Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 211/МА2022/00029

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

          О.У-ийн нэхэмжлэлтэй иргэний

             хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 129/ШШ2022/00389 дугаартай шийдвэртэй

О.У-ийн  нэхэмжлэлтэй

Л.Ч-д холбогдох

60.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Л.Чгийн заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.У, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээл хаагаад өгье гээд О.У надаас 95.000.000 төгрөг зээлж авсан. Бид хоёр тооцоо хийж 60.000.000 төгрөг дутуу байгаа боловч өгнө, өгнө гэсээр өдийг хүрлээ. Иймээс Л.Чгаас 60.000.000 төгрөг гаргуулж өгнө үү.

Л.Ч 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээл хаагаад өгье гээд надаас 96.000.000 төгрөг зээлж авсан. Түүнээс 36.000.000 төгрөгийг нь эргүүлж өгсөн. Одоо 60.000.000 төгрөг өгөх дутуу байгаа. Л.Ч бид хоёр 04 дүгээр сард тооцоо нийлээд 30.000.000 төгрөгийг 03 дугаар сард, үлдсэн 30.000.000 төгрөгийг нь 07 дугаар сард багтааж өгнө гэж тохирсон. Тэгээд 03 дугаар сард Л.Ч 30.000.000 төгрөгөө өгөөгүй болохоор нь би тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 129/ШШ2022/00389 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Чгаас 60.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Уд олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457.960 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Чгаас улсын тэмдэгтийн хураамж 457.960 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Уд олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Л.Чгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Нэхэмжлэгч О.У нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 04 дүгээр сард гаргасан нэхэмжлэлдээ Л.Ч намайг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээл хаагаад өгье гэж хэлээд 95.000.000 /ерэн таван сая/ төгрөгийг зээлж авсан. Бид хоёр тооцоо нийлж 60.000.000 /жаран сая/ төгрөг дутуу байгаа, өгнө гэсээр байгаад өдийг хүрлээ. Иймээс Л.Чгаас 60.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн байна. Миний хувьд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ямар нэгэн зээл хаагаагүй бөгөөд О.Угаас 95.000.000 төгрөг зээлж аваагүй болно. Энэ нь дансны хуулга болон бусад баримтаар нотлогдох болно.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 129/ШШ2022/00389 дугаар бүхий 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрт Л.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээл хаагаад өгье гэж хэлээд 96.000.000 /ерэн зургаан сая/ төгрөгийг зээлж авсан. Түүнээс 36.000.000 /гучин зургаан сая/ төгрөгийг эргүүлэн төлсөн. Одоо 60.000.000 /жаран сая/ төгрөг дутуу байгаа. Л.Ч бид хоёр 04 дүгээр сард тооцоо нийлээд 30.000.000 /гучин сая/ төгрөгийг 03 дугаар сард, үлдсэн 30.000.000 /гучин сая/ төгрөгийг 07 дугаар сард багтааж өгөхөөр гэж тохирсон гэх, мөн тухайн үед намайг ХААН банкинд ажиллаж байсан гэж тайлбар хэлсэн байна. Дээрх тайлбарууд үндэслэлгүй худлаа мэдээлэл тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие нэхэмжлэгч О.Угийн Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ямар нэгэн зээл хаагаагүй, зээл хаагаад өгье гэж хэлээд 95.000.000 /ерэн таван сая/ төгрөгийг аваагүй. Мөн 2022 оны 03 дугаар сард О.Утай уулзан тооцоо нийлж, тохирч ярьсан зүйл байхгүй. Мөн тухайн үед буюу 2019 онд ХААН банкинд ажиллаж байгаагүй болно. Миний бие 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралд өөрийн биеэр оролцоогүй. Иймд Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх миний хүсэлтийг хүлээн авч, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 11.6.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн бөгөөд хариуцагч Л.Ч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч О.У нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд хандаж хариуцагч Л.Чгаас 60.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үндэслэлдээ “Л.Ч 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээл хаагаад өгье гээд надаас 96.000.000 төгрөг зээлж авсан. Түүнээс 36.000.000 төгрөгийг нь эргүүлж өгсөн. Одоо 60.000.000 төгрөг өгөх дутуу байгаа. Л.Ч бид хоёр 04 дүгээр сард тооцоо нийлээд 30.000.000 төгрөгийг 03 дугаар сард, үлдсэн 30.000.000 төгрөгийг нь 07 дугаар сард багтааж өгнө гэж тохирсон. Тэгээд 03 дугаар сард Л.Ч 30.000.000 төгрөгөө өгөөгүй болохоор нь би тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймээс Л.Чгаас 60.000.000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх ба 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Л.Чд нэхэмжлэлийг гардуулж /хх-ийн 12 дугаар хуудас, баримт №4/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүрэг /хх-ийн 9-р хуудас, баримт №5/, нөлөөллийн мэдүүлгийн талаар /хх-ийн 10-р хуудас/ тус тус танилцуулсан байна.

Хариуцагч Л.Ч шүүгчээс тогтоосон 14 хоногийн хугацаа буюу 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрч байгаа талаарх тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШЗ2022/01909 дугаар шүүгчийн захирамжаар 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 00 минутад иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоож, шүүх хуралдааны товыг хариуцагч Л.Чд 2022 оны 06 дугаар сарын 03-нд мэдэгдсэн /хх-ийн 16-р хуудас, баримт №9/ боловч хариуцагч Л.Ч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.У хариуцагч Л.Чгаас зээлийн үлдэгдэл төлбөр 60.000.000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч Л.Ч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан болно.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, Иргэний хуулийг зөв хэрэглэн, хариуцагч Л.Чгаас 60.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Уд олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалттай нийцсэн байна.

 

 Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагч Л.Чгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Уг иргэний хэргийг давж заалдах шатны шүүхийн журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 30 минутад хэлэлцэхээр товлосон бөгөөд хариуцагч Л.Чд шүүх хуралдааны товыг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч Л.Ч шүүх хуралдаанд ирээгүй, мөн шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж эхэлсний  дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 19 минутад өмгөөлөгч авах тухай хүсэлтийг давж заалдах шатны шүүх хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 129/ШШ2022/00389 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Чгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч Л.Чгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 457.950 /дөрвөн зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

       

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ДАВААСҮРЭН

                  ШҮҮГЧИД                                   В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                  Л.НЯМДОРЖ