Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01675

 

2022 09 05 210/МА2022/01675

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/02783 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ХХК-ийн хариуцагч Б.Бөд холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээд Б.Бгийн өмгөөлөгч Ө.С, гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Н ХХК-ийг 2011 онд гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөөний чиглэлээр байгуулж, 2013 онд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 21 тоот хаягт байрлах Тайм төвийн барилгыг худалдан авч үйл ажиллагаа явуулсан. Хүүхдүүдийн эцэг Б.Бгийн гуйлтаар зээл авах зорилгоор байгууллагын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бгийн төрсөн ах болох Б.Бөд бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж өгсөн. н.Т тухайн үед зээл авах боломжгүй байсан тул зээлийн барьцаанд тавих зорилгоор шилжүүлсэнээс өмчлөлд шилжүүлэх зорилгоор шилжүүлээгүй, Компанийн тухай хуульд заасан журмыг зөрчиж шилжүүлсэн нь санхүүгийн шалгалтаар тогтоогдсон. Талуудын хоорондын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл тул 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Б.Б нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Бэлэглэлийн гэрээгээр Н ХХК-аас шилжүүлэн авч, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Б.Бд шилжүүлэн өгсөн. Б.Б нь нэхэмжлэгч Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал М.Тгийн нөхөр бөгөөд 2015 оноос Н ХХК болон хувьцаа эзэмшигч М.Тд өөрийн хувьцаа эзэмшигч П ХХК-аар дамжуулж зээл олгож, тухайн үл хөдлөхөд хөрөнгө оруулалтыг хийж мөн банкны өр төлбөрийг төлж байсан. Үүний улмаас П ХХК нь эргэлтийн хөрөнгөгүй болсон тул Хас банкнаас эргэлтийн хөрөнгийн зээл авах шаардлага үүсч зээлийн барьцаанд дээрх хөрөнгийг барьцаалсан. 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мэдсэн бол хүчин төгөлдөр бусд тооцуулах асуудлыг үүсгээгүй, 2022 онд гаргаж ирж маргаж байгаа нь зөрчилтэй байна. Хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлээр тайлбарлаж байна. Иргэний хуулийн 57 дугаар зүйлд хүчин төгөлдөр бусд тооцуулах хэлцлийг төөрөгдсөн, бэлэглэгчийг гомдоосон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан аль нэг заалтыг зөрчсөн нь тогтоогдоход бэлэглэгч нь өөрөө мэдсэнээс хойш 1 жил гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд Б.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Миний бие П ХХК-ийг 2012 онд барилгыг засал чимэглэлийн чиглэлээр байгуулсан бөгөөд барилгын дээвэр болон гадна фасадны угсралт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч Н ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн * дугаар хороо Бага тойруу ** тоот хаягт байрлах Тайм төв нь 1997 онд ашиглалтанд орсон цагаасаа түрээсийн үйл ажиллагаа явуулж байсны улмаас маш их элэгдэж хуучирсан байсан. Дээрх хугацаанд тухайн барилгыг засаж сайжруулж түрээсийн орлогыг тогтмол өсгөж нийт 200,000,000 төгрөгт хүргэсэн ч 2014-2021 оны хоорондох ашиглалтын зардалд л гэхэд 119,305,827 төгрөг, жижүүр, үйлчлэгчийн цалингийн хөлсөнд 165,752,734 төгрөгийг төлж нийт түрээсийн орлого нь урсгал зардлаа нөхдөггүй алдагдалтай байсан. Манай компани эргэлтийн хөрөнгөгүй болж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан. Одоо тус барилгын 5-р давхар нь Хас банкны зээлийн барьцаанд байгаа бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй. Нэгэнт эргэлтийн хөрөнгийн зээл авахаар тухайн хөрөнгийг шилжүүлсэн тул зээлийн гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө хөрөнгийг буцаан шилжүүлэх, Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй. Хариуцагч болон гуравдагч этгээдийн байр суурь ямар нэг зээл авах зорилго байхгүй. Хэлцлийг хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг тухайн үед нь мэдсэн зөвшөөрөөд явж байсан гэжээ.

4. Гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа Б.Б нь П ХХК-ийн хувьцааг дангаараа эзэмшдэг бөгөөд уг компани Х ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1410009431 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулан 123,800,000 төгрөг, мөн өдөр 1410009430 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулан 76,200,00 төгрөгийг тус тус 36 сарын хугацаагаар, жилийн 9 хувийн тогтмол хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр барьцаалуулагч Б.Бтэй 1410009431-01 дугаартай Ипотекийн гэрээ, 14100009430-01 дугаартай Ипотекийн гэрээг байгуулан, түүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, Бага тойруу гудамж, **-р барилга байр, * дугаар давхрын хэсэг хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, 150 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны эрх үүсч хүчин төгөлдөр болсон. Ипотек нь үл хөдлөх эд хөрөнгөд хамааралтай, хөрөнгө дагалддаг эрх тул өмчлөгч өөрчлөгдөх нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэгдсэн хүчин төгөлдөр барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болохгүй юм. Иймд, тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ Х ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй байх үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан эсэхээс үл хамаарч шийдвэр нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэгдсэн хүчин төгөлдөр барьцааны эрхийг хөндөхгүй, дуусгавар болох үндэслэл болохгүй талаар шүүхийн шийдвэрт тухайлан дурдаж өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Бөд холбогдох 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх манай байгууллагын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд хариуцагчаас эд хөрөнгийг буцаах тухай шаардлага гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй, хуулиар хамгаалагдах ёстой эрх ашгийг хамгаалаагүй, сэргээгдэх ёстой байсан өмчлөх эрхийг сэргээгээгүй гэх зөрчлийг үүсгээд байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болон гуравдагч этгээд нар нь тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих зорилгоор дүр үзүүлэн шилжүүлсэн гэдэг дээр маргадаггүй бөгөөд манай байгууллагын зүгээс удаа дараа шаардаж байсан талаар ч хэлдэг. Гэтэл шүүх дээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талд ямар нэгэн байдлаар хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл гаргаж түүнийгээ баримтаар тогтоосон зүйл байхгүй. Үүнийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Бид нарын зүгээс хүлээн зөвшөөрсөн тайлбар байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Талууд анх гэр бүлийн хамааралтай хүмүүс байсан. Б.Б нь Б.Бгийн ах байсан учир чанар муутай барилга байсныг засаж үйл ажиллагаа явуулах хэмжээнд дэмжиж ажилласан. Б.Бийн зүгээс 100,000,000 төгрөгөөр, Б.Бгийн зүгээс 906,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтыг П ХХК болон өөрийнхөө хувийн хөрөнгөөр дэмжиж ажилласан. Үүний үндсэнд Б.Б, Б.Б нарын өмчлөлд бэлэглэх нь зүйтэй гээд анх шилжүүлж байсан. Хэрэгт авагдсан баримтууд болон санхүүгийн 6 хавтас баримтаар тогтоогдоно. Цаг хугацааны хувьд 5 жилийн дараа нэхэмжлэл гаргасан. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б.Бөд холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.а. Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Н ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн * хороо бага тойруу ** хаягт байрлах 150 м,кв талбайтай, * давхрын хэсэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэг хүлээн авагч Б.Бөд хариу төлбөргүйгээр шилжүүлжээ. /хх. 80/

4.б. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг бөгөөд дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэдэггүй. Гэтэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-********** гэрчилгээнд Б.Бийг өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Улмаар бэлэг хүлээн авагч Б.Б нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Бд худалдаж, Б.Б нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан хууль зүйн үр дагавар үүсгэсэн үйл баримтад талууд маргаагүй байна.

4.в. Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь зээлийн барьцаанд тавих зорилгоор дүр үзүүлж Б.Бтэй бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж, хариуцагч нь гэрээний дагуу бэлгийг хүлээн авч, дараа нь Б.Бд худалдсан гэж тус тус тайлбарласнаас үзэхэд Н ХХК-ийн хэлцлийн хүсэл зоригийн илэрхийлэл хуурамч, дүр үзүүлсэн болохыг хариуцагч Б.Б нь мэдээгүй бол уг хэлцэл хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл, хэлцлийг талуудын нэгдмэл хүсэл зоригийн үндсэн дээр дүр үзүүлэн байгуулсан байхыг шаарддаг онцлогтой.

4.г. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н ХХК нь бэлэглэлийн гэрээг хийх цаг хугацаанд бусдаас зээл авах боломжгүй байсан гэх нөхцөл байдлаа нотлоогүй гэж дүгнэсэн нь зөв.

4.д. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн * хороо бага тойруу ** хаягт байрлах 150 м,кв талбайтай, * давхрын хэсэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэрээр банкны барьцаанд тавьж, зээл авах эрх нээлттэй байхад бусдад бэлэглэлийн гэрээний үндсэн дээр барьцаанд тавих зорилгоор шилжүүлсэн байдал баримтаар тогтоогдохгүй байна. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн барьцаанд тавих зорилгоор дүр үзүүлэн бэлэглэлийн гэрээ байгуулсан гэх гомдол үндэслэлгүй.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх үндэслэлтэй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/02783 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг баримтлан гэсний Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР