Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 186

 

2018 оны 10 сарын 10 өдөр                           2018/ШЦТ/186                             Хэрлэн сум

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/203/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                М.Сайнболд

Улсын яллагч                                                              Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Д.Ганхуяг

Хохирогч                                                                       Э.Цэсин

Шүүгдэгч                                                                      Д.Н.  нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н. д холбогдох 1839002140195 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1969 оны 9   дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг С78-05 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдаж байсан, урьд 1997 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Д.Н.  /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Н. нь 2017 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 11-ний хооронд Улаанбаатар хотын БЗД-ийн 9 дүгээр хороо, Шархад 8-158 тоотод оршин суух иргэн Э.Цэсинд байр зарах нэрийдлээр түүнийг хуурч мэхлэн, өөрт нь 3 өрөө байр байгаа гэх зохиомол байдал бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 20.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Н.  нь 2017 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 11-ний хооронд Улаанбаатар хотын БЗД-ийн 9 дүгээр хороо, Шархад 8-158 тоотод оршин суух иргэн Э.Цэсинд байр зарах нэрийдлээр түүнийг хуурч мэхлэн, өөрт нь 3 өрөө байр байгаа гэх зохиомол байдал бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 20.000.000 төгрөгийг залилсан болох нь:

Хохирогч Э.Цэсингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Улаанбаатар хотод ажиллаж хөдөлмөрлөдөг юм. Тэгээд би Яармагт 2017 оны 10 дугаар сарын сүүлээр амины байшин барьж байхад манай ээж Энхдулам Мөрөн суманд манай ангийн уулзалт болсон тэр үед манай ангийн Д.Н.  надад өөрийн хоёр гурван тусдаа байр байгаа аль нэгийг нь чи мөнгийг нь хувааж өгөөд авч болно гэж хэлсэн гэж ээж хэлэхээр би тухай үед сэрүү орж байсан болохоор урьдчилгаа мөнгийг гурав хувааж төлөөд оръё гэж ээжид хэлсэн. Тэгээд дараах нь би Д.Н.  ахын утасыг ээжээс аваад Д.Н.  ахтай утсаар яриад таны байрыг урьдчилгаа мөнгийг нь гурав хувааж өгөөд байрыг чинь авъя та хаана байгаа юм уулзъя гэж хэлэхэд Д.Н.  ах Зайсанд 3 өрөө байгаа, Их монгол хороололд 3 өрөө байгаа алийг нь ч авч болно би Ширээтэд самар аваад явж байна чамд мөнгө байгаа бол урьдчилгаа мөнгийг нь шилжүүлчих би хотруу оронгуутаа 2 байрыг чинь үзүүлье уулзаад үнэ хөлсөө ярилцъя зах зээлийн ханшаас  хямдхан өгнө гэж хэлсэн. Тэгээд дараа нь би ээжтэй ярихад ээж Д.Н. д 4 сая төгрөгний хэрэг байна гэж байна чи нөгөө мөнгөнөөсөө эхлээд 4 сая төгрөг явуулаадахаа гэж хэлэхээр нь маргааш нь би 4 сая төгрөгийг ээжийн дансруу шилжүүлсэн. Тэгээд ээж рүү би 4 сая төгрөг шилжүүлсэнээс хойш Д.Н.  ах над руу өдөр болгон залгаад ах нь самар авах гээд хөдөөгүүр явж байна чи мөнгө шилжүүлэх юу болж байна гээд байхаар нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийнхөө 5041091777 дугаарийн Хаан банкны данснаас Д.Н.  ахын 5095005149 тоот данс руу 16.000.000 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийг дараагаас буюу 10 дугаар сарын дундуур ямар ч холбоо байхгүй утсаа салгаад алга болчисон. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 22 цагийн орчим 99464146 дугаарын утас руу залгахад Д.Н.  ах өөрөө авахаар нь та хаагуур явав яагаад хэл чимээгүй алга болчихвоо гэж асуухад Д.Н.  ах эхнэрийн бие муудаад хөх хот ороод, цаашаа солонгос ороод эмчилгээ хийлгэж байгаад өнөөдөр ирлээ гэж хэлсэн. Тэгээд онийн дараа ээж бид хоёр Д.Н.  ахтай холбогдож байгаад талбайн урд талд уулзахад би их том ажилтай явж байгаа байранда битгий санаа зовоо би чамд нүүрс тээвэрлэх машин хамтарч хоёулаа оруулж ирье энэ ажилыг хурдан амжуулъя гэж хэлэхэд нь ээж хажуунаас нь чи битгий хүүхэд хуураад худлаа юм яриад бай байрандаа л хурдан оруул хэн чамд машин өгнө гэж хэлсэн юм гэж хэлэхэд Д.Н.  ах ви чатны зураг харуулаад энэ найз машин оруулж ирнэ гэж хэлээд өнөө маргаашгүй байрны чинь асуудлыг шийдэж өгнө гэж хэлээд салсан. Тэгээд тэрнээс хойш алга болдогоороо алга болсон. Тэгээд ээж бид хоёрт ви чатаар харуулсан зурган дээрх хүнийг нь ээж таньж байсан юм байнлээ.  Тэгээд ээж бид хоёр харуулсан хүн нь Эрээний цагдаад ажилдаг хүн байсан юм байнлээ. Тэрийг ээж урьд нь таньдаг байсан юм байнлээ. Тэгээд ээж нөгөө Эрээний цагдаа байсан Алтан-Уул гэдэг хүн тэрийг нь би олоодхий гээд ээж нөгөө Алтан-Уул гэдэг хүнийх нь сургийг гаргаад ээж бид хоёр Баянмонгол хороололд очиж уулзаад Д.Н.  ах хаана байна гээд гээд болсон асуудлаа хэлэхэд Нэргйүй ямар ч байр байхгүй чиний хэлсэн байр чинь Бадрах гэдэг Өвөрмонгол хүний байр, чамайг хуурсан байна, хурдан мөнгөө олж ав, Солонгос руу эхнэрээ авч явсан гэдэг нь худлаа, Баянмонголд бид нарын түрээсэлж байсан байранд хэдэн сар амьдарч байгаад явсан. Дундуур нь ганц нэг хятад л явсан байх эхнэрийх нь бищ өвдсөн гэдэг худлаа байх шүү гэж хэлсэн. Мөн Д.Н.  намайг удаа дараа хуураад байна ажил хийлгэнэ хэдэн хятадууд олоод ир гэж хэлдэг. Тэгэхээр урдаас хэдэн хятадууд авчирхаар тэр хятадуудаас хэдэн төгрөг салгаж аваад алга болчихдог гэж хэлсэн. Тэгээд би цагаан сарын үеэр аймагт ирж хайсан боловч олоогүй. Тэгээд цагаан сарын үеэр песбүүкээр нь орж үзэхэд цагаан сараар аймагт байсан гэдгийг нь мэдсэн. Тэгээд би эхнэр рүү нь фейсбүүкийн чатаар та нар нэг нутгийн хүмүүс байж өөрийнхөө хүүхэд шиг хүмүүсийг худлаа хэлж чулуу хөөлгөж явууллаа, би орох газаргүй болоод байна. Би одоо мөнгө авмаар байна гэж чат бичихэд уншчихаад хариу ирэхгүй байсан. тэгээд сүүлдээ би хариу байхүй болохоор нь би ууралсан өнгө аястай мессеж бичихэд эхнэр нь Д.Н.  ах чинь 99285976 гэсэн утастай байгаа гэж хэлсэн. Тэгээд би нөгөө утас руу нь залгаад тулгаад та хаана байна гэж асуухад ах нь хотод Хараа зочид буудалд байна гэж хэлэхээр нь би нөгөө буудал руу нь яваад очиход Д.Н.  ах эхнэр болон хэдэн Өвөрмонгол хятадуудтай байсан. тэгсэн Д.Н.  ах одоо ах нь их ажилтай явж байна энэ хүмүүсийг явуулчихаад байранд чинь оруулж өгнө, ахдаа энэ хүмүүстэй ажил амжуулахад туслаад өг ах нь хятадаас нүүрс тээвэрлэх машин оруулж өгнө хоёулаа энэ хүмүүсийн араас Бугат хот явна 500 машинтай компани байна, 100 машин оруулж ирэх боломж байна гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш мөн хэл чимээ байхгүй алга болсон. Тэгээд мөн дахиж 3 дугаар сарын үеэр аймагт ирж хүүхдүүдтэй нь уулзахад аав, ээж хоёр хотод байгаа гэхээр нь Өмнөдэлгэр суманд байдаг ээжийнх нь утсыг авч   яриад ээжээс 9407 гэсэн дугаарыг олж аваад ярьсан. Тэгсэн чинь Д.Н.  манай нэг Өвөрмонгол найз нөгөө байрыг чинь хүнд түрээслүүлчихсэн байна би утсаар ярьж байгаад гаргаад өгнө гэж хэлсэн. Тэгээд сарын дараа би мөн араас нь хөөцөлдөж байгаад холбогдоход би нөгөө байрыг чинь сулалж өгөхгүй байна. Би одоо хятад яваад Өвөрмонгол найзаараа тэндээс яриулж байранд байгаа хүмүүсийг нь гаргана.   Мөн машин оруулж ирэхээр нь хүмүүстэйгээ уулзана чи хүлээж бай гэж хэлсэн. Тэгэхээр би тэр үед хоёулаа цуг явъя гэж хэлэхэд Д.Н.  ах болно тэгье гэж хэлсэн. Тэгээд дараа нь мөн залгасан чинь утсаа авахгүй болохоор нь би түрүүлээд Эрээн хот орж тэнд хүлээж байгаад Д.Н.  ахыг ирэхээр нь тосож уулзаад эрээний буудалд 3 хоносон. Тэгээд хэд хонож байхад машин оруулж ирнэ гэдэг худлаа болсон, мөн Бугат хот орж үйлдвэр дээр нь очиж уулзана гэдэг нь ч худлаа зүйл байсан. Олон хүн дамжсан жинхэнэ эзнийг нь танихгүй хоосон яриа төдий зүйлийг болно гэж хуурч байсан нь тодорхой болсон. Тэгсэн Д.Н.  ах Эрээнээсээ би Улаа-Үүд орох ажилтай боллоо гээд надаас түрүүлээд Монгол руу явсан. Тэгээд явахдаа нөгө найзтайгаа уулзчихсан хот руу ороод чамд байрыг суллаж өгнө гэж хэлээд алга болсон. Тэгээд тэрнээс хойш сураггүй алга болж байгаад утсыг олж холбогдоход Замын-Үүд явж байна байрнаас чинь хүмүүсийг нь гаргах гэж байгаа эргэж ирж байгаад байранд чинь оруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд би түрээслэж байгаа байрнаасаа гарах гэж байна би юмаа зөөгөөд байж байя гэж хэлэхэд Д.Н.  би эргэж гарахдаа ярина гээд мөн сураг тасарсан. Би байрнаасаа гарчихсан агуулахад юмаа хураачихаад 7 хоног хүлээсэн. Тэгээд холбоо барихгүй болохоор нь нь өөр байранд ороод эхнэр болон Д.Н.  тэр хоёр луу мессеж бичсэн. Тэгээд тэрнээс хойш холбоогүй байж байгаад дундуур нь нэг утсаар яриад би тэр наадам дээр чинь очиж мөнгө нэхэж чадна шүү гэж хэлсэн. Тэгсэн дараах нь над руу өөрөө залгахаар нь би байр яасан гээд утасны цаанаас маргалдсан чинь ах нь наадам дуусгаад мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш холбогдоогүй залгахаар утсаа авдаггүй...гэх мэдүүлэг.../хх-ийн 19-20 тал/

Гэрч Ц.Энхдуламын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын ЕБС-ийн 70 жилийн ойн арга хэмжээнд би Багануур дүүргээс ирж оролцсон. Ойн арга хэмжээний үеэр хамт нэг ангид сурч байсан Даваагийн Д.Н. тэй уулзалдсан. Д.Н.  ойр зуурын сонин сайхан ярьж байхад Д.Н.  “Улаанбаатар хотод барилга барьсан юм, тэгсэн 7-8 байр байр зарагдалгүй үлдчихээд байна” гэх зүйлийг ярисан. Надад тухайн үед Улаанбаатар хотод хүүдээ байр авч өгөх хэрэгцээ байсан учраас Д.Н. тэй зарагдаагүй байгаа байр орон сууцных нь талаар ярьсан. Д.Н.  “зайсан  болон Баянмонгол хороололд зарагдаагүй байрууд байгаа,аль нэгнээс сонгоод авч болно”гэсэнтэээд ярилцаж байгаад Баянмонгол хороололд 3өрөө байр авахаар тохирсон. Энэ үед харин Д.Н.  хятадуудтай хамтарч байгаа,хамтарч байгаа хүмүүсээсээ бас асууж лавлана гэж хэлсэн .би ч урьдчилгаа мөнгийг нь тухай үед  асуудалгүй өнгө гэдгээ хэлсэн ,харин Д.Н.   тухайн байр 70 сая төгрөгийн өртгөөр босоод 100 сая төгрөгөөр  зах  зээл зарагдаж байгаад чамд 70 саяаар өгье,мөнгийг нь  увуулж цувуулж  байгаад өгнө биз гэсэн, би харин урьдчилгаа  бол  яг тэд эд гэж хэлээгүй. Энэ хүнд итгэх болсон шалтгаан гэвэл Мөрөн сумын сургуульд хамт нэг ширээнд суудаг байсан, мөн дээр нь 108 метр эсгийн дээр Монголын нууц товчоог урласан хүн гэх мэтчилэн итгэх үйл зөндөө байсан, дээр нь өөрөө бол хийхгүй зүйл байхгүй бараг л бүх зүйлийг хийдэг талаар ярьж байсан.

Үүнээс хойш Д.Н.  надтай байнга холбоотой болсон, бараг л орж гарч байгаагаа хүртэл хэлдэг байсан, би ч нөгөө байр саваа асуудаг, тэгээд мөн манай хүү Улаабаатар хотод амины орон сууц барих гээд эхэлчихсэн байгаа, наад байр чинь бүтнэ гэвэл барьж байгаа байшингаа зогсоох уу, тэгээд мөнгийг нь урьдчилгаандаа өгийг гэдгээ хэлсэн. Тэгээд Д.Н.  “наад барилгаа зогсоочих, 2017 оны 10 дугаар сарын 15-ны дотор байранд оруулж өгнө” гэж хэлсэн, би энэ үгэнд нь итгээд би Хаан банкны өөрийнхөө 5750518465 тоот данснаас 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Д.Н. гийн өөрийнх нь нэр байгаа 5095005149 тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 3 сая төгрөг мобайл банк үйлчилгээгээр шилжүүлсэн, мөн маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөн Д.Н. н дээрх тоот данс руу мөн мобайл банк үйлчилгээгээр 1 сая төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг нь манай хүү Э.Цэсин надтай хамтран эзэсшиж байгаа 5041091777 тоот хаан банкны данснаас Д.Н. н 5095005149 тоот данс руу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 16 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд нийтдээ ярьж тохирсоноороо 20 сая төгрөг байрныхаа урьдчилгаа гэж Д.Н. д өгсөн. Мөнгө шилжүүлсэн даруй Д.Н.  надад мөнгө ирлээ, ямар нэгэн асуудалгүй. Нөгөө хамтарч байга хужаа нарт би өөрийнхөө төрсөн дүүгээ оруулна гээд хэлчихсэн, байрандаа орохдоо хужаа нартай уулзвал тэр хүмүүстэй битгий яриарай, мөнгө төгрөгний зүйл ярьж болохгүй гэх утгатай зүйл надад хэлсэн.

Мөнгө шилжүүлснээс хойш 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ер нь холбоо тасарсан, гар утас нь огт холбогдохгүй болсон. Би өөрийнхөө 99533630, хүүгийнхээ 91092909 дугаарын утаснаас Д.Н. н тухайн үед хэрэглэж байсан 99464146 дугаарын утас руу байнга залгадаг байсан. тэгээд шинэ жилийн үеэр Д.Н. тэй холбогдсон. Тэгсэн харин Д.Н.  “Манай эхнэрийн бие муудаад Хятад , Солонгосоор эмчилгээ хийлгэж байгаад ирлээ” гээд өөдөөс бөөн зовлог ярьсан, мөн энэ үгэнд нь итгээд өвчтэ зовлогтой байсан бол одоо яахав дээ, асуудлаа одоо хурдан шийдээд өгөөч гэж гуйсан. Д.Н.  ч ерөөсөө одоо байранд чинь оруулж өгнө гэсн. Тэгээд 3 удаа намайг байранд чинь оруулъя гэж дуудсан. 3 удаа очиход нэг л удаа уулзаж өнөөдөр завгүй байна, нөгөөдөр хүрээд ир гээд намайг явуулсан, хэлсэн өдөр хот руу ояиход утас нь холбогдоогүй. Ингээд мөн огт сураггүй алга болчихсон. Манай хүү Хэрлэн суманд байдаг гэрээр нь 2 удаа ирэхэд байгаагүй, би ч асуудал болохоо байсан гэдгийг ойлгоод нөгөө яриад байсан хятуудыг нь асууж сурч байгал 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр олж уулзсан, тухайн хятад Өвөрмонгол хүн байсан. тэр хүний хэрийг Алтан-Уул гэж хороололд зарах байр байгаа, гэхдээ Д.Н. гийн мэдлийн байр гэж байхгүй, Д.Н.  бид нартай хамтарсан гэдэг нь худлаа гэдгийг надад хэлсэн. Ингээд Д.Н. д залилуулсан гэдгээ мэдэж авсан.

Тэгээд цагдаагийн байгууллагад хандах талаар хүүдээ хэлэхэд манай хүү болохоор өгөх байх гээд хүлээгээд байсан, тэгсэн 2018 оны 03 дугаар сард гар утасныхаа дугаарыг өөрчлөөд 99287956 гэсэн дугаартай болсон байсан, тухайн үед энэ утасаар холбогдож намайг залилсан гэдгийг хэлсэн, тэгээд өгсөн 20 сая төгрөгөө буцааж авъя гэдэг шаардлага тавьсан. Д.Н.  ч мөнгийг чинь буцааж өгье гэсэн. Мөн удалгүй ахиад холбогдож мөнгөө нэхэхэд “Өнөөдөр дансанд чинь мөнгө орно, Хятад хүний данснаас орно” гэж хэлсэн, би ч энэ үгэнд нь бол итгээгүй, тэгээд алга болсон. Гар утас нь дуудаж байгаа боловч миний утсыг авахгүй байгаа.

Энэ хүнд итгэж 20 сая төгрөг өгч хохирон мөн дээр нь манай хүү барьж байсан Байшингаа зогсоож үлдэгдэл мөнгөөрөө тавилга авсан, тэгээд сарын 650.000 төгрөгөөр 2 өрөө байр 7 сар түрээслэж байна. Энэ бүх мөнгийг би Д.Н. гээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24 тал/

Гэрч Д.Н. гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Энхдулам хүүд маань 20 сая төгрөг байна, урьдчилгаанд нь хоёулаа мөнгийг нь аваад эргэлдүүлэх юу байна тэгэж байгаад болно биздээ харин чи яаж ч байгаад хамаагүй хүүг минь байртай болгож өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд Энхдулам эхлээд 4 саяыг миний данс руу шилжүүлээд, дараа нь 16 сая төгрөг миний данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг би аваад шууд Өвөрмонгол улсын иргэн Гэрэлтуяа гэдэг хүнтэй уулзаад түүний сууж байгаа байрыг өөрөө авах гэж байгаа юм шиг ярьж 15 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд 5 сая төгрөгийг нь би өөрөө хэрэглэсэн. Гэрэлтуяа гэгч хүн өнөө болтол надад тэр байраа суллаж өгөөгүй ба би ч Энхдулам болон Энхдуламын хүүд байрынх нь мөнгийг өгөөгүй яваа нь миний буруу болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/

Яллагдагч Д.Н. гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Цэсингээс авсан 20 сая төгрөгнөөсөө 15 сая төгрөгийг өгсөн гэж мөн худал ярьсан юм. ...Би Цэсингээс авсан 20 сая төгрөгөө өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. 2017 оны 10 дугаар сарын сүүлээр манай эхнэр Нарантуяагийн бэлхүүснээс доош мэдээгүй болж Бүгд Найрамдах Хятад улсад Эрээн хотын төв эмнэлэгт 10 гаран хоног хэвтэж эмчлүүлсэн. Монгол улсад энхэрийн биеийг үзүүлээд оношлогоо өгөөд явахад 5 сая гаран төгрөг зарцуулсан. Эрээн хотод эмчилгээний зардалд 12-13 сая төгрөг зарцуулсан. Үлдсэн мөнгө тэгээд хувийн хэрэгцээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-51  тал/

Дансны хуулга /хх-ийн 52-53 тал/

Д.Н. н дансны хуулга /хх-ийн 76-84 тал/

Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 12 тал/,

Шүүгдэгч Д.Н. н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг бүрэн барагдуулах болно. Хохирогчоос уучлалт гуйж байна...” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Н. н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдыг залилах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Д.Н. д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Цэсинд 20.000.000 төгрөгийн шууд хохирол, шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд оролцохоор Улаанбаатар хотоос ирж, буцсан замын зардалд 200.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Д.Н. гээс нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Д.Н.  нь хохирогчид дээрх хохирлыг учруулснаа хүлээн зөвшөөрч, 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Н. д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Н. д 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нь уг ялыг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ. Шүүгдэгч Д.Н. н хувьд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Н. н нь энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 4 хоног цагдан хоригдсоныг дурдах ба энэ хэрэгт Д.Н. н 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг хохирол барагдаж дуустал хэвээр үлдээх ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Н.г бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н. г 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.3 дугаар зүйлд зааснаар гэр үйлдвэрлэдэг үйлдвэрээ ажиллуулах, 2.5-д заасан оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Д.Н. д мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Д.Н. тэнсэгдсэн хугацаанд болон эрх хязгаарлах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н. гээс 20.200.000 /хорин сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Цэсинд олгосугай.

6. Энэ хэрэгт Д.Н. н 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг хохирол барагдаж дуустал хэвээр үлдээсүгэй. 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь 3 хоног цагдан хоригдсон ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Н.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА