Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 211/МА2022/00028

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

          Ц.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний

             хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2022/00371 дугаартай шийдвэртэй

Ц.Т-ийн  нэхэмжлэлтэй

О.П-д холбогдох

ариун цэврийн өрөөний хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг

нэхэмжлэгч Ц.Тгийн заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч О.П, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2007 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах 20 дугаар байрны 2 өрөө бүхий 4 тоот байрны нэг өрөөг тухайн үеийн ханшаар 1.100.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг байрны 2 өрөөг хувьчлахдаа оршин сууж байсан хоёр айлд нь нэг, нэг өрөөгөөр нь хувьчилж, тухайн үед халуун хүйтэн устай ариун цэврийн өрөөг дундаа ашиглаж байсан. Зах зээлийн үед цэвэр ус тасарч ариун цэврийн өрөөг ашиглахгүй болсноос агуулах маягаар хариуцагч О.П ашиглаж байсан. Орон нутгийн төсвийн хөрөнгө зардлаар цэвэр бохир усны холболтыг шийдвэрлэснээс хойш зориулалтаар нь хариуцагч ганцаараа эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд ашиглах шаардлага тавихад элдэв үг хэлээр загнаж, цэвэр бохирын асуудлаа шийдвэрлэхэд хүндрэлтэй байдлыг бий болгож байгаа тул зориулалтын дагуу баригдсан дундын эзэмшлийн ариун цэврийн өрөөг хамтран дундаа эзэмшихээр тогтоож бидний үндсэн эрхийг хангаж өгнө үү.

Би энэ байрыг 2007 онд худалдаж авсан. Тэр үед халаалт болон цэвэр бохир усны төхөөрөмжийг салгасан байсан. Анх социализмын үед байрны хомсдолтой байхад 1 байранд 2 айл амьдарч байсан бөгөөд сүүлд хоёр айлд нь хувьчилсан юм байна лээ. Тэр үед амьдарч байсан айлууд нь 2 өрөөндөө амьдарч ариун цэврийн өрөөгөө дундаа хэрэглэж байсан. Сүүлдээ тухайн байранд амьдарч байсан хүмүүс нь үнээ төлөхгүй байсан учраас төхөөрөмжүүдийг нь салгасан байсан. Намайг 2007 онд худалдаж авахад ерөөсөө ариун цэврийн өрөө нь байхгүй, Элит болон 10 давхрын урд талд гадаа нойлтой оршин суугчид нь гадаа бие засдаг байсан. Сүүлд сууц өмчлөгчдийн холбооны дарга гэх эмэгтэй нэрийг нь сайн санахгүй байна дулаан болон цэвэр, бохир шугамд холбогдъё гэж оршин суугчдаас гарын үсэг зуруулж, дулаанд холбогдож, сүүлдээ улсын төсвөөс цэвэр, бохир усны шугам тавихаар болсон гэж байсан. Би өөрөө тухайн байранд амьдардаггүй байсан болохоор байхгүй байж байгаад цэвэр, бохирын шугам тавихад нь байгаагүй бөгөөд уулзаж чадаагүй. Гэхдээ 1, 2 сар болоод очиж эргэж тойрч үздэг ба нэг удаа очиход айл орсон гэж байсан. Энэ айлыг аваагүй байхад хүмүүст түрээсэлж, манайх хамт түрээсэлж ариун цэврийн өрөөгөө дундаа хамт эзэмшдэг байсан. Өмнө жил намайг хотод байхад энэ айл худалдаж авсан юм байна лээ. Шинэ айл орсон гэхээр нь уулзаж хүн оруулах гэсэн юм гэхэд хүн оруулахгүй, ариун цэврийн өрөөгөө хамт хэрэглэхгүй гэж хэлсэн. Нэлээдгүй хэдэн удаа уулзаад тохиролцоонд хүрэхгүй байсан учраас шүүхэд хандсан. Анхнаасаа зохион байгуулалт нь дундаа нэг ариун цэврийн өрөөтэй хоёр айл амьдрахаар байгуулагдсан. Үүнээс болж миний эрх, ашиг зөрчигдөж байна. Хүн оруулж болохгүй, өөрсдөө орох боломжгүй, хүн амьдрахгүй болохоор хүн байсан байгаагүй халаалтын мөнгө төлж байгаа. Энэ байдлаас болж миний бие хохирч байгаа учраас ариун цэврийн өрөөний асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан.” гэжээ.

 

Хариуцагч О.П шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь О.П би 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 20 дугаар байрны 4а тоот өрөөг 13.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь О.П би бөгөөд Ц.Ттай өөрийн өмчлөлийн ариун цэврийн өрөөг хамтран дундаа эзэмших боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Би энэ байрыг 2020 онд авсан. Анх орохдоо ариун цэврийн өрөөтэй байр авна гэхэд ариун цэврийн өрөөг зааж өгөөд оруулж байсан. Ариун цэврийн өрөөг дундаа эзэмшихгүй гэж хэлж байсан. Энэ айл уг нь өөрсдийнхөө өрөө рүү бохирын шугам татах гэж байхад хөлдөнө гэж бодоод татуулаагүй. Би энэ байрыг авахдаа ариун цэврийн өрөөгөө дундаа эзэмшинэ гэж аваагүй. Манай дүү хөгжлийн бэрхшээлтэй учраас бие засахад хэцүү гэж бодоод ариун цэврийн өрөөтэй байр авсан. Энэ айл өмнө жил өрөө рүүгээ бохирын шугам татах гэж байхад нь би татуулаагүй. “Ундарга” ХХК-аас ирж үзээд үүдтэйгээ хол болохоор хөлдөнө гэж хэлээд татуулаагүй.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2022/00371 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Тгийн хариуцагч О.Пид холбогдуулан гаргасан ариун цэврийн өрөө хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Тгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2022/00371 дугаар бүхий шийдвэрийг эс зөвшөөрч доор үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг буруу тодорхойлж, хууль буруу хэрэглэсэн талаар:

Миний бие Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 20 дугаар байранд дулааны болон ариун цэврийн шугам сүлжээг улсын төсвөөс тавьж, тус байрны иргэдийн ашиглаж байсан гадаах жорлон бохир усны цооногийг буулган битүүмжилснээс шалтгаалж нэхэмжлэгчийн жам ёсны эрхээ хуулийн дагуу /Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга байгууламж, төхөөрөмжийн  хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна/ эдлэхийн тулд Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.2-т заасны дагуу дундын өмчлөлийн зүйлсийг зориулалтын дагуу ашиглах шаардлагыг хариуцагчид тавихад хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Гэтэл шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар нэхэмжлэгч нь 2007 онд худалдаж аваад шаардлага гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэл гаргаж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Нэхэмжлэгч цэвэр, бохир усны шугам тавьснаас хойш хамт амьдарч байсан өмнөх айл дундын өмчлөлийн зүйлсээ хамтран ашиглаж байсан. Хариуцагч 2020 онд худалдаж авснаас хойш дундын өмчлөлийн ОО-ийг ашиглуулахаас татгалзсан гэдгийг тайлбарласаар байтал нэгэнт зориулалтаар нь ашиглах боломжгүй дундын өмчлөлийг ашиглах шаардлага гаргаагүй гэж шийдвэрлэсэн. Мөн шүүх үзлэг хийхдээ хариуцагчийн өмчлөлийн 13 м2-д дундын өмчлөлийн ОО-ийн талбай орсон эсэхийг тогтоогоогүй зэрэг нь шүүхийн шийдвэр бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Нөгөө үгээр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг дундын өмчлөлийн ариун цэврийн талбайг нэхэмжлэгч өөрийн өмчлөлд авах нэхэмжлэл гаргаж байна гэж тодорхойлж, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэн хууль буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасны дагуу шаардлага гаргасан болно.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс хүсэлт гаргахад дундын өмчлөлийн ариун цэврийн талбай хариуцагчийн 13 м2-д багтсан эсэхийг тогтоогоогүй, мөн шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг буруу тодорхойлон хуулийг буруу хэрэглэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Нэхэмжлэгч Ц.Т хариуцагч О.Пид холбогдуулан Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах 20 дугаар байрны 2 өрөө бүхий 4 тоот байрны дундын эзэмшлийн ариун цэврийн өрөөг хамтран дундаа эзэмшихээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч О.П 2020 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 20 дугаар байрны 4а тоот өрөөг худалдаж авсан, өөрийн өмчлөлийн ариун цэврийн өрөөг бусадтай хамтран дундаа эзэмших боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Тг Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 20 дугаар байрны 4-б тоотыг 2007 онд худалдаж авснаас хойш хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад 4-а тоотод ариун цэврийн өрөөний шугам сүлжээ байрлуулсны дараа хамтран эзэмших, ашиглах шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж дүгнэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

 

Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 20 дугаар байрны 4 тоот, 2 өрөө байрыг хувьчлалаар, оршин сууж байсан 2 айлд нь хувьчилсан бөгөөд  тухайн байрны том өрөө буюу 4-б тоотыг Ц.Т 2007 онд худалдаж авсан, зах зээлийн үед цэвэр ус тасарснаас ОО нь ашиглагдахгүй, 4-а тоотыг эзэмшиж байсан айл ОО-ыг зориулалтын бусаар ашиглаж байсан, 2018 онд Орон нутгийн төсвийн зардлаар тус байранд дулааны болон цэвэр усны шугам сүлжээ тавигдсан, хариуцагч О.П 2020 онд тухайн байрны 4-а тоотыг худалдаж авсан болох нь анхан шатны шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар болон гэрч Н.Б-ийн мэдүүлгээр тогтоогджээ.

 

Тухайн байрны 15 мкв талбайтай 1 өрөө буюу 4-б тоотыг нэхэмжлэгч Ц.Т өмчилдөг болох нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-0117001071 дугаартай гэрчилгээгээр /хх-ийн 5/, 13 мкв талбайтай 1 өрөө буюу 4-а тоотыг хариуцагч О.П өмчилдөг болох нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-0118001185 дугаартай гэрчилгээгээр /хх-ийн 19/ тогтоогдож байгаа боловч ОО-ын өрөөний мкв хариуцагч О.Пийн өмчилж буй тоотын мкв-т орж байгаа эсэх нь тодорхойгүй, хариуцагч О.П 4-а тоотыг 2020 онд худалдаж авсан үеэс зохигчдын дунд ОО ашиглалтын талаар маргаан үүссэн байхад анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч Ц.Т тухайн байрыг худалдаж авсан үеэс буюу 2007 оноос тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Ц.Тгийн давж заалдах гомдол үндэслэлтэй хэдий ч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч О.П нар эвлэрч, нэхэмжлэгч Ц.Т цэвэр бохирын шугам татах, иргэн О.Пийн цэвэр бохирт ямар нэгэн эрсдэл гарахад хариуцан янзлах үүрэг хүлээхээр тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч Ц.Тгийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогот хэвээр үлдээж, харин давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2022/00371 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Нэхэмжлэгч Ц.Тгийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заанаар нэхэмжлэгч Ц.Тгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

       

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ДАВААСҮРЭН

                  ШҮҮГЧИД                                   Н.ЭНХМАА

                                                                                  Л.НЯМДОРЖ