| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0137/Э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2018-10-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 187
2018 оны 10 сарын 12 өдөр 2018/ШЦТ/187 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0137/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд,
Улсын яллагч Т.Баярмаа,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цогтбаатарын Бт холбогдох 1839004370220 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1993 оны 10 дугаар сарын 07-нд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг Чандгана гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Боржигон овогт Цогтбаатарын Б /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн хөдөө хэсэгт жолоодох эрхийн үнэмлэхгүй, улсын дугаар, гэрчилгээгүй цагаан өнгийн “ДАЮУН” маркийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 1.5-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас 44-70 УНМ улсын дугаартай цагаан өнгийн пруис 20 маркийн автомашиныг мөргөн Б.Чамин-Эрдэнэийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн хөдөө хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ улсын дугаар, гэрчилгээгүй цагаан өнгийн “ДАЮУН” маркийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 1.5-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас 44-70 УНМ улсын дугаартай цагаан өнгийн пруис 20 маркийн автомашиныг мөргөн Б.Чамин-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогчийн Т.Буянтөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай эхнэр Ц.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр Б.Чамин-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Б.Төгс-Эрдэнэ нэртэй хүүхдүүдээ аваад Өмнөдэлгэр сун руу явж байгаад замдаа машинтай мөргөлдсөн байсан. Тэгээд манай бага охин Б.Чамн-Эрдэний /1 нас 7 сартай/ хөл гуя хэсгээр хугарсан байсан. Манай эхнэр Ц.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй мотоцикль жолоодож сураад 1 жил гаран болж байна....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 9-10 хуудас/
Гэрч Г.Бүүвэйгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр амралтаа дуусгаад Хэнтий аймгийн Биндэр сумаас ээж З.Алтангэрэл өөрийн бага насны хүүхэд болох Б.Чингүүн /6 настай/, эгч Г.Саруулын хүү Дөлгөөн /10 настай/ нарын хамтаар Улаанбаатар хот руу өөрийн 44-70 УНМ улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашинтай буцаж явсан юм. Тэгээд замдаа буюу Хнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас баруун урагшаа 5 км зайд шороон замаар явж байгаад жижиг судаг таараад тэр судаг руу машинтайгаа зөөлөн орсон тэгэхэд миний өөдөөс мотоцикльтой хүн явж байхаар нь хажуугаараа гаргах гээд зогссон чинь тэр мотоцикльтой хүн урсгал сөрж орж ирээд шууд миний машиныг мөргөсөн. Тэр үед би өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлээ бүрэн зогсоосон байсан. Хэрэв би машинаа зогсоогоогүй явсан бол уг мотоциклийг дайрах байсан. Би тухайн үед шороон замаар баруун гар талаа бариад шахаад өөдөөс ирж байгаа мотоцикльд зам тавьж зогссон чинь тэр мотоцикль ирээд миний машиныг мөргөсөн. Тэгээд би тэр эмэгтэйгээс жолооны үнэмлэх мотоциклийн үнэмлэх зэргийг асуухад ямар ч гэрчилгээ үнэмлэх байгаагүй.....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-12 хуудас/
Гэрч В.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд замдаа Өмнөдэлгэр сумаас баруун урагшаа 5 км хөдөө тал газарт шороон зам дээр явж байхад голын жалга таараад манай хүү машиныхаа хурдыг хасаад удаан жалга руу ороход эсрэг талаас эмэгтэй хүн цагаан өнгийн мотоцикль жолоодсон хэдэн хүүхдүүдээ сундалсан хүн явж байхаар нь манай хүү машинаа зогсооогоод хажуугаараа мотоцикльтой хүнийг зөрүүлэх гэсэн чинь нөгөө мотоцикльтой хүн шууд ирээд манай хүүгийн машиныг мөргөөд газарт унасан. Тэгээд л хүү бид хоёр машинаасаа сандарч гараад нөгөө хүмүүст тусламж үзүүлсэн. Тухай үед мотоциклийн жолооч эмэгтэй хүн 3 хүүхдээ мотоцикль дээрээ сундалдаад дөрвүүлээ Өмнөдэлгэр сум руу сургуулийн хүүхдээ хшргэж өгөх гээд явж байгаа гэж хэлсэн ....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14-15 хуудас/
Яллагдагч Ц.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “........ Би 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр том хүү Б.Бат-Эрдэнийг Өмнөдэлгэр сум руу сургуульд нь оруулах гээд бага охин Чамин-Эрдэнэ /1 нас 8 сар/ дунд хүү Төгс-Эрдэнэ /4 настай/ том хүү Бат-Эрдэнэ /6 настай/ нарын хамтаар улсын дугааргүй цагаан өнгийн супер “ДАЮУН” маркийн мотоциклийг унаж яваад замдаа машинтай зөрөх гэж байгаад миний урд сууж явсан Б.Чамин-Эрдэнэ охин маань мотоцикльтийн руль булаагаад цагаан өнгийн машиныг мөргөөд зогссон. Миний болон манай хүүхдүүдийн биед гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13-14/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 429 дугаартай дүгнэлт...Б.Чамин-Эрдэнийн биед баруун хөлийн гуяны доод хэсгийн далд хугарал, тархины доргилт, духны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоодлоо....Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....гэх дүгнэлт.../ХХ-ийн 31 хуудас/
Замын цагдаагийн шинжээчийн №31 тоот: “.... Улсын дугаар, гэрчилгээгүй цагаан өнгийн Даюун маркийн мотоциклийн жолооч Ц.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсргэн урсгал сөрхийг хориглоно.” Гэсэн заалтуудыг зөрсөн....” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 18,19 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Чамин-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Буянтөгс нь гомдол санал, нэхэмжлэх зүйл үгүй /ХХ-ийн 55 хуудас/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Цогтбаатарын Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосугай.
3. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Бийн тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс даалгасан үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Бт анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ