Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 217

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч Б.Энхболд,

Хохирогч М.Анхбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч С.Сүхболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Х-т холбогдох 1834002020203 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймаг Баянчандмань сумын 1 дүгээр багийн 11-03 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Т.Х  гэв. 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Х нь Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн 11-03 тоотод 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өглөөний 05:00-06:00 цагийн орчим иргэн М.Анхбаярын баруун чамархай, баруун чих, баруун бугуйн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Х: “... Эхнэрийн хажууд унтаж байхаар нь уурласан юу болсныг сайн санахгүй байна. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол нөхөн төлнө.” гэв.

Хохирогч М.Анхбаяр: “эхнэрийг нь таньдаг байсан. Охиноо бариулах гэж Баянчандманьд очоод нэг өрөөнд унтаж байсан... Дотно холбоогүй. Хэргийн улмаас ярьж чадахгүй болсон. Учирсан хохирлоо болон цаашид гаргах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Анхбаяр: “Төв аймгийн Баянчандмань сум руу хүүхдийнхээ толгойг бариулахаар Оюунчимэгтэй хамт явсан. Тэгээд хүүхдийнхээ толгойг хоёр хоног бариулчихаад 1 хоног бариулчихаад буцна гээд байж байтал 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө би унтаж байсан чинь миний чих рүү жирс гээд явчихсан би сэрсэн чинь чих рүү Х хутгалчихсан дахиад хутгалах гээд зогсож байсан би гараараа хаасан миний чихний дээд тал руу хатгасан мөн дахиад 2 удаа хутгалах гэж далайсан би гараараа хаасан ингээд нийт Х намайг  4 удаа хутгаар хатгасан. Тэгээд би эхлээд Баянчандмань сумын эмнэлэгт очоод  тэндээсээ гэмтлийн эмнэлэг ороод Цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Одоо миний биеийн байдал хоол унд идэж ууж болохгүй үг ярианд өөрчлөлт ороод хүнд үгээ илэрхийлж чадахгүй болчихоод байна. Би мэдэхгүй байна. Би Хыг сайн танихгүй. Бид хоёр ярилцаж байгаагүй. Дахин дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хт гомдолтой байна. Эмчилгээний зардал хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Тээврийн хэрэгслээр нааш цааш цагдаа эмнэлгийн байгууллагаар явсан шатахууны зардлаа нэхэмжилнэ. Шүүх хурлаас өмнө эмчилгээний зардлын баримтуудаа өгөх болно. Оюунчимэг хүүхдүүдтэйгээ цаана, би өөрийнхөө хүүхэдтэй шатны тэнд унтаж байсан юм” гэжээ / хх-17 тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Оюунчимэг: “Т.Х бид хоёр 2011 оноос хойш гэр бүлийн баталгаатай байгаа миний хоёр хүүхдийн эцэг байгаа юм. Х бид хоёр 2010 оны сүүлээр нэг гэрт орсон 2012 онд анхны хүүхдээ гаргаж байсан. 2 дахь хүүхдээ 2014 онд төрүүлж байсан. Х бид хоёр амьдрах хугацаанд нэг гэрт байсан боловч цугтаа байнга хамт байгаагүй. Х гэртээ тогтохгүй тэнээд явчихдаг зантай ер гэртээ бүтэн жил байж үзээгүй байнга гадуур тэнэдэг хүн байгаа юм тэгээд л баяр ёслол болохоор хүрээд ирдэг усны шувуу шиг ирж нэг сар хоёр сар болчихоод л тэнээд явчихдаг зантай. М.Анхбаяр болохоор манай ажлын газрын эгчийн хүүхэд байгаа юм. Би Улаанбаатар хотод ажил хийдэг хотод Хтай хамт хашаа түрээсэлж байхад өөрөө тэнээд алга болдог өвөл хүйтэн нойтон байсан болохоор ажилтай ойр гэртээ ажлын эгчийнхээ илүү гэрт тогийг нь төлөөд суудаг байсан юм. Энэ байдлыг Х ойлгохгүй өөрөөс нь болж орох оронгүй айлын орон гэр түрээслээд явж байгааг ойлгохгүй Анхбаяртай намайг хардах болсон. Анхбаярыг миний нөхөр гэх зэргээр утсаар мессеж бичээд байдаг болсон юм. Би 5 дахь өдрийн орой Баянчандмань орж хоёр хүүхэд дээрээ оччихоод бүтэн сайны орой хот явдаг хотод хоёр хүүхэд харах хүн байхгүй болохоор би хоёр хүүхдээ Баянчандманьд аав, ээж дээрээ байлгаж байгаа юм. 2018 оны 03 дугаар сарын 28-ны орой 4 дэх өдөр байсан энэ өдөр манай хүүхэд тэмцээнд орсон байсан болохоор би Баянчандмань явсан энэ үед Анхбаярын хүүхэд нь болох 1 ой гарантай хүүхэд нь гүйлгээд байна гээд манай Баянчандманьд сайн барьдаг хүн байдаг тэр хүнд бариулна гээд надтай хамт Баянчандманьд ирсэн юм. Энэ үеэр манай ээж, аав ч гэсэн намайг ирснийх хотод байдаг хөгшчүүл дээрээ очоод золгоод ирье гээд хот явсан би мал гэрээ хараад байж байя гээд үлдсэн юм. Тэгтэл 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16 цаг өнгөрч байх үед Х над руу утсаар залгасан би Хыг битгий над руу залгаад бай гэж уурласан тэгтэл 17 цагаас хойш над руу мессеж бичиж эхэлсэн танай нөхөр хаачсан юм ирэхийг нь хүлээгээд байж байна гээд мессеж бичсэн тэрнээс хойш зогсоо зайгүй залгасан. 22 цагийн үед намайг гараад ир гүүрэн дээр хүрээд ир гээд дуудсан би гүүрэн дээр очиж Хыг хүлээж бараг цаг гаран зогссон. Х ирээгүй над руу утсаар залгаад наашаа яв ийшээ яв гэж хэлээд намайг хараад байсан би харин би Хыг хараагүй. Тэгээд хэсэг чимээгүй болчихсон байж байгаад шөнө дунд 02 цагийн үед над руу мессеж бичсэн би энэ үед сэрүүн унтаагүй гадагш гарч бие засчихаад үхэр малаа эргэчихээд гэртээ ороод нам унтсан. Өглөөгүүр хүн ёооё гэх чимээнээс сэрсэн чинь Х Анхбаярын хажууд зогсож байсан би хөөе гээд хашхирсан чинь Х гараад зугтаасан. Х тухайн үед солонгордог куртка, бор шаргал цамцтай зогсож байсан. Гадаа гэгээ орчихсон үүр цайчихсан байсан би Хыг хараад шууд таньсан. Анхбаяр өндийгөөд босоод ирсэн чинь толгой тархинаас нь цус гарчихсан гарыг нь дагаад цус урсаж байсан. Тэгээд би Анхбаярын толгойг дэвсгэр даавуугаар дарж өгөөд өөрөө түргэн дуудахаар гарсан. Намайг хашиграх чимээнээр хүүхдүүд сэрж уйлалдсан. Тухайн үед манай гэрт доод давхарт манай ээжийн төрсөн дүү болох хөгжлийн бэрхшээлтэй харвачихсан хүн унтаж байсан. Манай хаалга цоожгүй онгорхой байдаг. Манай хөгжлийн бэрхшээлтэй ах шөнө орой бие засдаг нэг унтахаараа сэрэхгүй унтдаг шээсээ хүрэхээр л сэрдэг болохоор хаалгаа түгждэггүй Х ч мэднэ. Манай нохой ч Хыг таньдаг болохоор хуцаагүй. Манай байшин дээд давхар нь хоёр тасалгаагаар хуваагддаг ханан пийшэнтэй юм. Шатаар гараад өрөөнд Анхбаяр хүүхдүүдтэйгээ цаад талд нь би хоёр хүүхэдтэйгээ унтаж байсан. Би хүүхдүүдтэйгээ хамт унтаж байсан. Манай ажлын эгчийн хүүхэд үе тэнгийн юм болохоор найзууд л юм. Ажлаас тараад харанхуй гудамжтай болохоор Анхбаяр, Анхбаярын Мандах ах дүү нар нь хэн ч хамаагүй намайг тосоод авдаг миний эмэгтэй дүү хүүхдээс ялгаа юу байхав гээд сайн ханддаг юм. Би Хтай урьд өдөр нь утсаар ярьсан. Тэгэхэд Х эрүүл байсан мессеж бичиж байхыг нь бодоход эрүүл байсан. Архи уучихаарай утсаар ярьж байгаа нь андашгүй байдаг. Эмч 4 удаа гэсэн би Хын хутгыг хараагүй хөөе гээд л орилсон тэгээд л Х гараад явсан. Гадаа үүр цайчихсан гэгээтэй 06 цагийн орчим байсан. Би Хыг манай гэрт намайг алахаар л орсон гэж бодож байгаа түүнээс хойш айдастай амьдарч байна” гэжээ /хх-24-25 тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Цэрэнлхам: “2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр манай охин Оюунчимэг Анхбаярын хамт хотоос ирсэн. Анхбаяр хүүхдийнхээ толгойг бариулна гээд хамт ирсэн байсан. Тэгээд нөхөр бид хоёр охин ирсэн юм чинь хот оръё гээд хот явсан. Гэрт Анхбаяр, Оюунчимэг нар 3 нялх хүүхдийн хамт мөн хөгжлийн бэрхшээлтэй дүү маань энэ хэд үлдсэн юм. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 05-06 цагийн орчим манай охин Оюунчимэг утсаар залгаад ээж өглөө Хатанаа байшинд орж ирээд гэрт унтаж байсан хүн хутгалчихлаа гэж хэлсэн тэгээд бид нар санд мэнд Баянчандмань руу явцгаасан. Замдаа Оюунчимэгтэй таарсан хүүхдүүд нь нил цус болчихсон байсан. Үүнээс хойш бид байнга айдас түгшүүртэй байх боллоо. Хэзээ Хыг ороод ирэх бол энд тэнд согтуу явж байна гэж сонсохоор айна гарч чадахгүй сэтгэлд сэвтэй байх боллоо. Хоёр давхар байшингийнхаа 2 давхар луу ч гарч чадахаа больчихоод байна. Гадуур их тэнэнэ гэртээ ирээд бараг сар болж үзээгүй явж явж ирчихээд сайн байна уу ч байхгүй нэг суманд амьдарч байж гэрээрээ орохгүй 1 км хүрэхгүй газар байж гэртээ орж ирдэггүй. Оюунчимэг хоёр хүүхэд нь хоёулаа л Хын хүүхдүүд байгаа юм. Үр хүүхдээ ч харахгүй хоёр хүүхдээ төрөх үед нь өлгий даавуу ч бэлдэж үзээгүй хүн. Архи хааяа ууна манай гэрт хоёр ч удаа согтуу ирж байсан. Х одоо манай охин руу утсаар залгаад байн байн залгаад дугарахгүй, чимээгүй сонсоно шөнө 01 цагаас эхлээд залгана унтуулахгүй утсаа авахаар юм хэлэхгүй сонсоод байдаг энэ бүрт нь Оюунчимэг хямраад айгаад уйлаад байдаг болсон. Энэ Х гэж хүнд их гомдолтой байна. Хүний гэрт дураараа орж ирж ийм аймшигтай хэрэг хийсэнд гомдолтой байна. Манай гэрийн хамаг хөнжил гудас цус болсон бүх цус болсон юмнууд нь шатаасан Хт гомдолтой байна. Хоёр хүүхдийг нь хараад өгөөд байхад арай ч дээ. Оюунчимэг Анхбаярын ээжтэй нь хамт ажилладаг ямар нэгэн холбоо байхгүй. Анхбаярын ээж Оюунчимэг хоёр нэг дор ажилладаг юм. Тэдний гэр ажилтайгаа ойрхон хашаанд байдаг тэр хашаанд нь Оюунчимэг түр байдаг байсан. Ямар нэгэн холбоо байхгүй” гэжээ /хх-ийн 26-27 тал /

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Тунгалаг : “...Энэ асуудал болохын урд өдөр болох 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр миний хүү Х Баянчандмань суманд аавынхаа гэрт дүүгийнхээ мотоциклийг засаж өнжсөн өглөө эрт хотод ажилтай хот явахаасаа өмнө хоёр хүүхэдтэйгээ уулзчихаад явъя гэж ярьж байгаад гэртээ амарсан юм. Тэгтэл өглөө 06 цаг өнгөрч байх үед Оюунаа миний утас руу залгаад ээжээ Хатанаа хүн алчихлаа ш дээ гэж хэлэхээр нь би нөхөртэйгээ Оюунаагийн аавынх нь гэрт яваад очсон чинь цагдаа эмнэлэг гэрийнх нь гадаа ирчихсэн байсан юу болсон талаар Хаас асуусан чинь Х Оюунаа нөгөө нэг хар юмтайгаа шалдан нүцгэн тэврэлдээд хэвтэж байсан би өөрийн мэдрэлгүй ийм юм хийчихлээ гэж хэлсэн. Х мотоцикль засаж байхдаа хутга халаасандаа хийчихсэн байснаараа хатгачихсан гэж байсан. Х урьд өмнө надад ярьж байсан Оюунаа нэг юмтай болсон гэж ярьж байсан би арай ч дээ гээд итгээгүй юм. Хоёр хааяа муудалцаад Оюунаа нь хөөж туулаа гээд л Х эгчийнхээ гэр лүү очиж байгаад үр хүүхэдтэй улс болохоор буцаад эвлэрчихсэн л байдаг байсан. Би салж сарниад яах бэ 2 хүүхдээ л бодно шүү гэж захидаг ийм юм болно гэж бодоогүй. Би цэргийн госпитал дээр хохирогчийг эргэх гээд бие нь яаж байгаа бол гээд очиход Оюунчимэг тэр залуутайгаа гар хөлөө барилцчихсан инээлдэж хөхрөлдөөд сууж байсан би уулзая гэсэн чинь өрөө рүүгээ юм хэлэхгүй явсан. Би өөрийн нүдээр харсан болохоор Оюунчимэг хохирогч залуу хоёрыг холбоотой гэдэгт нь итгэсэн. Би Оюунчимэг рүү утсаар залгаад наад хүний чинь биеийн байдал яаж байна гээд асуух гэхээр надтай ярих шаардлагагүй надад ямар ч хамаагүй гээд байсан. Өвөл хотод гэр хөлсөлж байгаа гээд байсан тэр залуугийн гэрийг нь хөлсөлж байгаа нэртэй тэр залуутай л хамт байсан байна. Энэ хоёр гэрлээд 9 жил болчихож байгаа том хүүхэд нь одоо 6 настай, бага нь 4 настай. Энэ хоёр хотод хоёулаа тусдаа гарч байж байгаад өнгөрдөг намар Баянчандманьд гэрийг нь авч ирсэн. Х бол архи уудаггүй, тамхи татдаггүй, хүний үгээр л байдаг хүн. Оюунчимэг ааш, хэл ам ихтэй, айлын ганц охин эрхлүүлчихсэн, дураараа ааштай, би юм хэлээд байдаггүй миний хүүг байсхийгээд л гэрээсээ хөөчихсөн, мөнгө төгрөг олж ирсэнгүй, цалин мөнгөө аваачаад өгөхөөр цалин мөнгийг нь голдог байсан юм шиг байна лээ. Тэгээд л гэрээсээ хөөчихдөг нэг мэдэхэд л эвлэрчихсэн гээд явж байдаг манай гэрээр орж гараад л явж байдаг юм” гэжээ /хх-28-29 тал/                                                                    

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Бямбасүрэн: “2018 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө эрт гэртээ байж байхад эхнэр сүйд майд болоод Хатанаа хүн хутгалсан  гэнэ үү гээд сандралдаад эхнэр бид хоёр Хын хадмын хашаанд нь очсон чинь хашааны гадаа эмнэлэг, цагдаа ирчихсэн байж байсан. Х урд өдөр нь дүүгийнхээ мотоциклийг засаад манай хашаанд өнжсөн юм. Шөнө унтаж л байх шиг байсан. Ийм юм болно гэж бодоогүй. Х надтай нээх юм ярьдаггүй. Ер нь үг дуу цөөнтэй хүн яасан юм бол ч гэж асуусангүй хэсгийн төлөөлөгч аваад явсан тэгтэл манай эхнэр Оюунаа нэг хар юмтай байж байгаад тэрийг нь хутгаар хатгасан гэнэ гэж хэлсэн. Хын өөрийн амнаас яг сонссон юм байхгүй ээжтэйгээ л юм ярьдаг байх. Х үг дуу цөөнтэй эхнэр хүүхдэдээ архи ууж агсан согтуу тавьсан гэж би харин сонсож байгаагүй эхнэр нь харин гэр орноосоо хөөж туугаад байдаг юм шиг байсан. Х хотод ажил хийж байсан юм. Ер нь бол Х Оюунаа хоёр хотод байгаад байсан гэрээ Оюунаагийн аав, ээжийн хашаанд барьчихсан байсан. Хоёр хүүхэд нь Оюунчимэгийн ээж, аав дээр байдаг. Хүүхдүүдээ уг нь манайхаар аваал ирдэг байсан. Харин сүүлийн үед уулзуулахгүй нааш, цааш явуулахгүй болчоод байгаа юм. Ер нь бол хүүхдүүдээ манайх руу явуулаад байх дургүй юм болов уу гэж бодсон. Оюунчимэг бол би амьдралаа  мэднэ, би авч явж байгаа, би бүгдийг мэднэ, Хтай чадахгүй бол зайл, би амьдралаа аваад явчихна гэсэн байдалтай харьцдаг нь ажиглагддаг. Манай Х дуугүй л тэгээд олон юм хэлж чадахгүй л байгаа бололтой хөндлөнгөөс нь харагддаг би энэ бүгдэд нь юм хэлдэггүй байсан. Манай хоёр хүү хоёулаа л архи тамхи хэргэлдэггүй байх ёстой. Мөрөөрөө ажлаа хийгээд л явдаг гэж бодож явдаг юм. Уг нь Хт би өөрийнхөө гараар гэр бэлдэж айл орон босгоод л тусад нь гаргаж өгсөн түүнээс хойш 6 жил болчихож байна. Амьдрал ахуйд нь оролцож байгаагүй. Уг нь тэр хутга миний хутга юм. Хүрэн иштэй эвхэгддэг тонгорог байсан юм. Мотоцикль янзалж байхад гадаа байсан сүүлд хэрэглэх гэсэн хутга байхгүй яасан ийсэн болсон чинь Хын халаасанд байж байгаад хүн хатгасан болоод явсан. Би ч юм хямгадаж янзлахдаа муу миний багажнууд гадаа хашаа нь дотор л хэвтэж байдаг юм хэрэгтэй үедээ авч хэрэглэчихээд л байдаг” гэжээ /хх-30-31 тал /

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Эрдэнэсүх: “..Би Хын аавын дүү байгаа юм. Х Оюунаа хоёр Оюунааг оюутан байх үед нь л найзлаад гүйгээд л Х барилга дээр ажиллаад цалин мөнгөө аваад байр сав хамтдаа түрээслээд л амьдардаг байсан Х юу таарсан ажил хийгээд л явдаг байсан. Харин Оюунаагийн зан ааш сургуулиа төгсөөд өөрчлөгдөөд их л хөөж туудаг болсон гэсэн. Хын аав нь чадлынхаа хэрээр гэр орон болгож өгсөн тэрэнд нь амьдраагүй байх Болсон асуудлын талаар Хатанаагийн ээж нь надад Хатанаа хүн зодсон  гэнэ л гэж хэлсэн. Бид нар ч Хатанааг буруутгаад Оюунаа сэргэлэн  Оюунаа л мэдэж байгаа гээд байсан чинь сүүлд харин Оюунаа хүн амьтантай болоод тэрэнтэйгээ байж байгаад Х нөгөө хүнийг нь зодсон асуудал гарч гэдгийг нь мэдсэн. Х өөрөө үг дуу цөөнтэй болохоор бид нартай ийм тийм юм яриад хэлээд байсан зүйлгүй өөр нарийн ширийн зүйлийг нь би сайн мэдэхгүй байна”гэжээ /хх-32-33 тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Бадамгарав: “Х эхнэртэйгээ муудалцчихлаа, хөөгдчихлөө нөгөөхийн ааш нь эхэлсэн гээд манай гэрт ирчихдэг юм. Хотод ер нь манайхаар байдаг. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манайхаас Х ажлаасаа чөлөө авчихлаа хүүхдийн төрсөн өдөр болох гэж байгаа гээд Баянчандмань сум руу явсан тэгээд тэр өдрөө хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй гэсэн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Х өөрөө над руу утсаар залгаад ажил руугаа ирэх гэж байх замдаа гэрээр ороод Оюунаа өөр хүнтэй нүцгэн шалдан хэвтэж байсан хоёр хүүхдийг маань бүр буланд аваачаад унтуулчихсан заваарч байсан дүү нь тэссэнгүй хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Х их дөлгөөн, тайван хүний үгээр, архи тамхи хэрэглэхгүй надтай ойр байдаг юм. Ямар ч ажил голохгүй хийдэг. Оюунчимэг харин хэлэмгий нөхрөө гэрийн ноён нуруу гэж хүндлэхгүй, их дээрэлхүү юм л бол нөхөрөө хөөж туудаг зантай Оюунаагийн зан аашийг бүгдийг л мэднэ. Найз нөхөдүүдтэй нь ч уулзуулахгүй, гаргаж оруулдаггүй зантай. Х Оюунааг хүнтэй болсон цуг ажилладаг эгчийнхээ гэр орноор байж байхдаа хүүхэд нь гээд хүнтэй учиртай болсон гээд ярьж байсан тэгэхээр нь би итгээгүй за юу гэж тийм юм байдаг юм гээд үгүйсгэж байсан ийм асуудал гарна гэж мэдээгүй” гэжээ /хх-34-35 тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Оюунбилэг: “Х надад хэлж байсан манай хүн өөр хүнтэй болсон нэг залуутай явалдаад байна гэж хэлж байсан. Тэгсэн дараа нь таарсан 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай хүн өөр залуутай гэртээ байж байсан би нөгөө авгайгийнхаа шинэ нөхрийг хутгалсан гэсэн би нөгөөх чинь гайгүй юм уу гэсэн хот руу аваад аваад явсан л гэж надад хэлсэн. Хын эхнэр Оюунчимэг нь Баянчандманьд нэг залуутай явалдаж л байсан байнга л хүнтэй явалдсан гэх хэл аманд орж байдаг. Ер нь тийм явдалтай хүүхэн гэж Баянчандманий хүмүүс ярьж байдаг Х хотод ажилтай байдаг тэгээд ирэн очин байдаг Оюунаа нь ажил хийхгүй байж байгаад хотод ажилд орсон гэсэн тэгсэн хотод хүнтэй явалдсан гэж байсан. Би гэр орноор нь орж гардаг гэртээ гайгүй л байцгаадаг ороход аяга цай хоол ундтай л байдаг юм. Хын эхнэр аашийн хувьд жоохон ааш муутай. Х зан аашийн хувьд даруухан архи уухгүй, гэр амьтай амьдралын төлөө зүтгэсэн залуу” гэжээ /хх-37 тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ням-Эрдэнэ: “...Х надад хэлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 01-нийг өглөө 06 цагийн үед гэртээ орсон чинь байшингийнхаа дээд давхарт нь эхнэр Оюунаа нь нэг залуутай шалдан нүцгэн тэврэлдээд хэвтэж  байсан өөрийнхөө хоёр хүүхдийг буланд унтуулчихсан хүний хүүхэд тэврээд унтаж байсан болохоор уур нь хүрээд биеэ барьж чадаагүй тэр залууг нь хутгаар хатгачихсан гэж ярьж байсан. Хын эхнэр нь урьд өмнө манай нутгийн нэг залуутай явалдаж эр эмийн харилцаанд орж байсныг би мэднэ манай нутгийн хүмүүс ч мэднэ. Хын эхнэр нь 10 жилийн сургуульд байхдаа манай эхнэрийн ангид байсан гайгүй даруухан охин байсан одоо бол алт мөнгө ярьсан сонин яриатай болсон байна лээ. Тэгээд харьцахаа больсон. Х ажилтай гадуур явдаг Баянчандмань жижиг газар болохоор ийш тийш явж ажил хийнэ. Нэг удаа Х эхнэртээ хөөгдсөн гээд манай гэрт ирж хонож байсан. Оюунаа хотод ажилладаг гэсэн ямар ажил хийдэг талаар би мэдэхгүй. Хатанааг байхад гэрээр нь ордог байсан тэр үед Оюунаа гэртээ ер нь гэр орноо цэвэрлэхгүй заваандуу байдаг. Х хэлээд хэрүүл болоод тэгээд Хатанааг хөөгөөд явуулчихдаг юм шиг байсан” гэжээ /хх-38-39 тал /

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Энхбат: “..Т.Х бол төлөв томоотой даруухан хүнд тусархаг сайн залуу байгаа юм. Оюунчимэгийн хувьд сүүлийн үед гэрээсээ алга болоод хотод нэг хүнтэй сууж байгаа сураг байсан. Х, Оюунчимэг нар уул хоёр хүүхэдтэй тэгээд Оюунчимэг нь хотод нэг айлд очиж суучихаад ирэхгүй байгаа сураг гараад байсан. Сүүлдээ бүүр нөгөө залуугаа дагуулаад хагас бүтэн сайнд Баянчандманьд ирдэг болсон байсан. Надтай сумын төв дээр нэг танихгүй туранхай залуутай гар гараасаа хөтөлцөж яваад таарч байсан. Миний дургүй хүрээд харж л байсан гэхдээ би машинтай явж байгаад харсан учраас Оюунчимэгтэй бууж уулзаагүй юм. Х, Оюунчимэг нартай багаасаа л тоглож өссөн хүний хувьд гэвэл Оюунчимэг хоёрын хоёр хүүхдээ өнчирүүлж өөр нэг залуутай сууж байгаа нь миний хувьд буруу л гэж бодож байна. Мөн приүс 10 маркийн машин Оюунчимэг унаад яваад байдаг байсан нь нөгөө залуугийнх нь машин байсан юм билээ. Приус 10 маркийн машинтай нэг залуутай нэг залуу сүүлийн хагас бүтэн сайн болгонд Баянчандмань суманд ирдэг болсон” гэжээ /хх-40 тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Энхболд: “..Оюунчимэгтэй 1-11 ангид хамт сурч байсан. Оюунчимэг нь хүний хувьд зүгээр л ааш зантай охин байсан. Сүүлийн үед Оюунчимэг сумын төвөөр Приус-10 маркийн машин унаад явдаг болсон. Би Хаас Приус машин авсан юм уу гэж утсаар асуухад үгүй гэж хэлж байсан. Сүүлд сонсоод байхад Оюунчимэг нь Приус-10 маркийн машинтай нөхөртэй болж байгаа гэж Х ярьж байсан юм. Тэгээд 2018 оны 04 сараас хойш Оюунчимэг суманд үзэгдэхээ больсон” гэжээ /хх-41 тал/

            -хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-09 -13 тал/,

            -эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-14 тал/,

            -2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4413 дугаар шинжээчийн дүгнэлтэд

            1.М.Анхбаярын биед баруун чихний шарх, зөөлөн эдийн няцрал, хуйх, баруун бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэжээ /хх-45 тал/,

           

            -2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Төв аймаг  Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны №01 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд

            1.М.Анхбаярын биед баруун 9 дүгээр мэдрэлийн уртавтар тархины өмнөх хэсгийн нарийсал, хатингаршил баруун чамархайн хуйх, баруун чихний суваг, баруун бугуйн хэсэгт шарх, сорви, баруун чихний сувгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.19.3-д заагдсанаар энгийн хөдөлмөрийн чадварыг 25%-иар буюу их хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            3.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            4.Дээрх гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            5.Урьд гаргасан 4413 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна” гэжээ /хх-55 тал/,

            -Хохирогч М.Анхбаярын өвчний түүх /хх-70-80 тал/,

            -мессежний хуулбар /хх-83 тал/,

            -хохирлын баримтууд /хх-86-103 тал/,

-Шүүгдэгч Т.Хын нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62 тал/ болон бусад хувийн байдал тогтоосон баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, Т.Х-т холбогдох хэргийн хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Х-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

            Шүүгдэгч Т.Х нь Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн 11-03 тоотод 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өглөөний 05:00-06:00 цагийн орчим иргэн М.Анхбаярын баруун чамархай, баруун чих, баруун бугуйн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

           хохирогч М.Анхбаярын: “2018 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө би унтаж байсан чинь миний чих рүү жирс гээд явчихсан би сэрсэн чинь чих рүү Х хутгалчихсан дахиад хутгалах гээд зогсож байсан би гараараа хаасан миний чихний дээд тал руу хатгасан мөн дахиад 2 удаа хутгалах гэж далайсан би гараараа хаасан ингээд нийт Х намайг 4 удаа хутгаар хатгасан” гэх / хх-17 тал/,

         гэрч Д.Оюунчимэгийн: “Өглөөгүүр хүн ёооё гэх чимээнээс сэрсэн чинь Х Анхбаярын хажууд зогсож байсан би хөөе гээд хашхирсан чинь Х гараад зугтаасан. Х тухайн үед солонгордог куртка, бор шаргал цамцтай зогсож байсан. Гадаа гэгээ орчихсон үүр цайчихсан байсан би Хыг хараад шууд таньсан. Анхбаяр өндийгөөд босоод ирсэн чинь толгой тархинаас нь цус гарчихсан гарыг нь дагаад цус урсаж байсан. Тэгээд би Анхбаярын толгойг дэвсгэр даавуугаар дарж өгөөд өөрөө түргэн дуудахаар гарсан” гэх /хх-24-25 тал/,

              гэрч Д.Цэрэнлхамын: “ ..2018 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 05-06 цагийн орчим манай охин Оюунчимэг утсаар залгаад ээж өглөө Хатанаа байшинд орж ирээд гэрт унтаж байсан хүн хутгалчихлаа гэж хэлсэн тэгээд бид нар санд мэнд Баянчандмань руу явцгаасан. Замдаа Оюунчимэгтэй таарсан хүүхдүүд нь нил цус болчихсон байсан” гэх /хх-26-27 тал/,

              гэрч Д.Тунгалагийн: “...Тэгтэл өглөө 06 цаг өнгөрч байх үед Оюунаа миний утас руу залгаад ээжээ Хатанаа хүн алчихлаа ш дээ гэж хэлэхээр нь би нөхөртэйгээ Оюунаагийн аавынх нь гэрт яваад очсон чинь цагдаа эмнэлэг гэрийнх нь гадаа ирчихсэн байсан юу болсон талаар Хаас асуусан чинь Х Оюунаа нөгөө нэг хар юмтайгаа шалдан нүцгэн тэврэлдээд хэвтэж байсан би өөрийн мэдрэлгүй ийм юм хийчихлээ гэж хэлсэн” гэх /хх-28-29 тал/,

            гэрч О.Бямбасүрэнгийн: “2018 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө эрт гэртээ байж байхад эхнэр сүйд майд болоод Хатанаа хүн хутгалсан  гэнэ үү гээд сандралдаад эхнэр бид хоёр Хын хадмын хашаанд нь очсон чинь хашааны гадаа эмнэлэг, цагдаа ирчихсэн байж байсан” гэх /хх-30-31 тал/,

              гэрч Д.Оюунбилэг: “Х надад хэлж байсан манай хүн өөр хүнтэй болсон нэг залуутай явалдаад байна гэж хэлж байсан. Тэгсэн дараа нь таарсан 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай хүн өөр залуутай гэртээ байж байсан би нөгөө авгайгийнхаа шинэ нөхрийг хутгалсан гэсэн” гэжээ /хх-37 тал/,

               гэрч Б.Ням-Эрдэнэгийн: “...Х надад хэлсэн 2018 оны 04 дүгээр сарын 01-нийг өглөө 06 цагийн үед гэртээ орсон чинь байшингийнхаа дээд давхарт нь эхнэр Оюунаа нь нэг залуутай шалдан нүцгэн тэврэлдээд хэвтэж  байсан өөрийнхөө хоёр хүүхдийг буланд унтуулчихсан хүний хүүхэд тэврээд унтаж байсан болохоор уур нь хүрээд биеэ барьж чадаагүй тэр залууг нь хутгаар хатгачихсан гэж ярьж байсан” гэх /хх-38-39 тал/ мэдүүлгүүд болон эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-14 тал/, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны №01 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-55 тал/, хохирогч Б.Анхбаярын өвчний түүх /хх-70-80 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй байна.     

 

             Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Т.Хыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Т.Х-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн болон Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Т.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажлыг Төв аймгийн Баянчандмань сумын засаг даргын тамгын газарт хийлгэхээр тогтоож хянан шийдвэрлэлээ.

Тав: Бусад зүйлийн талаар:

           

            Хохирогч М.Анхбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын төлбөрт 2478911 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хянан шийдвэрлэв.

             Үүнд:

             шүүгдэгч Т.Х-ын нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээ, эм тариа бензиний зардал болох 1617000 төгрөгийг шүүгдэгч Т.Хантанбаатараас гаргуулж хохирогч М.Анхбаярт олгож, ЦТЭ-д хэвтэж байх үед төлсөн 330000 төгрөг, давхардаж нэхэмжилсэн 234000 төгрөг нийт 564000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 297000 төгрөг, 234000 төгрөг нийт 531000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтгүй байх тул 531000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг никель саарал өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгаж, эрүүгийн 1834002020203 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт Т.Х-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт шүүгдэгч Х овогт Т.Х-ыг 700 /долоон зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Х-ыг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт дөрвөн цагаас доошгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг Төв аймгийн Баянчандмань сумын засаг даргын тамгын газарт хийлгэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Энэ шүүгдэгчийн бичиг баримт хэрэгт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 21.6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан никель хутга 1 ширхэгийг устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хаас 1617000 төгрөгийг шүүгдэгч Т.Х-с гаргуулж хохирогч М.Анхбаярт олгож, 564000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 531000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтгүй байх тул 531000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Х-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ