Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01674

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01674

 

 

2022 09 05 210/МА2022/01674

 

 

Б ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/01790 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, гуравдагч этгээд ЭМЕ газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээд НДЕ газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №0-18/035 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Уг гэрээг халхавчилж талууд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ байгуулан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн хэдий ч талуудын хооронд үүссэн харилцаа нь хариу төлбөргүйгээр өмчлөлд шилжүүлэх зорилгыг агуулаагүй. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Б ХХК-д шилжүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: К нь Б ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Үл хөдлөх энгийн бэлэглэлийн гэрээг байгуулан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон. Хамтран ажиллах гэрээний 1.3 дахь хэсэгт заасан хэрэгцээ, шаардлага гэдэг нь Монголбанкнаас өгсөн зөвлөмж, зааварчилгааг хэлбэрийн төдий биелүүлэхээр оролдсон буюу залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэг, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт заасны дагуу Б ХХК нь К ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах хуульд заасан шаардах эрх хэрэгжүүлэх хугацаа өнгөрсөн байгааг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЭМД ерөнхий газар тайлбарын агуулга: 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Өр төлбөр барагдуулах тухай ЭМД үндэсний зөвлөлийн 06 дугаар тогтоолын дагуу К ХХК дахь банкны эрх хүлээн авагчтай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн өр төлбөрт тооцож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг байгуулан Нийгмийн даатгалын ерөнхий газартай хувь тэнцүүлэн 2,500,000,000 төгрөгт тооцон барагдуулах гэрээ хийсэн. Энэ гэрээнээс үүдэлтэй уг мөнгийг ЭМД санд төвлөрүүлэх нэн шаардлагатай байгаа учир хариуцагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн тайлбарыг дэмжиж байна гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийгмийн даатгалын ерөнхий газар гаргасан тайлбартаа: Тухайн үл хөдлөх хөрөнгө бол төрийн хохирлыг барагдуулахаар өр төлбөрт шилжүүлж авсан хөрөнгө даатгуулагчийн халамж, тэтгэвэр, тэтгэмжид зарцуулах шаардлагатай мөнгө гэдэг утгаараа төрийн хохирлыг барагдуулах үүднээс тухайн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, сандаа оруулж төвлөрүүлэх гэж байгаа боловч уг хэрэг маргаантай холбоотойгоор зогсонги байдалд орсон байна. Тийм учир хариуцагчийн хариу тайлбарыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б ХХК, К" ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.а. Анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн Бэлэглэлийн гэрээ-г хуульд заасны дагуу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэхгүй... гэж дүгнэж тус хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайлбал, Бэлэглэлийн гэрээ нь хоёр талын гэрээ биш. Бэлэглэлийн гэрээгээр зөвхөн бэлэглэгч ямар нэгэн үйлдэл хийх үүрэг хүлээдэг. Гэтэл Б ХХК болон К ХХК нар нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №0-18/035 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулах нэрийн дор марган бүхий үл хөдлөх хөрөнгийг К ХХК-ийн хүсэлтээр эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг түр шилжүүлэн авах, буцаан өгөх талаар харилцан тохиролцсон. Гэвч тухайн хамтран ажиллах гэрээний дагуу тус үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх боломжгүй болсноос гадна, татварын асуудал бий болсон тул бэлэглэлийн гэрээ байгуулж Б ХХК-ийн шаардсан үед үл маргах журмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг К ХХК нь буцаан шилжүүлэн өгөх нөхцлийг тодорхойлж тус хэлцлийг халхавчлах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-г байгуулсан.

6.б. Анхан шатны шүүхээс ямар нотлох баримтыг үндэслэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй гэсэн үндэслэл тодорхойгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Банкны хүлээн авагчаар томилогдон 3 жил болж байна. Энэ хугацаанд банкны хүлээн авагчийн иргэд, аж ахуйн нэгж болон төрийн байгууллагын хохирлыг барагдуулахаар ажиллаж байна. Төрийн хохирлыг барагдуулахаар ЭМД сан, Нийгмийн даатгалын сан хоёрт төлбөрт тооцож шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Эрүүл мэндийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар гаргаагүй болно.

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: 2021 оны 10 дугаар сард манай ЭМД ерөнхий газар, нийгмийн даатгалын ерөнхий газраас Кны нэр дээр байсан хөрөнгүүдээс өр төлбөртөө суутгаж авсан. Тухайн үед тус хөрөнгө К-ны эрх хүлээн авагчийн нэр дээр байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч К дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4. Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол /13320/, Д.Нянтайсүрэнгийн гудамж, ** дугаар байр * давхарт байрлах 913,16 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэг хүлээн авагч К ХХК-д хариу төлбөргүйгээр шилжүүлжээ. /хх. 6/

4.а. Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол /13320/, Д.Нянтайсүрэнгийн гудамж, ** дугаар байр * давхарт байрлах 913,16 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-**********/-ийг Б талын хүсэлтээр эд хөрөнгийн гэрчилгээг түр шилжүүлэн авах, буцаан өгөх талаар харилцан тохиролцож, хамтран ажиллах үүргийг хүлээжээ.

4.б. Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн учраас хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Энэ гэрээний дагуу К ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлж аваад буцаан шилжүүлж өгөхөөр тохиролцсон гэрээг халхавчилж бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

4.в. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хэлцэл нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болж, ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсгэхийг хэлцэл хийгч талууд хүсээгүй байдаг.

Гэтэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-********** гэрчилгээнд К ХХК-ийн өмчлөгчөөр бүртгүүлж хууль зүйн үр дагавар үүсээд зогсохгүй, бэлэг хүлээн авагч К ХХК-ийн өр төлбөрт тооцогдож, ЭМД ерөнхий газрын балансад бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

4.г. Анхан шатны шүүх Б ХХК, К ХХК нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсныхаа дараа 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй гэж зөв дүгнэжээ.

4.д. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг К ХХК-ийн төлөөлөн гарын үсэг зурсан Ц.Г, болон 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хамтран ажиллах гэрээг К ХХК-ийг төлөөлөн байгуулсан А.А нарын гэрчийн мэдүүлэгт ...буцааж өгөх тул бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж мэдүүлэх боловч уг мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байх тул өөр хэлцлийг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж дүгнэх үндэсгүй. Энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэл нь халхавчилсан болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог хэдий ч халхавчилж болох хэлцэл нь агуулгаар нэг төрлийн хэлцэлд хамаарах бөгөөд талуудын хэлцэл халхавчлах хүсэл зориг нь нэгдмэл байдаг.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй гэж өөрчлөн найруулж, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх үндэслэлтэй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/01790 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,637 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР