Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2026/ДШМ/1326

 

                                                                                                              Б.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Нарантуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ө, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

яллагдагч Б.Ц-н  өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЗ/5181 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ө-н өмгөөлөгч О.Санчирбал, яллагдагч Б.Ц-н  өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Ц-д холбогдох эрүүгийн 2610 00000 0551 дугаартай хэргийг 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Б-н Ц, .... оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, /РД: ............./;

Хан-Уул дүүргийн шүүхийн 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 250 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 1993 оны 07 дугаар сарын 30-нд ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1996 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял,

Төв аймгийн шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 7 жил 2 сар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 05 дугаар сарын 10-нд өвчний учир ялаас чөлөөлөгдсөн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ялаар,

Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял оногдуулж, урьд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт 13 жил 09 сар 01 хоногийн хорих ял оногдуулж, 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 46 тоот шүүгчийн захирамжаар өвчний учир ялаас чөлөөлөгдсөн;

Яллагдагч Б.Ц нь 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ...... дүүргийн 13 дугаар хороо, ............. 3-12 тоотод согтуурсан үедээ Д.Б өөрийг нь адууны хулгайч гэснээс болж түүнтэй маргалдан улмаар биедээ авч явсан эвхэгддэг хутгаар түүний цээжний зүүн хэсэгт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Ц-н  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

­Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүхээс яллагдагч Б.Ц-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

1. Хэрэгт Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Цогтбаярын 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор амь хохирогч Д.Б-н эхнэр Л.Ө-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна. Гэтэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Дөлгөөний 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор амь хохирогч Д.Б-н дүү Д.Б-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр давхар тогтоож хууль бус шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ.”, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.1 дэх заалтад “өсвөр насны хүн, арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” гэж тус тус заасан байхад хяналтын прокуророос мөрдөгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгоогүй байх тул Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Дөлгөөний 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор амь хохирогч Д.Б-н дүү Д.Б-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр давхар тогтоосныг хүчингүй болгохыг хяналтын прокурорт даалгаж, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ө-г цаашид оролцуулах нь хуульд нийцэхээр байна.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ө нь 2026 оны 02 дугаар сарын 23- ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох болно. Би маш их гомдолтой, ард үлдэж байгаа хүүхдүүд нарт нь юу гэж хэлэх талаараа мэдэхгүй байна. Нөхөр минь ажилтай байхдаа хүүхдүүдийн сургалтын төлбөр, хичээлийн бэлтгэл гэх зэрэг ар гэрийн санхүүгийн асуудал шийддэг хүн байсан...” гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ. Гэвч мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ө-н сэтгэцэд хохирол, хор уршиг учирсан эсэхийг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ө нь сэтгэцэд хор уршиг учирсан эсэх нь тодорхойгүй ба Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг хэрхэн яаж хэрэглэх нь ойлгомжгүй байна. Иймд мөрдөн шалгах ажиллагаагаар шинжээч томилж хууль ёсны төлөөлөгч Л.Ө-н сэтгэцэд хохирол, хор уршиг учирсан эсэхийг тогтоох.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;” гэж заасан. Яллагдагч Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд хорт хавдартай талаарх баримтыг гаргаж өгсөн байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагч Б.Ц нь ямар өвчнөөр өвчилсөн эсэх, уг өвчин нь ял эдлэхэд нөлөөлөх эсэхийг бүрэн тогтоогоогүй байна. Тодруулбал, яллагдагч Б.Ц нь ямар оноштой өвчин туссан эсэх, уг өвч нь эдгэрэх эсэх талаар түүний эмчлэгч эмчээс дэлгэрэнгүй мэдүүлэг авах, мөн тухайн өвчин нь ял эдлэхэд нөлөөлөх эсэх талаар эрх бүхий байгууллагаас тодруулж, яллагдагчийн хувийн байдлыг бүрэн тогтоох шаардлагатай байна.

Иймд яллагдагч Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди, эвхэгддэг хутга зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ө-н өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амь хохирогч Д.Б-н дүү Д.Б болон эхнэр Л.Ө нарын хууль ёсны төлөөлөгчтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгох талаар дурджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “мөрдөн шалгах ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг” гэж хуульчилсан. Гэтэл захирамжид Д.Б-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр давхар тогтоосныг хүчингүй болгох гэж шууд заасан нь мөрдөгчийн явуулах мөрдөн шалгах ажиллагаатай хамааралгүй. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон Д.Б*н хүсэлтэд шүүх дүгнэлт хийсэнгүй. Хуульд зааснаар шүүхийн шийдвэр нь биелүүлэхэд тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүйгээр бичигдсэн байх шаардлагыг тавьсан. Гэтэл захирамжид амь хохирогч Д.Б нь гэж бичигдсэн нь техникийн алдаа биш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна. ... Монгол Улсын Дээд шүүх нь шүүх хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж, хэрэг маргаан шийдвэрлэх замаар хуулийг тайлбарлаж, жишиг тогтоодог. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5. “Гэмт харгийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” хэмээн хуульчилсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцийн хор уршгийг тогтоолгох, шинжээч томилох шаардлагагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан ажиллагааг тогтоох гэсэн үндэслэлийг заасан. Хэрэгт яллагдагчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд хангалттай авагдсан бөгөөд дээрх нотлох баримтуудад тулгуурлан хувийн байдлыг тогтоох бүрэн боломжтой байх тул захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч Б.Ц-н  өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагчийн өмгөөлөгчийн хувьд 2026 оны 08 дугаар сарын 25-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргасан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 25-ны уг өдрийнхөө 16 цагт урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийгдсэн ч яллагдагчийн өмгөөлөгч Н.Одонтуяа миний гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлт, 6.13 дахь заалтад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол, 6.14 дэх заалтад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол, 6.15 дахь заалтад мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулах хүсэлтийг хүлээн аваагүй, зөвхөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн эхнэр Л.Ө, дүү Д.Б-г давхар тогтоосон. Дүү Д.Б-г биш эхнэр Л.Ө-г оролцуулах тогтоол гаргахыг, мөн Л.Ө-д учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээч томилж дүгнэлт гаргах. Яллагдагч Б.Ц-н  хорт хавдартай талаар бүрэн тогтоох, яллагдагчийн хувийн байдлыг тогтоох гэсэн 3 үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь учир дутагдалтай бөгөөд, өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хэргийн үйл баримттай холбоотой бусад хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд дахин гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байна гэж 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026/ШЗ/5181 дугаартай захирамжид дурдсан боловч хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамждаа өмгөөлөгч Н.Одонтуяа миний гаргасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн зохих үндэслэлүүдийг шууд зааж, зайлшгүй тогтоож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй гэж шийдвэрлээгүй нь хэтэрхий нэг талыг барьсан өрөөсгөл бодитой бус үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Шүүгчийн захирамжид заасан 3-хан үндэслэлээр нь мөрдөгч прокурор нь ажиллагаа явуулдаг, огт хүлээн авдаггүй билээ. Иймд дараах үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж, нэмэлт ажиллагаанууд явуулахаар захирамжид нэмэлт оруулж өгнө үү. Үүнд: Хэрэгт авагдсан Б.Ц-н  биед үзлэг хийсэн тэмдэглэл, фото зурагт түүний хүзүүнд зулгаралт, боолт орсон байдалтай буюу хоолойг нь талийгаач Б боосон гэх зураг, эгэмний ясны доор өргөн улайлт, зулгаралт, баруун гарт шарх улайлт, хөлд нь шарх үүссэн байдлыг фото зургаар бэхжүүлсэн байна. Энэ нь хавтаст хэргийн 17 хуудсанд 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн буюу хэрэг учрал болсны маргааш нь Б.Ц-н  биед үзлэг хийсэн тэмдэглэлээр давхар нотлогдож байна. 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Л.Ө-г тогтоосон тогтоол, 2026 оны 02 дугаар сарын 23-ны мэдүүлэг авсан тэмдэглэл байдаг. Гэтэл хавтаст хэргийн 33 хуудсанд 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Б-г тогтоосон тогтоол авагдсан, мөн өдрийн Д.Б-с амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэж бас мэдүүлэг авсан нь хэнийг нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж үзэх нь ойлгомжгүй, тодорхойгүй, эргэлзээтэй байдал үүссэн байгаа ч анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр, ямар хуулийн заалтад зааснаар Л.Ө-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж тогтоох нь зүйтэй гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн гэрч М-н мэдүүлэгт амь хохирогч Б болон Ц нар Э-ны гэрээс ямар шалтгааны улмаас маргалдаад гарсан талаар “Ц-н гар утсан дээрээс морины зураг хараад энэ морь хурдан, удаан тэр хүний морь гэх мэт яриад маргалдаад байсан. Гэрийн цонхоор нь би юу болсныг хараагүй, Ц Б 2 бие биенээ хараагаад пизда гэх мэтээр орилолдоод байсан. Гэрээс Б бид 2 гарахад Б нь Ц-н дээр гарсан өвдөглөөд суучихсан, бие биенээ заамдсан байдалтай байсан. Ба бид 2 очоод больцгоо гээд дундуур нь ороод би талийгаачийг, Ба Ц-г татаад тэр хоёрыг босгосон. Ц-н өмсөж явсан куртикных нь ар тал бүхэлдээ шороо болсон байсан”, гэрч Б.Б-н мэдүүлэгт “Д.Б гэх хүн нь ирэхэд ухаантай байсан”, гэрч Б.Цэ-н “Ц нь Эрдэнэтийн хорих ангиас улаан хоолойн хорт хавдартай гэж хотод ирж байсан. Тэр үеэс хойш тасралтгүй эмнэлгээр явах болсон. Хорт хавдар нь бусад бие эрхтэндээ тархаад уушги, зүрх, бөөр, нойр булчирхай гээд ихэнх эрхтэн рүү нь үсэрхийлээд тархсан, үүнээс болоод байнгын зүрхний хэм алдагддаг, пульс нь өндөр байдаг, хоол унд идэхдээ муу, бүхэл хоол иддэггүй, шингэн бантан зэрэг хоол л иддэг. Туул тосгоны эмнэлэгт харьяа газар нь гээд хяналтад байдаг. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасаг, 3 дугаар эмнэлгийн зүрх судасны тасагт байнгын хяналтад байдаг, зүрх, ходоод, бөөрний эм, өвчин намдаах зэрэг эмнүүдийг тогтмол уудаг ер нь бол тогтмол эмнэлгээр явж эмнэлэгт хэвтдэг”, гэрч Ц.Х-н мэдүүлэгт “2026 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагт Ц нагац ах манайд орж ирэхдээ хамраас нь цус гарсан, аль гар нь байсныг санахгүй байна ямар ч байсан гар нь шарх болсон, би “хүүе ээ, ахаа яасан юм бэ” гэхэд “ах нь хүн хатгачихлаа” гэсэн. “Юу яриад байгаа юм бэ, худлаа яриад бай” гэсэн “үнэн” гэсэн. Тэгээд би “наад нүүр гараа угаачих” гээд ариун цэврийн өрөө рүү дагуулаад орсон. Куртикээ тайлахад цамцных нь энгэр сунасан, хүзүү нь улайсан байсан, боолгосон байж магадгүй, би хүзүүний зургийг нь утсаараа дарсан”, гэрч Д.Э-н “цагаан мөгөөрсөн хоолойг ам руу нь хийх үед буюу байрлуулах үед тухайн өвчтөний үүдэн шүд унасан, тухайн өдөр хэдэн цагт ирснийг нь санахгүй байна. Ухаантай ирсэн. Хөдлөөгүй шүд буюу хэвийн үед цагаан мөгөөрсөн хоолойд гуурс байрлуулах ажилбарын явцад шүд унах магадлал бага”, шинжээч эмч О.Болороогийн “тухайн гуурс байрлуулах үед шүд хөдөлсөн болон хөдлөөгүй үед аль алинд нь унах боломжтой” гэж тус тус мэдүүлжээ. Ухаантай байсан хүний шүдийг нь унагаасан үйлдлийг нь хэн хүлээх вэ гэдэг асуулт гарч байна. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “баруун дээд үүдэн 1 шүдний булгарал буйлын цус хуралт нь мохоо зүйлийн нэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрч Б.Ц-н  мэдүүлэгт “би орон дээр хамгийн захад сууж байсан чинь талийгаач Б нь Б.Ц оо гараад ир гээд намайг дуудахаар нь би гэрээс гараад Б дээр очсон чинь миний хоолойг боогоод мөргөөд, хавсарч унагаад, газарт дараад хоолой боосон. Би тэр хүнийг дээрээсээ түлхээд дийлэхгүй, босож чадахгүй тийчигнэж байсан чинь миний гутлын түрүүнээс сур хийж байсан хутга унасан. Би “ахыгаа аллаа шүү дээ” гэсэн чинь Б “чамайг алахад яадаг юм” гээд болихгүй байсан. Би хутгаа аваад цээж орчимд нь нэг удаа хатгасан. Гэрт байсан хүмүүс гарч ирсэн, тэр үед Б намайг газарт дараад боосон тэр хэвээрээ байсан. Миний цээж гэдэс дээр сууж, зүүн гарыг өвдгөөрөө дарсан, баруун гар чөлөөтэй өвдөж байсан. Яллагдагч Б.Ц-н  өмсөж явсан хувцас, хүзүүнд нь учирсан боолтны улмаас үүссэн улайлт нь фото зургаар авагдсан байна. Яллагдагчаар Ц-с авсан мэдүүлэгт “Б нь төрсөн ах Б-тай хэрэлдээд байсан. Ах нь “чи согтсон байна, харьж амар” гээд хөөгөөд байсан. Б нь ахынхаа өөдөөс “таньд хамаагүй” гээд байсан. Тэгээд бүгд тоглохоо болиод би Э-тай гэрийн хойно морь яриад байж байтал Б хажуунаас орж ирээд намайг морины хулгайч гээд байсан, би өөдөөс нь юм яриагүй, талийгаачийн ах Б-н хажууд очоод суусан. Б гэрт холхиод хамт байсан хүмүүс “чи суугаач, айлын гэрт байж” гэтэл тоохгүй халаасандаа гараа хийчихээд тогтохгүй яваад байсан. Удалгүй Б нь “Б-н Ц оо гараад ир” гээд 2, 3 удаа дуудсан. Би араас нь гараад очтол эргэж хараад 2 гараараа миний цамцны захнаас бариад намайг шууд боосон. Би ахыгаа “яаж байгаа юм” гэтэл “яасан ч яадаг юм” гээд мөргөөд, хавсарч унагаад миний дээр гарч боосон. Би боолтод ороод амь тэмцээд доор нь тийчигнэж байтал миний баруун талын гутлын түрүүнээс өглөө түрүүндээ хийж байсан хутга унасан. Миний зүүн гар дээр нэг хөлөөрөө өвдөглөсөн, би хөдөлж чадахгүй, баруун гар чөлөөтэй хөдөлж чадахгүй байсан. Гэтэл гутлын түрүүнээс унасан хутга гарт баригдахаар нь аваад кноп дээр нь дараад сугсартал хутга нээгдсэн. Тэгээд Б-н хаана гэдгийг хараагүй, ямар ч байсан дүрсэн. Яг дүрсний дараа Ба, М, Б 3 гараад миний хажууд зогсож байсан. Намайг газар хэвтэж байхад М татаж босгоод, Б-г төрсөн ах Бб нь татаж босгосон. Миний хоолойг боосон, миний хоолой улайсан, зүүн шанаа зулгарсан, дух хавдсан, хөл доголсон байсан” гэж мэдүүлсэн. 2026 оны 02 дугаар сарын 28-ны шүүх эмнэлгийн шинжилгээнд Б.Ц-н  биед үзлэгээр зүүн хацрын дунд хэсэгт 2*0.8 см, 4*2см, 1.2*0.5см хэмжээтэй зах ирмэг нь тэгш бус бор өнгийн тав тогтож тав нь захаасаа хуурч эдгэрч буй шархтай, духны баруун дунд хэсэгт тэмтрэлтээр эмзэглэлтэй, хавангүй, баруун шилбэний гадна дунд хэсэгт хавантай дарахад эмзэглэлтэй халуун оргино. Дүгнэлт: Ц-н биед баруун сарвуунд шарх, зүүн хацарт зулгаралт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлээс баруун сарвуун дахь шарх нь тухайн хэрэг болсон гэх хугацаанаас өмнө бусад гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун сарвуун дахь шарх нь хөнгөн зэрэг, бусад гэмтэл нь нийтдээ ба тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэгт тооцохгүй” гэжээ. Энэ баруун сарвуунд учирсан шарх нь хэрэг болсон цаг хугацаанаас өмнө үүссэн гэдгийг ямар үндэслэлээр тогтоогоод байгаа нь тодорхойгүй байгаа тул шинжээч эмчээс мэдүүлэг авч, тодруулж өгнө үү. Мөн Ц-н эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг дахин шинжээч томилж тогтоох шаардлагатай байна. Зүүн хацарт зулгаралт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэдэг нь эргэлзээтэй байгаа тул яагаад гэмтлийн зэрэгт хамаарахгүй вэ гэдгийг ч шинжээч эмчээс мэдүүлэг авч тодруулах шаардлагатай байна. Мөн шинжээчийн дүгнэлт, эдгээр үндэслэлүүдээр Б.Ц-н  биед учирсан мөн хоолойд нь боолгосны улмаас үүссэн нэлэнхүйдээ хоолойг нь хамарсан ихээхэн хэмжээтэй үүссэн улайлт зулгаралтыг гэмтлийн зэрэгт оруулж, тогтоон дүгнэлт гаргахгүй байна вэ. Үүнийг үзсэн эсэх нь ч мэдэхгүй байгаа тул Б.Ц-н  хоолойд учирсан улайлт зулгаралтыг шинжээчийн дүгнэлтээр дахин тогтоолгож, гэмтлийн ямар зэрэгт хамаарахыг нь зайлшгүй тогтоож, хэргийг үнэн зөв шийдвэрлэх шаардлагатай байна. Энэ хоолойд нь учирсан томоохон хэмжээтэй улайлт зулгаралтын фото зураг хэрэгт авагдсан байгаа тул үүнийг мөн дүгнэж, Ц-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоож болно. Үүнийг анхааралтай авч шийдвэрлэж өгнө үү. Ц-н хурууны хээ болон биеийн эгц урдаас 2 хажуугаас авсан фото зургийг мөрдөгч хавсаргасан нь түүний хүзүүнд учирсан улайлтыг харуулсан байна. Мөн уг зургийг том хэмжээтэй тодруулж харагдахуйц байдалтай угаалгаж хэрэгт хавсаргаж өгнө үү. 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЕТ/0326/2176 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Ц-н биед үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан гэх 9 хурууны хумсны 8 ширхэг нь шинжилгээнд тэнцсэн. Баруун гарын долоовор чигчий болон зүүн гарын долоовор хурууны хумснууд дээр цус илэрсэн эрэгтэй хүний буюу Б.Ц гэх хуруу шилтэй цусны ДНХ-ын тогтоцтой тохирно” гэжээ. Энэ нь Ц-н биед баруун сарвуунд учирсан 4*2см, 1.2*0.5см хэмжээтэй шарх нь тухайн хэрэг учрал болсон өдөр үүссэн гэмтэл гэдэг нь тодорхой буюу Ц-н биед учирсан баруун сарвууны шархнаас нь цус гарсан гэж харагдаж байна. Иймд Б.Ц-н  биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмч Ц.Тунгалагтамирын дүгнэлт эргэлзээтэй, үнэн зөв гараагүй нь харагдаж байна. Б.Ц-н  хумсанд илэрсэн түүний өөрийнх нь цус юуны улмаас гарсан юуны цус болсон бэ гэдгийг нь яагаад тогтоогоогүй вэ. Энэ нь хэргийг тал бүрээс нь хөдөлбөргүй үнэн зөв тогтоогүй байна. Хэрэгт авагдсан шинжээчийн “хар өнгийн куртикт 50мм хэмжээтэй гэмтэл нь татах чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт байна” гэсэн дүгнэлт авагджээ. Энэ нь Ц-н хүзүүнд боосон боолт орж, хар куртик нь ханзарч татах чангаах үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ЕТ0326/2176 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан гэх цагаан футволк дээр илэрсэн цус Ц гэх хуруу шилтэй цусны ДНХ-ын тогтоцтой тохирно. Хар өнгийн куртик дээрх цус ЕТ0326/2175 дугаартай дүгнэлтэд дурдсан Б гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-тэй тохирч байна” гэжээ. Энэ нь цагаан өнгөтэй футволкыг Ц нь тухайн үед өмсөж явсан байх тул футволкод нь Б.Ц-н  биед учирсан гэмтлийн улмаас зулгаралт гэмтлийн улмаас гарсан цус болсон гэдэг нь харагдаж байна. Ц-н баруун гарт шарх зулгаралт үүссэн шархнаас нь цус гарч, түүний өмсөж явсан футволк нь өөрийнх нь цус гарсан нь тухайн цаг хугацаанд үүссэн хөнгөн гэмтэл байхад шинжээч эмч Ц.Тунгалагтамир нь өмнө үүссэн гэмтэл гэж буруу тогтоосон байдалтай байх тул Б.Ц-н  биед учирсан гэмтлийн зэргийг дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоох үндэслэлтэй байна. Ц.Тунгалагтамир шинжээчээс нарийвчлан мэдүүлэг авах шаардлагатай байдал үүссэнийг анхаарч үзнэ үү. Б.Ц-н  хувьд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай бусдыг алах гэмт хэрэг үүссэн гэх үндэслэл нь дээрх ажиллагаануудыг нарийвчлан тогтоогоогүйгээс эргэлзээтэй байдалтай байна. Б.Ц-н  хувьд өөрийнх нь эсрэг довтолсон Д.Б /амь хохирогч/-ын идэвхтэй үйлдлийн улмаас буюу Б.Ц-н  хоолойг боож, мөргөөд, хавсарч унагаад, газарт унагаж дээрээс нь дарж хоолойг нь боож босгохгүй хөдөлгөхгүй дайраад байхаар нь унасан баруун гар нь чөлөөтэй байсан, гутлын түрүүнээс нь унасан сур хийж байсан хутгыг авч хатгасан гэдэг нь түүний мэдүүлгээр болон гэрч Б.М-н мэдүүлэг, Б.Ц-н  биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрч Ц.Х-н мэдүүлэг, Б.Ц-н  өмсөж явсан куртик, цагаан футволк, хумсанд илэрсэн цус нь Ц-н цусны ДНХ-тэй тохирсон, Ц-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд яллагдагч Ц-н үйлдэл нь өөрийн амь нас эрүүл мэндийн эсрэг санаатай үйлдлийн эсрэг амь нас эрүүл мэндээ хамгаалахаар буюу Д.Б-н амь хохирогчийн хувьд Ц-н хоолойг боож, газар унаган дээрээс нь дарж бүх биеийг нь хөдөлгөөнгүй байх үед өөрийгөө хамгаалахаар баруун гар нь хөдлөх чөлөөтэй байсан тул “ахыгаа аллаа ш дээ” гэхэд “чамайг алсан ч яадаг юм бэ” гэсэн үйлдлийнх нь эсрэг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх нотлох баримтуудыг үндэслээгүй мөн дээрх нэмэлт ажиллагаануудыг явуулахыг захирамждаа зааж шийдвэрлүүлэхээр прокурорт буцаагаагүй нь бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоож, үнэн зөвийг нь олох бодитой шийдвэр болоогүй тул нэмэлтээр дээрх гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт хэргийн зүйлчлэлийн талаар нэмэлт ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж өгнө үү. Б.Ц нь улаан хоолойн хорт хавдартай, бүх биеэр нь тархсан одоогоор эмнэлэгт байнга хэвтэн эмчлүүлдэг, зүрх нь устсан эмчилгээндээ ч биеийн байдал нь сайжрахгүй болсон маш хүнд өвчтэй хүн байхад мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчтэй мэдүүлэг авдаггүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн мөн прокурорын шатанд өмгөөлөгчийн хувьд дээрх нэмэлт ажиллагааг явуулах гомдол гаргасан ч шийдвэрлээгүй нь оролцогчийн эрхийг зөрчсөн. Дээрх үндэслэлүүдийг нягтлан үзэж хүлээн авч шийдвэрлэнэ үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө гаргасан санал, шийдвэртэй санал нэг байна. Хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

Прокурор М.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн дүү Д.Б, Л.Ө нарыг тогтоосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Б-г тогтоосон мөрдөгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх тогтоох боломжтой гэж үзэж байна. ... Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар болон энэ талаар жишиг аргачлал гарч, тогтсон ойлголт хэрэгжиж байгаа учраас сэтгэцийн хор уршиг учирсан эсэхийг тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Мөн шүүхээс Б.Ц-н  хувийн байдалтай холбоотой түүний өвчин, эмгэгтэй холбоотой баримтыг авч, хэрэгт хавсаргах, эмчээс нь мэдүүлэг авах үндэслэлээр хэргийг прокурор буцааж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ц-н  эмчилгээний талаарх баримтуудыг авч, хэрэгт хавсаргасан. Яллах дүгнэлт үйлдсэний дараа яллагдагчийн биеийн байдал муудсан талаар яригддаг. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс яллагдагч Б.Ц-д холбогдох хэргийг “амь хохирогч Д.Б-н дүү Д.Б-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр давхар тогтоосныг хүчингүй болгох, шинжээч томилж хууль ёсны төлөөлөгч Л.Ө-н сэтгэцэд хохирол, хор уршиг учирсан эсэхийг тогтоох, Б.Ц нь ямар оноштой өвчин туссан эсэх, уг өвч нь эдгэрэх эсэх талаар түүний эмчлэгч эмчээс дэлгэрэнгүй мэдүүлэг авах, мөн тухайн өвчин нь ял эдлэхэд нөлөөлөх эсэх талаар эрх бүхий байгууллагаас тодруулж, яллагдагчийн хувийн байдлыг бүрэн тогтоох” гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаажээ.

Хэргийг прокурорт буцаах захирамжид дурдсан дээрх агуулга нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн үндэслэлд хамаарахгүй байна. Тодруулбал,

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хохирогч нас барсан, ...тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан, эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” хууль ёсны төлөөлөгчөөр тэргүүн ээлжинд тогтоохоор заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн дүү Д.Б-г 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр томилсон /1 хх 33/, эхнэр Л.Ө-г 2026 оны 05 дугаар сарын 11-ний /2 хх 137/ өдөр тус тус томилсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эхнэр Л.Ө нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсоныг буруутгах боломжгүй болно.

2. Гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус хохирлыг хэрхэн арилгах талаар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тодорхой зохицуулсан. 

Анхан шатны шүүх нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох, шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах эрхтэй тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн ажиллагаанд хамаарахгүй юм.

3. Яллагдагчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримт хэрэгт авагдсан байхаас гадна тухайн үеийн эрүүл мэндийн нөхцөл байдлын талаарх нэмэлт баримт сэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 8.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, хохирогчийн хэн аль нь шүүхэд гарган өгч, хавтаст тусгуулах бүрэн эрхтэй бөгөөд уг баримтыг нотлох баримтаар тооцох, үнэлэх эсэх асуудал нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал болно.

4. Яллагдагчийн өмгөөлөгч Н.Одонтуяагаас “хэрэгт нэмэлт тодорхой мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх” агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, анхан шатны шүүх хуралдаанаар өмгөөлөгчийн гомдолд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэнд дүгнэлт хийхээс гадна тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад энэ зүйлийн 1.1-1.6 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлыг нотолж, тогтоох үүргийг анхан шатны шүүх хэрэгжүүлэх боломжтойг дурдаж байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу Б.Ц-д холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой тул энэ талаар өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул яллагдагч Б.Ц-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЗ/5181 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Б.Ц-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                   С.БОЛОРТУЯА                                  

                          ШҮҮГЧ                                                                   П.ГАНДОЛГОР

                         ШҮҮГЧ                                                                    М.АЛДАР