| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0234/Э |
| Дугаар | 216 |
| Огноо | 2018-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Б.Энхболд,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох 1834000290201 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Голден магнолиа ХХК-д төслийн менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 33-78 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, В овогт М.Б гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хаан жимст амралтын газрын караокед 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчим Б.Амгалангийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөр ч байна гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Б-ий:"..Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан жимс нэртэй амралтын газар 2017 оны 12 дугаар 23-ны өдөр найзуудын хамт Улаанбаатар хотоос 14 цаг 00 минутанд амрахаар очсон. Тэгээд бид дотогшоо ортол Б.Энхбаярыг нэг залуу заамдсан байдалтай хоорондоо маргалдаад байж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгахаар очтол намайг тэр залуу гараараа зүүн мөр лүү цохиж авахаар нь зөрүүлээд би нүүр лүү нь нэг удаа гараараа цохиж авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Амгалангийн: “...Хохирогч Б.Амгалангийн өгсөн "..тухайн үед зодуулчихаад хэнд зодуулснаа мэдээгүй, бөөн залуус бужигнаад л өрөөнд орж ирээд намайг нэг нь зодож биед гэмтэл учруулсан юм аа. Тэгээд маргааш нь манай найз Эрхэмбаяр надруу залгаад өчигдрийн чи бид хоёрыг зодсон залуусыг би фэйсбүүкээр хайгаад олчихлоо гэж хэлээд миний фэйсрүү зургийг нь явуулсан. Тэгээд зургийг нь хартал зодоон болох үед байсан залуус бүгд байсан. Тэг дотор намайг зодсон залуу байсан би хараад таньсан. Ингээд Төв аймгийн Цагдаагийн газарт нөгөө хүмүүстэйгээ холбогдоод очиж мөрдөгчид мэдүүлэг өгсөн. Тэр үед би тэр залууг хараад шууд таньсан. Таньж олуулах ажиллагаа хийхэд би шууд заасан. Намайг Б гэдэг залуу зодсон байсан. М.Б зодсоноо хүлээн зөвшөөрөөд хохирлоо төлнө гээд байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Булгантамирын: “Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан жимс” амралтын газарт 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос оюутан ангийн хүүхдүүдийн хамт 17.00 цагийн орчим ирцгээгээд гэрээ аваад хоолонд орцгоосон. Тэгээд 20.00 цагийн үед караокед орсон. Бид 3 цаг дуулж пиво уусан, шинэ жилээ тэмдэглэсэн. Ингээд 23:00 цаг болох үед манай ангийн зарим залуус шинэ жилийн хувцасаа тайлахаар өрөөнөөс гарч яваад Б.Амгалан, Ү.Золжаргал нарын хамт үлдсэн. Гаднаас нэг эрэгтэй, хоёр эмэгтэй орж ирээд танайх гарах болж байна уу? гэж асуухаар нь Б.Амгалан өөдөөс нь хэрэлдсэн. Тэгтэл гаднаас нэлээд олон залуус ороод ирж хэрүүл болсон. ... нэг харсан чинь Б.Амгалангийн хамраас цус гарчихсан харагдсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Амгалангийн: “ Би 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр найзуудтайгаа шинэ жил тэмдэглэхээр “Жимст” амралтын газар очсон. ... 23 цагийн үед караокед нөгөө хоёр хүүхэн нэг залуутайгаа орж ирээд цаг чинь дуусчихлаа гар гэхээр нь тэдэнд бид нар одоо сунгана гэсэн чинь тэр залуу ахын дүү нар гар мангар бацаанууд гэхээр нь тухайн үед караокед байсан Ү.Золжаргал, Булгантамир хоёр тэдэнтэй ам мурийсан. ...”гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Бий: “Би тухайн үед караоке руу ороход тэнд байсан одоо хугалуулсан гээд байгаа залуу надруу дайрч миний мөрлүү цохихоор нь би тэр залууг зодсон юм. Би жаахан сандраад буруу ярьчихсан байна лээ" гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ү.Золжаргалын: “ 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай найзууд “Хаан жимст” амралт дээр амрахаар болоод би арай хожуу 19 цагийн үед Энххүслэнгийн хамт тус амралт дээр очсон. Бид хоёрыг очиход Б.Амгалан, Эрхэмбаяр, Булгантамир, Мөнхгэгээн, Тэмүүлэн, Ган-Эрдэнэ, Нармандах нар ирчихсэн байсан. Тэгээд бид нар хоол идэцгээчихээд 20 цаг өнгөрөөгөөд бүгдээрээ караоке руу орцгоосон, гэр шиг хэлбэртэй караокед 23 цаг хүртэл цаг аваад орж үйлчлүүлсэн чинь цаг дуусахаас 20 минутын өмнө 2, 3 залуу орж ирээд бид нар 23 цагаас гээд цаг авчихсан байсан юм гэхээр нь бид нарын цаг дуусаагүй байна, 20 минутын дараа ороод ир гэсэн чинь гараад явчихсан. Тухайн үед цаг дуусахаас 3-4 минутын өмнө караокед би, Амгалан, Булгантамир бид гурвыг байхад түрүү цаг асуусан хүмүүсийн нэг бололтой нэг залуу хоёр эмэгтэй орж ирээд одоо гар аа цаг чинь дуусчихсан байна гэхээр нь бид хэд цагаа сунгуулах гээд байна аа гэсэн чинь залуу нь бидэнд зөндөө удаан хүлээлгэлээ ш дээ ахын дүү нар одоо ингээд гарцгаачих гэхээр нь ах дүү байснаа санахгүй юм байна гээд Амгалан болон тэдгээр залуус хоорондоо хэрэлдээд дуу нь өндөрсөөд ирсэн. Тэгсэн чинь гаднаас эрэгтэй эмэгтэй нийлсэн 10 гаран хүн ороод ирсэн. Тухайн үед залуучууд нь Амгалан руу дайраад зодох гээд байхаар би салгах гээд дийлэхгүй болохоор гарч гүйгээд Энххүслэн, Тэмүүлэн нарыг дуудах гээд байрлаж байсан хоёр гэрийнхээ нэгэнд нь орсон чинь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь буцаад караоке руу орсон чинь Амгалангийн нүүр ам нь нил цус болчихсон, Булгантамир 2-3 залуутай барилцаад авчихсан зогсож байхаар нь би салгаад та нар одоо болиоч дээ би найзуудыгаа аваад гарчихъя гээд тэр хоёрыг авч гараад Булгантамирыг харсан чинь гайгүй байхаар нь Амгаланг аваад байрлаж байсан гэрлүүгээ орсон. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Тэмүүлэнгийн: “ 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай найзууд "Хаан жимст" амралтан дээр амрахаар болоод би Эрхэмбаяр, Булгантамир, Мөнхгэгээн, Ган-Эрдэнэ нарын хамт түрүүлээд ирсэн. Араас 19 цагийн Энххүслэн, Золжаргал нар ирээд бүгд хоол идэцгээчихээд 20 цагт цаг аваад бүгдээрээ караоке руу орцгоосон, чэр хэлбэртэй караокед 23 цаг хүртэл цаг аваад орж үйлчлүүлсэн. ....намайг очиход Амгалан караокены үүдэнд зодуулчихсан нүүр ам нь цус болчихсон байхаар нь нөгөө залуусаас нь салгаад нөгөө хүмүүстэй одоо болье гээд учир зүйгээ олоод байж байсан... нэг үнэмлэх үзүүлээд бид нарыг түлхээд нөгөө үнэмлэхээ нүүрэнд тулгаад байсан. Дараа нь Амгалангийн хамар хугарсан байж магадгүй гээд Энххүслэн, Мөнхгэгээнтэй хамт Бат-Эрдэнэ, Жаргалсайхан хоёрыг авч ирээд Амгаланг эмнэлэг рүү Бат-Эрдэнэ нэгэнтэй нь аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мөнхжингийн: “2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би эхнэр Баярцэцэг, найз нар болох Ууганбаяр, Б, Пүрэвсүрэн, Сайнбилэг, Энхбаяр, Маргад-Эрдэнэ, Дөлгөөн, Төгөлдөр нар болон тэдний эхнэрүүд болох Өнөрмаа, Хишигжаргал, Эрдэнэзул, Солонго, Ундрам, Бүжинлхам нарын хамт Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших "Хаан жимст" амралтын газарт байрлаж найзуудын шинэ жил тэмдэглэцгээсэн. Тэгээд бид нар 22 цагт тус газрын караокед орохоор захиалга өгцгөөсөн. Тэгсэн 22 цагийн үед үйлчлэгч нь биднийг теннис тоглож байхад орж ирэхээр нь караокегоо асуухад нөгөө хүмүүс нь 23 цаг хүртэл сунгасан гэж бидэнд хэлсэн болохоор нь 23 цагт манайхны хэсэг нь караоке руу явцгаагаад Маргад-Эрдэнэ, Солонго хоёр унтаж үлдээд би араас нь юмаа зөөгөөд гарч байсан чинь Ундрам гүйж орж ирээд караокены хүмүүс нь гарахгүй байна, бидэнтэй муудалцаад шаардлага тавихад тоохгүй байна, танай хариуцсан хүн хаана байгаа юм бэ? гээд ресепшентэй ярилцаад байж байхад нь би таарсан. Тэгээд гадаа гарсан чинь манайхантай миний харснаар 3 залуу муудалцаж байсан. Тэгэхээр нь би тэдэн дээр тортой юмаа бариад очоод даараад байсан болохоор шууд караоке руу нь орж тортой юмаа тавиад гарсан чинь чи миний эхнэрийг яахаараа алгадаж доромжилдог юм бэ гэсэн чинь нөгөө хүмүүс ядаргаатай юм байн байн орж ирээд байх юм гээд хараалын үг хэлж хэрэлдэж байсан. Тэнд намайг харж байхад зодоон болоогүй эхнэрүүд маань хажууд байсан болохоор салгаад бид нар караоке руу орцгоосон. Тэгээд дуулцгааж байсан чинь гурван залуу орж ирээд амрыг эрье та нар яагаад манай дүү нарыг зодож хамрыг нь хугалсан юм бэ гэсэн. Тэгэхээр нь бид нар биш ээ муудалцсан болохоос цохисон юм байхгүй ээ гэж хэлсэн. Тэгээд бид нарыг авч явна гээд байхаар нь би тэдэнд хандан бид нар найзуудын шинэ жил тэмдэглэж байна битгий ингээд бай эсгүй бол бид нар гаръя эсгүй бол та нар гар гэж хэлсэн. Ингэж байгаад тэр гурван залуу яваад өгсөн.” гэх мэдүүдэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ууганбаярын: “.2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би эхнэр Өнөрмаа болон найз Энхбаярын хамт оройн 21 цагийн үед санагдаж байна, Төв аймгийн Эрдэнэ сумын “Хаан жимст" амралтын газар байсан найзууд дээрээ очсон. Биднийг очиход тэнд Б, Мөнхжин, Сайнбилэг, Дөлгөөн, Маргад-Эрдэнэ, Ганзориг, Пүрэвсүрэн, Төгөлдөр нар амралтын газрын 3 давхар байшингийн 3 давхарт нь байрлацгааж найзуудын шинэ жил хийж байсан. Би эхнэртэйгээ сүүлд ирсэн болохоор жаахан байж байгаад араас нь амралтын газрын байшингаас 100 метр орчмын зайтай караоке руу очсон чинь манайхан хүмүүстэй муудалцаж байгаа бололтой шуугилдаж байхаар нь очиж гэр хэлбэртэй караоке руу нь орсон чинь тэнд манайхнаас Б, Дөлгөөн, Энхбаяр он нэг нүдний шилтэй бор залуу, бас нэг нүүр цус болчихсон залуу, бор царайтай залуу нар байсан... “ гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Дөлгөөний: “2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр "Хаан жимст" амралтанд эхнэр Ундрам, төрсөн дүү Б, найз нар болох Сайнбилэг, Энхбаяр, Ууганбаяр, Төгөлдөр. Пүрэвсүрэн, Маргад-Эрдэнэ, Мөнхжин нарын хамт ирсэн. Тухайн үед араас 21 цагийн үед найз Энхбаяр, Ууганбаяр эхнэр Өнөрмаа нарын хамт ирээд бид нар 21 цаг 30 минутад караоке захиалсан байсан болохоор би эхлээд "караоке" руу орсон чинь гурван залуу сууж байсан ба цагаа сунгачихсан 30 минутын дараа хүрээд ир гэж байсан болохоор нь тэгье гээд буцаад 22 цаг өнгөрөөд цаг боллоо гээд караокеруугаа явъя гэж гараад хамгийн түрүүнд Ундрам, Бүжинлхам, Энхбаяр нар түрүүлж ороод жаахан байж байгаад би араас нь орсон чинь тэнд Энхбаярыг нэг нь заамдчихсан нэг залуу нь цохиж байхаар нь би цохиж байсан залууг нь тэвэрч аваад газар унагааж байгаад босоод ирсэн чинь нэг залуугийнх нь хамраас нь цус гарчихсан хойморт сууж байсан. Тэгэхэд манайхан ч ирчихсэн олон хүмүүс "караоке" дотор байсан, тэгээд гарцгаасан чинь нэг нэг нүдний шилтэй залуу нь найзууд руугаа намайг цохчихлоо та аваагүй гээд агсраад байсан. Тухайн үед бид нар буцаж караокед ороод сууж байхад гурван танихгүй залуу орж ирээд цагдаагийн үнэмлэх үзүүлээд та нарыг одоо авч явна гээд байсан ба тэдэнтэй хамт Ууганбаяр, Өнөрмаа, Энхбаяр гурав машинтайгаа дагаад явсан. Өглөө нь хоёр залуу манай байшинд хамар хугарсан гэж байсан, тэгээд мөнгө төгрөг нь эмчилгээний зардал 2-3 сая төгрөг болно хагалгаанд орно гэж ярьцгааж байсан болохоор нь тэгвэл зургаа үзүүл гэсэн чинь үзүүлээгүй болохоор хүссэн мөнгийг чинь өгнө гэж байхгүй баримттай юм ярьцгаа гээд салцгаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 718 дугаартай дүгнэлтэд:
Б.Амгалангийн биед баруун дээд доод 1-р шүдний үзүүрийн эмтрэл, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал. хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. б.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-н 35 хуудас/
- Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-н 7-10 хуудас/
-Ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 45 хуудас/,
- Төлбөрийн баримтууд /хх-ийн 51 хуудас/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, М.Б-д холбогдох хэргийн хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Б холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хаан жимст амралтын газрын караокед 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчим Б.Амгалангийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь “баруун дээд доод 1-р шүдний үзүүрийн эмтрэл, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Амгалангийн...Тухайн үед зодуулчихаад хэнд зодуулснаа мэдээгүй, бөөн залуус бужигнаад л өрөөнд орж ирээд намайг нэг нь зодож биед гэмтэл учруулсан юм аа. Тэгээд маргааш нь манай найз Эрхэмбаяр надруу залгаад өчигдрийн чи бид хоёрыг зодсон залуусыг би фэйсбүүкээр хайгаад олчихлоо гэж хэлээд миний фэйсрүү зургийг нь явуулсан. Тэгээд зургийг нь хартал зодоон болох үед байсан залуус бүгд байсан. Тэг дотор намайг зодсон залуу байсан би хараад таньсан. Ингээд Төв аймгийн Цагдаагийн газарт нөгөө хүмүүстэйгээ холбогдоод очиж мөрдөгчид мэдүүлэг өгсөн. Тэр үед би тэр залууг хараад шууд таньсан. Таньж олуулах ажиллагаа хийхэд би шууд заасан. Намайг М.Б гэдэг залуу зодсон гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,
гэрч Ц.Булгантамир /хх-ийн 16/, М.Б /хх-ийн 32/, Ү.Золжаргал /хх-ийн 19-20/, О.Тэмүүлэн /хх-ийн 21-22/, Б.Мөнхжин /хх-ийн 24-25/, Б.Ууганбаяр /хх-ийн 27-28/, М.Дөлгөөн /хх-ийн 30/, нарын мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 718 дугаартай дүгнэлтэд:
Б.Амгалангийн биед баруун дээд доод 1-р шүдний үзүүрийн эмтрэл, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал. хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 35 хуудас/
- Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 7-10 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч М.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч М.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч М.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдууллаа.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлж барагдуулахыг М.Б-д сануулав.
Тав: Бусад зүйлийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Амгалан нь шүүгдэгч М.Б-ээс нь 1.254.425 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан 196.225 төгрөгийг М.Б-ээс гаргуулан хохирогч Б.Амагаланд олгож, хохирогч Б.Амгалан нь БНХАУ-ын Бээжин хот ямар зорилгоор явсан эсэх, тус хотод очиж эмчилгээ хийлгэсэн эсэх нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх тул тийзний үнэ болох 1.058.200 /нэг сая тавин найман мянга хоёр зуун/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч В овогт М.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлөхийг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ээс 196.225 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Амгаланд олгож, хохирогч Б.Амгалан нь тийзний үнэ болох 1.058.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Б-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ