39,200,000 төгрөгийн өгөөж өгнө, хэн хэндээ ашигтай ажиллах саналыг тавьж хамтран ажиллах гэрээ хийсэн. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар үүргээ зохих ёсоор, цаг хугацаанд нь, шударгаар биелүүлээгүй. Шүүгчийн гаргасан шийдвэрийн дагуу тооцоолол хийх юм бол 78,000,000 төгрөг төмөр авахад зарцуулсан болохоор 38,000,000 төгрөгийн хохирол хүлээж байна. Кронштейн болон квадратын үнийн дүнгээс 38,000,000 төгрөгийн бодит хохирлыг бид хүлээсэн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн санхүүгийн баримтууд нь шаардлага хангахгүй, нотлогдохгүй байна гэсэн хэрнээ түүнийг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Тооцоог буруу хийсэн учир зөв шийдвэр гаргах боломжгүй гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга: У ХХК нь М ХХК-тай гэрээ хийсэн учир 73,100,000 төгрөгийн бараа материалыг нэхэмжилсэн. М ХХК нь Эрхэт Монгол группийн хүүхдийн зуслангийн гал зуухны дотор талыг хөөсөнцрөөр дулаалах ажил байна. 1,6 метрийн зузаантай хөөс цацах ажил 42,000 төгрөгийн хөлс төлнө гэж тохирч хийлгэсэн. Гэрээгээр 140,000,000 төгрөгийн 9 төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийсэн. Үүнээс 5 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Бусдыг нь Ковид-19 цар тахал гарч нийлүүлж чадаагүй. Нийлүүлсэн 5 нэр төрлийн барааны үнийн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Үүний зах зээлийн үнийн дүнг тогтоолгох шинжээч томилох хүсэлт гаргаж байсан. Хэрэгт гаргаж өгсөн үнэлгээг хууль бус үндэслэлгүй гэж үзэх боломжгүй. Хөөстэй холбоотой асуудал нь 48 м.к.в-ыг 42,000 төгрөг буюу нийт 28,000,000 төгрөгөөр тогтсон гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт гарсан тооцооллын болон хууль хэрэглээний алдааг залруулав.

2. Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 90,260,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний торгууль, хохиролд нийт 130,310,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу У ХХК нь Гранд маршал төслийн 1-6 блокийн барилгын подсистемийн 9 нэр төрлийн барилгын материалыг нийлүүлэх, хариуцагч М ХХК нь 140,000,000 төгрөгийг 28 хувийн ашиг тооцож шилжүүлэх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон байна. /1хх 9-13/

Мөн, нэхэмжлэгч нь Сэлбэ хүүхдийн зуслангийн гал зуухны барилгын дотор талын хана, таазанд хөөсөнцөр дулаалгын ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь хөлс төлөхөөр аман хэлбэрээр тохиролцсон байна.

3.а. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

3.б. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу нийт 5 нэр төрлийн барилгын материал нийлүүлсэн. Үлдсэн 4 төрлийн барилгын материалыг нийлүүлж чадаагүй. Нийлүүлсэн барилгын материалын үнэ 52,660,000 төгрөг, 28 хувийн ашиг 20,440,000 төгрөг нийт 73,100,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ...Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ-нд заасан 9 төрлийн барилгын материалаас 5 нэр төрлийн барилгын материалыг хүлээн авсан. Үүний үнэ 34,965,145 төгрөгийг зөвшөөрч байгаа. Үлдэгдэл 4 төрлийн барилгын материалыг нийлүүлээгүйгээс 930,216,000 төгрөгийн гэрээ цуцлагдаж, их хэмжээний хохирол учирсан тул үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. гэж тус тус тайлбарласан.

4.а. Зохигчид 5 нэр төрлийн барааг нийлүүлсэн үйл баримтад маргаагүй, харин маргааны зүйл нь 5 нэр төрлийн барааны үнэ, болон түүнд ногдох ашиг тооцох болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол, олох ёстой байсан орлогын талаар маргасан.

4.б. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг 84,300,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байна.

5.а. Талуудын хооронд байгуулсан гэрээний Тусгай нөхцөлийн 10-т заасан 9 нэр төрлийн барилгын материалын үнийг нийт 179,200,000 төгрөг гэж тохиролцож, үүнээс 140,000,000 төгрөгийг БНХАУ-аас худалдан авах 9 нэр төрлийн барилгын материалын үнэ, үүний дээр 28 хувийн ашиг 39,200,000 төррөгийг худалдагч тал авах эрхтэй гэж тохиролцсон. Гэрээний нийт үнэ 179,200,000 төгрөг гэж тодорхой заасан байна. Иймд үнэ тогтоолгохоор шинжээч томилох шаардлагагүй.

5.б. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дах хэсэгт зааснаар гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох хуулийн зохицуулалттай.

Хэрэгт авагдсан 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр н.Тунгалагтай цахим сүлжээний чатаар харилцсан баримтад бичигдсэн үнийн тооцоолол /хх 64-65/, талуудын тайлбарыг харьцуулан үнэлэхэд 5 нэр төрлийн барааг 107,400 юаниар худалдан авсан гэж үзэхээр байна. Энэ тухай мессежээр харилцсан өдрийн ханшаар /447,18 төгрөг/ тооцоход 107,400 юань нь 48,027,132 төгрөг болж байна. Энэхүү үнэ дээр гэрээгээр тохирсон 28 хувь 13,447,597 төгрөгийг нэмж тооцоход нийт нэхэмжлэгчийн нийлүүлсэн материалын үнийг 61,474,729 төгрөг гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсэх үеийн ханш буюу 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Монгол банкны юанийн ханш 447,18 төгрөг байсан.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нийлүүлсэн 5 нэр төрлийн материалын үнэ 61,474,727 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

5.в. Анхан шатны шүүх Сэлбэ хүүхдийн зуслангийн гал зуухны барилгын дотор талын хана, таазны 400 м.кв талбайд хөөсөнцөр дулаалгыг 6,5 см зузаантай гүйцэтгэсэн ажлын хөлсийг 11,200,000 төгрөгөөр тооцож, хариуцагчаас гаргуулсан үйл баримтын талаар талууд давж заалдах гомдол гаргаагүй тул өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

5.г. Иймд ажлын хөлс 11,200,000 төгрөг, нийлүүлсэн барилгын материалын үнэ 61,474,729 төгрөг, нийт 72,674,729 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 17,585,271 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байна.

6. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

6.а. Хариуцагч нь нэхэмжлэгч компанийг гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээс бусадтай байгуулсан гэрээ цуцлагдаж, хохирол учирсан тул торгууль 20 хувиар тооцож 21,007,000 төгрөг, олох ёстой байсан орлого татварын өмнөх байдлаар 88,669,179 төгрөг, ашиг 31,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, бусадтай байгуулсан гэрээний харилцаа хамааралгүй, хугацаа хэтэрсэн нөхцөл байдал цар тахлаас хамаарах тул торгуулиас чөлөөлөгдөнө гэж тус тус тайлбарлан маргасан.

6.б. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлд Гэрээг цуцлахад хүргэсэн, буруутай тал нөгөө талдаа гэрээний үнийн дүнгийн 20 хувийн торгууль үл маргах журмаар төлнө гэж, 7-д ... материал нийлүүлэлтийн хугацааг 7 хоногоор хоцруулахаас бусад нөхцөлд гэрээг дангаар цуцлахыг хориглоно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч У ХХК нь гэрээнд заасан хугацаанд бараа материалыг бүрэн нийлүүлээгүй байх тул хариуцагч М ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт зааснаар гэрээнд заасан хэмжээний торгууль шаардах эрх үүссэн байна.

6.в. Торгуулийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасанд нийцнэ.

Анхан шатны шүүх гүйцэтгээгүй үүргийг 87,368,000 төгрөг гэж буруу тодорхойлсны 17,473,600 төгрөгийг торгуульд гаргуулахаар шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

6.г. Гэрээний нийт үнийн дүн 179,200,000 төгрөгөөс гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон үүргийн хэмжээ 61,474,727 төгрөгийг хасаж тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 117,725,273 төгрөг болно. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид 23,545,054 төгрөгийн торгуулийг төлөх үүрэгтэй.

М ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ торгуулийн үнийн дүнг 21,007,000 төгрөгөөр тодорхойлсон. Хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүний хэмжээг өөрөө тодорхойлох эрхтэй тул шаардсан хэмжээгээр буюу 21,007,000 төгрөгийн хэмжээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн торгууль гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

6.д. Хариуцагч нь гэрээ цуцалснаас учирсан хохирлоо ...З ХХК-тай байгуулсан гэрээний 4-д заасан барилгын материал нийлүүлэх үнэ 296,352,000 төгрөгөөс дундын дансанд шилжүүлсэн 150,000,000 төгрөг, болон бусдаас бараа худалдан авсан 57,682,821 төгрөгийг хасаж тооцон үлдэх 88,669,179 төгрөгийг олох ёстой байсан орлого, мөн ...З ХХК-тай байгуулсан 20 тоот Ажил гүйцэтгэх гэрээний 4-д заасан мульт хаусны гадна пасадны угсралтын ажлын хөлс 633,864,000 төгрөгийн 5 хувиар тооцож 31,693,200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан багасгаж, 20,633,821 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж тайлбарласан.

6.е. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн хохиролтой холбоотой дээрх хэсгийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг харьцуулан үнэлэх журмыг хангаагүй байна.

Талуудын хооронд гэрээ цуцлахтай холбоотой эрсдэлийг 20 хувиар торгууль төлөхөөр гэрээндээ харилцан тохиролцож заасан байна. Нэхэмжлэгч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн, барааг бүрэн нийлүүлээгүй гэх нөхцөл байдал хариуцагчийн гэрээг цуцлах шууд үндэслэл болсон гэх, бусад этгээдээс олох байсан орлого ашиг гарцаагүй гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Тодруулбал, гэрээнд заасан гэрээ цуцалснаас үүсэх дагавраас илүү хэмжээний хохирол үүссэн гэх байдлыг эргэлзээгүй баримтаар нотлоогүй.

Талуудын хүсэл зориг бүрэн хэрэгжиж гэрээ дуусгавар болоогүй, үүргийн зөрчилтэй холбоотой гэрээ цуцлагдсан тохиолдолд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирлоо шаардах эрхтэй боловч уг хохирол нь бодитой байх, гэрээ цуцлагдсантай шууд шалтгаант холбоотой үүссэн байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байх ёстой.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас олох байсан орлоготой холбоотой шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.

Иймд З ХХК-тай байгуулсан гэрээ цуцалсантай холбоотой үүсэж болох хохирол, үр дагаврын талаар гэрээндээ тухайлан заасан хэсэг буюу торгууль 20,007,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй болно.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2022/02117 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 84,300,000 гэснийг 72,674,729 гэж, 61,808,189 гэснийг 21,007,000 гэж, 5,960,000 гэснийг 17,585,271 гэж, 68,501,811 гэснийг 109,303,000 гэж,

2 дах заалтын 579,450 гэснийг 521,873 гэж, 466,990 гэснийг 263,350 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466,991 төгрөг, хариуцагчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570,300 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР