Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2018/0612

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 28 өдөр   

  Дугаар 221/МА2018/0612

Улаанбаатар хот

 

 

“Ж н” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай                         

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0610 дугаар шийдвэртэй, “Ж н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0610 дугаар шийдвэрээр: “1. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоол болон 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байрлах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын зориулалттай 12084,9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн хэсгийн нэхэмжлэгч “Ж н” ХХК-ийн эзэмшлийн 400 га газартай холбогдох хэсгийг Засгийн газраас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд Засгийн газраас шинэ акт гаргаагүй бол Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоол болон 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байрлах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын зориулалттай 12084,9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн хэсгийн нэхэмжлэгч компанийн эзэмшлийн 400 га газартай холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дурдаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын 2-т “...солбицол бүхий газарт иргэн, хуулийн этгээд газар өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг судалж, давхцалыг арилгах арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарт, ...тус тус даалгасугай” гэж давхцалыг арилгах арга хэмжээ авахыг нэгэнт даалгасан байхад анхан шатны шүүх Засгийн газраас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр болоогүйг нотолж байна. Анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2, Тавьдугаар зүйлийн гуравт заасныг тус тус зөрчсөн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь Үндсэн хуульд нийцээгүй байхад шүүгч хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан хугацааг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллага нь түүний хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг нотолсон баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасантай зөрчилдөж, нэхэмжлэлийг хуулийн дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль эрх зүйн үндэслэлтэй байсан байна” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай зарим нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, маргааны үйл баримтад холбогдох дүгнэлтийг хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Ж н” ХХК нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан ““Ж н” ХХК-ийн эзэмшиж байгаа Төв аймгийн Сэргэлэн сумын тахилтын энгэрт байрлах 400 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газраас “Ж н” ХХК-ийн эзэмших газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч нэхэмжлэгч компанийн 400 м.кв газрыг улсын тусгай хэрэгцээнд авахдаа Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан тохиролцоог хийгээгүйгээс нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүй гаргасан” гэж тайлбарлажээ.

Анх Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаар захирамжаар[1] “Ж н” ХХК-д тус сумын Тахилтын энгэр гэх газарт 400 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, мөн өдөр газар эзэмших эрхийн 0090188 дугаар гэрчилгээг олгосон байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2013 оны 58 дугаар захирамж, түүний хавсралт[2]-аар нэхэмжлэгчийн дээрх газрыг одоог болтол үйл ажиллагаа явуулаагүй, гэрээ хийж, гэрээг дүгнүүлээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байх хэдий ч мөн сумын Засаг дарга 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “...бичиг хэргийн ажилтан “Ж н” ХХК-ийн нэрийг жагсаалтаас хасаагүй захирамжийн хавсралтыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн захирамжаар мэдээллийн сангаас устгуулсан. Иймээс тус компанийн кадастрын зургийг мэдээллийн санд буцаан бүртгүүлж өгнө үү” гэх 02/146 дугаар албан бичгийг[3] аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлжээ.

Хэрэгт авагдсан Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2013 оны 58 дугаартай 2 өөр захирамж, дээрх албан бичиг, “...нэгж талбарын 041009042844 дугаартай 1969005 м.кв газар нь “Ж н” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэлтэй байна” гэх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 1/233 дугаар албан бичиг[4], түүний хавсралт,  “Ж н” ХХК-ийн гаргасан “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2006 оны 108 дугаар захирамжийн Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох хэсэг, 2016 оны А/144 дүгээр захирамжийн “Мошеа эко энержи” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШШ2018/0014 дүгээр захирамж[5] зэргээс үзвэл нэхэмжлэгч “Ж н” ХХК нь маргаж буй газарт хэдэн м.кв газрыг эзэмшиж байгаа нь тодорхойгүй байна.

Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн тохиолдолд түүний эрхийг сэргээсэн шийдвэрийг гаргадаг төдийгүй Газрын тухай хуульд зааснаар улсын тусгай хэрэгцээнд газрыг авч байгаа тохиолдолд газар эзэмшигчид нөхөн олговрыг олгох тул нэхэмжлэгч “Ж н” ХХК-ийн газар эзэмших эрхийн талаарх баримтыг цуглуулж, дүгнэлт өгөх шаардлагатай.

Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана”, 42.3-т “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна” гэж тус тус зааснаас үзвэл Засгийн газар нь улсын тусгай хэрэгцээнд бусдын эзэмшил газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авахдаа Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, тухайн байгууллагын газар эзэмшигчтэй хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг гаргах, уг шийдвэрийг үндэслэн тухайн аймгийн Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахаар хуульчилсан байна.

Монгол Улсын Засгийн газар 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 140 дүгээр тогтоолын[6] нэг дэх заалтаар Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон Улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутагт орших 12084,9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хоёр дахь заалтаар уг тусгай хэрэгцээнд авсан газарт иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд солих, эргүүлэн авахад шаардлагатай хөрөнгийн талаар холбогдох судалгааг хийж, тооцоо гаргахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд нарт даалгаж шийдвэрлэжээ.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор[7] дээрх тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн заагийг өөрчилсөн байх бөгөөд маргаан бүхий 140, 154 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газартай нэхэмжлэгчийн эзэмшиж байсан гэх газар бүхэлдээ давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/233 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Ж н” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу 400 га газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэр гаргахыг хариуцагч Монгол Улсын Засгийн газарт даалгах” тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхийн тулд хариуцагч 2010 оны 140 дүгээр тогтоолыг гаргах үед нэхэмжлэгчийн эзэмшиж буй 400 кв газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байсан эсэх, уг тогтоолын 2 дахь заалтын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтан тооцоо, судалгааг гаргахад “Ж н” ХХК-ийн нэр орсон эсэх талаарх баримтыг цуглуулах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, “Ж н” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ “хариуцагч Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан тохиролцоог хийгээгүйгээс эрх нь зөрчигдсөн” хэмээн тайлбарлаж байх тул шүүх дээрх баримтуудыг цуглуулсны үндсэн дээр маргаан бүхий тогтоолуудыг гарахаас өмнө нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу 400 м.кв газрыг эзэмшиж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн байхад хариуцагч хуульд заасан урьдчилан тохиролцох үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн эсэхэд дүгнэлт хийх боломжтой болох юм.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь хэдийгээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших 12084,9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахдаа газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслээгүй ч 140 дүгээр тогтоолын хоёр дахь заалтаар судалгаа хийж, тоо гаргахыг үүрэг болгосны дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны А/25 дугаар тушаалаар[8] Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Төв аймгийн газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар, Төв аймгийн Сэргэлэн сумын газрын даамлуудыг оролцуулан ...улсын тусгай хэрэгцээний газартай давхардаж байгаа газар олголтын талаарх судалгааг гаргаж, нөхцөл байдалд дүгнэлт өгөх, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ.

Дээрх ажлын хэсэг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зөвлөмж, дүгнэлтийг[9] гаргасан байх бөгөөд уг судалгаанд “Ж н” ХХК-ийн маргаж буй газар хамрагдсан эсэх, хамрагдсан бол нэхэмжлэгчийн газрыг хэрхэн шийдвэрлэхээр болсон, хамрагдаагүй бол Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай нэхэмжлэгч харилцан тохиролцсон эсэх талаарх баримтыг цуглуулж, дүгнэлт өгснөөр шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болохоор байна.

Нэхэмжлэгч нь эзэмшил газрыг нь тусгай хэрэгцээнд авсан Засгийн газрын 140, 157 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд Газрын тухай хуульд заасан нөхөн олговор олгохгүй байгаатай холбогдуулан маргаж байх тул анхан шатны шүүх “Ж н” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, хэргийг хянан шийдвэрлэх байжээ.

Учир нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.3, 43.3-т зааснаас үзвэл бусдын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг Засгийн газар гаргаж, нөхөн олговрыг тухайн шатны Засаг дарга газар эзэмшигчтэй гэрээ байгуулан олгох бөгөөд уг гэрээг байгуулахад улсын төсвөөс тухайн шатны Засаг даргын мэдэлд нөхөн олговрыг шилжүүлэхээр байх тул нэхэмжлэгч нь чухам нөхөн олговор олгохгүй байгаа тухайн шатны Засаг даргатай, эсхүл Засаг даргын мэдэлд нөхөн олговрыг улсын төсвөөс шилжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбогдуулан алинтай нь маргаж байгааг тодруулах шаардлагатай.

Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан ““Ж н” ХХК-ийн эзэмшиж байгаа Төв аймгийн Сэргэлэн сумын тахилтын энгэрт байрлах 400 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах” тухай нэхэмжлэлийн хувьд Монгол Улсын Засгийн газраас ямар шийдвэрийг гаргуулахыг хүсч байгаа нь тодорхойгүй байна.  

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 5 удаа өөрчилсөн байх бөгөөд “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын зориулалтаар 12084,9 га газраас “Ж н” ХХК-ийн эзэмших газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах /түдгэлзүүлэх/” нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх “нэхэмжлэгч маргаан бүхий тогтоолууд нэгэнт хэрэгжсэн тул хоёр дахь шаардлагын “хүчингүй болгуулах” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар түдгэлзүүлж өгнө үү” гэж өөрчилсөн” хэмээн тайлбарлан хэргийг хянан шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг “...нэхэмжлэгч 2 дахь шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэлээ дэмжиж байсан бөгөөд шүүхэд хүчингүй болгуулах шаардлагыг шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар түдгэлзүүлж болох юм гэж тайлбарласан байхад өөрчилсөн гэж үзээд шийдвэрлэсэн” гэж зөрүүтэйгээр тайлбарласан.

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч шүүхэд хандаж байгаа нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр, биелэгдэх боломжтойгоор тодорхойлох учиртай бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулан холбогдох баримтуудыг цуглуулж хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх ажиллагаа хийгдээгүй байхад давж заалдах шатны шүүх зөрчлийг арилган, дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0610 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                        Ц.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг-1-132 хуудас

[2] Хавтаст хэрэг-1-142 хуудас

[3] Хавтаст хэрэг-1-145 хуудас

[4] Хавтаст хэрэг-2-172 хуудас

[5] Хавтаст хэрэг-3-51 хуудас

[6] Хавтаст хэрэг-1-96 хуудас

[7] Хавтаст хэрэг-1-108 хуудас

[8] Хавтаст хэрэг-1-173 хуудас

[9] Хавтаст хэрэг-1-175 хуудас