Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 214

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга У.Золчимэг хөтөлж,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.С-д холбогдох 1834002810182 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2018 оны 07 дугаар сарын 30-ний өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, “МЭК” ХХК-д гэрээт судлаач ажилтай, ам бүл ганцаараа,  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 6 дугаар багт оршин суух хаягтай одоогоор Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо 45-2-28 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б. овогтой Э.С гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.С нь Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг “Дөтлүүр” гэх газар 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 68-24 УБӨ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн П.Сувданчимэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:

шүүгдэгч Э.С: “2018 оны 05 сарын 03-ны орой Сувданчимэг Дөлгөөнбаяр нар нь нэг газар ажилладаг байсан. Судалгааны төсөл дээр цуг ажиллаж байсан. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд судалгаа авах шаардлагатай болсон. Би Өмнөдэлгэр сумын харъяат тийм учраас найздаа туслах үүднээс Хэнтий аймгийн  Өмнөдэлгэр сум руу судалгааны ажиллаар, зөрчлийн тухай хууль болон эрүүгийн хуулийг төрийн албан хаагчдад танилцуулах үүднээс сургалт зохион байгуулахаар давхар хоёр ажил зохион байгуулах санаатай явсан. Төв аймгийн Эрдэнэ сумыг өнгөрөөд 2-3 км цаана энэ үйл явдал болсон. Энэ үйл явдал болоход өөдөөс машин ирж байхад гэрлээ ойр дээрээ шилжүүлээд явж байсан. Урдаас гэнэт согтуу ч гэмээр юм уу эрэгтэй өндөр туранхайвтар хүн гарч ирсэн. Тэр хүнийг дайрахгүйн тулд тоормосолсон боловч тухайн үедээ гэнэт зогсох боломжгүй байсан учраас замын эсрэг урсгал руу зүүн тийшээ дараад орсон. Тэгтэл нөгөө талаас машин ирж байсан. Нөгөө хүнээ тойроод амын далангаар 20 метрийн зайтай тоормосолсон байдаг. Энэ талаар хэргийн материалд хавсаргагдсан байгаа байх. Далангийн хажуу талын шуудуйг мөргөж онхолдсон. Машин эргэлдсэний дараа бие биенээ шалгахад Сувданчимэг байхгүй байсан. Бүгдээрээ Сувданчимэгийг дуудаж орилоод Сувдан чимэг хоёр дахь дуудалтанд дээр ханиалгасан. Тэгээд Сувданчимэгийг олоод Сайнбилэг очиж тэвэрч авчираад би нөгөө хүнээ олох гээд зам дээр гарсан боловч харанхуй байсан болохоор хэн ч харагдаагүй. Сувданчимэг рүү очоод түргэн тусламж дуудсан. Үйл явдал нь ийм үйл явдал болсон. Болсон хэрэгт харамсаж байгаа. Болгоомжгүй байдлаас болж ийм хэрэг гарсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Сувданчимэг: “Би 2018 оны 05 сарын 03-ны өдөр 08 цагийн үед Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах гээд найз Сгийн машинтай Отгончулуун, Сайнбилэг, Дөлгөөнболд, Сгийн хамт явсан юм. Би хамт ажилладаг Дөлгөөнбаярын хамт төслийн ажлаар Хэнтий аймаг руу явж байсан юм. Бусад нь хамт явж байсан юм. Би машины хойд суудлын зүүн талаасаа захад сууж явсан юм. Миний хажууд Отгончулуун, Отгончулууны баруун талд Дөлгөөнбаяр, урд талд жолоочийн хажууд Сайнбилэг сууж явсан юм. Би хойд суудал дээр унтаж явсан. Тэгсэн гэнэт замын хажуу орж онхолдсон юм. Осол болсон газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр байсан. Намайг унтаж байхад гэнэт нэг нь “хөөе наад урд чинь хүн байна” гэж хэлэхийг сонсоод сэрээд хартал машины урд талд хүн харагдаагүй. Тэгсэн чинь машин замын хажуу руу орж онхолдсон. Би тэгээд ухаан алдсан байсан. Намайг дуудаж сэрээхэд би машинаас гарчихсан гадаа байсан. Хойд суудалд сууж явсан Дөлгөөнбаяр, Отгончулуун бид 3 хамгаалах бүс бүслээгүй байсан. Урд суудалд сууж явсан С, Сайнбилэг 2 хамгаалах бүс бүсэлсэн байсан. Би хойд суудалд сууж явсан бас унтаж байсан болохоор хэдэн км/ц хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Осол болох үед миний бие аарцаг яс янгинаж өвдөж байсан. Миний зүүн талын хавирга орчмоор хөндүүрлэж өвдөж байсан. Тэгээд эмчид үзүүлэхэд аарцагны яс 3 хэсэг газраараа хугарсан, зүүн талын 5,6,7 дугаар хавирга хугарсан зүүн гуя зүсэгдсэн шарх учирсан байсан. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхдаа цээжний, аарцагны, хэвлийн томографикийн зураг авахуулсан. Эм тариануудыг эмнэлгээс авч хэрэглэх шаардлагатай гэхэд нь өөрсдөө авч хэрэглэсэн. Манай гэрийнхэн зөвхөн өөрсдөөсөө эмчилгээний зардалд 980000 төгрөгийн зардал гаргасан. Жолоочийн зүгээс миний эмчилгээнд эм тарианы туслалцаа өгч байсан. Хэдэн төгрөгийн ямар зардал гарсныг хэлж мэдэхгүй байна. Миний зүгээс эмчилгээнд зарцуулсан баримтыг хэргийн материалд хавсаргуулна. Яг одоо бол алга байна. Миний зүгээс одоогоор эмчилгээний зардалд 980000 төгрөг болсон байгаа. Цаашид миний бие нь хөл дээрээ бүрэн зогстол нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хэдэн төгрөгийн ямар эмчилгээ хийлгэхийг хэлж мэдэхгүй байна. Хэргийн материалтай танилцана. Ослын дүгнэлттэй танилцсаны дараа буруутай этгээдэд гомдол санал болон нэхэмжлэхээ гаргана. Эмчилгээ бүрэн хийгдэж дуусаагүй байгаа учир нэхэмжлэлийн талаар гаргаж өгөх боломжгүй байна” гэх мэдүүлэг /хх-31-33 тал/,

 

мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Оюунсайтар: “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Яагаад гэвэл С нь миний хохирлыг барагдуулсан байгаа. Уг тээврийн хэрэгсэл осол болсны дараа 2018 оны 05 дугаар сарын сүүлээр осолд орсон чигээр нь нэг танихгүй ченжид зарчихсан болохоор тээврийн хэрэгслээ хаана байгааг мэдэхгүй байна, задарсан ч байж магадгүй. Хохирол мөнгө маань 2018 оны 05 сарын сүүлээр бас төлөгдсөн болохоор үнэлгээ гаргуулах шаардлагагүй гэж би үзэж байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл одоо байхгүй” гэх мэдүүлэг /хх-35 тал/,

 

мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Б.Оюунсайтар: “Миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг унаж явсан миний найз С осол гаргасныг улмаас намайг иргэний хариуцагчаар татаж байгааг би ойлгож байна. Асуух зүйл үгүй байна. Би иргэн Сувданчимэгт учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэйг мэдэж байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,

 

мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Дөлгөөнбаяр: "би 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр найз С, Отгончулуун, Сувданчимэг, Сайнбаяр нарын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу судалгааны ажлаар явсан ба явахдаа Сгийн жолоодож явсан 68-24 УБӨ улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгслээр явсан юм. Тэгээд Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Эрдэнэ сум өнгөрөөд явж байхад би машин дотор унтаад явж байсан ба гэнэт машин хүчтэй дайвалзсан. Тэгэхээр нь би нэг л биш боллоо гэж бодоод хоёр гараараа толгойгоо дартал машин хоёр удаа бүтэн хөрвөөсөн. Тэгээд машин хөдөлгөөнгүй дөрвөн дугуй нь дээшээ хараад зогсохоор нь би машинаас буутал Сувданчимэг байхгүй байсан. Тэгээд бид нар Сувданчимэгийг хайтал Сувданчимэг машинаас 3 орчим метр зайтай газар ёолоод хэвтэж байсан ба амнаас нь цус гарч байсан. Мөн хөл гар нь хөдөлж чадахгүй хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. ...Миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал, ... Осол хэрэг болсны дараа Отгончулуун 103 руу залгасан байсныг нь сүүлд харахад 21 цаг 41 минут байсан. Тэгэхээр осол 21 цаг 38 минутын үед гарсан байгаа. Үзэгдэх орчин харанхуй болсон байсан ба цаг агаар байгалийн ямар нэг үзэгдэл бол болоогүй хэвийн байсан. Тухайн үед Сувданчимэг бид хоёр life hack нэртэй өсвөр насны хүүхдүүдэд нөхөн үржихүйн төслийн ажлын судалгаагаар явж байсан би албаны ажлаар явж байсан гэж хэлж болно. Нөгөө хэд маань бол өөр ажлаар явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Отгончулуун: "Би 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр найз Суданчимэг ,С, Дөлгөөнбаяр, Сайнбилэг нарын хамт Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум орохоор судалгааны ажлаар явах болсон юм. Тэгээд С нь 68-24 УБӨ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг найз Оюунсайтараас гуйж аваад бид нар тэр машинтай Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу 20 цаг өнгөрч байхад хөдөлсөн ба машинаа С жолоодоод явсан. Тэгээд замдаа Төв аймгийн Эрдэнэ сумын төвийг өнгөрөөд явж байхад зам дээр нэг саарал өнгийн хувцастай эрэгтэй хүн алхаад явж байсан. Тэгтэл С тэр хүнийг тойрох гэж эсрэг урсгалд орсон чинь машин ирж байсан ба С буцаагаад рүлээ баруун гар тийш дарсан чинь замаас гараад замын хажуугийн далан руу орсон. Тэгээд далангаар явж байгаад онхолдсон 2 хөрвөөсөн. Бид машинаас гарч иртэл Сувданчимэг байхгүй байсан болохоор хайсан чинь машинаас шидэгдээд газарт доошоо хараад хэвтэж байсан амнаас нь цус гарчихсан байсан. 103 дуудаж үйлчилгээ авсан болно. Бага зэрэг шалбарсан өөр гэмтэл байхгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/, .... Ослын дараа би 103 руу 21 цаг 41 минутанд залгасан байсан. Осол 21 цаг 30 минутын үед гарсан байх. Үзэгдэх орчин харанхуй байсан. Цаг агаар байгалийн ямар нэг үзэгдэл болоогүй байсан. Тухайн үед Сувданчимэг, Дөлгөөнбаяр хоёр life hack нэртэй өсвөр насны хүүхдүүдэд нөхөн үржихүйн төслийн ажлын судалгаагаар явж байсан. Би Хэнтий аймаг руу хуулийн зөвлөгөө өгөх сайн дурын ажлаар С, Сайнбилэг нарын хамт явж байсан. Хувийн ажлаар явж байсан. Дөлгөөнбаяр унтаж явсан. Тухайн тээврийн хэрэгслийн гэрэл нь тусаад ямар машин гэдгийг нь хараагүй. Осол болсны дараа тухайн тээврийн хэрэгсэл бидэн дээр ирээгүй, зам дээр байсан хүнийг араас нь харахад өндөрдүү нуруутай саарал джинсэн өмдтэй, бараан өнгийн зузаан хүрэмтэй эрэгтэй хүн байсан. Тэр хүн ослын дараа дээрх хүн болон машин нь бидэн дээр ирээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/, 

 

мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Сайнбилэг: “Би 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр найз Сувданчимэг, Отгончулуун, С, Дөлгөөнбаяр нарын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу судалгааны ажлаар явах болсон юм. Тэгээд С 68-24 УБӨ улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгслийг танил Оюунсайтараас гүйж аваад бид нар тэр машинтай Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу 20 цаг өнгөрч цаг өнгөрч байхад хөдөлсөн ба машинаа С жолоодоод явсан. Тэгээд замдаа Төв аймгийн Эрдэнэ сумын төвийг өнгөрөөд явж байхад зам дээр нэг саарал өнгийн зузаан куртиктэй хүн алхаад явж байсан. Тэгтэл С тэр хүнийг тойрох гэж эсрэг урсгалд орсон чинь урдаас нь машин ирж байсан ба С буцаагаад үрлээ баруун гар тийш дарсан чинь замаас гараад замын хажуугийн далан руу орсон тэгээд далангаар явж байгаад онхолдсон. Би жолоочийн хажуу талд урд суудал дээр сууж явсан юм. Тэгээд би машинаас буутал хойно сууж явж байсан Дөлгөөнбаяр, Отгончулуун нар машинаас гарч байсан тэгтэл ард сууж явсан Сувданчимэг байхгүй болохоор хайсан чинь машинаас шидэгдээд газар доошоо хараад хэвтэж байсан ба өмд нь урагдчихсан байсан мөн амнаас нь цус гарчихсан байсан. Би хамгаалах бүс зүүсэн байсан би миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/,  ...Би анх өгсөн мэдүүлэгтээ 20 цаг гэж багцаалдсан байна лээ. Ослын дараа Отгончулуун 103 руу, 21 цаг 41 минутанд залгасан байсан. Тэгэхээр осол 21 цаг 30 минутын үед гарсан байгаа. Үзэгдэх орчин харанхуй байсан, цаг агаар байгалийн ямар нэгэн үзэгдэл болоогүй зүгээр байсан. Тухайн үед Сувданчимэг, Дөлгөөнбаяр хоёр life hack нэртэй өсвөр насны хүүхдүүдэд нөхөн үржихүйн төслийн ажлын судалгаагаар явж байсан. Би Хэнтий аймаг руу хуулийн зөвлөгөө өгөх сайн дурын ажлаар С, Сайнбилэг нарын хамт явж байсан. Сайн дурын ажил болохоор хувийн ажил гэж хэлж болно. Бид нараас Дөлгөөнбаяр унтаж явсан. Тухайн тээврийн хэрэгслийн гэрэл нь ойсон байсан болохоор ямар машин болохыг хараагүй. Осол болсны дараа тухайн тээврийн хэрэгсэл бидэн дээр ирээгүй, зам дээр байсан хүнийг нуруунаас нь харсан болохоор өндөрдүү нуруутай бараан өнгийн зузаан хүрэмтэй эрэгтэй хүн байсан. Тэр хүн ослын дараа дээрх хүн болон машин нь бидэн дээр ирээгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

 

-Гэмт хэргийн талаархи гомдол/ мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

-хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-05 тал/,

-Төв аймгийн Эрдэнэ сумын замд “Приус Т” маркийн 68-24 УБӨ дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсон гэх ослын хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-12 хуудас/,

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-13 тал/,

-осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-14 тал/,

-“Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай” мөрдөгчийн тогтоол /хх-15, 21 тал/,

-Хохирогч П.Сувдансондорын өвчний түүх /хх-49-73 тал/,

 

Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №269 дугаар шинжээчийн дүгнэлтэд

1.П.Сувданчимэгийн биед уушигны няцрал, зүүн 5,6-р хавирганы хугарал, 2 талын сүүжний дэлбээ ясны ар хэсэгт ууц ташааны үе дайрсан хугарал, баруун талын сүүжний тогоо, суудал ясанд зөрөө багатай хугарал, цээж, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, зүүн гуянд шарх, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдоо.

2.3.5.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.12, 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс шалтгаална /хх-74-75 тал/,

 

-2018 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн №50 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

1.Тоёото Приус маркийн 68-24 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Э.С нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

2.Жолооч Э.С нь МУ-ын ЗХД-ийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж , зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим , тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан  тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

3. 68-24 УБӨ улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Э.С нь ЗХД-ийн заалтуудыг зөрчсөний улмаас Зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.

4.Тухайн осол болох үед замын болон цаг агаарын, техникийн нөхцөл байдал нөлөөлөөгүй болно гэж үзэж дүгнэлт гаргав гэжээ /хх-79-80 тал/,

 

-Хохирогч П.Сувданчимэгийн хүсэлт /хх-98 тал/,

 

-Шүүгдэгч Э.С нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-88 хуудас/ болон бусад хувийн байдал тогтоосон баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, Э.Сд холбогдох хэргийн хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Сд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Э.С нь Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг “Дөтлүүр” гэх газар 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 68-24 УБӨ улсын дугаартай Тоёото Приус20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож П.Сувданчимэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан учруулсан гэм буруутай болох нь:

  мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Сувданчимэг: “...Тэгсэн гэнэт замын хажуу орж онхолдсон юм. Осол болсон газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр байсан. Намайг унтаж байхад гэнэт нэг нь “хөөе наад урд чинь хүн байна” гэж хэлэхийг сонсоод сэрээд хартал машины урд талд хүн харагдаагүй. Тэгсэн чинь машин замын хажуу руу орж онхолдсон. Би тэгээд ухаан алдсан байсан. Намайг дуудаж сэрээхэд би машинаас гарчихсан гадаа байсан. Осол болох үед миний бие аарцаг яс янгинаж өвдөж байсан. Миний зүүн талын хавирга орчмоор хөндүүрлэж өвдөж байсан. Тэгээд эмчид үзүүлэхэд аарцагны яс 3 хэсэг газраараа хугарсан, зүүн талын 5,6,7 дугаар хавирга хугарсан зүүн гуя зүсэгдсэн шарх учирсан байсан” гэх мэдүүлэг /хх-31-33 тал/,

гэрч М.Дөлгөөнбаяр: " Төв аймгийн Эрдэнэ сум өнгөрөөд явж байхад би машин дотор унтаад явж байсан ба гэнэт машин хүчтэй дайвалзсан. Тэгэхээр нь би нэг л биш боллоо гэж бодоод хоёр гараараа толгойгоо дартал машин хоёр удаа бүтэн хөрвөөсөн. Тэгээд машин хөдөлгөөнгүй дөрвөн дугуй нь дээшээ хараад зогсохоор нь би машинаас буутал Сувданчимэг байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

 гэрч Г.Отгончулуун: " С тэр хүнийг тойрох гэж эсрэг урсгалд орсон чинь машин ирж байсан ба С буцаагаад үрлээ баруун гар тийш дарсан чинь замаас гараад замын хажуугийн далан руу орсон. Тэгээд далангаар явж байгаад онхолдсон 2 хөрвөөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

гэрч Б.Сайнбилэг: С тэр хүнийг тойрох гэж эсрэг урсгалд орсон чинь урдаас нь машин ирж байсан ба С буцаагаад үрлээ баруун гар тийш дарсан чинь замаас гараад замын хажуугийн далан руу орсон тэгээд далангаар явж байгаад онхолдсон. ...Сувданчимэг байхгүй болохоор хайсан чинь машинаас шидэгдээд газар доошоо хараад хэвтэж байсан ба өмд нь урагдчихсан байсан мөн амнаас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-42 тал/,

хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-05 тал/, Төв аймгийн Эрдэнэ сумын замд “Приус Т” маркийн 68-24 УБӨ дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсон гэх ослын хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-12 хуудас/,Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-13 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-14 тал/, хохирогч П.Сувдансондорын өвчний түүх /хх-49-73 тал/, Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №269 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-74-75 тал/, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №50 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-79-80 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй байна.

 

             Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Э.С-г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.С-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн,  болон Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Э.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзлаа.

            Тав. Бусад зүйлийн талаар:

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3100000 төгрөг төлсөн, хохирогч П.Сувданчимэг нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар гаргуулах гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүйг зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Э.С-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э.С-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-г ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.С-н жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу 2018 оны 7 сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Эрүүгийн 1834002810182 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн баримт бичиг хэрэгт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Э.С-н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Сувданчимэгт 3100000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Э.С-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ц.ОТГОНЖАРГАЛ