Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01645

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01645

 

2022 09 02 210/МА2022/01645

 

 

М ХХК, Ч.Д нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/03055 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК, Ч.Д нарын хариуцагч Н.Мд холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 56,764,689 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Г.М, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Иргэн Ч.Д 2001 оноос Сүхбаатар аймгийн Дарьганга сумын улсын тусгай хамгаалалттай газар болох Шилийн богд уулын тогтоо хэмээх хэсэгт ах, дүү, төрөл садан, сайн дурын байгууллагуудын дэмжлэгтэйгээр мод тарьж эхэлсэн. Н.М нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тухайн газар нутагт бөө мөргөлийн зан үйл үйлдэхдээ гал алдсаны улмаас Ч.Дын тарьсан ургамал, модыг шатаасан байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа, хөгжлийн төвийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/456 дугаар албан бичгээр 8066 ширхэг мод, сөөг амьдрах чадваргүй болохыг тогтоосон. Тиймээс хариуцагчаас шатсан модны үнэд 28,580,000 төгрөг, модыг суулгахад тухайн орон нутгаас болон Улаанбаатар хотоос ажилчдын ажилчдын томилолт зардалд 9,000,000 төгрөг, 2011-2019 оны хооронд автомашины түлшинд 4,690,560 төгрөг, ажилчдын хоол хүнс, цалингийн зардалд 5,120,000 төгрөг, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд ууланд 2011-2019 оны хооронд мод тарихаар явахдаа автомашин түрээсэлсэн зардал 5,300,000 төгрөг, нийт 52,690,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч М ХХК нь нэхэмжлэгч Ч.Дын мод тарих ажилд түлшний зардалд 3,034,129 төгрөгийг зарцуулсан тул гэм буруутай этгээдээс гаргуулж өнгө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ч.Д нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд ууланд судалгааны чиглэлээр мод тарьсан байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвийн албан бичигт учирсан хохирол нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэдгийг тогтоогоогүй. Нэхэмжлэгч нарын тарьж ургуулсан ой нь Монгол Улсын ойн нэгдсэн санд бүртгэгдээгүй, таримал модыг хэдэн га талбайд хэдэн төрлийн ямар тарьц суулгасан, хэдэн төгрөгийн зардал гаргасан талаар нарийвчилсан тооцоогүй. Шүүхэд гаргасан төлбөрийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Шүүхийн журмаар эдгээр баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч и-баримт нэг ч ирээгүй. Ойд учирсан хохирлын экологи байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй, эрүүгийн журмаар шалгаж уг нөхцөл байдлыг бүрэн нотлогдоогүй гэж үзсэн. Нэхэмжлэгч М ХХК-д хохирол учирсан байдал нотлогдохгүй, нэхэмжлэгч нар хэрхэн хамтран ажилласан гэдэг нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: ...Хэргийн материалд дурдагдсанаар 8 га газар тарьж ургуулсан модны нэлээдгүй хэсэг галд өртсөн байна. Хэдийгээр санамсар болгоомжгүй үйлдлээр гал түймэр гаргасан гэм буруутай байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Мд холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 56,764,689 төгрөг гаргуулахыг хүссэн Ч.Д, М ХХК нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441,774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.а. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн: Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.4, 30 дугаар зүйлийн 30.5-д заасан хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Бидний мод тарьж ургуулсан шалтаан нь цөлжилт, дэлхийн дулаарлыг бууруулах, орон нутагтаа төрөл бүрийн хөрсний элэгдлийг багасгах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, судалгаа шинжилгээний чиглэлээр модыг тарьж, ургуулсан болно. Иргэний хуульд хөрөнгө гэх ойлголтод хуульчилж өгсөн бөгөөд хуулийн 83 дугаар зүйл 83.1 дэх хэсэгт ... Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно ... гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Д нь А ХХК, Моностой ойн нөхөрлөл ХХК болон О ХХК-аас Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээгээр модны суулгацуудыг худалдан авсан байдаг. Мөн нэгэнт тодорхой төрлийн хуульд харшлаагүй эд хөрөнгө худалдан авсан бол Иргэний хуулийн 111, 112 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрх нь тухайн этгээдэд үүсэхээр хуульчилсан. Иймд шаардах эрхийн талаар шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

5.б. Хариуцагчийн учруулсан хохирлын тухайд хариуцагч Н.М нь 2 га талбайд гал алдаж бусдын тарьж ургуулсан мод, бут, сөөгийг шатаасан гэдэг дээр хариуцагч маргаагүй. Иймээс Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмчийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд хариуцагч тал хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Мд холбогдуулан гэм хорын хохиролд 56,764,689 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.М нь эс зөвшөөрч маргажээ.

2.а. Анхан шатны шүүхээс Ч.Дын тарьж ургуулсан модонд гэм хор учирсныг түүний өмчлөлийн зүйл биш учир хохиролд тооцохгүй гэж Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хариуцагчийн гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгчид учирсан хохирлын шалтгаант холбоотойг харгалзан дүгнээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

2.б. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно.

Нэхэмжлэгч Ч.Д нь өөрийн зардлаар 8066 ширхэг модны суулгац суулгаж, тарьж ургуулсан үйлдэл нь эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гүйцэтгэсэн хууль зөрчсөн үйлдэл биш. Иймд хуулийн дагуу тодорхой хөрөнгийг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

2.в. Анхан шатны шүүх Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 30 дугаар зүйлийн 30.5 дах хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан зөвхөн төрийн өмчид хохирол учирсан байх боломжтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Тодруулбал, Ойн тухай хуулийн дээрх зохицуулалт нь ойн эзэмшил, өмчлөл тогтоохтой хамааралгүй 16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх эрхийг тодорхойлсон. Мөн, тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаанд мод тарих, судалгаа шинжилгээний ажил явуулахад хамаарахгүй тул зөвшөөрсөн үйл ажиллагаа гэж үзнэ.

2.г. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Шилийн богд ууланд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хээр талаас гарсан газрын гадаргуугийн эрчимтэй түймрийн улмаас 2,6 м өндөртэй 21 настай гацуур 6 ширхэг, 0,20-1,45 м өндөртэй 3-11 настай нарс 2,000 ширхэг, 0,25-3 метр өндөртэй шинэс 6000 ширхэг, 6 төрлийн сөөг 60 ширхэг, нийт 8066 ширхэг мод, сөөг амьдрах чадваргүй болсон болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ойн судалгаа, хөгжлийн төвийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/456 дугаартай албан бичиг /хх. 15/, мод худалдан авсан баримтаар тогтоогдож байна. /хх. 28-72/

2.д. Иймд хариуцагч Н.Мгийн болгоомжгүй үйлдлээс гал түймэр гарч, Ч.Дүгэржавын хөрөнгө, хүчээр тарьсан мод шатаж, устгасан үйл баримт нь бусдын хөрөнгөд хохирол учруулсан гэм хор гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Д нь өөрийн зардал гаргаж тарьсан мод буюу эдийн баялагт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.

2.е. Гэм хорыг арилгах үүрэг бүхий Н.М нь зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй тул гэм хорыг мөнгөн илэрхийллээр бодит гарсан зардлаа шаардаж байгаа нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцнэ.

2.ё. Хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан мод худалдаж авсан 28,500,000 төгрөгийн баримт, мод тарихтай холбоотой авто тээврийн хэрэгслийн түрээсийн болон шатахуун худалдаж авсан 5,062,700 төгрөгийн баримт нь нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг тогтооход ач холбогдолтой байх тул шалтгаант холбоотой баримт гэж үзэв. /хх. 25-31, 37-72/

2.ж. Харин М ХХК-ийн болон Ч.Д нарын шатахуун худалдаж авсан гэх НӨАТ-ын баримтуудыг мод тарихад хэрэглэсэн гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт нийцэхгүй, эргэлзээтэй баримт байна. Түүнчлэн, гадна ажилчид хөлсөлж ажиллуулсантай холбоотой томилолтын зардал 9,000,000 төгрөг, ажилчдын хоол хүнсний зардал 5,120,000 төгрөг, томилолтын зардал 1,040,000 төгрөг болохыг нотолсон санхүүгийн анхан шатны баримтууд хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүх эдгээр зардлыг нэхэмжлэгчээс мод тарихтай холбоотой гарсан зардал гэж эргэлзээгүй нотолсон баримт гэж үзэхгүй.

Мөн нэхэмжлэгч М ХХК нь Ч.Дын мод тарих ажилд 2017 оноос шатахуун худалдан авахад зориулж 3,034,129 төгрөгийн зардал гаргасан байдал баримтаар тогтоогдохгүй, зөвхөн мод тарихад зарцуулсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй тул нэхэмжлэгч М ХХК-ийн энэ талаар гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй.

2.з. Иймд хариуцагч Н.Мгээс гэм хорын хохиролд 33,642,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон М ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/03055 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 33,642,700 төгрөгийг хариуцагч Н.Мгээс гаргуулж, нэхэмжлэгч Ч.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 23,121,989 төгрөг болон М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж гэж, хариуцагчаас 326,163.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Дд олгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 441,774 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР