| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2018/00076/Э |
| Дугаар | 00086 |
| Огноо | 2018-07-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 00086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ож
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Мт холбогдох 1832000740072 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1985 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 0-10 насны 4 хүүхдийн хамт амьдрах * тоотод оршин суух, бие эрүүл, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй,эрхэлсэн ажилгүй Хан өндөр овогт Баасандашийн М. /РД:*/
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Мандал хотхоны ертөнцийн зүгээр урд байрлах төв бетон хучилттай замын урд шороон хэсэгт 37-10 УБЕ улсын дугаартай “Хюньдай Бонго” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дах хэсэг “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.7 “жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. е/ Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах..” гэсэн заалтуудыг тус тус зөрчин 9 настай, эрэгтэй О.Обыг мөргөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ..... 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эхнэр Аатайгаа түүний найз Дсг 3 дугаар сургууль дээрээс аваад харих замдаа гэррүү нь буулгах гэж яваад есөн давхарын урд талын бетонон зам дээр вагон депоруу эргэх гээд 3 машин зогсож байсан тэгэхээр нь би баруун гар талруу дараад явганы хүний зам дагаад шороон зам гарсан. Тэгсэн жаахан хүүхэд урдуур гүйж орж ирэхээр нь хажуу талруу дарвал мөргөхгүй юм байна гээд хашаа мөргөөд зогссон. Тэгээд манай 2 түрүүлээд машинаас буусан би араас нь буутал хүүхэд машины баруун талд унасан байсан. Тэгээд би хүүхдийг тэвэрч гүйгээд хойноос явсан хар машин зогсоод манай эхнэр хүүхдийг тэврээд эмнэлэг рүү явсан. Дс ч машин хөлслөөд хойноос нь явсан. Би хойно нь үлдээд цагдаа дуудсан. Миний буруу. Хүүхэд гэмтээсэндээ гэмшиж байна. Миний ялыг хөнгөнөөр шийдэж өгөөч. Цаашид гарах эмчилгээний зардалыг тухай бүрд нь төлөх болно гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ож мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 16 цагаас ажилтай байсан. Манай ажил 06 өдөр өглөө 06 өдөр 16 цагаас гардаг. Өглөө гардаг үедээ би хүүхдээ өөрөө очоод авчихдаг юм. 16 цагаас гарч байсан болохоороо ажил дээрээ байсан. Тэгсэн надруу танихгүй дугаараас залгаад Обын ээж үү гэхээр нь тийм байна гэсэн чинь хүүхэд чинь машинд дайруулчихсан байна. Тэгээд л би утсаа таслаад ажлынхаа хувцастай эмнэлэг рүү гүйсэн. Замдаа биш байгаасай гээд бодоод явж байсан ч яг 9 давхарын тэнд осол гарсан байсан. Миний хүүгийн харьдаг зам байна гэж бодсон. Тэгээд би эмнэлэг дээр гүйгээд очсон чинь миний хүү байхгүй байсан цаашаа явтал рентгений зураганд орж байсан. Хүзүүнд нь юм зүүчихсэн тухайн үед гайгүй л харагдаж байсан. За ашгүй гайгүй байгаасай гэж бодоод л байж байсан чинь толгой нь хагарчихсан хацар хавьцаагаа нилээд шалбарчихсан байсан. Хүүгээсээ миний хүү гайгүй юу гэсэн чинь гайгүй гэсэн. Ухаан санаа нь бол зүгээр байсан. Миний дугаарыг өөрөө өгсөн байсан. Миний дугаар, эмээгийнхээ дугаарыг мэддэг юм. Утастай хичээлд нь явуулахаар утсаар оролдоод байдаг болохоор нь утасгүй явуулчихдаг юм. Тэгээд эмч үзээд дотор гэмтэл гайгүй юм шиг байна эгэм, хүзүү гэж оношлоод тэр өдөр 19 цаг 30 минут гээд Аа, манай ах, бид нар гэмтэлийн эмнэлэг дээр 23 цаг 30 минутанд очсон. Мэс заслын эмч Батгэрэл цуг явсан тэгээд бүх юмыг нь хүлээлгэж өгөөд эмч ч явсан. Тэгсэн норкозны эмч ирж үзээд энэ хүүхэд шууд хагалгаанд орох ямар ч боломжгүй дотор шингэн ихтэй гээд ямар эмч авчирсан юм гэж л байсан. Тэгээд 02 цаг гаран чимээгүй яасан нь мэдэгдэхгүй хагалгаанд орсон. Би ч гадаа суугаад л байсан. Тэгсэн 02 цаг өнгөрч байхад за одоо хүүхэдтэйгээ ороод уулз одоо хагалгаанд орно гээд намайг ортол 02 цагийн хугацаанд мэдээ алдуулах янз бүрийн зүйл хэрэглээгүй зөндөө уйлсан, шээсний катлетор баахан хийсэн байсан. Тэгсэн ээжээ би өөрөө шээмээр байнаа гээд байсан. Тэгээд л надтай хальт уулзуулж аль эрхтэнг нь гэмтсэнг нь мэдэхгүй, амь даатгал дээр эмч гарын үсэг зуруулсан. Хэрэв баруун уушиг, элэг гэмтсэн бол найдваргүй гээд амь даатгал зуруулдаг юм байна лээ. Тэгээд хүү маань 02 цаг 30 минутын үед хагалгаанд ороод 04 цагийн үед гэмтэлийн Баярсайхан эмч, норкозны эмч орсон. Баярсайхан эмч нэг эрхтэн авч гарч ирсэн энийг хараарай оёх ямар ч боломжгүй үүнийг нь авч байгаа гэсэн. Тэр нь дэлүү нь байсан. Эмч хэлэхдээ хүүхэд 16 нас хүртэл нь дэлүү бол байх ёстой эрхтэн амьсгалд нөлөөлдөг, цус шингэлдэг гэж хэлэхийг Аа бид 2 сонссон. Тэгээд дэлүүг нь аваад хагалгаа 05 цаг 30 минутанд дууссан юм шиг байна лээ бас л чимээгүй болсон. Тэгсэн манай хүүхдийг сэхээнд оруулаад 07 цагийн үед намайг оруулахад миний хүү ухаангүй унтаж байсан. Намайг байхад ээжээ ус уумаар байна гэхээр нь би бэлтгэлгүй орсон болохоор аман дээр нь салфетка тавиад жаахан ус нууцаар амаараа өгсөн тэгээд л тэндээс намайг 20 минут болгоод гаргачихсан. Тэгээд өдөр 13 цагийн үед орсон чинь бас л тиймэрхүү байдалтай л байсан. Тэгээд 16-17 цагийн үед бид хоёрыг эрчимтийн тасагт оруулсан. Тэр өдөр нь норкоз нь дөнгөж гараад уйлаад өнгөрсөн. Маргааш нь манай хүүхэд цээжний зураг даруулсан чинь дахиад шингэнтэй байна гээд хэвлийн 2 талд нь гуурс, цээжинд нь гуурс хийсэн байсан. Тэгээд тэрэндээ шаналаад хэдэн өдөр уйлаад эмнэлэгт хэвтсэнээс хойш 6 дахь өдөр нь гуурснуудыг нь авсан. 7 дахь өдөр нь гадуур эмчилгээ хийлгэхээр гаргасан. Эгэм хугарсан гэдэг утгаараа гэмтэл гэхээс бид хоёрыг эх нялхас явах байсан байна гээд тэр өдөр гаргаад одоо эх нялхас орж хяналтандаа ор гэж хэлсэн. Одоогоор бол бид хоёр эх нялхасын цусны эмч, мэдрэлийн эмчийн хяналтанд, тархиндаа бол хувийн эмнэлгийн Өлзийбаярын эмчийн хяналтанд орсон байгаа. Саажилт, уналт таталтын эсрэг эм ууж байгаа. 07 дугаар сарын 10-ны өдөр хот ороод эх нялхасын эмчид үзүүлээд уушиг нь өөрчлөлттэй гараад зургийг нь аваад ирсэн. 03 сар уух эмтэйгээ ирсэн. Тэгээд 03 сарын дараа эмнэлэгрүүгээ явна. Хүүхэд ойр ойрхон тархи болон цээжний гэрэлд 2-3 орсон учраас эмнэлэгт хэвтүүлсэн ч бариа хийхгүй, шар сүү, айраг, утас зурагт, хөдөлгөөнийг нь хорьсон. Хүүхэд болохоор хөдөлгөөнтэй насан дээрээ байгаа учраас бас хэцүү юм байна лээ. Манай хүүхэд хөл бөмбөг их сонирходог болохоор хөдөлгөөнийг нь хориход хэцүү байгаа. Утасыг нь өгөхгүй, зурагтыг үзэхгүй байна гэж байхгүй юм байна лээ зурагтыг тодорхой хэмжээгээр үзүүлээд гэртээ хэвтэрт байж байгаа. Хоол унд тостой өөхтэй зүйл болохгүй аль болох шим тэжээлтэй хоол өг гэсэн. Би хүүгээ хичээл номонд нь хоцроомооргүй байгаа болохоор сайн асарч байгаад хичээлд нь оруулна. Манай хүүхэд онц сурдаг хичээлдээ сайн байсан. Шүүгдэгч бол эмчилгээний зардалыг тухай бүрд нь өгсөн тийм болохоор би гомдолгүй. Цаашид гарах эмчилгээний зардалаа л би нэхэмжилж авна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Бага насны хохирогч О.Об мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ..... Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн З-ийн Г ангид сурдаг. 2018 оны 05 дугаар сарын 08-ны орой 17 цаг 25 минутанд манай хичээл тараад би сургуулаасаа гэртээ харихаар шууд гарсан. Тэгээд би спиртийн байрнуудын дундуур гэр рүүгээ ганцаараа явж 9 давхар байрны урдуур авто машины доошоо ордог гражийн хажууд явж байхад газарт шар өнгөтэй хүүхдийн тоглоом байхаар нь тэр тоглоомыг газраас аваад авто машины зам хөндлөн гарч явган хүний зам дээгүүр явж байтал миний олсон тоглоом гараас мултарч хийсээд шороон зам дээр уначихаар нь би тоглоомоо авах гээд очтол миний зүүн талаар цэнхэр өнгөтэй бонго авто машин мөргөөд зогссон. Би машины доор байж байхад намайг нэг эгч миний хөлнөөс татаж машины доороос гаргасан. Тэр осол болсон газраас намайг мөргөсөн машинд байсан эгч аваад эмнэлэг явсан, эмнэлэг дээр очоод эмч нар надаас ээжийн гар утасны дугаарыг асуухаар нь би ээж Ожынхаа 86760918 дугаартай гар утсыг нь хэлсэн...би ганцаараа гэр рүүгээ явж байсан. Би хараагүй гэнэт л гараад ирсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
Гэрч Д.Дс мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:....9 давхар байрны зүүн урд талын уулзвар дээр машинууд зүүн гар тийшээгээ эргэх гээд дохио өгчихсөн зам түгжрээтэй байсан. Жолооч М машинаа баруун гар тал руу шороон зам дээр буулгаад цааш явж байтал машин замын урд талын явган хүний замаар явж байсан сургуулийн сурагч хүүгийн барьж явсан тоглоом нь салхинд хийсээд гараас нь мултарч машины урд унасан, тэр хүүхэд тоглоомныхоо араас машины урдуур орж ирээд тонгойсон. Тэр үед Аа бид хоёр “хүүхэд” гэж орилсон чинь жолооч М машиныхаа рулыг баруун гар тийш нь эргүүлж хашаа мөргөх гээд чиглээд ирэхээр нь би өөрийн охин Мишээлийг хойш нь татаж өөртөө наасан, тэгтэл машин хашаа мөргөөд шороо бужигнаад зогссон. Аа түрүүлж үсэрч буугаад нөгөө машинд мөргүүлсэн хүү дээр очиход толгой нь хагарчихсан, цус гарч байсан. ..тэр хүүхэд хийссэн тоглоомынхоо араас машины урдуур орж ирээд доошоо тонгойсон. Чухам яг мөргөгдсөн үү, дайрагдсан уу би харж чадаагүй, ямар ч байсан тэр хүүхэд гэмтчихсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22-р хуудас/
Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт № 12 дугаартай .....
Хьюндай Бонго маркийн 37-10 УБЕ улсын дугаартай автомашины жолооч Баасандаш овогтой М нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.2 заасан “..Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..”гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.
Явган зорчигч Ож овогтой Об нь Монгол Улсыэ ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хьюндай Бонго маркийн 37- 10 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баасандаш овогтой М нь Монгрл Улсын ЗХД-ийн 9.2 гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв.. гэх дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/
Замын цагдаагийн шинжээчийн нэмэлт дүгнэлт .....
“...Хьюндай Бонго Жи-2 загварын 37-10 УБЕ улсын дугаартай автомашины жолооч Баасандаш овогтой М нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр осол хэрэг үйлдэгдэхийн өмнө замаас гарч явган хүний зам дээгүүр хөндлөн гарч явсан нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2 Жолоочийн үүрэг ...2.7 “жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. е/ Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах..”гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 86 ....... Шинжээчийн дүгнэлт
1.О.Обын биед дэлүүний урагдал, зүүн цээжний хэнхэрцгийн няцрал, урагдал, зүүн уушигны бүр бус уналт, баруун уушигны няцрал, зүүн эгэм ясны хугарал, цээж, хэвлийд шарх, /мэс заслын гуурс байрлуулсан/ хэвлийд хагалгааны шарх, дух, зүүн хацарт сорви гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д ззаснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 3-7 дугаар хуудас/
Б.Мын согтуурлыг шалгахад 0,00 % гарсан гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /Хх-н 08 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Мын хувийн байдал тогтоосон баримтууд болох багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 58-р хуудас/, Жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 11-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/, хурууны хээний дардас /хх-ийн 60-р хуудас/ Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ожын ирүүлсэн хохиролын баримтууд /хх-ийн 91-96-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ожын хохирол төлбөр авсан тухай баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар:
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Мандал хотхоны ертөнцийн зүгээр урд байрлах төв бетон хучилттай замын урд шороон хэсэгт 37-10 УБЕ улсын дугаартай “Хюньдай Бонго” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дах хэсэг “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.7 “жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. е/ Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах..” гэсэн заалтуудыг тус тус зөрчин авто зам болон явган хүн явах замыг даван шороон хэсэг рүү машинтайгаа орж явган зорчигч 9 настай, эрэгтэй О.Обыг мөргөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Авто ослын улмаас 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн 9 настай хүү О.Обын дэлүүний урагдал, зүүн цээжний хэнхэрцгийн няцрал, урагдал, зүүн уушигны бүрэн бус уналт, баруун уушигны няцрал, зүүн эгэм ясны хугарал, цээж, хэвлийд шарх, дотор эрхтэн гэмтэж, дэлүүгээ авахуулж,эрүүл мэнд нь хүнд гэмтэж хохирсон.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.М нь “Бонго” загварын 37-10 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа 9 настай, эрэгтэй О.Обыг мөргөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дах хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болно.
Гэмт хэргийн улмаас 9 настай хохирогч О.Обын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №86 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд эмчилгээний зардалд 4.110.000 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан болно.
Шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч мөн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглэх боломжтой тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 9 настай, эрэгтэй О.Обыг уг гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, жолооны үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг тус тус дурьдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хан өндөр овогт Баасандашийн Мыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Б.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
4.Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ож нь энэ хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон хүү О.Обыг эмчлүүлэхэд цаашид гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Б.Мын №892388 дугаартай А,В,С,D ангилалын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан,/хүргүүлсэн/ өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ