Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00624

 

Л.Наранхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Л.Цолмоннарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01192 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 518 дугаар магадлалтай,

Л.Наранхүүгийн нэхэмжлэлтэй,

“Капитрон банк” ХХК-д холбогдох,

2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 512 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинолговоргаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухайнэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Л.Ариунаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат, С.Ялалт, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргалнар оролцов.

Нэхэмжлэгч Л.Наранхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Капитрон банкны тухайн үеийн удирдлагуудын тавьсан саналын дагуу 2013 оны 5 сараас тус банкны Сайншанд тооцооны кассын эрхлэгчээр томилогдон ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа банкны дүрэм, журмыг боловсронгуй болгох, дотоод хяналтыг сайжруулах, зээлийн багцыг нэмэгдүүлэх, мөнгөн хадгаламж болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх замаар банкны ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх үйлсэд өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвар, бүх нөөц, боломжоо дайчлан зүтгэж ирсэн бөгөөд ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллажбайсан. Гэтэл Капитрон банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 512 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар хууль бус үндэслэлээр ажлаас халлаа. Иймд дээрх тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинолговоргаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Хүрэлбаатар шүүхэдгаргасан тайлбартаа:Тус банкны 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 15/01 тоот дүгнэлт”-ээр нэхэмжлэгч Л.Наранхүү томилогдсон албан тушаалдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Иймд түүнд 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2980 тоот мэдэгдэл хүргүүлж, ажлаас халах болсныг мэдэгдсэн. Л.Наранхүү уг мэдэгдэл, комиссын дүгнэлттэй холбогдуулан тайлбар, эсэргүүцэл ирүүлээгүй учир тус банкны гүйцэтгэх захирлын 512 тоот тушаал гарч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хуулийн дагуу явагдсан. Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндэслэл заагаагүй байх бөгөөд тус банкны гүйцэтгэх захирлын тушаал, комиссын дүгнэлтийн аль хэсгийг, ямар үндэслэлээр эсэргүүцэж байгаагаа тодорхой дурдаагүй зэргээс дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь харагдаж байна.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01192 дугаар шийдвэрээр:Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийг 40.1.2, 40.5-д заасныг баримтлан хариуцагч “Капитрон банк” ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 24.386.160 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай Л.Наранхүүгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Наранхүү нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 518 дугаар магадлалаар:Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01192 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Ариунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 518 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5-т үзлэгийн хэзээ, хаана, ямар этгээдүүдийг оролцуулж хийсэн, мөн ажиллагааны дараалал, илэрсэн нөхцөл байдлыг бичихээр заасан байна. Давж заалдах шатны шүүхээс энэхүү хуулийн заалтыг хэрэглэх үндэслэл бүрдээгүй байхад хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Учир нь шүүгч өөрийн хийсэн үзлэгийн тэмдэглэлдээ хэзээ, хаана болсон, байлцсан хүн, үзлэгийн үр дүнгийн талаар тодорхой тусгасан байна. Тодруулбал, үзлэгийн тэмдэглэл хуулийн шаардлагыг хангаж байна. Үзлэгийн зорилго нь тухайн маргаан, түүний үйл баримтаас хамаарч ямар ч байх болохыг шүүхээс анхаараагүй байна. Хамгийн гол нь илэрсэн нөхцөл байдлыг тусгах нь гол байсан юм. Энэ тохиолдолд хэрэгт авагдсан баримтыг и-мэйлд байгаа баримттай тохирч байгаа эсэхийг тодруулах зорилготойгоор үзлэгийг хийж баталгаажуулсан. Үзлэгийн үр дүнд хэргийн баримтууд м-мэйлд байгаа баримттай тохирч байгаа нь илэрсэн тул энэ тухай тэмдэглэлд тусгасан. Үзлэгийн зорилго үр дүнг ямар байх талаар шаардлага тавигдаагүйг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна. Мөн шүүгч өөрийн биеэр үйлдэж баталгаажуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс анхаараагүй байна. Үзлэгийн тэмдэглэлд шүүгчийн нэр тэмдэглэгдсэн байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа давж заалдах шатны шүүх “...үзлэгийн тэмдэглэлд  ямар баримтыг тодруулахаар үзлэг хийсэн, үр дүн юу болсон талаар бичээгүй,  үзлэгийн тэмдэглэлд шүүгч гарын үсэг зураагүй, хуульд заасан журмын дагуу бүрдүүлээгүй тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2, 51.4-т зааснаар үзлэг, туршилт хийх, таньж олуулах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа гүйцэтгэхэд тэмдэглэл үйлдэх ба тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагааны үед шүүгч, түүний даалгаснаар шүүгчийн туслах үйлдэнэ.

Хариуцагчийн төлөөлөгчийн “...Капитрон банк болон Л.Наранхүү нарын цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 10 цагт Капитрон банкны төв байранд очиж, цахим шуудан хадгалагдаж байгаа процессорт үзлэг хийхээр шийдвэрлэсэн, үүний дагуу зохигчдын цахим шууданд үзлэг хийж, тэмдэглэл үйлджээ /хэргийн 206-209 дүгээр тал/.

Үзлэг хийсэн тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн эцгийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, ажиллагааны  зорилго, обьект, үзлэг хийсэн дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг тодорхой бичсэний зэрэгцээ тэмдэглэлийг шүүгч үйлджээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дах заалтыг зөрчсөн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй. 

            Нэхэмжлэгч Л.Наранхүү нь хариуцагч Капитрон банк ХХК-д холбогдуулан “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсанхугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 24.386.160 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийндаатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

            Капитрон банкны гүйцэтгэх захирал 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 512 дугаар тушаал гаргаж, Л.Наранхүүг тооцооны кассын эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээрзүйлийн 40.1.2, 40.5 дах заалтыг үндэслэжээ.

            Капитрон банкны Удирдлагын зөвлөлийн шийдвэрээр “Сайншанд” тооцооны кассыг 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн шинээр нээн, Л.Наранхүүг эрхлэгчээр томилжээ.

            Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд зааснаар тооцооны кассын эрхлэгч нь банкны гүйцэтгэх удирдлагын баталсан төсөв, төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллах үүрэгтэй бөгөөд тус төв 2013 онд 71.1 сая, 2014 онд 46.9 сая, 2015 оны 7 сар хүртэл хугацаанд 81.4 сая төгрөгийн алдагдалтай ажилласан нь хэргийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

            Капитрон банкны Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох  комиссын дүрмийн 1.3.2-т зааснаар тус банкны газар, хэлтэс, салбар, нэгжийн захирал, эрхлэгчийг удирдлагын түвшний ажилтан гэж тодорхойлсон ба салбар нэгж нь хагас жилийн байдлаар алдагдалтай ажилласан нөхцөлд тухайн жилийн төлөвлөгөөний биелэлтийн хувиас үл хамааран тухайн захирал/эрхлэгчийг албан тушаалд тавигдаж буй мэдлэг, ур чадварын түвшинг хангахгүй буюу тэнцэхгүй гэж үзэхээр дүрмийн 5.3.3-т заажээ.

            Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2015 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн 15/01 тоот дүгнэлтээр Л.Наранхүүг кассын эрхлэгчийн албан тушаалд тэнцэхгүй болохыг тогтоохдоо тооцооны кассын сар, улирал, жилийн эцсийн тайланг дүгнэсэн Иргэдийн банкны газрын дүгнэлт, Дотоод хяналтын газрын дүгнэлтийг үндэслэсэн ба энэ нь дүрмийн 3.1.2, 3.1.3, 4.6, 5.3-т заасныг зөрчөөгүй байна /хэргийн 33-36, 55-76 дугаар тал/.    

            Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр цахим шуудангаар мэдэгдсэнийг нэхэмжлэгч хүлээн авсан нь тогтоогдсон бөгөөд хариуцагч хөдөлмөрийн гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар  болгон цуцалсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дэх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг оновчтой баримтлаагүй нь хууль хэрэглээний алдаа болжээ.

            Түүнчлэн тухайн хэрэгт хамааралгүй, хэрэгт авагдаагүй Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/200 дугаар тушаалын талаар дүгнэлт хийсэн нь буруу болохыг дурдах нь зүйтэй.          

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүйболгох”  талаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 518 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01192 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5...” гэснийг “...69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2...” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 279.880 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.АМАРСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ