Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 268

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох 1834006550293 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, галын техникч, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 22-2-27 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, О овогт Д. Б гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 08 дугаар 21-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Өндөр дов” гэх газар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Н.Ууганчимэгийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 08 дугаар 21-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Өндөр дов” гэх газар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Н.Ууганчимэгийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Ууганчимэг: “....2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газарт айлын зуслан дээр айлд хоол идэх гээд очсон тэр айлд манай нөхөр Б архи уугаад сууж байсан. Би нөхөртөө архи уухаа боль айлын гаднаас яв гэсэн тэгээд бид хоёр маргалдаж Б миний баруун чихрүү гараараа нэг удаа алгадсан үүнээс болоод миний чихний хэнгэрэг хагарсан. Ийм асуудал болсон. Б бид хоёр 2001 онд албан ёсоор гэр бүл болсон дундаасаа 17, 11 насны хоёр хүүхэдтэй. Урьд өмнө намайг зодож байсан асуудал байхгүй. Б архи ууснаасаа болж ийм асуудал болсон архи уухаараа агсам тавиад байдаг юм. Одоо миний чихний хэнгэрэг хагарсан хагалгаандаа орж чадаагүй байна. Хамар битүүрээд байсан. Одоо зүгээр болсон. 1-р эмнэлэгт хагалгаанд орсон. Баруун гар одоо зүгээр болсон. Одоо дахин нэг хагалгаанд дорох шаардлагатай. Одоо миний чихэнд түр хальс тавьчихаад байгаа. Б эмчилгээний зардал 270.000 төгрөг өгсөн... Надад одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо Б бид хоёр цуг амьдарч байгаа. ..  ” гэх мэдүүлэг /хх 13-14 тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Цэдэндаш мэдүүлсэн: “...Д.Бтой 10 жилийн нэг сургуульд хамт сурч байсан найзууд Н.Ууганчимэг нь Д.Бийн эхнэр. Б Ууганчимэг нарыг анх танилцаж гэр бүл болохоор эхлээд мэднэ. Би гэрээр нь байнга биш  ч гэсэн орж гардаг. Энэ хоёрын  хоорондын харьцаа жирийн л хосууд шиг байдаг. Миний хажууд хэрэлдэж зодолдоод байсан зүйл байхгүй. Б нь төлөв даруу зантай хурц догшин зан байхгүй. Ууганчимэг нь янз бүрийн ааш авир гаргаад байдаггүй..” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,

                мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Эрдэнэдалай мэдүүлсэн: “...Би Б багийн найзууд. Ууганчимэг Бын эхнэр. Гэрээр нь нээх орж гараад байдаггүй. Жирийн л амьдралтай л  хүмүүс байдаг. Б төлөв даруу архи уугаад энд тэнд агсан тавьж гэр орондоо агсан тавиад байдаг гэж сонсож дуулаагүй. Ууганчимэг янз бүрийн ааш авир гаргаад байдаггүй. Жирийн л зан харьцаатай. ” гэх мэдүүлэг /хх- 17-18 тал/,

                Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны №545 дугаартай шинжээчийн дүгнэлт: “ 1. Н.Ууганчимэгийн биед баруун чихний хэнгэргэн хальс урагдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  3. Дээрхи гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-20 тал/

                мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Б: “...Би өмгөөлөгч авахгүй өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний зүгээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй. Эхнэр бид хоёр одоо хамтдаа амьдарч байгаа. Бид хоёр эвлэрсэн. Дахин ийм асуудал гаргахгүй. 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Өндөр дов гэх газарт найзынхаа зусланд хоёр шил архи найз нартайгаа хувааж уугаад тарж байх үед эхнэр Ууганчимэг ирээд уурлаад миний машины шилийг чулуугаар цохихоор нь би уурлаад Ууганчимэгийг нэг удаа алгадсан чинь Ууганчимэгийн чихний хэнгэрэг хагарсан байсан. Тухайн үед би согтолт гайгүй болж байгаа үйл явдлыг бүрэн ойлгох чадвартай байсан. Ууганчимэг бид хоёр урьд өмнө ингэж зодолдож байгаагүй. Машины шилийн эхнэрээсээ нэхэмжлэхгүй бид хоёр дундаа ээлжилж машинаа барьдаг дундын өмч юм. Иймд миний үйлдсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-26 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Д.Бид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан торгох ял оногдуулж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-д сануулав.

 

            Шүүгдэгч Д.Б-д холбогдох  хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч О овгийн Д.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ