Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 203/МА2022/00031

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 29 өдөр Дугаар 203/МА2022/00031 Даланзадгад сум

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

*******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 143/ШШ2022/00256 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

гэрээний үүрэгт 6,500,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 5,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

Миний бие худалдаа үйлчилгээ явуулах зорилгоор иргэн *******аас сэндвичин байрыг худалдан авч 6,500,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 5585418764 тоот дансанд шилжүүлж үлдэгдэл 8,500,000 төгрөгийг гудамж гаргасны дараа өгөхөөр тохиролцсон. Гэтэл *******ийн худалдсан байр нь биет байдлын доголдолтой, өөрийн амласны дагуу гудамж гаргаж өгөөгүй, мөн эрхийн зөрчилтэй байсан тул энэ талаар *******т хэлж үнээ бууруулах санал тавьсан боловч зөвшөөрөөгүй.

******* нь надад зарна гэж мөнгийг минь авчхаад дараа нь зарахгүй гээд байсан сэндвичэн байрныхаа 1 өрөөг намайг нэхэмжлэл гаргасны дараа *******, ******* гэх гэр бүлийн хүмүүст 28,000,000 төгрөгөөр зарсан байх тул миний бие *******аас 6,500,000 төгрөг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

2.а. Миний бие 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр *******тэй биеэр уулзаж, аман гэрээгээр тохиролцон худалдаа үйлчилгээ явуулж байсан сэндвичин байшингаа 15,000,000 төгрөгөөр зарахаар болсон. Тэгээд түлхүүрээ авч өгөлцсөн.

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 6,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн үлдсэн 8,500,000 төгрөгийг 10 хоногийн дотор өгөхөөр тохирч. Түүнээс хугацаа хэтэрвэл түрээсийн мөнгө тооцохоор болсон. Манайх 3 өрөө байр түрээслүүлж ажилладаг байсан. 1 өрөө байрны 1 сарын түрээсийн мөнгө 700,000 төгрөг байдаг. Авсан цагаасаа хойш би эзэн нь байгаа юм гээд хүнд түрээслүүлж ажиллуулсан гэсэн. Би гудамж гаргана гэж тохиролцоогүй. Уг хугацаанаас хойш 7 сарын түрээсийн мөнгө болон үлдсэн мөнгөө гаргуулмаар байна. Манай ам бүл энэ мөнгөөр амьдардаг. Нөхөр бид 2 өвчтэй, цус харвалттай болсон учир аргагүйн эрхэнд зарах болсон. Уг байшинг өөр хүнд зарах гэж байхад надад зарчих гэж гуйсан. Нутгийн хүндээ заръя гэж бодсон. Сүүлд нь өөр хүнд түрээслүүлж мөнгийг нь гаргаж өгөх гэж байхад өөрөө хөөж гаргаад түлхүүрийг нь өгдөггүй гэжээ.

 

3. Хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, агуулга

Би анх *******тэй 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр наймаа хийхдээ 15,000,000 төгрөгөөр тохирсон. 15,000,000 төгрөгөө 2 хувааж хийнэ гэсэн.

Би 2 хуваах юм бол эхний мөнгөө хийчих гэхэд 6,500,000 төгрөгийг 10-ны өдөр шилжүүлсэн. 3, 4 хоногийн дараа би утасдаж яасан, авах юм уу гэсэн. Түлхүүрээ бүгдийг нь аваад үлдсэн. Би үзүүлээд энэ хүнд түлхүүрээ өгсөн.

Тухайн үеийн хэрүүл амнаас болоод 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 04 дүгээр cap хүртэл намайг олон сараар түрээсийн мөнгөгүй хаалттай байлгасан, намайг хохироосон учир 8 сарын түрээсийн мөнгө 5,600,000 төгрөг болдог ч 5,000,000 төгрөгийг нь нэхэмжилнэ гэжээ.

 

4. Нэхэмжлэгч *******ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

******* байраа зарахгүй юм бол мөнгөө буцааж өг гэсэн боловч аргагүйн эрхэнд хүнд түрээслүүлэхэд тэр хүнээс наад өрөөг чинь Мөнхцэцэгт зарахгүй, энэ чинь миний байр гээд түрээсийн мөнгийг нь хүртэл авсан байсан. Өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас хамааралтай учир би таван сая төгрөг төлөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 6 500 000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч *******ээс 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан хариуцагч *******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 /гурван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 118,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т, хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 94,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулж хариуцагч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагчаас сэндвичэн байрны 1 өрөөг /******* хажуугаар нь гудамж гаргаж өгнө гэсэн болзолтойгоор/ 15,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа 6,500,000 төгрөгийг *******т шилжүүлдэг боловч ******* нь гудамж гаргаж өгнө гэсэн амлалтдаа хүрэхгүй байснаас худалдах худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болдог. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчаас өгсөн мөнгөө шаардахад 2 сарын дараа өгье гээд, 2 сарын хугацаа өнгөрөхөд өгнө өгнө гэсээр өгөхгүй байсан учир ******* ийнхүү шүүхэд ханддаг. Гэтэл хариуцагч ******* нь өөрийн буруугаас буюу нэхэмжлэгчээс авсан мөнгөө өгөхгүй, өөрөө тус өрөөндөө үйл ажиллагаагаа явуулахгүй нэлээдгүй хугацааг өнгөрөөсөн атлаа нэхэмжлэгчээс 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 04 дүгээр cap хүртэл өрөөгөө түрээсэлж олох байсан орлого гэж сөрөг нэхэмжлэл гарган 5,000,000 төгрөг нэхэмжилдэг.

Шүүх дээрх нөхцөл байдалд "...талууд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа 6,500,000 төгрөгийг шилжүүлж, үүнээс 10 хоногийн дараа буюу 06 дугаар сарын 20-ны үед харилцан тохиролцож чадаагүй үндэслэлээр хэлцлээ буцаахаар болсон гэх атлаа одоог хүртэл хариуцагч ******* нь урьдчилгаанд авсан мөнгийг буцааж өгөх үүргээ гүйцэтгээгүй байх тул хариуцагч *******аас 6,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй. ...Хариуцагч ******* нь *******ээс 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 04 дүгээр cap хүртэл уг байраа түрээслүүлж олох байсан орлого гэж 5,000,000 төгрөг нэхэмжилснээс 2020 оны 08-12 дугаар сарын /12 дугаар сард байрны түлхүүрээ хүлээн авсан, 1 сарын түрээсийг 500,000 төгрөгөөр/ түрээсийн төлбөрийг тооцоход 2,500,000 төгрөг болж байх ба үүнээс *******ийн түрээслэгчээс авсан 500,000 төгрөгийг хасаж тооцон, *******ээс 2,000,000 төгрөгийг гаргуулж *******т олгох, илүү нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. гэсэн дүгнэлт хийж, шийдвэрийн 2 дахь заалтаараа сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасныг үндэслэн хариуцагч нь хохирол шаардах эрхтэй гэж дүгнээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас заримыг нь хангаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл ******* нь үүргээ зөрчсөнөөс /хэлсэн ёсоороо гудамж гаргаж өгөөгүйгээс/ гэрээний харилцаа дуусгавар болсон байхад *******ийн буруугаас гэрээний харилцаа дуусгавар болсон мэт дүгнэлт хийж 2,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм.

Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Сарантуяа "...сүүлд *******т зарсан гэх сэндвичэн байрны нэг өрөөг *******аас авна гэж ярилцаад 5,000,000 төгрөгийг 29-ний өдөр шилжүүлж байсан. ******* нь надад хэлэхдээ гудамж гаргаж байгаа, сэндвичэн байрны урдуур гудам болж байгаа гэж ярьж байсан ...Надад зарна гэж байх үед гудамж гарна гэж хэлж байсан гэж. гэрч А.Аюушжав ...гудамж гарахгүй болсон учраас мөнгөө буцааж авъя гэдэг асуудал яригдахад мөнгийг нь өгөөгүй. За тэгвэл гудамж гарахгүй байсан ч хамаагүй би худалдаж авъя гэхэд зарахгүй гэдэг асуудал үүссэн. Дам сонсоход ******* нь банканд зээлтэй, бас Сараа гэж хүнд тухайн байрыг зарна гэж тохиролцсон байсан. Тэгээд *******ээс авсан мөнгөнийхөө талыг нь банканд, талыг нь Сараад өгсөн юм шиг байсан. *******т байрыг зарсны дараа өөр хүнд түрээсэлж, түрээсэлсэн мөнгөө өөрөө авч ашиглаж байсан. Байрны түлхүүрийг *******т өгсний дараа цоожийг эвдэж өөр цоожоор сольсон зэрэг асуудал гаргасан... гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг, мессежний хуулга зэргээс хариуцагч нь тухайн цаг хугацаанд /сөрөг нэхэмжлэлдээ дурдсан 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарыг хүртэл/ өөрөө байраа ашиглаагүй болох нь, үүнд нэхэмжлэгч буруугүй болох нь хангалттай нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэмж дурдахад ******* нь *******ийн зарсан гэх өрөөний түлхүүрийг аваад өгөхгүй байсан гэх үйл баримт хэргийн хүрээнд огт тогтоогддоггүй бөгөөд ******* нь өөрөө тухайн түрээсэлж байсан гэх хүнээсээ түлхүүрээ авахгүй байсан, эсвэл өөрөө үйл ажиллагаа явуулахгүй байсан зэрэгт *******ийг буруутгаж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 143/ШШ2022/00256 дугаартай шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******тай энэ байрыг авах талаар 2020 оны 06 дугаар сард анх наймаа яригдсан. Тэгээд очиж үзээд гуанз хийгээд, хүмүүс ажиллуулна. Угаадас асгах нөхцөлгүй, хэцүү юм байна гэсэн чинь гудамж гаргана гэж хэлсэн. Тэгэхээр нь би 6,500,000 төгрөгийг өгсөн боловч гудамжаа гаргаагүй. Тэгээд ярьсан чинь энэ байрыг чамд зарахгүй, мөнгийг буцааж өгнө гэсэн. Мөнгөө авъя гэсэн чинь хоёр сарын дараа өгнө гэсэн. Миний буруутай үйлдлээс болоогүй гэж бодож байна. Мөнгөө өгөхгүй болохлоор нь утсаар яриад уулзахаар болсон боловч уулзаагүй. Би бүр цөхөөд Цагаан хад руу буцаж явсан. Тэгээд уулзаж чадаагүй. Энэ хүнтэй ярих гэхээр утсаа авахгүй, уулзах гэхээр уулздаггүй. Мөнгөө өгөхгүй болохоор нь хүн буулгасан чинь нөгөө хүнээс байрны түрээс аваад, хаалганы голыг нь сольсон. Би нөгөө буулгасан хүнээсээ түрээсээ авах гэсэн чинь ******* ирээд миний байр, энэ байрыг *******т зарахгүй гээд түрээснийх нь мөнгийг авсан байсан. Чи түрээсийн мөнгө өгөхгүй юм бол байрныхаа түлхүүрийг өг гэснээ *******, н.Галаа ах хоёр ирээд голыг нь солиод хэдийн түлхүүрээ авсан. Таны түлхүүр байхгүй, өөр цоож хийсэн гэж хэлсэн. Цоожийг нь сольж байна гэж надад гэрч хэлсэн. ******* нь худлаа ярьдаг. Тохиролцъё гэж надад хоёр удаа санал ирсэн. Би тэгье гэж хэлсэн. Тэгээд өмгөөлөгчөөс нь асуухад манай үйлчлүүлэгч надтай ярихгүй байна. Хариу хэлээгүй гэдэг. Цоожны голыг 08 сард солиод байшинд засвар хийгээд өөр хүнд түрээсэлсэн байдаг. ******* нь хохироогүй. Өөрийнхөө олдог мөнгийг олж байсан. Өөр нэг хүнтэй гэрээ хийгээд тэр хүн нь засвар хийсэн байдаг. Байрныхаа урьдчилгааг өгөөд, засвар хийгээд болохгүй байхаар нь Болор гэх цайны газар түрээсэлсэн. Мөнгөө авъя гэсэн чинь өгөхгүй байна гээд тэр хүн над руу ярьсан. Би ч тэр хүн рүү ярьсан. Та өрөө авсан уу гэхэд авч чадаагүй гэдэг. Та чадахгүй бол би чадахгүй юм байна аа гэсэн. Ингээд удаа дараа хүнийг хохироож байгаа. Өмгөөлөгч надтай тохиръё гэдэг. Тохирох гэхээр 4,500,000 төгрөг гэдэг. Тэгэхээр нь би 5,000,000 төгрөг өгчихвөл дуусгая гэсэн чинь үгүй, 4,500,000 төгрөг өгье гэдэг. Анхан шатны хурал дээр худлаа хэлдэг. 5,000,000 төгрөг өгье гэсэн чинь ******* тохироогүй гэж хэлдэг. Өмгөөлөгчөө гайхтал худлаа хэлсэн. Дандаа худлаа хэлдэг. Энэ байраар олон хүн залилсан. Энэ байрны түлхүүрийг 12 сард авсан, хохирсон гээд надаас 2,000,00 төгрөг гаргуулна гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ******* өөрөө очоод нөхөр нь хаалганы голыг солиод байраа авсан. Надаас 2,000,00 төгрөг гаргуулна гэдэг нь би өөрөө хохирч байна. Мөнгө өгнө гээд хоёр жил болж байна. Хоёр сарын дараа мөнгийг чинь шилжүүлнэ гэж мессеж бичсэн байдаг. Халуун усанд орж байсан чинь ******* залгаснаа таны тооцоог хийе гээд дансаа явуул гэсэн. Тэгээд би дансаа явуулсан. Тэр мессежээ нотлох баримтаар гаргаж өгсөн. Түүнээс хойш хоёр жил боллоо. ******* ганцхан мөнгө хэрэглэдэг хүн биш, би ч гэсэн мөнгө хэрэглэдэг, жижиг наймаа хийдэг. Одоо ч гэсэн наймаагаа хийгээд бензин тосныхоо мөнгийг гаргаад явж байна. Миний мөнгийг тухайн үед энэ хүн хэрэглэсэн. Өөрт чухал үедээ авч хэрэглэчихээд намайг ингэж хохироож байгаа нь муухай байна. Учир нь нутгийн хүн, үе тэнгийн эмэгтэй. Тухайн байраа өөр хүнд маш өндрөөр зарсан. Энэ хүнд хохирсон зүйл байхгүй. 28,000,000 төгрөгөөр зарсан гэж хүн над руу утасдаж хэлсэн. Сэтгэл байсан бол миний 6,500,000 өгөх ёстой байсан. Би 2 жил хохирч байна гэв.

 

8. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн намайг гүтгэж байна. Энэ хүнтэй 10 хоногийн дотор үлдэгдэл мөнгөө өгнө гэж тохирсон. Би 12 сард очсон. Нөгөө хүн нь түлхүүрээ өгөхгүй гэхээр нь голын солиод байраа гаргаж авсан. Би энэ хүнээс түлхүүрээ хүлээж аваагүй. Наймаа буцлаа гэж ч хэлээгүй. Наймаагаа 15,000,000 төгрөгөөр тохирсон байдаг. Тийм учраас би энэ бүгдэд гомдолтой байна гэв.

 

9. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхээс хийж байгаа эрх зүйн дүгнэлтийг үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Учир нь худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Тухайн эд хөрөнгийг *******т цаг хугацаандаа хүлээлгэж өгсөн. Худалдан авагч гэрээнээс татгалзсан тохиолдолд тухайн хүлээж авсан эд хөрөнгийг тодорхой хэмжээнд хүлээлгэж өгөх ёстой. Гэтэл *******т хүлээлгэж өгөөгүй. Шүүх хуралдааны явцад шүүгч нэхэмжлэгчээс та *******т байрыг хүлээлгэж өгсөн үү гэсэн асуулт асуухад хүлээлгэж өгөөгүй гэдэг зүйлийг хэлдэг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулсан маргаан дээр байрыг хүлээлгэж өгсөн гэх баримт буюу хүлээлгэж өгөөгүй гэдгийг няцаасан баримтыг энэ хэргийн хүрээнд гаргаж өгөөгүй учраас тухайн шийдвэрийн 7 дугаар талд Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлтийг эрх зүйн үндэслэлтэй. Энэ эрх зүйн үндэслэлээрээ сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Оюунтунгалаг өмгөөлөгч гомдолдоо гэрээний үүргээсээ татгалзах гол үндсэн нөхцөл нь ******* гудамж гаргаж өгнө гэсэн боловч өгөөгүй гэдэг. Анхнаасаа ийм хэлцэл, тохиролцоо яригдаагүй байхад яригдаагүй зүйлсийг үндэслэж, ийм нөхцөл байдлыг нэхэмжлэлээ дурддаг. Энэ талаараа нотолгоогүй. Ийм учраас Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 143/ШШ2022/00256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газар байрлах 3 сэндвичин байрныхаа нэгийг 15,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэрээг цуцалж, гэрээний үнийн урьдчилгаанд төлсөн 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээг цуцлах шаардлагаас татгалзаж, 6,500,000 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, худалдах, худалдан авах гэрээний дагуу үнээ төлөөгүйгээс учирсан хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах агуулга бүхий сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талууд аль аль нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

4. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн хариуцуулсан хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

5. Анхан шатны шүүхийн Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2020 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхаг баг, Цагаан хаданд байрлах сэндвичин 1 өрөө байрыг 15 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож, худалдан авагч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаанд 6 500 000 төгрөгийг худалдагч *******т харилцах дансаар шилжүүлсэн болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж хэргийн үйл баримтыг тогтоосон дүгнэлт үндэслэлтэй ба энэ талаар талууд маргаагүй байна.

Харин шүүх уг үйл баримтаар иргэний эрх зүйн ямар харилцаа үүссэн, хүчин төгөлдөр ямар гэрээний шинжийг хангаж байгаа эсэхийг тодорхойлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шийдвэрт тавигдах шаардлагыг хангаагүй боловч талуудын дээрх тохиролцоо, хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл буюу хэлэлцэн тохирсон үнэ төлсөн, үнийг хүлээн авсан үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаа, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний шинжийг хангаж байх тул тэдний хооронд худалдах худалдан авах гэрээг амаар байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзнэ.

6. Нэхэмжлэгч *******ийн тайлбар, гэрч Д.Сарантуяагийн мэдүүлэг өгсөн тэмдэглэлд тусгагдсан мэдээллээс худалдан авагч болох *******ийн хүсэл зоригийн илэрхийлэл нь гэрээний зүйл болох сэндвичин байрны орчим гудамж гаргаж өгнө гэсэн гэсэн хариуцагчийн мэдээллээр худалдан авахаар тохирсон гэж үзэхээр байх ба орон нутгаас зохион байгуулсан дахин төлөвлөлтөөр гудамж гаргаагүйгээс үнийг бууруулах санал гаргасныг худалдагч зөвшөөрөөгүй тул гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсан шаардлагыг эсэргүүцээгүй тул анхан шатны шүүхийн гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг маргаанд хэрэглэснийг хууль зөв хэрэглэж, үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн гэж үзнэ. Энэ шийдэлд хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй болно.

7. Анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь тухайн байрыг хариуцагч *******т буцаан хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул хариуцагч нь хохирол шаардах эрхтэй гэж дүгнэв гэсэн дүгнэлт үндэслэл муутай байна. Учир нь:

7.1. Хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлдээ уг байрыг бусдад түрээсэлж олох байсан түрээсийн мөнгө нэхэмжилдэг ба энэ хугацаагаа сөрөг нэхэмжлэлдээ 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 04 дүгээр cap хүртэл намайг олон сараар түрээсийн мөнгөгүй хаалттай байлгасан, намайг хохироосон учир 8 сарын түрээсийн мөнгө 5,600,000 төгрөг ч 5,000,000 төгрөгийг нь нэхэмжилье гэж, анхан шатны шүүх шүүх хуралдаанд 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэл гэж зөрүүтэйгээр тайлбарладаг ба энэ тайлбар нь нотолгооны бусад хэрэгслээр тогтоогдохгүй байх тул түүний тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 42 дугаар зүйлийн 42.1.Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж үзэх боломжгүй.

7.2. Гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас шаардах эрх мөн дуусгавар болох байтал анх шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ шаардах эрхийн үндэслэлд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэсэн зохицуулалтыг хэрэглэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийнхээ нэхэмжлэгч *******ийг худалдан авахаар тохирсон сэндвичин байрны түрээслүүлснээс олох байсан орлого гэж заасан үндэслэл нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхийг олгосон Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хуульд байх шаардлага хангасан гэж үзэх боломжгүй юм.

7.3. Шүүх Нэхэмжлэгч ******* нь тухайн байрыг хариуцагч *******т буцаан хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхдээ *******ийн түрээслүүлсэн гэх хүнээс түрээсийн төлбөрийг ******* авсан, уг байрны цоожийг сольсон гэх *******ийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй байна. Хариуцагч нь энэ үйл баримтыг няцаагаагүй.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн нэхэмжлэгчийг худалдах, худалдан авах гэрээний зүйлээр шилжүүлж авсан байрыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэсэн тайлбарыг үндэслэл муутай гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлүүд нь хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан 25.2.1.шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзэх үндэслэл, шүүхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоож чадаагүй гэж үзэх болж байна гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасан хэмжээгээр төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д Давж заалдах шатны шүүх зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон буюу өөрчилсөн тохиолдолд гомдол гаргагчаас тухайн шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгоно гэж заасны дагуу буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 143/ШШ2022/00256 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч *******т холбогдох, хариуцагч *******ийн 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 /нэг зуун арван найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг, хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 118,950 /нэг зуун арван найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 /дөчин зургаан есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Л.НЯМДОРЖ